Үндэсний бөхийн холбоо өнгөрсөн намраас хойших томоохон барилдаануудын амжилтаар нь бөхчүүдэд чансааны оноо олгож байгаа билээ.
Одоогоор эл чансааг улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий тэргүүлж, улсын начин Э.Батмагнай, улсын аварга О.Хангай, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын заан М.Лхагвагэрэл нар өнгөлж байна.
Тэрбээр Үндэсний Их баяр наадмаас хойших заалны барилдаануудын хоёрт нь түрүүлж, нэг үзүүрлэн, Их шөвөгт тавантаа, шөвгийн наймд дөрвөнтөө хүрээд байгаа юм.
Б.Бат-Өлзий ер нь том, жижиг нийлсэн 31 наадамд түрүүлж, баавартай амжилтыг дархалсан бөх билээ.
Харин аймаг, цэргийн цолтнуудын чансааг Сүхбаатар аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр манлайлж, Хэнтийн хурц арслан Д.Алтанцоож, Дундговийн хурц арслан Н.Амгаланбаатар, Ховдын арслан Ц.Төмөрцоож, Баянхонгорын Ч.Алтангэрэл нар өнгөнд эрэмбэтэй байгаа юм.
У.Чинзориг