Алтадмал нимгэн төмрөөр хүрээг нь үл ялиг хулдаснаас бус гоёмсог хээтэй жааз алга. Тийнхүү хананд өлгөсөн зургуудад тусад нь оноосон нэр ч үгүй. Урлаг заримдаа тэр л жаазнаас, оноож баглаад хүлчихсэн нэрээс ангид санагдана. Гагцхүү хорвоо хэмээх нь ямар ч дүрээр оршиж болох газар билээ. Тиймээс нэр хийгээд нүсэр жаазнаас хөндий ахуй чухам л “Өчигдрийн өнгө” үзэсгэлэнд бүрэлдэх учиртай мэдрэмж уран зургийн уг сүм дотор төрнө.
Магадгүй сүм хийдийн дүр эсвээс “Өчигдрийн өнгө” гэх нэрээс ч болсон байж мэднэ. Өчигдрөөс мэдээж өнгө, төрх нь үлдэх түүнээс ямар нэгэн тод, гэнэтийн их чимээ дуурьсах нь үгүйгээр бодол сэтгүүрдэнэ. Тэгээд л дотоод сэтгэлийн аль нэг мухарт эртнээс оршиж асан анир чимээг хүсэмжлэх сэтгэл сэрж, түүнийгээ яг одоо зогсож буй үзэсгэлэнгийн танхимаас олж байх.
БҮДЭГ ДҮР
Үзэсгэлэнд Чойжин ламын сүм музейг цогцоор нь болоод хэсэг, хэсгээр нь бүдүүвчлэн харж гоо сайхныг нээсэн зургууд бий. Сүмийн дээврийн нэг унжлагыг л гэхэд хэд хэдэн зурагт олон янзаар дүрслэн үзүүлснийг харж болно. Сүм ямагт бүдэг, зүүд, зөн совингийн шинжээр төсөөлөгддөг байлаа. Энэ нь шашин гэхээсээ илүүтэй өв соёлын сонгодог хэлбэр, түүний бүдэг дор хааяахан тэмтрэгддэг байсныг тод томруун жишээ билээ.
Үзэсгэлэнд тавигдсан зургуудаас зөвхөн сүмийн дээврийн хэсэг нь алтран гялалзаж буй нэгэн зураг буй. Цаана нь цэлийх тунгалаг хөх тэнгэр, сүмийн хормойн буланд хярах өтгөн харанхуйгаас үзвэл өглөө болж буй агшныг тодорхой гаргасан нь үзэгдэнэ. Гэрэл нэгэнтээ сүмийн модон багана дээр тусахад яг л ийм хүрэн бор өнгө гэрэлтдэг сэн. Үүнээс цаашлаад уран буй нарны цацраг тэнгэр хээлэн даялж баруун зүгт ар хээлэх хугацаанд мөнөөх сүүдэр хярсан булангийн заримд нь тусдаггүй ч байх магад.
ЦАГ ХУГАЦААНААС АНГИД
Зургуудаас их бага хэмжээгээр босоо тиг дагуух хэмжээ нь харилцан адилгүй өнгө өнгийн тэгш өнцөгтүүд ажиглагдана. Үүнээс үүдээс сүмийн хормой хэсэг заримдаа борооны дараа тогтсон усанд багана болоод хананы зураг, өнгө нь хээлэн солонгорч үзэгдээд байх шиг төсөөлөл биежүүлнэ. Зарим үест энэ нь зүгээр л зохиомж, зураачийн олон туршиц ажлуудын нэг байлаа ч гэсэн их дацангийн зургаас үзэхэд лав яалт ч үгүй борооны дараах тунгалаг ахуй үзэгдэнэ.
Үүдний багана, тэдгээрийн чимэглэл бүхий угалз хээнүүд нь будгийг урсац байдлаар зохиомжилсны дагуу илүү өргөн оройн зайг эзэлж, сүрлэг тайван байдлыг цогцлооно. Мөнхүү манан мэт хүйтэн агаарын өнгөнүүдээр зохиомжийг гүйцэтгэсний улмаас сүмийн дээвэр, багана, модон цонх нь хүртэл үзэгчийн нүдэнд илүүтэй тод томруун харагдах аж.
Тэгээд ч эл бүтээлийг хотын шил толь болсон барилгуудын сүүдэрт бус байгалийн сөрчил дунд аль нэг захаасаа шинэ эринээс зугтах мэт замхарч байх шигээр бүтээсэн нь үнэхээр л өчигдрийн өнгө мөн билээ. Тэр нь ямагт цаг хугацаанаас ангид орших энэ газар.
УЛАМЖЛАЛД ХАНДАХ НЬ
Бид уламжлал, өв соёл гэж ярьсаар уджээ. Харин тэдгээрийг тээж, бусдадаа өвлүүлэн үлдээх нь зөвхөн сайтар хадгалах тухай ойлголтод баглах ёс төдийхөн биш юм. Учир нь биетээр хадгалахаас гадна биет бус байдлаар өвлүүлэн тээх, хэрэглэх, шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарна. Өчигдрийн тэр өнгийг дахин мандах нар адил өнөөдөрт тээж авчралгүй хуучинд нь орхичихвол хэн мэдэх таньж, мэдэх билээ. Үүнтэй адилхан уламжлалд хандах хандлага тэдгээрийг хэрэглэж, шинээр бүтээж эсвээс буй чигээр өөрийн дотоод орон зайд дүрслэн буулгаснаа бусдад хүргэж байх явдал мөн болов уу. Үүний нэгэн тод жишээ нь уг үзэсгэлэн.
Цулгуй ханыг бүхэлд нь өчигдрийн гэрлээр амь оруулсан зургуудад Махранз, Ядам, Хотол чуулганы амгалан, Зуугийн сүм зэргүүдээс гадна Гол сүм ч мөн багтсан буй. Харин тэдгээрийг тус бүрд нь ялгаж, оноосон нэршилд уясангүй. Учир нь гол хаалганы дээвэр, баганын хэсгүүдийг зураг бүр дээр өөрөөр зохиомжлон хүргэжээ. Үүнээс гадна дан ганц модон хийц, тэдгээрийн хээ хуар, чимэглэлээс гадна чулуун баганууд ч зургийн хавтгайд буй чигээрээ үлдсэн нь олзуурхууштай.
ЭЦЭСТ НЬ
Т.Соёл-Эрдэнэ зураачийн бүтээлүүдэд улаан шаргал болон саарал болон хөх саарал өнгөнүүд давамгайлна. Тэрхүү улаан шаргал өнгөнүүд мандах нарны туяа, жаргах нарны цацраг болон зураг бүхэнд илчээ шингээсэн адил дулаан мэдрэмж төрнө.
Хоёрдугаар сар л тийм дулаахан мэдрэмж өгдөг. Харвын тэргүүн өдрийг зууж ирэх энэ богинохон сард урт удаан өвлийн дараа уртхан атлаа уужимхан амьсгал аваад Улаанбаатарын цэлмэг тэнгэрийг ширтэж зогсоход таатай. Юм бүхэн, шинэ улирал ирж буй атлаа хачин тайван, нам гүмийг дотоодод урлана. Тийм л амгаланг Т.Соёл-Эрдэнэ зураачийн “Өчигдрийн гэрэл” үзэсгэлэнгийн гэгээнд зогсож ахуйдаа өөртөө нээж олов.
Гадагш гараад цас чахруулан алхаж явахад цангинам өвлийн хүйтэн жавар ирж буй цагийн саалтанд сульдчихсан, сэтгэлд Улаанбаатарын тунгалаг тэнгэр алгаа тосоод анхны бороог хүлээх хүү шиг хачин амгалан төрхтэй үзэгдэнэ.