Оросын нэрт зохиолч Федор Михайлович Достоевский 1821 оны энэ өдөр буюу 11 сарын 11-нд Москва хотноо эцгийнхээ ажилладаг ядуусын эмнэлэгт төржээ. Өөрийнх нь зохиолч болох хүслийг үл харгалзан цэргийн сургуульд явуулсан эцэгтээ тэрээр ихэд гомдож захиа бичсэн боловч архинд донтсон эцэг нь албатуудынхаа гар амьд үрэгджээ. Достоевский үүнээс болж насан туршид сэтгэцийн эмгэгтэй болж, шаналал зовиурын буулга дор өөрийгөө няц дарж аж төрсөн юм. 

Тэрээр түүхийн сэдэв бүхий хэд хэдэн зохиол бичсэн ч амжилтад хүрсэнгүй. Харин 1846 онд “Ядуу хүмүүс” туужаа бичсэн нь зохиолчид үнэмлэхүй алдар нэрийг авчрав.

Түүний бүтээлүүдээс “Ядуу хүмүүс”, “Газар доороос бичсэн тэмдэглэл”, “Мөрийч”, “Цагаан шөнө”, “Маанаг”, “Гэм зэм”, “Албингууд”, “Кармазовын хөвүүд”, “Ноомой” “Хөвүүн заяа”, “Өгүүллэгүүд” зэрэг олон сор бүтээлүүд нь монгол хэлнээ орчуулагдсан билээ. 

Достоевскийн бүтээлүүд түүнээс хойших болон орчин цаг хүртэлх дэлхийн уран зохиолын төлөөлөгч болсон эрхмүүдийг хүмүүжүүлсэн гэгддэг учир бүтээлээс нь онцлон сонгож, аль нь шидээвэр болох талаар мэтгэлцэх нь магад мунхаг хүний ажил биз. Ямартаа ч монголд орчуулагдсан бүтээлүүдээс хамгийн чухал байж мэдэх дөрвөн номын тухай уншигчдадаа хүргэж байна. 

ГЭМТ ХЭРЭГ БА ЯЛ ШИЙТГЭЛ

Федор Достоевскийг реалист уран зохиолын төлөөлөгч, экзистенциализмын үүслийг бүтээсэн суутан гэж тодорхойлдог. Түүний реалист уран зохиолын оргил болсон хамгийн чухал бүтээлүүдийн нэг нь “Гэмт хэрэг ба ял шийтгэл” билээ. Тус номыг мөн дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэн “Гэм зэм” хэмээн монгол хэлнээ орчуулсан нэршлээр нь уншигчид сайн мэднэ. 

Уг романд туйлын муу дүр гэж байдаггүй. Байлаа ч гэсэн тэр дүрийг бусад нь тийм ч амархан шүүж үхэл, амьдралыг нь шийдчихгүй. Раскольников бол алуурчин. Тэр яалт ч үгүй хоёр хүний амийг хороосон. Гэвч бид түүнийг цаазлах уу, үгүй юу гэдгийг шийдэхгүй. Бусдын оршихуйг, сайн мууг бусад нь тийм ч амархан дэнсэлчихдэггүй ажээ. Энэ бол романд дэвшүүлсэн хамгийн чухал үзэл санааны нэг. 

Тус роман дэлхийн бараг бүх хэл дээр орчуулагдсан төдийгүй англи хэл рүү зөвхөн 2017 онд л гэхэд 2, нийтдээ 13 удаа, герман хэлнээ бүр 15 удаа шинэчлэгдэн орчуулагдсан байна. Нэг зохиол ийнхүү олон удаа орчуулагдах нь тухайн бүтээлийн мөнхийн чанар чансааг илтгэдэг төдийгүй, утга санааг нь олон талаас улам бүр нарийвчлан буулгаж, уран яруу, нягт нямбай гаргаж ирснээрээ уншигчдад орчуулгын шилдэг бүтээлтэй илүү сайн танилцах боломжийг олгодог.

КАРАМАЗОВЫН ХӨВҮҮД

Курт Воннегутын “Тавдугаар бойны газар буюу хүүхдүүдийн Загалмайтны аян дайн” романы нэгэн дүр “Достоевскийн “Карамазовын хөвүүд” романд амьдралын тухай бүх зүйл бий” гэж хэлдэг. 

Достоевскийн бүхий л бүтээл эцэст нь Карамазовын хөвүүдтэй л холбогддог гэж үзэх нь ч бий. Үнэхээр л тус нүсэр романы өгүүлэмжийн хүрээ цаглашгүй. Гэр бүл болоод гэмт хэргийн нүсэр романуудыг хооронд нийлүүлсэн хэлбэрээс гадна философийн тойрог нь түүнээсээ ч өргөн, гүн гүнзгий байдаг. 

Бид бүгдийг доторх муу муухай бүхэн чухам хаанаас эхтэй вэ? Хүн тэрхүү бузар мууг ялан дийлж чадах уу? Эдгээрээс гадна хүн төрөлхтний үргэлжид бэдэрдэг мөнөөх мөнхийн асуулт ч эндээс ургана. Бурхан гэж байдаг уу? 

Ахин нэгийг хэлэхэд Зигмуд Фрейд “Урьд хожид бичигдээгүй хамгийн агуу зохиол” хэмээн тодорхойлсон билээ. 

НООМОЙ

Оросын судлаач, шүүмжлэгчид уг туужийн “наманчлалын монолог” гэж тодорхойлсон байдаг. Эхнэрээ алдсан нэгэн эрийн наманчлал, дотоод монолог үйл явдлын гол шугамыг бүтээдэг болохоор тэр. Эхнэр нь амиа хорлож өөрийгөө егүүтгэжээ. Чухам яагаад эхнэр нь оршихуйгаа тэвчих болов. Уг бодол, асуултынхаа үнэнг олохын тулд шаналсан нөхөр нь өөрийгөө шүүдэг. 

Достоевскийн дүрийн сэтгэлзүйн дотоод дуу хоолойг уншигчдад бүрнээ тодорхойлох уг тууж хамгийн чухал бүтээлүүдийг нэгд зүй ёсоор тооцогддог. 

МӨРИЙЧ

Мөрийгөөр эхэлж, мөрийгөө дуусгавар болгосон эл зохиолын гол үйл явдал Герман улсын Рулетэнбург буюу Висбаден хотын зохиомол нэрт газар өрнөнө. Генералд хүчин зүтгэдэг залуу багш Алексей, дагавар охин Полинад нь сэтгэл алдрах бөгөөд түүний хэлсэн бүхнийг тушаал хэмээн хүлээн авч, ёсчлон биелүүлдэг. Гэвч Генерал болон генералын эхнэр болж, хэргэм зэрэг горьдож буй Бланш хатагтай, генералаас өрөө авахаар зэхэж буй франц эр Де-Грие, бүгд л тус тусын зовлон гачаалтай байх агаад тэднийг гагц машид баян, яхир эмгэний нас барахыг хүлээсэн мэдээ л холбоно. 

Үхлийг нь хүлээн суух цаг дор эмгэн гэнэт л өөрийн биеэр тэдэн дээр ирж бүгдийг гайхшруулах агаад төлөвлөсөн, бодсон бүхэн та бүхний зоргоор болохгүй хэмээн батлан харуулах гэсэн шиг, өвлөгдөж ирнэ гэж найдсан мөнгөөр нь мөрийтэй тоглон, хүн бүхний хувь заяа төөргийг рулетын шаариг адил эргүүлээд хаячих нь тэр. Эмгэний бодлоготой ч гэх үү, бодлогогүй ч гэх үү энэ үйлдлийн үр дагаврыг уншигч та зохиолоос мэдэх боломжтой.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав