Тэр бол Метро Девелопмент группийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, “Насан туршдаа суралцахуй” номын зохиогч Бадарчийн Одсүрэн.

Тэр бол Монголын анхны агаарын тээвэр зуучлалын компаниудын нэгийг байгуулж, Төв номын санд электрон номын сангийн системийг бүрдүүлж, соронзон туузат картыг зах зээлд нэвтрүүлсэн төдийгүй барилгын салбарт олон амжилттай төслийг хэрэгжүүлсэн бизнесмен юм.  

-Та Метро группийн ТУЗ-ийн дарга. Бадарчийн Одсүрэн Odsuren_Badarch хаягтай жиргээч, нийгмийн сүлжээнд идэвхтэй хэрэглэгч гэдгээр таныг мэдэж байна. Тэгэхээр таны удам судрын талаар сонирхож болох уу. Ер нь Бадарчийнх гэж ямархуу айл байв. Хүүхэд ахуй насаа хаана, хэрхэн өнгөрөөв гэх мэт хувийн түүх рүү тань орсон асуултуудаар яриагаа эхлэхээр шийдлээ?

- Намайг Бадарчийн Одсүрэн гэдэг. Би 45 настай, дөрвөн  хүүхдийн аав хүн. Ер нь бол Улаанбаатар хотын уугуул. Миний бага нас 50 мянгатад өнгөрсөн. Манайх 25-р байранд амьдардаг байлаа. Хүүхэд ахуй наснаас эхлээд, 21 нас хүртлээ тэнд амьдарсан. Намайг төрөхөд манай аав ээж хоёр оюутнууд байж. Тэд Уралын Политехникийн дээд сургуульд сурч байсан. Миний  аав Булган аймгийн Дашинчилэн сумаас гаралтай хүн л дээ. Тэгээд намайг зарим нь ааваар маань татаж Булганых гэдэг. Гэтэл би чинь цэвэр хотын хүүхэд.

-ШУТИС-ийн, манай Бадарч ахын хүү юм уу ?

-Тийм. Түүх их сонин л доо. Аав ээж хоёр оюутан байсан учраас намайг төрүүлээд найман сартай байхад өвөө эмээ хоёр дээр орхисон.

-Аль талын өвөө эмээ дээр?

-Ээжийн аав ээж хоёр. Өвөө эмээ маань тэгж 11 сартай намайг аваад үлдсэн байдаг.

-Танай аавын аавыг Дэндэв гэж хүн байна уу?

-Тийм. Би танд бүр эхнээс нь ярья.

-Тийм ээ. Ярилгүй яах вэ. Би хуучинсаг санагдаж магадгүй. Удам судар гэдэг уг нь хамгийн чухал өв юм шүү дээ?

-Өвөөгийнд бид их олуулаа амьдардаг байсан юм. 50 мянгатын байрнууд дундаа арай цөөхөн айлтай, давхартаа хоёрхон айлтай, гурван өрөө байрнууд байдаг даа. Манайд яг л тэр байранд амьдарна. Хэв маягийн хувьд хотын нэлээн нэр төртэй, сэхээтнүүд голдуу оршино. Манай өвөөг бас Бадарч гэдэг юм. Тэр бяцхан амьтныг өвөө эмээ минь ямар ч зоригтой авч үлдсэн юм. Улаан нялзрай жаахан амьтан шүү дээ. Уйлаад байхаар нь аргаа бараад эмээ минь сүүгээ гартал мөөмөө хөхүүлсэн гэхээр сэтгэл дэнслэхээр байгаа биз дээ. Энэ явдал цаагуураа үр хүүхдээ сургууль соёлоо дүүргэж, боловсрол эзэмшихэд нь үзүүлж буй асар том дэмжлэг байж дээ гэж би дөрвөн хүүхдийн аав болчихоод л бодсон.

-Ямар сонин тохиолдол вэ?

-Та намайг ойлгоорой. Эмээгээ ярихаар өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээд байдаг юм. Би тэдний хамгийн том зээ хүү нь л дээ. Тийм болоод ч тэр юм уу надад маш их хайртай. Үнэхээр гайхмаар их хайртай байсан. Цаг үе хэцүү байлаа. Би нэг юмыг аягүй сайн санадаг юм. Гадуур хүүхдүүд мөхөөлдөс идээд явж байхыг хараад би авна гээд л дайрчихсан... Тэгсэн эмээ маань юм бодоод суугаад байсан. “Хүүхдүүд мөхөөлдөс идээд байна. Яагаад би идэж болохгүй юм бэ. Надад аваад өг л дөө” гээд л уйлж гарсан. Тэгсэн манай гэрт мөнгө байхгүй болчихсон, ердөө зургаахан төгрөгтэй байсан юм билээ. Бараг хоёр цаг дуугүй суусан эмээ маань гараад нөгөө мөнгөөрөө нэлээн хэдэн мөхөөлдөс аваад ирэв. Тэгээд надад хоёрыг нь өгөөд, үлдсэнийг нь ойр хавийн хүүхдүүдэд тараачихаж билээ. Харин тэр орой нь манайх махгүй хоносон доо. Ямар агуу хайр вэ. Хайр гэдэг ямар агуу юм бэ. Өнөөдрийн 40 гарсан хойноо эргээд бодоход хайрлагдаагүй, хайранд өсч чадаагүй хүн ямар байдгийг эргэцүүлээд өөрийн эрхгүй сэтгэл хачин болдог. Би азтай хүн шүү.

-Хайр үзээгүй, хатуу хүйтэн орчинд өссөн хүн, хайранд умбаж өссөн хүмүүс хоёрын хооронд маш их ялгаа байдаг л даа.

-Жишээ нь, би аливаад маш энэрэнгүй ханддаг. Ер нь л ертөнцийг эерэгээр хардаг.

-Яагаад ч юм надад анх “ширүүн” хүн юм шиг харагдсан?

-Үгүй үгүй. Би маш зөөлхөн. Өөрийнхөө эрхийг хасч байгаад хүнд туслахыг зорьдог сайхан чанар надад бий. Энэ орон, хотоо сайхан янзлах юмсан, орчин тойрноо өөрчлөх юмсан гэсэн сэтгэл миний дотор үргэлж эргэлдэж байдаг. Манай өвөө маш хатуу хүн байсан. Цэргийн хүн байсан. Үг дуу цөөтэй, надад 30 минут гадаа тоглох эрх л өгнө. Яг тэр цагтаа орж ирэх ёстой. Хааяа өөртөө илүү цаг гаргаж тогловол суран бүсний амтыг ч үзнэ.

-Амласандаа хүрсэнгүй гэж...

-Эр хүн ярьсан тохирсондоо байх ёстой гэнэ. Нэг талаасаа би маш их хайр халамж, нөгөө талаасаа хатуу чанга, зарчимч шаардлага дор өвөө эмээ дээрээ найман нас хүртэл амьдарсан.

-Аав ээж хоёроо төгсөж ирээд төвхнөтөл гэсэн үг үү?

-Тийм. Ээж аав хоёр дээр би ерөөсөө очдоггүй байсан. Чи миний хүүхэд мөн юм уу, биш юм уу гэж хүртэл загнуулна. Долоохон хоног оччихоод л эмээ дээрээ очлоо гэж орилсоор байгаад ирдэг тийм л сонин хүүхэд байлаа. Аав ээж хоёртой хамт аавын аав Дэндэв өвөө амьдардаг байсан юм шиг байгаа юм. Дэндэв өвөө орон доогуураа нэг тийм жижигхэн чемодантай. Тэр чемоданаараа дүүрэн чихэртэй. Тэгээд надад өдөрт нэг чихэр л өгдөг. Гурван өрөө байранд эмээгийнхээ хэмжээ хязгааргүй хайранд хөлбөрдөг хүнд тэр гэрт дасахгүй байхгүй юу. Өвөөгийн байранд ээжийн дүү нартай олуулаа амьдарна. Тэр олон дотроос намайг л илүү бөөцийлдөг байсан. Олон хүүхдийн дэргэд буланд цааш нь харуулж байгаад л миний аманд чихэр хийчихээд, миний хүү хурдан идээрэй гэдэгсэн. Ийм байсан хүн чинь өдөрт нэг чихэр өгөхөөр гайхна биз дээ. Ямар харамч өвөө вэ гэж бодно. Эмээ минь намайг сургуульд ороод хоёрдугаар ангид байхад бурхан болсон. Тэр үед эмээгээ санаад миний үс бөөстөж байлаа. Бэтгэрэхээр бөөстдөг юм байна лээ. Ах эгч нар маань энэ хүүхэд бэтгэрчихлээ гээд л...Ертөнц цөмөрчихсөн юм шиг санагдаад, жорлондоо ороод уйлдагсан.

-Эмээ тань хэдтэйдээ өнгөрсөн бэ?

-Намайг найман настайд. Тийм ч өндөр наслаагүй. Эмээгээ өнгөрсний дараа өвөөгийн хатуу гараар явав. Тэр үед манай дүү төрсөн байсан. За, дүүгийнхээ бантанг хийнээ гэдгээс л эхэлж байгаа юм. Наймхан настай хүүхэд шүү дээ. Шууд бантан хийх даалгавар авсан. Дүү маань баачихна. Тэр үед живх гэж байхгүй. Чи дүүгээ сайн  харсангүй баалгачихлаа, энэ орныхоо даавууг угаа гэнэ. Том орны даавуу шүү дээ. Энэ үеэс л би хариуцлага гэдгийг сурсан. Ганцхан өөрийнхөө төлөө анхаарал тавих ёстой хүн байхаа больсон. Чи дүүтэй хүн, дүүгээ асрах ёстой гэсэн шинэ үзэл санаа миний амьдралд орж ирсэн гэх үү дээ.

-Та хэдэн дүүтэй вэ?

-Би хоёр дүүтэй. Хоёулаа  эрэгтэй. Бага дүү маань бүр сүүлд төрсөн.

-Гурван хүүтэй айл юм байна...

-Тийм ээ. Тулгын гурван чулуу шиг...

-Та аль сургуульд сурсан бэ?

-Нийслэлийн 23 дугаар сургуульд. Тэндээ 10 жилээ төгссөн. Орос сургуулийн тийм нэг онцлог байдаг. Анх сургуульд ороход л шууд орос хэл заана. Бүх хичээл оросоор, бүх багш нар орос. Монгол хэлний багш, биеийн тамирын багш хоёр л монгол багш. Сургууль маань нийслэлийн тусгай дунд сургууль гэсэн статустай. 100 хувь орос сургуулиар явсан хүүхдийн сэтгэхүй нь арай жаахан ахуйгаасаа холддог бол манай сургууль өөр, нэг тийм еврей маягийн философитой. Полина Михайловна гэж манай нэгдүгээр ангийн багш байсан. Надад маш их хайртай. Үргэлж дэмждэгсэн.

-Багш нар хичээлдээ сайн, эсвэл бүр сахилгагүй хүүхдэд илүү хандаад байх  шиг санагддаг сан.

-Тийм. Тухайн үед багш нарын арга барил их өөр байжээ. Хүүхдийг хүн болгохын төлөө бэлддэг. Хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг, чин сэтгэлээсээ хичээдэг тийм багш нар байсан. Ялангуяа зарчмын асуудал дээр цэх зогсож сурахыг хар багаас л суулгасан байдаг. Соёлын хувьд өргөн дэлгэр ойлголт өгөхөөс гадна, ахуйн хүмүүжил олгоход онцгой анхаарна. Хажуугаар нь нийгмийн ажил хийлгэж, биеийн тамир спортын арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулна. Шинэ жилээр олон сонирхолтой уралдаан тэмцээн болно. Би намар хичээлдээ орж ирээд л ганцхан сарын дотор бүтэн жилийнхээ бодлогуудыг бодчихдог хүүхэд байлаа. Манай ангид тийм 2-3 хүүхэд л байв. Багш “Та нар бодчихсон юм чинь хойно суу, бусад хүүхдүүддээ хэлж өгч болохгүй шүү” гэнэ. Тэгээд л шалгалтын үед арын ширээнд суудаг байлаа шүү дээ.

-Аравдугаар ангиа төгсөөд аль сургуульд элсэв?

-Ерэн оны үе ирлээ. Мэдээж нийгэм бүхэлдээ солигдсон. Оросын систем нуран унаж Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн. Манай ээжийн дүү Баярсүрэн гэж ах бий. Тэр ахынхаа паспортны ар талд насанд хүрээгүй учраас хавсралт хийлгээд анх удаа наймаанд дагаж явсан. Манай ээж их зоригтой хүн шүү.

-Тийм гэж үү. Гэхдээ зуны амралтаараа биз дээ?

-Тийм, зуны амралтаараа. Тэгээд л шүүхийн баахан хүмүүстэй хамт автобустай Иркутск руу явлаа. Миний хувьд бүх юм сонин хачин. Алтанбулаг дээр хилээр машин гаргах гэж аймаар их шалгалт шүүлэгтэй. Бөөн л юм болно. Анхны аялал болоод тэр үү, ерөөсөө санаанаас гардаггүй юм. Алтанбулагт иртэл морьтой атаманууд нөгөө хамт явж байсан ах нартай зодолдох гээд маргалдаад л... Ер нь нийгмийн үе нэлээн ширүүн байсан шүү дээ. Тэгээд зодоон болоод, автобусны бараг талаас илүү нь буцсан. Үлдсэн хэд нь цаашаа хил давсан. Тухайн үед чинь их дэлгүүрээс монголын гутал, савхин куртка аваад л явж байгаа ш дээ. Анх удаа тэгж би Орос орныг үзсэн. Хэлийг нь мэддэг учраас оросоор ярина. Бараг л хоёрдогч орондоо очиж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байсан. Тэгээд нөгөө авч очсон хэдэн савхин куртка, гутлаа зарчихаад зөрүүлээд бас бус юмнуудаа аваад Улаанбаатарт ирдэг байлаа. 

-Анхны наймаа тэгээд амжилттай юу ?

-Анхны наймаа амжилттай. Ер нь бол тэндээс анх мэдэрч авсан зүйл юу вэ гэхээр мөнгө гэдэг зүйл ямар хэрэгтэй болохыг ойлгож авсан.

-Танай ээж үнэхээр зоригтой хүн юм. Дөнгөж наймдугаар анги төгссөн хүүхдийг хил давуулаад явуулчихдаг?

-Миний ээж маш эршүүд хүн. Дээрээс нь өндөр боловсролтой.

-Том хүүгээ амьдралын өмнө сайн бэлтгэх ёстой гэсэн хатуу зорилготой байсан байх даа?

-Намайг бага байхаас л захидаг байсан. Чи хоёр дүүгийнхээ амьдралыг хариуцна шүү. Чи энэ гэр бүлийг авч явах ёстой гэж. Тэгээд багаасаа үүрэг хариуцлагад суралцсан. Яг энэ наймаа хийж явсан үед сургуульд бүтцийн өөрчлөлт хийж, бүх орос багшийг явуулж, Олон улсын хэлний сургууль болчихсон байв. Сурагчдыг математик, нийгэм, биологи гээд төрөлжүүлэн хуваарилсан. Би мэдээж тооны ангидаа орсон. Сургуулиа төгсөөд КТМС –д элссэн. 600 хүүхдээс эхний зургаад жагсаж, улсын тэтгэлэг авсан. Тэр үед бас нэгэн шинэлэг зүйл болсон нь аав минь Техникийн их сургуульд ажиллахаар болж, Монгол Улсад компьютер гэдэг юм хэрэгтэй, тооцоолон бодох машин хэрэгтэй, программ хангамж гэдэг юмыг нэвтрүүлэх ёстой, менежмент гэдэг чухал ойлголт байна, Энэ хүмүүсийг манлайлах, удирдан зохион байгуулах ийм салбарыг хөгжүүлэх шаардлагатай гээд Компьютер, техник менежментийн сургуулийг цоо шинээр байгуулсан юм билээ. Энэ мөчөөс хойш 30 жил болжээ.

-ШУТИС-д ректороор ирээд хуучин явж байсан Политехникийн сургалтын арга барилыг орвонгоор нь эргүүлсэн. Маш том реформ гэж үздэг?

-Нүсэр ажил байсан юм билээ. Кредит системийг анх нэвтрүүлсэн. Их дээд сургууль хоорондоо ассоциацтай, бодлогоо харилцан ярьдаг байх ёстой гээд консерциум байгуулсан. Тэр дундаас хамгийн дэвшилттэй нь Компьютер, техник менежментийн сургууль гэж би боддог. Энэ сургууль өнөөдрийг хүртэл олон мянган боловсон хүчин бэлтгэсэн. Тэр боловсон хүчний хүчинд Монгол Улс программ хангамжийг тодорхой хэмжээнд өөрсдөө бичиж байна.

-Программ хангамжийн салбарыг босгож ирэх үндэсний боловсон хүчнүүдээ өөрсдөө бэлтгэж авах ажлыг хийсэн л дээ.

-Тийм. Гэхдээ хамгийн инээдтэй нь КТМС байхгүй болсон шүү дээ. Л.Гантөмөр гарч ирээд байхгүй болгосон.

-Тийм гэж үү. Үнэхээр сонсоогүй юм байна. 

-Маш гунигтай. Бид нар чинь одоо дижитал ертөнц рүү алхаж байгаа шүү дээ. Дэлхий ямар өөр болж байгаа билээ. Гэтэл энэ том сургууль байхгүй болчихсон. Би үүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Миний ухаан хүрэхгүй байна.

-Харамсалтай юм. За тэгээд оюутан болжээ. 

-Сурлаа. Бас сургуулийнхаа хажуугаар наймаа хийнээ. Жинхэнэ ганзагачин болсон. (инээв) Ахтайгаа, ахынхаа далбаан дор явдаг байсан бол сүүлдээ биеэ даагаад явдаг болсон. Үүргийн наймаагаар би таван жил явсан. Бизнесийн гараа руугаа орсон. Тэгж байтал наймааны ид үе шувтарлаа. Тэнд нэг онцлог байлаа. Юу вэ гэхээр орос хятад хоорондоо маш хаалттай. Хоёулаа коммунист, социалист улс. Социалист улс, глобалчлалд нэгдэж учраа олох гэж нэлээн удаан бодлого нь явагдсан. Ямар ч байсан таван жилийн дотор том улсууд хөлөө олчихож л байгаа юм. Хөршүүд маань глобалчлалд хөлөө олж эхлэх үед монголчууд зах зээлээс шахагдаж таарсан. Тэр үед би анзаарч билээ. Анх хятадад очсон дүр зураг одоо ч миний нүдэнд харагддаг. Бээжингийн вагоны буудал 10 жилийн өмнөх Эрээний буудал шиг л байсан. 30 жилийн дотор урд хөрш маань ямар хүчтэй реформ хийв ээ. Ямар их хурдтай өөрчлөгдөж байна вэ. Өнөөдөр дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай улс болчихлоо шүү дээ. Тэгэхээр аливаа орны хөгжлийн бодлогыг хөтлөх, удирдагч нарын алсын хараа ямар чухлын илэрхийлэл энэ бус уу. Хүн өчигдрөөсөө илүү амьдрах ёстой. Тэр маш чухал. Миний харж, ойлгож байгаа зүйлс нэмэгдэх л ёстой. Яг энэ зарчмаа баривал хүн үргэлж шинэчлэгдэнэ. 

-КТМС-ийг та ямар мэргэжлээр төгссөн юм бэ ?

-Мэдээлэл технологийн менежмент.

-Анхны компаниа 1995 онд байгуулсан байв уу?

-“Монгол карт системс” компани. Өөр компанийн нэр дээр байж байгаад 1997 онд компаниа байгуулсан.

-Таны өвөө цэргийн хүн байсан. Өвөөгийнхөө нөлөөгөөр тэр талын мэргэжил сонгож ч болно. Тооны анги төгссөн юм чинь бүх төрлийн инженерийн ангиудад орж болно. Энэ мэргэжлийг та яагаад сонгосон юм бэ. Эсвэл аавын тань зөвлөгөө юм уу?

-Манай өвөө бас л намайг бага байхад өнгөрсөн. Тэгэхээр өвөө маань мэргэжилд нөлөөлөх бололцоогүй байсан. Миний өөрийгөө хөгжүүлсэн суурь юу байсан гэхээр нөгөө бага боловсролын математик бодох чадвар, логик сэтгэлгээ. Би саяхан “Насан туршийн боловсол” нэртэй номоо гаргалаа. Боловсрол гэж юу юм бэ гэдгийг томьёолох гэж оролдсон юм. Бид нар боловсролыг зүгээр халаасандаа хийгээд байлгадаг үнэ цэнтэй зүйл гэж ойлгодог. Үнэндээ бол боловсрол гэдэг нь процесс, үйл явц. Хенри Фордын хэлсэн нэгэн алдартай үг байдаг.

-Эхлэлтэй болохоос төгсгөлгүй процесс л доо?

-Төгсгөлгүй процесс. Тэгэхээр хамгийн гол асуудал нь хүн өчигдрөөсөө илүү амьдрах ёстой.  Тэр маш чухал. Миний харж, ойлгож байгаа зүйлс нэмэгдэх л ёстой. Яг энэ зарчмаа баримталбал хүн үргэлж шинэчлэгдэнэ.

-Монголын анхны агаарын тээвэр зуучлалын компанийн нэгийг байгуулж байсан юм билээ. Тухайн үед бол бас л сонин бизнес шүү дээ. Хүн болгон барьж аваад байдаггүй. Энэ рүү яагаад орсон юм бэ?

-Манай нэг найз санал тавиад. Тэр үед Хятад улс Олон улсын худалдааны байгууллагад элсээгүй байсан юм. Тэгээд Улаанбаатар хотод “Монголд үйлдвэрлэв” гээд Хятадын компаниуд монгол ажилтнуудаар хувцас оёулаад АНУ руу гаргадаг байсан. 30-аад компани ажиллана. Тэгээд ихэвчлэн контейнерээр бүх бараагаа гаргадаг. Цаг хугацаандаа бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэдэг хатуу гэрээтэй ажиллана. Зарим бүтээгдэхүүнээ онгоцоор маш их хэмжээгээр явуулдаг байсан. Ер нь энэ ажлаасаа болж тээвэр зуучлалын бизнес эрхлэх боломжтойг олж харсан.

-Соронзон туузат карт анх зах зээлд нэвтрүүлсэн гээд  таны бизнесийн түүх сонирхолтой юм. 30-аад жилийн үнэ цэнтэй хөдөлмөр. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж байж яагаад улс төр рүү хөл тавив. Таны сонгогчдын сонирхож байгаа асуултын нэг болов уу?

-Сүүлийн таван жил миний дотор сэтгэлийн гүнээс нийгэмд болохгүй байгаа зүйлсийг шүүмжлэх, энийг ингээд шийдчих юмсан гэх үзэл толгойгоор дүүрч эхэлсэн. Яагаад ингэж өөрчлөгдсөнөө өөрөө ойлгохгүй байгаа. Нөгөө талаас биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг хоосон үг биш юм билээ. Хүн 30 хүртлээ юу ч бодохгүй, ирээдүйдээ санаа зовдоггүй юм билээ. Тэгээд гэнэт ухаан ороод 30-аас хойш илжиг шиг зүтгэдэг юм байна. 45 наснаас хойш эрч хүч буурч амаараа ажиллах үе ирдэг. 60 наснаас хойшоо сармагчин шиг амьдарч эхэлдэг гэсэн ийм хошин яриа байдаг шүү дээ. Залуу үеэ бид нар бодохгүй байна. Ирээдүйгээ, хойч үеэ хүнд хэцүү цаг үетэй нүүр тулах үед хэрхэх талаар  бэлтгэхгүй байна. Өнгөрсөн хугацааныхаа алдаанд бид анализ хийхгүй байна. Улс орон маань зүгээр нэг тийм богинохон фокустай камер шиг явж болох юм уу. Энэ талаас миний үзэл бодолтой маш олон залуучууд нэгддэг. Ирээдүйд энэ улс орныг бид ямар алсын хараагаар хааш нь залж чиглүүлэх вэ. Ямар ирээдүй рүү чиглүүлэх вэ. Энэ хүнд геополитекийн нөхцөл байдалд бид хэрхэн амьд гарах вэ. Яаж бие даах вэ гээд олон асуудал байна. Хамгийн гол нь надад бодол санаа байна, шийдэл байна. Би энийг өөрөө бодож олоогүй, би маш олон ном уншдаг, судалгаа хийдэг, маш их дэнсэлдэг. Одоо ген гэдэг юм уу, юу гэдэг юм, юу ч гэж хэлж болно. Би зүгээр суудаг хүн биш ээ. Миний тархи маш их ажилладаг. Өөрчлөгдөж байгаа энэ нийгэмд цаг хугацаатай уралдаж, ирээдүйдээ бид бэлтгэх ёстой. Одоогийн байгаагаасаа илүү соёлтой,  мэдлэгтэй, чадвартай, чадамжтай, байх ёстой. Энийг хийхэд би өөрийн хувь нэмрийг  оруулж чадна гэдэгтээ бат итгэлтэй байгаа юм. 

-Ер нь бол ойлгож байна. Хэрвээ юм голдиролоороо явдаг бол нэг ч бизнесмен төртэй очиж хутгалдахыг хүсэхгүй гэж. Та ч гэсэн “Эдийн засгийг удирддаг далд гар гэж байхгүй ээ. Тэр бухимдуулаад байгаа, самраад байгаа далд гар чинь Төр өөрөө юм байна” гэж хэлсэн байсан.

-Бид нар хаана амьдраад байгаа вэ гэдгээ ойлгох ёстой. Монгол хүн гэж хэн бэ. Бид ямар нөхцөлд амьдраад байна вэ. Яг үнэндээ бид хүндрэлтэй нөхцөл байдлаа шударгаар олж харах ёстой. Манай улсын эдийн засаг олон улсын валютын сан, дэлхийн банк гэх мэт дандаа гадны донор байгууллагуудаас хамааралтай явж байна. Нэг гүүр барихад л гадны донороос санхүүжиж, зөвлөмжөө авна. Тэгээд бөөн зээл. 30 жилийн хугацаатай, бага хүүтэй авсан л гэнэ. Буцаагаад дараа нь тэрийг хэн төлөх вэ. Эргээд монголчуудынхаа бүтээсэн, өөрсдийнхөө нэмүү өртөг, байгалийн баялаг, иргэдийнхээ татвараас төлнө шүү дээ. Бидэнд зээлгүйгээр өөрсдөө хот, гүүр, сургуулиа бариад явах боломж бий шүү дээ. Харамсалтай нь энд маш том гүнзгий асуудлууд байгаа юм. Нэгдүгээрт бид хойд хөршөөсөө эрчим хүчний хамааралтай. Бараг 100 хувь. Тэр хараат байдлаас гарах гээд хичээж байна. Өөрсдөө нефт боловсруулъя гэнэ. Энэ маш зөв зүйл. Нэг л өдөр “За, нөхдүүдээ бид бензин өгөхөө болилоо” гэхэд л бид морин дээрээ мордох нь. Өөрөө явах тээврийн хэрэгсэлгүй болох гээд байна. Хоёрт нь, бид эдийн засгийн хувьд, импортын хувьд урд хөршөөсөө 80- 90 хувь хамааралтай гээд л бод.

-Элчин сайд нь хэлж байхад уу?

-Тийм. Мөн мөнгөний бодлого, манай валюттай харьцах ханш. Энэ болгон дандаа гадны донор орнуудын зөвлөмжөөр явж байна. Дэлхийн эдийн засгийг тодорхойлогч улс орнуудад Монгол Улс ердөө л нүүрс, зэс гэж харагддаг. Манай боловсролыг дээшлүүлье, Монгол хүнийг хөгжүүлье, хотуудыг нь сайхан болгоё, мал аж ахуйг нь хөгжүүлье гэсэн тийм бодлого байхгүй. Танайх нүүрсээ их хэмжээгээр гарга. Төмөр замаа тавь. Зэсээ сайхан боловсруул. Зэсийн ганц хоёр үйлдвэрт чинь бид нар банкуудаа оруулъя. Олон улсын гэрээ хэлэлцээр, конвенцийн дагуу энэ мэтээр ажиллаад л яваа. Гэхдээ энэ бодлого нь бүх улс оронд ижилхэн. Бид энэ бодлогоор нь 30 жил явлаа. Өөрсдийнхөө олдог мөнгөнөөс хэд дахин илүү их өртэй болчихлоо. Энэ өр хэзээ дуусах вэ. Өр бол өр шүү дээ. Авчихсан юм чинь өгнө.

-Нэмээд л аваад байна шүү дээ?

-Юугаар өгөх юм бэ. Бид нар өөрсдийнхөө газрын баялгаар, иргэдийнхээ татвараар, бусад нөөц хөрөнгөөрөө энэ өр зээлүүдийг үр ашигтай ч байна уу, үр ашиггүй ч байсан гэрээний дагуу үүргээ хүлээгээд төлөөд явж байгаа. Тэгвэл бид нар яаж амьдрах юм бэ гэдэг асуудал гарч байна. Бие даах ёстой. Насанд хүрэх ёстой. Бид нар угж хөхдөг жоохон хүүхэд шиг л байна. Залуучууд юу хүсч байна вэ. Бие даасан байдал, чөлөөтэй, боловсролтой, чадалтай, чадамжтай, соёлтой нийгмийг хүсч байна. Тэд маань өрөнд баригдсан торны хүүхэлдэй ч юм уу, амьтан шиг байхыг хүсэхгүй байна. Бид нар түүхээ бодох ёстой. Бид өөрсдийнхөө хүчин чадлыг бодох ёстой. Миний бодлоор бид нарт боломж байгаа. Энийг хаанаас харж байна вэ гэхээр би бол эд хөрөнгө, байгалийн нөөцөнд дулдуйдна гэхээс илүү өөрсдийнхөө тархины багтаамж, хүчин чадалдаа тулгуурлаж ажиллах ёстой гэж хэлнэ. Монгол гэр бүл, монгол аав ээжүүд хүүхдүүдээ хүн болгож чадаж байна уу гэдэг асуудлаас эхэлж ярина. Өнөөдөр бүх түвшинд яригдаж байна. Дээд боловсрол, дунд боловсрол, сургуулийн өмнөх боловсрол. Энэ дээр маш их хэмжээний хэлэлцүүлэг, мэтгэлцээн, маргаан явж байгаа. Кембридж хийнэ, хийхгүй, үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлнэ, хөгжүүлэхгүй. Энд бас алдаа байна. Би хувьдаа боловсрол гэдэг зүйлийг арай өөр өнцгөөс хардаг. Өөр дээрээ жишээлье л дээ. Манай үеийн залуус бол өнгөрсөнд харьяалагдаж эхэлж байна. Бидний үр хүүхдүүд ирээдүйд харьяалагдана. 10 жилийн дараа бидний чадавх, энерги буурна. Хүүхэд, залуучууд бодит үнэнтэй нүүр тулна. Дэлхий ертөнцөд гарч байгаа өөрчлөлттэй нүүр тулна. Энэ дунд боловсрол гэж зүйл юу юм бэ. Нэг сургуулийн диплом юм уу. Тэр сурсан мэдлэг нь юм уу. Ийм асуудал яригдана. Өнөөдөр боловсролыг төгссөн сургуулиар хэмжээд байгаа шүү дээ. Зүгээр нэг хүнд харагдах одон медалиар хэмжих гээд байгаа юм. Тэгэхээр томьёолол бол маш энгийн. Хүнийг байшин гэж бодоод төсөөлбөл тэр байшингийн хамгийн чухал зүйл суурь юм. Суурь байхгүй бол тэр байшин баригдахгүй.

-Суурь буруу тавигдсан гэж үзэж байгаа учраас суурьтайгаа ноцолдъё гэж үү?

-Бид өндөр байшин барихын тулд сайн суурь тавих ёстой. Суурь бол маш энгийн. Ерөөсөө зургаан нас хүртэлх хугацаа. АНУ-ын нэг эрдэмтэн хэлсэн байдаг. “Хүүхдийн амьдралынх нь хувь тавилан зургаан нас хүртлэх хугацаанд тавигдчихсан байдаг” гэж. Зургаан нас бол ердөө л сургуулийн өмнөх, цэцэрлэгийн нас шүү дээ.

-Өөр өөр өгөгдөлтэй...

-Яг тийм. Өөр өөр өгөгдөлтэй. Тэгэхээр зарчим бол ийм. Муу хүн гэж ерөөсөө байхгүй. Барууны нийгэм бол хүүхдүүдээ ялгаж чаддаг. Гэхдээ муу сайнаар нь ялгадаггүй. Хамгийн гол нь тэр хүний авьяас чадавхийг олж тодорхойлоод түүнийг нь хөгжүүлдэг. Тэгэхээр сургуульд ороод, амжилттай сурч чадахгүй байгаа хүүхдүүдийг муу сурлаа гэж ярих нь буруу. Хоёрт, муу сурах үндэслэл гэдэг чинь бага насанд нь тавьсан суурь юм.

-Та хүүхдүүдээ хаана сургадаг вэ. Хэтэрхий хувийн асуудал руу тань орж байвал хариулахгүй байж болно шүү?

-Манай том хүүхэд бол Сант сургуулийг төгссөн.

-Математикийн сургууль. Математикт дуртай юм уу. Эсвэл та нөлөөлөв үү?

-Математикийн сургууль. Би залуу байсан. Нөгөө уламжлалт хандлага дамжаад байна шүү дээ. Тухайн үед Сант сургууль хамгийн бест сургууль байсан. Манай хүүхэд 10 дугаар ангиа 56 медальтай төгссөн. Улсын хэмжээний, хотын хэмжээний математикийн олимпиадын медалиуд. Сургуулиа алтан медальтай төгссөн.

-Тэнд таны оролцоо байсан уу. Шахах, номлох гэх мэт?

-Тиймээ. Эцэг эхийн оролцоо их байгаа. Одоо би маш чухал зүйл ярья. Манай хүүхэд дэлхийн шилдэг зургаан сургуулиас урилга авсан. Виржинийн их сургууль бол АНУ-ын улсын сургууль. Гэхдээ улсын сургуулиуд дундаа топ зэрэглэлд багтдаг. Гэхдээ тэр 30 мянган оюутан дундаас танай хүүхэд шилдэг 200-д багтах юм байна. Тусгай тэтгэлгээр танай хүүхдийг авъя гэсэн. Калифорниагийн хоёр сургууль, Английн Эденбургийн Хуулийн сургууль. Тэгээд Англид очоод Хуулийн сургууль сонгочихож байгаа юм. Тэр 30 мянган оюутантай сургууль руу яваагүй. Тэгээд жилийн дараа манай хүүхэд хэлж байна. “Би Сант сургуулийг үзэн ядаж байна. Би математикийг үзэн ядаж байна” гэж. Энэ эцэг эхийн буруу юу, тэр багш нарын буруу юу. “Тэр хүүхдийг медаль авахын төлөө зүтгэ, чи л онц төгсөнө” гэх мэт шахсаны буруу юу. Манай хүүхэд 10 жил сургуулийн хүндэт самбар дээр байдаг, Сант сургуулийн урдаа барьдаг хүүхэд. Гэтэл хүү минь эргээд хийсэн зүйлээ үзэн ядсан.

-Сургуулиа төгссөн үү?

-Төгсөөгүй. Мэргэжлээ сольсон. Менежментийн мэргэжил сонгосон. Тэгээд эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар ямар их алдаатай бодлого хэрэгжүүлж байна вэ. Одсүрэн гэдэг хүн өөрийнхөө хүүхэд дээр л алдаа хийсэн байна шүү дээ.

-Таны ярьж байгаа зүйл миний 20 жилийн өмнөх нэг зочны маань ярилцлагыг санагдуулж байна л даа. Алдарт удирдаач Ч.Чинбатыг мэднэ шүү дээ. Чулуун гуайн хүү. Тэр хүн ярьж байсан юм. Дөрвөн настайгаас нь хойш хийл бариулчихсан. Тэгээд л хийлээ тоглоод л гэртээ байж байдаг. Гадаа хүүхдүүд өдөржин тоглохыг хараад  уйлаад л хийлээ тоглодог байсан гэнэ. “Та одоо харамсаж байна уу” гэхэд харамсаж байна ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй. Та хүүгийнхээ тэр үгийг сэтгэлийн яг ямар хөдөлгөөнтэй хүлээж авсан бэ?

-“Миний хүү чи заавал мундаг хүн болох ёстой. Чи шилдэг байх ёстой” гэж хэлсэн үгнүүд маань тэр хүүхдийг “сүйтгэсэн”.

-Та дараа нь сургуулиа өөрчлөхөд нь бол оролцоогүй юм байна?

-Хүүгээ би өөрийнхөө сургууль, мэргэжлээ сонго л гэсэн. Тэр хүн өөрийн амьдралаа сонгох эрхтэй. Ингэж бид нар хүүхдээ өөрийнх нь хүслээс өөрөөр хөтлөх гээд байна шүү дээ.

-Таныг мэргэжлээ сонгоход Д.Бадарч профессор оролцсон уу. Мань хүн хүнд тулгадаггүй хүн шүү дээ.  Эсвэл хүүдээ арай өөр хандах уу?

-Би өөрөө математик суурьтай. Тэгэнгүүт чи ийшээ орсон нь дээр дээ гэхээр нь  орчихсон. Ний нуугүй хэлэхэд тэр үед эцэг эх шууд тулгадаг л байсан. Аав, ээж чинь ийм байсан учраас чи ийм хүн бол гээд л. Би чинь өөрөө менежментийн хүн байхгүй юу. Миний профайл гэж байгаа. Мөн чанар, доторх хүний сэтгэж байгаа арга барил гээд өөр. Гэтэл “Чи тоо бод” гээд суулгачихсан. Яг үнэндээ би тоондоо дуртай байгаагүй.

-Гэтэл “электрон жаал” шиг хүүхэд байгаад байдаг?

-Үнэндээ хүний замналыг өөр хүн заана гэдэг маш буруу. Хүн өөрийгөө олж авна гэдэг өөртэйгөө тэмцэх асуудал юм. Зөв замаа олохын тулд маш олон бүдчээ, нугачааг туулна.

-Би 20-иод жилийн өмнө таны аавтай танилцаж байхад ШУТИС-ийн шинэчлэл  ид явж байсан. “Бадарч гадны боловсролын систем оруулж ирлээ” гээд бас шүүмжлүүлж байсан. Тэр үед би ямар гоё “шинэ хүн”-тэй уулзчихав аа гэж их догдолж байсан.

-Тийм үү.

-Жишээлбэл, та Хөлбөмбөгийн холбоонд сонгуульт ажил эрхэлдэг юм билээ. Сахилга батын хороонд шүү. Ер нь та сахилга бат, дэг журам гэдэг юмыг их ярьдаг. Үнэндээ та эхлээд ааваасаа ч хуучинсаг хүн юм шиг санагдсан. Таны дотор явдаг аавын тань тухай бодлуудыг сонирхмоор байна ?

-Би сахилга бат гэдэг үгийг санамсаргүй шүүрч аваагүй л дээ.

-Тийм юм шиг байгаа юм. Олон удаа та энэ сэдвээр ярьж байсан?

-Хүн сайхан амьдрахад аз жаргал маш чухал. Аз жаргалтай амьдрал хэрхэн бий болдгийг нэлээд ухаж бодсон. Өнөөдөр ямар хүн аз жаргалгүй байна вэ. Аз жаргалтай хүн, аз жаргалгүй хүн хоёрын хоорондын харьцуулалт. Хамгийн энгийнээр хэлэх юм бол хүн хань ижил, аав ээж, үр хүүхэд, эрүүл мэнд, нөхөрлөлөө алдахад аз жаргалгүй болно. Энэ болгоны ард хатуужил, сахилга бат байдаг юм билээ. Сахилга бат гэдэг нь хий хоосон үг биш. Хүн өөрийнхөө амьдралд баримтлах ёстой зарчмыг өдөр болгон, тасралтгүй биелүүлж явахыг сахилга гэнэ. Одоо хамгийн сахилга баттай нь цэргийн хүмүүс байна. Тамирчид байна. Өөрийгөө хатуужуулж байна. Сэтгэлийн хаттай, тэвчээртэй. Энэ чинь өөрөө өөртэйгөө тэмцэж байгаа тэмцэл. Сахилга бат гэдэг өөрөө аз жаргал гэсэн үг. Тийм ч учраас би 2016 онд сонгуульд бие дааж нэр дэвшихдээ  “Төрийн сахилга бат түмний аз жаргал” гэсэн уриатай орсон . Төр минь дэг журмаа ягштал биелүүлээд, элдэв авилгал, хээл хахуультай алагчлалгүйгээр тэмцэж чадвал ард түмэн аз жаргалтай байна гэдгийг л томьёолох гэж оролдсон. Би гэхдээ тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн болов уу гэж ойлгодог. Сайтар мартагдсан үг сахилга бат гэдэг нийтлэл бичсэн. Тэрний дараа маш олон хүмүүс төр засагт энэ үгийг сонсгож чадсан гэхээр сонгуульд оролцсон бас нэг зорилгоо биелүүллээ л гэж ойлгодог.

-Нэр алдартай хүмүүсийн хүүхдүүд өвөг дээдэс, эцэг эхээ их ярьдаг л даа. Та тэгдэггүй юм байна?

-Би багаасаа л их бие даасан хүн л дээ. Хүн өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө хүлээсэн хариуцлагыг 100 хувь үүрэх ёстой. Миний амьдралд ийм өөрчлөлт оруулж өгөөч гэж би бурхнаас гуйдаггүй. Аавынхаа тухай ярья. Миний аав өөрийн гэсэн хатуу үзэл бодолтой, аливаа зүйлийг хамгийн богино хугацаанд, хамгийн үр дүнтэй яаж хийх вэ гэдгийг тунгааж боддог, толгойгоо гашилгадаг хүн. Түүгээрээ ч ажил нь үнэлэгддэг. Бага ярьдаг, их хийдэг хүн. Тэр зан чанар нь надад ч байж магадгүй. Хийсэн, бүтээсэн зүйлүүд гэвэл зөндөө л дөө. Монголд бол Техникийн их сургууль, Компьютер, техник, менежментийн их сургууль, кредит систем гээд зөндөө л юм хийсэн.

-Тэр хүний нэр мөнхөд холбоотой реформууд шүү дээ?

-Аав Техникийн их сургуулийн ректорынхоо ажлыг өгөөд ЮНЕСКО руу явсан. Москвад очсон. Москвад ер нь эхлээд бага мэргэжилтнээр л очсон юм билээ. Тэгээд асар богинохон хугацаанд тэр том олон улсын байгууллагад доод шатнаас дээрээсээ гурав дахь захирал болсон. Өөрийн чадамжаа олон улсад харуулсан ажил ихтэй хүн шүү дээ. Би Москвад очихдоо ажлаар нь ороод уулздаг. Сайхан юмаа ярилцдаг, санаа сэтгэлээ уудалдаг. Хааяа тэгж очиход аав маш завгүй л ажиллаж  байдаг. Ер нь ажил ихтэй хүн. Чиченд дайн болж байсан.  Боловсролын салбар нь уналтад орсон үе байсан. Аавд маань ЮНЕСКО-гоос Чичений боловсролын салбарыг босгох даалгавар өгсөн юм билээ. ОХУ-ын Боловсролын салбартай хамтраад ажилласан. Тэнд маш их ажлууд хийсэн. Тэр ажил нь өндрөөр үнэлэгдсэн. Тэгээд Гадаад хэргийн сайд нь ЮНЕСКО-д дахиад даргаар томилогдоход нь “Би танай Бадарч гэдэг хүнтэй л ажиллана. Тэр АНУ, Францын хүмүүстэй чинь ажиллахгүй. Энэ Бадарч гэдэг хүнээ л тавьчих” гэж хэлээд, хамтарсан байдаг. Алслагдсан газрууд буюу Якут, Сибирийн хотууд руу, салбар унасан газрууд руу томилогдоод их ажил хийжээ. Мэдээж хүү нь юм чинь ааваараа бахархалгүй яах вэ.

-Одоо орост ажиллаж байгаа юу ?

-Одоо УИХ-ын даргын боловсрол хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа.

-Улс төрөөс нэг биш удаа санал тавиад татгалзаж байхыг нь мэдэх юм. Боловсролын сайд болооч гэхэд нь үгүй гээд л. Гөжүүд, зөрүүд юм шиг бас сонин хүн шүү ?

-Маш онцлог зан төлөвтэй хүн шүү дээ.

-Хоёулаа сахилга батын тухай ярилаа. Бас багийн тухай ойлголтыг та их ярьдаг. Таны хамгийн сүүлд сонгосон багийн тухай би онцолж асуух гэсэн юм. МАН гэдэг баг. 100 жилийн ололт , бас ял зэмийн  ихэнхийг нь үүрэх ёстой улс төрийн хүчин. Ийм сонирхолтой багийн гишүүн болжээ. Орж ирээд ажиллахаар ер нь ямархуу баг юм. Та яагаад МАН-ыг сонгосон бэ. Танд олон сонголт байсан?

-Миний ойлголт маш энгийн. Энгийн гэдэг нь яахав миний харж байгаа өнцөг л дөө. Би Удирдлагын академид Нарангэрэл багшийн Систем шинжилгээ гэдэг маш чухал  хичээлээс гайхамшигтай мэдлэг олж авсан. Тэр бол Субординацийн хууль. Баг гэдэг бол олон хүн сууж байгаад үзэл бодлоо илэрхийлдэг, маргалддаг, мэтгэлцдэг төдий зүйл биш. Баг гэдэг бол нэг зорилготой, зорилгынхоо төлөө асч чаддаг систем. Хүнээр жишээлье. Хүнд уураг тархи байна. Хүнд нүд байна. Хүнд үнэрлэх хамар байна. Сонсох чих байна. Хүнд хоёр гар байна. Хүний биеийг аваад явах хөл байна. Энэ бүгд тархин дотроо бодож байгаа бодол санаа, тархиныхаа зааврын дагуу ажилладаг төгс систем. Одоо тэгвэл ярья. Миний тархи нэг юм бодоод өөр үйлдэл хийгээд байдаг. Нөгөө гар нь нөгөө тийшээ тэмүүлдэг. Хөл нь хойшоо, урагшаа болоод байдаг. Нүд нь харах ёстой юмыг харахгүй өөр тийшээ хардаг. Хамар нь ажилладаггүй, чих нь сонсдоггүй ийм хүн байж болох уу. Ийм хүн байдаггүй. Энэ бол систем биш. МАН бол институц юм билээ. Угаасаа юм хийгээгүй хүн шүүмжлүүлдэггүй. Хийж байгаа хүнийг л шүүмжилдэг шүү дээ. Хийсэн бүтээсэн юман дээр шүүмжилдэг. Тэгэхээр МАН бол Монгол Улсдаа сайн муугаар дуудагддаг ч гэсэн багийн ажиллагаатай институц. Мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө магадгүй зарим агуулгаар хорон муу ч байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан өөртөө ачаа үүрдэг. Ийм л институц. Би ингэж л харж байгаа. Бусад намыг шүүмжлэх эрх надад байхгүй. Гэхдээ харьцангуй төлөвшиж дуусаагүй байгаа юм болов уу гэж боддог.

-Монгол Улсын өнөөгийн нам, засаглалын систем бүх юмыг орвонгоор нь өөрчлөх ёстой гэж та өмнө нь сонгуульд орохдоо ярьж байсан. Тэр өөрчлөлтөд хувь нэмрээ оруулахаар шийдээд явж байгаа юм байна гэж харж байгаа, зөв үү?

-Зөв.

-Дотроо тэгээд хэр нээлттэй айл юм. Шинэчлэх процесс нь их нээлттэй явагдаж байгаа гэж хардаг ?

-Ер нь харах юм бол ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш МАН-д сайнтай, муутай ч таван үе солигдлоо. Өнөөдөр харах юм бол залуу үе дийлэнх байгаа. Маш сайн шинэчлэгддэг нам. Эхэндээ шинэ хүмүүсийг хэтэрхий их гүн  оруулахгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан оруулах ёстой хүмүүсээ татаж аваад, шингээгээд, нутагшуулаад, багийн ажиллагаандаа оролцуулаад явдаг. Хамгийн гол нь өчигдрөөсөө өнөөдөр илүү байх ёстой гэдэг зарчим МАН-д байдаг.

-Одоо НИТХ-д та нэр дэвшээд явж байна. Манай улсын тал хүн ам нь хотдоо аж төрдөг. Хотын бүх асуудал бол Монголын асуудал. Утаа, түгжрэл, ядуурал, ажилгүйдэл гээд ерөөсөө Монголын зовлон өөрөө Улаанбаатарын зовлон. Тийм учраас иргэд маань “Бид хотынхоо эрх барих дээд байгууллагад хариуцлагатай сонголт хийхгүй бол болохгүй юм байна” гэдгээ ойлгож эхэлсэн ?

-Хотын хөгжил миний нүдэн дээр л явагдсан зүйл. Насны хувь ч чамгүй хугацаа өнгөрөөлөө. 45 нас гэдэг чинь залуу биш шүү дээ. Хоёр нийгмийг дамжиж, нүдээрээ харлаа, биеэрээ мэдэрлээ. Би юмыг системтэй ярих гэж хичээдэг, том зургаар харах гэж хичээдэг. Углуурга, үндсэн шалтгааныг олох гэж оролддог. Жишээ нь, 2002 онд газрын тухай хууль батлагдсан. Газрын тухай хууль бол тухайн үедээ нэн хэрэгцээтэй байсантай хүн болгон маргахгүй. Яагаад гэхээр манай эдийн засаг бага байсан. Нийгмийг, эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд хүмүүсийг өмч хөрөнгөтэй болгохыг зорьсон энэ хууль батлагдсан. Гэвч энэ хуульд алдаа байна.

-Төгс болоогүй. Гэхдээ гажуудал дагуулсан олон зүйлийг дутуу хийгдсэн хуулиуд дээр тохдог. Тэрний нэг. Та бол барилгын салбарт бизнес хийж байсан хүн учраас газрын тухай хуулийг бүр сайн мэдэж байгаа л даа ?

-Тийм. Хүн эхлээд газар авчихаж байгаа юм. Захирамж гараад, гэрчилгээ авчихаж байгаа юм. Газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх чинь өөр өөр ойлголт. Суурь асуудал яг эндээс эхэлж байгаа юм. Улаанбаатар хотын барилга байшин, орон сууцнууд нь хотоо нягтаршуулаад явчихсан. Яахав байшин хооронд нэлээн зайтай байсан учраас дунд нь байшин барих боломжтой юм байна. Нөгөө дулааны шугамдаа дулдуйдаад, энийг дагаад төвлөрлийг бий болгох шийдэл байжээ. Тэгээд юу болсон гэхээр 18 жилийн дотор Улаанбаатар хот дээд хэмжээндээ хүртэл ахиад нягтаршсан. Одоо бид гарц, гаргалгаа олох хэрэгтэй байна. Би бүтээлч шүүмжлэл ярих гээд байгаа юм. Тэр нь алдаа хаанаа байсан бэ гэдгийг л ярина. Хот байгуулалт гэдэг бол төлөвлөлт, алсын хараа, стандарт, инженерчлэл гэдгийг одоо ч хэлнэ.

-Дундуур нь зам ч тавих зайгүйгээр хорооллууд баригдчихсан ?

-Нийлүүлээд нийлүүлээд л газар олгочихсон. Энэ нь мэдлэгийн алдаа байсан юм уу, эсвэл бодлогынх уу. Би мэдэхгүй байна.

-Та хороолол барьсан шүү дээ. Та тэгээд тэр хүрээнд нь л барьсан уу. Хууль тогтоомж, өгсөн бололцоонд нь...?

-Нэг алдаа маш том асуудлын эх үүсвэр болдог. Ганцхан ширхэг чулуу усанд хаяхад долгион нь тэлдэг шиг. Долгион чинь явсаар байгаад бараг цунами болдог шүү дээ. Ийм л үр дүн бий. Тэгэхээр бид нар дахиж чулуу шидүүлэхгүй байхын төлөө л алдаагаа засах ёстой. Хоёрт, газрын гэрээ, гэрчилгээ авч байгаа. Энэ нь эдийн засгийг тэлсэн үү. Маш олон хүмүүсийг мөнгөний харилцаа, эдийн засгийн харилцаанд оруулж, банк санхүүг хөгжүүлсэн. Үнэн үү. Үнэн. Гэтэл энд нэг асуудал орхигдуулчихсан. Нийгмийн хариуцлагын асуудал нь хаана байгаа юм бэ. Сургууль, цэцэрлэгээ бид нар яах байсан бэ. Зам, гэрэлтүүлэг, шугам сүлжээ, ногоон байгууламж барих газруудаа бид блоклож үлдээх байсан уу. Одоо ашигт малтмалын лиценз их хэмжээгээр, эмх замбараагүй олгож байгаад сүүлдээ энэ их нөөц, баялгийг хамаагүй олгож болохгүй юм гээд тусгай хамгаалалтад, тусгай хэрэгцээт газар болгож эхэлсэн шүү дээ. Лиценз олгохгүй гээд ерөнхий архив, сан дотор хэн ч, ямар ч дарга захирамж гаргаж чадахааргүй хэмжээнд тусгаарлаж чадсан. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд тэгж блоклож чадсан уу, үгүй юу гэдэг асуудал. Хэрэв блоклочихсон байсан бол бид ямар их талбайг парк, ногоон байгууламжаар авч үлдэх байсан юм. Хэрэв тэр зайтай байсан бол өнөөдөр энэ байшингууд ингэж шавааралдах байсан уу. Уул нь бол хот байгуулалт маш энгийн. Социализмын үед эхлээд зам тавьдаг байсан. Эхлээд дэд бүтцээ тавьдаг байсан. Дараа нь сургуулиа барьдаг байсан. Дараа нь эмнэлгээ барьдаг байсан. Тэгээд үлдсэн газарт нь байшингуудаа зай хэмжээтэй, норм дүрэмтэй нь барьдаг байсан. Ийм л асуудал байгаа юм. Тэгэхээр ирээдүйд дахиад зөндөө байшин, барилга баригдана. Одоо бид  энэ дээр менежмент хийх ёстой. Энэ асуудлыг хүмүүс ярьж байгаа юу. Би энэ асуудлыг ярих ёстой юу, ёстой. Хүмүүс яриулахыг хүсэж байна уу, хүсэж байна. Ийм л өнцөг байна.

-Та Хан-Уулд дэвшиж байгаа. Урд нь бие дааж дэвшиж байсан. Манай хотынхон ярьдаг шүү дээ. Гүүрний урд нь баячууд нь, хойно нь ядуучууд амьдарч байна гэж. Үнэхээр тийм эх оронч юм бол яагаад бага орлоготой иргэдэд зориулсан хороолол эхэлж бариагүй юм бэ гэх хүн тантай таарах л байх. Ингэхэд барилгын бизнес эрхэлж байхдаа таны авсан хамгийн том кайф юу вэ. Эдийн засгийн ашгаас гадна?

-Бүтээн байгуулсан ажлаараа бахархах нь хүнд маш их аз жаргалыг мэдрүүлдэг. Барилгын бизнес бол тийм л ажил. Хов хоосон газар дээр нүдэнд харагдахуйц барилга байшингууд барьж босгосноороо хүн их сэтгэлийн аз жаргал эдэлдэг юм. Гэхдээ өмнөх төслүүд дээр гаргасан алдаагаа ухамсарлах ёстой. Тэгж  өөрийн бодол, мэдлэгт шинэчлэл хийнэ. Хан-Уулын хувьд бол маш онцлог. Яармаг, Биокомбинат, Нисэхээс урагшаа бол зах хязгааргүй уул. Бас тусгай хамгаалалттай газар. Шинээр эко дүүрэг болгох бодлого байхад боломж бий гэж харж байна.

-Яармаг сүүлийн үед огцом өөрчлөгдөж байгаа?

-Тийм. Хан-Уул дундуур хоёр гол явдаг.  Дунд гол бол заагладаг. Урд талаар нь Туул гол явдаг. Улаанбаатар хотын амьдралыг тэтгэх хамгийн гол хүч явж байна шүү дээ. Усны сан байна. Нэг давуу тал нь гэвэл хамгийн эко дүүрэг болох боломжтой газар. Голтой, модтой. Голоо дагаад маш их ногоон байгууламж барьж болно.

-Бусад дүүргийг бодвол гэр хороолол харьцангуй бага?

-Хамгийн ихээр амралт зугаалга, цагаа өнгөрүүлэх талбай байгуулах боломжтой. Нөөцтэй. Тэрэн дээр олон сайхан бүтээн байгуулалтууд, иргэдийнхээ стресс, бухимдлыг тайлах, явган зам, дугуйн зам тавиад орчин үеийн хотыг босгож болно. Шинэ төлөвлөлтийн асуудал нэлээд тулгамдаж байгаа. Иргэд газар авах эрхтэй. Компаниуд байшин барих хэрэгтэй. Гэхдээ нийгмийн хариуцлагатай байя гэж би хэлээд байгаа юм. Жишээлбэл, Францад хоёр компани газрынхаа дундах замыг хуваагаад тавьдаг. Тэрийгээ 60 жил арчилдаг. Ингэж л нийгмийн хариуцлагаа ухамсарладаг.  Юм болгоныг Төр хийх ёстой гэдэг улс биш л дээ. Хандлагын л асуудал. Ашиг олоод бизнес хийж байгаа бол нийгмийн хариуцлагад ямар хувь нэмэр оруулах ёстой вэ гэдгийг компаниуд ч гэсэн ойлгох ёстой. Төр засаг ч шаардлага тавьдаг, иргэд нь ч хүсэлтээ тавьдаг, хянадаг байх ёстой. Бид ийм тогтолцоо руу явж байж л сайхан хотыг бий болгоно. Эцэст нь хэлэхэд аз жаргал гэдгийг хөндлөгийн хүчин зүйл бий болгодоггүй. Түүнийг хүссэн хүн бүр өөрсдөө хүчин зүтгэж олдог.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав