Бид энэ дугаарын "VIPerson" зочноор Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг урилаа.



-Бид зочноороо нийгмийн танил нэр нөлөө бүхий эрхмүүдийг урьж ярилцдаг. Мэдээж залуу үеэ дэмжих бодлого явуулдаг. Та бол бидний сонгон урьж байгаа анхны аймгийн Засаг дарга. Ажаад байхад зарим аймгийн дарга сурталчилгаа сайтайгаараа ялгарч харагддаг. Таны хувьд жаахан чимээгүй хүн шиг санагддаг юм.

-Намайг сонгож зочноороо урьсанд баярлалаа. 

-Хэвлэлийнхэн бид орон нутгийн асуудал, орон нутаг дагасан сэдвүүдийг  төсөв хэлэлцэхээс бусад үед бага анхаардаг муу зантай. Мэдээж  Дорноговь аймгаар сонин сайхан их л байгаа байх. Аймаг удирдаж ажилласан  жилүүдэд ямар ажлуудыг хийж амжуулав. Юу юуг нь  арай амжсангүй вэ гэдэг асуултаар яриагаа эхлэе дээ.  

-Таны хэлж байгаа үнэн л дээ. Орон нутаг гэдэг энэ сэдэв нэлээн арагшаа л тавигддаг юм шиг харагдах нь бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ хандлагад өөрчлөлт орж байгаа нь бас мэдрэгддэг. Орон нутгийн хөгжилд бодлогоор анхаарал хандуулдаг, орон нутгийнхаа асуудлыг шийдвэрлэхэд ард иргэд нь идэвхтэй оролцдог болж байна. Би төрөлх нутагтаа Засаг даргаар найман жил  ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд өөрчлөлт их гарсан. Шинэчлэлийн Засгийн газраас санаачлаад, УИХ-аар шийдээд, орон нутагт өөрт нь санхүүгийн эрх өгөөд  дөрөв дэх жилдээ орж байна. Орон нутгийн хөгжлийн сан гэж хөрөнгө гаргаж, сум болгон 200-500 сая, зарим томоохон сумд тэрбум төгрөгийг  өөрөө мэдээд, дотооддоо ярилцаад, иргэдийнхээ санал санаачилгыг сонсоод, иргэд нь зөвшилцөж хэлэлцдэг. Хийх шаардлагатай ажлуудынхаа эрэмбийг иргэдтэйгээ хамт тогтоож, эрэмбээр нь сумынх нь Иргэдийн хурал шийддэг болсон. Аймгийн засаг захиргаа ч оролцох эрхгүйгээр, зөвхөн тэр нутгийн иргэд өөрсдөө дотооддоо асуудлаа шийдэх боломж олгосон нь орон нутгийн хөгжилд түлхэц болж өглөө. Сум, багийн иргэд хуралдаа оролцох ирцээс авахуулаад, амьдрах идэвх нь сэргэх гээд олон талын ач холбогдолтой бодлого болж чадсан. Мэдээж анхны юм амаргүй л байдаг. Хүмүүстээ ойлгуулах, ойлголцохоос эхлээд. .. Хугацаа хэрэгтэй байдаг. Анхны жилүүдэд орон нутгийн Хөгжлийн санг дагасан шүүмжлэл их гардаг байсан. Цөөнгүй сумын дарга нар арга хэмжээ авагдан, алдаж онох, арга барилаа олоогүй алдаанууд гарч л дуулддаг байсан. Аливаа шинэ бодлого нутагшихад тохиолддог л замыг туулсан байх. Одоо байдал өөр болсон. Миний хувьд алдсан нь бага, оносон нь их байгаасай л гэж хүсдэг.  Юутай ч төрөөс зориуд хөшүүрэг хийж өгсний хүчинд орон нутаг жаахан товойж гарч ирж байна. Ер нь аливаа улс орон хөгжихөд тухайн улсын  бүсүүд нь хөгжиж байж, аймаг нь сумд нь хөгжиж байж нийтээрээ хөгждөг нь жам. Ганцхан нийслэлдээ хүч хөрөнгөө хаяад, орон нутгаа орхиод  байж болохгүй. Мэдээж нийслэлийн хүндрэлүүдийг давах зорилт бидний өмнө байгаа, гэхдээ л бид бодлогоо тэгш авч явах шаардлагын өмнө ирсэн. Алс холын сумд, хилийн орчнуудаа хөгжүүлэх тэргүүлэх зорилтууд ч тулгарч байна. Тааламжтай нөхцөл олон байх тусам хотын төвлөрөл саарна. Энэ талаасаа ч бодож л бодлогоо хийж байгаа. Бидний монголчууд  хувь заяаны эрхээр маш өргөн уудам нутагтай ч цөөхөн хүн амтай. Энэ уудам нутагтаа хөгжлийг тархааж, сум суурингуудаа босгож чадвал бид илүү хөгжинө. Энэ хөгжлийн эхлэл болгож бидний саяны ярьж байгаа бодлого хийгдлээ гэж харж байгаа.  

-Дорноговьд манай улсын томхон хилийн боомт байдаг. Хилийн бүс гэдэг хөлийн бүс. Өнөөдөр зарим аймгуудыг ихээхэн хөгжсөн гэж онцолж ярьж байна. Хэнтий, Сүхбаатарыг жишээлж байгаа. Тэд Дорноговиос юугаараа илүү вэ. Эсвэл тэд илүү сайн сурталчилгаа хийгээд байна уу?

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум манай аймгийн 14 сумын нэг. Сум гэдэг статусаараа яривал шүү дээ. Гэхдээ Монгол Улсын үүд хаалга, Монгол Улсын томоохон боомт гэдгээрээ улсын хэмжээний том хариуцлага үүрдэг. Өдөртөө Замын-Үүдээс  БНХАУ-ын Эрээн рүү орж гарч байгаа хүний тоо 4000-5000-д хэлбэлздэг. Энэ утгаараа том ач холбогдол өгөх ёстой боомт хот. Тийм ч учраас төр зардлаа гаргаж, гадаад дотоодын донор орнуудын хөрөнгийг татаж чадах чинээгээрээ л асуудлаа  цэгцэлж байна. Гэхдээ манай иргэд Замын-Үүдээр гараад Эрээн ороод эргэж Эрээнтэй харьцуулаад ярьдаг. Эрээн хот, том эдийн засагтай Хятад улсын хуурай замын хойд талын хамгийн том олон улсын боомт нь шүү дээ. Төрөөс нь асар их мөнгө хаяж хөгжүүлж байна. Манай шийдэж байгаа хөрөнгийн хэмжээг яаж тэдэнтэй харьцуулах вэ дээ. Бид энэ жаахан эдийн засгаасаа тийшээ хөрөнгө чиглүүлэх гээд л үзэж байна. Цаг хугацаа ч  их ордог юм байна. Гэхдээ зөв бодлоготой явахад байдал сайжирна. Асуудал шийдэгдэнэ гэдэгт би хувьдаа итгэдэг. Замын-Үүдийн хувьд  өөрийн онцлогоороо хөгжих ёстой гэж хардаг. Эрээнд хятадууд онгоцны буудал барьчихсан. Төв нутгаасаа жилдээ сая жуулчин Эрээнд ирж байна. Зөвхөн боомт хот биш, аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх бодлого явуулж байгаа. Нисэх буудлаас нь наашаа Эрээн рүү явахад тэр том тал дунд битүү үлэг гүрвэлийн том том хөшөө, хиймэл мод ургамлууд, дурсгал дүүрэн болсон  байна билээ. Динозаврын бүр том толгод байгуулж байна. Уул толгод дээгүүр том том динозаврын баримлуудыг цагаан чулуугаар хийгээд тавьчихсан. Динозаврын музей хүртэл байгуулчихсан байх жишээний. Бид хаяандаа ирсэн жуулчдыг наашаа өөрсөд рүүгээ татах хэрэгтэй. 10-хан хувийг нь авахад л боломжийн орлого ороод ирнэ. Хүний урсгал нэмэгдэнэ. Бид ч бас  өнгөрсөн жилээс хилийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого гаргаад ажиллаж байна. Жилдээ 4000 орчим хятад иргэн өдрийн жуулчнаар орж ирдэг байсан. Нэлээн хөөцөлдөж, ярьж хөөрч ажилласны үр дүнд өнгөрсөн жил 12000 жуулчин орж ирсэн. Тэднийг хувийн секторынхон хүлээж авдаг.  Үндэснийхээ хоол ундыг өгнө, морь мал унуулж сонирхолтой, хүний  сэтгэлийг татах юм хийе, эхэлснээ идэвхжүүлж, өөрөөр сэтгэж,  хөрөнгө мөнгө татъя гээд хэр чадлаараа л ажиллаж байна. Хамгийн гол нь бусдаас ялгарах зөвхөн манайд үзэж харж мэдрэх тийм нөхцлийг бүрдүүлэхийг хичээж байна. Мэдэж санаснаа хийхэд асар их хөрөнгө мөнгө хэрэгтэй л дээ. Тэгээд бодож зүтгэж явахад бололгүй дээ гэж л бодож сууна.  

-Нэг зураасны наана цаана уур амьсгалын хувьд ч ялгаагүй атлаа газар тэнгэр шиг ялгаа Замын-Үүд, Эрээн хоёрт бий болчихлоо. Тэнд ногоороод л манайд шороо босоод л... Анзаарахгүй байхын аргагүй. Энэ зэргийн юмыг шийдчихэж болдоггүй юм уу?

-Үнэн. Километр ч хүрэхгүй зайтай мөртлөө хоёр өөр гариг шиг байгаа. Байгалийн нөхцөл байдал яг адилхан ш дээ. Гэхдээ хятадууд элсний нүүдэл, салхи шуургаа хаах үүднээс хөрөнгө хаяж, хамгийн сүүлийн  технологи ашиглаж, ойжуулалт хийдэг. Харин бид  Замын-Үүдэд ойн зурвас байгуулж, элсний нүүдлийг багасгая гэж 20 жил ярьж байгаа ч олигтой амжилтанд хүрээгүй байгаа нь үнэн. Ер нь мод тарьж ойжуулах чинь цэвэр арчилгааны л асуудал юм билээ. Хамгийн наад зах нь мэргэжлийн дендорлогич  ажиллах шаардлагатай. Сүүлийн гурван жилийн хугацаанд дендорлогийн чиглэлээр ажилладгаараа алдартай Японы Нигата мужтай хамтран “Өвсний үндэс” төслийг хэрэгжүүлж байна. Үнэндээ хангайн мод эсвэл хятадаас бэлэн суулгац авчраад ургуулна гэвэл төвөгтэй юм байна лээ. Арчилгаа усалгаа ихтэйгээс гадна бордоог нь хүртэл гаднаас худалдаж авах хэрэг гарна. “Өвсний үндэс” төсөл хэрэгжиж эхэлснээр нутгийн омгийн модыг тарималжуулахад анхаарлаа хандуулсан. Загийн үндэс гэхэд л доошоо  дөрвөн метрийн гүнд шургаж ороод чийг авдаг гайхамшигтай бүтэцтэй. Сухай, харгана, хайлаас, тоорой байна. Эдгээр модыг үр болон мөчрөөр нь тарималжуулах ажлыг амжилттай хийж байна. Хээрийн хүнд хэцүү уур амьсгалтай газарт үр нь унаад, салхинд хийсч ирээд мод болдог байгалийн  дархлааг хүн гараараа түүж аваад арчлаад ургуулахад маш хурдан ургадаг юм байна. Одоогоор эхний модод маань гурван нас хүрчихлээ. Гурван настай заг эсвэл хайлаасыг хаа ч хамаагүй шилжүүлж суулгаад ахиад арчлах шаардлагагүй. Байгалийн өөрийнх нь юм учраас тэр шүү дээ. Их удахгүй заг, хайлаас, тооройн модны том төглүүдтэй болохыг зориьж байна. 

-Боомт гэдэг утгаар нь бодсон ч Замын Үүдийг том хот болгоход хувийн хэвшлийнхэн ч анхаарч, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж бодогддог. Улс хийх ёстой гэж бэлэн юм хүлээгээд байвал их л удах байх даа.

-Таны хэлсэнтэй санал нэг байна. Хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтаа хийгээд явахад зах зээл, байршил, хатуу зөөлөн дэд бүтэц гээд давуу тал их бий. Дэд бүтэц ерөнхийдөө шийдэгдчихсэн. Манай Дорноговь гэхэд л босоо тэнхлэгт ерөнхийдөө орчихлоо. Энэ чинь их  том боломж шүү дээ. Замын Үүдийн хувьд хотжих өнгө аяс орсон. Өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн томоохон төслүүд амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгч байна. Ялангуяа иргэд амьдрах орчин нөхцөл, ахуй хангамж, орон сууц гэх мэт суурь асуудлуудаа шийдээд явж байна.

-Говийн бүс ус муутай байдаг нь бас нэг асуудал шүү.

-Тэр үнэн. Говийн аймгийн ус эрдэсжилт ихтэй байдаг. Дээр үед далайн ёроол байсан учраас ус нь давс, хужиртай. Нөгөөтэйгүүр манай улсын уул уурхайн баялаг ихэнхдээ газар нутгйинаа урд талд  байдаг тогтоцтой. Газар дор асар их эрдэс бодис байна гэсэн үг л дээ. Тэр утгаараа  манай нутгийн гүний ус эрдэсжил ихтэй байдаг.  2006 онд Японы Жайка байгууллагаас санхүүжилт авч усны нөөцөө судлаад, Замын-Үүдээс 10 км-ийн зайтай газраас усны судал олсон. Тэглээ гээд усаа татаад шууд уух боломжгүй. Давслаг ихтэй учраас тэр. Тиймээс Хятадын Засгийн газрын 300 сая долларын зээлийн 57 сая доллараар нь  усаа татаж ирээд цэвэршүүлэх  маш том байгууламж барьсан. Одоо усаа цэвэршүүлээд нийлүүлдэг болчихлоо. Мөн бохирын байгууламжаа шинээр барьсан. Орчин үеийн стандартад нйицсэн цэвэрлэх байгууламж. Бохир усаа  саарал ус болгоод буцаагаад хот руугаа нийлүүлдэг. Саарал усаараа мод усалж, нойль, пааранд хэрэглэж байна. 96 хувийн  хувийн цэвэршүүлсэн усыг уухаас бусдаар хэрэглэх бүрэн боломжтой. Манай саарал усны байгууламж Монголдоо анхных. Хавраас ашиглаад эхэлчихсэн. Одоо саарал усныхаа технологийг судлах хэрэгтэй болж байна. Хэрхэн ашигладаг, судалдаг анализ судалгаа хийдэг лабортори байгуулах шаардлага тулгарсан. Тэгээд Японы Жайкагийн тусламжаар 12 инженер Японд сургахаар болсны дөрөв нь удахгүй Япон руу явах гэж байна. Мөн цаашдаа Монгол Улсын аймгийн төвүүдэд ийм байгууламж байгуулах төслийг боловсруулж Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, гэрээ байгуулах шатандаа явж байна.

-Манайхан эсгий хотоо халах тэмцлээ хоёр зуун дамжуулаад хийж байна. Аймаг орон нутгийнхнаас миний асуух дуртай асуулт бол барилгажилт. Сая Сүхбаатар аймагт ажилласан Д.Зоригт сайд, Сүхбаатарынхан гуталдаа тоосгүй явдаг болсон. Явган хүний замын асуудал бүхэлдээ шийдэгдчихсэн. Барилгажилтын хувьд малчид ч гэсэн төвдөө орж ирээд халуун усанд орж гурав дөрвөн давхар байранд амьдардаг болсон гэж ярьсан. Танай аймгийн хувьд барилгажилт хэр байна вэ?

-Манай аймаг барилгажилтын асуудал хурцаар яригддаг байсан үед хэдэн зуун хүнтэй том барилгын байгууллагатай байлаа ш дээ. Их барилга гэдэг юм шилжилтийн хэцүү үед нурсан. Цааш нь аваад явах систем орчин бүрдэхгүйгээс болоод задарч байхгүй болчихсон байсан.  Би 2008 онд Засаг даргаар очоод хамгийн түрүүнд их барилгын  хүмүүстэй уулзсан.  20 хэдэн жил уулзаагүй улсууд уулзлаа гээд л... Тухайн үед их барилгын задрал дээр үүссэн 20-иод компани гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ жижигрээд бригадууд болчихсон байсан юм. Сантехник, дотоод засал, дээврийн компани гээд хуваагдчихсан. Их барилга дэндүү жижигэрсэн байсан. Тэр хүмүүст би, Дорноговь аймгийн бүтээн байгуулалтыг  их бүтээн байгуулалтаар хийнэ. Бүтээн байгуулалтын суурь нь барилга гэж хэлсэн. Хамгийн их мөнгө шингээдэг салбар нь яалт ч үгүй барилгын салбар. Маш олон хүнийг ажлын байртай болгодог.  Тэнд маш олон ажлын байр шинээр бий болдог. Тэр хэрээр тухайн орон нутагт эргэлтэнд орсон мөнгө нь шингэдэг онцлогтой. Барилгын салбарыг босгохгүйгээр юм хийвэл үр ашиг нь гадаад дотоод орных эсвэл өөр аймаг нутгийн хүмүүсийн л ажлын үр дүн болоод явчихдаг. Тэр ч утгаараа анхны уулзалтан дээрээ л барилгын салбарыг босго гэж хэлсэн. Бас зорьсон. Тэд ч бид нар яах вэ, тендерт орохоор жижигдээд байдаг ч гэх юм уу тулгардаг асуудлаа тавьсан. Би ч, би социализм байгуулж байгаа юм шиг хөрөнгөө нийлүүл гэж хэзээ ч хэлэхгүй. Бодлогоо нийлүүл. Консорциум гэж олон улсын хуулиар зөвшөөрөгдчихсөн юм байна. Дээвэр, сантехник, засал хийдэг гурван компани бодлогоо нийлүүлээд хүрээд ир. Нийлээд том орон сууцны хороолол, барилга барина гээд хүрвэл ирвэл асуудлыг тань шийдье л гэж хэлсэн. Нийтийн орон сууцны тухайд газраа улсаас үнэгүй олгоно. Дэд бүтцийг нь аймаг шийдье. Техникийн нөхцөлийг нь засаг хариуцна. Та нар зөвхөн барилга барихаа л бод гэхэд үнэ ямар байх вэ гэж асуусан. Мэдээж шийдэгдсэн асуудлын зардлууд хасагдана шүү дээ. Тэгсэн 50 хувиар хямд хийе гэж байгаа юм. Тэгээд л ну давай болж байгаа юм. Гэхдээ барилгаа зөвхөн Дорноговийн иргэнд л зар гэсэн нөхцөл тавьсан. 50 хувийн хямд гэхээр зах зээлийн үнэлгээнээс бага шүү дээ. Тэгээд анхны байшин хорооллыг босгосон. Энэ ажлаас хожсон хүн нь барилга худалдан авсан Дорноговийн үндсэн иргэн. Хоёр дахь хожигч нь барилгын компани. Тэд гаргах зардлаа л хассан болохоос үнээ хямдруулаагүй. Бусдыг нь төр хийсэн. Дэд бүтэц, газар гээд бүх юм нь үнэгүй гэсэн үг. Барилгын компаниас гараагүй учраас зах зээлийн үнэлгээнээс 50 хувиар хямд гээд ойлгочих. Өнөөдрийн байдлаар 2700 гаруй айлын орон сууц ашиглалтанд орчихлоо. Орон сууцны үнэ Монголын зах зээлийн хаа ч байхгүй хямд байна, манай аймагт. Хүнд хэрэгцээ гарч, мөнгө хэрэгтэй боллоо гэхэд банкны барьцаанд тавьдаг юм чинь байр шүү дээ. Бас мал байх шиг байна. Гэхдээ малыг хямд авдаг. 

-Мал гэснээс танай аймгийн мал хэр өсөж байна вэ?

-Намайг аймгийн даргаар ирэхэд  900 000 гаруй тоо толгой малтай байсан. Одоо 50 хувь өсч 1800000 гаруй малтай болоод байна. Мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр, ялангуяа тэмээ өсгөх бодлогыг тусгайлан хэрэгжүүлж байгаа. Тэмээний сүүнд маш чухал эрдэс бодисууд байдгийг эрдэмтэд тогтоосон байна. Манай аймаг чинь 1000 тэмээний фермтэй болох зорилт тавиад ажил болоод сүү цагаан идээгээ боловсруулаад эхэлсэн. Брэнд бүтээгдэхүүн, эмчилгээ,  аялал жуулчлал гээд тэмээтэй холбоотой олон боломжууд бий. Цаашид ч энэ төслүүдээ хэд хэдэн суманд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Бид уул уурхайн том төслүүдээ ярьж хэдэн жил хэрэлдлээ. Цаг их алдлаа. Оюутолгойг ашиглалтанд оруулах гэж зургаан жил хэрэлдсэн. Одоо л зарим төслүүдээ хэрэгжүүлж байж эдийн засгаа босгоно гэдгээ дээр дооргүй ойлгож байх шиг. Гэхдээ уул уурхайн төслүүд хэрэгжих нутагт экологийн тэнцвэр алдагдах, нинжа нар цугларах тэрнийг дагаад улс төр дагасан хутган үймүүлэгчид гарч ирэх  ч юм уу “сүйтгэл” өрнөдөг. Тэгэхээр танай аймагт уул уурхай хэдэн хувь эзэлдэг юм бэ?

-Манай аймаг ашигт малтмалын арвин нөөцтэй. Намайг аймгийн даргаар ирэхэд 700-гаад лиценз олгосон байсныг танаснаар байгаад 300 болгосон. Гэхдээ одоо дахиад лиценз олгоод эхэлчихлээ. Тэр хэрээр нэмэгдэнэ л дээ. Үнэндээ 300 лицензтэй аймаг ховор. Нэг талаараа байгаль орчноо ухуулж төнхүүлэх гээд баахан лиценз олгочихлоо гэх ард иргэдийн шүүмжлэлийг дагуулдаг. Нөгөө талаараа энэ аймгийн газар нутаг доор баялаг байна гэсэн баталгаа. Лиценз авч, судалгаа хийхийн тулд мөнгө төлнө. Ашиглалт хийж байж л мөнгөө эргүүлж олно ш дээ. Ер нь бол урьдчилсан зардлыг гаргаад ажиллаж байна гэдэг тэнд юм байна л гэсэн үг. Тэр утгаараа манай аймаг байгалийн баялаг ихтэй. Баялгаа хэрхэн ашиглаж эдийн засгийн өгөөжийг нь хүртэх вэ гэдэг дээр л зөв бодлого боловсруулах ёстой. Монголросцветметийн жоншны гол гол уурхай манай Даланжаргалан, Айраг, Өргөн суманд байдаг. Үйлдвэр нь Хэнтийн Бор-Өндөрт бий. 

-Жоншны уурхай дээр хууль бус юм их явагддаг. Улсын хараа хяналтын гадуур зөөгөөд байна гэх мэдээлэл их сонсогддог. Та ашигт малтмал дагасан аймгийнхаа бодлогыг яаж тодорхойлдог вэ. Аймгийн төсөвт орж ирж байгаа нь хэр байдаг юм бол?

-Нэг үе сумдаар явж иргэдтэй уулзаж байхад заавал асуудаг жижүүрийн гэмээр асуулт нь манай сумын нутагт уул уурхай ухаж, байгаль орчин сүйтгээд байна. Лицензийг хураагаад, хөөгөөд өгөөч гэх асуудал байсан. Би иргэддээ, манай газар нутаг доор байгалийн баялаг байна. Байгаа баялгийг зөв ашиглаж хөгжилд хүрэх ёстой. Байгаль, хүн ард, мал амьтанд хор хөнөөлгүй ашиглалтын загвараар явахыг дэмжих нь зөв. Наад захын жишээ Мандах сумын нутаг дахь Цагаан суваргын орд. Эрдэнэтийг барихад л илэрсэн том орд. Зэс молибдений тэр том ордод бага багаар хөрөнгө оруулсаар одоо томоохон хот, бүтээн байгуулалт босчихлоо. Үйлдвэр нь ашиглалтанд ороход ойрхон байна. Цагаан суваргынхан үйлдвэрт ажилд орохын тулд Мандахын иргэн байх нөхцлийг тавьдаг.  Тэр утгаараа залуус Мандах сум руу шилждэг. Цаана нь сум хүн амын орлогын албан татвар авах бодлого бас байгаа биз. Нөгөөтэйгүүр Мандах сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт ажиллахаар залуус шилжээд байхаар нөгөө сум нь хүнгүй болно. Тиймээс сум болгон өөрийнхөө онцлогт таарсан хөрөнгө оруулагчдыг дэмжих хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр шороо босч байгаа ч  ашиглалтанд оронгуут засмал замаа тавина, өндөр хүчдэлээ татаж, Соёлын төвөө босгоно. Хөгжлийн тодорхой хэсгийг яалт ч үгүй хувийн сектор авч явах нь энэ нийгмийн зарчим шүү дээ. Бидний зүгээс мэдээж хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй гэдэг дээр хяналт шаардлагаа тавиад сум болгон үйлдвэржие гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Одоо сумдаар явахад бүтээн байгуулалт хийж байгаа үйлдвэрүүдийг ад үзэх явдал эрс багассан. Түргэн ашиглалтанд ороосой гэсэн хүлээлттэй байдаг болж. Саяхан Өргөн суманд цементийн үйлдвэр ашиглалтанд орсноор 100 хүнээ ажилтай болголоо. Бусад нь мэргэжлийнх байх шаардлагатай болохоор илүүг чадсангүй. Миний хувьд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэл байгуулах хэрэгтэй ч өмнө нь хүнээ бэлдэх хэрэгтэйг ойлгосон.  Боловсон хүчнээ бэлдэхгүйгээр хичнээн том үйлдвэр баригдлаа ч үр ашгийг нь хүртэж чадахгүй болчих гээд байдаг юм байна. Тиймээс нэгд, хүнээ мэргэшүүлж боловсруулъя. Уул уурхайгаа ч зөв чиглэлээр дэмжих бодлогыг хэрэгжүүлж байгаа. Ямартай ч сумаа үйлдвэржүүлэх бодлого хэрэгжүүлж байгаагын хувьд сум болгон нэг нэг юм бариад авчихсан шүү. Суманд нэг үйлдвэр барьчихаар сумынхан тухайн үйлдвэрт мал махаа нийлүүлнэ. Цэвэр усаа нийлүүлнэ. Талх тариа барьдаг нь бүтээгдэхүүнээ нийлүүлчихнэ. Том үйлдвэрээ түшээд хөгжих тал руу манай үйлдвэржилтийн бодлого явж байгаа... Түүнээс гадна Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор цаашдаа явна явахгүй гээд л яригдаад байна. Зарим нь сэтгэлээр унаад байх шиг. Миний хувьд Сайншандын үйлдвэрийг явахгүй гацах нь гэж харахгүй байгаа. Энэ том төсөл бол явах ёстой асуудал. Гагцхүү цаг хугацаа шаардлагатай л даа. Мэдээж сэтгэлийн хөөрлөөр классик үйлдвэр барьж болохгүй. Боломж ч байхгүй. Усаа яаж хангах юм бэ гээд л асуудал их. Одоогоор төмөр замаа татъя гээд будлиад л байх шиг байна. Өнөөдөр япончууд Тавантолгойн төмөр замыг баръя, санхүүжилтийг хийе гээд байж байна. Тэгэхээр Сайншандын төсөл зогсоогүй. Маш том төсөл учраас хаанаас яаж эхлүүлэх вэ гэдэг дээр төвөгтэй юм бий л байх. Дээрээс нь улс төр орчих вуу гэсэн хардлага бол байна. 

-Төмөр зам барина гээд баахан овоолсон шороо босгочихсон байна гэж нийгэм шуугиад байдаг. Төмөр замын ажил угтаа том том тунель гүүр гээд их ажил байдаг юм байна лээ ш дээ. Очоод үзэхээр газар шорооны ажил нь хийгдчихсэн байдаг. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажил “явна”. Монгол Улс геологи, уул уурхайгаа ашиглаж л байвал энэ хэлбэр рүү орохоос өөр аргагүй. Өнөөдөр уул уурхай гээд аймаг бүрт нэг юм байгуулаад байдаг. Үнэндээ дандаа хаягдлын л үйлдвэрүүд. Уулын чулууг авчирч бутлаад баяжуулж байгаа нь 30-40 хувь л байдаг. 60-70 нь хувь нь овоолго шороо болгоод л, утаа униар болгоод хаячихдаг. Товчхондоо уул уурхайн хаягдал үйлдвэрлэдэг гээд байна. Харин Сайншандын  цогцолборын тухайд таваас доошгүй үйлдвэрийг нэг дор байгуулна. Чулуу буталдгаараа адил ч нэг нь зэсийг нь нөгөө нь алтыг нь авна. Үлдсэн шороо нь адилхан шороо. Тэр шороог нь ашигладаг үйлдвэрийг нь ч хажууд нь барина. Өөрөөр хэлбэл хаягдалгүй болъё гээд байгаа юм. Уул уурхайн өнөөдрийн концепцийг өөрчилье. Тэр овоолго шороо чинь хаврын салхинд босоод л Монголын газар нутаг тэр байтугай азийн орнуудаар хийсээд амьсгалын замын өвчин үүсгээд байгаа юм. Тэгэхээр юмаа хаяхаа болъё гээд хийчих ажил биш. Бөөгнүүлж авчраад хийхгүй бол... Ганц ганцаараа зүтгээд үнэ цэнэгүй. Уул уурхай ажиллаж байгаа тохиолдолд шийдэх л ёстой асуудал. Мэдээж цахилгааны эх үүсвэр, төмөр зам гээд орчин бүрдүүлэх асуудал чухал. Өнөөдөр орчин бүрдэж чадахгүй байгаа нь үнэн ч цаг хугацаа шаардах асуудал л даа. Төмөр зам гэж та асуулаа. Төмөр зам ч бас нэг л орчин нь шүү дээ. Гурав дөрвөн зүйлийн нэг нь. Төмөр замын тухайд газар шорооны ажил нь хийгдэж эхэлсэн.  Гэхдээ чанаргүй, стандарт бус хийгдсэн гэдэг дүгнэлтийг Японы судлаачид, төмөр замын байгууллагууд гаргасан учраас ажил нь зогсчихоод байгаа юм байна лээ. Алдаа, дутагдлаа засаад ажил явна аа. Сайншанд удахгүй улс орны хөгжлийн гол тэнхлэг болох байх. 

-Би танд зориулж хоржоонтой гэмээр сонин асуулт бэлдсэн. Манай Дорноговийн улс төрд яваад байдаг хэдэн хүн байдаг юм. Хамгийн дуугүй нь та. Олон аймагт орон нутгийг авч яваа хэдэн хүн харагддаг. Байсхийгээд л шоронд орчих юм.  Энэ ямар учиртай юм бэ. Нэр дэвших гээд явж байсан Анандбазар орсон. Я.Батсуурь, Баянмөнх гээд л... Говийнхон төрд тулхтай хүмүүсээ тавихгүй байна уу. Урлаг, уран сайханд говийн хүний дүр их идеальный бүтдэг. Сайны түүчээнүүд байдаг байсан. Гэтэл улс төрөөр явдаг нөхөд яагаад шоронд орчихдог юм бол. Та энэ талаар сонирхож байв уу. Ийм үг сонсож байв уу?

-Ийм асуултууд гарч л байдаг юм. Би нэг л зүйлийг хараад байгаа юм. Өнөөдөр Монголын нийгэм Монгол Улсыг хөгжилтэй, сайхан ардчилалтай, хөгжлийн оргилд хүргэх гээд л явж байна. Америкийг дууриаж ч юм уу... Гэтэл Америк маань ямаршуу ч яваад байгаа юм. Ардчилал гэдэг хамгийн муу систем. Гэхдээ үүнээс сайныг олоогүй байна гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг даа. Тэгэхээр бидний ирээдүй гэж мөрөөддөг тэр мөрөөдөл сайхан байх ёстой. Чухам хүрэх замыг нь хэн ч тодорхойлж чаддаггүй. Хамгийн сайхан боломжийг бий болгохын төлөө л зүтгэж явна. Зөвхөн манай говийнхон ч биш, бүхий л хүмүүс тэгж зүтгэж яваа байх. Юм хийж байхад алдаа оноо, амжилт бүтээл байдаг. Ганцхан алдааг нь хараад зовлонтой юм яриад байвал хэцүү. Амжилтыг нь бууруулахаас цаашгүй. Авч онож байгаа нь ахиу байх юм бол тэрийг нь хараасай л гэж боддог. Ажил хийж байгаа хүн шударга сайхан ажиллах ёстой. Санамсаргүй алдсан бол уучлах хэрэгтэй байх. Санаатай байвал асуудлыг нь шийтгэхээс өөр яахав. Гэхдээ иймэрхүү асуудлыг олон нийт үнэлж дүгнээд л явж байгаа байх. Янз бүрийн л шалтаг, шалтгаан байгаа болов уу. 

-Сонгууль болохоор л анзаардаг юм даа. Айл хотол, бригадаараа хуваагдчихсан, туг гозойлгочихсон намчирхаад талцаад байгаа газар одоо ч байж л байна. Танай аймагт улс төрийн энэ мэт хэрүүл хэр цэгцэрсэн бэ?

-Улс төрийн хэрүүл маргааныг зохион байгуулалттайгаар гаргаж ирдэг гэж хардаг. Монголчууд учиргүй өөр хоорондоо өс хонзон зангидаад байх нь ховор шүү дээ. Манайхан улс төр гэдэг юмыг буруу тал руу нь чирээд байх юм. Дэлхийн улс төрийн хөгжлийн түүхийг харахад хэцүү замналтай нь бий. Гэхдээ дардан замаар явсан нь олон шүү дээ. Тэрнийг л бид дагамаар байгаа юм. Мэдээж бохир замаар явбал энэнээс дор юм ч бий. Монголчууд уужуу сэтгэлтэй, тэнгэр заяат ард түмэн. Монгол Улсынхаа гуравхан сая хүнийг сайхан амьдруулах гэсэн ганц лоозонтой л ганц нам баймаар байгаа юм. Нам гэдгийг улс төржүүлээд  хадууруулаад байдаг нөхдөд зориулж хэллээ шүү. Гэтэл энэ дотор  маш олон үзэл бодлын үзүүр салаа, басхүү аливааг хялбар аргаар болгочих гэсэн, эсвэл буруу ойлголттой хүмүүс олшроод байгаа нь үнэхээр харамсалтай. Ийм хүмүүс олшрохын хэрээр улсын хувь заяа улам л хэлтийнэ. Тиймээс алсыг харах хэрэгтэй. Хамгийн наад зах нь дөрвөн жилд их юм бүтээнэ гэж боддогоо болих ёстой. Дөрвөн жилд дүн тавих бол бүтэхгүй асуудал. Наад зах нь аймаг орон нутгийн хөгжилд 15 жил, цаашлаад 25-30 жилийн цаадахыг харж байж л тулхтай юм хийнэ. Жишээлбэл, боловсрол, хүний хөгжлийн бодлого гэж дээр дурдсан. Дор хаяж 15 жилийн дараа л үр дүн нь гарах ажил. Сайхан цэцэрлэг, сайхан сургуульд сайн багшаар хичээл заалгаж суусан хүүхэд л сайн хүн болно. Сумдад цэцэрлэг байхгүй. Дотуур байр нь баамын барилга... Яаж тэнд хүн урам зоригтой ажиллаж,  сайн хүмүүжил, сайхан сургалт авах юм бэ. Тэр ч утгаараа сүүлийн хэдэн жилд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө боловсролын салбартаа түлхүү хөрөнгө оруулж анхаарч ажилласан. Бүх сумдаа цэцэрлэг, сургууль, дотуур байртай болголоо. Боловсролын системийг манай Л.Гантөмөр сайд сайхан болгоод явж байна. Энд нэг юм дутдаг юм. Сайхан сургууль, цэцэрлэгт сайн багшаар хичээл заалгасан хүүхэд сайн хүн болно. Гагцхүү нийгмийн орчноо муулдаг, солонгос кино үздэг, хов жив, хэрүүл шуугиан болдог  орчныг тэр хүүхэд миний амьдрах орчин гээд бодчихвол тийм л болно. Тэгэхээр бид 15 жилийн дараа тэр хүүхэд улс, аймгаа хөгжүүлэх гээд явж байхад ямар орчин байх вэ гэдгээ эхлээд нэг харчихаач гэж хэлмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл хөгжилтэй орнуудыг харуулаад, ардчиллын жишиг нь энэ. Бид ийшээ явж байгаа юм гэдгийг мэдрүүлчих хэрэгтэй. Би ийшээ их хүч хаясан. Мянган хүүхэд явуулах хөтөлбөр боловсруулж, ардчиллын жишиг болсон улсын соёл төлөвшлийг харуулж байгаагийн зорилго нь энэ. Бидний хүүхэд нэг нэгнийгээ хүндэтгэдэг. Миний эрх чөлөө түүнийхээр хязгаарлагддаг гэдгийг мэдчихвэл өнөөгийн нийгмийнхээ сөрөг талд автахгүй. Үзэж харж, мэдэрсэн зүйлийнхээ төлөө тэмүүлдэг. Энэ бол том капитал. Бид 260-аад хүүхдийг Япон улс руу явуулсан. Зарим нэгэнд нь аялаад байх шиг харагдаж болох ч том капиталын төлөө л хийгээд байгаа ажил. Тэгж байж л хүний хөгжлийг зөв болгоно. Баабар, бид нарын үе байхгүй болж байж гэж бичсэн байдаг даа. Баахан хүнийг байхгүй болгох гээд байгаа юм биш шүү дээ. Нэгэнт олон жил тогтсон хэв маягийг өөрчлөхийн тулд хүнээ л өөрчлөх ёстой. Ухамсар, сэтгэхүй сэтгэлгээг нь өөрчлөх ёстой.

-Хоёулаа ажил л яриад байж болохгүй ээ. Манай уншигчид ч гэсэн таныг мэддэггүй хэсэг нь хаана төрсөн ямар замналтайг тань сонирхож байгаа байх.

-Би Дорноговь аймгийн Хөвсгөл сум гэж хамгийн урд талын хилийн суманд төрж өссөн. Манай аав, ээж малчин. Аав маань хоёр дайнд оролцсон эх орныхоо төлөө зүтгэж явсан хүн. Цэрэгт явна гэхээр бичиг үсэгт тайлагдчихсан байсан байх. Бичээч, дэлгүүр, агент, байцаан өнгөрүүлэх энэ тэр гээд элдэв ажил хийж сайхан наслаад эцэслэсэн. Ээж маань өдгөө нутагтаа энх тунх амьдарч байна. 85  хүрсэн буурал бий. Би эхээс зургуулаа. Ганц эрэгтэй нь. Охидын дунд төрж өссөн хүн л дээ. Хөвсгөл сумандаа дунд сургуулиа төгсөөд аймгийн төв дээр 10 жилээ төгссөн. Математикт дуртай хүүхэд байсан учраас зургаадугаар ангиасаа аймгийн математикийн олимпиадын аварга болоод есдүгээр ангидаа улсын олимпиадад ирж байсан юм. Улсын олимпиадад орсон хүүхдэд их сургуулийн математикийн ангид орох эрх нээлттэй л дээ. Их сургуулийн математикийн ангид орж гурван жил сурч байтал Япон улс манайхтай дипломат харилцаа тогтоогоод буцалтгүй тусламж маягаар туслах олон төсөл яригдсан. Тэр үед ноолуурын төсөл их дэмжигдэж "Говь" үйлдвэрийг барьж 1980 онд ашиглалтанд оруулсан юм. Мэдээж бүх тоног төхөөрөмж технологи нь Япон байсан учраас япон инженер ажиллах болж байгаа юм. Улсын үйлдвэрт япон инженер ажиллаж болохгүй, монгол хүн ажиллуулна гээд Японы засгийн газар 20 инженер бэлдэж өгье гэсэн юм гэнэ лээ. Сургалтын систем нь их өөр л дөө. Хүүхдүүд шалгалт өгөөд л... Их сургуулийн физик математикийн ангийнхаас авсан юм. Суурь нь физик матийн хүүхэд байх шаардлагатай. Эхний жил  хоёрхон хүүхэд явуулахад одоо энэ Уул уурхайн сайд  Жигжид бид хоёр явсан. Анх очиход бүх юм өөр, хэцүү л дээ. Хэцүү л юм ярьдаг байлаа ш дээ. Агаарын бохирдолтой иргэний хамгаалалтын масктай явдаг ухааны л юм төсөөлчихсөн хүн очиж байгаа юм чинь. Мөнгө байхгүй бол өнөө баллонтой газ нь шахдаггүй. Нар үздэггүй. Өндөр байшинтай ч гэх шиг. Ямар юманд явчихваа гэж дотроо айх гайхах зэрэгцэж л явлаа. Очсон чинь огт өөр. Токиогийн гадаад хэлний сургуульд очсон. Гадаад хүүхэд ихтэй бүгд англи хэлтэй. Ойлгохгүй юм бол багш англиар тайлбарлачихна. Бид байдаггүй. Орос хэл л үзэж байсан юм чинь. Хичээсэн дээ, хамгийн түрүүнд монгол оюутнууд л багштайгаа японоор ярьж сурсан. Өөрөөр хэл нэвтрэлцэх аргагүй юм чинь өдөр шөнөгүй л хичээсэн. Тэгснийхээ үр дүнд монгол хүүхдүүд гайгүй гэж үнэлэгдээд дээд сургуульд орсон. Би ноолуурын машин механизмын инженер, манай Жийгээ технологийн инженерээр таван жил сурсан. Эхний оюутнууд учраас улс орныхоо, эцэг эхийнхээ нэрийг бодож их хичээсэн дээ. Бид муу байвал дараа жил хүүхэд авахгүй байхдаа гээд үнэхээр хичээсэн. Хичээл хийхээс илүү зовиур байсан. Дээд сургуульд орчихоод хэлнийхээ сургууль руу монгол хүүхэд ирэх нь үү гээд л утасдаад... Тэгсэн нэг өдөр Монголоос хоёр хүүхэд ирж байгаа гэдэг юм. Бид хоёр хичээлээсээ чөлөө аваад тосох гээд алга болж өгсөн. Хоёр хүүхэд буугаад ирэхэд нулимс гарсан шүү. Бод л доо, биднийг тааруу гэж үнэлсэн бол дараагийн хүүхэд сурах боломж хаагдана гэж бодогдоод хариуцлагатай болдог юм билээ. 

-Дараагийн хоёр оюутан хэн байв?

-Жигжидийг сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан Түмэнбаяр, Батжаргал  хоёр ирсэн юм. Гурав дахь нь гэвэл "Бридж"-ийн гэгддэг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Л.Гантөмөр сайд гээд л явж өгсөн дөө.

-Ажаад байхад Японд төгссөн оюутнууд бие биенээ татаж фракцлаад байх шигээ. Бас япон төлөвшил их өөр байдаг гэж хүмүүс ярих юм билээ. "Бодь" гээд л явсан. 20 жилийн дараа яалт ч үгүй тарлаа. Японоос хэдэн хүн ирчихсэн "Бридж" гээд санжигнаад яваад л байна гэж манай нэг найз ярьж байсан.

-Хаанахын төгсөгчид ч ялгаагүй дээ. Орос, герман школ гэдэг дээ. Тэрэн шиг л. Японы школ их хатуу ш дээ. Одоо энэ сүмо чинь нэлээн чанга хэлбэр нь. Сүмод оччихоод зарим нэг нь буцаад ирээд байдаг ш дээ. Сүмогийн школ нь их хатуу дүрэмтэй байна гээд шантарсан юм бий. Бидний тухайд боловсролын салбараар явчихсан. Дээд сургуулийг нь төгсөөд магистр, докторыг нь хийчихсэн залуучууд. Тэр школыг нь эзэмшихээс өөр замгүй. Тэнд нэг л зүйл байдаг. Тэр хэлбэрээсээ гадна байвал үндсэндээ япон школгүй хүн л гэж харна. Өөрөөр хэлбэл Японы боловсролыг хангаагүй гэж үзнэ. Үнэмлэх дипломтой байлаа ч боловсрол хангаагүй л гэнэ шүү дээ. Ер нь бол өөрийн чинь хэлдэг үнэн. Энд ирээд хэн болох, аль намд элсэх нь хамаагүй. Гагцхүү хүн хүнээ хүндлэх ёс л чухал гэдгийг сурдаг. Би хүүхдүүдийг тийшээ явуулдаг чинь үүнтэй ч бас холбоотой. 

-Та төгсөж ирээд хаана ажиллав?

-1985 онд төгсөж ирээд 1990 он хүртэл Жийгээ бид хоёр цуг ажилласан. Анхнаасаа "Говь"-д ажиллах боловсон хүчин бэлдэхэд л явсан юм чинь. Зорилго тодорхой шүү дээ.  

-Хувьчлагдах хүртэл нь үү?

-Өмнө нь. Дараагийн төгсөгчид маань хүрч ирээд Японд төгссөн 10 инженертэй болчихсон байсан. 10 инженер чинь "Говь"-ийн бүх л юмыг хийнэ ш дээ. Тэгсэн  1990 онд зах зээлд шилжээд ЗХУ задраад тэндээс ирдэг бараа материал ирэхээ болиод манайх хэцүүдсэн. Бүх л сэлбэг материал севийн орнуудаас ирдэг байснаа зогссон. Одоо доллараар юмаа өгнө өө гээд... Улсын төсөв хэцүүдсэн. Тэгээд Японоос авахаар болохгүй юу. Мэдээж Элчин сайдын яаманд юмаа мэддэг хүн хэрэгтэй болно оо доо. Тэгээд л томилогдсон. Цахилгаан станцын сэлбэг энэ тэрээ авна. Төлбөрийг нь урт хугацааны зээлээр авна. Эхлээд атташегаар явсан. 1990-1994 онд их хэцүү байсан ш дээ, Монголд. Тэр үед Япон л мөнгө өгч байсан. Бид зовох цагт тусалсан нөхрийн тусыг мартаж болохгүй. Японы ард түмний хөрөнгө. Ихэнхийг нь буцалтгүй тусламжаар өгсөн юм шүү дээ. 50 хувийг нь 40 жилийн хугацаатай нэг хувийн хүүтэй зээлээр өгч байсан гэхээр бараг тусламж шиг юм болж байгаа биз. Тэрүүгээр л бид өвлийг өлдөхгүй давж байсан юм шүү дээ. Тэр бэрх үед Монгол Улсынхаа чухал хэрэгцээтэй газар нь ажиллах боломж олдсонд би баярлаж явдаг. Тэр үед хамгийн том донорын асуудлыг хариуцаж ажиллаж байсан. Эргэж ирээд Японы асуудлыг хариуцаад яамдад газрын орлогчоор ажиллаж байх хугацаандаа Колорадогийн их сургуульд сурсан. Өөрийнхөө зардлаар... Дараа нь Шинэ Зеландад найман сар сурсан. Тэгээд 1998 онд Токио руу зөвлөхөөр ажилласан. Өмнө нь ажиллаж байсныг бодоход хамтын ажиллагаа төвхнөчихсөн байсан үе. Одоо энэ Нарны гүүр, Нарны зам, Баян давааны зам, онгоцны асуудал гээд эдийн засгийн хамтын ажиллагааны эхний гэрээ хэлэлцээр эхэлчихсэн. Тэгээд  эх орондоо ирж 2002 онд Сангийн яаманд газрын орлогч захирлаар ажиллаж байгаад 2004 онд улс төрд орсон. УИХ-д нэр дэвшсэн ш дээ би.

-Батсуурьдаа ялагдсан уу?

-Үгүй ээ, Шаравдорж гишүүнтэй халз “үзсэн”. 12 жил болсон их хурлын гишүүнтэй өрсөлдсөн. Бид хоёр нэг сумынх л даа. 44 хувийн санал авч байлаа. Би сонгуульд оролцохдоо зөв зарчим бариад орчихъё л гэж боддог. Даанч орчин маань өөр. Сохорын газар сохор, доголонгийн газар доголон явахгүй гэдэг шиг гарах ямар ч боломжгүй. Тэгээд сонгуулийн дараа "Ньюком" группэд ерөнхий менежерээр 2008 он хүртэл ажилласан. Таван төсөл босгоё гэж бодсон. Тэр үед Монгол Улсын дотоодын нислэг ашиггүй байна гээд бүрэн зогсчихсон байсан. Гэхдээ Монгол Улс өргөн уудам нутагтай, байгалийн баялаг ихтэй учраас дотоодын нислэгийг сэргээх ёстой гэж бодсон. Хаа байгаа Увс, Ховдоос хүмүүс машинаар ирэх хэцүү. Онгоц нисэх хэрэгтэй гээд "Изинис"-ийг байгуулсан. Бас сэргээгдэх эрчим хүч их чухал гээд гурван төсөл сэдсэн. Нэг нь Төв аймгийн салхин парк. Монголын анхны салхин парк. Бага Шаргалжуутад газрын гүний дулааны станц байгуулахаар ажиллахаар төсөл эхлүүлээд судалгаа хийж байгаад дунд нь орхисон. Нэлээн олон төсөл эхлүүлээд явж байгаад орхисон доо. Хоёр гурав нь л ажил болсон. Тэгээд 2008 онд бас л УИХ-д аймгаасаа дэвшсэн. Долоо найман хүн хоёр мандаттай. 

-Туяа гишүүний “унадаг” уу?

-Тэр жил би 41 хувийн санал авсан. 2012 онд жагсаалтын 16-д нэр дэвшсэн. Нэгэнт УИХ-д орж чадаагүй юм чинь би орон нутаг руугаа явахыг илүүд үзсэн. Уг нь би чинь 1994 онд АН-д элссэн хүн. За тэгээд нам дотор фракц энэ тэр гээд бужигнаад байх нь таатай санагддаггүй. Нэг нам бол цул бодлого дээр зангидагдах л ёстой. Тэр цогц бодлогыг дэмжээгүй хүн явах ёстой гэж боддог юм. Фракцлаад байх нь сайн юманд хүргэхгүй. Нам дотор баахан бодлогын зөрүүтэй улс цуглачихаад фракцлаад байгаа нь эцсийн эцэст Монголын хөгжлийн хурдыг сааруулаад байгаа юм ш дээ. 

-Энэ улс оронд хувьсгал хийж, нэг нийгмээс нөгөө рүү чирж ирж, шилжилтийн хүнд үеийг давсан 30-аадхан настай ч үндэсний хэмжээний ийм том нам засаглах үедээ л асар их оноо алдчих юм. Би МАН-ын засаглалын үед олон аймгийн, олон Засаг даргатай уулзаж байлаа. Танайх аймагтаа сайн хүн тавьдаг л даа. Гэхдээ шуудхан хэлэхэд, жишихэд хэцүү л байдаг юм. Орон нутагт хичнээн сайн ажиллаад АН-ынхан гэх балагтай нэр... Балагтай болгож байгаа бодлого ч байна. Бас өөрсдийнх нь ч балаг байна.  Үй лайгаар учирсан энэ үсэрхийлэл очоод байхаар гунигтай санагддаг уу. Дотоодынхоо хурал, цуглаан ҮЗХ дээр хэр гаргадаг юм бэ?

-Чөлөөтэй ярьдаг. Өөрийн чинь хэлээд байгаа асуудал л хийхийг зорьсон ажил үйлст маань тээг тушаа болоод байна. Улс төрийн үзэл бодлын зөрүү фракцилдаг байдлыг таслах хэрэгтэй. Хэн хийх гээд байгааг хүмүүс ялгаж салгаад харчихна шүү дээ. Ганц хүн зохион байгуулчихдаг юм биш шүү. Зөв бодлого авч яваа бүлэг буюу нам хийх ёстой. Нам нэг тохирсон юмаа л хийх ёстой болохоос дундаас нь нэг баатар гарч ирээд өөрчлөөд байвал өөдлөн дэвшихэд хүнд шүү дээ. 

-Ажил хийхэд садаа болдог,  шалгуулдаг, харддаг гээд л асуудал байдаг. Энэ байдал багасч байх юм уу?

-Арилаагүй байна. Арилгах ёстой. Ажил хийлгэхгүй байна ш дээ. Ингээд байвал зөв бодлогоор ажил хийе гэсэн хүн дайжина. Тэгээд хэн үлдэх юм бэ?

-Одоо зүгээр нэг нэгдлийн нягтлан Засаг дарга болчихдог болчихсон.  Ажил нураагаад л... Ийм байдлаас болдог байх. Иргэдийн зарим хэсэг хүчтэй, нэг нударгатай болъё, Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу гэх санаашрал руу яваад байгаа нь ажиглагдаад байна.

-Уг нь буруу л даа.

-Ингэхэд та Япон руу явж  байна уу?

-Очно ш дээ. Жил болгон очиж бодлогын зөвлөгөөнөө хийнэ. Хамтын ажиллагаагаа урагшлуулна. Ер нь техник, технологийн хамгийн өндөр хөгжилтэй орон Япон шүү дээ. Тэндээс авчихмаар, зулгаачихмаар юм их бий. Мэдээж бүх юмыг нь авч болохгүй. Энд орчин бүрдээгүй байхад авчраад олигтой үр дүнд хүрэхгүй. Япон явсан 260 хүний нэг нь Япон их гоё юм байна, та нэвтрүүлээчээ гэж байсан. Яасан гэсэн. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэмдэг зүүлгэчихдэг юм байна. Тийм тэмдэгтэй хүнд суудал тавьдаг юм байна. Туслах л ёстой гэсэн хандлагатай гэж байгаа юм. Манай хүнийг метрогоор явж байхад тийм тэмдэгтэй залуу хүн ороод иртэл настай хүн босч суудал тавьж өгч.  Гайхаад манайд настай хүндээ суудал тавьж өгдөг гэсэн чинь ийм тэмдэгтэй гэж тайлбарласан байгаа юм. Гэхдээ манайд тийм тэмдэг зүүгээд өгчихвөл маргааш над руу утасдаад бүгд тийм тэмдэгтэй болчихно. Угтаа тийм тэмдэг зүүсэн хүн би ийм тэмдэггүй явдаг болохсон гэж бодож амьдардаг. Яагаад настай хүн надад суудал тавиад өгчихөв. Би настай хүнээс дорой байна гэж бодож эрүүл мэндээ бодож эмчлүүлж тэмдэгнээсээ салахын төлөө тэмцдэг. Харин манайд тэр тэмдгийг зүүчих юмсан гэж бодно. Ялгаа нь энэ. Энэ ялгааг арилгаж байж "коппи"-дохгүй бол болдоггүй юм гэж хэлсэн.

-Бодоод байсан чинь та их сонин шийдвэр гаргажээ. Тийм өндөр технологитой улсад боловсрол эзэмшээд ажиллаж байснаа орон нутагт ирж ажиллаад...

-Дорноговь аймаг миний төрсөн нутаг. Миний ээж, найз нөхөд, ард түмэн маань энд байна. Бид чинь бас ч гэж хөгжлийн сайхан боломжийг бий болгочихсон ш дээ. Ардчилал, чөлөөт зах зээлийн үр ашгийг нь хүртэх ёстой. Миний ард түмэн, миний нутгийнхан хүртэх ёстой ш дээ. Тэгэхийн тул жаахан ч гэсэн боломж байгаасай гэж бодож найман жил ажиллалаа. Олны минь итгэл, нутгийн минь буян заяа түшиж өдий зэрэгтэй явж байна даа. Би найман жилийнхээ ажлаар бахархаж явдаг. Харамсаж байгаа нь сая хэдэн хүн захиалгын нэвтрүүлэгт ороод ард иргэдийн маань нэрийг барьж муу дүн тавьчихсанд гайхаад байгаа. Гэхдээ тэр дүн чухал биш. Аймаг орныхоо нэр нүүрийг хараар будах нь л харамсалтай. Холыг харж биш өнөөдрийн өнгөцхөн бодлоор асуудалд хандах нь сайн зүйл биш. 

-Юун дүн билээ?

-Сая "Ийгль" телевизийнхэн очиж “Ардын үг” гэдэг 14 хоногийн аян өрнүүлээд ард түмнээс санал асуугаад, ахиад АНУ-ын стандартаар 300 хүн сонгочихлоо, та тайлангаа тавь гэхгүй юу. Би очоод тайлангаа тавьсан. Тэр 300 хүн надад онц муу тавьсан гэсэн шүү. Би ямар нэг тайлбар хийгээгүй. Харин манай аймгийнхан ирж буруу мэдээлэл гэж хэвлэлийн хурал хийсэн байна лээ. Ер нь иймэрхүү захиалгын ажил сонгууль дөхөөд ихсэх шинжтэй. Тэр сонгож цуглуулсан хүмүүстээ мөнгө тараасан гэсэн. Ер нь балласан ш дээ. Дорноговийнхон цианит натритай ус ууж байна ч гэх шиг. Цианит натрийг чинь усандаа уугаад яваад байдаг эд биш ш дээ. Өнөө Дарханы Хонгор шиг боллоо гэж Ийглийнхэн зарласан шүү дээ. Ил цагаан захиалгын ажил л даа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав