Энэ удаа манай VIPerson зочноор цахим ертөнцийн хамгийн алдартай тоглогчдын нэг, Baabar.mn-ийн нийтлэлч Артаньян буюу Д.Түмэн-Өлзий уригдлаа. Тэрбээр одоо BSP компанид Креатив багийн ахлагчаар ажиллаж байна.


 -Урилгыг маань хүлээн авсан Артаньяндаа баярлалаа. Таны жинхэнэ нэр буюу Түмэн-Өлзий гэх алдрыг тань манай залуус бараг мэдэхгүй байх аа. Би хэдийгээр мэддэг ч Артка гэж авгайлсаар дасч орхиж.

-Бараг тийм байх аа даа.

-Тантай ярилцаач гэсэн хүсэлтийг уншигчдын зүгээс надад олонтаа ирүүллээ. Ний нуугүй хэлэхэд сүүлийн үед залуу зочдыг урьж ярилцах бодлого бас түлхүү барьж байгаа. Цагийн эрхээр нийгмийн маань өнгө солигдож байна. Түрэн гарч ирж буй олны танил тэр залуусын тэргүүн эгнээнд явж байгаа гэж таныг хардаг. 

-Баярлалаа.

-Би таны намтрыг уншсан. Мөн л өөрийнхөө “хэл”-ээр, тодорхой биш ч гэмээр бичсэн байна билээ. Тэнд та өөрийгөө багш нарын гэр бүлд төрж өссөн гэж тэмдэглэжээ. Ер нь багш нарын гэр бүлийн үр хүүхдэдээ өгдөг өв соёл гэж онцлог зүйл юу байна. Хожим танд ажиглагдаж байгаа тийм ялгарах зүйл байх юм уу?

-Манай гэр Зайсанд байдаг байсан юм. Аав маань ХААИС-ийн Ойн тэнхимийн багш байсан. Тухайн үед декан, доцент энэ тэр болоод л, сургуульдаа тодорхой төвшинд ажилладаг байлаа. Ээж маань болохоор дунд сургуульд хими биологийн багш. Аав ээж хоёр маань ажлаа хийнэ, бид цэцэрлэг, дараа нь сургууль гээд л бусдын адил явцгаасан. Манай аав эрт нас барсан л даа. 1986 онд аав маань өнгөрсөн юм. Би чинь их орой төрсөн юм болохоор дээрээ их том том ах эгч нартай байхгүй юу. Намтартаа багш нарын гэр бүлд төрж хүмүүжсэн гэдэг маань аав ээжийгээ багш хүмүүс гэдгийг л хэлж байгаа санаа л даа. Түүнээс биш би багш нарын гэр бүлд төрсөн гэж онцгойлон хэлсэн утга биш. Тэр нь сайн ч юм уу, муу ч юм уу чухалчилж бодоогүй. Аавыгаа яг ямархуу стиль, хэв маягтай хүн байсан тухайд хагас дутуу л мэддэг. Долоо наймхан настай байсан болохоор. Ээж маань тухайн үеийн л багш нарын нэг. Жаахан тийм диктатурный маягийн хүн л дээ. (инээв)

-Жишээлбэл, эцэг эх нь хоёулаа эмч гэр бүлийн хүүхдүүдээс нэг тийм танигдахаар өгөгдөл харагдаад байдаг юм л даа. Тэгээд л багш нарын гэр бүлийн гэж бусдаас ялгаатай хэв шинж, тодорхой өөр соёл бий эсэхийг л сонирхсон юм. Бас өөрийн тань энэ бичиг соёлын ертөнц рүү орсон явдал гэр бүлийн угшилтай нь ямар нэг байдлаар холбоотой юм болов уу гэж бас бодогдоод...?

-Бас магадгүй л юм.

-Жишээлбэл, хүнд заах, чиглүүлэх гэсэн сонирхол танд хэр их байдаг вэ?

-Байдаг байсан. Бүр аймаар их. (инээв) Тэгсэн чинь нөгөө хүмүүсийн хүлээж авч байгаа байдал нэг л биш байсан байхгүй юу. Ядаж л дүү нартаа математикийн хичээл энэ тэрийг нь заах гээд оролдоод байдаг. Гэтэл тэд нарын бүр залхчихсан байхыг хараад сүүлдээ больчихсон. Хэд хэдэн удаагийн тийм тохиолдлоос болоод ахиж тэгж оролдохоо байсан. Аавыгаа оюутнуудад хичэээл зааж байхыг би их хардаг байсан л даа. Намайг гэрт харах хүн байхгүй, аав ажилдаа аваад явдаг. Их сургуулийн багш нар чинь индэр дээр гараад л хичээлээ заадаг ш дээ. Тэр дүр төрхийг нь их хардаг байсан. Үүний давуу тал гэж надад юм шингэсэн байж магадгүй. Би оюутан байхдаа курсийн ажил хамгаалахдаа, бага хэмжээний илтгэл энэ тэр тавихдаа эхлээд яг тэр олон хүнийг хараад сандардаг боловч тэр нь дорхноо алга болчихдог байсан. Би чинь зарим тохиолдолд ярихдаа жаахан гацчих гээд байдаг байхгүй юу. Тийм байдал маань хүмүүсийн өмнө гараад улам гацмаар байтал би тийм биш болоод, бүр нэг онгод орох шиг болоод явчихдаг. Гэхдээ сүүлийн үед илтгэгч залуучууд аягүй их болчихсон.

-Нэг тийм хуурай цэцэн эгнээ гарч ирсэн харагддаг?

-Харин тийм. Тэр үзэгдлийг хараад би маш их зайлсхийдэг болчихсон.

-Илтгэх авьяас бол улстөрчдөд бас нэг том хавсарга хүчин зүйл болж өгдөг юм шиг байгаа юм. Уг нь энэ өөрөө бусдыг уриалах, өөрийн үзэл санаандаа автуулах, итгүүлэн дагуулах их том урлаг. Гэвч сүүлийн үед гарч ирсэн залуучууд нөгөө иргэний яруу найраг гэдэг шиг сүржин, шууд утгаараа дэмий санагдах нь бий.  Эсвэл би тоомсоргүй, буруу хараад байна уу?

-Яг л тантай адилхан хардаг л даа. Сүхбаатарын талбайн хажуугаар явж байгаад хааяа нэг цуглаан жагсаал болж байхтай таараад хэрэгт дурлаад очдог байхгүй юу. Тэгээд харж байхад “Манай тэр сургууль, энэ холбооны шинэ залуу төлөөлөл болсон залуу гээд зарлаад л нөгөөдүүл нь гарч ирээд үг хэлж, илтгэл тавьж байхыг харахаар бүр нүүрний арьс хуулармаар санагдаад, ичээд бушуухан явчихдаг. Энэ мэдрэмжээсээ болоод л олны өмнө гарч юм ярих тухай бодлоо хаясан л даа. Онигоо болох юм байна гэж бодоод...(инээв) 

-Таны намтраас 24 цагийн цэцэрлэгт хүмүүжсэн гэдэг баримт их содон санагдсан. Багадаа ийм цэцэрлэгээс айдаг байсан болохоор тэгсэн юм болов уу? Гэхдээ хожим ажиглахад 24 цагийн цэцэрлэгээр хүмүүжсэн хүүхдүүд илүү бие даах чадвар суусан ч юм шиг байдаг юм. Энэ цэцэрлэг таны хувьд яг юу байсан бол?

-Тэр чинь ерөөсөө хүүхдэд зориулсан цэрэг шүү дээ. Хүмүүс чинь цэрэгт яваад жинхэнэ эр хүн болоод ирлээ гэж ярьцгаадаг байсан санагдана. Тэрэн шиг манай байранд цэцэрлэгт огт явдаггүй найзууд байдаг байсан л даа. Дараа нь сургуульд ороод хамт явахаар ээж нь цэцэрлэгт л явуулж байдаг байж гээд ярихыг олон сонсож байсан. Би их эрт уншаад сурчихсан байдаг. Манай өнөөх уншиж сурдаггүй, тэгээд л ээж нь үглэж байхыг хардагсан. Тэр үедээ цэцэрлэгийн ач тусыг юугаа ухаарах юм. Сүүлд л бодоход тэр 24 цагийн цэцэрлэгээс бас чамгүй л хүмүүжил авсан санагддаг.

-Тэр үедээ бол дургүй байсан биз дээ?

-Аймаар дургүй. (инээв) Бараг ээж ааваа мартчихсан, гэрэвшчихсэн байдаг байсан. Өдөр тутмын цэцэрлэгт явдаг хүүхдүүд чинь ээж аав нь ирж авахаар баярлаад бөөн юм болдог бол бид тэгэхгүй байгаа юм чинь. Аа, та нар ирээ юу гэх маягтай л угтдаг болчихдог. Цэцэрлэгийн насандаа би эрс тэс өөр өөр зан төлөвтэй хэд хэдэн багш нартай тохиолдож байсан.  Эхний багш маань яг ээж шиг багш байсан. Гараа элгэн дээрээ битгий тавьж унт. Тэгвэл зүүдэлдэг юм гээд л. Хүүхдүүдийг бүгдийг нь шалгаад л, нэг бүрчлэн анхаарал тавьж очиж унтуулдаг. Намар болонгуут бүх хүүхдүүдийнхээ биед айраг түрхэж наранд шардаг, бүр тийм нандин ханддаг багш байсан. Тэр багшийн дараа нэг аймаар багшийн гарт орсон. (инээв) Би ёстой өдөр шөнөгүй тэрэнд зодуулсан. Үргэлж зоддог байсан. Хамгийн аймаар шийтгэл нь чармай шалдлаад ангиудаар явуулдаг байхгүй юу. Тэр үед чинь бас тав зургаан нас хүрчихсэн хүүхдэд ичгүүр гэж хүнд дарамт ирж байгаа юм. Орох газар олддоггүй, үхмээр санагддаг байсан. Манай ангийнхныг бүгдийг нь тэгж шийтгэсэн. Би хоёр удаа тийм шийтгэлд нь өртсөн. Тэр явдал бас нэг тийм нуугдмал жижигхэн комплекс үлдээсэн ч юм бил үү. Тэрнээс болоод миний ичимхий зан тогтоод үлдчихсэн ч юм бил үү. Хүүхдийг бас тийм аймаар багшийн гарт өгөх аюултай санагддаг. Яахав тэр үеийн л бас нэг тусгал байсан байх л даа. 

-Таны нэр Түмэн-Өлзий гээд их тохьтой нэр. Энэ нэрийг танд хэн өгсөн юм. Та жаахан байхдаа нэрэндээ яаж ханддаг байсан бэ?

-Би эхлээд нэрээ ерөөсөө анзаардаггүй байсан. Сүүлдээ л нэг тийм дээр үеийн нэр шиг санагддаг болсон. Хожим бүр энэ тухай бодохоо ч больсон. Өсвөрийн насанд л тэгж санагддаг байсан байх. Миний нэрийг том ах маань өгсөн л дөө. Манайхан бүгдээрээ нэр хийгээд будаан дотроос шигшиж тодруулахад нь ахын өгсөн нэр гарч ирсэн гэсэн. Одоо бол нээрээ таны хэлснээр тохьтой ч юм шиг гайгүй нэр юм байна шүү. (инээв)

-Уг нь таныг төрөх үед хүмүүс богинохон, илүү сонсголонтой, содон нэрүүд хүүхдүүддээ өгдөг болоод эхлэчихсэн байсан. Ах тань их өвөрмөц хүн юм байна.

-Би бага байхдаа яг тийм загварын нэртэй байсан бол гэж бодсон байхгүй юу. Аягүй гоё, Түшиг ч юм уу...(инээв)

-Билгүүн энэ тэр гээд л үү?

-Тийм, Билгүүн ч юм уу. Ийм нэрүүд гоё санагдаад л. Ядаж л Гантулга гэхэд арай орчин үеийн нэр байгаад байдаг. (инээв) Түрүүн та бичгийн ажил руу аав ээжийнхээ нөлөөгөөр орсон байж магадгүй гэж хэлж байсан. Тэрэнтэй холбогдуулаад ярихад аав маань шөнө ширээний гэрэлтэй л юм бичээд сууж байдаг хүн байсан юм. Лекц энэ тэр гээд бичих ажил ихтэй л байсан байх. Сүүлд би аавынхаа бичсэн гурван үеийн намтрыг уншсан. Урд нь уншихгүй л яваад байсан юм. Учир нь миний үед энэ зүйл хэрэглэгддэггүй байсан юм чинь. Тэгээд хожим ээж надад гаргаж өгсөн. Тэгэхэд аавын маань шөнө дөлөөр суун бичдэг байсан зүйлсийнх нь нэг энэ гурван үеийн түүх байж дээ гэж бодогдож байсан. Тэр гурван үеийн намтрыг уншихад надад их гоё сэтгэгдэл төрж байсан. Үнэхээр гоё бичсэн байсан л даа. Ямар гоё бичдэг байсан юм бэ гэж бодож байсан. Бичсэн тэр хэв маяг, бичиглэл нь маш гоё.

-Та дээшээ хэдэн үеэ мэдэх вэ?

-Тэр гурван үеийн түүхээр л мэднэ. Цаашаа мэдэхгүй.

-Тэгвэл тэр гурван үеийн хамгийн дээр бичигдсэн өндөр өвөг тань ямар хүн байж.

-Надмид гэж хүн байсан. Манай аав чинь Хөсгөлийн Шинэ-Идэр сумын хүн. Ээж болохоор Хөвсгөлийн буриад. Аав эрт нас барчихаар хамаатан садангууд нэг тийм холдоцгоох байдал байдаг даа.  Тийм байдал ажиглагддаг ч манайхны тухайд тийм ч их холдсон зүйл бас гайгүй. Би чинь амрахаараа л Хөвсгөлийн Цагаан-Үүр рүү байн байн очдог байлаа. Тийм болохоор тэр буриад хүмүүсийн аж байдлыг мэддэг, мэдэрдэг, нэг талаараа их элэгтэй болж хүмүүжсэн л дээ.

-Буриад гаралтай хүмүүс “Би ер нь цөстэй шүү, үзнэ шүү, айхгүй шүү” энэ тэр гэсэн нэг тийм авир харуулж байхтай олон таарч байсан юм байна. Гэхдээ танаас “Хөөе би ёстой цөстэй, бүлтэй хүн шүү” гэсэн тийм ааш огт харагддаггүй ш дээ.

-(инээв) Тэр мэтээс бол би тасарчихсан л даа. Гэнэт санаандгүй л ёстой нөгөө энд тэндээс тийм юм буугаад ирдэггүй л юм бол би одоо нэг их “Буриад хүн шүү, би. Алаад өгнөө” гээд орилоод явахгүй байх.

-Гэхдээ яагаад ч юм манай ястан үндэстнүүд дотроос энэ төв цэгийнхнээс жаахан холдоод, ялангуяа хоошлоод ирэхээр арай өөр ухаан мэдрэгдээд байдаг юм. Ялангуяа орос, оросын буриад цустай сэхээтнүүд бол их хүчирхэг шинжтэй.

-Тийм үү. Хоошоо гэснээс ярихад Улаан-Үдэд манай ээжийн төрсөн эгч байдаг юм. Аль тэр гучин хэдэн онд нөгөө хил наашаа татсан ш дээ. Яг тэр үеийн явдал. Хөөрхий зүгээр айлд байж байсан гэж байгаа юм. Нэг өглөө босоход нь хил татаад л буцаж оруулж ирэх аргагүй болгоод л тэнд үлдсэн. Гэр бүлээсээ тэгээд л шууд салж байсан. Тэр хөгшин маань саяхан болтол амьд сэрүүн байсан. Бүр 90 хүрээд ноднин өнгөрчихлөө. Тэдний хүүхдүүд байдаг. Миний үеэлүүд гээд. Тэгсэн атлаа 50-60 настай хүмүүс л дээ. Тэд байнга ирдэг байсан юм. Сүүлийн хэдэн жил харин ирсэнгүй. Монголд ирээд арваад хоноод л буцдаг байхгүй юу. Тэд нарын буцахдаа тэр галт тэрэгний буудал дээр салж ядаж байгаа нь, уйлж гансарч байгаа нь харахаас сэтгэл өвтгөсөн аймаар явдал болдог. Бид гэтэл ерөөсөө мэдэрдэггүй биз дээ. Тэд нараас салах бол бидэнд ямар ч асуудал биш. Би эхлээд ерөөсөө энийг мэдэрдэггүй байсан. Хожим бол бас л сэтгэл шимширдэг болсон.

-Өөрсдөөс нь огт шалтгаалахгүйгээр хувь тавиланг нь нэг л өглөө хилийн зурвас татаж хуваагаад л, таллаад, хагацал зовлонд унагаад хаячих бол аймшигтай хэлмэгдэл шүү дээ.

-Үнэхээр тийм.

-Өөрийн тань ажил хэргийн орчны тэр үзэл санаанд хэлмэгдлийн сэдэв орж ирж байгаа. Киноны төслүүд дээр ажилласан. Одоо “Непко”-гийн хийж байгаа намтар судлал, түүх бичлэгийн том төсөл байна. Таныг Р.Чойномыг бичиж байгаа гэж сонссон. Ийм сэдвээр ажиллахад тань таны гэр бүлд тохиолдсон, өөрийн биеэрээ харж мэдэрсэн тэр зүйл далд ямар нэгэн нөлөөлөл үзүүлдэг үү?

-Түрүүн нэрлэсэн тэр Надмид гэдэг хүн чинь бол манай аавын өвөө нь л дөө. Яг төрсөн аав нь болохоор хэлмэгдээд, тэгээд тэрийгээ тас нуучихсан байдаг. Тэр бүх түүх нь архивт байдаг юм билээ л дээ. Одоо манай аавын талын, одоо бараг 100 нас хүрч байгаа нэг хөгшин байгаа. Тэр хөгшинтэй л уулзаж, хонон өнжин яриулах бодол байна.

-Хэлмэгдсэнээ нуучихсан байна гэж үү. Бас дахиад л юу ч болох юм билээ гэсэн айдсаас болсон байх л даа.

-Тэгсэн л байх. Энэ явдал тавиад оны явдал. Үр хүүхдээ бодсон байх. Тэгж нууж чадсаных нь ачаар манай Аав Орост төгссөн ч юм бил үү. Манай аавын зан чанарын тухай хүмүүс ярьдаг юм. Их сонин хүн байсан. Ерөөсөө бэргэж, ая талыг олох гэж оролддоггүй. Болохгүй бол шууд үзэлцчихдэг тийм хүн байсан гэж. Одоо манай нэг ах яг тийм зантай. Жаахан дургүйг нь хүргэсэн, нэг тийм ёозгүй сэжээргүй зан төрхтэй хүн таарах тохиолдолд шууд шууд л хэлээд явчихдаг тийм хүн байдаг. Надад бол тэр зан нь дутмаг байдаг. Манай аав бол жинхэнэ тийм коммунист хүн байсан юм билээ. Их тийм зарчимтай. Тэгсэн хэрнээ өөрийн өвөрмөц зан төлөвтэй. Жишээ нь цалингаа аваад шүүгээндээ хийчихээд л явчихдаг. Ажлынх нь хүмүүс ээжид “Энэ одоо ингээд явчих юм. Хүн авчихвал яах юм бэ” гэж ээжид хэлдэг. Гэсэн ч тэр сонин сонин зан нь засардаггүй. Бас өөрийн үзэл зарчмаас ухардаггүй. Дээд удирдлага энэ тэртэйгээ сөрдөг. Тэрнээсээ болоод дэвших, өгсөх олон боломжоо хаалгаж байсан гээд найзууд нь ярьдаг юм. Гэхдээ би аавынхаа тэр зан чанарыг хүндэтгэдэг. Өөрөө бас тийм байхыг хүсдэг. Үнэнч, тууштай, хүнлэг байхыг хичээдэг.

-Та Хөвсгөлийн тайгаар аялж үзсэн үү?

-Үзсэн. Би гөрөөс агнадаг хүмүүстэй явж байсан. Хулгайн ан л даа. Арьс хөрс, толгойг нь тэнд нь үлдээчихдэг.  Тэгэхгүй бол баригдана. Тэгсэн хэрнээ махыг нь авчраад сэмээрхэн идчихдэг. Талх барина. Хусны үйсээр гоё сав хийнэ. Гоё аялал болно л доо.

-Бүр гүнд нь амьдардаг цаатан хүмүүстэй уулзаж үзсэн үү?

-Үзээгүй. Урианхай хүмүүстэй бол уулзаж байсан. Сумын төвд ирчихсэн явж байдаг юм билээ. Намайг нэлээн бага байхаас л амьдралын төвшин нь доогуур, архи ууцгаасан, тэнэмэл хүмүүс л байдаг байсан ш дээ. Гэтэл буриадууд нь цэмбийсэн аж амьдралтай. Том том байшингууд бариад л.

-Үнэхээр ажилсаг улсууд байдаг.

-Сая телевизээр Цагаан-Үүр сумын тухай нэг нэвтрүүлэг гарсан. Нэг өвгөний аж амьдралын тухай. Бүр хоёр гурван мөсөн зоорьтой, халуун усны газартай. Тэрийг үзээд хөөх ямар мундаг юм бэ гэсэн чинь манай ээжийн эгч нь айл болгон ийм ш дээ. Манайх ч ийм гэж байсан. (инээв)

-Амттай, гоё амьдрал. За, хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Надад Baabar.mn-ийн нийтлэлч хэдэн залуу их сонирхолтой баг санагддаг юм. Бүгд өөр өөрийн онцлогтой. Өөр өөр характертай бичдэг. Анх Гамп та хоёрыг нийтлэл зүй рүү хөл тавьж байхад бас жаахан эсэргүүцлүүд гардаг байсан. Сэтгүүл зүй энэ блогчидоор дутахгүй шүү...гэж загнаад л.

-Тэгдэг байсан.

-Тэр үед ийм түвэгтэй ертөнц рүү орохоо болъё. Би өөрийнхөөрөө бичээд амьдарч л байсан юм чинь гэх бодол орж ирдэг байсан уу. Аазгай хөдлөх гэж ярьдаг даа.

-Эхний хоёр гурван нийтлэл гарах үед бол “алуулж” байсан л даа. Тэр үед бид ч хоорондоо ярилаа. Баабар дарга ч зөвлөөд л. Үгүй ээ, ийм байдаг юм аа. Би насаараа ингүүлээд явж байна гээд. Тэгээд тэр анхны үеүд ч дууссан. Сүүлдээ тэр сэтгэгдэл энэ тэрийг авч хэлэлцэхээ болиод л явчихсан.

-Анх бичлэгийнхээ тэр хэл, хэв маягийг яаж сонгосон юм бэ. Ярианы марзан дуудлагаар бичихийг...?

-Тэр чинь блогийнхон бүгдээрээ л тэгж бичдэг байсан л даа.

-Тийм үү?

-Тэгээд л ер нь монголын блог ертөнц хөгжсөн болов уу гэж боддог. Хамаагүй бичдэг, хоёр гурван үгийг ч нийлүүлээд биччихдэг. Сэтгэлийн хөдөлгөөнөө илүү их гаргаж болдог тэр ололт талаас нь би хардаг байхгүй юу.

-Би хувьдаа их олзуурхаж хүлээж авч байсан. Жишээлбэл, ярилцлагад тэгсэн ш дээ, ер нь тийм ш дээ гэх ярианы загварыг би тэр чигээр нь хэрэглэж анх оруулж ирж байсан. Тэрнийхээ төлөө шүүмжлүүлээд их бухимддаг байсан. Уучлаарай, хүн чинь тэгсэн бөлгөө гэж ярьдаггүй биз дээ. Битгий ийм тэнэг юм шаардаач гээд л үзэлцдэг байлаа.

-Уг нь тийм ш дээ.

-Гэтэл ашгүй хоёр нөхөр задгайлаад л ороод ирэхээр их хань татаж байсан байхгүй юу.

-Санаа алдалтыг хүртэл үг үсгээр илэрхийлж болохоор тэр эрх чөлөө нь таалагддаг юм л даа.

-Танд нэг сэтгүүлч, аялгуут сайхан монгол хэлийг минь сүйтгэж байна гэсэн асуулт тавихад та “Би харин ч аялгуут сайхан монгол хэлээр бичдэг” гэж хариулсан байсан. Үнэхээр хэл болгон өөрийн аялгуутай. Таны бичлэгийн хэлний аялгуу сайхан нь яг юу юм. Аль шинжийг нь та тэгж тодорхойлж байгаа юм.

-Одоо жишээ нь яахав дээ гэдэг үгийг хэд хэдэн янзаар хэлж байна ш дээ. Яахав дээ би зовсон доо гээд ярих юм бол тэрэн дээр яахав дээ гэж бичсэн нь тохироод байдаг. Үгүй одоо яахав дээ, наадахаа тэгээд л хийчихээч гэдэг өгүүлбэрт оруулбал яахуудээ гээд биччихэд арай илүү уур амьсгалтайгаа ороод ирдэг ч юм уу. Гэх мэт олон янзын агаар тээж хэлэгдэх тэр тохиолдлуудыг яг тэр тээсэн утганд нь илүү дүйлгэж бичих л нэг оролдого л бичиглэлийг маань ийм хэв маягтай болгочихсон.

-Шууд хатуу үгээр зодож шүүмжлэхээс илүү шоолж, ёгтолж шүүмжлэх нь илүү хөдөлмөр ордог хүнд ажил байдаг л даа. Ил утгаараа юм уншаад инээлгэнэ гэдэг хэцүү урлаг. Энэ хэлбэрийг угаасаа өөрт байсан өгөгдөл дээр суурилж хөгжүүлсэн юм уу. Эсвэл бодож олж, хийсэн хэлбэр юм уу?

-Таны түрүүн хэлсэн шиг заяамал л юм бололтой. (инээв) Ер нь би ингэж шинэ хэв маяг гаргаж өөртөө суулгая энэ тэр гэж хийгээгүй. Гэхдээ би анх блог бичиж эхлэхдээ “Эмэгтэйчүүдээ хүндэлцгээе” гээд л бичсэн юм аа. Тэгсэн нэг ч хүн уншаагүй. (инээв)

-Ёстой хөгжилтэй юм аа.

-“Залуучууд аа, хог хаяхаа больцгооё” энэ тэр гээд хэдэн юм бичсэн. Үнэхээр нэг ч хүн уншаагүй юм. Тэгээд цааш нь би бичсэн. “Болдоггүй бор өвгөн” гээд нэг үлгэр бичсэн. Тэгсэн чинь л хүмүүс уншаад эхэлсэн. Зарим нь “Энэ чинь садист үлгэр байна ш дээ” гээд л.  Ингэж л нэг өөрийгөө олж байлаа ш дээ гэх юм уу, хаашаа юм. (инээв) Гэхдээ би эргээд одоо нийгмээ гоё болгоё, хог хаяхаа больцгооё энэ тэр гээд тэр бичиж байсан юмнуудаа яръя гэж боддог болоод байгаа. Уг нь нөгөө “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэдэг тэр үг аймаар харгис, алуурчны үг боловч нэг талаасаа хэрэгтэй л пиар. Пиар гээд яривал дэндүү их цаг орсон, урт яриа болох гээд байна л даа. Бид нарыг жишээ нь пиар компани байгуулсан гэхээр “Өө эд нар одоо захиалгаар бичдэг болох гэж байна. Батын мөнгийг аваад Доржийг муулах гэж байна” гэж зарим хүмүүс ойлгож байж магадгүй. Энэ нэг ойлголтыг нь эвдмээр байна л даа. Цагаан пиар байдаг юм аа гэдгийг ойлгуулмаар байна. Бид нар компаниа байгуулсан цагаасаа эхлээд зөвхөн бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаа. Сүү, тараг гээд элдэв бүтээгдэхүүнүүд дээр. Бас л нэг чиглэлийн үйл ажиллагааг шинэ төвшинд гаргах гэж хичээж байна. Өөр олон салбар руу орж ажилламаар байна. Ирээдүй, хойч үеийнхээ хүмүүжил төлөвшил, тэдний соёлд хувь нэмрээ оруулах зайлшгүй шаардлага гарч ирчихээд байна. Бүр бага наснаас нь, хичээлийнх нь программд өөрчлөлт оруулах маш олон бодлого шаардагдаж эхэллээ. Л.Гантөмөр гээд гайгүй улстөрч сайд болсон. Одоо ер нь байгаа юу, тэр хүн.  

-Байгаа шүү дээ.

-Үнэхээр хийх ажил маш их байна л даа.

-Taste It групп гэж facebook-т амжилттай тоглодог баг бий. Үндэснийхээ хоолны нэр төрлийг олшруулах, хоол зоогны өөрийн гэсэн соёлыг хөгжүүлэх зорилгоор ажилладаг. Үнэндээ бууз бууз л гэдэг. Баози гэдэг манж хоол байх жишээтэй. Ер нь явсаар хоёр чулуун завсар хавчуулж түлж иддэг байсан (шарсан) махнаас өөр үндэсний гэх хоол хэдтэй ч билээ. Та бүхний сэдсэн энэ ажил үнэхээр хүндэтгүүштэй санагддаг.

-Хоол угаасаа л миний хобби байсан л даа. Бид нар анхнаасаа системтэйгээр төлөвлөөд л, ерөөсөө монголын хоолыг хөгжүүлье гээд энэ рүү орсон гэвэл худлаа. Тэгээд явж байсан чинь энэ санаа төрсөн байхгүй юу. Солонгос хоол дэлхийг бүрхээд ирсэн. Асар олон төрлийн хоолтой ч юм. Яг энэ хоолнууд чинь Солонгосын үндэсний хоол биш ээ. Жишээ нь, одоо 100 жилийн өмнөх тэр ядуу тариачид баланцгаараа ийм олон төрлийн хоол хийх юм. Осолтгүй кимчи нь үндэснийх нь юм шиг байгаа юм. Тэгвэл манай монгол хоол бас яагаад хөгжиж болдоггүй юм. Маш гоё тавгатай, гоё шарсан махтай хоол хийгээд тавьчихсан байлаа гэхэд хэн монгол хоол биш гэх юм. Тийм биз дээ. Taste It гээд хоолны групп байгаа. Тэнд аягүй олон гадаадууд байдаг байхгүй юу. Хятадууд ч байгаа, Малайзууд байгаа. Оросууд байдаг. Тэд нартай би чатлаад харилцаад эхэлсэн. Бас тэд нарыг явуулахгүй гээд үзэж байна ш дээ. Монголчууд гоё гоё хоол хийгээд, зургийг нь аваад тавиад байхаар тэд нар бодохдоо “Аан, энэ монгол хоол юм байна“ л гэж бодох байхгүй юу. Ингээд явсаар байгаад монгол хоолын нэр төрөл ч олшроод, дор хаяж 50-60 монгол хоолтой болоод авбал гэж л бодсон юм.

-Бүр анхны жинхэнэ монгол хоол яг юу байсан байна вэ?

-Шарсан мах л байсан юм шиг байна лээ ш дээ. Манайханд амьдралынхаа хэвшлээс болоод эрт дээр үеэсээ тэгж нэг тойрч суугаад л хооллодог соёл байхгүй. Хоолондоо нэг их цаг зардаггүй ш дээ. (инээв) Буриадуудын дунд байхад бол арай илүү тансаг л даа. Гоё барьсан талхнууд, тэгээд бас ангийн амттай махнууд идчихнэ. Өвөрхангайд бас манай хамаатнууд байдаг. Тэнд бол хөдөөнийхөн нь зүгээр өвсөн дээр гэрээ барьчихсан л байж байдаг. Айргаа уугаад л байна. Өглөөний цай нь өрөм энэ тэр. Тэгээд өдөржин айраг, орой нь лавшаа иднэ. Тэр лавшааг нь хүлээгээд, санаад бүр балардаг юм билээ. Хүн чинь аймаар махасдаг. Ингээд харахаар энэ цагаас урагшаа гурав дөрвөн мянган жилийн өмнө яаж амьдарч, юу идэж байсан нь ойлгомжтой. Дээрээс нь гурил байхгүй гээд төсөөлөхөөр аймаар байгаа биз дээ. (инээв) Хар шөл хийгээд л уудаг байсан болов уу гэж төсөөлөөд байгаа юм.

-Нэлээн олон жилийн өмнөөс энэ монгол хоолны төлөө зүтгэсэн компанийг “Номадс” гэж би боддог. Хэний ч анхаардаггүй салбарт бас л өөрсдийн үзэл санааг шингээж, хамгаалж ажилласан гэж үнэлдэг. Ингэхэд таныхаар хамгийн гоё монгол хоол юу вэ. Бас энэ хугацаан-даа хичнээн монгол хоол зохиов?

-“Номадс”-ын хийсэн гол гавьяа монгол хоолыг рестораны хоол болгосон байхгүй юу. Урд нь ресторан гэхээрээ хуйцаа гээд нэг хятад хоолтой, гуляш гээд нэг унгар хоолтой, нарийн мах гээд нэг холимог хоолтой. Тийм нэг нэрийн гэх монгол хоол байдаггүй байлаа шүү дээ. Гэтэл “Номадс” гарч ирээд л хуушуурыг рестораны хоол болгоод ажиллаад эхлэсэн. Хичнээн гоё таваглаж чимэглэж болж байна. Бууз, цуйван гээд хоолнуудыг шууд дээш нь шидээд гаргаад ирсэн. Гол гавьяаг нь энэ гэж боддог. Бантанг жишээ нь хичнээн гоё амталж, таваглаж хийж байна. Таваг гэдэг өөрөө асар том соёл. Манай тэр групп чинь ганган тавагны гэж байгаа байхгүй юу. Миний хувьд гоё хоол гэж та асуулаа. Ер нь сонирхол байнга өөрчлөгдөж байдаг л даа. Сүүлийн үед хавирган бууз гэж хоол их хийж байгаа.

-Хавирган бууз аа. Ямар сонирхолтой юм бэ?

-Хавиргыг хоёр гурав хуваагаад, төмс, лууван, манжингаа чаначихаад гоё амтлаад гуриландаа гоё чимхээд хийнэ. Том хэмжээтэй шүү дээ. Нэг порц нь. Шөлтэй, нөгөө битүү хоолнууд шиг. Маш гоё амттай.

-Бууз хэлбэрээр чимхэнэ гэхээр л урагшаа тийшээ ороод явчихгүй юу?

-Тийм л дээ. Гэхдээ бас тэгж болохгүй байна шүү дээ. Ер нь хөрш зэргэлдээ орнуудын хэл соёл, хоол, урлаг бүгд төстэй байдаг шүү дээ. Одоо жишээ нь, Чех, Герман хоёрын үндэсний хоолыг ялгахад их хэцүү байдаг.

-Тийм л дээ. Одоо энэ манай твиттерийн Танк хүлдэгийн хийж байгаа хонины хуйхалсан толгой бол монгол хоол биз дээ?

-Тийм. Гэхдээ Танк хүлдэг бас тэрийгээ жаахан гоё л болгомоор байгаа юм.

-Саяхан Дундговийн нэг сонирхолтой хоолны зураг твиттерээр яваад байсан. Анзаарсан уу?

-Гүзээний юу.

-Биш ээ, хонины сүүлээр хийсэн?

-Аан тийм. Тэр чинь “Цагаан шувуу” гэдэг нэртэй хоол гэсэн.

-Сонирхолтой байгаа биз?

-Янзын гоё юм билээ. Би бас үзмээр санагдаад л байгаа юм. Бас гүзээний хорхог байна. Гүзээ нь цоорч, түлэгддэггүй гээд байгаа юм. Сонин байгаа биз.

-Дундговийн Айлтгүй гэж манай ах тэр “Цагаан шувуу”-г хийдэг юм. Их нарийн технологитой юм билээ. Сүүлээ хуйхалж гоё шав шар болгоно. Тэгээд доторхийг нь туламлаж ухаж аваад амталсан мах, ногоогоо хийдэг юм байна гэж ойлгосон.

-Би туршиж үзнэ гээд бодоод л байгаа юм.

-Манай Гамп цуйван хочтой болсон. Нөгөө та хоёрын нээх цуйвангийн гуанз юу болсон бэ?

-Цуйвангийн тухай ярихад шпагети гээд итали цуйван байж байна. Нэг л төрлийн цуйван шүү дээ. Хятад цуйван бол бас огт өөр. Монгол цуйван бол шал өөр амттай. Бидний цуйван төлөвлөгөө явж байгаа. Хэрэгжүүлэх гээд л байна. Тэр чинь уг нь гоё бизнес санаа юм ш дээ.

-Гамп гэснээс нэг зүйлийн талаар асууна гэж бодоод байсан юм. Ийм их хошин, маш их шоглодог зан араншинтай улсуудын ажил хэргийн орчин ямар байдаг бол. Яг зарчмын юм яриад, дуугаа хураацгаагаад, инээлдэхгүйгээр асуудлыг авч хэлэлцэнэ гэж байдаг уу. Ийм үе гэж та нарын дунд байх уу?

-Байна ш дээ. (инээв) Хуралдана. Зөвхөн Гамп бид хоёр биш хэд хэдэн залуучууд нэгдээд хамт олон болж байгаа юм. Тэгээд бүгдээрээ хурал мурал хийнэ л дээ. Гэхдээ манай хурал чинь ширээний ард сууцгаагаад тийм төлөв маягтай явагдана гэж байхгүй л дээ. (инээв) Эхлэхдээ бол ширээний ард сууж эхэлдэг. Тэгээд яг юмаа яриад эхлэхээрээ бүгдээрээ босоод л, холхиод, орж гараад, хашгиралдаад унадаг.

-Тэгж л таарна. Манайх бас яг тэгдэг. Би өөрөө дандаа эрхлэгч, дарга нар нь хоймор суугаад бусдыгаа загнадаг хэлбэртэй орчинд 20-иод жил ажилласан хүн болохоор залхчихсан. Тэр хөгийн уламжлалт хэлбэрт дургүй. Уучлаарай, надад бид хоёрын яриа үнэхээр гоё байна.

-Манай хурал үнэхээр инээд наргиан дунд л өрнөдөг. Бид нар компани байгуулж гараад жил л болж байна. Нэг удаа л жаахан ам мурийсан. Тэр нь ч сүртэй юм болоогүй.

-Та нар бүгдээрээ бичдэг улсууд. Нийгмийн янз бүрийн үйл явдлууд, бусад аливаа асуудлууд дээр үзэл бодол зөрөх, бие биетэйгээ огт санал нийлэхгүй тохиолдол байх уу?

-Байна байна. Жишээ нь, би одоо энэ машин ачилтыг эрс эсэргүүцдэг. Популизмыг бас эрс эсэргүүцнэ. Гамп болохоор машин ачилтыг дэмждэг. Популизмыг бас зарим талаараа хэрэгтэй гэж үздэг хүн. Тэгээд бие биенийхээ бодлыг мэддэг болохоор яг энэ сэдвүүдээр хоорондоо ярьдаггүй л дээ. Ярихаараа тэгээд хэн хэрүүлч нь л дийлчих гээд байгаа юм чинь. Д.Батбаяр бол бас шал өөр бодолтой хүн. Юмыг аймаар прагматикаар харахыг хүсдэг. Би болохоор тэрэн дээр нь романтик нэмж өгөхийг оролддог ч гэх юм уу. Шууд үнэнийг нь хүнд пал хийтэл хэлнэ гэдэг нэг талаар зөв юм шиг боловч би хувьдаа үүнийг жаахан дэмждэггүй. Гэтэл Баабар дарга бол шууд л аваад хаячихдаг. Тэрнээсээ болоод хятад ч болж хэлэгдээд л, монголын дайсан ч болж хараалгаад л явж байна. Д.Батбаяр бас яг тийм зан чанартай. Шууд л муу муухайг нь хэлчих гээд байдаг.

 -Адилхан бичдэг хүний хуьд хэлэхэд нийгмийн чих дөжирчихсөн гэмээр үед заримдаа тэр арга маш түргэн хүрдэг. Учирлахаар, ойлголцлын зөөлөн, нандин төвшний долгион дээр ажиллах гэхээр олонлог заримдаа бөөрөнхийллөө, яг юу хэлэх гээд байгаа юм бэ гээд л орилцгоодог. Шууд л шанаадахыг шаардах жишээтэй. Гоё юм бичих бол жигүүртэй юм шиг болгодог, гоё таашаал авчирдаг бол нийгмийн хурц асуудлууд дээр өөр байдаг. Бичнэ гэдэг их том тэмцэл тээж явдаг болохоор хэцүү, тийм үү?

-Тийм. Үнэхээр санал нэг байна. Яг одоогийн өөрөөсөө би нэг тийм халирах гээд байх шиг, айх гээд байгаа юм шиг зүйл мэдрээд байгаа. Жишээ нь, би урааныг олборлоосой. Манайх цөмийн салбараа түргэн хөгжүүлээсэй гэж хүсдэг. Тэр сэдвээр facebook дээр хоёр удаа бичсэн. Хоёуланд нь мөнгө авсан, худалдагсан. Тэгээд л ингэж байна гэж аймаар дайруулсан. Зураг хөргийг маань гаргаж тавьж байгаад “Өнөөх чинь энэ шүү дээ” гээд чичлээд унахаар үнэндээ л халираад эхэлдэг юм билээ.

-Энэ бол цахим ертөнцөөс ирж байгаа аягүй том түгшүүр байхгүй юу. Одоо та жишээ нь, намайг ойлгож байна уу. Би Артаньяныг урьж ярилцсаныг зарим нэг нь “Аан, эд нар компани байгуулсан гэсэн. Мөнгө төлөөд тэрийгээ сурталчилж байгаа юм байна” гэхийг үгүйсгэхгүй.

-Магадгүй.

-Энэ бол аймаар том дарамт шүү дээ.

-Үнэхээр тийм юм билээ.

-Танайхан гэснээс Гамп их дуу цөөтэй, даруу санагддаг. Твиттерт болохоор шал өөр хүн байж байдаг. Яг амьдрал дээр ямар вэ?

-Үгүй, гайгүй ш дээ. Яриа. Тийм дотогшоо хүн биш. Зүгээр л зурагтаар гарахыг хүсдэггүй, зургаа авахуулах дургүй л тийм хүн. Бас цэцэрлэгт нь ямар ч багш таарчихсан юм билээ. (инээв)

-Инээд хүргээд байх юм аа.

-Би үнэн байдлыг нь л ярьж байна шүү дээ.

-Баабар гэж том нийгмийн зүтгэлтэн байна. Та нарыг зарим нь Баабарын хэдэн тэжээвэр хүүхдүүд гэж ч хэлэх нь бий. Энэ бол хэцүү дарамт. Тэр хүний дэргэд бас чамгүй хугацаагаар ажиллалаа. Мэдээж асар их боломж байсан байх. Гэхдээ та нарыг салан тусгаарлахад тэр яаж хандсан бэ?

-Д.Батбаяр бол нэлээн удаан ажилласан. Би гурван жил гаруй хугацааны турш ажиллалаа. Гамп арай бага хугацаанд байх. Үнэндээ яг хажууд нь ажиллахад аймаар гоё хүн ш дээ. Түшигтэй, зүгээр л нэг сайхан монгол эр хүн байхгүй юу. Зурагтаар гарахдаа ч юм уу, нийтлэлээрээ зарим хүмүүст төрүүлдэг сэтгэгдэл нь нэг тийм хорон санаатан ч юм шиг санагддаг шиг байгаа юм. Өмхий үгтэй, нэг л аймаар хүн шиг. Өөрийг нь хэн бэ гэдгийг мэдэхгүйгээр, жинхэнэ хувь хүнийг нь мэдэхгүйгээр улсууд харсан өнцгөөрөө л сэтгэгдэл энэ тэр дээр элдвээр булж байна л даа. Юу юу ч гэнэ үү.

-Америкийн тагнуул. Эрлийз гээд л...

-Ёстой аймаар хэлдэг. Би тэнд ажиллаж байхдаа Цэнддоо даргатай бас хамт ажиллаж байлаа. Шал өөр ертөнцөд л ажилласан.

-Б.Цэнддоо эрхлэгч бол бас л огт өөр хүн шүү дээ.

-Илүү зөөлөн. Юмны учрыг ухаж бичихдээ Б.Цэнддоо дарга бол аймаар.

-Гайхалтай уран.

-Үнэхээр уран. Бүр нэг тийм байна гэтэл нь бичдэг. “Непко”-д ажилласан гурван жил бол миний гучин хэдэн жилийн амьдралын хамгийн үр өгөөжтэй үе болсон гэж бодож явдаг. Гарах тухайд бол бас бид нарын чинь нас яваад байна шүү дээ. Тэгээд нэг тийм жижигхэн бизнестэй энэ тэр болох хүсэл байна. Ингээд л шийдэцгээсэн. Гэхдээ яг гарна гэдгээ хэлэхэд хэцүү л байсан. Тэгж тэгж нэг өдөр хэлээд л гарсан. За, болохгүй бол эргээд ирээрэй л гэсэн. 

-Хамаагүй эрх чөлөөтэй орчны, шууд утгаараа бол өөр соёлыг тээгчид л дээ. Бусад уламжлалт орчны дарга нар шал өөр ханддаг. Аан, за тэжээсэн бяруу тэрэг эвдэх нь дээ ч гэх юм уу. Нэг л тийм онцгүй маягийн л юм ханхлуулдаг.

-Би бас шийдвэрээ гаргахдаа их шаналсан. Ажлаас гарах тухайгаа хэлэх гэж их юм болсон. (инээв) Хүмүүс бас буруу ойлгох вий гэж болгоомжилж байсан. Ер нь бол амархан шийдвэр биш. Баабар даргын тухай ингээд ярихаар нөгөө нэг хараар буддаг хүмүүс долоолоо энэ тэр гээд хэлэх байх л даа. Та энэ ярилцлагаа сайт руу оруулах уу.

-Оруулна.

-Та нээрээ яагаад сэтгэгдэл авдаггүй вэ.

-Олон жил нэр зүсээ нуусан өвчтнүүдэд “алуулсаар” байгаад залхсан. Үнэндээ сэтгэл гэдэг эрхтэн чинь бас тийм ч бөх эрхтэн биш шүү дээ. Тэгээд сэтгэгдлээ хаалаа гэж Баабарт хэлсэн. Тэгэхэд надад хэлж байсан. Ганчимэг ээ, чи юунд нь хулчийсан юм бэ. За, яг чамайг юу гээд байна гэж тодруулж байна. Намайг янхан гэж байна. Над шиг янхан байдаг юм уу гээд би зангирлаа. За, янхан гэж. Юун эмзэг юм. Цааш нь яах юм бэ. Бүдүүн гэнэ биз, хөдөөний гэнэ биз, авгай гэнэ биз. Иймхэн л байна ш дээ. Гэтэл намайг юу гэж байна. Ер нь чи эрлийз, хужаа гэж хэлэгдэж байж эцсийн цэгт очно, ер нь хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн үг гэж... Ямар их инээсэн гэж санана.

-Инээдтэй ч гэсэн бас нөгөө талдаа гашуун санагдаж байна. Манай нийгэм улам аймаар болоод байгаа ч юм шиг заримдаа бодогддог. Цуст тэмцэлд уриалаад л, хийрхэл зарим үед дэндүү залхмаар эзэрхийлж байна шүү дээ. Сошилын агуу давуу талууд мэдээж зөндөө.

-Нээрээ та яагаад твиттерийн аккуантаа зарчихсан юм бэ?

-Би зараагүй. Хөзөр тоглоод мөрийнд алдчихсан юм л даа. Тэгээд мөрийтэй тоглолоо энэ тэр гээд унах байх гэж болгоомжлоод зарчихсан юм уу гэхээр нь зарсан зарсан гээд явчихсан. (инээв)

-Дагагчдаа хүндэтгэсэнгүй гэх шүүмжлэл их явдаг. Таныг хүмүүс тэгж зэмлэсэн үү?

-Загнасан загнасан. Гэхдээ миний ч гэсэн дагачихсан байсан зөндөө л улсууд аккуантаа зарчихсан л байсан. Надад лав ямар ч мэдрэмж төрөөгүй ш дээ.

-“Непко”-гийн одоо хийж байгаа түүхэн хүмүүсийн намтар цувралын тухай асуумаар байна. Би сая Х.Чойбалсанг уншлаа. Түүхэнд хандах хандлага, намтар бичлэгийн соёлд том түлхэц өгсөн төсөл болж байна л даа. Маш хэцүү ажил. Таныг Р.Чойномыг бичиж байгаа гэж сонссон. Энэ ажил тань ямархуу явцтай байгаа вэ?

-Саяхан би С.Баяр гуайтай уулзсан. Х.Чойбалсанг бол үнэхээр лут бүтээл болжээ. Цаашид үргэлжлэх бичилтүүд дээр босго, жишиг болж зогсох байх гэж хэлж байна лээ.

-Хамгийн зөрчилтэй, сонирхолтой хүн нь Х.Чойбалсан л даа.

-Үнэхээр тийм. Р.Чойномыг надад өгөхдөө анх хэлж байсан л даа. Хэн тэр хүнийг илүү гаргаж чадах вэ гэдгийг бас их бодож сонгож байгаа гэж. Энэ зарчмыг хүлээж авангуут уг ажил маань өөрөө зүгээр нэг олгосон, гүйцэтгэсэн харилцаа төдий болж болохгүй болоод явчихаж байна л даа. Нэг үгээр зохиогчдоо гоё сорилт тавьж өгч байна. Би үнэндээ айж л байна. Гэхдээ ажиллаж байна. Жишээ нь, Р.Чойномтой яг архи ууж, нөхөрлөж явсан хүний сургийг гаргаад авчихсан. Өшөө ч хоёр гурван хүний сургийг гаргачихаад байгаа. Хэнтийн Бор-Өндөрт байна л гэнэ. Тэгээд ажиллаж л байна.

-Хүүхдүүд, эхнэрүүд, хайрлаж дурлалцаж явсан хүүхнүүд гээд олон эх сурвалжууд байгаа биз дээ?

-Байнаа байна. Нэг эхнэр нь гэхэд манай ээжтэй хамт их сургуульд хамт сурч байсан юм билээ. Одоо гэхдээ бүх хүмүүс нь их настай улсууд болчихсон байгаа болохоор түргэн амжиж уулзах ажлууд чухал байна.

-Хэрмэл амьдралтай хүн байсан болохоор араас нь хөөцөлдөх хэцүү байна уу?

-Гайхамшигтай уран цэцэн бичдэг байсан хүн атлаа хувийн амьдралаа төдийлөн аригладаггүй хүн байсан юм шиг. Сайн, муу бүх л олдсон баримтуудаа л базаж гаргаж тавина л гэж бодож байна.

-Артка ингэхэд хэр аав бэ. Өчигдөр ярихад хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд уулзъя гэж хэлэхэд тань нэг тийм бууж өгөхгүй байсан. Гампыг ч гэсэн аав гэж төсөөлдөггүй ш дээ. Яагаад тэгдэг юм бол?

-Уг нь би чинь одоо 36 мургаан настай байхгүй юу. Яахав жаахан овор багатай юм шиг байгаа юм. Дээрээс нь бичиж байгаа стил нь нэг тийм. Энэ байдлуудаас болоод байгаа байх. Манай том хүүхэд чинь одоо 14 настай ш дээ.

-Тийм үү. Таны бичсэнийг уншдаг болов уу?

-Мэдэхгүй. Уншдаггүй байхаа. Гэхдээ англиар эсээ бичиж эхэлсэн. Би үүнд нь их баяртай байгаа. 

-Сайхан явдал байна. За, баярлалаа. Тантай ярилцах таатай байлаа. Амжилт хүсье. Бас аз жаргал ерөөе.

-Баярлалаа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав