Сар Ага Сейед бол Ираны сүрлэг Загрос уулсын гүн дэх үзэсгэлэнт тосгон юм. Гайхамшигтай байгалийн үзэмж, өвөрмөц шаталсан архитектураараа алдартай энэ алслагдсан газар цаг хугацаанд элэгдэхгүй мэт амьдралын хэв маягийг сонирхолтойгоор харуулдаг.
Загросын Масулех гэгддэг энэ тосгон шаталсан бүтэцтэй. Байшингуудын дээвэр нь дээд талын айлынхаа зам болон хашааны үүрэг гүйцэтгэнэ. Ихэвчлэн орон нутгийн чулуу, шавраар баригдсан байшингууд эргэн тойрныхоо нутагтай төгс зохицдог. Энэ нь оршин суугчдын байгаль орчиндоо хүндэтгэлтэй ханддагийг мөн илтгэдэг.
Тосгон далайн түвшнээс 2,500 метр өндөрт байрладаг. Их хэмжээний цаснаас болж жилийн ихэнх хугацаанд тэд соёлт ертөнцөөс тусгаарлагддаг. Энэ нь тосгоныхон уламжлалт хэв маяг, зан заншлыг хадгалан үлдэхэд эерэг нөлөөтэй. Тосгоны оршин суугчид амар тайван, маш энгийн амьдралтай. Тэд тариалан, мал аж ахуй, гар урлалаар амьжиргаагаа залгуулдаг. Сар Ага Сейедээр зочлох нь орчин үеийн амьдралын завгүй хэмнэлийг мартагнуулах мэт мэдрэмж төрүүлж, удаашралтай, тайван амьдралын хэв маягийг харуулдаг.
Гайхамшигт байгаль
Сар Ага Сейедийн хамгийн анхаарал татахуйц зүйлсийн нэг бол түүний байгалийн үзэсгэлэн юм. Сүрлэг уулс, ногоон хөндий, тунгалаг голууд тосгоныг төгс хүрээлсэн нь явган аялал, судалгаа хийх дуртай аялагчдад мартагдашгүй дурсамж үлдээдэг.
Оюун санааны ач холбогдол
Тосгоны төвд нутгийнхны хүндэтгэлтэй ханддаг Ага Сейедэд зориулсан ариун дагшин газар байдаг. Энэ сүмд ойролцоох нутгийн сүсэгтнүүд мөргөх гэж ирдэг гэнэ.
Тосгонд хүрэх зам бэрх ч аялагчдад мартагдашгүй дурсамж үлдээдэг байна. Сар Ага Сейед нь Ираны эртний уламжлалыг, орчин үеийн хөгжил дунд хадгалан үлдэж чадсаны жишээ болдог.