Монгол Улсын Төрийн шагналт, Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны хүндэт ерөнхийлөгч, Эм зүйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Анагаахын шинжлэх ухааны академийн гишүүн, Монголын инновацийн холбооны ерөнхийлөгч, эрдэм шинжилгээний болон сурах бичгийн 11 номын зохиогч, англи, орос, герман, монгол зэрэг хэл дээр 200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, барааны тэмдэг, шинэ бүтээлийн 50 гаруй патентыг эзэмшигч, ноён Л.Хүрэлбаатар манай энэ удаагийн дугаарын хүндэт зочноор уригдлаа.  


-“Монос” группийн ерөнхийлөгчтэй уулзаж ярилцахыг хүсдэг байлаа. Урилгыг маань хүлээн авсанд талархаж байна.
-Баярлалаа. Чиний олон сайхан ярилцлагыг уншиж байснаас ингээд ярилцаад сууж байна гэж бодсонгүй.     
-“Монос”-ыг мэдэхгүй хүн байхгүй биз. Яриагаа танай группийн нэрнээс эхлэе гэж бодож байна. Та бол эмэнд орж байгаа хорыг нь ч, эмийг нь ч судалсан судлаач, эрдэмтэн хүн. Компаниа нэрлэчихээр гоё утгатай “монос”-той өрсөлдөхүйц нэр олон л байсан байх. Яагаад компаниа “Монос” гэж нэрлэсэн бэ. Монос үнэхээр ургамлынхаа хувьд хамгийн... хамгийн гайхалтай нь уу?
-1990 онд Ардчилсан хувьсгал ялж, хүмүүсийн үндэсний үзэл сэргэсэн. ААН, байгууллагууд хаягаа монгол бичгээр  бичдэг болцгоож, Чингис хаанаа ярьдаг болж, Монгол гэдгээрээ өвчилсөн. Өөрөөр хэлбэл дахин сэргэлтийн үе гэдэг шиг давалгаа явсан л даа. Магадгүй тэр шуурганд үндэсний үзэл хэтэрхий нэг тал руугаа ханарсан ч байж мэднэ. Тэр давалгаанд бид ч гэсэн автаж монголтой нэр өгөх гэж оролдсон. (инээв) Монгол эм гэдгийг товчлоод  “Мон Эм” гэхээр нэг л эвлэж өгөхгүй,  “Монгол Эм”  гэхээр нөгөө “Гэм зэм” гэдэг шиг сонсогдоод болж өгдөггүй. Ингэж л эрж хайж яваад  “Монос” гэж нэрлэсэн. Энэ нь  Монгол Оюун Санааг бэлгэдэж томъёолсон нэр юм. Монголчуудынхаа оюун сэтгэлгээний чадварыг дэлхийд гаргаж ирэх амбиц шингээж өгсөн хэрэг л дээ. 
-Монгол Оюун Санаа...нээрээ тийм байна. Уучлаарай, огт анзаараагүй явж?
-Би одоо ч гэсэн монголчуудынхаа оюун санааны чадамжийг шүтэж биширч явдаг. Монгол оюун санаа бол шавхагдашгүй, монголчуудын сэтгэлгээ задгай. Үүнийг л шингээсэн, товчилсон нэр өгөх гээд эрэлд гарсан. Тэгж байтал гэнэт “Монос” гээд буугаад ирсэн. Өөрөөр хэлбэл монгол оюун санаа,  монгол оюун сэтгэлгээ, монгол оюуны сор гэдэг ч юм уу, яаж ч уншсан гоё нэр байна гээд “Монос” гэж анх компаниа нэрлэсэн түүхтэй юм. Олон хүн товчилсон үг гэдгийг мэдэхгүй болохоор ургамалтай андуурдаг. Гэхдээ бас их бэлгэдэлтэй. Монос гэдэг цав цагаан цэцэгтэй, цэцэг нь сакура шиг долоохон хоног цэцэглэдэг мод бий. Манай Улаанбаатар хотод монос олон газар тарьсан байдгийг хүмүүс анзаардаггүй. Богино настай болоод ч тэр үү гайхалтай үзэсгэлэнтэй харагддаг. Сакура бас богино настай, хэдхэн хоног цэцэглээд унадаг. Тийм болохоор би моносын цагаан цэцгийг монгол сакура гэж боддог юм. Манай Улаанбаатар хотод долоогоно, монос, үрэл гээд цагаан цэцэгтэй гурван мод байдаг. Үрэл нь алимынх шиг том цагаан цэцэгтэй. Долоогоно нь дунд зэргийн цагаан цэцэгтэй,  харин моносынх жижиг ч гэсэн маш олон цэцэгтэй  цайраад л харагддаг. Тийм болохоор компанийн маань нэр энэ үзэсгэлэнтэй ургамалтай давхардсанд нь бэлгэшээж явдаг. Бидний үйлс цагаан, бас үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн болох эм маань цагаан үрлээр төсөөлөгддөг болохоор бэлгэдлийн талаасаа их сайхан санагддаг. Гол санаа бол монгол оюун санаа. Манай компанийн уриа “Монгол оюун санааг дэлхийд таниулна” гэсэн байгаа. Хүнд хэлэхэд нэлээд гайхмаар ийм л том амбиц өвөрлөн 28 жил зүтгэлээ дээ. Монголчуудыг түүхий нүүрсээ ямар ч боловсруулалтгүй шахам гадагшаа зөөдгөөр л төсөөлдөг. Монголчууд бидний  экспортолж буй бүтээгдхүүний бараг 97 хувь нь түүхий эд, нам технологийн бүтээгдэхүүн юм. Тэгэхээр яаж ашиг олж, яаж хөгжих вэ дээ.  Үүнийг өөрчлөхийн төлөөх амьдрал, тэмцэл юм даа. Бид монгол оюун санаа шингэсэн, шинжлэх ухаан, мэдлэг шингэсэн, нэмүү өртөг үүсгэсэн, өөрөөр өндөр технологийн чиглэлийн  олон эм, эмийн бүтээгдэхүүн зохион бүтээж үйлдвэрлэлээ. Одоо ч гаднын зах зээл дээр ийм эм, эмийн бүтээгдэхүүн хэд хэдийг шинээр гаргах гэж байна. 
-Таны салимон тухайн үед томоохон амжилт дагуулсан. Одоо ч хүмүүсийн байнгын хэрэглээ болж дээ. Саяхан танайх хавдрын эсрэг эм хийлээ. Үүнд таны амьдралын 20 жил зориулагдсан гэхээр энэ салбар дахь ололт амжилтад зүгээр л нэг хайнга хандах боломжгүй. Хавдрын эсрэг олон туршилтууд дэлхий даяар хийгдэж байна. Гэхдээ ялан дийлээгүй л байгаа. Энэ эмийн гайхамшигтай тал нь юу вэ. Гаднынхан хэрхэн хүлээж авав?
-“Эллипос” гэдэг эм л дээ. Энэ эмээ бүртгүүлээд энэ онд эмчилгээний практикт нэвтрүүлсэн. Хорт хавдрын эмчилгээний үед хавсарч хэрэглэх зориулалттай. Үхрийн элэгнээс хавдрын эсрэг үйлдэлтэй бодисыг биотехнологийн аргаар гаргаж авч хийсэн. 
-Хавдрын эхэн үед маш сайн үр дүн өгч байна гэж дуулсан?
-Тийм. Харамсалтай нь монгол хүн хавдрын өвчлөлийг  3-4  дүгээр үед орсон хойноо оношлуулдаг. Энэ их хэцүү ойлголт. Манай эм өвдөлтийг багасгаж, зовиурыг намдааж өгдөг. Хавдрын эсийн өсгөвөрт судалгаа хийхэд ургалт, үржлийг нь сааруулж байсан. Гурван сарын настай гэсэн хүн гурван жил амьдарч, зургаан сарын настай гэсэн хүн нэлээд хэдэн жил болж байна. 4-5 жил болчихсон хүн ч байна. Хавдрын эсийн ургалтыг сааруулж, насыг нь тодорхой хугацаагаар уртасгаж байна. Хавдрын сүүлийн шатны өвчтөнд өвдөлт намдаах, зовиурыг багасгах зориулалтаар хэрэглэж байна. Хавдрын өвчлөлийн нэг, хоёрдугаар шатанд манай эм үнэхээр үр дүнтэй. Харамсалтай нь нэг, хоёрдугаар шатандаа оношлуулдаг хүн маш ховор. 

-Манай монголчууд эрүүл мэндийн боловсрол муутай. Хүүхдүүдээ бойжуулах арга ухаанд ч их хайнга ханддаг юм шиг. Битгий биеэ чагнаад бай гэдгээс эхлээд л алдаж эхэлдэг юм шиг ээ?
-Ямар ч юм хоёр талтай. Нэг талаараа хүн биеэ чагнахгүй, сэтгэл санаагаараа эрүүл байна гэж бодоод явбал өөрийн өвчнөө ялах, дийлэх чадвартай. Хүн өөрөө өөрийгөө эмчлэх агуу их чадвартай. Тэр чадварыг нь л сэргээх ёстой юм. Манай “Салимон”-д ч тийм юм байгаа. 2017 оны Нобелийн шагнал авсан анагаах ухааны хоёр эрдэмтний нэг Японы эрдэмтэн хэлэхдээ “Хүний дархлааны урвалыг өдөөгөөд өгвөл хүн хавдраа дийлнэ” гэсэн байна билээ.

-“Салимон”-ыг анх гаргаж байхад манай иргэд биеийн дархлааны талаар ямар ч ойлголтгүй, мэдээлэлгүй байсан. Харин одоо айл болгоны ширээн дээр байна. Бид бие биенээ удаан зөвшөөрдөг хүмүүс юм даа?
-Бас л эрүүл мэндийн боловсролтой хамааралтай. “Салимон” бэлдмэл нь 2000 онд гарсан. 2009 оныг хүртэл энэ бэлдмэлийг урьдчилан сэргийлэх чиглэлд, хүний биеийн дархлаа сайжрах юм бол хүн өвчин тусахгүй, өвчин туссан ч хурдан эдгэнэ гэж рекламдаад амжилт олоогүй. Өөрөөр хэлбэл бид есөн жилийн турш реклам, зар сурталчилгаа, эрүүл мэндийн боловсролд асар их хөрөнгө зарсан. Тэгээд жилд  ердөө л 20- 30 мянган шилийг  борлуулдаг байсан. Монгол хүн аминдаа тулахаар арчаатай. 2009 онд шувууны ханиад дэгдэхэд  тус ханиадыг дарах аврал болсон эмийг Англид л үйлдвэрлэж байлаа. Дэлхийн 195 гаруй улс тус эмнээс бүгд захиалсан. Юу гэж л Монголд хамгийн түрүүнд өгөхөв. Тэр үед хүмүүс их тэвдэж байхад би телевизийн өмнө гарч “Сандрах хэрэггүй дархлаа гэдэг өвөрмөц, ерөнхий гэсэн хоёр янз байдаг. Өвөрмөц дархлааг тэр англи эмээр дэмжинэ. Нэгэнт тэр нь байхгүй юм чинь ерөнхий дархлаагаа дэмжих хэрэгтэй. Ингэснээр шувууны ханиаднаас айх хэрэггүй” гэж хэлсэн. Тэгээд би аарцаа буцалгаж уу, чацарганын сироп уу гэж зөвлөөд уламжлалт дархлаа сэргээх аргыг ч зааж, хажуугаар нь Салимон хэрэглэ” гэж уриалсан. Одоо ч хүмүүс тэр жилийн тухай дурсаж ярьдаг юм. Тэр жилд сүүний үйлдвэрүүдийн аарц, чацаргана дуусч, манай үйлдвэр гэхэд 2-3 ээлжээр ажилласан. Ард түмэн тэр явдлын дараагаар дархлаа гэдэг үнэхээр чухал болохыг ойлгосон юм. Хүний амь насанд аюултай тэр жилийн ханиадыг монголчууд маань хохирол багатай  их сайн давсан шүү.

  • Алтан гагнуур, хунчир гэх мэт улаан номонд орсон, ховордсон ургамлыг тарималжуулж, патент авч байгаа. Энэ бол эм хийхтэй адил хүнд ажил шүү дээ. Зэрлэг амьтныг гаршуулдаг шиг зэрлэг ургамлыг тарималжуулна гэдэг дор хаяж 5-10 жилийн ажил.  

-Одоо “Монос” компани нэлээн олон төрлийн эм үйлдвэрлэж байгаа байх?
-Манайх эмийн хувьд 150 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, стандарттай.  Гэхдээ бид 80 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Учир нь Монголд 35 эмийн үйлдвэр байгаа. Тиймээс бусад нэр төрлийн эмийг үйлдвэрлэж чадаж байгаа үйлдвэрт нь өгье. Гуравхан сая хүнтэй зах зээлд ийм олон эмийн үйлдвэр байдаг. Тэднийгээ бодоод чаддаг ч гэсэн 70 орчим төрлийн эмийг бид үйлдвэрлэхгүй байгаа. Бусад  маань  үйлдвэрлэнэ биз гээд. 
-Миний найз сэтгүүлч Ж.Гангаа залуудаа сумынхаа наадамд гурван удаа түрүүлжээ. Тэгтэл аав нь “Одоо миний хүү болноо. Бусад аавын хөвгүүд түрүүлэг” гэж хэлээд зогсоосон юм гэнэ лээ. Яагаад ч юм энэ дурсамж орж ирж байна.
-Бид ийм л өвөг дээдсийн тасархайнууд шүү дээ. Бид бие биенээ гэхгүй юм бол хэн биднийг гэх юм. Бид хамтаараа амьдарч, хамтаараа босч, хамтаараа урагшлахгүй юм бол улс орон маань яах юм. Би хомхой, сувдаг занд дургүй. Тэр зан маань надад гай ч болж байсан. Одоо бидний үйлдвэрлэж байгаа 80 бүтээгдэхүүний 60 орчим хувь нь зөвхөн бидний өөрсдийн зохион бүтээсэн брэнд эм. Бид брэнд эмээ түлхүү үйлдвэрлэдэг.

 

-Хойд, урд хөршийн хоёр том зах зээл рүү танай бүтээгдэхүүн гарч байна уу?
-Орос руу гарсан. Ер нь эмийн зах зээлд гадаад руу эм экспортлох хүнд юм  билээ. Надаас “Танай энэ бэлдмэл их сайхан юм байна. Та үүнийгээ хаана туршсан бэ” гэж асууна. Өөрийн лабораторид гэхэд “Танай лаборатори магадлан итгэмжлэгдсэн үү” гэнэ. “Тэгэлгүй яахав” гэхээр “Олон улсад уу” гэж асуухад л хэлэх үггүй болж байгаа юм. Ийм шалтгааны улмаас миний эмийг таван жилийн турш оросууд туршиж үзсэн. Тухайн эм нь үр хөврөлд нөлөөлж байна уу, архаг хордлого үүсгэж байна уу гэх мэтээр амьтан дээр олон жил туршиж үздэг. Яг миний хийсэн туршилтыг дахиад таван жил хийж байгаа юм. Тэгсний дараагаар “Танай энэ эм чинь их сайн эм байна. Клиник туршилт хаана хийсэн бэ” гэж асуухад “Нэгдүгээр эмнэлэгт, бөөрний тасгийн Б.Бямбадорж тэргүүтэй эмч нар хийсэн” гэхээр “Тэр эмнэлэг чинь клиник туршилтын олон улсын магадлан итгэмжлэл авсан уу” гэдэг. Гэтэл манайд энэ чиглэл огт хөгжөөгүй. Тэгээд л “Ахиж хийнээ,гурван сая долларын өртөгтэй. Дор хаяж 3000 хүнд турших ёстой” гэсэн асуудал тавьдаг. Ингээд ахиад таван жил хэрэгтэй болж байгаа юм. Ямар ч байсан ингэж явсаар бид нэг бэлдмэл бүртгүүлж чадсан. Одоогийн байдлаар бид ОХУ-д “Нефромон”-ыг экспортлоод явж байна. “Дентамон”, “Иммунис”-иа экспортлохоор ОХУ-ын зах зээлд бүртгүүлэх шатандаа явж байна. Манай “Монос” группийн гаргасан эмнүүдээс  урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн маань илүү их эрэлт хэрэгцээтэй байгаа. Нөгөө талд гадаадад гарахад бүртгэлийн асуудал хялбар бус байгаа. Тиймээс “Монос Фарм”-д үйлдвэрлэж байсан зарим урьдчилан сэргийлэх эмийн чиглэлийн бүтээгдэхүүнээ “Монос хүнс” гэж компани байгуулаад үйлдвэрлэж эхэлсэн. Бид маш их ажиллаж байна, маш олон шинэ бүтээгдэхүүн хийж байна. 
-Нэрстэй, чацарганатай ааруул гэх мэт гоё бүтээгдэхүүнүүд гаргасан байсан. 
-Орчин үед бага насны хүүхэд хүртэл ясны сийрэгжилттэй болсон байна. Ясны сийрэгжилт Монголын тахал гэж хэлж болно. “Skyresort”-д гулгаж байсан  7-8 настай хүүхэд хөлөө хугалчихлаа гээд Гэмтлийн эмнэлэгт ирэхэд нь би гайхаж байгаа юм. Хүүхдийн яс бэхжээгүй уян хатан, мөгөөрс шиг байдаг. Гэмтэнэ үү гэхээс хугарна гэж байхгүй. Гэтэл хугарч байна гэдэг аль хэзээний хатуураад сийрэгжсэн байна гэсэн үг. Үүнд хоол хүнс, хөдөлгөөн, хийжүүлсэн ундаа гээд олон юм хамаарна. Хүүхэд хорхой ааруулыг барагтай иддэггүй. Тиймээс бид ааруулын гадуур нь жимсээр ч болтугай бүрээд хүүхдийг идэх дуртай болгох гэж зорьсон. 
-Түүхий эдийн хувьд жимсээ танайх өөрсдөө тариалдаг уу?
-Зэрлэг ургамлаар дэлхий дахинд үйлдвэрлэл эрхлээд байдаггүй. Их хэмжээний үйлдвэрлэл хийхээр өөр өөр газар ургасан болохоор найрлага нь өөр өөр байдаг юм. Тарималжуулаад найрлага стандарт бүх юм нь зохицсон юм хийх ёстой. Бид 2000 оноос эхлээд 19 жил эмийн ургамал тарималжуулж байна. Дарханд 45 га газар, Улаанбаатарт буй хоёр газар нийлээд 15 га газар, нийтдээ 60 орчим га газарт эмийн ургамлаа тарималжуулж байна. Чацарганын 43 мянган модтой. Мөн алтан гагнуур, хунчир гэх мэт улаан номонд орсон, ховордсон ургамлыг тарималжуулж, патент авч байгаа. Энэ бол эм хийхтэй адил хүнд ажил шүү дээ. Зэрлэг амьтныг гаршуулдаг шиг зэрлэг ургамлыг тарималжуулна гэдэг дор хаяж 5-10 жилийн ажил.  Зэрлэг байгальд чөлөөтэй ургадаг хэрнээ үрийг нь  авч ирээд хөрс, орчин нөхцлийг нь бүрдүүлж өгөхөд 5-10% нь л соёолж, ургаж байдаг. Тэгээд хэдэн үе дамжиж байж тарималжина. Хүнд ажил шүү.
-Би танай сургууль дээр очиж үзсэн. Олон оюутнууд суралцаж байна. Сургууль таны хувьд ямар төсөл вэ. Танд эмнэлэг байдаг уу?
-Бүх юмыг мэдлэг боловсролтой боловсон хүчин шийдэж байна. Нэгдүгээрт, Монголд мянга гаруй эмийн сан, 30 гаруй эмийн үйлдвэр байдаг. Харин хангалттай боловсон хүчин байхгүй. Хоёрдугаарт, төгсөж байгаа хүмүүс нь ч онол, практикийн мэдлэг хангалтгүй . Дадлага хийх эмийн сан, үйлдвэр байхгүй болохоор академик боловсролтой хүмүүс гарч ирээд байсан. Би хувьдаа академик төдийгүй ажил дээр гараад ажиллах чадвартай, мэддэг төдийгүй чаддаг хүмүүсийг бэлтгэхийг зорьдог. Монголчууд мэддэг боловсон хүчин бэлтгээд байсан. Харин бид мэддэг төдийгүй чаддаг боловсон хүчин бэлтгэнэ гээд хичээсэн, оролдсон. Тэр чиглэлээр сургалтын баазаа хөгжүүлсэн. Монголд эмийн үйлдвэрийн инженер, технологич гэж мэргэжилтэн бэлтгэдэггүй. Тиймээс энэ төрлийн шинэ мэргэжлээр хүүхдүүдийг бэлтгэж байна. Ийм нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд бэрхшээлтэй юм их. Тиймээс гуравдугаар курсээсээ 2+3 гэсэн хөтөлбөртэй Солонгос улсад суралцаж байгаа. 3, 4, 5 дугаар курсээ Солонгост сураад төгссөн оюутан Монголын төдийгүй Солонгосын дипломтой эмийн үйлдвэрийн инженер, технологич болон төрөн гарч байна. Мөн англи хэлтэй сувилагч бэлтгэе гэж байгаа. Манайхан мэдлэг боловсролгүй болохоор гадаадад ихэвчлэн хар ажил хийдэг. Тиймээс гадаадад ажиллахад зориулж, нэгдүгээр курсээс нь япон хэл заадаг. 3 дугаар курсээсээ Японд суралцдаг. Төгсөөд гадаадад өндөр цалинтай ажилд орох бүрэн боломжтой болно. Сая эхний 15 оюутан Япон явсан. Тэд дадлагаа хийнгээ өндөр цалинтай сурна. Мөн уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлье гээд энэ чиглэлийн сургууль их сургууль дээрээ нээсэн. Манай нэртэй академич Ш.Болд захирлаар нь ажиллаж байна. Судлаач чиглэлийн мэргэжилтнүүд бэлтгэж, уламжлалт анагаах ухааныг өргөн фронтоор судлах ёстой гээд л  зүтгэж байна даа.

-Уламжлалт анагаах ухааны хөгжил явах ёстой замаасаа буюу эртний хэв шинжээсээ ихэд хөндийрсөн. Дээр үеийн эмч домч, эм барьдаг маарамба нар өөрсдөө ургамлаа олж түүж, олон жилийн турш хатааж хадгалж, гар аргаар хийдэг байсан гэдэг. Одоо тэр бүх дэг жаяг алга болсон, ургамлуудаа машиндаад бутлаад, хольж хутгаад явчихдаг. Тийм болохоор өвчтнүүдийн зүгээс шууд итгэлээ өгөхөд эргэлзээтэй. Мөн энэ салбар эрүүл мэндийн ч биш шашны ч биш холимог байгууллага юм шиг яваад байдаг?
-Дээр үед нэг лам ойр хавийнхаа уулын ургамлыг түүгээд хүнд барьдаг байсан. Одоо уламжлалт эмийг үйлдвэрлээд улс орон даяар хэрэглэе гэвэл бидэнд стандарт, GMP үйлдвэр хэрэгтэй. 
-Манай лам нар, тэр дундаа үе удам дамжсан маарамба нарыг айхтар хэлмэгдэлт дайрсан. Дунд нь үүнээс болоод үе тасарсан. Хэзээ ч эв зүйтэй зэрэгцэн оршиж ирээгүй шинжлэх ухаан, уламжлалт анагаах ухаан хоёр одоо ч бие биенээ эсэргүүцсээр байна. Та эрдэмтэн хүний хувьд өдийг хүртэл учраа олоогүй байгаа энэ хоёр ойлголтын алтан дунджийг яаж барьдаг вэ?
-Би барих гэж оролддог. Энэтхэгт бүр Аюурвэдийн эмнэлгийн эрүүл мэндийн яам байдаг, маш их дэмждэг. Хятадад ч гэсэн нийт хэрэглэж буй эмийн  60 орчим хувь нь уламжлалт анагаах ухааных байдаг. Гэтэл Монголд уламжлалт анагаах ухааныг маш их үгүйсгэдэг. Миний баримталдаг зарчим бол өрнө, дорнын шинжлэх ухаан хоёул нэг л обьектыг үзэж байгаа боловч хоёр өөр өнцгөөс хардаг. Өрнийн хүмүүс юмыг их задалж, анализ хийж судалдаг. Азийн хүмүүс нэгтгэж синтез хийж  дүгнэдэг. Сэтгэхгүй нь маш өөр. Л.Хүрэлбаатар гэдэг хүнд америк хүн захиа бичихдээ Л.Хүрэлбаатар танаа “Монос” групп, Чингэлтэй дүүрэг,  Улаанбаатар, Монгол Улс гэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл багаас нь, задгайгаас нь эхэлдэг. Монгол хүн юм уу, ази хүн захиа бичихдээ Монгол Улс гэдгээс томоос нь эхэлж бичнэ. Өөрөөр хэлбэл бүхлээс нь эхэлдэг. Дорно бол синтез буюу дүгнэхдээ өрнөөс илүү. Харин өрнө бол задлах буюу анализ хийхдээ илүү.  Уламжлалт эмийн ванлиг 35 гээд жор байхад 35 ургамлыг задалж, тус тусад нь судалчихдаг. Гэтэл 35 ургамал нийлэхээрээ шал өөр үйлдэлтэй шүү дээ. Үүнийг нэгтгэж бодож чадахгүй задалж үзчихээд үгүйсгээд байдаг. Дорнын хүмүүсийн дунд Европ анагаах ухааныг ойлгодог хүмүүс  олон ч гэсэн яг монгол хүн шиг хоёуланг нь сайн ойлгодог нь ховор юм шиг. Монголчууд их азтай энэ хоёр шинжлэх ухааны торгон ирмэг дээр байгаа. Тиймээс аль алины давуу талыг авч, шинэ бэлдмэл эм хийх гэж оролдож байна. Би өөрөө европ боловсролтой, Орост төгссөн. Би сүүлийн 20-иод жил дорнын анагаах ухааныг уншаад судалж, энэ хоёрын уулзвар цэг дээр юм хийх гэж оролдож байна.

 

-Та эхээс хэдүүлээ вэ.
-Зургуулаа. Би таван дүүтэй, айлын том нь. Гэрэлчимэг, Оюунчимэг гээд хоёр дүү минь их эмч, хүмүүс эрж сурж байдаг олондоо хүндтэй клиникийн профессорууд бий. Доёдхүү, Дондогмаа гээд хоёр дүү минь архитекторч бас л сүрхий яваа,  бага дүү Эрдэнэчимэг  маань их хурлын гишүүн болоод олон ажил хийсэн, ялангуяа ард түмэнд чухал хэрэгтэй архи, тамхины хууль санаачилж олны хүндлэлийг хүлээсэн, биологийн ухааны доктор хүн. Би сайн дүү нараараа бахархаж явдаг даа. 
-Таныг Гэсэр сүмийн үүдэнд сүйх тэргэн дотор төрсөн гэж сонсож байсан. Мөн ч сонин тохиолдол юм даа?
-Би Гэсэр сүмийн үүдэнд аав, ээжийгээ оюутан байхад төрсөн. Одоо ч Гэсэр сүмийн дэргэд ойрхон офистой, холдох дургүй. Энерги ч байдаг юм шиг. Сэтгэлийн л юм байх. Хүмүүс төрсөн буурин дээрээ очиж хөрвөөнө гэдэг. Харин би бол өдөр бүр хөрвөөдөг гэж хэлэхэд болно шүү (инээв)
Сүйх тэргэн дотор төрсөн нь нүүдэлчин овгийнх гэдгээ нотлох гэсэн юм байлгүй. Түүнээс болсон уу дэлхийн мөн ч олон улсаар явлаа даа. Нүүдэлчин гэснээс намайг Нью-Йоркт олон улсын хуралд сууж байхад Америкийн нэг танил эрдэмтэн маань нүүдэлчин минь сайн байна уу гээд ихэд басамжилсан янзаар мэндлээд  нэг шүлгийн санаа өгч билээ.


Ай биднийг нүүдэлчид гэж
Адлах хэрэггүй танил минь 
Алагхан энэ дэлхийд та бидэн 
Адилхан бүгдээрээ нүүдэлчид ээ. 
Уужим орчлонд түр үдлээд 
Урт аяндаа буцаад л явна 
Уяхан замбуутивд хичнээн хоргодовч 
Удахгүй бид бүгдээрээ нүүнэ ээ 
Насаа элээх энэхэн дэлхий минь ч 
Нараа тойроод мөн л нүүдэлчин 
Найрсаг орчлонг мөнхөд гийгүүлэх
Наран өөрөө ч бас л нүүдэлчин


Энэ шүлэг маань миний англи дээр хэвлэгдсэн цөөн хэдэн шүлгийн минь нэг болсон шүү.

-Тэр үед сурлага сайтай, онц хүүхдүүдийг л социалист орон луу явуулж боловсрол эзэмшүүлдэг байсан. Танай үеийнхнийг азтай гэж боддог. Танд ер нь гадаадад тийм сургуульд сурна, тийм ийм хүн болно гэсэн багын төлөвлөгөө, мөрөөдөл байсан уу?
-Байгаагүй. Би багаасаа ном их уншдаг хүүхэд байсан. Ээж  маань сүүлдээ намайг номын цагаан солио тусчих байх гэж их айдаг байсан гэдэг. Яагаад тэгж бодсон гэхээр ээж номын цагаан солиотой хүүхэдтэй хамт эмнэлэгт хэвтсэн юм билээ. Хөдөө мэдрэлийн тасаг гэж байгаагүй. Бүгд л нэг дор хэвтэн эмчлүүлдэг. Тэр хүүхэд зүгээр байхдаа зүгээр. Ном харахаараа хачин болчихдог. Дээр үед хоолны халуун сав, варианы шил ч байгаагүй. Хуушуур, буузыг сонинд ороож өгдөг. Сонин харангуутаа нөгөө хүүхэд шүүрээд л авчихна. Хуушуур, бууз нь газраар өнхрөөд уначихдаг байж. Тэр сониноо дуустал нь уншдаг, гэхдээ юу ч ойлгодоггүй. Тэгээд л ээж айгаад манай хүү ийм л болно шүү гэж бодсон гэж байгаа юм. Тэгээд надад ‘’Вера’’ гээд 450 төгрөгийн үнэтэй зургийн аппарат авч өгсөн. Манай ээж гавьяат багш, физикийн багш хүн л дээ.  Тэр үед би гэрийнхээ, найз нарынхаа, сургуулийнхаа номын сангийн номыг дуустал нь уншаад дараа нь аймгийн төвийн номын сангийн ном руу орчихсон. Номын сангийн фонд руу тэр болгон оруулахгүй. Байнга номын санд суух боломжгүй. Олон дүүтэй, гэр, сургуулийн ажил гэж байна. Ном гэрээр авах гэж оролдоод олон ах, эгч нартай танилцаж, бүх номыг нь нааж, цавуудаж өгдөг ажилтай болсноор цаашаа фонд руу орж, ном чөлөөтэй авч унших эрхтэй болсон. Дээр үед хүүхдийн соёлч нөхөрлөл гэж нэг юм байсан. Би тэр стандартаар яваагүй. Номын санч соёлч нөхөрлөл гэж байгуулаад таван найзаа дагуулаад номын санд орох бүрэн эрхтэй болж байсан юм шүү. Тэгээд ийм гоё ном бичдэг зохиолч, сэтгүүлч болох юм сан гэж мөрөөддөг байж билээ 
-Зохиолч, сэтгүүлч ээ?
-Тийм ээ. Өөрөө ийм чиглэл рүү зүтгэдэг хүн чиглэлээ олчихдог юм билээ. Намайг есдүгээр ангид байхад МУСГЗ Т.Баасансүрэн “Пионерын үнэн”, “Залгамжлагч” зэрэг сэтгүүлд юм бичсээр байгаад авьяасаараа шалгарч Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн сэтгүүлчийн ангид орсон. Дараа нь энд тэнд их гоё юм бичдэг хүн явсан. Авьяасаар нь хүүхдүүдийг жилд нэг удаа ингэж явуулдаг гэдгийг тэгж анх мэдсэн. “Пионерын үнэн” сонины эрхлэгч Хорлоо гээд чамтай төстэй бүсгүй байсан. Тэр эгчийн хойноос л гүйдэг. Тэгээд сургууль дээр болсон бүх мэдээ, фото зургийн сурвалжлага хийнэ, бас өгүүллэг өгнө. 9-10 дугаар ангид байхдаа би жинхэнэ сэтгүүлч болчихсон, мэдээ бичиж, сурвалжлага, орчуулга хийдэг байлаа. Орос хэлнээс Пушкиний нас барахдаа хэлсэн “Баяртай, миний хайрт номууд”  хэсгийг орчуулж тавьсан гэх мэт. Тэгээд явж байтал яах аргагүй манай комбинатын 52 дугаар сургуульд миний нэр дээр хуваарь ирсэн.  Тэр хуваариа авья гэтэл “Нэр зааж арын хаалгаар хуваарь авдаг юм байхгүй” гэсэн. Тэгээд л тэр сургуульд арван жил сурсан уугуул сурагч , бас дээр нь хичээлийн эрхлэгчийн охин, онц төгссөн, хотын унаган хүүхдэд тэр хуваарь очсон. Харин би бол хөдөөнөөс  9-10 дугаар ангид шилжиж очсон  болохоор азгүйтсэн дээ 
Тэгээд л эмзүйн ангид орсон,  нэг, хоёрдугаар курстээ бүх хичээлээ онц төгсөөд, нэг хичээл дээр сайн аваад шарандаа гарч ирээд уйлж байсан. Ангийн хүүхдүүд “яагаад уйлав” гэхээр нь дүнгээ үзүүлсэн чинь “чи баярлаад уйлж байгаа юм уу” гэсэн. Их л хортой хүүхэд байсан юм шиг. Тэгээд хоёрдугаар курсээ төгсөөд гуравдугаар курстээ огт хичээлд суугаагүй. Достоевский, Толстой, Лермонтов гэх мэт өөрийн хайртай зохиолчдынхоо бүрэн зохиолын түүврийн бүх боть, бүх захидалтай нь уншиж тэмдэглэл хөтөлсөн. Тэгээд Оросоос авах юм байхгүй боллоо. Одоо нутаг буцна, цэрэгт явна, амьдрал үзнэ  гээд Элчин сайдын яаман дээр очсон. Тэгсэн манай Элчин сайдын яамныхан зөвшөөрдөггүй. Яамны Энэбиш гэдэг хүн явуулдаггүй “Чи чинь онц сурдаг хүүхэд байна. Яагаад ингэж байгаа юм” гэсэн. Би сүүлдээ үнэнээ хэллээ. Тэгсэн “Миний хүү тэгж болохгүй. Монголд уран зохиолоор амьдарна гэж байхгүй. Чи усан роман бичнэ эсвэл хэрэгтэй хэрэггүй хүний захиалгат юм бичиж амьдарна. Тэрний оронд эхлээд талхныхаа мөнгөтэй болчих. Тэгж байж сэтгэлийнхээ дуудлагаар юм бич” гээд намайг буцаагаад явуулж байсан. Их ухаантай хүн байсан. Тэгж байж л энэ мэргэжлийг сонгосон доо, яривал их урт түүх.
-Тийм удаан тээж, тэмүүлж байсан зүйл салаа зам, хувь заяаны эрхээр хүний дотроос алга болдоггүй байх нь?
-Үгүй юм аа. Би нэг юм руу орохоороо улайрч ордог хүн юм шиг. Ажилдаа ороод үнэнийг хэлэхэд улайрчихсан. Хөвсгөлд гурван жил байх хугацаандаа Хөвсгөл аймгийн эмийн сангийн удирдах конторын даргаар томилогдсон. Гурван жилийн хугацаанд манай аймаг улсдаа жил бүр л  эхний таван  байрт шалгарч байсан. Тэнд гурван жил ажиллаад хүрээлэнд уралдаант шалгалтанд шалгарч байж хотод ирсэн. Анагаах ухааны хүрээлэнд анхныхаа “Алотагат” эмийг зохион бүтээгээд байж байсан чинь “Тулгын чулуу” гээд найрууллаараа “Үнэн” сониноос мэргэжлийн сэтгүүлчдийн дунд зарласан уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн. Тэгсэн яам дуудаад “Чи эмнэлгийн хэвлэлийн нэгдсэн редакцын хариуцлагатай нарийн бичгийн дарга хий” гэсэн. Татгалзсан чинь “Улс чамайг 15 жил сургасан, ямар олон үгтэй залуу вэ? Чиний саналыг асуух гэж дуудаагүй, үүрэг өгөх гэж дуудсан юм, хаана тавих, юу хийлгэхээ бид мэднэ, редакцийн ажлыг сайжруулна шүү, нөхөөр...” гээд сайдын зөвлөлийн хурлаар бут авхуулж байгаа юм чинь. Эрхлэгч нь сайд. Редакцийн дарга нь болж байна гэсэн үг. ‘’Анагаах ухаан”, “Эрүүл мэнд’’ сэтгүүлүүд, ‘’Эрүүл энхийн төлөө’’ сонинтой. 
-Бидний багад “Эрүүл мэнд” сэтгүүл гэж олон захиалагчтай, уншуур сайтай их гоё сэтгүүл гардаг байсан?
-Долоо хоног тутмын нэг сонин, хоёр сэтгүүлийг хоёулханаа хийдэг байсан. Намайг очиход “Эрүүл мэнд” сэтгүүл 16 мянган уншигчтай байсан. Тэгээд би сайд дээр ороод “Ийм сэтгүүл байдаггүй юм аа. Эмнэлгийн дунд мэргэжилтэн, энгийн хүн, их эмч ч уншмаар юм шиг холимог сэтгүүл байна. Нийтэд зориулсан энгийн хэллэгээр бичсэн юм хиймээр байна. Энэ сэтгүүл эмнэлгийн хэлээр бичигдсэн байна. Ард түмэн унших юмгүй болоод энийг авч байгаа болохоос биш” гэсэн. Би анагаах ухаан сэтгүүлийг зузааруулж, “Эрүүл мэнд” сэтгүүлийг  ард түмэнд зориулж гаргаснаар 80 мянган уншигчтай болгосон.
-Тэр үед та сэтгүүлч Б.Ерэнтэй ахтай танилцаж байсан уу?
-Б.Ерэнтэйтэй танилцсан түүх бас өөр. Би “Тоншуул” сэтгүүлд шог өгүүллэгээ хэвлүүлдэг байсан. Б.Ерэнтэй шог өгүүллэг бичдэг. Ж.Барамсай бол биднээс тасарчихсан байсан. Тэгээд Б.Ерэнтэй шог зохиолчдын нэгдэл байгуулах гэсэн юм чи орохгүй юм уу гээд уулзсан. 1984 онд Горбачёвын өөрчлөн байгуулалт гарч ирж, ил тод байдал эхэллээ. Тэгж байтал эмч нарын хэрэг гээд нэг дуулиантай хэрэг гарсан. Би шүүх хуралд нь сэтгүүлчийн хувиар суугаад зохиомол хэрэг байна гэж ойлгосон юм. Тэр үед би Намын дээдэд сэтгүүлчийн 45 хоногийн  курст сурч байсан. Нэг өдөр улсын ерөнхий прокурор ирж лекц уншдаг юм. Тэгэхээр нь бичгээр “Эмч нарын хэрэг чинь зохиомол хэрэг биш юм уу” гээд асуучихсан. Яахав цаг эргэлээ, бүх юм өөр боллоо л гэж бодоод асуулт тавихгүй юу. Би тийм юм болно гэж огт бодоогүй. Бичгийн хэвээ өөрчлөлгүй, олон юм бодолгүй бичээд л өгсөн. Зүгээр сайхан инээгээд юм ярьж байсан хүн нүүр нь хүрлийтлээ, мэнчийтлээ улайгаад, харвах нь уу гэмээр болж ирснээ  “Энийг хэн бичсэн” гэсэн. Би ч сандраад навтас хийгээд л явчихсан.  Тэгээд маргааш нь яам намайг дуудсан. Хэн бичсэнийг дор нь илрүүлж байгаа юм. Сайд Ням-Осор “Чи ямар хэрэг тарьчихсан золиг вэ. Ажлаа өг” гэсэн. Ажилд сайн гэж намайг курст явуулсан. Гэтэл яамны коллегоор орж, халагдсан. Тэгээд эргээд анагаах ухааны хүрээлэнд орно гэсэн чинь тийм хэрэг тарьсан хүн хүрээлэнд орж болдоггүй юм билээ. Тэр чинь их өндөр зэрэглэлийн ажил, зөвхөн эмийн санд ажиллаж болно гэсэн. Ш.Ванчаарай гуайд би ажлаа өгсөн. Социализмын үед намын үзэл суртлаар явалгүй хар бор амьдрал бичиж байснаараа Ш.Ванчаарай гуай өөр хүн. Том зохиолч нар энгийн, хар бор амьдрал, зан чанар руу гүнзгий орж чаддаггүй байсан. Р.Чойномын зураг миний өрөөнд бий. Би Р.Чойномыг мундаг уран зохиолч гэдгээр нь шүтдэггүй. Тухайн нийгмийн эсэргүүцэх хүч болж гарч ирсэн, онцгой хүн.
-Цагийн салхи сэвэлзээд ирэхэд танай үеийн залуусын тал нь хуучин намд үлдэж байсан. Намдаа үлдэж байсан нь ч хэд юм бол, шинэ нам байгуулаад, хувьсгал хийгээд явсан. Тэр үзэгдэл таны зүрх сэтгэлд хэр нөлөө үзүүлж байсан бэ. Та ямар нэгэн алхам хийсэн үү?
- Хийсэн. Миний хийж байсан үзэл суртал, эрдэм шинжилгээний болон, байгууллагын даргын ажлууд дандаа намд элсэх шахалттай ажлууд байсан. Хөвсгөл аймаг руу даргаар томилогдоход намайг намд элс гэж шахаж байсан. Тэгсэн хэрнээ бас их сонин, сэхээтэн хүмүүсийг ил албаддаггүй. Хувийн жин нь ажилчид, малчид их байх ёстой гэсэн бодлоготой. 37 нас хүртлээ би намд элсээгүй. Намын буруу зөрүүг нь хараад л найз нөхөдтэйгөө ярьж, шүүмжлээд л явж байсан. Ийм намд элсэхгүй, орохгүй гэсэн дотоод эсэргүүцэл тээж явсан хүн. Горбачев гарч ирээд нийгэм өөр болоход би намд элсэж улс орноо өөрчлөх ёстой юм байна, нам солигдлоо гэж бодоод 37 настайдаа 1989 онд анх намд элссэн. Тэгсэн 1990 онд ардчилсан хувьсгал гарч тэр  ондоо намынхаа  онц Их хуралд суугаад хувьсгалт нам өөрчлөгдөхгүй юм байна гэдгийг мэдсэн. Их хурлын 14 залуу төлөөлөгч  онц Их хурлын шийдвэрийг эсэргүүцсэн.  Бидний 14-ийг хашрууд яаж задлахаа мэддэг юм билээ. Улс төрийн товчооны оронд байгуулагдсан  Улс төрийн зөвлөлийн  долоон хүн биднийг хоёр хоёроор нь хариуцаж аваад хүчийг сарниулж байгаа юм. Намайг болон радиогийн П.Баярсайхан бид хоёрыг уран зохиол оролддог болохоор Л.Түдэв гуайн үгэнд орно гээд онц Их хурлын үеэр Л.Түдэв гуайд хуваарилсан байсан. Л.Түдэв гуай “Миний хүүхдүүд ингэж болохгүй. Тэр дор сууж байгаа 650-ыг харж байгаа биз” гэсэн. Хөдөөнийхнийг дор, хотынхныг дээр суулгачихсан байсан. Хөдөөнийхнийг яриулдаг, микрофон зөөнө. Би тэр хурлаас улс төрийн маш нарийн зүйлсийг ойлгож авсан. Л.Түдэв гуай дараагийн хурлаар “Намынхаа нэрийг солино. Социал демократ болгоно”гэж амласан. Бид болохоор “Хувьсгалт гэдэг нэрийг коминтерн өгсөн. Энэ коммунист үзлээс татгалзах хэрэгтэй. Социал демократ үзлийг баримталъя. Баабар зэрэг хэсэг бүлэг хүмүүс Социал демократ нам байгуулах гээд байна. Тиймээс хурдан социал демократ нам болж, нийгмийн баримжаа ийм юм чинь коммунист намаасаа больцгооё” гэдэг байсан. Би өөр намд ороогүй. Тухайн үед үзэл бодол ойрхон болохоор өөр олон нам байсан. Гэхдээ 1990 онд өөрийн замаа сонгочихсон байсан. Ардчилал бол ганцхан улс төрийн биш эдийн засгийн ч ардчиллыг хийх ёстой гээд. 1990 оны тавдугаар сарын 20-нд Сайд нарын зөвлөл тогтоол гаргаад хувийн жижиг үйлдвэр байгуулахыг зөвшөөрсөн. Би “Монголэмимпекс”-ийн нэгдүгээр орлогч захирал байлаа. Захирал маань 2-3 сарын дараа тэтгэвэрт суух гээд би концерны захирал болох гэж байсан үе. Социализмын үед гадаад худалдааны томоохон концерны захирал гэдэг цэнхэр паспорттой гадагшаа, дотогшоо их явдаг, машин унадаг том дарга л даа. Гэсэн ч би бүгдийг нь хаяад хувийн жижиг үйлдвэр байгуулаад гарсан. Одоо 1990 онд байгуулагдсан хэдэн үйлдвэрийн цөөхөн нь үлдэж дээ. Архив руу ороод ажил олгогч эздийн холбоо гээд анхны  13 жижиг үйлдвэрээс үлдсэнийг нь олохгүй байгаа. Манайх бараг хамгийн ууган нь болсон. Эдийн засгийн ардчилал гэдгийг ихэнх хүмүүс сайн ойлгодоггүй. Сүүлд жагсаалт гаргаж үзэхэд би хувийн жижиг үйлдвэр хамтраад байгуулъя гэдгээ гадаад хэлтэй, гадагшаа гэрээ хэлэлцээрт явж байсан, юм ойлгодог 20 шахам хүнд хэлсэн байдаг. Бүгд “за” гэсэн хэрнээ 2-3 хоногийн дараа “үгүй” гэсэн. 

-Яагаад тэгсэн юм бол?
-Октябрийн хувьсгал шиг бас нэг хувьсгал гараад хөрөнгийг нь хурааж аваад буудчих ч юм бил үү, яах ч юм билээ гэсэн байх. Үнэнийг хэлэхэд тэр чинь дөнгөж 1990 он шүү дээ. 1921, 1937 оны хэлмэгдүүлэлт, хар шар феодал, 1959 оны нэгдэлжих хөдөлгөөнийг бүгд мэдэж байсан учраас тэр олон сэхээтнүүд бүгд “үгүй” гэсэн. Би ганцаараа үйлдвэрээ байгуулсан. Ажилчин авах боллоо. Тэр үед дунд үеийн  эм найруулагч 400 төгрөгийн цалинтай байсан. Би Улаанбаатар хотын эмийн сангуудыг удирдах конторын дарга хийж, 800 хүнийг удирдаж байгаад дараа нь “Эмимпекс”-ийн нэгдүгээр орлогч байсан болохоор өөрийн салбарын бүх хүнийг мэддэг байсан гэвч нэг ч хүн олдоогүй. Дунд мэргэжлийн залууг дуудаад нэг нугалсан 800 төгрөгийн цалин өгье гэхэд хувийн жижиг үйлдвэр болохоор татгалзсан. Хувийн үйлдвэртэй хүнийг хөрөнгөтөн гэж ойлгоод хөлс хүчийг сорж, удаан хугацаагаар ажиллуулна гэсэн бодолтой, ямар ч ойлголтгүй байсан үе. Хөрөнгөтөн гэдэг адгийн амьтан гэж боддог байсан. Тэгээд нөхөр нь нас барчихсан, гэртээ ганцаараа уйддаг, айдаг, алдах юмгүй, хүүхдүүд нь том болчихсон 65 настай тэтгэвэрт гарсан эмэгтэйг ажилд авсан. Хөвсгөлд ажилладаг байхдаа танилцаж, намайг “Эмимпекст” байхад гэртээ ганцаараа, шил угаагч ч болтугай ажил олдох уу гэж гуйдаг байсан юм. Тэр хүнийг санаж ажилд авсан. Нөгөө нэг нь манай жолоочийн найзынх нь дүү охин. 10 жилээ төгсөж чадалгүй сургуулиасаа хөөгдсөн алдах юмгүй хоёр хүн л ажилд орсон. Тухайн үед хувийн жижиг үйлдвэр, секторын тухай ойлголт байгаагүй. Тэр үед энэ замыг нээсэн хүмүүс маш хүнд үед байсан. Эм үйлдвэрлэхэд эмийг маань авах хүн олдохгүй, эмийн санд өглөө гэхэд эрх нь байхгүй, надад мөнгө гаргаж өгч чадахгүй. Зөвхөн “Эмимпекс концерн”-д өгвөл өгнө. Гэтэл тус газар нь татгалзаж байгаа юм. Зах дээр аваачиж зарахад дамын наймаа гээд манай залуусыг барьж хорьсон. Жижиг үйлдвэр болохоор тоног төхөөрөмж юу ч байхгүй учраас таван салаа, нохойн хошуу, аньсны навч савлаад эхэлж байгаа юм. Тэрийг маань дамын наймаа хийсэн гэж барьж хорино. Би цагдаа нартай үзэлцэж “Дамын наймаа гэдэг хүний хийсэн үйлдвэрлэсэн юмыг дамлаж зарахыг хэлдэг. Би өөрийнхөө үйлдвэрлэсэн юмыг зарж байна” гэхэд цагдаа бас эргэлздэг. Зарим нь “Чи ямар олон үгтэй юм бэ. Чамайг өөрийг чинь барина” гээд л. Тэгээд нүүрний тос үйлдвэрлэж эхэлсэн. Сонин зардаг газраар дамжуулж тосоо зарсан. Тиймэрхүү маягтай эхэлж байсан даа. Эм гоо сайхны ”Монос” жижиг үйлдвэр тэгж л анх эхэлсэн. Манайх эхнээсээ инновацын компани байсан. Орос цэргийн ангийн хаяад явсан байшинд байрлана. Тухайн үед цахилгаан халаалтын систем гэж байгаагүй учир пааранд ус гүйлгэж, плитканы утсаар халаагаад эм найруулах хоёр өрөөндөө тавьчихсан. Өөрөө нэг өрөөтэй. Хаяг нь зохион бүтээх тасаг гэчихсэн. Захирал, эзэн гэж байхгүй. Манай найз нар намайг ганцаараа гэдгийг мэдэж байгаа хэрнээ “Танай тасгийнхан хаана байна” гэдэг. “Удахгүй олуулаа болно” л гэдэг байлаа. Тэндээ шинэ бүтээгдэхүүнээ туршдаг. Манайх анх “Булга” гээд тос гаргасан. “Төр Хурх”-ын хажууд булга үржүүлгийн газар өвөл болохоор булгыг нядлаад арьсыг нь авдаг. Харин би гулууз махыг нь авч өөхийг нь ялгаж бүтээгдэхүүндээ ашиглана. Ном, судар бичигт булганы тосоор нүүрний арьсыг арчилдаг талаар бичсэн байдаг. Богд ууланд бугын аж ахуй гэж байсан. Бугын цусан эврийг нь аваад нүүрний тос хийж, ургамал савлаж, хандалдаг болсон гээд бүхнийг тэгээс эхэлсэн. Ийм л түүхтэй.

-Одоо “Монос косметик” танай компаниудаас амжилтаараа дээгүүрт ордог байх?
-Сайн явж байгаа. Сүүлийн жилүүдэд бүр ч эрчимжиж байна. 
-Хэрэглэгчид төлөвших, компани хөлөө олох гээд энэ хоёр үйл явц явдаг. Монголд үйлдвэрлэсэн гэхээр итгэж өгдөггүй, гадаадынх гэхээр шүтдэг үйл явц одооноос л гайгүй болж байна.
-Энэ хоёр талтай. Үнэхээр үндэсний үйлдвэрлэгч нарт туршлага байхгүй байсан. Би яагаад зоригтой орсон бэ гэхээр шархны тос, эмчилгээний тос хийж чаддаг болохоор тэр туршлагадаа суурилж нүүрний тос хийсэн. Мөн монголд үйлдвэрлэл хөгжөөгүй байсан болохоор гадаадын чамин бараа шүтсэн хүмүүс л байсан. Одоо ч гэсэн үнэнээ хэлэхэд гадаадын бараатай өрсөлдөх хэцүү байгаа. Бид чанарын хувьд айхаа больж, туршлага сууж, гадаадын технологи нэвтрүүлж байна. Тэгсэн ч хамгийн гол нь маш их хэмжээтэй үйлдвэрлэж байж бүтээгдэхүүний үнэ хямдардаг. Ямар ч бүтээгдэхүүнд ашиг алдагдлын хугарлын цэг байдаг гэсэн эдийн засгийн ойлголт бий. Тэр хугарлын цэгт зарим нь хүрдэггүй алдагдалтай, зарим нь дөнгөж хугарлын цэгээ давахад ашиг гарахгүй учраас эдийн засгийн мэдлэггүй хүн бараандаа хамаагүй үнэ нэмж зардаг. Ийм 2-3 төрлийн бэрхшээл байдаг. Манай “Монос косметик”-ийн хувьд Япон, Солонгостой хамтарч судалгаа хийж байгаа. Солонгосын Дэгүгийн их сургуулийн гоо сайхны сургуультай хамтраад шампунь бусад бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах чиглэлд ажиллаж байгаа. Сая Японд очоод ABС гэдэг компанитай уулзаад Монгол-Японы хамтарсан косметикийн компани байгуулъя гэсэн. Гадаадынхан ч манайхыг тоож эхэлж байгаа энэ үед бид гадаад харилцаагаа өргөжүүлээд шинэ технологи сурах хэрэгтэй. Хүмүүс маань ч гэсэн гадагшаа их сурч байна. Косметик сайн хөгжиж байгаа. Эмийн үйлдвэр маань олон улсын болон GMP стандарт авчихсан. Дотроо гурван үйлдвэртэй. Эхний үйлдвэрийг 9,5 сая ам доллараар босголоо. Одоо хоёр дахь шатыг найман сая доллараар босгох гэж байна. Европын сэргээн босголтын банкны анхны зээлээр хоёр үе шаттай хэрэгжүүлж байна. Олон улсынх дотроо Америкийн GMP стандарт гэж өвөрмөц стандарт бий. Америк руу манайх бараагаа гаргах гээд Америкийн GMP стандартыг хангах бэлтгэл ажлаа хийж байна. Сая эхний групп ирээд явсан. Эм маань Америк руу гарна гээд их баярлаж, хичээж хөдөлмөрлөж байна.
-Таны амьдрал тэр чигээрээ ном юм аа?
-Германы нэг хэвлэлийн газраас  2-3 жилийн өмнө надад нэг санал тавьсан. Ямар ч айхтар улсууд юм.  “Танайх Монголын  хувийн хэвшлийн анхны  байгууллага юм байна. Анхны хувийн хэвшлийн түүх, баримтат уран сайхны юм хэрэгтэй байна. Та түүхээ өөрийн амьдралтайгаа бичиж өгөөч, та бас өөрөө юм бичдэг хүн юм байна” гэж хүсэлт тавьсан. Яг 1990 онд хувийн жижиг үйлдвэр байгуулж болно гэхэд манайх анхных болж байсан тухай танд би ярьсан даа. Тухайн үед тун завгүй байна гэдгээ хэлсэн. Тэгсэн нэг сэтгүүлчтэй цаг тохироод өдөрт 1-2 цаг ярилцлага хийхэд нэг хоёр сарын дараа ном гарчихна гэлээ. Тэд нар ч бүгдийг нь мэддэг юм билээ. 
-Тийм үү, сайхан санал байна. Ер нь зүгээр нэг текстэн хэлтэй “Сүмбэр уул”, “Өгсөх зам” ч гэнэ үү тийм номууд явахгүй л дээ. Та ч их баялаг түүхтэй хүн юм?
-Миний амьдрал одоо бодохоор бараг л адал явдлын  кино болохоор доо . Улсын ерөнхий прокурорыг харвах шахтал нь уурлуулж  балраад,  хөдөө цөлөгдөөд, хотод хүрээлэнд яаж орсон, анх бизнесээ эхлээд оросуудын шантаажинд орж, хэрхэн дээрэмдүүлж байсан гээд бүгдийг дурсвал бараг роман шүү. 
-Сүүлд төрийн хэрэгт оролцъё, Их хуралд нэр дэвшье гэж бодож байв уу. Намуудаас танд санал ирж байсан тухай би хүнээс сонсож байсан. Өөрөө дотооддоо аль нэг саналыг хүлээж аваад, ийшээ орж үзье гэсэн бодол төрж байгаагүй юу?
-Үгүй. Би улс төрд тохирохгүй хүн юм шиг байгаа юм. Улстөрчдөд надад байхгүй  янз бүрийн шинж чанарууд байх ёстой юм шиг байна лээ. Бас би одоогийн энэ ажлаа хийвэл улс орондоо илүү үр өгөөжтэй юм шиг. Ний нуугүй хэлэхэд би “Эм холбоо”-ны Ерөнхийлөгчөөр 20 жил ажилласан. Манай эм хангамжийн салбар олон улсын хэмжээнд хүрсэн. Манай зарим эмийн сан зарим улсад байхгүй. Өөрөө өөртөө үйлчилдэг эмийн сантай.  Дэлхийн шилдэг 20 пүүсийн 12-ынх нь эм монголд худалдаалагдаж байгаа. Би 20 жил хүний өөрийн гэхгүй энэ салбарын төлөө зүтгэсэн. Сүүлийн 20 жилд манай салбар хөгжсөн нь хоёр шалтгаантай. Улсын эм хангамжийн үйлдвэрлэл гэдэг агентлаг байсан. 1990 онд “Эмимпекс” концерн болгоод хувиргачихсан чинь худалдааны байгууллага болоод бусад салбараа удирдаж чадахаа байж, яаманд хэлтэс, тасаггүй болсон. Түүнээс хойш энэ салбар зах зээлийнхээ жаягаар урсгалаараа хөгжсөн. Агентлаг гараад ирэхээр хүнд суртал үүсдэг. Зах зээлийн жамаараа олон эмийн сан, үйлдвэр, эм ханган нийлүүлэх төв байгуулагдсан. Одоо тэгээд чанаргүй, хуурамч эм худалдаалдаг нь бараг байхгүй болсон. Улсын хүнд суртал байхгүй болохоор маш эрчимтэй хөгжсөн.  Одоо энэ салбар 100 хувь  хувийн хэвшлийнхний нуруун дээр байгаа. Зарим хүмүүс олон эмийн сан байна гээд хараагаад байгаа. Гэтэл олон эмийн сан байх тусмаа үйлчилгээ нь шуурхай болж, үнэ хямдарна. Улс үүнийг зөвхөн сайн хянадаг байх ёстой гэж ойлгож байна. Манай салбар хөгжсөн, цаашдаа ч хөгжинө. Би улсынхаа нэг салбарынх нь хөгжлийг ямар нэг байдлаар хариуцаад явж байна. Манай сургуулийг жилд 150 хүүхэд төгсөж байгаа. Эм хангамжийн салбарт ажилллагсдын 60% нь манай сургуулийг төгсөгчид болжээ. Сүүлийн үед эм зүйн шинжлэх ухааны сургууль төгссөн хүнийг ажилд авна гэж зар дээр бичдэг болсон.  Эм судлалын хүрээлэн маань  зөвхөн өөрийн гэлтгүй бусад үйлдвэрийн судалгаа шинжилгээг хийж өгч байгаа. Эм холбоо жинхэнэ ТББ болж чадлаа. 
-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг ойлголт гараад ирлээ. Яг хүний өвчнийг эмчлэх чадалтай эм юм уу гэхээр үгүй. Хүний дархлааг дэмжиж байдаг зүйлс юм байна.  Витамин гэх мэт эдгээр зүйлд ямар нэг хяналт байхгүй. Дур зоргоороо зурагтын хойно хоёр эмэгтэй сууж байгаад бүх юмыг анагаана, цагаан үсийг хар болгоно гэж рекламдаж байдаг. Сул задгай, эрх чөлөөтэй явж байгаа энэ хэсэгтэй ойлголцох юм уу, тэмцэх харилцаа бий юу?
- Уг  нь манай ажил биш л дээ. Гэхдээ энэ салбарт ажиллаж байгаа мэргэжлийн хүний хувьд ёс суртахуун гэдэг зүйл чангаагаад байна. Нэг хэсэг хуурамч эм их орж ирж байсан. Тэгээд манай эм холбоо МХЕГ, цагдаагийн байгууллагатай хамтраад хуурамч эмийг устгахаар явж байсан. Үүнийхээ хариуд би ч өөрөө юм амссан. Тэмцэл болгон үр дүнтэй, сайхан байдаггүй. Зөндөө л юм үзэж байсан. Одоо бол хааяа хулгайгаар, захуудаар хуурамч эм зарах асуудал гарна уу гэхээс өмнөхөө бодвол эрс багассан. Биологийн идэвхит бэлдмэлийн хувьд бид Эмийн хууль санаачилсан. Эмийн хуулинд биологийн идэвхит бэлдмэлийг оруулъя, ийм задгай байж болохгүй гэсэн хуулийг санаачилсан боловч мэргэжлийн хүмүүс оруулаад батлуулж чадаагүй. Гэхдээ хуучин биологийн идэвхит бодисыг ХХААЯ хариуцаж байсныг ЭМЯ-нд хариуцуулдаг болж, дүрэм журам баталж гаргасан. Үнэнийг хэлэхэд цэгцрэх нь цэгцэрч байгаа боловч хангалтгүй байгаа. Миний хувьд Үндсэн хуульд ганцхан юм өөрчлөөсэй гэж хүсдэг. 
-Юуг?
-Америкт Ерөнхийлөгч солигдоход гурван мянган хүн дагаад солигддог. Энэ нь гурван сая хүнтэй улсад тооцохоор 30 хүн таарч байгаа юм. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг солихоос биш бусад хүмүүс нь мэргэжлийн байх ёстой. Япон ч бай, Америкт ч бай сайд солигдоход төрийн нарийн бичгийн дарга солигддоггүй. Төрийн нарийн солигдохгүй бол тэрнээс доош албан тушаалтай бүх мэргэжлийн хүн солигдохгүй. Хэрэв Монгол Улсад тухайн мэргэжлээр мэргэшсэн хүн тухайн газрынхаа дарга хэвээр байвал 60 тэрбумын хэрэг ч гарахгүй байсан. Өөрөөр хэлбэл 50 хүн солиход болно. Засаг дарга бол аймгийг тэгж хөгжүүлнэ гэсэн намын бодлоготой. Сайд солигдлоо гэхэд тийм чиглэлд анхаарах хэрэгтэй гэх мэт бодлогод анхаарна уу гэхээс биш эрүүл мэндийн салбар савлаад байхгүй. Мэргэжлийн хүмүүсийг нь чиглүүлж өгнө үү гэхээс газрын дарга зэргийг нь солих зүйл биш. Би энэ чиглэлээр дуугарах гэхээр  ашиг сонирхлын зөрчилтэй хүн болчихоод байгаа юм. 

-Та ханандаа байгаа энэ зургийг тайлбарлаж өгөөч. Манлай баатар Дамдинсүрэн мөн үү?
Тийм. Би ер нь монголоор өвчилчихсөн хүн юм. Монгол бахархлын өдөр гээд болдог. Үүнийг аль нам санаачилсан нь хамаагүй. Би ер нь аль нэг намыг шүтдэггүй, намуудын аль сайн хийсэн болгоныг дэмжээд явдаг. Монголчууд эх орныхоо төлөө цусаа урсгаж явсан энэ сайхан хөвгүүд, Монголын тусгаар тогтнолыг хамгаалсан энэ хүмүүсээрээ нэг өдөр бахархахад буруу нь юу байх вэ гэж бодоод Монгол бахархлын өдрийн баярын мэндийг хүргэе гээд фэйсбүүкдээ бичсэн чинь намайг тэр өдөр 100-гаад хүн намчирхлаа гээд блок хийсэн. 
Би босоогоороо нас барсан Дамдинсүрэн, Бавуужав гэх мэт аавын хөвүүдийг хүндэлж явдаг. Бавуужав 1914 оны гэрээг зөвшөөрөлгүй байлдсаар байгаад өнгөрсөн гэх мэт тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан олон сайхан аавын хөвүүд бий. Жишээ нь, миний хуучин өрөөнд Р.Чойномыг тэмцэгч гэдгээр нь харуулсан зураг нь байгаа. Дэрмээ зураачийн Чингисийн есөн өрлөгийг зурсан зургаас зөвхөн Шихихутгийн зургийг авсан. Бусад нь нум сум агссан, дайчин хүмүүс.  Эхнэр бид хоёрын цуглуулгад гоё зурагнууд бий.
-Танай эхнэр тантай адилхан мэргэжилтэй, нэг салбарын хүн үү?
-Манай ээжтэй адилхан физикийн багш хүн. Би чинь олон багш нарын дунд амьдардаг хүн. Манай “Монос косметик”-ийг үндэслэн байгуулж хөгжүүлсэн дээ.  Бид хоёр нэг удаа  Нью- Йорк, Вашингтонд очсон. Би одоо ч санадаг. Конгрессын байшингаас доош хэдхэн зуун метр яваад хөрөг зургийн галерей байдаг. Бид уран зураг сонирхдог болохоороо орсон чинь зүгээр нэг хөрөг зураг биш дандаа бодит, түүхэн, Америкийг хөгжүүлэхэд гар бие оролцож байсан хүмүүсийн зураг байсан. Тэгээд Монголын түүхийг тэгж харуулах хөрөг зургийг цуглуулах гэсэн чинь  Монголд хөрөг зураг зурдаг хүн цөөхөн байдаг.Бас цөөхөн хаадын хөрөг зураг байдаг юм байна.  Тэгээд  19-20 дугаар зуун хүрч байж хөрөг зураг олдож эхэлж байна.. Хубилай хаан анх Чингис хаан буюу өөрийн өвөөгөө зуруулж байхдаа манай өвөө иймэрхүү хүн байсан. Тийм маягаар зураад өгөөч гэсэн байх. Ачид нь бол өвөө нь их л хөгшин харагддаг байсан байж таарна. Анхны мянганы суут хүн Христ. Хоёр дахь мянганы суут хүн Чингис. Тэр хүнийг бид уран зурагт яаж дүрслэх нь чухал. Чингис хаан бидний хувьд өвөө гэж үлдэх ёсгүй, суут хүний, баатар хүний дүрээр мөнхрөх ёстой. Тэр утгаар нь зуруулах гэхээр санаа ойлголцохгүй юм. 
-Та нээрээ сонирхолтой хүн юм аа?
-Хүн болгон өөр өөрийнхөөрөө хардаг байх. Миний өрөөнд Чингис хааны маань зураг бий. Хубилай хааны зуруулсан зургийг би нүдийг нь залуу болгоод өгөөч гэсэн. Өтөлж буй хүн шиг нүдний цог заль нь буурчихсан байгаагүй гээд нүдийг нь залуужуулж зураарай гэсэн. Ооч сахал нь хоёр салаа байхыг  гурван салаа болгож өгөөч гэсэн. Бусад хаадууд нь дандаа хоёр салаа байдаг. Би Чингисийг том юм чинь гурван салаа ооч сахалтайгаар, гэзгийг нь тодруулаад зуруулж авсан. Яг хуучин эх зургийг хуулуулахдаа ийм өөрчлөлт хийлгүүлсэн юм. Хоёулаа ч ярьсаар үндсэн сэдвээсээ хөндийрлөө дөө. 
-Хүн болгоны дотор амжилтад хүрэх тухай, сайхан амьдрах тухай мөрөөдөл бий. Их мөнгө олох, түүгээрээ хүссэнээ хийж бүтээх санаашрал тээдэггүй хүн гэж ер нь байдаггүй байх. Гэвч тэдний цөөхөнд нь л энэ боломж ирдэг. Бизнесмэн хүний бусдаас онцгой чанарууд гэвэл та юу ярих бол?
-Хүн болгон бизнес хийх боломж байхгүй. Бизнес хийх гэдэг бол тусгай хөдөлмөр. Бизнес хийхэд хамгийн түрүүнд шаардагддаг зүйл нь эрсдэл гаргах эр зориг. Нөгөө талд нь юмыг арай өөр өнцгөөс хардаг уран бүтээлч шиг хүн бас байх ёстой. Бусадтай адилхан талх, бусадтай адилхан чихэр хийх юм бол дунд зэргийн л сэтгэлгээтэй хүн. Өндөр ашиг олохгүй, амжилтад хүрэхгүй. Цөмөөрөө атар талх хийгээд байвал сонин биш. Гэтэл өнөөдөр талх ямар олон нэр төрөл байна. Энэ чинь л жинхэнэ бизнес. Хүний эрэлт хэрэгцээг олж харж чаддаг байх хэрэгтэй. Дээр нь түүнийгээ хэрэгжүүлэх чадвар, хүн удирдах чадвар, эдийн засгийн анализ хийх сэтгэлгээ хэрэгтэй. Тэр олон юмыг бүрдүүлж чаддаггүй юмаа гэхэд өөрийнхөө дутууг нөхөх нь чухал. Тухайлбал, мөнгө зарахдаа муу бол санхүүчээ ямар хүнээр авах, логик сэтгэлгээ муу бол стратегичаа ямар хүнээр ажиллуулах гээд дутуугаа нөхөж байж бизнесмэн болно. Төгс хүн гэж байхгүй. Ер нь бизнесийг хүн болгон хийж чадахгүй. Дэлхийд бизнесийг яаж хийдэг вэ гэхээр энгийн ард түмэн хувьцаа худалдаж авч хийдэг. Хувьцаа гэдэг ард түмний бизнес хийх нэг арга. Би Монголын ард түмэн хувьцаагаар дамжуулж  бизнес эрхлээсэй гэж боддог. Чадахгүй юмаа хийж шатаж байхын оронд сайн бизнес хийж байгаа компанид хөрөнгө оруулаад ашгаа хүртээсэй. Хүмүүс хувьцааг ойлгодоггүй. Банкинд мөнгө хадгалуулж, хувь авах нь хамгийн баталгаатай гэж үздэг. Гэтэл мөнгөний ханш унахад багахан хүү авна. Сайн компанийн хувьцааны ханш унадаггүй. Мөнгөний ханш унахад сайн компанийн хувьцааны ханш өсдөг. Ашиг нь өндөрсөөд л байна. Хэрэв 100 сая төгрөгийн хувьцаа авсан бол мөнгөний ханш унахад сайн компанийн хувьцааны үнэ 200 сая болж өсдөг. Үл хөдлөх хөрөнгө шиг. Мөнгө шиг ханш нь цулгуйдаад унахгүй. Банкны зээлийн хүү шиг ашгийн хувь  хүртэнэ. Банкны зээлийн хадгаламжаас ялгаатай нь үндсэн ханш унахгүй улам өснө. Компанийн хүү банкных шиг баталгаатай биш боловч тодорхой хэмжээний ашиг авна. Ашиг авахдаа сайн компанийг сонгож чадвал бас боломжийн. Тэгэхээр ард түмэнд хий дэмий юманд шатаж байснаас сайн компанид хөрөнгө оруулах нь ашиг олохоос гадна, улс орондоо туслах юм. Би олон банкинд томроход нь тусалж байна. Ард түмэн мөнгөний ханш унаад байгаа үед хэдэн төгрөгөө хувьцаа руу оруулаад ашиг хүртээсэй. “Говь”-ийн хувьцаа анх нэг ширхэг нь 100 төгрөгөөр л гарч байсан. Гэтэл одоо 18 мянга орчим төгрөг болсон. Энэ маягаар хэдэн мянга дахин үнэ нь өсч байна. Гэхдээ монголд хүү өгдөг компани бага. Яагаад гэвэл монголд жинхэнэ хувьцаат компани одоо л үүсч байна. Монгол Улс үйлдвэрүүдээ хувьчлахын тулд хувьцаат компани болгосноос биш зах зээлийнхээ жамаар болоогүй. Хувьцааны хууль нь жижиг хувьцаа эзэмшигчдээ хамгаалах аргаа ололгүй их алдсан. Одоо ч алдаж байгаа юм их бий. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнтэй би уулзаж байсан. Том, ажил нь жигдэрсэн компаниуд хувьцаа гаргаж, хувьцааны ашиг шимийг ойлгуулаад, ногдол ашиг хуваарилаад явбал их сайхан байна гэж ярьцгааж байлаа. Монголын зээл хүү өндөртэй, хэцүү, урт хугацааны үйлдвэр хөгжүүлэх зээл алга. Тиймээс гадаадаас хүү багатай урт хугацааны зээл авчихсан нь амар байна л даа. Хувьцаат компани байгуулна гэдэг бас  их өндөр хариуцлага.  

-Танай Монос Хүнс компани олон нийтэд нээлттэй компани болохоор ажиллаж байгаа тухай сонссон. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?
-Бид хамгийн ирээдүйтэй салбараа олон нийтэд нээлттэй болгохоор шийдсэн. Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн хүнс. Биологийн идэвхит бэлдмэл тэнд хийгдэж байгаа. Одоо бөөр хамгаалах бэлдмэл гэж хийгдэж байна. Үнэнийг хэлэхэд эр хүний тамир бөөрөндөө байдаг гэж уламжлалт анагаах ухаанд заадаг. Тэр ерөнхий хэллэг болохоос бүх л хүний тамир бөөрөндөө байдаг, эмэгтэй хүн ч ялгаагүй. Ялангуяа манай эмэгтэйчүүд их хэлмэгдэж байгаа. Монгол хүмүүс дээр үеэсээ доороосоо дулаалаад сурчихсан, хөвөнтэй өмд, гутал өмсдөг байсан ард түмэн одоо өвөлдөө их нимгэн хувцаслах болсон. Тэгэхээр эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн бөөрний үйл ажиллагааг сайжруулах, дэмжих бэлдмэл их эрэлттэй байх жишээтэй. 
Дархлаа дэмжих ундаа, барагшунтай, витаминтай ундаа байна. Энэ бол жинхэнэ орчин үеийн эрүүл мэндийн хүнсний чиг хандлага юм. Тэр чиглэлээрээ бид явж байна. 
Манай Экос ус гээд бий. Хүмүүс их зөөлөн ус гэдэг. Хүний цус шүлтлэг байдаг. Түүнд таарсан шүлтлэг ус хийчихээр уухад зохимжтой болно. Гэхдээ би түүнтэй адил биш шүлтлэгийг нь илүү хийсэн, 8,5 гэж байгаа. Судалгаанаас харахад монголчуудын 80 хувь нь ходоодны хүчил ихтэй. Учир нь мах их иддэг. Тэгэхээр тэр хүмүүс шүлтлэг ус ууж байх ёстой. Бүр хоолой руу нь гашуун оргиод байсан хүмүүс манай уснаас уугаад гурван сарын дотор зүгээр боллоо гэдэг. Манай эмийн сангаас хүмүүс Экос усыг авдраар нь авдаг. Ходоодны хүчил ихтэй хүмүүс цээж рүү нь гашуу оргихоо больж  байна. Мөн биед хэрэгтэй олон төрлийн минерал, эрдэс бодистой. Бид зүгээр нэг рашаан аваад савлаагүй. 
-Усаа бусдаас илүү болгосон гол түлхүүр нь юу юм?
-Монголын хамгийн сайн, ходоодонд хэрэглэдэг хужрыг ашиглан усыг шүлтлэг болгосон. Тийм учраас тодорхой хугацаанд уухад ходоодонд сайн нөлөө үзүүлж байх жишээтэй. Тэгээд энэ усаа рекламдаж сурталчилъя гэхээр зөвхөн ‘’Монос’’-ынхоо эмийн сангуудыг хангаж чадахгүй байна. 
Тиймээс ундаа усны том үйлдвэр барих гээд хувьцаа гаргаж байгаа юм. Манай бүтээгдэхүүнийг гадаадынхан сонирхож эхэлж байна. Одооныхоосоо 10 дахин илүү хүчин чадалтай үйлдвэртэй болно гэдэг ашигтай л юм болно. Цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, үйлдвэрлээд зах зээл нь таньдаг болчихсон бүтээгдэхүүнээ хийнэ. Зарим хувьцаат компани цаасан дээрх төслөөс бүтэж байна. Старт ап компаниуд ихэнх нь хувьцаат компани болж байна. 
Яг манайх шиг үйл ажиллагаа нь жигдэрчихсэн, бүтээгдэхүүнийг нь ард түмэн мэддэг компани хувьцаа гаргаж буй нь маш цөөхөн. Тийм учраас санхүүгийн зохицуулах хорооныхон дэмжиж байна. Мөн хөрөнгийн бирж хурдан хувьцаагаа гарга гээд байгаа. Хүмүүс ч их сонирхож асууж байна. Олон нийтийн компани болно гэхээр бидний хариуцлага өндөрсөж байгаа. Олон мянган хувьцаа эзэмшигчтэй болно. Аудитын дүгнэлт, үнэлгээ, хяналт шалгалт гээд бичиг баримт бүрдүүлэлтийн ажил их байдаг юм байна. Гэхдээ одоо дөхөж байна.
‘’Монос’’ группт бизнесийн үнэт зүйл зарчим гэж бий. Манай “Монос” инновацийн компани. Зохион бүтээх тасгийнхаа тухай түрүүн хэлсэн дээ. Тэр маань үнэхээр хөгжиж, олон хүнтэй болсон. Олон эрдэмтэнтэй болж “Монос эрдэм шинжилгээ”-ний төв болсон. Улмаар 2008 онд “Эм судлалын хүрээлэн” болсон. Одоо манай хүрээлэнд таван академич, 21 доктор, 99 магистр зэрэг маш олон хүн ажиллаж байна. Инновацийн компани болоход судалгаа шинжилгээ, мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэй. Бид гаднаас боловсон хүчин аваагүй. Ихэнх боловсон хүчнээ өөрсдөө бэлтгэсэн. Мөн гадаадад сургаж, доктор хамгаалуулсан. Манай компаниас Австри, Өмнөд Солонгос, Японд сурч байна. Олон улсад маш олон хүн явуулж сургаж байна. Манайд орсон хүмүүс “Би нэг хувийн компанид ажилд орсон юмсан. Сургуульд орчихсон юм шиг боллоо. Шалгалт өгөх юм. Байсхийгээд хичээл зааж, семинарт явуулах юм” гэдэг гэсэн. Тэгж түүчээ болж байж урд нь явж байгаа юм. Хүмүүст эмээ зөв тайлбарлаж, зөв хэрэглэх аргыг нь зааж өгөх хэрэгтэй. Санхүүгийнхэнд эдийн засгийн хичээл орно. Манайд “Маргаашийн манлайлагчид” гээд моносын залуусын клуб байдаг. Шууд манай хүний нөөцийн газар харьяалагддаг. Бид өөрсдөө байгуулсан. Ирээдүйн “Монос”-ын захирлуудыг бэлтгэдэг клуб. Дотроосоо захирлуудаа бэлтгэх гэж оролддог. Мөн академи байгаа. Одоо манайд нийт 27 захирал, 20 гаруй ахлах менежер бий. Эдгээр 50 гаруй хүмүүсийг байнгын сургалтаар хангаж байдаг. Эм зүйч гээд маш олон сургалтын клуб бий. Тэгж хүмүүсээ сургаж байж, инновацийг дэмжсэн тогтолцоог бий болгож байна. 
-Жилд бид судалгаа шинжилгээнд хэдий хэрийн зардал гаргадаг вэ?
-Тэрбум гаруй төгрөг зарцуулж байна. Эллипос эмэнд зарцуулсан хөрөнгөө тооцоход хэцүү юм билээ. Өөрөөр хэлбэл 1997 онд зарцуулсан хөрөнгийг одооны хэдэн төгрөгөөр тооцох вэ гээд. Бүгдийг долларт шилжүүлээд тооцоход 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байсан. Зарим эмэнд арай бага мөнгө зарцуулна. Инноваци гэдгийг хүмүүс бүтээгдэхүүн гэж ойлгоод байдаг. Гэтэл үйлчилгээний шинэ хэлбэр, арга барил, бүтээгдэхүүн гээд бүгд инновацид орж байгаа. 
Манайх ногоон өнгөөр “Монос” гэж брэнд үүсгэсэн чинь  бусад эмийн сангууд бараг бүгд дуурайчихсан. Хаяг байтугай тавилгаа хүртэл ногоон канттай хийлгэчихсэн. Бие биенийгээ ингэж дуурайхыг нь хараад заримдаа бачимдана. Заримдаа буян болж байна даа гэж бодно. 
Манай “Монос”-ыг саятны сургууль гэдэг байсан. Манайд ажиллаад ингэж хувийн эмийн сан, үйлдвэрийг ажиллуулдаг юм байна, ингэж эм ханган нийлүүлдэг юм байна, импортыг хэрхэн яаж эрхэлдэг юм гэдгийг сурч авдаг. Их олон сайн яваа эмийн сангийн сүлжээ, эм ханган нийлүүлэх төвүүдийг манайд ажиллаж байсан хүмүүс л бүтээсэн. Энэ нь нэг талаараа жаахан увайгүй мэт ч, би за яахав буян хийж байна даа гэж боддог. Бидний нэг анхаардаг зүйл нь ёс суртахуун, ёс зүй. Үнэнч шударга, ил тод, зүйтэй байя гэж хичээдэг. Ажил хийж байгаа бид нарт алдаж, онох зүйл бий. Төр засаг солигдохоор доод албан тушаалтнууд дагаад тэр чигээрээ солигддог. Манайд захирлууд бараг солигддоггүй, солигдлоо гэхэд доод албан тушаалын хүмүүс солигдохгүй. Тогтвортой хүмүүсээ тогтвортой ажиллуулах гэж хичээдэг. Цалинг байнга өсөн нэмэгдүүлж, ажиллах орчныг улам илүү сайжруулж байх гээд хэд хэдэн тогтсон зарчим бий. 
Бид монгол оюун санааг дэлхийд таниулна гэсэн утгаараа манай шампунь удахгүй гадагшаа гарна. Солонгосчууд болон Сингапурын Биоком компанитай хамтарч хөгжүүлээд гадагшаа гарах гэж байна. Япон руу манай уусдаг эко цай гарна. Монголчууд түүхий нүүрс, арьс шир экспортолдог улс биш эм гэх мэт оюуны бүтээл экспортолдог ард түмэн болно гэж зорьж байгаа нь хамгийн гол юм.

-Манайд маш их баялаг бий. Баялгийн орон. Газар доорх баялагтай олон жил зууралдаж байгаа боловч үр дүн бага байна. Тодорхой хэдэн хувийг нь эргэлтэд оруулах гэхээр хэл ам ихтэй. Хөрсөн дээрх баялаг буюу ургамал бас бий. Манай хөрсөнд ургадаггүй юм гэж ер нь байхгүй гэж ярих юм. 
-Байна. Нэгдүгээрт ургамлын нөөцөөсөө эхэлье. Манай “Монос”-ын эмийн ургамал тарималжуулах станц өөрсдийнхөө үйлдвэрлэдэг эмийн ургамлын түүхий эдийг тарихаас гадна, ховордсон ургамлын генофондыг хадгалдаг. Генафондыг хадгалахдаа Ботаникийн хүрээлэнгийнхэн  үрийг нь авч хадгалдаг. Тэр үр ямар нөхцөлд хадгалагдаж байна, дараа нь ургах эсэх нь эрсдэлтэй. Мэргэжлийн хүмүүс хичээж л байгаа. Харин манайх ховордсон ургамлыг амьдаар нь хадгалах гэж оролдож байгаа. Жижигхэн талбайд жил бүр ургаж байдаг  нэг наст ургамлын үрийг аваад дараа жил нь тарьдаг. Олон жилийн настай ургамлыг тарьж байгаад хөгшрөөд ирэхээр нь сольж ургуулдаг ч гэдэг юм уу. Бид Монголынхоо ховордсон ургамлын генофондыг хамгаалах гэж оролдож байна. Хоёрдугаарт, хунчир, алтан гагнуур нь хоёулаа монголд ховордсон ургамал. Тэгсэн хэрнээ эмчилгээний асар их ач холбогдолтой. Ялангуяа хунчирын нөөцийг нь арвижуулж байгаад сурталчилъя гэж бодож байгаа. Хүн орхоодойгоос дутахгүй хоёр гурван ургамлаа бид тарималжуулж байна. Солонгосчууд хэрхэн хүн орхоодойгоо брэнд болгоод байна вэ гэдгийг судлах гэж би хоёр Солонгост хоёуланд нь очиж хүн орхоодой тарьж буй аж ахуйг нь үзсэн. Би өөрөө ч орхоодой тарья гэж оролдсон. Цөмийн хүдэр ихтэй газартай ойр ургадаг орхоодой нь илүү их эмчилгээний идэвхтэй. Хойд Солонгосын улаан хүн орхоодойг дэлхий даяар шүтдэг байх жишээтэй. Тэр зүйлсийг ч үзэж судлаад ямар ч байсан монголынхоо хэдэн шидтэй ургамлыг сайн тарималжуулж авъя гээд олон жил ажиллаж патент авлаа. Агротехнологи боловсруулаад патент авахад 10 гаруй жилийг зарцуулдаг юм билээ. Би патент авлаа гээд өмчлөөд байгаа юм биш. Монголчууд таривал тарина биз. Харин одоо тарихад ч бэлэн болсон. Эхлээд 1000 метр квадрат талбайтай байсан бол одоо 10, 50, 100 мянган метр квадрат талбайтай болж өргөжиж байна. Ер нь цаашид  комбайнаар тарьж, брэндийнхээ нөөцийг бэлдэх хэрэгтэй.
-Та их юм уншдаг хүн. Дэлхийд анагааж чадахгүй байгаа дох, чихрийн шижин гэх мэт өвчин бий. Би танай салбарын хүмүүстэй уулзахаараа заавал хавчуулж асуудаг. Энэ зүгээс ямар чимээ байна вэ гэж?
-Чихрийн шижин өвчний үүсдэг шалтгааныг өрнийн шинжлэх ухааны ном уншаад сайн  олж чадахгүй байгаа. Дорнын анагаах ухааны судрууд уншаад бас  хайж л байна. Өвчин үүсэх шалтгааныг олвол эмчлэх ерөндөг нь ч бас олдоно шүү дээ. Уламжлалт анагаах ухааны олон мянган жор судалж байна. Үр дүн гарахаар нь ярилцъя. Дох-ын үндэсний төвтэй хамтраад дохтой хүмүүсийн дархлаа сайжруулах клиник туршилт өнгөрсөн онд эхэлсэн, энэ оны эцсээр үр дүн нь харагдах байх. Ясны сийрэгжилтээс сэргийлэх, эмчлэх шинэ эм бэлдмэл Солонгосын Данкукын их сургуулийн эрдэмтэдтэй хамтраад туршиж байна.  
   Ер нь манай сургууль болон хүрээлэнд Орос, Хятад, Япон, Солонгос, Чех зэрэг олон улсад докторын зэрэг хамгаалсан олон залуу эрдэмтэд ажиллаж байна. Япон, Солонгос, Хятад, Оросын олон хүрээлэн, их сургуультай хамтарсан судалгаа хийж байна. Дэлхий даяар мэргэжилтнүүд эдгээр өвчнийг ялан дийлэх арга замыг эрж, судалсаар байна.  
-Танд маш их баярлалаа. Дараа ахин ярилцах хүсэлтэй үлдлээ. Танай хамт олонд амжилт хүсье. 
-Баярлалаа.  


  

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав