“Монголын уран зургийн галлерейд  каллиграфич О.Ням-Очирын “Эгчим” нэртэй бие даасан  үзэсгэлэн нээгдлээ. Тэрээр энэхүү үзэсгэлэндээ контемпорари уран бичлэгийн  20 орчим бүтээлээ дэлгэжээ. Түүний бүтээлүүд нь шийдэмгий, өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх нь сонирхол татна. Түүнтэй уулзаж цөөн хором ярилцсан юм. 


-Таны үзэсгэлэнгийн нэр их сонирхол татаж байна. Яагаад “ Эгчим” гэж нэрлэсэн бэ? 

-“Эгчим” гэж нэрлэсэн учир нь судрын шинэ хуудас эхлэхэд дардаг тамга тэмдгийг ийнхүү нэрлэдэг. Иймээс өөрийнхөө уран бүтээлийг шинэлэг төрлөөр гаргаж байгаа учраас энэ нэрийг сонгож нэрлэсэн юм.

-Энэ таны хэд дэх үзэсгэлэн бэ?  

-Миний бие даасан  тав дахь үзэсгэлэн юм. Өмнө нь гарч байсан үзэсгэлэнгүүдээс дурдвал “Анхны зураас”, “Аниртай, аниргүй”, “ Цадиг” , “ Улаан гэр” зэрэг үзэсгэлэнгүүд гаргаж байлаа.Эдгээр үзэсгэлэнгээс каллиграфик чиглэлээр гэх юм бол “ Улаан гэр” үзэсгэлэн   байна. Энэ удаагийн “Эгчим”  үзэсгэлэн маань каллиграфик болон контемпорари чиглэлээр гаргасан  гэдгээрээ, мөн  уг үзэсгэлэнд маань  хоёр уртын дуу, зүйр цэцэн үг,  судар,шүлэг яруу найраг бичсэнээрээ онцлогтой юм.

-Уг үзэсгэлэндээ та өв соёлоо сонин содноор илэрхийлжээ. Тухайлбал хөхүүрнээс цагаан хадаг гаргасан нь содон харагдаж байна. Яг л хөхүүртэй айраг шиг. 

-Тиймээ, энэхүү үзэсгэлэнгээрээ  би хэлэх гэсэн санаагаа илэрхийлэхийг хүссэн. Монгол хүн учраас монгол ахуй, өв соёлоо орчин үеийн урлагаар харуулахыг зорьсон. Өнөөгийн нийгэмд бид хэт их хотжиж, ахуйгаасаа их алсарч байна л даа. Тиймээс энэ талаар зовниж явдаг зүйлээ контемпорари  болон каллиграфик чиглэлээр хослуулан гаргаж байгаа юм. Таны хэлсэнчлэн хөхүүрээс урт цагаан хадаг унжуулсан нь айраг цагаа исэж саваа дүүргэн цалгиж байгааг илэрхийлсэн хэрэг. Монголчууд бид чинь бүх зүйлээ  бэлгэддэг  ард түмэн шүү дээ. Энэ хөхүүрэн дээрээ гэхэд “Эртний сайхан”, “ Эрхэм төр” хэмээх хоёр  уртын дууг монгол бичгээр бичсэн. “Эртний сайхан” уртын маань эзэн Чингисийн үед  найр наадам эхлэхэд дуулдаг хүндэтгэлийн дуу байжээ.  Уртын дуу монголчууд бидэнд ийм л хүндтэй зүйл маань юм.

-Цагаан хадган дээр мөн л монгол  бичгээр бичжээ.  Үүн дээр юуг илэрхийлж бичсэн бэ?

-Урт хадган дээрээ “Цагаан шүхэрт”, “Майдарын ерөөл” судраас бичсэн . Хөхүүрнээс цагаан хадаг гаргаж байгаа нь яг л хөхүүртэй айраг цалгиж байгаа мэт харагдуулахыг зорьсон. Учир нь цагаан хадгаар монголчууд цагаан цайлган сэтгэлийг илэрхийлдэг. Танд ямар нэгэн  гэм хор хүргэхгүй гэсэн үг юм.  Мөн монголчууд цагаан сараар хадаг бариад золгодог шүү дээ. 

-Таны каллиграфикаар бичсэн бүтээлүүдийг хараад байхад хар бэхээс өөр өнгөөр бичжээ. Энэ ямар учиртай юм бол ?

-Ер нь 2019 оноос хойш каллиграфик урлагийг чинь бэхээр бүтээдэг болсон шүү дээ. Миний хувьд болохоор анх хар бэхээр хийдэг байж байгаад сүүлийн нэг дөрөв таван жилээс шунхан улаан, цэнхэр, улбар шар гэсэн өнгөнүүдөөр бичиж байна.  Нэг үгээр хэлбэл эрс тэс өнгүүдээр бичиж байгаа. Би бүтээлээ хийхдээ монгол бичгийнхээ зурлагыг баримтлаад, түүн дээрээ чөлөөтэй сэтгэж хийдэг. Тухайлбал, “Хийморь” гэдэг бүтээл дотор ерөнхий зурлагыг баримтлаад үүн дотроо  илүү чөлөөтэй, бэх урсах, нэвчих  байгаа зэргийг харуулахыг зорьсон.  Хүмүүс  ярьдаг л даа харахад хийсвэр зураг шиг харагдаж байна гэж. Хэчнээн хийсвэр  юм шиг болов чиг монгол бичгийнхээ ерөнхий зурлагыг баримталж бичдэг.  Дараагийн тэр “Мандал” гээд бүтээл байна .  Ма үсэг тэгээд  титэм гэзгийг нэг удаагийн  таталган зурлагаар хийчихсэн байх жишээтэй.

- Мөн энэ яруу найрагч  Д. Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг их өвөрмөц аргаар бичжээ.

-Д.Пүрэвдорж гуайн “ Тусгаар тогтнол” шүлгийг бичихдээ хөдөлгөөнтэй шоог сонгож аваад  гурвалжилсан уул хэлбэрийг үүсгэж байгаа юм.  Үүний доод талд эсгийг гэрийн дугуй бууриар дүрсэлж байгаа юм.  Энэхүү эсгийн дээрээ монголчуудын ихэвчлэн хэрэглэдэг тамгануудыг сонгож дарсан. Тухайлбал ширээтэй хас, онгин тамга гэх мэтчилэн.  Энэ бүгдийг нэг дор ингэж байрлуулж бүтээснээрээ монголчуудын газар тэнгэртэйгээ харьцаж ирсэн уламжлалыг, мөн олон зууны түүхийн нугачаанд  авч үлдсэн бидний өвөг дээдэс  “тусгаар тогтнол” хэмээх үнэт зүйлээ хэрхэн авч үлдсэнийг харуулахыг эрмэлзсэн юм.

Түүний бүтээлүүд тэр чигээрээ монгол өв соёлоо баталгаажуулах, түүнийгээ тамгалан авч үлдэх үзэл санаа дүүрэн юм. Энэ үйл хэрэг хэдийгээр зөвхөн уран бүтээлчдийн үүрэг биш боловч түүн шиг онцгой зүрх сэтгэлтэй хүмүүсийн зүтгэл дээр явдаг нь гуниг төрүүлнэ. Чухам ийм учраас л манай редакци энэ цөөнхүүдээ дэмжиж ажилладаг юм. 

Монголын агуу их өв соёл батжин бадрах болтугай. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав