|Л.Сайнбаярын “Ганц ар тал” номын тухай|
“Ганц ар тал”. Ихэнх номын нэрийг уншихад төрдөг мэдрэмжүүдээс өөр. Зарим нэр номоо бүхэлд нь тодорхойлсон байдаг. Ихэнх нь шүлгийн гарчиг, ганц нэг мөрөөс тасалж шидсэн тийм хэвшмэл нэрний зүй тогтлоос ангижирч байгаа санагддаг. Ер нь номын нэрийг хараад л хуудас нээж үздэг. Харин Л.Сайнбаярын анхны шүлгийн түүврийн нэрийг үзээд “Юу билээ” хэмээн зогсозхийж ахин нэг уншив. Хүн бүрийн ар талд хэн, юу байдаг билээ. Утгагүй үгсийн хураангүй ч биш юм аа. Нөгөөтээгүүр зэрвэс гүйлгэвэл “ганцаардал” ч болчихмоор. Анхаарал татсан нэртэй ном олон тааралдахгүй л дээ. Гэхдээ сэтгэлд үлдчихмээр хамгийн сайхан номын нэр ч бас энэ биш. Тэгээд ч энд номын нэрний талаар улиглах гээгүй учир хуудас нээгээд үзье.
Бид бүхэнд нандигнан хадгалдаг олон сайхан дурсамжууд бий. Тэдгээр нь ихэнхдээ өссөн орчноос шалтгаалан бүрэлдэж, хэзээ хойно сэтгэлийн дотор хөндүүр оргиулж эсвээс дулаахнаар төөнөн догдлуулах нь элбэг. Түүний шүлгүүдээс харанхуй хотын гудам гороолж яваа хөвгүүний хөг эшиглэсэн гуниг, өрөвдөлд дасаж эмзэглэхээс илүүтэй өөрөөсөө бусдыг хүлцэх мэдрэмжээ хайрлан амьдардаг ганцаардмал нэгний хачин намуун дуу хоолой сонстоно.
"Ганц ар тал" түүвэрт эрээвэр, хураавар мэдрүүмжүүдийн зүйдэл шиг нийцгүй бүтээлүүд, эхний мөрүүдээсээ хойш гэнэтхэн өөр илэрхийлэмжтэй болоод хувирчих, тэр нь өгүүлж буй үзэл бодол, утга санааныхаа гүн рүү яргах гэсэндээ тэс өөр эсрэгцлийг бий болгож шүлгээ бүхэлд нь унагаж орхих сул тал ч бий.
Харин чимээгүйхэн бусдыг хайрлахад суралцаж яваа тийм нэгэн гэгээн зүйл унших тусам шадаас шад болгонд гэрэлтэхийг тамшаалан суух хэчнээн таатай.
Хөдөө, хот. Аав, ээжтэйгээ хамт адуу зогссон талд шувууд нисэн буухыг харж өссөн орчин, хөшигний цаадах бүдэгхэн гэрэл цонхны булан бараадан сүүмийх хуучин барилгуудын дундуур халаасаа тэмтрэн ширхэг янжуур хайн алхаж яваа хүүд төрөх хөнгөн ганцаардалтай атал хачин эрхэмсэг тийм бодлууд, хайрыг итгэл дээр, харин эмэгтэй хүний эмзэглэлд өмчлүүлсэн түүний л мэдрэмжүүд...
Гэрлийн шон цасаар уйлна
Улаанбаатарт өвөл иржээ. Тэнгэр өдрөөс өдөрт улам л цээлшин тунгалагшиж, шинэхэн цас нөмөрсөн тал хөндий тэртээд зурайсан амьдралын уртыг цэлсхийтэл харуулах шиг болдог. Харин хотод ийм тунгалаг тэнгэрийг харах нь ховор. Гэвч шөнө орсон цасан гэрэлд тодрон буух нь хэчнээн үзэсгэлэнтэй. Гэтэл түүнд яг уйлж байх шиг санагдана.
Гэрлийн шон цасаар уйлна.
Гудамж дахь золбингуудын нэг, би
Гурван жил өмссөн хулхи гутлаа
Өдөр бүр тослох, өөр болгох...
Олон олон өвлийн хойно ч ингэж л гэрэлтэн уйлсаар суух амьдралын баяр, жаргал хосолсон өдрүүдийг санагдуулах шиг болно. Шүлгийн эхний хоёр мөрөөс бусад зөвхөн тухайн үеийн үнэн, эсвээс цасаар уйлж буй шонг хараад өөрт төрсөн найрагчийн л эмзэглэл болохоос тийм ч чухал бус. Харин хамгийн чухал нь дараагийн мөрүүдэд үргэлжилнэ.
Олон өдрийн туулна
Олон өдөртэй тулгарна
Зам минь салж, эндээс одоход...
Уйлах. Эмзэглэл тээсэн энэ үг, нулимс хоёр үйл явдлын учиг хөөвөл хоёр ч давхар утгатай. Гэхдээ тэр цааш алхахдаа хашхирсан нь олон олон өдрийн туулах эмзэглэлээс гадна “гэрэлт ирээдүй” гэж тодорхойлсон нь гуниг тээсэн ахуйдаа сөхөрчихөөгүйг илтгэнэ. Харин цаашлаад тус эхний цэг дээр эргээд ирэхдээ санан дурсах, ахин нэг дуугаа аялсаар л хуучрахгүй амьдралд дасал болсон сэтгэл болж хувирдаг.
Ээжийгээ санасаар
Эргээд ирэхэд
Гэрлийн шон цасаар уйлна...
Цасан будран газардахын хооронд бид амьдарч, алхаж явсан нэг зам хунгарт даруулж, ахин өөр замаар гэлдэрсээр аавыгаа ойлгож, ээжийгээ санан зүдсэн ч ахиад л гэрлийн шон цасаар уйлсан өдрүүд мөнхөд үргэлжлэх юм шиг. Шонгийн гэрэлд цас будрах нь харахад гэгээн боловч хэн бүхэнд ямархан бодол төрж, хэд нь уйлж зогсоо шигээр түүнийг өрөвдөн хараад өнө хол суугаа аавыгаа дурсаж, өвлийн хотын гудмаас алс суугаа ээжийгээ санан байгааг яахин мэдэх.
...Чи надаас таазанд буй аалзыг
Түргэхэн алж өгөхийг гуйдаг
Хамгийн зөв үхэл бол амьд явах юм гэнэ лээ
Хайрламаар зүйлсээр амьдрал дүүрэн шүү дээ
Чихээ дараад уйлдаг, аймхай охин минь
Чимээгүйхэн би сандал дээр зогсоод
Чиний айдсыг аяганд хөмөрч авдаг...
Хайрламаар зүйл амьдралд олон учраас бусдыг айдас болсон зүйлийг ч энэрэх хүлцэхүйд хайр байдаг болов уу. Аяганд хөмөрч аваад амьд оршоосон аалзны дүрээр энэ амьдралд хайрламаар зүйл хэчнээн олон болохыг сануулжээ. Тиймдээ ч хамгийн зөв үхэл бол амьд явах хэмээсэн хэн нэгний хэлсэн үг, магадгүй өөрийнх нь хувьд төлөвшсөн үзэл бодлыг нэгээхэн хормын үйлээс харж, олж болохыг учирлана. Гэрлийн шон цасаар уйлах шиг эмзэглэмээр атал хэчнээн сайхнаар гэрэлтэн будрахыг нь харж зогсоо өөр нэгэн мэт хайрламаар зүйлс бидэнд дэндүү олон байдгийн нэг нь шүлгийн шинэ түүвэр билээ.
Урт холын амьдралд уулсын нэр цээжилж...
Яг л бусдыг хайрлахад цаг үргэлж суралцаж, түүнийгээ илэрхийлэх хормууд амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүд болж үлддэг шиг санагддаг. Гэхдээ тэр л агшнууд зовуурьтай, зовуурьгүй аж төрөхүйн олон үнэн, худлыг гэрчилж үлдэнэ. Түүний ард хэн нэгнийг хайрласан, өөртөө үүрд авч үлдэхийг хүссэн үйл явдлуудын инээмсэглэл гэрэлтэнэ. Гэхдээ тэр нь магад урьдаас өөрт үлдсэн гуниг, цөхрөлөө мартах гэсэн хүслээс үүдэлтэй ч байж мэдэх. Харин тийм хүсэлгүй чин үнэн байвал;
Өөрийн тань духыг үнсдэг байхдаа
Инээж үнссэн уруулын мөрүүд
Ингээд үлдсэн нь үрчлээ болж дээ
Нулимстай өдрүүд ард цэлэлзэхийг
Нууж ханхайсан эцэг минь!
Шүлэгт “өнгөрсөн зовлонгоо мартах гэж ижий” гэх мөрийн өөрчлөлт ороход л амин сүнс, утга санаа, цааш илэрхийлэх өгүүлэмж бүхэлдээ өөрчлөгдөж болно. Гэхдээ найрагчийн ахуйн үнэнээс мэдэрсэн дээрх мөрүүд эсрэгээрээ нэгэн үнэн хайрын дуулал болж үлджээ. Үнсэхэд зовлон нь мартагдах тийм хайр, тийм агшны гэрч. Магадгүй хөгшрөлийн үнэн болж үлдсэн магнайн зураасууд амьдралын элэг бүтэн аз жаргалыг хураангуйлна. Учир нь зовлонгоо мартаж, инээж үнссэн үйлдлийнх нь үрчлээ тийн хувирсан учраас тэр. Гэвч үүний л цаана амьдрал дан ганц хайр, баяр баяслаар ч бус нулимсаар дүүрэн болохыг өгүүлэгч хожим ойлгосон учраас л эцэг нь тэр бүгдээс хүүгээ хаацайлж, ийм дулаан амьдралд өсгөсөн болохыг шүлэгт өгүүлжээ. Бядан яваа зам мөр бүхэнд ямар нэгэн хүн дэргэд суугаад дулаахан үг хэлэх шиг тийм мөрүүд дээрх шүлэгт бий.
Адилхан болтлоо би уулын нэр цээжиллээ
Дөрөө шүргэдэг өвстэй хөндийд таныг
Дөрвөн улирал ээлжээр манаж буй.
Аавыгаа алдсан хагацлыг тэр ийн бичжээ. Аав нь магадгүй адуу манахаар морддог шигээ яваад эргэж ирсэнгүй. Аав нь хүүдээ унага зүсэлж, уулсын нэр тогтоолгодог байсан биз. Он удсаныг, аавтайгаа адилхан эр болж өсөн буйгаа аавтайгаа ижилхэн болтлоо уулын нэр цээжиллээ гэх мөрүүдээр илэрхийлжээ. Түүний “аавтайгаа адилхан болтоо” гэх мөрүүдийн төгсгөл, эхлэлийн мөрүүд цаг хугацааны уртыг, мартагдаж өгдөггүй аавын тухай дурсамжуудыг, олон шөнө санан зүүдэлснийг гэрчилнэ. Харин “уулын нэр цээжиллээ” гэсэн энгийн илэрхийлэмж нь шүлэгтээ хандаж буй хандлагын илэрхийлэл болохоос гол санаа нь биш.
Цаашилбал төгсгөлийн мөрийн “дөрвөн улирал ээлжээр манаж буй” гэх нь тэр өдгөө ч аавыгаа санан дурсаж, заримдаа адуугаа туугаад эргээд ирэх шиг дотроо сэтгэдэг болохыг нь илтгэнэ. Харин үүний дээдэх хөндий бол газрын дор, булшин дээр нь өвс саглайн ургасан аавын чимээгүй орон хотын тухай шүлгийн дүрслэлд илүүтэй байрь суурь эзлэх бэлгэдэл мөн. Дөрвөн улирал аавынх нь дөрөөн чимээг түүнд үргэлж санагдуулан уулзахаар зэхэж зүүдээ манан хонох мэт...
Ганц ар тал
Түүний гуниг “Шидээр бүтээгээгүй энгийн л хайр, ядруу явахдаа өөртөө зориулж хадгалсан халуун үгс, ханзарсан цасыг оёдог хүн, эрвээхэй шиг харагддаг ээж ээ гэдэг үг, өвсний хөл тэнгэр гатлах, өрсөн түлээ шиг зовлондоо сүх байх”. Тэгээд л үгүй болсон өвөөгөө дурсаж,
Нударганых нь эмжээр шиг л тод явах сан даа...” гэж санааширан боддог болов уу.
Түүнтэй олон удаа уулзаж, ярилцаж байв. Хамгийн сайн мэддэг шиг атлаа шинэхэн түүврийг нь унших бүрд ерөөсөө таньдаггүй алсын алс зочин адил мэдрэмжийг төрүүлнэ. Чимээгүй, үг дуугүй түүний бодол дотор бусдыг хүлцэх, хайрлан бодох, эгэл боргихон юмсын дотроос өөрийгөө олж нээх эр зориг, нэмээд гунигаас мэдэрч болох хамгийн сайхан чанар оршин байгааг олж танив. Харин тэр чанар юу болохыг уг түүвэртэй танилцсаны дараа хүн бүр өөр, өөрөөр олж нээнэ хэмээн итгэж уншигч танд асуулт хэвээр үлдээе.