Бельги хаалгач Тибо Куртуа энэ долоо хоногт шигшээ багийнхаа өмсгөлтэй ахин талбайд гарна.
Өдгөө 32 настай тэрбээр 2023 оны 6-р сард шигшээ багийнхаа дасгалжуулагч Доменико Тедескотой муудалцсан тул клуб рүүгээ буцсан. Тэр цагаас хойш түүнийг Бельгийн шигшээ бүрэлдэхүүндээ дуудаагүй.
Харин Тедеско халагдаж, түүний ажлыг залгамжилсан Руди Гарсиагийн сонголтод Куртуа багтсан нь энэ.
Өнгөрсөн зун явагдсан Европын АШТ-ий үеэр Бельгичүүд шигшээ 16-гийн шатнаа Францад ялагдсан. Эл тэмцээний хүрээнд хийсэн Бельгийн дөрвөн тоглолтод “Аль-Кадсиа” багийн Коен Кастелс шигшээ багийнхаа хаалгыг манасан.
“Тухайн үед дасгалжуулагчтай харилцахдаа гаргасан миний хариу үйлдэл ухаалаг биш байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэгэхэд миний сэтгэл зүйн байдал 100 хувь бэлэн байгаагүй. Ядахад өвдгөндөө хүнд гэмтэл авч, Европын АШТ-д оролцох боломжгүй ч болсон. Намайг ахлагчийн тууз авахыг хүссэн, гэвч хүсэл нь биелээгүй учраас дасгалжуулагчтайгаа муудалцсан гэж хэвлэлийнхэн бичсэн шүү дээ. Энэ бол худал мэдээлэл. Шүтэн бишрэгчид маань минийхээс дутуугүй хэцүү цаг үеийг даван туулж байна. Гэсэн хэдий ч намайг үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт итгэж байгаа” хэмээн Куртуа ярилаа.
У.Чинзориг