“Зарим хүнд цовоо цолгиун амар мэндийн үгс хэрэгтэй, зарим хүнд тайван
 дөлгөөн харц хэрэгтэй бол, заримд нь ганцаар амарлин баясалгах
цаг хугацаа хэрэгтэй байдаг аж”.
Херманн Хессе “Август”

Тэр ямагт л байгалийг сайхныг бишрэн шүтэгч, үгийн урлагийн шидтэн болж төсөөлөлд буудаг байлаа. Он цаг мянга мянган жилийн туршид цаст оргилоос эх аван сүрлэг хадан хавцлыг хага зүсэн буух Альпийн нурууны олон зуун хүрхрээ шиг шуугин одсон ч тэрээр амьд хэвээр, бусдын зүрхэнд зохиол бүтээлээрээ үргэлж оршиж, хөнгөн таягаар чулуун шат товшин алхаж явсан газар, хуруун завсраа бийрээ бариад зураг зурахаар тухалж суусан дэвсэг болгоноо өөрийн нэртэйгээ мөнхөлжээ. 

Хэзээ нэгэн цагт Герман – Швейцарын алдар зохиолч, Херманн Хессегийн хөшөөний дэргэд зураг татуулан зогсох өдөр ирнэ гэж боддог байлаа. Гэтэл түүний гэр музейд зочилж, өсөж торнисон байшингийн үүдэнд зогсоод зураг татуулж, “Талын чоно” романаас нь сэдэвлэсэн жүжгийг үзэж, зохиолоо дуусгасан зочин буудлын дэргэдүүр хээв нэг алхаж явах юм гэж ерөөс төсөөлж байсангүй. Ер нь төсөөлөөгүй, мөрөөдөөгүй бүхэн амьдралд учрал нэхэн гүйцэж ирээд сайхныг мэдрүүлдэг бололтой. Урласан зүүдээ биелүүлэхээс илүү мартах нь элбэг байдаг шиг... 

ХЕРМАНН ХЕССЕГИЙН НУТГИЙН ЗҮГ

XX зууны үгийн урлагийн мастеруудын нэг, Нобелийн шагналт зохиолч Херманн Хессегийн “Август” өгүүллэг бол амьдралын утга учир, уран бүтээлчийн оюун санааны эрэлхийлэл, хайр, биднийг хүрээлэн буй хүмүүсийн мөн чанар зэрэг бодитоор оршихуйгаа мэдэрч, амьгүй юмсын оршихуйг ч мэдрэхүйгээрээ бий болгож чаддаг бүхний дотрыг уудлан нээж, дотооддоо уусгах шидтэй бүтээл. Өгүүллэгийнзарим утга санаа нь түүний “Талын чоно”, “Сиддхарта”, “Яруу найрагч” зохиолуудтай дүйнэ. Харин бичлэгийн хувьд өөр хийгээд ерөөс л Хесегийн бүтээлүүд хүний оюун санааг механик хөдөлгүүр хэмээн зүйрлэвэл эрэг боолт нь дутаагүй, зэвэнд идэгддэггүй, үргэлжид мөнхийн хөдөлгөөнтэй тэрхүү аварга механизмийн бүрэн гүйцэд ажиллагааны үр дүнд төрдөг шиг санагдана. 

Харин манайд орчуулагдсан бүтээлүүдээс хамгийн алдартай нь “Сиддхарта”. 1992 онд Герман хэлээр хэвлэгдсэн цагаас хойш дэлхийн сонгодог уран зохиолын тоонд зүй ёсоор багтсан тус бүтээлийг уншигчид номын нэрээс үүдэн Будда буюу Капилавастугийн ханхүү, Сиддхарта Гаутамагийн намтарчилсан түүх хэмээн андуу ойлгох нь бий. Гэвч үнэндээ энэ нь эгэл жирийн номлогч эрийн зохиомол түүх агаад гэгээрэл, ерөөс амьдралын цогц утга учрын эрэл, хүн төрөлхтний оюун санааны амар тайванд хүрэх эрэл хайгуулын тухай ямар ч номлолоос хувь илүү уран сайхны сэтгэлгээний шинэчлэл болсон зохиол юм. 

Энэ бүх эргэцүүлэл зорин очих газартай минь холбоотой. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн даруй Херманн Хессегийн бүтээлүүд бодогдоод салсангүй. Учир нь би түүний төрөлх нутгийг зорин яваа. Аялалдаа гарахаас өмнө энэ тухай огт төсөөлж бодоогүй, төлөвлөж бичээгүй атал яагаад ч юм түүнтэй учрах тохиол цаанаасаа бий болчихов. Онгоц өндрөө аван үүлсийг яран урагшлах тусам эх нутгаасаа би алсарч тэс өөр ертөнцийг өөртөө нээхэд улам ойртсоор явсан билээ. Ийнхүү долоон цаг 48 минутын нислэг өндөрлөж Герман улсын Франкфурт хотын нисэх буудалд газардав. Тэндээсээ галт тэрэгний буудал орж Швейцар улсын Базель хотын зүг тариан талбай, замд таарах жижиг хотуудын дундуур хурдалж явлаа. Энэ бүхэн яг л ид шид шиг өрнөлтэй. Ерөөс хүсэж тэмүүлээгүй, тэгтлээ адгаж тэвдэн үйлдээгүй агаад хар зөнгөөрөө л юм бүхэн эвлээд, зорих газрын зам нь зөөлөн бороо шиврүүлсээр угтаж байв. 

Швейцарын Базель хотод орой нь очиж амраад маргааш нь эртлэн босож Лугано хотыг зорих болов. Тэнд Херманн Хессегийн амьдарч байсан гэр музей, алхаж явсан уул толгод бий. Хессе хүүрнэл зохиолд ямагт яруу найрагч шиг байдаг. Түүний шүлгүүд ч басхүү төрсөн нутгийнхаа байгалийн сайхныг зурагласан дүрслэлүүд дүүрэн. Нэгэнтээ Гёте “Яруу найрагчийг танья гэвэл төрсөн нутгийг нь зорь” гэжээ. 

Альпийн нурууны өндөр сүрлэг уулсын мөнх цаст орой наранд гялбалзах нь заримдаа тэнгэрийн цээлд хөвж яваа аварга үүлс шиг мэдрэмж төрүүлнэ. Тийнхүү нүдээ хагас аниад зөвхөн тэдгээр уулсын мөнгөн дуулгыг бодолтой урлавал тэнгэрийн гүнд хөвж яваа шиг болно. Замын хажуугаар ой тайга үргэлжлэх бөгөөд уугуул иргэдийн олон давхар сууц нь моддын дунд эртний цайз шиг сүндэрлэнэ. Нуурын эргийн хотууд “Бөгжний эзэн” кинонд гардаг нүд гялбам сүр жавхлант Ривендэллийг санагдуулна. Тэр л гоо үзэсгэлэн дундуур Гётегийн хэлснээр би яруу найрагчийн төрсөн нутгийг зорьж явна. 

ҮСЭГ БҮРЭН ҮЛДСЭН АЛДАР НЭР

Лугано хот бол Швейцарын хамгийн үзэсгэлэнтэй байгалийн тогтоц бүхий хотуудын нэг. Хотыг дундуур нь заагласан хоёр том нууртай агаад эргэн тойрны сүрлэг уулсыг хэцлэн байшин барилгуудыг цогцлоожээ. Тус хотоос умар зүг 60 километр яваад л Итали улсын хил давна. Тиймдээ ч тус хотын иргэд Германаас гадна Итали хэлээр харилцах нь элбэг. Энэ л хотын Монтанола дахь тосгоны гэртээ Херманн Хессе насан эцэстлээ амьдарсан бөгөөд түүний гэр музейд амьдралынх нь сүүлийн 43 жилд хамаарах уран бүтээл, зураг, эдлэл хэрэгслийг байршуулжээ. Дөрвөн давхар, хэмжээний хувьд нарийвтар, босоо хэлбэртэй тус байшингийн өнцөг булан бүрд их зохиолч алхаж, хүрч, аж амьдралын буулгаас гадна уран бүтээлийн гүн санааширалд автан хоног өдрүүдийг уйтай агаад басхүү баяр жаргалтай үдсэн юм. 

Түүний гэр музей Монтанола тосгон дахь Камузци ордонтой залгаатай бөгөөд тус ордны ансамбелийн нэгээхэн хэсэг болдог. Уг ордныг XIX зууны үед Тичиногийн архитекторууд барьсан нь Санкт-Петербургийн уран барилгын үеийн гайхамшигт жишээний нэгд тооцогддог. Херманн Хессе дэлхийн нэгдүгээр дайны дараахан буюу 42 насандаа уг сууцыг орон гэрээ болгон хөлсөлсөн юм. Энд л тэр хамгийн түрүүнд “Клингорын сүүлчийн зун” бүтээлээ бичиж, “Талын чоно” романаа эхлүүлж, олон богино өгүүллэг туурвижээ. Түүнчлэн дайны дараах сэтгэлийн хямралаа даван гарахын тулд ойр орчмын байгалийн сайхныг бишрэн алхаж, Лугона нуурын эргийн бяцхан толгод дундаас амар амгаланг эрэлхийлж, нэрийн хуудас нь болсон уран зургуудаа бүтээж байв. Цэцэг, бут, ороонго өвс алаглан ургасан чулуун замд хөлийн чимээ гарч Теодор Хойсс, Томас Манн, Бертолт Брехт зэрэг үгийн урлагийн мастерууд Монтанолаг зорин ирж, зөвхөн Херман Хессетэй уулзахын тулд Камузцигийн бөөрөнд орших даруухан сууцанд нь зочилдог байжээ.

Музей дээр өгүүлсэнчлэн таван давхар байшингаас бүрдэнэ. Үүдэнд нь Херман Хессегийн номууд, музейн тайлбартай гарын авлагыг дэлгэсэн, зочдод зориулсан дугуй ширээ бий. Үүдний чулуун ханан дээр Хессегийн алдартай хөрөг зургуудын нэгийг тун ч энгийнээр, ямар нэгэн гоёмсог жаазанд хийлгүй өлгөн байршуулжээ. Зургийн өнгө нь хананы гадартай зохицсон тул тун ч дэгжин, жинхэнэ сонгодог зохицолтой харагдана. 

Үүдний хэсэг зохиолчийн зургуудаар хэвлэсэн олон арван ил захидал, тэмдэглэлийн дэвтэр, испани, англи, герман, франц хэл дээр хэвлэгдсэн Хессегийн уран зургийн болон уран зохиолын номуудыг өржээ. Уншигчид өөрсдийн төрөлх хэлээр түүний бүтээлүүдээс шимтэн үзэх, худалдан авах боломжтой. 

Баруун гар талын цонхоор байшингийн гадаах цэцэрлэг, наад талд нь зохиолчийн зургийн сэтгүүл, ном, зочлон ирэгсдийн сэтгэгдлээ үлдээх дэвтрээс бүрдсэн жижиг ширээ байрлана. Харин хоёр давхарт зохиолчийн номын сан, бичгийн ширээ нь бий. Тэр нь цааш гудамж руу харсан, готик маягийн хийцтэй цэлгэр том цонхны дэргэд байрлах бөгөөд моддын сэрчигнээ, шувуудын жиргээтэй хослон байшингийн дотор тодхон дуулдах ажээ. Өрөө тус бүрт зохиолчийн сүүлчийн он жилүүд, ном бүтээлийн талаарх шүүмж, дурсамж, холбогдох баримт сэлтийг бүрэн тайлбартайгаар өгүүлэх дэлгэцүүд бий. Хамгийн доод талын давхарт багашаархан кино театр байрлана. Энд Хессегийн зохиолоос сэдэвлэсэн богино хэмжээний баримтат киног үзэх боломжтой.

Хана нь цагаан шохой, шар өнгөнөөс бүрдсэн энэ даруухан сууцандаа их зохиолч хүний амьдралыг үгсийн шидээр томьёолж, дотоод амгалангаасаа ургуулсан мөрүүдийг бичиглэн суудаг байжээ. Бичгийн ширээнийх нь өмнө зогсоод нүдээ анихад навчсаар тээгдэн ирэх салхины амьсгал, түүний үл үзэгдэх чанартай хамт тээгдэн ирэх шувуудын цолгиун чимээ сонстоно. Монтанола дүүрэг тэр чигтээ байшин барилга үгүй, Лугона дахь өндөр уулсыг эмжээрлэн тогтсон толгодын орон зай болж, эргэн тойронд байгалийн сайхнаас өөр юу ч үгүй нь мэдрэгдэх билээ. Бүргэдийнх шиг матигар хамар, түүн дээр тогтсон бөөрөнхий шилний цаанаас уйтгарлан ширтэх хоёр нүд, гонзгой нүүртэй энэ Герман зохиолч уран зохиолдоо ямагт шидтэний дүрээр сэтгэлд буудаг байлаа. Тэр л шидтэний байгаль дундах музейд, өссөн нутагт нь ийнхүү хөл тавилаа. 

Алдар нэр нь эндээс эхтэй. Энд л тэрхүү алдар нь үсэг бүтэн үлдсэнийг харав. Харин хананд өлгөөтэй түүний хөрөг зургууд хачин уйтгартай атлаа дотроо нэгэнт сэтгэлийн амгаланг оршоосон Гаутамагийн дүрээр өөдөөс ширтэнэ. 

БИИРТЭЙ ЗОХИОЛЧ

Хессе үгийн урлагийн дархнаас гадна гарамгай зураач байсныг түүний гэр музейд байх усан будгийн ажлууд илтгэнэ. Гётегийн музейн хананд түүний уран зургийн асар баян цуглуулга бий бол Хессегийнх өөрийнх нь зурсан зургуудаар дүүрэн. Музейн тайлбарлагч түүнийг байгальд хайртай, орон хотоо гороолж алхах дуртай нэгэн байсан гэж ярив. Зургууд нь үүний гэрч. Түүний бүтээлүүдээс төрлөх хотынх нь гоо үзэсгэлэн, байгалийн сайхан, модод дундах уран сайхан хийцтэй сууцуудыг харж болно. Түүний зургуудыг имперсионизмд хамаатуулдаг. Гэлээ ч нийтэд нь аваад үзвэл фаувист палитр, кубизмын үндэс суурийг хөндсөн хэв маяг ч бий. Усан будгийн ажлуудын ихэнх нь Монтанола дахь уг гэр музейд хадгалагдаж үлджээ. Түүний 3500 орчин усан будгийн зургууд өдгөө Монтанолад музейд бий гэсэн үг.

Уран зураг, яруу найргийн тухайд Леонарда Да Винчигийн хэлсэн алдартай эшлэл бий. Хүн бүр мэдэх тул түүнийг заавал энд дурдах шаардлагагүй. Гол нь Хессе бичих урам зоригтой болохын тулд зурдаг байв. Бичих нь зураг зурах шиг, зураг зурах нь яг л бичихтэй адил. Үгийн утгад шимтсэн хүний амьдралын түүхээс төсөөлөлдөө бясалган явахдаа тэрээр уран зургийг тайвшрал, өөртөө өгч буй урам зоригийн илд болгон ашигласан байна. Үнэндээ тэр дөчин наснаасаа эхлэн үгээс гадна бийр, будагтай нөхөрлөжээ. Заримдаа зурах нь түүнд зүгээр л зугаа төдий байв. Харин сүүлчийн чамбай гүйцэтгэлтэй ажлуудаас зураг зурна гэдэг байгалийг нарийвчлан ажиглах, дотоод гоо сайхныг нь нээхэд зориулагдсан болох нь илтэд харагдана. Тэгээд ч зурах болсон нь сэтгэл санааны гүн хямралаас үүсэлтэй. Тэрээр Лугона хот буюу Тичино кантон дахь Монтанолад суурьших үед байгалийн сайхан болоод тэдгээртэй уусгаж барьсан хүмүүсийн сууц, гадаргын гоо үзэмж нь сэтгэлийн нь ихэд хөдөлгөсөн байдаг. Тиймдээ ч эдгээр зургуудад зохиолчийн оргилсон их тэмүүлэл, эксперсиност чанар үе үе шингэсэн нь бий. Зохиолч энэ газрын тухай 1960 онд “Мериан” сэтгүүлд бичихдээ “Би дөчин нэгэн жил хоргодох газар бэдэрсний эцэст Монтанолад ирж, тагттай жижигхэн байр хөлсөлсөн. Тэр үед хэд хэдэн замбага цэцэгс аварга иудастрийн дэргэж цэцэглэж байлаа. Би бол тэр үеийн хүн. Учир нь дөрвөн жилийн дайн намайг өөртөө ялагдахад хүргэсэн. Гэвч энд ирсэн нь бүхнийг эхлүүлэх боломж хийгээд миний амьдралын хамгийн сайхан он жилүүд” хэмээн дурсжээ.

Хессегийн гурван туужаас бүрдсэн “Клингсорын сүүлчийн зун” ном нь Монтанола руу нүүсний дараахан хэвлэгдсэн юм. Судлаачид тус бүтээлийг “Зураачийн нүдээр бичсэн яруу найраг” гэж тодорхойлдог. Тэгэхээр зурах нь зөвхөн зугаа, амралтын өрөөний тав тух байсангүй. Тэр өөрт нь онцгой сэтгэгдэл үлдээсэн, чинхүү хайртай хүмүүсийг биш харин газар орныг, хуучин байшингуудыг, тэдгээрийн чулуун дээврийг, цэцэрлэгийн хана, туулайн бөөр мод, алсаас нөмөрлөх их уулсыг зурж байлаа. 

ЭНЭ ЖҮЖГИЙН ГОЛ ДҮР НЬ ЗОХИОЛЧИЙН УХАМСАР МӨН

Асуудал гэдэг үг ямар ч газар, хүн бүхний л дотор байдаг. Том, жижгээсээ шалтгаалаад янз бүр л дээ. Гэхдээ асуудал бий. Тиймээс очсон, зорчсон газар бүрийнхээ гоо сайхан, гэрэлтэй жимээр орж бэдрэхийг хүсдэг. Асуудлыг нь төнхөөд байвал аль ч газрын хүндрэл, бэрхшээл дуусахгүй. Азаар уран зохиол, урлагтай ойрхон байхыг хүсэх туйлын мэдрэмж, түүнээс авч болох таашаалыг амтлан хүртэх жаахан ч болов араншин заяажээ. Тиймдээ ч Херманн Хессегийн төрсөн нутагт очсоноор түүнтэй холбогдох бүхэнд цэг тавьсангүй. Учир нь тун удахгүй Швейцарын Базель хотын театрт “Талын чоно” жүжгээс нь сэдэвлэсэн жүжиг тоглох гэнэ. “Монгол гэр” нийгэмлэгийн тэргүүн Б.Сүнжидмаа, Б.Шинэсар нар билетийг нь авахаар болж, жүжиг үзэх, мөнхүү Моцартын дуурь сонирхох эсэхийг асуув. Би тэр даруй “Талын чоно” жүжгийг сонголоо. Ерөөс юуны учир Хессе гээд байсныг минь уншигчид болгоох үүднээс надад хамгийн ихээр нөлөөлсөн “Август” өгүүллэгийн тухайд энд товчхон дурдъя. 

Гётегийн “Фауст” дээр Мэфистофиль орчлон ертөнцийн бүхий л зүйлсийг Фаустад үзүүлдэг шиг Хессегийн өгүүллэгийн гол дүр болох Августыг ноён Бинссвангер хэмээх давжаа биетэй өвгөн чухам тэр л замд хөтлөн оруулав уу гэмээр сэтгэгдэл төрнө. Гэвч уг чанартаа Бинссвангер биш Август өөрийн явах замаа сонгодог.

Мостак хэмээх нэгэн гудамжинд амьдрах Элизабет гэх бэлэвсэн эмэгтэйн дөнгөж төрүүлээд буй хүүхдэд загалмайлсан эцэг нь болсон Бинссвангер бэлэг өгөхөөр шийднэ. Тэгэхдээ “...Сайтар тунгаан бодоод өнөө шөнө эгшигт хайрцгаас хөгжим дуурсмагц хүүгийнхээ зүүн чихэнд хүслээ шивнээрэй, тэгвэл биелэх болно” хэмээдэг. Харин эх нь үүнийг даажигнасан үгс биз хэмээн бодовч эцэст нь итгэж, хөгжмийн аялгуу төгсөхийн алдад “Хүн бүр хүүг минь хайрла” хэмээн шивнэдэг. Ингээд л бүх хүн Августыг хайрлах болно. Тэр өсөж, идэр насандаа үлэмж сайхан залуу болоод бүгдэд хайрлуулсаар байна. Үйл явдал нь эгээ л дуусахгүй мэт үргэлжлэх тус өгүүллэгийн нэгэн дүр болох ноён Бинссвангер яг л “Үзэсгэлэнт охин ба Араатан” үлгэрийн хараал шивнэх шидтэн шиг нэгэн болохыг уншигчид удахгүй олж мэднэ.

Мэдээж бид энд дусал ид шид бий.Тиймээс Бинссвангер он цагийн уртад нөгөө л давжаа биетэй өвгөн хэвээр байх, түүнийг хөгжим тоглоход “...алтран гэрэлтэх мянга мянган сахиусан тэнгэр агаарт эргэлдэн хөвж, урагш хойш нисэлдэн уран гоёмсогоор хослон бүжих үзэгдэв...” хэмээн өгүүллэгт дурдсан байдаг. Август хүн бүхэнд хайрлагдахын хэрээр зан чанар нь өөрчлөгдөж эцэстээ Оскар Уайлдын алдартай зохиолын дүр болох Грейн шиг нөхцөлд унана. Гэвч төгсгөлд нь түүнээс тэс өөр. Ерөөс амьдрал амар амгалангийн түлхүүрийг эрсэн хүнд л бүхнийг өгдөг мэт. Өөр олон зүйлийг нурших илүүц биз дээ. Гол нь зохиол эхлэлээс төгсгөл хүртлээ чигч бүрэн, ямар ч өө сэвгүйд учир байгаа юм. Нэмээд дээр хэлсэн шиг дусал ид шид. Ямар ч уран зохиол хүний амьдралын олон дүр төрх, хэцүү бэрх, баяр жаргалыг хүүрнэсэн байлаа гээд яг бодит амьдрал дээр үгүй нэг зүйлийг харуулаагүй ахул жинхэнэ уран зохиол гэж нэрлэхэд бэрх санагддаг. Яг тийм нөхцөлд Хессе уншигчаа хүлж чаддаг. Дээр нь Борхес, Набаков, Мүнротой л эн зэрэгцэх мастер учраас түүнд татагддаг юм л даа. 

Харин одоо гол зүйлдээ орох уу, хэдүүлээ. Базель хотын театрт хэдэн сарын өмнөөс урьдчилсан төлөвлөгөө гаргаж, бүтэн улирлын жүжгийн тоглолтоо зарлачихдаг юм байна. Тэгэхдээ ганц сонгодог жүжгийн бус өдөр бүр өөр бүтээлүүд театрт амилна. Заримдаа тэнд дуурь, бүжгэн жүжиг ч тоглогдоно. Нэг дор олон өөр жүжгүүд театрын тайзнаа амилна. Мэдээж хөшиг нээгдсэний дараа бичлэг хийх, зураг авах хориотой.

Заримдаа бид юмсыг гадна талаас нь харж дүгнэдэг шиг зохиолыг нэрийнх нь үгсэд багтааж ойлгох нь бий. Харин “Талын чоно” бол чонын тухай зохиол биш. Борхесийн “Тадео Исидоро Крузын намтар” өгүүллэгийн гол дүр шиг, тэрхүү дүр яг төгсгөлийн агшинд түүний хувь тавилан бол хашааны нохойнх биш чоных болохыг ухаардагтай л адил юм. Ер нь дүрийн оюун санаа, ухамсрын урсгалын гол төлөөлөл болох тус суут бүтээл л дээ. Гол дүр нь болох Галлерын оюун санаанд болж буй бүхний бодит биелэл энгийн, элдэв сүр оруулсан чимэглэлгүй, минимал тайзан дээр өрнөнө. Цаад хананд нь аварга том, готик хэлбэрийн цонхнууд үзэгдэнэ. Шалыг тэр чигт нь ногоон эрээн өнгөөр буджээ. Энд ямар нэгэн тавилга, адаглаад гэрлийн дэнлүү, ном дэвтэр өрөөстэй бяцхан ширээ үзэгдсэнгүй. Зүгээр хөлтэй ганц микрофон л байна. 

“Инээж сурах хэрэгтэй!” Тайзнаа гарч ирсэн дөрвөн тайван хүний нэг нь үлдээд эл гурван үгийг хэлэв. Бусад нь үзэгчид рүү төв царайлан ширтчихээд юу ч хэлсэнгүй хөшигний цаагуур орлоо. Тэд ерөөс дүр бус ажээ. Үг хэлсэн нэгэн ч мөн зохиолын гол дүрийн ухамсар, оюун санааны биежсэн дүр. Ерөөс эл жүжгийн гол дүр нь зохиолчийн ухамсар юм. 

Сонгодог зохиолоос сэдэвлэнэ гэдэг энэ байх нь... Түүнээс бус романы үйл явдлыг нэг бүрчлэн хүүрнэ өгүүлэхийг сэдэвлэсэн жүжиг гэдэггүй ажээ. Тиймдээ ч “Талын чоно” романы хамгийн гол үнэт зүйл, өргөн агуулгыг дотроо багтаасан ухамсар дахь илбүүдийг тайзан дээр жүжиг болгоод тоглочихож байна. Харин түүнийх нь учрыг олох юмс даанч ховор. Гэвч үнэндээ бид оюун санаа, толгой дахь олон бодлуудаа эмх цэгцтэй байлгаж чаддаг сан бил үү. Үүнийг л жүжигт ил гаргаж үзүүлэв.

Тайзан дээр өрнөж буй үйл явдлууд зөвхөн оюун санаан доторх бодлын урсгал, зүүд зөн тэдгээрийн нийлбэр байв. Зохиолын үйл явдлыг огтхон ч дэлгэлгүйгээр гол агуулгыг нь тун чөлөөтэй, магад зарим хүнд бол эрээ цээргүй ч гэмээр үйлдлээр чинээнд нь тултал илэрхийлжээ. Тэгэхдээ хүний бэлгийн дур хүслийг хүртэл орхигдуулсангүй. Үүнийгээ хамтран тоглогчтой цуг үзүүлсэнгүй. Тайзан дээрх зургаан хүн дор бүрнээ тачаадан хөрвөөж, элдэв, аяг ааш гаргав. Урлаг бол эрх чөлөө гэдгийн тод биелэл. Тэд юуг ч тайлбарлалгүй орхиогүй атлаа юу ч тайлбарласангүй. Жинхэнэ сюриализм гэдэг чинь энэ юм байна өөртөө хэлэв. Жүжгийн төгсгөлд тайзыг тэр гэж тодорхойлохын аргагүйгээр хөрвүүлж орхилоо. Инээж сурах хэрэгтэй! Театрын суудал дүүрэн үзэгчидтэй. Хорь гаруй минут тасралтгүй алга ташиж, тэр хугацаанд жүжигчид зургаан ч удаа тайзнаа гаран ёсолсноор жүжиг өндөрлөв. 

Гол нь бид эрүүл саруул оюун ухаангүйгээр амьдралыг харах бололцоогүй гэцгээдэг. Амьдарч бас хүчрэхгүй. Гэтэл эрүүл саруул ухаан гэдэг үнэндээ бидний цэрвэдэг, айдаг тэр зүйл байвал яах вэ? Асуулт нь тодорхой байхад хариулт заавал олддог. Гэхдээ тухайн агшинд биш. Хариултыг нь тухайн агшинд дотроо бодоод олчихдог жүжиг нэг л хуурамч, эл дол санагддаг. Харин уг жүжиг тийм байсангүй. Зүгээр л солиотнуудыг хөнгөн наргиа, элдэв галзуурлын чуулбар, Гоголийн туужис шиг байсан ч хариулт бэдрэх боломжтой асуултыг үлдээжээ. 

Цаг хугацаа зарим юмсыг мартуулж, зарим зүйлсийг сануулдаг. Өнгөрсөн цаг хугацаан дотроос хэчнээн ухаж төнхөж, эрэл сурал болсон ч ахин хэзээд хөндөгдөхөөргүй булшлагдсан дурсамж, туурвилууд олон. Харин сайн уран бүтээл үргэлж цаг хугацаанаас эс хамааралтайгаар оршиж ирсэн нь үнэн. Түүний хэрээр биднийг үргэлж дагаж явдаг мөнхийн сэдвүүд ч мөн цаг хугацаанд эс хамаарна.

Та оршиж байх аваас ямагт хажууд, дотор, сэтгэлийн аль нэгтээ ивээс болон хадгалагдсан, мэдрэмжээс тань шалтгаалан өндийх мөнхийн зүйлсийн нэг нь дурсамж юм. Тийм дурсамжийг Херман Хессегийн амьдарч байсан нутагт, байгаль дундах шидтэний ертөнцөд бүтээлээ. Юмс нэгээхэн мөчид ид шиг өрнөдөг. Харин тэдгээрийг сэтгэлдээ агшин бүрээр зураглаж аваад дурсамжийнхаа гүнд хадгалах нь бичих үйлсийн хамгийн ариун, жаргалтай уй ч байж магадгүй. 

Нээрэн мартах дөхлөө. Хессегийн музейд зочилсоны дараа Лугано нуурын эрэгт хүрч индүүдчихсэн мэт толигор, үүлний замхарч буй сэмэрсэн хөвөн шиг урт утас ч үгүй тэнгэрээр нар алгуурхан доошилж, усны давалгаа очир эрдэний алмаз адил гялтганан буйг ширтэж суусан юм. Хот бүхэн иргэдийнхээ хүслийг сонсдог, түүнийгээ шивнэх юм бол хэдий хугацаанд ч хамаагүй заавал биелүүлдэг газартай байдаг. Надад бол Лугано нуурын эрэгт л биелүүлэхийг хүсэж, дотроо хадгалж явдаг нандин хүслээ шивнэж болмоор шиг санагдсан. Гэхдээ би юу ч хэлж, юуг ч хүсэж шивнээгүй. Заримдаа амьдрал өөрт нь итгэсэн хүний хүслийг зөнгөөрөө биелүүлээд өгчихдөг болов уу гэж бодогдоно. Тийм ч учраас Хессе зураач болж, түүнийхээ хажуугаар мөнхөд үлдэх бүтээлүүдийг энд л бичсэн шүү дээ. Би түүний нутагт нь хөл тавилаа. Одоохондоо үүнээс илүүтэй биелүүлчихмээр, шунан адгасан том хүсэл надад үгүй. Энэ л агшинд юу ч үгүй хоосорч, дотор цэлмэн уужирчээ. Хааяа ч болов амьдралаас юуг ч хүсэхгүй байх тийм аз жаргал дэндүү ховор олддог шүү дээ. Харин би яг одоо түүнийг мэдэрч сууна. Ахин дахин олддоггүй аз жаргалын мэдрэмж.

2024.06.08
Швейцар улс, Базель хот 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав