Ярилцах газрынхаа шатаар өгсөөд булан эргэмэгц тэр “Аа!” гэж орилоод овгосхийтэл цочоочихлоо. “Гэм зэм” жүжгээр тайзнаа эргэн ирснээс нь хойш түүнд магтаал, сайжаал харамгүй очсон. Цэгцтэй, хатуужилтай, сайн ээж гэдгийг нь ч олон хүн мэднэ. Гэхдээ түүний дотор үл ханасан хөдөлмөр, нүд нь очтон гялалзахын шалтгаан болсон эрэл хайгуул, их бодол, уншиж судалж байгаа материалууд оволзож байдаг. Жүжигчин А.Ганчимэгийн хамтаар байгуулсан “Аримун” продакшн нь тун удахгүй “Хүний ээж” нэртэй хоёр дахь уран сайхны киногоо толилуулах гэж байгаа юм. Нойргүй шахуу явахад нь бид ярилцлаа.
-Киноны ажилтай ийм өдрүүдэд нөгөө иог, эрүүл хооллолт зэргээ яаж авч явдаг юм бэ?
-Хаяхаас л өөр аргагүй (Инээв, Сурв). Сая хэд хоног жаахан өвдөөд яав аа. Хангай (Том хүү, Сурв.) шооч юм болохоороо намайг “Нөгөө иогоо хийгээч, зүгээр болдог гээ биз дээ” гэж донжгоноод. Би өвчин хэлэхээр нь л “Иог хий” гэчихдэг юм. Бүр ядарвал 10 минут ч юм уу иог хийгээд сэргэж байна даа.
-“Аримун” хоёр дахь киногоо нээх гэж байна. Уран бүтээлчийн ямар эмзэглэл энэ кинонд шингэсэн талаар эхлээд сонирхмоор байна?
-Энэ бол намайг анх театрт ороод сонссон үг. Хувь уран бүтээлчийн эмзэглэл л аливаа бүтээлээс илүүтэй харагддаг гэж. Бидний анхны “Халуун зүрх” кино бол айл өрх бүрд нүүрлэсэн хорт хавдар гэдэг хөндүүр сэдвийг хөндсөн. Энэ миний 10 жил зүрхэндээ тээсэн эмзэглэл байсан. Харин энэ киноны зохиолыг А.Ганчимэг маань бичсэн. Бид тусгай хэрэгцээт хүмүүсийг гадуурхаж байна гэдгээ мэдэлгүйгээр “гадуурхаад” байдаг юм байна. Хэт анхаарал хандуулдаг юм байна. Тэд биднээс яг л бусадтай нэгэн адил хандахыг хүсдэг юм байна л даа. Энэ бол А.Ганчимэгийн эмзэглэл байсан. Харин яг найруулагчаар ажиллахдаа дотроо бодсон миний эмзэглэл юу гэхээр, заримдаа намайг ичиж үхмээр магтдаг байхгүй юү. Маш мундаг ээж гээд л. Уг нь хүн бүр л үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй биз дээ. Хийх ёстой ажлаа хийж явахад хэтийдэн магтаад байхаар ичмээр. Бодоод байсан чинь бид ийм энгийн юмаа хүртэл хийхээ больчихсон юм байна. Заяагдмал үүрэг гэдэг юмаа хүлээхээ больчихсон учраас гайхаад байгаа юм байна л даа. Хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө хэн нэгэнд магтуулдаггүй байх сан гэж боддог юм. Аль эсвэл нийгмийн хэт хөгжил, материаллаг сонирхолдоо хөтлөгдөн хүмүүс хэтэрхий муу муухайг үйлдсээр, энгийн л ажил амьдрал гайхамшигтай харагддаг болчихсон юм болов уу ч гэж боддог. Тэгээд л энэ эмзэглэлээ шинэ уран бүтээлийн гол санаанд тусган ажиллахыг зорилоо.
-Ийм асуултыг асуухаар уран бүтээлч их том юм хариулах ёстой мэт ялд унадаг. Сая Каннын кино наадамд шалгарсан монгол кино ерөөс энгийн л сэдвийг барьж авсан юм билээ. Та бас “Энгийн” гэдэг агуулгыг чухалчилж ярилаа.
-Зарим шийдлүүд нь энгийн гэхээсээ хурц тусах байх л даа. Яруу найрагч Я.Баяраа надад санал болгосноор “Тамирдсан нийгэм” зохиолыг уншаад л би яг бодсон. Уншихаасаа өмнө том хүүтэйгээ ярилцаж байсан л даа. Эх хүн л юм чинь хүүгээ ямар нэгэн байдлаар амжилттай яваасай, оюун санааны манлайлагч байгаасай гэж хүсээд байна шүү дээ. Гэтэл миний том хүү “Ээж ээ, би яагаад зүгээр л энгийн байж болохгүй гэж” гэлээ. 15 настай байсан бил үү дээ. Би “Байдаг л нэг хүн байж яах юм, юу гэсэн үг юм” гэж хүүтэйгээ мөчөөрхсөн. Би тэр үед дутуу л байсан байгаа биз. Сүүлд “Тамирдсан нийгэм”-ийг уншаад ойлгосон. Хангай “Бүгд удирдагч, чиглүүлэгч болох юм бол хэн гүйцэтгэх юм. Хэн урдах ажлаа хийх юм” гэж байсан. Ингээд бодохоор би ч гэсэн олны нэг хэсэг л болчихсон явж байж. Хүссэн хүсээгүй хүмүүс олонхдоо автдаг юм шиг байна. Угтаа хүн амьдралынхаа хэлбэрт бус агуулгад нь анхаарлаа хандуулж амьдрах хэрэгтэй юм байна.
-Энгийн юмыг нэг их агуу үйл юм шиг хараад л, үнэлээд л үү?
-Тийм, агуу юм л хийгээд байгаа юм шиг. Хүн төрөлхтөн энэ утгаараа нэг л буруу хэмнэл рүү ороод байгаа мэт санагдах тал байна. Бидний багад ажлаа тарж ирээд хэчнээн ядарсан ч хоолоо хийсэн ээжийгээ “Ямар мундаг юм бэ” гэж боддоггүй, хүмүүс тэгж цаасан малгай өмсгөдөггүй л байсан биз дээ.
-Хангай одоо хэдэн настай юм бэ?
-20 хүрлээ.
-Хүүхдүүд нь том болох хэрээр тэднээсээ өөрийгөө тольдож, бараг дахин шинээр төрөх тохиолдол эмэгтэйчүүдээс харагдаад байдаг юм. Хүүхдүүдийн нөлөө танд хэр хүчтэй туссан бэ?
-Ер нь тийм шүү. Том хүүгээ сургуульд ороход нь Хангалыг тээж, гэртээ байж таарсан. Тэгээд л сургуульд нь ашиглах хэрэгсэл юмыг өөрөө оёж, хайчилж бэлдэж өгөөд л. Карантин болонгуут хичээлийг нь хоцроохгүйн тулд өөрөө зааж өгөх гэж хичээгээд л. Найман нас хүртэл нь тэгж би том хүүгээ бүтээж. Харин дараа нь би өдөр шөнөгүй ажиллах шаардлагатай боллоо. Дүү нь дөрөвтэй, Хангай естэй байсан юм. Нэг орой ирж ирээд “Дүү бусдаас их өөр байна шүү. Худлаа эрхэлж уйлахгүй байна” гэлээ. Тэгэхээр нь “Тэгнэ ш дээ. Ээж нь өсгөж байгаа юм чинь” гээд хэлчихгүй юү. Би ер нь их сул үгтэй юм билээ. Гэтэл аймаар том харснаа “Юу гэж байгаа юм, ээж ээ. Би өсгөж байгаа шүү дээ” гэдэг юм. “Та ажилдаа явдаг, би илүү их цагийг хамт өнгөрөөдөг” гэсэн. Би ер нь Хангайтайгаа тэгж арсалдаад байдаг шиг байгаа юм. Гэхдээ яг тэр ярианаас би өөрийгөө “Би” гэдэг өвчин тусаж байна гэдгээ мэдэрсэн. Хүүтэйгээ л “Үгүй, би өсгөсөн” гээд маргалдаж байна гэдэг чинь нэгийг бодуулна даа. Тэгээд л өөртөө анхаарч эхэлсэн. Ер нь бид өөрөөсөө бусад хэнээс ч үргэлж сурч байдаг юм байна билээ. Нэг өдөр Хангай дүүгээ “Битгий оогоо асгаад бай л даа. Наад оо чинь мөнгө, ус мөнгө, цамц чинь хүртэл мөнгө” гээд л загнаад байна. Би Хангайг ингэж өсгөж шүү дээ. Тэгж бодоод үүнээс хойш аливаад заавал “Мөнгө зарсан” гэдэг утгаар биш, зүгээр л хайрлаж, талархаж байхыг сургая гэж хичээсэн. Хогоо хаяхдаа ч дотроо зүгээр л талархчих. Нэг их чангаар “Баярлалаа” гэж хэлнэ гэсэн үг биш шүү дээ, би хэрэглэсэн, миний тодорхой энерги юм шингэсэн, тэр утгаар нь хаяхдаа зүгээр л дотроо талархаад сурчих гэж хэлдэг болсон. Хүн бүрийг өөр шигээ байлгах гээд байдаг нь л бидний алдаа юм билээ. Хүн хүн өөр гэдгийг одоо л хүлээн зөвшөөрөх гэж байна. Одоо нас нэмээд ч тэр үү, аливааг байгаагаар нь л хүлээж авах гэдэг юманд суралцаж байна.
-Аливаа юмыг ингэж хардаг болсон нь ер юутай холбоотой юм бэ. Одоо хүмүүс их буддист болж байна. Ганданд очиж ном уншуулдаг буддизм биш л дээ. Яг Буддын сургаальтай их ойролцоо санагдаад байх юм. Уншиж ч юм уу, бясалгаж амьдралынхаа философийг эрж хайсан удаа байдаг уу?
-Долдугаар ангидаа би ангийнхаа нэг охинтой маргаж байсан юм. Тэр охин “Амьдрал угаас зовохын нэр” гээд хэлчихлээ. Би хүлээн зөвшөөрдөггүй. “Амьдрал тэр чигтээ зовлон юм бол яагаад бид амьдарч байгаа юм” гэж сөргөөд л. Нөгөөх маань “Бид хэдий энэ мөчид инээж байгаа ч дотроо нэг зовлонгоо бодож л байгаа” гээд л маргаад байсан. Тэр өдөржин би энэ сэдвийг бодсон. Ер нь хүүхэд байхын их юм боддог байсан, ам хуурайгүй чалчаа, галзуу ч гэсэн. Ээж намайг “Ганцэцэг ээ, чимээгүй бай. Ээжийнх нь толгой өвдөөд байна” гэдэг байлаа. Амьдрал зовлон юм бол бид зовох гэж амьдраад байгаа хэрэг үү, эсвэл зовлонг гэтлэхийн тулд уу гээд л бодож байж билээ. Тэр миний тархинд айхавтар үлдсэн санагдаж байна. Би Буддизмыг уншиж судлаагүй. Буддагийн тухай кино гарахад сүүлд нь давтаж үзээд, “Ер нь Буддизм хамгийн үнэнд илүү ойр, шинжлэх ухаанч шашин гэж үзэх юм бол би зөв л явж байгаа юм байна даа” гэж өөртөө бодоод өнгөрсөн. Зургадугаар ангид байхдаа ангийнхаа онц сурлагатантай далдуур өрсөлддөг байлаа. Тэр тоондоо их сайн. Бид хоёр юу ч ярьж байлаа даа, би “Айж явбал аминд өлзийтэй гэдэг юм аа” гэчихгүй юү. Тэгсэн чинь “Аль юмнаас айж, алгын чинээ болох вэ дээ, Ганаа” гэдэг юм. Тэр үгийг одоо хүртэл боддог. Энэ мэтчилэн, үгийн хүч намайг их өөрчилж ирсэн шиг. Манай ангийн багш монгол, хэл уран зохиолын багш байсан юм. Бидэнд их ном, шүлэг уншиж өгдөг байсан. Надад нөлөөлсөн байх. Сүүлд жүжигчин болох гээд СУИС-д элсэж, нэгдүгээр курст суралцаж байх үед Б.Лхагвасүрэн гуайтай уулзалт хийсэн юм. “Таны хамгийн хайртай хүн хэн бэ?” гэж бид асуусан чинь “Энэ муу Лхагвасүрэн л юм уу даа” гэж хариуллаа. Хүндэлж, биширч байсан хүн маань өөрийгөө л хайрладаг гэчихсэн чинь “Яасан амиа боддог, муухай хүн бэ” гэж бодож байсан юм. Үүнийг дараа нь 10 жилийн дараа, нөхрөө өвдөхөд, амьдрал дээрээ ойлгосон доо. Нөхөр маань өөрийгөө хайрласан бол намайг ч хайрлах л байж. Хангай надаас яаж өөрийгөө хайрлах вэ гэж асуухаар нь “Өөрийн дуртай гэхээс илүү өөрт хэрэгтэй зүйлээ сонгож хийж байвал өөрийгөө хайрлаж буйн нэр” гэж хэлдэг юм. Ер нь амьдралын явцад уулзаж учирсан хүн, сонссон үг, тохиолдсон үйл явдлууд хүнийг сургаж, хүмүүжүүлж, ухааруулаад байх шиг.
-Хүний мэргэжил гэдэг хувийн зан араншинд нь сууж ирэх тал байх юм. Танд үргэлж өөр дүрд орж жүжиглэсээр өөрийн мэдэлгүй өдөр тутмын амьдралд гарч ирээд байдаг болчихсон араншин бий юү?
-Театрын жүжигчнээр олон жил ажилласан болохоор их чанга дуутай болсон. Загнаад, ширүүн харьцаад байгаа юм шиг сэтгэгдэл бусдад төрүүлчихээд байдаг. Харин мөн чанарын хувьд хүнд бөгөөд хөнгөн үйл явдлуудыг хэмжээнд нь тохируулж хүлээж авах мэдрэмж суусан гэмээр юм уу. Хэзээ би тоормосоо, хэзээ хаазаа гишгэхийг сурсан гэх үү дээ. Кофе уугаад сууж байтал л, “Ганаа, үзэгдэл чинь боллоо шүү” гэмэгц гүйж гараад тоглоно шүү дээ. Дотоод мэдрэмжээ хурдтай шилжүүлж, зохицуулж сурч байна гэмээр ч юм уу. Мөн тоглосон дүрүүдийнхээ амьдралаас ихийг ойлгож мэдэрч, ухаан бас хүч авдаг юм уу даа.
-Эмоцоо жолоодож сурах техникт суралцдаг байх.
-Техник….Нөгөө талаас бол би өөрийгөө хэзээ ч эмоцоо жолооддоггүй хүн байгаасай гэж хүсдэг. Угаас жолоодогдохгүй ч байж мэдэх эд юм билээ. Баярламаар байгаа бол ханатлаа л баярладаг тийм хүн юм билээ л дээ. Аавын минь багын найз тааралдчихаад, “Аав чинь яг ийм хүн байсан” гэж хэлсэн. Аав маань уурлах, баярлах, уйлах нь амархан хүн байж. Би “Хэнд, хэзээ, хаана, юуг, яаж” гэдэг таван асуултыг л үргэлж бодож явдаг байхгүй юү. Хоёр хүүдээ ч энэ таван асуултад зөв хариулаад сурчих гэж хэлдэг.
-Таны нүдний харцыг их харж явдаг байсан юм аа. Мэдээж дүр эсгэж амьдрахааргүй хүн. Гэвч энгийн амьдрал дээрх байр байдлыг нь харахаар дахиад л нэг тайзан дээр, ямар нэг дүрд тохируулчихсан, сэтгэлээ тогтоочихсон харц юм шиг санагддаг байсан. Учрыг нь бодоод л байдаг байлаа.
-Одоо учрыг нь олж байна уу?
-Олохгүй л байна.
-Юу юм бол, тэр. Сүүлийн үед би нүдэндээ их хайртай болоод байгаа шүү. Б.Баатар найруулагч намайг ер бусын сэтгэл хөдлөлтэй хүн гэж хэлж байсан сан. Яг ер бусын гэдэг үг ашиглаагүй юм аа. “Цахлай”-д тоглочихсон байсан тэр үе. Б.Мөнхдорж багшийг Ардын жүжигчин болоход нь бид эгнэж зогсоод баяр хүргэхгүй юү. Би өөрийн эрхгүй орилоод зогсож байтал Б.Баатар найруулагч дэргэд ирснээ, “Би чамд нэг юм хэлье, Ганаа. Миний охин энэ эмоцоо хадгал. Нөөц нь шавхагдана. Миний насан дээр энэ эмоцынхоо хүчээр амьдрах хэрэгтэй болно, хадгалж үлдээх хэрэгтэй” гэж байсан юм. Эргэн тойрны, дотнын хүмүүсийн минь тодорхойлсноор би хэтэрхий сүржин хүн ч юм шиг. Сүрт хүн сүржигнэж, сүх шийдэм болов гэдэг шиг л (Инээв, Сурв). Багаас л намайг галзуу гэдэг байсан. Магадгүй нээрэн ч галзуу гээд сагадаг, хэтрүүлдэг болсон юм уу, мэдэхгүй. Хоёр хүү маань ч намайг юм бүрийг хэтрүүлж хүлээж авдаг гэдэг. Нэг бол юм бүгдийг хүндрүүлээд ч байх шиг. Би өөрөө өөртөө тийм байхдаа дуртай байгаа болохоор хүндрүүлдэг гэмээргүй ч юм шиг. Чамайг ярьсан чинь Хангайн “Бүгдийг хэтрүүлж хүлээж авах юм” гэдэг үгийг холбож, бодож үзлээ л дээ. Жишээ нь, гурван хоромд хэлээд ойлгуулчих зүйлийг гурван цаг тайлбарлаж ярих жишээтэй. Бас нэг юм. Багаас надад байсан шар уу, өөрөө ч ойлгохгүй байна. Юу ч хийсэн заавал тулгадаг зантай. Заавал хийж сурах гэдэг. Би сэтгүүлч биш ч надад ярилцлага хий гэдэг даалгавар өгчих юм бол сайн хийх гээд л үзчихнэ. Өчнөөн юм судална, холбогдолтой бүх ярилцлагыг нь унших байх аа. Өөр хаана ч байгаагүй ярилцлага бий болгочих гээд л дайрах байх. Багад бид гэр цэвэрлэнэ. Ээж нэг удаа “Ганцэцэг юмыг аягүй сайн хийх юм” гээд үгэн дундаа хэлчихгүй юү. Тэгэхэд л магтуулах ямар сайхныг мэдэрсэн. Тэгээд л би сайн л хийх сэн гэж зүтгэмээр санагдаж байсан. Хүүдээ хамгийн анх сурсан ажлаа л сайн хийдэг болчихвол бүх ажилдаа тэгж хандана гэж хэлдэг. Хүний хамгийн анхны сурдаг ажил аяга угаах байх. Анхны сурсан тэр ажлаа л бусдаас сайн хийгээд сурчих хэрэгтэй гэхээр“Аяга угаагаад тавихын хооронд айхтар сайн байхыг хичээх ямар хэрэг байна аа” гээд л хүү сөргөнө. Айхтар сайн хийх гэж зүтгэх хэрэггүй, аягыг гараараа биш сэтгэлээрээ угаах хэрэгтэй гэдгийг л ойлгочиход болно гэдэг юм. Сэтгэлээсээ л хийвэл ямар ч ажил гүйцэд болоход их дөхнө.
-Та их дотогшоо чимээлдэг, бас их уншдаг хүн. Яг уран бүтээлч гэж хэлэх гэхээр жүжигчний мэргэжил дутуу санагдсан уу. Өөр нэгэн зохиолчийн, найруулагчийн санааг биеэрээ дамжуулдаг ажил шүү дээ. Ийм зөрчил үүсээд та кино хийх болсон уу?
-Чи бараг л өөрөө ойлгочихож. Нэг бодлын жүжигчин бол утсан хүүхэлдэй. Ардын жүжигчин Г.Мягмарнаран ах “Авьяастай жүжигчин найруулагчийн удирдлагаар хөдөлж байгаа юм шиг мөртлөө өөрөө найруулагчаа удирдчихдаг тал бий” гэж хэлж байсан. Зөрлөө ч найруулагчийг хүлээн зөвшөөртөл нь жүжиглэх ёстой. Үүний тулд зөвхөн өөрийнхөө биш бусад дүрийг ч унших ёстой юм билээ л дээ. “Хайрын виз”-д тоглож байхдаа зохиолоо зөвхөн өөрийн тоглох Сүндэрийн өнцгөөр уншдаг байсан байх жишээтэй. Гэтэл нөгөө дүрүүдийн өнцгөөс дахин дахин унших хэрэгтэй юм билээ. “Шөнө буусан аадар”-ыг дахиад тавихад хүмүүс Н.Сувд эгчийн эрхэмсэг, язгуурлаг Энхээг хүлээж байсан байх. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн эхнэр тийм эрхэмсэг, язгуурлаг чанараа хадгалж байгаа юу. Өөрчлөгдсөн. Юм улам л хаа сайгүй өөрчлөгдөж, нэг талаар ялзарч байна. Энхээг амьдралдаа ганц удаа алдаад нөхрийнхөө найзтай учир ургуулчихсан энхрий эмэгтэй гэж хардаг. Миний хувьд тийм биш. Тэр нэг удаа алдсан хүн биш байгаа байхгүй юү. Ингээд өөрөөр гаргахыг хичээх хэрэгтэй болсон. Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Сувд эгчийн Энхээг эвдэх, өөрийнхөө хувилбарыг тусгахыг хичээсэн. Энэ өөрөө хязгаартай. Хэн хязгаарлах вэ гэвэл Э.Ёндоншарав найруулагч. Гэхдээ би өдий хүртэл хүссэн шигээ дүр бүтээж чадахгүй л байгаа. Дотоод сэтгэлдээ хүсэж, мөрөөдөж байгаа. Түүнийгээ тэр хэмжээнд нь гаргаж чадахгүй, учир ухааныг нь олохгүй л байгаа. Хэзээ яг өөрийгөө тоох үе ирэх юм бол доо гэж бодож байгаа.
-Өмнө нь огт бүрэн дүүрэн тоож үзээгүй?
-Дөхөж ирсэн хоёр удаа байсан. Нэг нь “Онц сурлагатнууд орохыг хориглоно” гэсэн хүүхдийн жүжиг. Уран сайхны зөвлөл Ганцэцэгийг 50 хувьтай магтсан ч би өөрийгөө 100 хувь үнэлсэн. Театраас гараад л төмөр зам дахь гэр лүүгээ алхахдаа туж инээсэн. Алхаад л, алхаад л, “Ганцэцэг ээ, чи яг одоо жүжигчин болж байна” гэж өөртэйгөө яриад л. Дараагийнх нь ганц хүний жүжиг. Зөвхөн өөрийгөө бодож амьдарч ирсэн юм шиг санагдаад л, гэр орондоо ч цаг гаргахгүй явснаа мэдрээд сэтгэл зүй маань дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан үе л дээ. Тэр үед “Гэгээн муза” академын ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа эгч бүх уран бүтээлчдэд хэлсэн л дээ. “Анх удаа манай улсад олон улсын фестиваль зохион байгуулагдаж байна. Эх орондоо болж байгаа энэ наадмын ганц хүний жүжгийн гранприг өөр улсад алдчихав даа!” гэж. Тэр өгүүлбэр хэлэгдээгүй бол заавал гранприг авна гэж зорихгүй ч байсан байж магадгүй. Би мэдрэл муутай юм шиг ажилласан. 32 настай байсан бил үү дээ. Хүнд өвчин тусчихсан, 12 хоногийн дараа өөд болох гэж байгаа 10 настай хүүд тоглохын тулд их турсан. 10 настай Оскар 12 хоногийн нас үлдсэнээ санамсаргүй сонсчихдог юм. Сувилагчдаа “Би хүн хайрлаж, хүнтэй сууж, хүүхэдтэй болж үзмээр байна. Би амьдармаар байна” гэдэг. Сувилагч нь “Амархан ш дээ. Нэг өдрийг 10 жил гэж бодоод л амьдарчих” гэж хариулдаг юм. Тэгээд л Оскар өдөр бүр 10 жилээр “хөгширч”, хүнд дурлаж, хаягдаж, араар тавиулж, нууц амрагтай болж, тамхи татаж, архи уун тасарч үздэг юм. Зүрх сэтгэлээрээ 30, 40, 50 нас хүрдэг. “Эрчүүд 40 хүрээд яагаад эхнэрээсээ өөр хүн хайж эхэлдэг байна аа. Яг адилхан ш дээ” гэж үзэгчид рүү хэлээд л. Тэгснээ “Үүнийх нь төлөө салдаг эмэгтэйчүүд та нар хаашаа юм. Тэр хүнд биеэ л өгсөн. Харин чамд зүрх сэтгэлээ, эд эс бүрэн зориулаа биз дээ. Уучлаач дээ” гээд загначихна. Эмчилгээний дуслаа архи болгож уух, тариураа тамхи болгож татах, өлгүүрийг охин болгож, танго бүжиглэх энэ тэр гээд үйлдлүүдээ өөрөө бодож олоод, ёстой шатаж ажилласан. Оскар 110 хүрээд “Одоо би ядарч байна. Энэ бүхнээс залхаж байна. Зүгээр л би явмаар байна” гэж хэлээд үхдэг. Би яагаад өөрөөрөө бахархсанаа хэлэх үү. Шагнал гардуулахын өмнөх өдөр, 2012 оны гуравдугаар сарын 26-нд наадмын ерөнхий шүүгч, ОХУ-ын “Алтан маск”-д шүүгчээр ажилладаг орос мэргэжилтэн үг хэлсэн л дээ. Бусад жүжигчид дээр нэг нэг үгээр тодорхойлолт хэлээд өнгөрөөд байна. Хамгийн сүүлд миний жүжиг дээр ирснээ пауз авсан. “Это уникальная актёрская работа” гэж хэлсэн. Тэгээд л зүрх салганачихсан. Ингээд миний тухай бараг хоёр минут ярьчихсан. Тэр үед л гранпри авахгүй ч байсан хамаагүй санагдаж байлаа. Энэ жүжгээ сэргээж тавих юм сан гэж бодоод л байдаг юм. Сүүлийн монологийг аавынхаа захидлаас санаа авч бичсэн. “Би одоо явмаар байна. Би сурсан, дурласан, ажилласан, хайрласан, амьдарсан. Одоо эцсийнх нь үлдлээ” гэж хэлээд явдаг юм.
-Аав нь тэгж бичиж үлдээсэн гэж үү?
-“Аав нь сурсан, ажилласан, хайрласан, амьдарсан” гэж. Таван охиноос нь ганцаараа би уулзаж чадаагүй л дээ. Тэр захидал нь л надад үлдсэн. Баатарлагаар аав шигээ “Сурсан”, “Ажилласан” гэж хэзээ нэгэн цагт бичнэ дээ гэж бодсон. Яг сурчихаад “Сурсан” гэж бичнэ гэдэг. Зураас бүр нь яаж бичигдэх бол. Аав маань ойжуулалтын инженер хүн байсан л даа. Ажлынхан нь “Аав чинь бараг Баянхошууны хойд уулан дээрх долоон модны... гэж ярих хүн шүү” гэдэг байсан юм. Аав тэгж л ажиллаж. Тэгж л сурч.
-Таныг яагаад ч юм буруу юмнаас яаж ийгээд холдож чаддаг хүн юм уу гэж харж явдаг. Ёс зүйг мэдэрдэг, яаж ийгээд зөв зам дээрээ гарчихдаг гэмээр. Таны хэзээ ч тэвчиж чадахгүй, мөн чанартай нь тэрсэлдэх тийм орон зай хаана вэ. Хаана байсан бэ?
-Миний амьдралд хэзээ ч битгий тохиолдоосой гэж боддог байсан зүйл ирнэ. Түүнийг огт болоогүй юм шиг мартаж чаддаг. Аймаар хүн байгаа биз. Тэгж арчиж чадна гэдэг. Чамайг хэлэнгүүт л бодоод байна л даа. Муу юмнаас холдож чаддаг гэхээр, би заримдаа өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Нэг удаа “Ер нь л азын тэнгэртэй хүн юм даа” гэж хэлээд ээждээ загнуулж байсан юм. Бага ангийн багш маань маш хатуу, зарчимч бөгөөд шүлэг, яруу найраг уншиж өгдөг гайхалтай хүн байсан. Ахлах ангид орсон хойно ч мөн л ижил, гайхалтай багш таарсан. Монгол хэл, уран зохиолын багш л даа, хоёулаа. Дөрөвдүгээр ангид анх монгол бичиг зааж эхлээд удалгүй хаагдсан юм. Гэтэл манай багш монгол хэл, уран зохиолын цагийн нэгт нь зөрсөөр байгаад өөрөө монгол бичиг ордог байсан. Би үүнийг аз л гэж боддог. СУИС-д элсэх болоод л, яг шалгалтын өмнө миний хоолой таг сөөчихдөг юм. Тэгсэн чинь “Конкурс тодорхой шалтгааны улмаас дөрөв хоног хойшиллоо” гэдэг зар тарсан. Дөрөв хоногт хоолойгоо эмчлээд л орж байгаа юм чинь. Сургууль төгссөний дараа нэг л жүжигчин болж чадахгүй юм шиг санагдлаа. Аав намайг жүжигчин болгохыг хүсээгүй, нас бараад ч удаагүй байсан. Тэгээд “Отгонтэнгэр” их сургуульд хуульчаар сурч эхэллээ. Ангийн багш маань ганцхан миний дипломын ажлыг УДЭТ-ын ерөнхий найруулагчид өгсөн байсан. Бас л аз юм шиг. Хуульчаараа сурч байтал нэг өдөр гэрийн утас дуугарлаа. Б.Мөнхдорж найруулагч байна. “Театр дээр зохиол орхисон байгаа. Очоод аваарай” гэдэг юм. Очиж аваад автобусан дотор дэлгэсэн чинь “Бооцоо” жүжиг байсан. Зүрх дэлсээд л явчихсан. Жүжиг, жүжиг! Тоглолоо. Хуульчаар сураад л байлаа. Нэг өдөр дахиж залгаад “Театрт гол дүрд тоглуулахаар ирдэг. Олны хэсэгт тоглуулахаар ирдэггүй юм уу?” гэж байна. “Үгүй ээ...” гэсэн чинь “Оч л доо. Бэлтгэлд нь ороод яв л даа” гэсэн. Тэгээд л би театрт орсон. Бурхан гэхээр л бид Будда юм уу хэн нэгний тухай ярьдаг. Би бол хүн бүрийг хардаг тэнгэр байдаг гэдэгт л итгэдэг. Чи түүнийг далдын хүч гэнэ үү, зөн совин гэнэ үү, хэн гэж бодож харьцах нь хамаагүй, тэр чамайг аливаа юмнаас хамгаалж, залж явдаг байх гэж итгэдэг шүү.
-Хувь заяаны ч гэмээр урсгалууд юм даа. Харин өөрийн ухамсраар сонгож шийдсэн сонголтуудын тухайд юу гэх вэ. Та бол хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин. Гэхдээ хүний амьдралд өөрөө залж авч явах, сонгох, шийдэх тийм цаг хугацаа өнгөрнө. Театрт байсан, “Хувьсал”-д нэгдсэн, дараа нь өөрөө продакшн байгуулсан. Энэ дунд “Үүнийг больё, энэ минийх биш юм байна” гэсэн тийм шийдвэрүүд байсан уу?
-Больё гэсэн шийдвэр байхгүй. Харин нэмж суръя гэдэг хүслүүд байсаар ирсэн. Харамсдаг шийдвэрүүд бас байхгүй. Би ер нь эргэж харж харамсах дургүй. Мөн гомдох дургүй. Хэн нэгэнд яагаад гомдох ёстой гэж. Одоо юм бүрийг сэтгэл гутрал мэтийн асуудал, өвчин болгох болж шүү дээ. Хүн гомдох л байх, гомддог л байх. Мэдэхгүй, би өөрийнхөө амьдралын үйл явдал дунд гомдол гэдэг юмыг байлгахгүйг хичээдэг гэх үү дээ. Сэтгэл хөдлөлийн олон үе шатын нэг л гомдол байх. Миний амьдралын тойрогт шинээр орж ирдэг хүмүүс бий. Азаар дандаа сайн хүмүүс байдаг. Одоо бодоход ээж “Ямар ч хар юмнаас нэг ширхэг цагаан цэгийг олж хар. Амьдрахад их хөнгөн болно” гэж хэлж байсан нь их чиглүүлжээ. Бид мууг нь олж харвал муу л санагдаад байх нь. “Амьдрал бол зовлон” гэж мэтгэлцсэн тэр өдрөөс ч эхлэлтэй байж мэднэ.
-Тэгвэл ингэж асууя л даа. Энэ бол таны амьдралын мөрдлөг болгож явдаг зүйл юм байна. Үүнийг сонгох, баримтлах болсон цаад шалтгаан байлаа гэж бодоход, нэг бол та өр зөөлөн нинжин хүн юм уу, эсвэл шууд нүүр тулахаас айдаг аймхай хүн юм уу?
-Би аймаар эр бар хүн ш дээ. Амьдрал бол тэмцэл тийм үү, зөндөө л юмтай тулсан. Амьдралыг зовлон л гэж харвал зовно шүү дээ. Юунаас эхтэйг нь яг сайн хэлж мэдэхгүй байна. Хүмүүс “Яагаад” гэж ерөөсөө боддоггүй юм шиг. Жишээ авъя, бүх амьдралаа тоочоод л байдаг хүмүүс байна. Хэн нь ч “Яагаад ингэдэг юм бол доо” гэж бодож үздэггүй. Н.Сувд эгч, “Зовлонтой үедээ надаас илүү зовж яваа хүн байгаа даа гэж бодохоор хөнгөрчихдөг юм” гэж хэлж байсан. Нөхрөө алдаад удаагүй хүнд үе л дээ. Нөхөр маань “Жаргалд сэрэмж, зовлонд хатамж” гэж хэлж байсан сан. Тэгэхээр “Яагаад” гэж үргэлж бодож үзэх ёстой байгаа биз. Эсвэл өөрийгөө оронд нь нэг тавиад үзэх хэрэгтэй шиг. Манай нөхрийн бас нэг “Хүн материаллаг өр зээлийг төлж дуусдаг. Сайхан сэтгэлийг л буцааж төлж барахгүй” гэдэг үг бий л дээ. Нэг голын усанд хоёр орж болдоггүй гэдэг шиг, тухайн мөч, нөхцөл байдал гэдэг юм дахиж ирэхгүй. Тэгэхээр хүнээс авсан сэтгэл бүрийг ихэд хүндэтгэн хайрлаж явах ёстой юм шиг. Магадгүй чиний төнхөөд байгаа тэр ноён нуруу, зарчим гэдэг юманд энэ бүх үгс, энэ үйл явдлууд их нандин нөлөөлж үлдэж дээ.
-Бусдад буруутгагдах мэдрэмж яаж буудаг вэ. Сайн хүн байхыг хичээдэг үү?
-Чи миний тухай бусдаас сонсвол чөтгөр шиг ааштай л гэж хэлнэ дээ. Байгаагаараа л байхыг хичээдэг. Юу гэх юм дээ, ойр тойрны хүмүүс бол ерөнхий онош тавих байх. Ихэнх хүний хувьд их хатуу, ааштай хүн. Ер нь ширүүн талдаа хүн. Том хүүгээ бол үнэхээр “Аавынхаа тэлээг аваад ир” гэж байгаад ширүүлдэг байсан. Харин бага хүүгээ хайрлаад, өрөвдөөд байдаг. Одоо “Хангай! Хангал болохгүй байна” гэж зугтаад өрөөндөө орчихдог юм. Алдахаас ч айгаад байх юм байхгүй. Манай аавын аав мундаг лам хүн байж байгаад хэлмэгдсэн л дээ. Аавын ээжийн хамгийн том дүү нь бас лам байсан. Бид дандаа тэднийд очиж ном уншуулдаг. Аав дандаа намайг л дагуулж явдаг байсан. Тэр хөгшчүүдийн яриа, лам хүний ном сургааль надад их нөлөөлсөн ч байж магадгүй. Тэгж яваагүй бол би өөөрийн хурц араншингаар яаж ч явах байсан юм. “Ганаа эрэгтэй байсан бол ч...” гэж ээж ярьдаг. Би их омогтой. Үүнийг маань тэгж номхотгож авч явдаг байсан ч юм уу даа гэж бодох шиг. О.Энхтуул эгч Герман явах гээд бид гаргаж өгсөн юм. “За, эгч нь явлаа даа. Атаманыхаа нэр хүндийг хадгалж үлдээрэй” гэж надад хэлээд, бид бөөн инээдэм болж байлаа. Хүн ер нь 7-10 жилийн мөчлөгөөр өөрчлөгддөг юм шиг санагддаг. Тэр бүрд шилжилтийн нас шиг сэтгэл хөдлөлүүд орж ирдэг байж магадгүй. Нас нэмэх тусам хүн илүү уужуу болдог уу, адгах нь багасдаг уу.
-Зөөлөрдөг ч байх.
-Тийм. Яг одоогийн байдлаар надад сэтгэл судлал их сонирхолтой санагдаж байгаа. Ухаж үзмээр санагдаж байна. Хуулиар сурч байхад тэр надад цоо шинэ ертөнц байсан. “Мэдэхгүй юм ямар их юм бэ” гэж сэтгэлээр унаж ч байсан. Эхний жилээ хичээлээ уншаад ч ойлгохгүй байгаадаа маш их бачуурч байсан. Мэдэхгүйгээ хүн мэдэх тусам мэдэхгүй зүйл ямар их байдгийг олж хардаг юм байна билэн. Мэдэхийг хүсээд ирэх тусам л амьдралын аар саар асуудалд санаа зовохгүй болдог ч юм шиг. Мөн эрүүл мэнд болон ёс суртахууны боловсрол ч маш их анхаарал татаж байгаа. Салбар, салбарын мэргэжилтэн бүрийн бус хүн бүрийн мэдэх ёстой суурь мэдлэг юм билээ л дээ.
-Та амаргүй амьдрал туулснаа өмнөх ярилцагууддаа нээлттэй ярьсан. Та иог хийж, эрүүл хооллож, хүүхдүүдээ их сахилга баттай хүмүүжүүлж байна. Уг нь таны суурь характер бас эдгээрийг үл огоорох, архи дарсанд автах, билэг танхай ч гэмээр уран бүтээлч амьдрал руу орж мэдэхээр юм шиг санагдах тал байна. Бараг эдийн засагч, нярав нягтлан шиг амьдралаа атгаж явахын өдөөлт юу юм бэ?
-Миний багын гурван найз бий л дээ, бид бүр нэгдүгээр ангиасаа эхлэн нөхөрлөсөн. Тэд миний цэнэг юм билээ. Сард хоёр удаа заавал уулзалдаж кофе ууж, цэнэглэгдэж, эрчмээ сүлдэг. Болороо тэгж хэлсэн юм, “Ганаа иог хийгээд, ганцаараа байхдаа эрч хүчээ авдаг. Би бол их өөр” гэж. Нээрэн хүн хүн өөр юм байна. Азаар надад ганцаараа байх нь илүү кайфтай байдаг юм байна. Хүүхэд байхаас дандаа л тайзан дээр гарч, алга ташуулж ирсээр олноос тусгаарлагдаж, хүний дуунаас залхах мэдрэмж их хүчтэй болсон ч байж магад. Миний багш МУУГЗ Л.Лхасүрэн биднийг СУИС-д элсэхэд хамгийн түрүүнд “Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?” гэж асуусан юм. “Зурагтаар гарна”, “Олны танил болно” гээд л манайхан хариулж байгаа юм чинь. Багш “Чиний алхаа гишгээ бүр олны нүдэнд байна. Иймд асар их хариуцлага ирдэг юм. Энэ маш хэцүү. Үүнийг дааж авч явбал чи уран бүтээлч” гэж хэлсэн. Би яагаад ч юм хүний хэцүү гэж хэлснийг хийж үзэх мэдрэмждээ хөтлөгддөг. Тэр үед л багшийн хэлснээр “Урлагийн хүн нүүрэн талдаа олны танил байж, гоё сайхан харагдана. Нөгөө талдаа гишгэсэн мөр бүхэн чинь ёс зүйн өндөр хэм хэмжээнд байх учиртай. Энэ их хэцүү. Сэтгэл хөдлөлдөө бус тархи оюундаа захирагдаж амьдрах амар биш гэж” хэлснийг мөрдлөг болгочихоод, түүний төлөө хичээж яваа ч байж магадгүй.
-Өөрийн хүслийн эсрэг юм хийх шаардлага тулгарч байсан уу. Өөртэйгөө тэмцэх гэх үү, ажиллах шаардлага?
-Нэг их хүслийнхээ эсрэг ажилласан юм байхгүй дээ.
-Хүсэл ч гэж дээ, өөртэйгөө ажиллах гэх юм байна?
-Ер нь хүн өөртэйгөө л тэмцэж амьдардаг байх. Зарим үед хоёр, гурван өдөр орноосоо босохгүй унтдаг даа. Тэр л тэмцэл юм даа (Инээв). Нэг өдөр би багын гурван найзтайгаа нэгийнх нь төрсөн өдрийг тэмдэглээд их оройтов оо. Өглөө нь босож чаддаггүй ээ, бие өвдөөд. Тэгэхэд бага хүү маань “Ээж ээ, та үхэхгүй биз дээ” гэж асуусан. Хоёр, гурван жилийн дараа сая нэг чөлөөт цагаа тэгж өнгөрүүлсэн нь надад сайхан байсан ч энэ надад сигнал болсон. Ингэж сахилга баттай амьдарснаар өөрийнхөө эрх чөлөөг хасаад байгаа юм биш биз гэж асуугаад байх шиг. Огт тийм биш. Амьдралд зугаа цэнгэл, хөөрч наргих юм байлгүй л яах вэ. Гэхдээ хэмжээтэй. Бүх зүйлийн хэмжээг л тохируулж явах нь чухал байх. Үнэн одоо цагт хэмжигддэггүй гэдэг. Хүмүүс бас заавал хэн нэгэнтэй өрсөлдөх ёстой юм шиг боддог. Өөр уран бүтээлчийн ажлаас урам авч, атаа хөдлөх үе байх ч тэр өрсөлдөөн биш, эерэг хөгжүүлэлт юм даа. Харин хамгийн өрсөлдөх ёстой зүйл бол цаг хугацаа юм байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна. Амжиж хийх зүйл ямар их юм бэ. Гэхдээ амьдралд үзэж туулах юм ямар их билээ, хүссэн хүсээгүй ирэх юмыг урьдчилж бодож яах юм. Одоо цагтаа жаргалтай амьдрах, яг тухайн цагийн мэдрэмж гэдэг зүйл чухал юм шиг. Энэ зөв үү, буруу юу гэж байнга бодоод байх бас хэцүү биз дээ. Хүн адал явдалтай амьдрах ёстой биз дээ. Би бол тэгж амьдрах дуртай. Одоо би өөрийгөө багшилбал их сайн багш болох байх даа гэж заримдаа боддог юм. Багш гэдэг бол зөвхөн мэргэжил заадаг хүн биш шүү дээ. Хүүхдүүд чамайг хуулбарлаж, үлгэр дуурайлал болговол яах юм. Зөвхөн ном заана гэвэл их сургууль төгссөн ихэнх хүн бага ангийн багш хийчихээр байгаа биз. Тэгэхээр сэтгэл илүү чухал. Багшаар ажиллавал Ганцэцэг гэдэг хүний ертөнц арай илүү тэлэх юм шиг санагдаж байгаа. “Гэм зэм”-д тоглосны дараа би аягүй хоосон болчихсон. Тайзан дээр гаралгүй найман жил болсны дараа тэгж их магтуулна гэж санаагүй. Хүмүүс их магтчихсан чинь “Одоо би юу хийх юм” гэж бодогдон хоосорсон. “Сайн хийх сэн, тулгаж хийх юм сан” гээд л хичээгээд байсан чинь хүмүүс намайг “дуусгачихсан”. Магтаал нь тулчихсан. Магтаал тулахаар би хаачих юм бэ. Яагаад ч юм намайг дахиж гишгэх орон зайгүй болгочих шиг болсон. Тэгээд бас нэгэн шилжилтийн насан дээр ирж байх шиг санагдсан. Тэр мэдрэмжээ би сайн илэрхийлж мэдэхгүй байна л даа. Өөрөөр хэлбэл, би тэр мундаг хүмүүст тоогдох гээд хөдөлмөрлөөд байсан. Гэтэл найман жил завсарласны дараа нэг тайзан дээр гараад 20 жил хүлээсэн бүх магтаалаа авчихсан. Эргээд бодсон чинь би Ганцэцэгийн төлөө л ажиллаж ирснийг харуулж байгаа юм. Тийм болохоор одоо багш гэдэг ажилд их татагдаж байна. Магадгүй тэр Ганцэцэгийн дотор байгаа бас нэгэн нууц хүнийг гаргаж ирэх ч юм бил үү.
-Тэр магтаалын зарим нь хуурамч байсан байж таарна. Мэдээж найман жилийн дараа тайзан дээр гарсны нь дараа муучлах хүн олдохгүй биз дээ. Харин та юуг, хэр хэмжээнд хийснээ дотроо мэдэж байгаа.
-М.Батболдод би нэг юм хэлсэн. Саяхан даа. “Раскольников яагаад эмэгтэй байж болоогүй юм” гэж. Жүжигчний шунал байгаа биз. Улсын яллагчийн хувьд би өөрийгөө эвдэж, дайчилж тэгж их ажиллаагүй. Би хуульчаар сурч төгсөөд удаагүй байсан шүү дээ. М.Батболд намайг шүршүүрт оруулна гэхээр нь иог хийе гэсэн. Энэ их зэвүүн санаа болсон. Ер нь бол алим хальслах уу, талх зүсэх үү, чихэр задлах уу гэдэг хүртэл том бодол юм шүү дээ. Алим хальслангаа л хүний толгой авах тухай ярина гэдэг нарийн нюанс. Жүжигчнийг тэгж нарийн ажилладаг гэж хүн бүр хардаггүй л дээ. Би гадуур явахдаа зөрсөн хүн бүрийг өнгийж хараад, ийш тийшээ сэлбэлзээд байдаг гэнэ ээ. Энэ мэргэжлийн онцлог л юм байна. Биднийг оюутан байхад Л.Лхасүрэн багш дэлгүүр явуулна. Яваад ирэхээд “Замд чинь хэдэн хүн зөрсөн” гэж асуудаг байсан. Жүжигчин хүний хамгийн анхны дасгал ажиглах чадвар. Нэг удаа цасаар шуураад, такси олдохгүй байхаар нь хүүтэйгээ автобусанд сууя гэтэл “Ээж ээ, яах юм бэ. Хүмүүс таныг харна шүү дээ” гэлээ. Бид яагаад ийм болсон юм бол. Уг нь би хамгийн их автобусанд сууж, Нарантуулаар явж байх ёстой хүн байхгүй юү. Дүрийн судалгаа хийж, хаана олон хүн цуглана тэнд л байж байх учиртай. Найман настай хүү маань намайг тэгж хэлж байгаа юм чинь жүжигчид ийм болох нь аргагүй л юм байна. Шинэ кинон дээр ч надад судалгаа хийх чухал байсан болохоор захын хорооллоор хэд хэдэн удаа автобусаар явсан. Ханатлаа явж чадаагүй л дээ. Харамсмаар. Нөгөө л олон хүний шохоорхон сониучирхах харцнаас зугтсан л даа.
-Кино хийх гэдэг таны хувьд яг мөн чанараараа юу вэ?
-Уран бүтээл. Бас миний ар гэрээ авч яваа ажил. Яг гол агуулга нь гэвэл мэдэхгүй юмаа мэдэх гэж, таних гэж яваа зүйл. Энэ салбараас маш ихийг сурч, алдаж, төөрч яваа.
-Кино гэдэг өөрийн стандарттай, хөгжлийн чиг хандлагатай явж байгаа. Үүнийг танай продакшн хэрхэн харж байгаа вэ. Сүүлд “Хувьсал”-ын кинонуудыг үзэхэд өмнө нь сайн жүжигчдийн мастерствод л автаж үзэж байсан юм шиг санагдсан. Уг нь кино гэдэг стандартаар харвал бараг теле жүжиг ч юм шиг санагдах тал бий, уучлаарай.
-Тэр аргагүй, чиний зөв. Кино хийхэд маш их алдаа гардаг. Гэхдээ Ганцэцэг л байж болохгүй гэдгийг маш их боддог. Ганцэцэг харагдах нь үнэн ч өөрт байхгүй юмыг гаргаж ирэхийг хичээдэг. “Аримун” яах гэж кино хийж байгаа вэ. Нэгдүгээрт мэдээж ажилтай байх гэж, оршин байх гэж. Хоёрдугаарт, гэхдээ үүнийг хоёрдугаарт бас эрэмбэлмээргүй байна.
-Нэг, нэг, нэг гээд л явъя.
-Хоёулаа тэгье. Яг монгол кино гэж юу вэ гэдгийг гаргаж ирмээр байна. Хичээж байна. Одоо хуучны кинонуудыг үзэх тусам дахин дахин орой руу ороод байдаг. Монгол гүн ухаан гэдэг юмыг илүү гаргаж ирэх сэн. Бүр углуургаараа монгол дүрслэл, монгол өнгө, монгол хүн гэж юу юм. Монголчууд үгийн сайнаар, үгийн хүчээр үр хүүхдээ сургадаг байж. Хараахдаа ч ерөөл хэлдэг байж. Тэгэхээр монгол кино хийхийг хичээж зориод л, сураад л, алдаад л явна даа.
-Монгол гэдэг агуулгыг тэмтрэх гэж яваа гэж ёстой бодоогүй шүү.
-Т.Цэвээнжав гуайн “Морьтой ч болоосой” кинон дээр хамаг малаа алдчихаад, сумын төвд ирчихээд сууж байдаг дүрслэл бий дээ. Тэр л яг монгол байхгүй юү. Хар цай уугаад л. Үгс нь нэг л өөр өө. Бид солонгосчууд шиг кино хийх юм бол тэр дэлхийд гарна гэдэг юмыг жишээ нь ярилтгүй. Кино бүр адаглаад өнгөтэй байдаг. Монгол киноны өнгө юу юм бол. Тэнгэрээ шүтдэг хүмүүст хөх өнгө юм уу. Ингээд л эхэлнэ шүү дээ. Эгч нь сураад л байна. Гэхдээ ойлгохгүй, чадахгүй зүйл их байна. Орчин үеийн хүмүүс хэлбэрийн хувьд их ижилхэн болж байна шүү дээ. Гэхдээ цаана нь монгол ухаан байгаад л байгаа. Дээр үеийн монгол кинонуудыг их үзээсэй, тэндээс үндсээ барьж авах байх даа гэж боддог. Миний хамгийн үзэх дуртай кино бол “Зэрэг нэмэхийн өмнө”. Улс төрийн тэмцлийн кино байгаа байхгүй юү. Тэгсэн мөртлөө тэнд ямар ч дайн дажин, цус нөж, “Би Монгол” гэсэн аархал байхгүй. Харин ч ямар их инээлгэдэг кино билээ дээ. Нөгөө талаар бас уншдаг хүмүүс их ховордож байна. Ном уншиж хугацаа алдахаар гүүглдээд мэдээлэл авчихаад байна. Номыг солиорч унших гоё байхгүй юү. Эсвэл хүн бүр өөрөөр мэдэрдэг байх. Ялангуяа сонгодог зохиолыг би аймаар автаж уншдаг. Тэндээс хөглөгддөг. Тэгээд би бичсэн юм унших дуртай. Өмнө нь хурдан уншчихдаг байсан бол одоо нэг өгүүлбэрийг гурав, дөрөв давтдаг болж. Уран зохиол бол онол бичээгүй, амьдралыг бичсэн эд шүү дээ. Энэ мэдрэмжийг хүмүүст хэлмээр, ойлгуулмаар л байдаг юм.
-“Хувьсал”-аас гарсан хоёр эмэгтэй кино хийгээд л байгаа юм байна гэсэн юм тогтчих вий гэсэн харам сэтгэл байна. Учир нь та бол тулхтай уран бүтээлч. Бусад мэдрэмж, оюун ухаануудыг сайн сонсож, оролцуулж, өөрсдийгөө хайрцаглалгүй, энгийн л юм хийхийг үл тэвчиж ажиллаасай гэж хүсэж байна.
-Баярлалаа. Яг тэгж бодож байгаа. Өөр зохиолчтой, өөр найруулагчтай хамтарч ажиллана гэж боддог. Найруулагч бол өөрийгөө бус жүжигчин төрүүлдэг ажил гэж МУУГЗ Б.Баатар найруулагч хэлж билээ. Жүжигчид шинэ дүр аваад хамгийн түрүүнд “Найруулагч яагаад намайг энэ дүрд сонгосон юм бол” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэр асуултын хариултаа зөв бодож олбол дүр дээр ажиллах ажиллагаа илүү хялбар болдог, миний хувьд. Хуучны зохиолууд дүр тус бүрийн ялгааг их тод бичдэг байж. Тэр нь эргээд жүжигчдэд дүрээ бүтээхэд нь их том түшиг болдог байж. Жүжигчин хүн кинонд тоглохдоо энгийн, үнэн байх ёстой гэдэг. Энгийн, үнэн байгаад яг өөрийгөө 10 давтаж тогловол болохгүй л дээ. Мэдээж нэг л хүний бие сэтгэлээр дамжигдан гарч байгаа болохоор ойролцоо ижил болох хэдий ч дэлхий дээрх хүн бүр давтагдашгүй шүү дээ. Тэгэхээр өөрт оногдсон дүрийнхээ бусдаас ялгарах онцлог шинжийг л олж таньж, дүр дээрээ ажиллавал жүжигчний уран чадварын гүйцэтгэл чанартай болно гэж бодож байна даа.
Ярилцсан | М.Тэнгис