Хөдөө нутаг, XX зууны ядуухан тарчиг амьдрал, ээж охин хоёр. Хорвоогийн мөнх бусын үзүүлэхээс өмнө охинтойгоо эцсийн удаа ярилцаж буй өвчин хуучдаа шаналсан ээж. Магадгүй иймэрхүү сценыг өөр олон монгол киноноос харах боломжтой. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л “Хийморь” уран сайхны кинонд дээрх кадрын дүрслэл гарна. Энэ бол төр нийгмийн нэрт зүтгэлэн, Төрийн шагналт зохиолч, өнгөрсөн зуунд өөрийн нэрийг “гайхамшигт эмэгтэй” хэмээн үнэлэгдэх хүртэл хөдөлмөрлөж, аж төрөхүйн адармаат замыг туулсан Сономын Удвалын намтраас сэдэвлэсэн “Улаанцэцэг” киноны эхлэл.
Тус бүтээлийг “Монголын Эмэгтэйчүүдийн холбоо”-ноос гаргасан санаачилга, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүгийн дэмжлэгтэйгээр “Ю фильм” уран бүтээлийн нэгдэлд бүтээж, найруулагчаар С.Батмөнх ажиллажээ.
ЗӨРЧИЛГҮЙ ДРАМ
Уг кино нь хувь хүний намтраас гадна өнгөрсөнд болсон үйл явдлын түүхэн үнэнг бодитжуулж харуулна. Аливаа үйл хэргийг бодитоор урлаж, дуу дүрсээр шаглан эмжиж бусдад хүргэх ба үзэгчдэд шинэ төсөөллийн зам нээж өгдөг нь уран сайхны баримтат киноны нэгээхэн онцлог. Ер нь бодитоос бодитойг нээж төсөөллийн мэдрэмжид үзэгчдийг хүргэдгээрээ түүхэн болон баримтат бүтээл хамгийн дурлам төрөл ч байж мэднэ. Гэхдээ киноны зохиол дундуур, үйл явдлын өрнөл үүсэх ёстой хэсэг бүр дээр хуучны хар цагаан дүрс бичлэгийг оруулсан нь алдаа байв. Мэдээж оруулж болно л доо. Гэвч хаана буулгах вэ гэдэг хамгийн чухал. Зохиолын үйл явдлын өрнөл хэсэг туйлдаа хүрч тайлал бүрэн дүүрэн үзэгчдэд хүрэх ёстой. Гэвч өрнөл үүсэх ёстой хэсгүүд хар цагаан дүрсээр цавчигдаж хаягдсанаас үүдээд киноны дотоод дүрүүдийн зөрчил ч тун ойлгомжгүй байдалд хүрнэ.
Бүтцийн сул тал нь Филатова, Удвал хоёрын хоорондын үл ойлголцол, зөрчилдөөний хэсэгт тун тодорхой гарна. Удвалын санаачилж, түүнийхээ төлөө нойр хоолгүй зүтгэж байж бий болгосон бүтээн байгуулалтын ажлын нээлт дээр Филатова ирээд тууз хайчилж, нээлтийг нь хийдэг. Мэдээж энэ үед Удвал дэргэд нь хараад зогсож байна. Хийсэн ажлынх нь нэр хүнд түүнд бус Филатовад очсон гэсэн үг. Үүнээс л болж тэр хоёрын зөрчил эхлэв үү гэх бодол төрөөд л замхрана. Учир киноны зөвлөхүүд тэр хоёрын зөрчлийн хэсэг дээр үнэхээр ажиллаагүй, хүмүүсийн аман ярианд суурилж бүтээсэн шиг санагдана. Мэдээж тэрхүү үнэн худлын тодорхой дэнсгүй яриаг сонсоогүй хүн бол кино үзээд яг юунаас болж зөрчилдсөнийг нь таахаас өөр аргагүйд хүрч байна. Уг нь дүрүүдийн хооронд өрнөх тэмцлийг уран сайханжуулсан бол дээр байх сан. Магадгүй бодит, түүхэн дүрийг харин ч илүү гүн гүнзгийгээр ухан сандаачиж уран сайханжуулах нь зөв алхам болно. Яг л “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чилүгэний дүрийн адил. Энэ бол өнгөрснийг яв цав давтах бус түүхэн үйл явдлын цаад учир шалтгааныг хайж буй явдал мөн.
ДИАЛОГИ БОЛОН ДҮР
Киноны хамгийн чухал нэгж хэсэг бол диалоги байдаг. Түүнийг хэрхэн хөгжүүлснээс шалтгаалан зохиолын агуулга тодорч гарна. Ер нь диалоги сайтай кино юм уу жүжиг л өндөр оноог үзэгчдээс авдаг гэдгийг монголын кино зохиолч, найруулагчид өдгөө хамгийн сайн мэддэг болсон байх учиртай.
Гэвч “Улаанцэцэг” кино дээрх зарчмын хажуугаар бүтэн алхмын зайтай тойроод гарчихжээ. Удвалын бага нас болон өсвөр үеийн хэсгийн харилцан яриа, текстүүд нь үнэхээр учир дутагдалтай. “Миний охин хүний үгэнд сайн орж байгаарай. Ямар ч хатуу үг байсан чиний л төлөө бол хамаагүй шүү” гэх эхийн захиас өгүүлбэрт л гайгүй дүн тавьж болно. Харин залуучуудын дундах зөрчил, Удвалын хайр дурлалын өгүүлэмжтэй хэсгүүд дээрх хоорондын нандин харилцааны өгүүлэмжид үл тохирох үг яриа, текст олон байсныг дурдууштай. Гол нь тэр бүрийг жишээ татаж нурших илүүц бөгөөд “Улаанцэцэг”-ийг үзсэн хэн бүхэнд ойлгомжтой харагдана.
Майкл Райан “Кино шинжлэл” бүтээлдээ “Нарийн сайтар зохион байгуулагдсан дүрсний объектоор кино бүтэж байдаг бол тэдгээр бүтэц бүрийн элементүүд тус бүртээ өөрсдийн утгыг бий болгож байдаг” хэмээжээ. Тэгэхээр зураглал бүхэн өөрсдийн давхар утгыг агуулна. Гэтэл диалоги муу учраас л кино дүрсний эвлүүлэг шиг болчихоод байгаа юм. Кадр бүр давхар биш юм гэхэд ядаж л бүрэн дүүрэн утга агуулах ёстой зарчмаас тэд хазайчихаж. Учир нь кинонд огт хэрэггүй кадрууд олон байв. “Говийн мэдээ” сонины өрөө, эмэгтэйчүүдийн уулзалт, зөвлөгөөн, баярт үйл явдал, нөхөр Багаажав болон Нацаг хоёрын сөргөлдөөн зэргээс хасчихаж болох элементүүд тун олон тааралдана.
Дүрийн хувьд Г.Ундармаагийн жүжиглэлт энэ удаад бусад бүтээсэн дүрүүдээсээ эрс ялгарч байлаа. Мэдээж түүхэн хүнийг дүрийг гаргаж ирэхийн тулд зарим үед хэт хүчилж байгаа нь шуудхан мэдэгдэнэ. Гол нь тэгж хүчлэхгүй бол өөрийнх нь хошин аястай тоглолт гарч ирчих гээд байсан биз. Илүү хошин шинжтэй, цоглог, эрч хүчтэй бүсгүйн дүрийг бүтээдэг тэрээр энэ удаад өөрийнхөө жүжиглэлтийг дүрийн шинж чанарын хувьд ч давхар ахиулж тавьсныг “Улаанцэцэг”-ээс тодорхой харах болно. Харин ярих зүйл дахиад хэд бий.
С.Удвал нь 1961 оноос хойш 13 жилийн турш Монголын Зохиолчдын эвлэлийг, 1962 -оос 1982 он хүртэл Монголын Эмэгтэйчүүдийн хороог 20 жил тус тус удирдаж байжээ. Тухайн үед энэхүү байгууллагууд нь нам болоод төрийн бүтэц бүрэлдэхүүний нэг хэсэг учраас нийгмийн амьдралд тод томруунаар нөлөөлж чаддаг хүчирхэг газрууд байсан хэрэг. Гэтэл кинонд зохиолчдын үзэл санаа, тухайн үеийн С.Удвалын соён гэгээрлийн үйл ажиллагааг хов жив, хор хутгагчид, нэг нэгнээ үгүйсгэх хандлага давамгайлсан зөрчилт дүрүүдийн дунд суллаад орхичихжээ. Мэдээж аливаа газарт сайн, муу олон дүр бий. Харин зохиолчид гарах хэсгээс үзэгчдэд хүртэх ёстой нэг ч дүр байсангүй.
Удвал ахайтан залуу зохиолчийн урмыг хугалахгүй гэсэндээ бүтээлийг нь сайжруулж хэвлэхээр зөвлөгөө өгөх, хамтын нөхөд нь нэгнээ гарсан хойно баалж эхлэх, нөхөр Багаажаваас нь Удвалын аргыг олох заль мэх сураглах гээд тайрч хаямаар кадр доторх объект хэд хэд бий. Үүнээс гадна уран зохиолын төрөл зүйл Монголд төлөвшиж амжаагүй байсан үед “Их хувь заяа” хэмээх түүхэн роман төрсөн. Гэтэл уг бүтээлийг тухайн үеийн нам засгийн бодлогын эсрэг үзэл санаатайд тооцож байсан түүхийг үзүүлэхдээ Филатовагийн эсрэгцэлд нэмэр болгож хавсаргаснаас гадна Чүлтэм хэмээх зохиолч хов хүргэж байгаа нь тун өрөвдөлтэй драм болгож байсныг нуулгүй хэлчихье. Мадаггүй мэдэх түүхийг хүмүүст хүргэхдээ тэдний хийсэн бүтээснийг нь “хоноцын маягтай” сэтгэлгээнээсээ хол байлгах нь хамгийн чухал юм шүү.
БҮДРЭЛТЭД ЦЭГ ХАТГАХ НЬ
Авах юм харин хэд байна. Виржиниа Вүүлф 1929 онд “Өөрийн гэсэн өрөө” номоороо эмэгтэйчүүдэд тулгамддаг олон чухал асуудлыг хөндөж тэдний эрхийн тухай дуугарч чадсан он жилүүдээс наймхан жилийн өмнө С.Удвал төржээ. Тэр ч бас Монголын эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэлт дээр анх дуугарч, тэдний боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх, хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг багасгах, амралт чөлөө олгох зэрэг олон зүйлийг хуульчилж өгсөн гавьяатай. Харин үүнийг кинонд төрөхийн хүндрэлээр эндсэн ээж, эгч хоёроо нутаглуулж яваа охиныг харснаас эхлүүлэн амьдралынхаа туршид шинийг санаачилж, ажил хэрэг болгосныг нь тун голчтой үзүүлэв. Ерөөс киноны туршид үндсэн шугамнаасаа огт гажаалгүйгээр түүний үйл хэрэг, үзэл санааг эхлэлээс төгсгөл хүртэл бий болгож чадсан нь найруулагчийн бяртай шийдэл байлаа.
Яг нь Мишель Кричтоны “Харийнхан” юм уу Орсэн Уэлсийн “Иргэн Кейн” зэрэг бүтээлүүдийн үеэс дээрх асуудал анх кино урлагт хүчтэйгээр хөндөгдөж эхэлсэн юм. “Иргэн Кейн” бүтээлд орхиж явсан ээжийнх нь орон зай бүхий л амьдралынх нь турш үгүйлэгддэг бол “Улаанцэцэг” бүтээлд Удвал ажлаа хийсээр явах үед охин нь жирэмсэн болсноор барахгүй найз залуу нь хаяад явчихсан хэсэг гарна. Энэ тухайгаа амьд ахуйдаа “...Амьдралын хоёр тал гэж байдаг. Нэг нь нийгмийн хөдөлмөр, нөгөө нь гэр бүл. Хариуцлагатай ажил хийж яваа эмэгтэй хүнд энэ их хэцүү. Би ганцхан нийгмийн хөдөлмөрийг голлон сонгож явсан. Тийм учраас нөгөө талдаа их хохирол үзсэн” хэмээн өгүүлсэн байдаг. Кинонд яг л энэ зэрэгцээ хоёр шугамыг хөндөж чадсан нь харагдана.
Өмнө нь найруулагч Ж.Сэнгэдорж жүдоч Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн “Цагаан хадаг” киног хийхдээ үйл явдлуудад нэлээд наалдацтай давхар утга илэрхийлэх бэлгэдлийн шийдлүүд хийж өгсөн байдаг. Харин “Улаанцэцэг” кинонд Удвалын ээж тэнгэрт хальсны дараа түүнд говийн бяцхан дууч шувуу үзэгдэнэ. Тэрхүү шувуу охиныг насан туршид нь дагах бөгөөд амьдралынх нь гурван чухал хэсэгт харагдаад өнгөрдөг. Ээж нь хөхөө болоод нисдэг үлгэр шиг Удвалын ээж нь шувуу болон охиндоо ирсэн нь энэ. Харин хөхөөнөөс ялгаатай тэр шувуу охиноо хаяад нисэж одсонгүй.
Харин зохиолд нэмэрлэх санааны хувьд гэвэл С.Удвал гуай 50 гаруй насандаа өөрийн унасан газар, угаасан усаа олж мэдсэн түүхийг хөндсөн бол кино баримт талаасаа салж уран сайхны кино гэх тодотголоо илүүтэй хадгалж чадах байсан болов уу. Төрсөн нутаг болох Булганы Дашинчилэн, Лах уулын өвөрт байх Өрхтий хэмээх газрыг олтлоо олон жил уйгагүй эрж хайж, сураглаж явсан түүний энэ түүх өр зурам уяралтай.
ГОЛ НЬ БИД…
С.Удвал 1990 оны Улс төрийн товчоог огцруулах асуудлыг хэлэлцсэн МАХН-ын Төв Хорооны наймдугаар Бүгд хурал дээр “Монголчуудад эв нэгдэл хэрэгтэй байна” хэмээх алдарт үгээ хэлсэн байдаг. Бид түүхэндээ огтхон ч эвтэй байж чадаагүй, үргэлж тэмцэлдэж байсан хүмүүс. Тиймдээ ч түүний үзэл санааны хамгийн чухал нь эв нэгдлийн тухай гэрээслэлийг бидний оюун бодолд тодоор сийлж өгсөнд байсан. Харин кинонд ихэнх дүрүүдийн хоорондын дүрэмгүй тэмцэл, хий хоосон хардалт, атаархал зэрэг нь давамгайлснаас болж тэрхүү үнэт зүйлийг нь орхигдуулснаар барахгүй эв нэгдлийн захиасгүй “Улаанцэцэг” болгож орхижээ.