Монгол Улсын Засгийн газраас 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу Онцгой байдал, бүсчилсэн хөгжил хариуцсан Шадар сайд болон Гадаад харилцааны яам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэгт Шадар сайд болон Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд оролцож, төсвийн ил тод байдал, үр ашиг, хөрөнгийн зөв хуваарилалт, хэмнэлтийн бодлогыг хангах талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн дэд бүтэц, хүний нөөц, улс орны аюулгүй байдал, чанар стандарт, итгэмжлэл, хүнсний аюулгүй байдал, бүс нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын талаар санал солилцож, 2026 оны Улсын төсвийн төслийн эцсийн хувилбарт тусгахаар боллоо.
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагад Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Цагааннуур, Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн захиргаа, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн багтдаг билээ.
Ташрамд хэлэхэд Стандарт, хэмжил зүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болон аймгуудын СХЗХ-ийн 2026 оны төсөл, 2027-2028 оны төсвийн төсөөллийг 2026 оны батлагдсан хязгаар болон 2025 оны төсвийн тодотгол, төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн дүнг үндэслэн боловсруулжээ. Стандарт, хэмжил зүйн салбарын 2026 оны төсвийн урсгал зардлыг 37,295.7 сая төгрөгөөр тооцоолон төлөвлөж, санал хүргүүлээд байна.









