Дэлхийн кино уран бүтээлчдийн чадвар чансааг илэрхийлдэг Каннын кино наадамд шалгарч, мөн олон улсын кино наамдуудаас цөөнгүй шагналыг хүртээд буй “Баавгай болох сон” уран сайхны кино өнгөрсөн 12-ны өдөр монголын кино театруудаар гарч эхэлсэн билээ. Үүнээс нэг хоногийн урд буюу 11-ний өдөр Францын 100 кино театрт нээлтээ хийсэн юм.

Тус кинонд миний гэх бус харин бидний амьдралын бодит үнэнг дэлгэжээ. Агуулгыг цааш бидний ирээдүйн үнэн хэмээн өргөжүүлэхэд буруудах зүйлгүй. Учир нь киноны гол дүрийн тэдгээр хүүхдүүд бол энэ эх орны, энэ улсын ирээдүй шүү дээ. Харин тус киноны ерөнхий зураглаачаар “Noise Art Media”-гийн гэрэл зурагчин Дэлгэржаргалын Давааням ажиллажээ.

Тэрбээр хэд хэдэн уран бүтээл туслах болон ерөнхий зураглаачаар ажилласнаас гадна 2011 онд Истанбул хотноо “Хүн тээвэрлэгч” нэртэй монголын анхны гэрэл зургийн мульмедиаг хийснээс гадна хэд хэдэн хамтын болон бие даасан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, зургийн цоморлиг хэвлүүлжээ. Мөн “Баавгай болох сон” киногоор “Олон Улсын Улаанбаатар кино наадам 2023”-аас “Шилдэг зураглаач” шагналыг хүртсэн билээ. Ингээд уншигч таныг ярилцлагадаа урьж байна.

-ЗУРАГЛААЧ ХҮН САЙН ТУСЛАХ БАЙХ ЁСТОЙ-

 

-Таныг хүмүүс гэрэл зурагчин гэдгээр илүү сайн мэдэх байх. “Баавгай болох сон” кинонд хэрхэн зурагчлаар ажиллах болсон бэ?

-Тийм шүү. Хүмүүс гэрэл зурагчин л гэж мэднэ. Зарим нь уг кинонд зураглаачаар ажилласны хойно “Чи чинь хэдийдээ ийм мундаг зураглаач болчихов оо, энэ их гоё кино байна” гэх зэргээр асууж, сэтгэгдлээ илэрхийлж байсан. Уг нь бол би Радио, Телевизийн дээд сургуулийг “Кино болон телевизийн зураглаач” мэргэжлээр төгссөн. Монгол Улсын Төрийн соёрхолт, кино зураглаач Л.Шаравдорж багшийнхаа удирдлага дор хичээнгүйлэн суралцсан.

Харин “Баавгай болох сон” кино болон найруулагч П.Золжаргалтай хамтарч бүтээл хийх болсон нь хоёр жилийн өмнөөс эхтэй. Би 2021 онд найруулагчийн “Шар автобус” богино хэмжээний баримтат бүтээл дээр зураглаачаар ажилласан. Киноны зураг авалт гурван өдөр л үргэлжилсэн байх. Түүнээс ч өмнө мөн “Шат” богино хэмжээний кинонд гэрлийн туслахаар ажиллах санал тавихад нь ажил давхцах, цаг хугацааны давчуухан боломжоосоо хамаараад хамтарч чадаагүй.

Сүүлд 2021 оны 11 сарын дундуур найруулагч П.Золжаргал долоон жилийн турш өөрийн бодол санаанд ургуулж, дотроо төсөөлөн амьдруулсан бүрэн хэмжээний уран сайхны киногоо хийхээр зориглож дахин хамтран ажиллах санал тавьсан. Тэр нь “Баавгай болох сон” кино юм л даа.

-“Шат” богино хэмжээний бүтээл Чикагогийн Олон улсын хүүхдийн кино наадмын тэргүүн шагнал хүртэж байсан. Та тэр бүтээлд хамтарч чадаагүй дээ харамсдаг уу?

-Үгүй. Магадгүй тэр кинонд ажилласан бол найруулагчийн сэтгэлд хүрч чадахгүй ч байсан юм билүү.

-Яагаад тэр вэ?

-Хүнд анхны сэтгэгдэл маш чухал. Би олигтой гэрэл тавьж чадахгүй, сэтгэгдэл төрүүлэхгүй байсан байж мэднэ. Эсвээс “За, гэрэл тавьдаг л ийм нэг зурагчин байдаг юм байна” гэж бодоод өнгөрөх байсан ч байж магадгүй шүү дээ.

-Өмнө нь ямар нэгэн уран бүтээлд зураглаачаар ажилласан туршлага байгаагүй юу?

-С.Бямба найруулагчийн “Хүсэл шунал” кинонд туслах зураглаачаар ажилласан. Ер нь найруулагчийн “Хэвтрийн хүн”, “Алсын удирдлага” гээд бүхий л бүтээлүүдэд гэрлийн туслах хийх, камерын багт нь ажиллах зэрэг ямар нэгэн хэмжээгээр хамтарсан байдаг. Тухайн үед намайг зураглаач гэж хардаг, тоодог хүн С.Бямба найруулагч л байсан болов уу. Тэгээд найруулагч П.Золжаргалд “Даваанямтай ажиллаад үз” гэж санал болгосон юм билээ.

-Тэгвэл анх зураглаачаар ажиллах санал тавихад нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх удаа бүрэн хэмжээний кинон дээр бие даан ажиллах үзэх гэж байсан болохоор эхэндээ айж байлаа. Найруулагчийн олон жилийн хөдөлмөрийг үгүй хийчихвэл, би чадахгүй бол яана гэх эргэлзээ, айдас төрсөн. Гэсэн ч “Намайг голохгүй бол ажиллая” гээд зөвшөөрсөн дөө. Өмнө нь “Шар автобус” богино хэмжээний кинон дээр хамт ажиллаж байхад найруулагч надаас ямар нэгэн зүйлийг онцолж, олж харсан байж мэднэ. Тийм л итгэлээр саналыг хүлээн зөвшөөрсөн.

Ер нь бол айдас дотор минь үргэлж байна. Энэ нь өөрийгөө сайн юм хийчихлээ гэж сагсуурахгүй, улам илүү сайжирч, туршлагажихад хэрэгтэй гэж боддог. Кино бол хамтын, багийн ажиллагааны урлаг учраас нэг нь л том алдаа гаргавал олон хүний хүч хөдөлмөр үгүй болно. Тиймээс айдас надад хариуцлагатай байхыг алхам тутамтд мэдрүүлж байдаг гэх юм уу даа. Цаашид ч шинэ ажил эхлэхэд ийм айдастай хэвээрээ л байх болов уу.

 

-Та гэрэл зурагт илүү сонирхолтой, энэ чиглэлээр түлхүү ажилладаг. Яагаад зураглаач мэргэжлийг сонгосон юм бэ?

-Багадаа цэргийн хүн болно гэж мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдөл ихэнх хүүхдэд байсан болов уу. Харин том болох тусам мөнөөх хүсэл маань барилгын инженер болж өөрчлөгдсөн. Нэгэн удаа “Хүүхэд ба Дуран” төсөлд хамрагдаж С.Туяа багшаараа гэрэл зургийн “А” үсгийг заалгасан юм. Тухайн үедээ гэрэл зураг, зураглаачийн ажлыг өөрийн хобби, сонирхол мэтээр л төсөөлдөг байсан даа.

Гэтэл ёстой хувь тавилан ч гэх юм уу, зол завшаан тохиосон гэх үү, мэдэхгүй юм даа. Техникийн Их сургуульд орох шийдвэр нэгэнт гаргачихаад байсан атлаа Радио, Телевизийн дээд сургуульд орохоор ур чадварын шалгалт өгөөд зогсож байлаа. Тэр үед мэргэжлийн гэрэл зурагчны анги гэж байгаагүй. Тиймээс гэрэл зургийн салбартай хамгийн ойр нь зураглаачийн мэргэжил гэж бодсон хэрэг л дээ. Аав, ээж минь багш хүмүүс байсан. Тэд сонголтод минь хөндлөнгөөс оролцоогүй, сонирхол, хүсэл зорилгыг минь хүндэтгэсэн.

-Зураглаач хүнд хамгийн чухал зүйл юу вэ?

-Тухайн ажиллах киноныхоо зохиолтой сайн танилцах хэрэгтэй. Жишээ нь би орчин үед түлхүү хийгдэж байгаа хайр дурлалын сэдэвтэй гэх үү, гол хэт хиймэл, бодит ахуйгаас тасарсан зохиолтой кинонд бол ажиллахгүй. Нөгөө талаасаа чадахгүй байх. Учир нь миний мэддэг, таньдаг ахуй байсан болохоор “Баавгай болох сон” кинон дээр ажилласан. Хүн ер нь өөрийн мэддэг зүйлээ илүү сайн хийдэг юм шиг билээ. Үгүй аваас хоёрын хооронд, гурвын дунд л уран бүтээл төрнө шүү дээ. Уран бүтээл гэж нэрлэх ч хэцүү.

Би зураг авах үедээ “сцена” болгоны өмнө найруулагч юм уу, хянагчаас байнга л уг үйл явдлын өмнө юу гарах билээ, дараа нь ямар үйл явдал өрнөх вэ гэж асуудаг байсан. Энэ нь тэднийг их ч залхаасан болов уу. /инээв/ Найруулагч асуултад минь цааргалалгүй хариулж, нарийвчлан тайлбарлаж өгнө. Дотроо бол уг нь найруулагчийг ачааг хөнгөлөх гээд байгаа юм. Дараа нь эвлүүлэг дээр найруулагч холбоосоо төлөвлөнө, бодно шүү дээ. Гэтэл би баахан дүрсний эвлүүлэг авчихсан байвал уран бүтээлчдэд тэр хэрээр ачаа нэмэгдэнэ. Тэгэхээр багийнхантайгаа ойлголцож, ярилцах нь нэн чухал.

Нөгөөтэйгүүр киноны үйл явдлын цаг хугацаа өвлийн улиралд өрнөж байгаа юм. Тэгэхээр нарны гэрэл, утаа униараас хамаараад цаг хугацаа их давчуу болно. Дээр нь бид хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Тэднийг дааруулахгүй, өлсгөхгүй, эрүүл мэндийн ямар нэгэн хор хохирол учруулахгүй байх том хариуцлагыг давхар хүлээж байгаа хэрэг. Тэгэхээр аль болох төлөвлөснийхөө дагуу зургийн ажлаа амжуулж, оносон цэгтээ амжиж авахыг бодно.

Би зураглаач гээд камерын хөлөө нэг хүнд бариулчихаад явах, зураг эхлэх гэж байхад өөр хүнтэй ярилцаад, халуун юм уугаад зогсоод байх нь зохисгүй. Өөрөө бүгдийг хийж, хөлөө угсарч, ачаагаа үүрэлцэж явах ёстой. Цаг хугацаа, байгаль биднийг хүлээхгүй шүү дээ. Тэгэхээр зураглаач хүн маш сайн туслах байх ёстой.

 -ЭНЭ ЗОХИОЛ БОЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХДҮҮДИЙН ТУУЛЖ БУЙ АМЬДРАЛ-

-Киног дүрсний урлаг гэж ярих нь бий. Заримдаа дүрүүдийг болоод өгүүлэмжийг харилцан яриагаар бус дүрсээр илэрхийлдэг мундаг зураглаач, найруулагчид бий. Манайд үүний тод жишээ Б.Балжинням найруулагч байсан. Та зураглаачийнхаа үүднээс киноны дүрүүд болоод, тэдгээрийн дотоод зөрчлийг дүрсээр илэрхийлэн гаргах гэж оролдсон ажлууд нэлээд анзаарагдсан. Энэ талаар яривал...

-Тийм. Дүрсний хувьд ч давхар агуулга шингээхийг зорьсон. Киноны хувьд гэвэл Өлзий хүү ээж, дүү нарын хамт аж төрж байгаа шүү дээ. Тэдэнд аав байхгүй. Анхны олимиад даа оролцсоны дараа гэртээ батламж аваад орж ирэх үед нь аавынх зураг залаатай байгаа өнцгөөс авах, модонд явж байхад нь урдаас бус ардаас нь зургийн планаа тавих зэрэг өнцгүүдийг шингээсэн. Магад урдаас нь авбал илүү гэгээлэг, дүрийн хүсэл мөрөөдөл алдагдаж буй утгыг сайн гаргахгүй байж мэдэх байсан. Харин араас нь авахаар түүний дотоод дахь эмзэглэл, өөрөөс нь алсарч буй мөрөөдлийг улам хүчтэй илэрхийлж болмоор санагдсан.

Нэгэн удаа С.Бямба найруулагч надад “Олон сайн дүрс авлаа гээд сайн кино болохгүй” гэж хэлж байсан удаатай. Тэр үгийг би одоо хүртэл бодож явдаг. Тэгэхээр найруулагчаа сонсохгүй өөрийнхөө дайраад, зүтгээд байвал хэцүү.

-Сэтгэлд тань хүрсэн хамгийн дурсамжтай зураг авалт бий юу?

-Манай кино багийнхан ихэнх нь залуу хүмүүс. Өдөр бүр л хөгжилтэй, гоё байсан. Зураг авалт хийж байсан айлын урд талын хашаанд бид хоол, цайгаа уучихдаг байсан. Харин тэр айлын хашаанд нэг банхар, мөн үүлдрийн болов уу гэмээр туранхай нохой байсан. Мөнөөх туранхай нохой нь их тачирхан үстэй. Нэг удаа харж байсан чинь хөлөө ээлжлэн өргөөд, дороо хавчигнаад байсан юм. Хүйтэн цасан дээр гишгэхээр хөлийн тавхай нь даараад байсан байхгүй юу. Бид түүнээс санаа аваад нэг хөл дээрээ догонцон баавгайн бүжиг хийсэн. Энэ үеийн зураг авалт сэтгэлд их тодхон үлджээ.

Нөгөө нь Өлзий хүүгийн ээжтэйгээ маргалдах үеийн зураг авалт. Би аавыгаа алдаад хоёр жил болж байсан л даа. Тэр хүнээс үлдсэн дурсамжууд нь одоо ч амьд хэвээрээ, цаашид ч амь халуунаар байх биз. Тийм ч учраас гэрт болсон маргааны үеэр үргэлжилсэн урт план явдаг хэсэгт ээж нь “Хот аавыг чинь алсан” гэж хэлэхэд Өлзийгийн урдуур гэрийн баруун талын багана хальт гарч өнгөрдөг. Үнэхээр л хоёр багана гэдэг гэрийг тулж байдаг зүйл. Яг л аав, ээж хоёр шиг... Тэр хэсгийн зураг авалт ер мартагдахгүй байх. Магад аавыгаа алдсан сэтгэлзүй ч надад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Мөн тус гэрийн гурван хүүхэд орон дээр сууж байдаг шүү дээ. Тэр үед Өлзийгийн бага дүү болох Эрхмээ “Бид баавгай ч байсан болоосой” гэж хэлдэг. Энэ хэсгийн зургийг авах минь дотроо орилж байсан. Бүр уйлмаар санагдсан.

-Анх уран сайхны бүрэн хэмжээний кинонд ажиллахад өмнөх богино хэмжээний бүтээлүүдээс эрс ялгаатай болох нь анзаарагдаж байсан уу?

-П.Золжаргал найруулагчтай анх удаа бүрэн хэмжээний кинонд хамтран ажиллаж байгаа минь энэ уран бүтээл л дээ. Түүнээс бус өдөр тутам ажилладаг зүйлстэйгээ киноны ажлыг харьцуулах нь утгагүй. Зарим нэг томоохон ялгаа бий, бий. Гэхдээ би нарийн сайн мэдэхгүй л дээ.

Гол нь кино зохиолыг уншихад надад их ойр сэдэв байсан болохоор ажиллахад нэг их хүндрэл гараагүй. Би чинь баримтат гэрэл зураг авдаг. Тиймдээ ч хотын гэр хорооллоор их явдаг. Бараг худалч хүнд гарч үзээгүй уул, довцог байхгүй. Эндээс хот тэгж харагддаг, гэр хорооллын дүрс энэ цэгээс илүү сайн тодорхой гарах болов уу гэх зэргээр аль болох хариуцсан юм аа сайн хийхийг л бодсон. Түүнээс бол нарийн сайн ялгааг нь оноон хэлж чадахгүй юм. “Баавгай болох сон” кинон дээр би хийх ёстой ажлаа л хийсэн.

-Зохиолоо анх уншихад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Энэ зохиол бол найруулагчийн туулж гарсан, бидний ирээдүй болсон хүүхдүүдийн маань туулж буй амьдрал. Надад тун хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Зохиолоо анх уншаад хэд хэдэн газар нулимс дуслуулсан шүү.

Сүүлийн жилүүдэд бид хотын төвдөө ажил, гэр хоёрын хоорнод таваргасаар байгаад бодит амьдралаас хэчнээн тасарч байна вэ гэдгийг эл кино харуулна. Хотын төвөөсөө хоёр, гурван километр яваад л “Баавгай болох сон” кинонд гарч буй дүр зургийг олж харна. Цахим орчинд ч тэр бүхий л зүйлийг болж бүтэж байгаа мэтээр харуулж, өөрсдийгөө хуурцгаадаг. Гэтэл айл бүрт ямар нэгэн хэмжээгээр асуудал үүсдэг шиг бодит амьдрал ямар байгаа вэ? Зохиол бидний алсраад байгаа аж төрөхүйг жинхэнэ төрхөөр нь харуулсан.  

-Манайд өмнө нь ийм сэдэв, агуулгатай уран бүтээл байсан уу?

-Байсан л байх. Гол нь хэр чинээгээр бодитой үзүүлж чадсан бол гэдэгт л асуудлын гол оршиж байгаа. Тэгээд ч би нэг их сайн үзэгч биш. Кинонд шимтдэг үзэгчдийн дунд ороод суухад юу мэдэхгүйгээ л ойлгодог. Нэг талаас судалгаа хийж, олон сайхан бүтээлийг дахин давтан үзэх нь айдас төрүүлдэг.

-Та их аймхай хүн юм аа даа. Яагаад тэр вэ?

-Гол нь сайн бүтээлийн дүр, дүрслэл сэтгэлд хадгалагдаж үлддэг. Түүнийг дахин давтан үзээд байвал өөрийн уран бүтээлдээ санаатай болон санамсаргүй байдлаар ашиглачихаж магадгүй. Энэ тал дээр эсрэг бодолтой байдаг учраас эмээгээд байдаг.

-Кинонд ажилласан зураглаач бус үзэгчийн нүдээр киногоо дүгнэвэл ямар хариулт өгөх вэ?

-Би энэ киног гурав үзсэн. Анх Каннын кино наамдын үеэр өргөн дэлгэцээр харсан. Одоо дотоодынхоо кино театрт дахин үзнэ. Киногоо үзэх болгонд өөрийнхөө ажил дээр сайн, муу үнэлгээ тавих гээд байдаг. Зарим нөхцөлд жаахан цаг хугацаа байсан бол энэ хэсгийн зураг авалтыг илүү өөрөөр хийх байж, үүнийг өөр өнцгөөс авах байж гэдэг ч юм уу, зураглаачийн ажлаасаа салж чадахгүй юм билээ.

Түүнээс бус уг кино гадны үзэгчдээс үнэлгээгээ авчихсан, одоо дотоодын үзэгчид үзээд дүн тавьж байгаа шүү дээ.

-Каннын кино наадам бол уран бүтээлч хүн бүрийн мөрөөдөл болсон цэг. Тэнд анх удаа киногоо үзсэн гэлээ шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач...

-Мэдээж сэтгэгдэл тун өндөр байгаа. Энэ том кино наадамд очиж, улаан хивсээр алхаж, дэлхийн алдартнуудын нэг хэсэг болсон нь амьдралд минь тохиох гайхалтай дурсамжуудын нэг болж үлджээ. Найруулагч зураглаачаа авч явна гэж хэлсэн. Тэгээд л явсан даа. Ямар нэг хэмжээгээр би найруулагчид сэтгэгдэл төрүүлж чадсан юм байна гэх итгэл дотор минь төрсөн. Кино бол тухайн багт ажиллаж буй хүн нэг бүрийн хөдөлмөр шингэдэг зүйл. Бид төлөөлөл болж л очсоноос бус тэр багийн хүн бүр Каннын улаан хивсээр алхах учиртай, алхсан гэсэн үг.

Харин киногоо үзэх үеийн сэтгэгдэл бол их онцгой, сонин мөч байсан. Би яг зааг дээр суучихсан юм л даа. Хажуугаар минь хүмүүс явж өнгөрнө. Баруун эргэн тойрон гадаад үзэгчид суучихсан. Зүүн талаар л хэсэг бүлэг монголчууд байсан байх. Надад нэг их халуун, хүйтэн хоёр зэрэг мэдрэгдсэн. Киноны дундуур хальт харахад гадны үзэгчид зарим нь уйлчихсан, зарим нь үнэхээр ийм амьдрал байдаг гэж үү, хүүхдүүд ийм хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа хэрэг үү гэж гайхширсан маягтай үзэцгээж байсан. Гэтэл зарим монголчуудын хувьд эх орноо дэлхий нийтэд муухайгаар харуулж байна гэх дотоод бухимдал нүүрэнд нь илрэнэ. Яг нэг тийм зааг дээрх их сонин, өвөрмөц мэдрэмж төрсөн дөө.

-БҮТЭЭЛ ХИЙСЭН ХҮН ҮЛДДЭГ, ДУРСАГДДАГ ЖАМТАЙ-

-Таны өрөөнд маш олон камерын цугуулга байна. Ямар цаг хугацаах хамрах, хэнчээн төрлийн камерууд бий вэ?

-Камерууд маань 110 жилийн өмнөхөөс одоог хүртэлх цаг үеийг хамарна. Арван найман жилийн турш цуглуулсан. Одоогоор 150 орчим төрлийн камер бий. Сүүлдээ тоолохоо ч больсон доо.

-Цуглуугын анхны камерынхаа талаар яриач?

-Оюун болоод л цуглуулж эхэлсэн дээ. Би өөрөө ихэвчлэн 35 мм-ийн хальсаар зураг авдаг байсан юм. Гэтэл оюутны ангийн маань хүүхдэд “Любитель 166” гэх нэртэй камер байсан. Дурангаар нь харахаар бүх зүйл урвуу болж харагддаг. Анх хараад “Пөөх, ямар сонин юм бэ” гээд л уулга алдаж байсан. Тухайн үед камерын ханц хорь, гучин мянган төгрөг л байсан даа. Тэгээд найзаасаа худалдаж авсан.

-Камер цуглуулах болсон нь мэргэжлийн сонирхлоос гадна өөр учир шалтгаантай юу?

-Тэр үед мөн олон камерыг хил даваалж, урагш нь гаргадаг гэж дуулддаг байсан. Тиймээс өөрийн ажил, амьдрал болгосон гэрэл зургийн гол зэвсэгээ хадгалах, өв болгон үлдээх сэтгэлээс үүдэж бололцоогоор цуглуулахыг хичээсэн. Заримыг хүмүүс бэлэглэнэ, заримыг нь өөрөө худалдаж авна.


 

-Та гэрэл зургийн хэд хэдэн ном бүтээжээ. Хамгийн сүүлийнх буюу “Төгсгөлгүй эхлэл” номынхаа талаар яривал...

-Энэ ном миний бие даасан хоёр дахь бүтээл. Өмнө нь гэрэл зургийн хамтын бүтээлүүд хэвлүүлж байсан. Анх ганцаарчилсан буюу “сингл” зураг их авдаг байсан. Харин 2011 оноос хойш тодорхой нэг сэдвийг барьж аваад түүнийгээ олон талаас нь харуулсан цуврал зургууд авах болсон. Ганц зургаар бүрэн дүүрэн утга илэрхийлж боломгүй сэдэв, амьдралын асуудлууд олон бий. Тиймээс цуврал зургаар дагнах болсон.

“Төгсгөлгүй эхлэл” бол тэрхүү цуврал зургийн ажлуудын минь нэг хэсэг. Энэ номд арван өөр түүх орсон бөгөөд түүх бүр янз бүрийн сэдэв, цогц санааг дотроо агуулна. Сэдэв, санаа, агуулга, бичвэр бүр нь уншигчдад тодорхой нэг зүйлийг хэлэх байх. Мөн тус номын бүтээлүүд баримтад гэрэл зураг гэдгийг дурдах нь зүйтэй. Баримтат гэрэл зураг бол жинхэнэ амьдралын түүхийг үнэн бодитоор, элдэв хачир, чимэглэлгүй үзүүлдэг. Харин номынхоо нэрийг өгөх гэж олон хоног шаналсан даа.

-Нээрэн “Төгсгөлгүй эхлэл” гэдэг нь зохиолын ч нэр юм шиг, их сонирхол татаж байна...

-Санаа нь байгаа боловч түүнийгээ илэрхийлэх үг олдохгүй их зовсон. Орой бүр гэрлээ унтраагаад л номын нэрээ бодоод хэвтчихнэ. Нэг орой л “Төгсгөлгүй эхлэл” гэдэг нэр тархинд минь буугаад ирсэн.

Гол санаа нь хэчнээн сайн юм хийсэн дахиад илүү сайныг бүтээхийн тулд ахин эхлэнэ гэсэн санаа юм. Би өөрөө үргэлж л сурч, боловсорч, зураг авах тусмаа илүү туршлагажиж байгаа. Гэрэл зургийн оргилд хүрээгүй, гэхдээ бууж өгөхгүй. Хүн бүр “Чи чадаж байна, баримтат гэрэл зургаар мундаг авч байна” гэх бүрт хөөрөөд явчихгүй, хэмжээндээ байхыг хичээдэг. Би чадсан, сайхан зургууд авсан байлаа ч төгсгөл биш. Дахиад л эхэлнэ, шинэ сэдэл санаа агуулсан зургууд авах болно. Тийм л үзэл санааг энэ номын нэр өөртөө агуулж байгаа юм.

-Даган дуурайдаг, хүндэлдэг гэрэл зурагчин байдаг уу?

-Миний хувьд баримтат гэрэл зургийн “Батзориг сан”-г авч явдаг. Би тэр гэрэл зурагчныг хүндэлдэг, үйл хэргийг нь гүйцээх сэн гэж хүсдэг. Энэ хүн 2001 онд нисдэг тэрэгний ослоор мөнх бусыг үзүүлсэн ч авсан зургууд, хийсэн бүтээлүүд нь өдгөө ч бусдын талархал, хүндэтгэлийг хүлээсэн хэвээр байна. Бүтээл хийсэн хүн үлддэг, дурсагддаг жамтай.  


 

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав