Миний өмнө суугаа эрхэм хүн бол 23 насандаа тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн “Философи социологийн тэнхим”-д багшаар ажиллаж эхэлсэн юм. Хожим тэрээр энэ том сургуулийн захирал болж 2016-аас 2020 оны хооронд удирдаж ажилласан билээ. Тус жилүүдэд дотооддоо олон шинэчлэлийг хийж, сайхан үр дүнг бий болгож, олон улсын харилцаанд ч дорвитой алхмуудыг авчирч түүнийгээ бэхжүүлсэн юм.
Ингээд уншигч та бүхэндээ Удирдлагын академийн захирал асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхарын ярилцлагыг хүргэж байна.
-Та 1998 онд их сургуулиа төгсөөд Удирдлагын академид багшилж эхэлсэн байдаг. Ажлын гараагаа эхэлсэн цаг үеийнхээ дурсамжаас бидэнтэй хуваалцаач?
-Хүн бүхэн өөрийн гэсэн туулж өнгөрүүлсэн түүхтэй. Тэрхүү түүх нь тухайн хүнд өвөрмөц, амьдралд нь ямар нэгэн гэрэл гэгээг авчирсан онцгой учралуудтай байдаг. Минийх ч бас тийм. 1998 онд Турк улсад социологич мэргэжлээр сурч төгсөөд эх орондоо буцаж ирсэн. Барууны оронд, тэр тусмаа социологич мэргэжлээр сурсан анхдагчдын нэг нь би л дээ.
Төгсөж ирснийхээ дараа ажил хайж яваад Удирдлагын академийн удирдлагуудтай уулзах боломж гарсан. Тухайн үед тус байгууллагын дэд захирал Н.Насанбат хүлээн авч танилцаад “Философи, социологи, улс төр судлалын тэнхим”-ийн эрхлэгч Р.Вандангомбо профессортой уулзуулсан. Тэр эрхэм надтай уулзалтын дараа тусгайлсан ярилцлага хийгээд “Чи бол баруунд социологиор суралцсан залуу юм байна. Бид эхлээд чамайг хэрхэн ажиллахыг харъя” гээд ажилд авч байсан. Анх ингэж л Удирдлагын академид сургуулиа дөнгөж төгсөөд ирсэн хорин настай залуу ажилд орж байсан түүхтэй. Миний хувьд бол ажил хайгаад анх очсон газраа л шууд ажилд орсон нь тэр.
Удирдлагын академи бол том сургууль гэдгийг тэр үедээ маш сайн ойлгож байсан. Мэдээж тус сургуулийн талаар бүрэн төсөөлөл байгаагүй ч Намын сургуулийн суурин дээр байгуулагдсан Төрийн албан хаагчдын сургалтын байгууллага юм байна гэсэн ойлголттой л анх очсон.
-Гол нь эзэмшсэн мэргэжил тань бүхий л салбарт хэрэгтэй шүү дээ...
-Яг тийм л ойлголттой байсан болохоор л Удирдлагын академийг хамгийн түрүүнд сонгосон.
-Энэ онд Удирдлагын академийн зуун жилийн ой тохиож байна. Төрийн албаны мэргэжилтнүүдийг бэлддэг болохын хувьд ч тэр энэ бол чухал түүхэн үйл явдал мөн. Та 2016 онд уг томоохон байгууллагын захирлаар ажилласан. Тэр үедээ ямар шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийсэн бэ?
-Аливаа шинэчлэл ч бай, аливаа томоохон ажил ч бай ялгаагүй ганц хүний дангаараа цогцлоодог зүйл биш. Үүнийг би тухайн үед Удирдлагын академид байхдаа ч хэлдэг байса, одоо ч энэхүү үзэл баримтлалдаа үнэнч. Мэдээж тэр цаг үеүдэд Удирдлагын академид томоохон шинэчлэлүүдийг хийсэн. Үүний гол түлхүүр нь хамтын манлайлал байсан. Хамтын манлайлал гэдэг нь тухайн шинэчлэлийг хийхэд манай удирдах бүрэлдэхүүн бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан гэсэн үг. Хамт олон, багш нар, бүх суралцагчид, бусад Төрийн болон Олон улсын байгууллага, аж ахуйн ажилтнууд бүгд үүнд хамаарна.
Нэн түрүүнд бид сургалтын орчныг орчин үеийн буюу бүхий л техник технологиор хангагдсан тав тухтай байдал руу шилжүүлнэ гэх зорилт тавьсан. Үүднээс авхуулаад суралцагчдын анги танхим, хурлын заал, ариун цэврийн өрөө хүртэлх сургалтын бүхий л орчныг шинэчлэсэн.
Хоёрдугаарт гэвэл бид сургалтын хөтөлбөрөө шинэчилсэн. Учир нь төрийн албан хаагчдын өөрсдийнх нь ангилал, зэрэглэл болоод гүйцэтгэж байгаа ажлын чиг үүрэгтэй нь уялдуулан шинээр боловсруулж, тодорхойлох шаардлага гарсан.
-Тухайн үед Төрийн албаны хууль ч мөн шинэчлэгдэж байсан...
-Тэгэлгүй яахав. Манай академи өөрөө Төрийн албаны сургалтын байгууллага гэдэг статустай болсон. Үүний дагуу ахлах түшмэл болох гэж байгаа Удирдлагын академид ирж сурвал ямар агуулга, ямар шинэ мэдлэг, чадвартай болох ёстой юм гэдгийг тодорхойлсон “модул”-ыг бэлэн болгосон. Хөтөлбөр ч үүнтэйгээ уялдсан байдлаар бэлэн болсон. Түүнээс гадна хамгийн гол зүйл бол манай сургалт өөрөө судалгаан дээр суурилдаг. Ийм ч учраас судалгааг нэгдүгээрт чиглэлийг нь шинээр тодорхойлох, хоёрдугаарт тогтворжуулах, гуравдугаарт бүх талын оролцоотойгоор явуулах, дөрөвдүгээрт судалгааг сургалтад зайлшгүй хэрэглэх, тавдугаарт улс төрийн байгууллагуудын захиалгаар судалгааг хийх зэрэг хэлбэр лүү орсон. Энэ бол үндсэндээ сургалт судалгаа хоёрыг уялдуулах шинэ алхам болсон. Мэдээж өмнө нь академид ийм чиглэлийн туршлага байсан хэдий ч бидний үед дараагийн шинэ шатанд гарсан.
Үүнээс гадна нэг чухал зүйл бий.
-Тэр нь?
-Багш нарыг дэмжих, чадавхжуулах. Гадна, дотны сургуулиудад богино болон урт хугацааны сургалтад хамруулах ажлыг хийсэн. Жишээ нь, урт хугацаа гэдэг нь магистр болон докторын сургалт юм л даа. Уг ажлыг бид маш сайн үргэлжлүүлж хийсэн, үр дүн нь тун сайн гарсан.
Мөн тус хүрээнд гадны ижил төстэй сургалтын байгууллагуудтай харилцаагаа шинэчилсэн. Заримтай нь бүр шинэ харилцаа тогтоосон. Энэ нь өөрөө манай академийн гадаад харилцааг бэхжүүлсэн үйл явдал.
-Олон улсын байгууллагуудтай мөн нэлээдгүй хамтарч ажиллаж эхэлсэн байх...
-Тийм. Бид Олон улсын байгууллагуудтай сургалтын агуулга шинэчлэх, сургалтын шинэ загвар бий болгох, арга зүйг сайжруулах зэргээс гадна дээр өгүүлсэн сурагчдын тав тухтай орчныг бүрдүүлэхэд хамтарсан ажлууд олныг хийсэн. Жишээ нь академийн хамгийн гол томоохон заал, танхимыг агуулсан “Б” байрыг Туркийн Олон Улсын Хөгжлийн агентлаг засаж өгсөн. Энэ нь Турк улсын Ерөнхий сайдын бидэнд өгсөн бэлэг.
-Тухайн үед манай оронд айлчлах үеэр нь уулзсан уу, та өөрөө Туркэд зорчихдоо эл ажлыг бүтээсэн үү?
-Манай улсад айлчлалаар ирэхэд нь бид Удирдлагын академдаа урьсан. Энэ хүрээнд “Б” корпусыг бүхэлд нь засварлаж, шинэчилж өгсөн. Гэх мэтчилэн олон ажлууд бий. Ганц хоёр жишээ татахад л энэ шүү дээ. НҮБ-ийн салбар байгууллагууд тодорхой анги танхимуудыг тохижуулах, тэдгээрийн техник хэрэгслийг шинэчлэх зэрэг дорвитой ажлуудыг хийсэн. Тиймдээ ч гадаад харилцаанд ихээхэн ач холбогдол өгч ажилласан даа.
-Сургалтын байрны гадна орчинд ч бас таныг удирдаж байх хугацаанд олон өөрчлөлтийг хийсэн гэдэг юм билээ...
-Гадна орчин буюу кампустай холбоотойгоор ногоон байгууламжаа цоо шинэ өнгө төрхтэй болгосон. Ер нь Удирдлагын академид очих аваас эргэн тойрны талбай нь дүүрэн модтой, ногоон байгууламжийн ажлыг бүрэн хийсэн. Тэгээд кампусын төлөвлөлтийг шинэчилсэн. Тэнд бол шинээр оюутны байр, номын сан, заал, захиргааны болон мэдээлэл технологийн төв зэрэг төлөвлөлтийг хийсэн. Үүний дагуу Удирдлагын академи эхний төлөвлөлтийн дагуу барилга байгууламжуудаа хэдийн бариад эхэлчихсэн, үйл ажиллагаа жигд явж байгаа. Ингээд бодохоор 2016 онд цогц шинэчлэл хийгдсэн. Гэхдээ энэ бол хамт олны манлайлал, хамтын хүчинд хийсэн шинэчлэл.
-Удирдлагын академи хэмээх энэ байгууллагын үнэт зүйлийг хувь хүнийхээ болоод үнэт зүйлсийг нь бүтээлцэж явсан хүний хувьд хэрхэн хардаг вэ?
-Удирдлагын академийн хамгийн гол үнэт зүйлсийн эхнийх нь дотоодод тогтсон нэг соёл бий. Тэр нь тус байгууллагад алхан орсон аливаа хүнийг дэмжиж, хөгжүүлэх чиглэлд бүх хүмүүс сэтгэл гаргаж ажилладаг. Их хамт олонсог хүмүүс. Маргалдаад, мэтгэлцээд дотроо бөөн асуудал дэгдээж байсан явдал миний үед лав гараагүй. Нэг зорилгын төлөө нэгдэж, түүнийхээ хүрээнд өөрсдийн гүйцэтгэх ёстой ажлаа сайтар хийгээд л явцгаадаг.
Басхүү академик эрх чөлөөг өргөн хүрээнд хүлээн зөвшөөрдөг байгууллага. Бүр социализмын үед ч тийм байсан гэдэг. Нийгэмд тулгамдсан асуудал, сорилт, заавал шийдэх ёстой тулгамдсан зүйлсэд ч шүүмжлэлт байдлаар хандаж чаддаг байсан академик эрх чөлөө өмнө нь ч байсан. Одоо ч тийм. Ер нь манай тэнхимийнхэн ч бай, багш нар ч ялгаагүй харьцангуй чөлөөтэй сэтгэдэг. Тэгж байж нийгмийн бүхий л хүрээнд давхар зөвлөгөө хийх, судалгаа хийх зэргээр ажилладаг онцлогтой.
-Мэдээж нийгмийн бүхий түвшний хүмүүст хүрч ажиллахад социологич мэргэжлийн давуу тал их байсан болов уу?
-Яг үнэндээ уг мэргэжлийг анх би өөрөө сайн мэддэг болохоор сонгосон юм биш л дээ. Уг нь бол хуульч, эсвээс олон улсын харилцааны мэргэжилтэй болно гэж боддог байсан. Яахав тэгээд социологич мэргэжил надад оноогдсон. Мэдээж оюутан байхад мэргэжилтэй маань холбоотой зузаан зузаан ботиуд бүхий л тайлбартай байсан. Тэдгээрийг уншиж, судалж байхад нийгмийн бүхий л хүрээнд хүрч ажиллаж болох өргөн цар хүрээтэй мэргэжил болохыг нь ойлгосон. Тухайн үедээ их олзуурхсан.
-Туркэд оюутан байхдаа шүү дээ, тэ?
-Тийм. Учир нь эх орондоо буцаж очоод төрийн алба, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, тэр бүү хэл соёл урлагийн салбарт ч ажиллах болох юм байна гэдгийг ойлгосон.
-Уг мэргэжлийн тань гол суурь нь юу юм бэ?
-Суурь нь бол судлаач. Социологи өөрөө улс төрийн, эрхийн, гэр бүлийн гэх зэрэг олон салбар судлагдхуунтай л даа. Тэгээд ирэхээр нийгмийн аль ч салбарт хөрвөх чадамжтай. Үүнийгээ дагаад судалгаа хийх явцад социологич хүн бол нийгмийн бодлого, эсвээс хөдөлмөр хамгаалал, нөгөө бол төрийн байгууллага, үгүй аваас үндсэн хуулийн эрхийн асуудлын чиглэлээр ч судалгаа хийж болдог давуу талтай. Энэ бүгдээс харахад хөрвөх чадвар өндөртэй мэргэжлийг сонгосон нь миний хувьд их азтай явдал гэж боддог.
-Яагаад та социологич мэргэжлийг сонгох болов. Үүнд гэр бүлийн хүрээний хүмүүс болон арван жилийн орчны багш нарын нөлөөл ч юм уу байв уу. Зөвхөн таны өөрийн сонголт уу?
-Миний сонголт биш. Гэр бүлийн хүрээний аль нэгэн хүний зөвлөгөөний дагуу сонгож авсан мэргэжил ч биш. 1992 онд нийгэмд өөрчлөгдөж байсан. Тухайн үед би Турк улсад нэг жил их сургуулийн бэлтгэл сургалтад суралцсан. Ингээд мэргэжлээ сонгох үед л надад уг мэргэжил оноогдсон юм. Бодсон, зорьсон, магадгүй хэн нэгэн нөлөөлсөн юм биш. Ийм л энгийн хувь тавилангийн оноолтоор л тус мэргэжлийг эзэмшиж, амьдралынхаа туршид дахин дахин суралцаж, өөрийгөө боловсруулах болсон доо.
-Манайх шиг ардчиллын соёл шинээр бий болж, нийгэм хурдацтай хугацаанд өөрчлөгдөж байсан оронд энэ талын шинжлэх ухаан чухал үүрэгтэй. Социологи бол тодорхой нийгмийн бодит баримт, шүүмжлэлт сэтгэлгээнд тулгуурлаж байдаг онцлогтой. Тэгэхээр уг мэргэжлийг эзэмшсэн хүний үүднээс юуг нь онцолж харж, үйл ажиллагаандаа түлхүү хэрэгжүүлсэн бэ?
-Ямартаа ч социологийн шинжлэх ухаан бол Монгол Улсад шинэ тутам хөгжиж байсан. Тийм ч учраас нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаатай холбоотой судалгаануудад түгээмлээр ашиглах болсон. Судалгааны арга зүй талаасаа гадна нийгмийн аливаа юмс үзэгдлийг танин мэдэж, дүн шинжилгээ хийж, дүгнэлт өгөх талаас нь түгээмлээр хэрэглэж байсан л даа.
Миний хувьд бол анх Удирдлагын академид багш болоод орсноос хойш тавигдсан гол шаардлага нь өөрийгөө байнга хөгжүүлэх. Энэ нь байнга судалгаа хийнэ гэсэн үг. Өөрийнхөө заах чиглэлээр судалгаа хийхээс судалгаанууд болоод богино хугацааны сургалтад үргэлж хамрагдах ёстой. Тэр үед боломж их байсан. Олон улсын байгууллагууд богино хугацааны сургалтыг монголд ихээр зохион байгуулах, гадны сургалтад хамруулах боломж өргөн байсан. Би гадагшаа их явна, сургалтад ямагт хамрагдахыг эрмэлзэнэ. Тэгж байж монголын социологичид, залуу багш судлаач нар барууны шинэ академик ертөнцтэй илүү ойртож танилцах, тэдний арга зүйд суралцах боломж нээгдсэн.
-Гол онцлог нь...
-Удирдлагын академийн нэг онцлог нь төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулдаг сургалтын байгууллага. Тэгэхээр өөрийнхөө заах зүйлийг бүрэн мэдэж байж, гол агуулга, чиглэлийг нь таньсан, мэдсэн хүмүүст зааж, сургана гэсэн үг. Энэ үүднээс өөрсдийгөө бэлдэнэ. Учир нь дөнгөж юмны захтай болж байгаа бус тодорхой мэдлэгтэй, туршлагатай хүмүүст хичээл зааж байгаа болохоор түүнд бэлэн байх ёстой. Тиймээс дан ганц ном унших, судалгаа хийх үйл явцаар хязгаарлагдахгүй. Давхар практик дээр тодорхой түвшинд үргэлж мэдээлэл авдаг, судалгаа хийдэг, зөвлөгөө өгдөг байдлаар ажиллах хэрэгтэй. Ингэж байж сургалт үр дүнгээ өгнө. Академийн онцлог нь энэ.
-Таны Удирдлагын академид ажиллаж байх үеэс үлдсэн, санах бүр дэргэдээс тань ургачихдаг тийм сайхан дурсамж юу байна вэ?
-Олон сайхан дурсамж бий. Тэр дундаас сэтгэлд минь ихэд дотно үлдсэн нь гэвэл манайд “Нийгмийн удирдлагын тэнхим” гэж 2002 онд шинээр байгуулагдсан үе. Энэ нь нийгмийн салбарын буюу сургууль, эмнэлэг бусад нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтнуудыг сургах чиглэлээр тухайлсан агуулга бүхий хөтөлбөр боловсруулагдсан. Уг хөтөлбөрийн түшиц тэнхим нь манай “Нийгмийн удирдлагын тэнхим”. Онцлог нь тун залуу боловсон хүчинтэй байсан. Би бол тэдгээр багш нарын нэг нь. Энэ нь өөрөө сорилт болж байгаа юм. Тиймдээ ч тэнхим маань маш хурдан бэхжих шаардлагатай болсон. Ингээд бид байж болох бүх түвшинд сургалтад хамрагдах, судалгаа хийхээс гадна давхар хичээлийн агуулга, хөтөлбөрүүдийг боловсруулах ажлыг эрчимтэй хийсэн. Тухайн үед манай тэнхимийн гэрэл ер нь унтардаггүй байсан даа. Харин 2-оос 3 жилийн дараа бидний боловсруулсан хөтөлбөр бэхжих, тэнхим маань ч ганхаад байхааргүй болсон.
Хэрвээ тодорхой хамт олон нэгдсэн зорилго тавиад ажлыг тал талаас нь хамтарч хийх юм бол хамтдаа хөгжиж, үр дүнд хүрч, зорилгоо биелүүлж болдгийг тэндээс харсан. Ийм сайхан дурсамж бий.
-Одоо та багшилж байсан үедээ эргэж очмоор санагддаг уу, эсвээс тэр үеэ хааяадаа хачин их санах мэдрэмж төрдөг үү?
-Санадаг. Би бүр сургууль дотроо явж байна гэж олон удаа зүүдэлсэн. Заримдаа явж байхад хүн олдохгүй, хүн хайгаад явж байна гэж ч зүүдэлнэ. Яг одоо би улс төрийн ажил хийж байгаа ч нэг өдөр үүнээсээ боливол багшийн, судалгааны ажлаа л хийнэ гэж боддог. Хамгийн сайхан ажил шүү дээ.
-Удирдлагын академийн үйл ажиллагааны нэг давуу тал нь яалт ч үгүй судалгаанд суурилдаг зарчим. Та ч энэ чиглэлийн маш олон бүтээл туурвисан. Тэдгээрээс хамгийн их шимтэж, сонирхон судалж хийсэн бүтээлийнхээ талаар яриач?
-Одоогоор миний зуу гаруй бүтээлүүд бий. Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, гарын авлага, илтгэл, сургалтын загварууд, нэг сэдэвт бүтээл гээд олон бий. Хамгийн их сонирхон судалсан ажил маань төрийн байгууллагын чиглэлээр хийсэн судалгааны ажлууд л даа. Жишээ нь, доктор хамгаалсан ажил маань ч төрийн байгууллага, улс төрийн тогтолцооны чиглэлийнх. Ялангуяа гадаад орны төрийн байгууллага, тогтолцоог их судална. Тэр нь харьцуулсан судалгаанд ихээхэн өгөөжтэй.
-Энэхүү байгууллага өөрөө улс орны хөгжилд чухам ямар үр нөлөөтэй явж ирсэн бэ. Магадгүй хүмүүс энэ асуултыг нэлээд тавьдаг ч гэлээ нийтэд ойлгомжтой, оновчтой хариулт өгөх хүмүүсийн нэг бол гарцаагүй та шүү дээ...
-Мэдээж хэрэг нийгэмд өөрчлөлтийг авчрах, нийгмийг удирдах үүрэгтэй байгууллага. Учир нь нийгмийн бүхий л түвшний удирдах ажилтнуудыг бэлтгэдэг сургууль. Энэ үүднээс нь аваад үзэхэд яалт ч үгүй улс орны амьдрал болоод тэр тусмаа улс төр, нийгэм, эдийн засгийн гол шийдвэрүүдийг гаргах, хэрэгжүүлэх хүний нөөцийг сургаж хөгжүүлэх чиглэл бүхий ийм байгууллага байсан. Намын дээд сургууль буюу социализмын үед л дээ. Харин уг шинж чанараа одоог хүртэл хадгалдаг. Өнөөдөр төрийн албанд 225.000 албан хаагч байна. Эдгээр дотор төрийн захиргааны албан хаагч нар тухайлсан байдлаар төрийн захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Түүнээс гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал буюу улсын салбарт ажилтнууд бий. Уг хүмүүсийн бэлтгэсэн нь тухайн салбаруудын үйл ажиллагааг зөв зохистой удирдах, тулгамдсан сорилтыг даван туулах, шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжийг олгодог. Тийм хүнийг бэлдэж, боловсруулж байгаа гэдэг утгаараа Удирдлагын академи бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжлийн удирдлагын гол суурь “бааз”-уудын нэг нь яах аргагүй мөн.
-Сүүлийн жилүүдэд Төрийн албаны хүний нөөцийн шинэчлэл, хөгжил их яригдах боллоо. Энэ албаны ажиллах хүчний нөөц, тасралтгүй хөгжил, залгамж халааг Удирдлагын академи бэлддэг. Хэдийгээр та өөр албан тушаалтай ч цаашдын тулгамдсан шинэчлэлийн асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Төрийн албаны шинэчлэл бол тодорхой цаг хугацаанд ямагт хийгдэж байдаг. 2017 онд төрийн албаны тухай хуулийг шинээр баталсан. Үүнтэй холбоотойгоор миний дээр өгүүлсэн шиг Удирдлагын академийг “Төрийн албаны сургалтын байгууллага” гэдэг статустай болгосон. Тэгэхээр Удирдлагын академи бол төрийн албан хаагчдыг сургаж, хөгжүүлэх сургалтын гол байгууллага гэдгийг тодорхойлчихлоо л гэсэн үг. Харин энэ талын шинэчлэлийг хэрэгжүүлэх үүрэг нь тус байгууллагад сургалтын талаас нь авч үзэхэд зайлшгүй бий. Нөгөөтээгүүр уг шинэчлэлтэй холбоотой судалгаа, зөвлөгөөний ажлыг хэрэгжүүлэх үүрэг ч бий. Өдгөө бол сургалтыг их өргөн хүрээнд явуулдаг болсон. Учир нь танхимын сургалтаар олон хүнийг хамруулж чаддаггүй байсан бол холын зайн буюу онлайн сургалтыг нэвтрүүлж эхэлсэн. Учир нь нэг сумд буй төрийн албан хаагчийг Улаанбаатарт авчирч сургах нь зардал өндөртэй. Мэдээж авчрах боломжтой ч бүгдийг нь нэг дор, үргэлж авчрах боломжгүй нөхцөлд тодорхой сургалтуудыг цахим хэлбэрээр зохион байгуулж, тухайн хүмүүст шаардлагатай мэдээлэл, мэдлэгийг түгээх боломжийг тухайн үед нээсэн. Тэгвэл төрийн албаны шинэчлэлийн гол зорилго нь хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх юм бол уг сургалт, үйл ажиллагаа нь чухал арга замын нэг гэж үзэж байгаа.
-Та одоо ч сургуулийнхаа ажилтнуудтай холбоотой байж, ажлын талбар дээр зөвлөхөөс гадна санаа оноогоо солилцдог, харилцан ажилладаг хэвээрээ юу?
-Ямар ч эргэлзээгүй тийм гэж хариулна. Бидний холбоо огтхон ч тасалдахгүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт олон судалгаа, зөвлөх ажлууд ар араасаа гарч ирнэ. Үүн дээр Удирдлагын академийнхаа багш нартай хамтарч ажиллах нь нэг талаас ажлыг хурдан дуусгаж үр дүнг нь үзэх, нөгөө талаас тухайн байгууллага дахь туршлагыг одоо ажиллаж байгаа газартаа нэвтрүүлэх нь их чухал. Зөвхөн манайх гэлтгүй бусад салбарт ч энэ аргыг өргөн нэвтрүүлдэг. Би жишээ нь МАН-ын бодлогын түвшинд сүүлийн 15 жил ажилласан хүний хувьд намын томоохон судалгаанууд болоод нийслэлтэй холбоотой бодлогын судалгаанууд дээр ч тэр Удирдлагын академийнхаа багш нартай хамтарч ажилладаг. Аль ч нөхцөлд хамтын ажиллагаа огт тасалдахгүй.
-Хамт олон гэдэг үгийг ганцхан өгүүлбэрээр тодорхойлооч?
-Хамтын зорилго руу чиглэсэн нэгдмэл зорилготой, нэг нэгнээ гэсэн хүмүүсийн сэтгэл.
-Та 2002, 2005, 2009 онуудад Кембрижийн их сургуульд зочин судлаачаар уригдаж байсан юм билээ. Улс төр, нийгмийн хүрээнд тэндээс олж харсан, олж мэдсэн хамгийн чухал зүйл юу байсан бэ?
-Анх 27 настай залуухан судлаач очсон. Барууны том эрдмийн уурхайг нээх зорилготой хөл тавьсан. Тэднээс би эрдмийн далай агуу том, хүнд хязгааргүй таашаал өгдөг, хөгжил рүү хөтлөх гол арга нь энэ юм байна гэж харьсан. Кембриж бол ганцхан их сургууль бус бүхэл бүтэн хот шүү дээ. Тэнд очсон хүн гарцаагүй ном уншмаар, том эрдэмтдийн лекцэнд орж суумаар санагдана. Анх тэгж очихдоо би хүн бол хязгааргүй их боломж дунд байдаг юм байна гэдгийг ойлгосон.
2005 оны хувьд докторын судалгааныхаа ажлаар очсон. Тухайн үед “Монгол судлалын төв” дээр зочин судлаачаар байрлаж байсан. Харьяалах факультед нь Улс төр судлалын тэнхим. Гол судалгаа маань төрийн байгууллагын чиглэлийн харьцуулах судалгаа учраас тэнд байрлаж, ажлуудаа хийсэн.
Харин 2009 онд бол доктор хамгаалчихсан, зочин судлаачаар очиж ажилласан. Аль аль нь өөрийн онцлогтой.
-Одоо та юун дээр анхаарч, юуг нэн түрүүнд шинэчлэх шаардлагатай гэж бодож байна?
-Яг тэр, энэ гэж хэлмээргүй байна. Академи бол стратегиа тодорхойлж түүнийхээ дагуу ажилладаг газар. Мэдээж ямар ч үед орхигдуулж болохгүй зүйл бий. Тиймээс багшлах болон судалгаа хийх хүний нөөц, бүрэлдэхүүнийг үргэлж хөгжүүлж, шаардлагатай хүний нөөцийг хайж, олж чадавхжуулах ёстой. Бусдыг нь стратегийн түвшинд Засгийн газар дэмжээд явчихдаг, академи нөөц бололцоогоор хийчихдэг гэх мэт аль аль нь бий. Тэгэхээр хүний нөөц дээрээ л анхаараасай гэж бодож байна.
-Удирдлагын академийн хамт олондоо 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, юу гэж хэлмээр байна даа...
-Монгол Улсын шинэ 100 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэхэд академи маань чухал үүрэг гүйцэтгэсэн. Цаашдын 100 жилийн түүхийг Удирдлагын академийн хамт олон бичилцэх нь эргэлзээгүй. Тиймээс ч уг үйл хэргийг бүтээхэд оролцсон ахмадууд, яг одоо ажиллаж байгаа багш нар, удирдах ажилтнууд бүгдэд нь талархснаа илэрхийлмээр байна. Цаашид эл сургуулын хувь заяаг авч явах хүмүүст та бүхний өмнө маш том хариуцлага бий, үүнийг та бүхэн нэр төртэйгөөр биелүүлж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
Та бүхэндээ 100 жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.