2050 он... Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр өнөөгийн энэ эх дэлхий хэрхэн, яаж өөрчлөгдсөн байх бол? Агаарын дундаж хэм, хур тунадасны хэмжээ, агаар мандал дахь хүлэмжийн хий, далайн түвшин гэх мэт маш олон байгаль, цаг уурын үзүүлэлтүүдийг ашиглан хийсэн судалгаа, шинжилгээ, ирээдүй рүү чиглэсэн таамаглал, тооцооллуудыг эрдэмтэн, судлаачид хийсээр байна. Сөрөг, гутранги гэж хэлж болохоор үр дүн гарч байгаа эдгээр судалгааг богинохон хугацаанд интернэт хайлт хийх төдийд л харж болно. Хамгийн харамсалтай нь эдгээр олон судалгаанууд дунд хүнд учрах аюул, хохирол, хүний амьдрах орчин, эрүүл мэнд, аж ахуйд гарах өөрчлөлтүүдийг бүрэн хэмжээнд таамаглан тооцсон судалгаа дутмаг хэвээр байна. 

Аль 1990-ээд оноос хойш НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын хороо (IPCC) уур амьсгалын өөрчлөлт нь хүний шилжилт хөдөлгөөнд хамгийн ихээр нөлөөлж болзошгүй талаар тэмдэглэсэн байдаг бөгөөд байгалийн гамшигт үзэгдлүүд, цөлжилт, далайн эргийн элэгдэл, нуралт, хөдөө аж ахуйн уламжлалт үйл ажиллагаа тасалдах зэрэгтэй холбоотой хэдэн сая хүн шилжин суурьших магадлалтай гэдгийг онцолж байсан юм (Lonergan 1998). Үүнээс хойших судалгааны тайлангуудад уур амьсгалын өөрчлөлт нь хүн амын шилжилт хөдөлгөөний гол хүчин зүйлсийн нэг байх магадлалтайг тэмдэглэсээр иржээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж, эрчим нэмэгдэж байгаа нь олон тооны хүн амыг хамарсан хохирол учруулах, улмаар хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг улам ихээр нэмэгдүүлэх хандлагатай байна. Зарим эрдэмтдийн тооцооллоор сүүлийн 50 гаруй жилд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж тав дахин нэмэгдсэн байна (WMO 2021). Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүн амын шилжилт хөдөлгөөний талаар Дэлхийн банкнаас гаргасан зарим таамаглал, мэдээллийг харвал (World Bank 2018), 2050 он гэхэд дэлхийн нийт зургаан тивийн 216 сая хүн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн шилжилт хөдөлгөөн хийх ажээ. Арай хэтийдүүлсэн байх магадлалтай гэх зарим тооцооллоор уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр дэлхийн нийт хүн амын 1/3 нь буюу 2-3 тэрбум хүн ямар нэг байдлаар шилжилт хөдөлгөөн хийнэ гэсэн тооцоолол байна. 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөн гэдэг нь хүмүүс оршин суух нөхцөл нь доройтсоны улмаас амьдарч байсан газраасаа нүүн шилжих үзэгдлийг хэлдэг. Энэ нь үер, түймэр, ган, зуд, цөлжилт, далайн түвшин нэмэгдэх зэрэг гэнэтийн болон удаан хугацаанд үргэлжилж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй байж болдог. 

Олон улсад өнөөдрийг хүртэл уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг оновчтой байдлаар, бүрэн хэмжээнд хараахан тодорхойлж чадаагүй байгаа ч дэлхийн олон улс оронд явагдаж буй шилжилт хөдөлгөөний цаадах нэг том учир шалтгаан нь яахын аргагүй уур амьсгалын өөрчлөлт болж байна гэдгийг маш олон улс орнууд хүлээн зөвшөөрч, энэ чиглэлд судалгаа шинжилгээний ажлуудыг идэвхжүүлэн хийсээр байгаа юм. 

Нэр томьёоны хувьд байгаль орчны асуудлаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөн (environmental migration), уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөн (climate induced migration), уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй албан журмаар шилжүүлэн суурьшуулах үйл явц (climate displacement) гэх мэт олон нэр томьёо бий бөгөөд эх сурвалж, нөхцөл байдлаас хамааран утга, агуулгын хувьд бага зэргийн ялгаатай ашиглагддаг. Жишээ нь, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-аас “Байгаль орчны асуудлаас үүдэлтэй шилжин суурьшигч” (environmental migrant) гэдгийг тодорхойлсон байдаг. Уг тодорхойлолтын дагуу “Байгаль орчны асуудлаас үүдэлтэй шилжин суурьшигч гэдэг нь үер, хар салхи, шуурга гэх мэт байгаль, цаг уурын гэнэтийн эсвэл цөлжилт, далайн түвшин нэмэгдэх гэх мэт аажмаар явагдах өөрчлөлтийн улмаас амьдрал, амьжиргааны нөхцөл нь доройтсон тул байнга оршин суудаг газраа орхихоос өөр аргагүй болсон, эсвэл тэгэхийг сонгосон хувь хүн эсвэл бүлэг хүмүүсийг хэлнэ. Тэд дотооддоо болон хилийн чанад руу шилжин суурьшиж болно. Шилжилт хөдөлгөөн нь түр хугацааны эсвэл байнгын байж болно” (IOM 2007) гэжээ.  Энэхүү тодорхойлолтоор байгаль орчны асуудлаас үүдэлтэй хүн амын шилжилт хөдөлгөөнийг шилжилт хөдөлгөөний төрөл, хугацаа, хэв шинжээс (түр зуурын эсвэл байнгын, дотоодын эсвэл хил дамнасан, сайн дурын эсвэл албадлагын)  үл хамааран өргөн хүрээнд тодорхойлсон байна. 

Шилжилт хөдөлгөөн хийж буй гол учир шалтгаан юу вэ? Олон жил дараалсан ган, гачигт нэрвэгдэж буй Өмнөд Америкийн тариаланчид, эсвэл зуданд малаа алдаад, хот суурин газар бараадахаар төлөвлөж суугаа Монголын малчид зэрэг аль аль нь олон арван жилээр, хэдэн үе дараалан амьдарч, аж ахуйгаа эрхэлж ирсэн газар нутаг нь урьдынх шиг биш болсныг, уламжлалт аж ахуй эрхлэх арга хэлбэр нь “нэг л болж өгөхгүй” байгааг, тэнгэр, газар хилэгнэх нь их болж байгаа талаар таны нүдэнд үзэгдэж, харагдтал, зүрх шимширтэл дүрслэн ярьж чадна. Тэд хэдийгээр хот, суурин газар луу нүүн шилжиж буй шалтгаанаа шууд “Уур амьсгалын өөрчлөлт” гэж нэрлэн хэлж чадахгүй “Үр хүүхэддээ сайн боловсрол эзэмшүүлье”, “Эрүүл мэнддээ анхааръя”, “Аж амьдралаа дээшлүүлье” гэх боловч эдгээр өнгөн талын шалтгаануудын цаана уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй олон жил дараалсан ган, зуд зэрэг байгаль, цаг уурын хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулж, аж ахуйгаа авч үлдэх гэж хичээсэн, туйлдсан, шантарсан хүмүүсийн түүх байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтэд гэлтгүй, монгол оронд явагдаж буй шилжилт хөдөлгөөн нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны маш олон хүчин зүйлсээс үүдэлтэй хэдий ч уур амьсгалын өөрчлөлт нь шилжилт хөдөлгөөний суурь шалтгааны нэг мөн бөгөөд шилжилт хөдөлгөөн хийнэ гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтийг ямар нэгэн байдлаар даван туулж, дасан зохицох гэж хичээж буйн илрэл гэж дүгнэж болох юм. 

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй явагдаж байгаа шилжилт хөдөлгөөний төрөл, шинжийг харвал, сайн дурын үндсэн дээр (voluntary migration) явагдаж байгаа дотоодын (internal migration) шилжилт хөдөлгөөн зонхилж байна. 

Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн албадан нүүлгэн шилжүүлэх (forced migration) асуудал эсвэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хил дамнан шилжих хөдөлгөөн (cross border migration) хараахан ажиглагдахгүй байгаа ч ирээдүйд нөхцөл байдал өөрчлөгдөх магадлалтай болов уу гэдгийг анхаарах шаардлагатай юм.

Ялангуяа, олон улсад уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр нэрвэгдэж буй Өмнөд Америк, Африкийн улс орнуудаас Хойд Америк, Европ руу чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөн ихээр нэмэгдэх хандлагатай гэдгийг судлаачид анхааруулж байна. Шилжилт хөдөлгөөнд нөлөөлж буй өөрчлөлтүүдийн хувьд цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, зуд гэх мэт удаан хугацаанд явагдаж байгаа өөрчлөлтүүд (slow onset changes) шилжилт хөдөлгөөнд илүү нөлөөтэй байгаа ба үер усны аюул, хээрийн түймэр гэх мэт гэнэт болж байгаа гамшигт үзэгдлүүдтэй холбоотойгоор шилжилт хөдөлгөөн хийх нь харьцангуй бага байгаа юм. 

Дээрхээс харахад, Монгол Улсын нөхцөл байдал дэлхийн чиг хандлагатай ижил боловч өөрийн гэсэн онцлог сорилтуудтай. Монголчууд, ялангуяа малчид, байгалийн хатуу ширүүн нөхцөлд удаан хугацаанд зохицон амьдарч ирсэн. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, олон жил дараалсан ган, зуд,  бэлчээрийн доройтол, усны хомсдол зэрэг нь малчдын амьдрах нөхцлийг улам хүндрүүлж, даван туулж, дасан зохицох чадавхыг бууруулсаар байна. 

Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөний дата, мэдээллийг тусгайлан цуглуулдаггүй ч олон нийтэд нээлттэй зарим тоон мэдээллийг харвал уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрчим, давтамж нь нэмэгдэж байгаа байгалийн гамшигт үзэгдлүүдийн улмаас Улаанбаатар хот руу хөдөө орон нутгаас шилжин суурьших хөдөлгөөн эрчимжсэн байна. Тухайлбал, М.Алтанбагана нарын хийсэн “Монгол Улсын Хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, түүнд нөлөөлөх татах, түлхэх хүчин зүйлсийн газарзүйн судалгаа”-нд (2022) дурдсанаар сүүлийн 30 жилийн хугацаанд нийтдээ хөдөө орон нутгаас 728.3 мянган хүн Улаанбаатар хотод шилжин ирсэн байна. Судлаачдын хийсэн ажиглалт, дүгнэлтээр зудын нөлөөгөөр Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Монгол Улсад ган, зуд тохиолдсон 2000-2002 он, 2009-2010 он мөн 2020 онд хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимжсэн байна. Мөн 2000 онд 191.5 мянган малчин өрхтэй байсан бол дөрөвхөн жилийн хугацаанд 22.5 мянгаар буюу 11 хувиар буурчээ. 2009-2010 онд 171 мянга байсан малчин өрхийн тоо 24.8 мянгаар буюу 14 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нөгөө талаас Улаанбаатарт шилжиж ирсэн иргэдийн тоо 2003-аас 2004 онд 82.4 мянга, 2010 онд 39.7 мянга болж бусад жилүүдтэй харьцуулахад огцом өссөн нь байгалийн гамшигт үзэгдэл ган, зуд нь шилжилт хөдөлгөөнд нөлөөлдөг болсон болохыг харуулж байна. 

Их нүүдэл үргэлжилсээр... Дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй их нүүдэл улам бүр эрчимтэй өрнөж байгаа ч олон улсад ийм төрлийн шилжин суурьшигчдад хангалттай эрх зүйн хамгаалалт, дэмжлэг байхгүй байсаар байна. Олон улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжин суурьшигчдыг дүрвэгч гэж албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй хэвээр ба энэ чиглэлд олон улсын эрх зүйн зохицуулалтууд хангалтгүй байсаар байгаа учир энэхүү үзэгдлийг "Дэлхийн чимээгүй хямрал" гэж нэрлэх болжээ.

Одоогоор манай оронд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг бодлогын баримт бичгүүдэд тусгайлан томьёолж заагаагүй, ийм төрлийн шилжилт хөдөлгөөнийг удирдах, зохицуулах тогтолцоо, тусгайлсан хөтөлбөр, арга хэмжээ байхгүй байна. Цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөн нь өргөн хүрээтэй байгаль орчин, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтүүдийн илрэл гэдгийг хүлээн зөвшөөрч, эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогыг байгаль орчны тогтвортой байдал болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөний сөрөг үр дагаврыг багасгах боломжтой байна гэдгийг олон судлаачид дурдсаар байна.

Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнд хариу арга хэмжээ авч, аль хэдийнэ шилжилт хөдөлгөөн хийсэн иргэдэд шууд туслалцаа үзүүлэх, тэдгээрийн нийгэм, эдийн засгийн наад захын хэрэгцээг шийдвэрлэх шаардлагатай ч нөгөө талаар нөлөөлөлд өртсөн эсвэл өртөх магадлалтай хүн ам болон экосистемийн урт хугацааны дасан зохицох арга хэмжээг давхар хэрэгжүүлэх шаардлагатай юм. 

Урт хугацааны дасан зохицох бодлого, арга хэмжээг гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах, малчдын амжиргааг тогтвортой дэмжих, бэлчээрийн менежментийг сайжруулах зэрэг салбарын чухал бодлогуудтай уялдуулан хэрэгжүүлж чадвал уур амьсгалын өөрчлөлтийн шилжилт хөдөлгөөнд үзүүлж буй сөрөг нөлөөллийг урт хугацаандаа бууруулж чадах билээ.

Нийтлэлийг бичсэн | Н.Ариунаа "Паблик Лаб Монголиа"

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав