"Харанга" хамтлагийн ахлагч, Төрийн шагналт, МУГЖ Ц.Энхманлай таалал төгсжээ.
1974 онд анх уран бүтээлийн замналаа эхэлж "Ногоон гэрэл" хамтлагт гитарчнаар орж, Я. Одсүрэнтэй хамт тоглодог байжээ. 1977-78 онд "Айзам" хамтлагт бөмбөрчнөөр тоглож байв. 1978 онд цэрэгт татагдан "Соёмбо" хамтлагт орж, 1986 он хүртэл хүчин зүтгэжээ. "Соёмбо" хамтлагт Ц. Чулуунбат, Н. Пүрэвдаш, Х. Лхагвасүрэн нартай танилцсан байна.
Я.Одсүрэнтэй "Ногоон гэрэл" хамтлагт тоглодог байхаасаа тэрээр хүнд рок хамтлаг байгуулахыг хүсч мөрөөдөж явжээ. Энэ мөрөөдөл нь 1989 онд биеллээ олж Ц. Чулуунбат, Н. Пүрэвдаш, Я. Одсүрэн, Х. Лхагвасүрэн нартай хамтран "Харанга" хамтлагийг байгуулсан юм. "Харанга" хамтлагийн анхны тоглолтын нэр түүний үг, аяыг нь зохиосон, төрийн шагналт бүтээл болох "Амьдрал" дууны нэрээр нэрлэгдсэн юм.
Урлагийн салбарт тод мөрөө үлдээсэн тэрбээр 68 насандаа ийнхүү бурхны орныг зорилоо. Түүний ар гэр, найз нөхөд, төрөл төрөгсөд болон "Харанга" хамтлагийнханд гүн эмгэнэл илэрхийлье.