Удирдлагын академийг 2000-2005 онд удирдаж байсан захирал Ш.Түдэвтэй ярилцлаа. 

-Та хэдээс хэдэн онд Удирдлагын академийн захирлаар ажиллаж байсан бэ? 

 -Би 2000-2005 онд Удирдлагын академийн захирлаар, 2005-2010 онд дэд захирлаар ажиллаж байсан. Тэр үе шилжилтийн маягтай он цаг таарсан даа. 

-Удирдлагын академид захирлаар ажиллаж байх үеийн Таны сэтгэлд хоногшсон ямар дурсамжууд байдаг вэ?

-Академийн захирлаар оччихоод байдалтай танилцах гэж мунгинасаар байгаад багш нартайгаа уулзаж чадахгүй нэлээд удчихсан байв. Бусад захирлууд яасан юм бол гээд хожим нь сонирхсон чинь хоёр хоногийн дотор л хамт олонтойгоо уулзаж байсан юм байна лээ. Намайг уулзахгүй удаад байхаар багш нар маань “За нэг мануухай л ирсэн бололтой, уг нь сургуульд маань мануухай хэрэггүй л юмсан, юм юманд хошуу дүрээд байхгүй зүгээр ч юм уу” гэж ярьцгааж байсан гэдэг. Нэлээд хожим нь бид таны тухай тэгж ярьцгаадаг байсан гээд инээлдэж байдаг сан. Арай ч хэтрүүлчихсэн юм аа. Бүр хориод хоногийн дараа хамт олноо цуглуулж нүүр тулж уулзсан даа. Олон л юм ярьсан байх. “Энэ сургуульд хэрэгтэй бол чөтгөртэй ч хөтлөлцөнө, хэрэггүй бол бурхантай ч шөргөөлцөлдөнө” гэж хэлснээ л санаж байна. Нэг хэсэг нь Ху намаас ирсэн энэ этгээд хэдэн хүнд халагдах тушаал уншдаг бол гэсэн хүлээлттэй байгаа нь мэдрэгдээд байсан юм. Иймд энд улс төрийн, үзэл бодлын, танил талын, нутаг усны ямар ч шалгуур байхгүй шүү, энд гагцхүү мэдлэг чадварын хувьд, заах аргын хувьд, эрдэм судлалын хувьд Удирдлагын академийн тавих шаардлагыг хангаж чадаж байна уу гэсэн ганцхан ажил хэргийн шалгуур л тавина шүү гэдгээ тод илэрхийлэх шаардлагатай байсан юм. Захирлын алба хашиж байхдаа энэ зарчмаа баримталж чадсан гэж боддог. Энэ сургуулийн үнэ цэнтэй капитал нь мэдлэг чадвартай багш нар хэмээн ойлгож тэднийхээ төлөө ажиллаад эхлэхээр дэмжээд хамтраад ажиллах болсон. Залуу хүмүүстэй ажиллахад урамтай байдгийг чухам энд л мэдэрсэн дээ.

-Тэр цагийн өмнөх үеэс ямар ялгарах онцлог юу байв?

-Сургуулийн маань онцлог гэвэл бусад их, дээд сургууль, боловсролын байгууллагуудаас юуны өмнө зорилго, чиг үүргээрээ ялгагдана. Удирдлагын академи нь өөрчлөгдөн буй орчинд манлайлан удирдах мэдлэг, ур чадвар бүхий мэргэшсэн удирдах ажилтан бэлтгэх, төрийн удирдлага, үндэсний менежментийн зангилаа асуудлаар судалгаа хийх, зөвлөгөө өгөх чиг үүргийг онол арга зүйн өндөр түвшинд гүйцэтгэх зорилготой сургалтын байгууллага байна гэдгээ үйл ажиллагааныхаа дүрэмд тодотгон зааж өгсөн байдаг.

Тус академи нь 1999 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтын суурин дээр байгуулагдсан юм. Энэ өөрчлөлт нь зөвхөн нэр хаяг солих төдий зүйл байгаагүй. Академийн зэрэглэлд орсноор сургуулийн үйл ажиллагааны эрх зүйн орчин бүтэц бүрэлдэхүүн, анги тэнхмийн зохион байгуулалт, сургалтын агууллага, хэлбэрт өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон юм. Сургалтын агуулага цаг үетэйгээ холбоотой байдаг учиртай. 2000 оноос хойших үеийн сургалт 2000 оноос өмнөх үеийнхээсээ /1990-2000 оныхоос/ сүрхий ялгаатай болж ирсэн. 1990-ээд оноос Монголын нийгэм зах зээлд шилжиж, хуучин тогтолцоог халах, шилжилтийн үеийн хямралыг даван туулах, шинэ тогтолцоог тэрлүүлэн босгож зүгшрүүлэх, саад бэрхшээл ихтэй, гүнзгий зөрчил бүхий үйл явцууд зэрэгцэн тавигдаж байсан болохоор нийгэм маань ихээхэн тогтворгүй, ингэхлээр төрийн бодлого чиглэл ч нэг мөр болоогүй хөдөлгөөнтэй үе байлаа. 

Зах зээлийн нийгэм, түүний зан төлөв, ажиллагааных нь механизмыг мэддэг хүмүүс хаана хаанаа ховор, манай сургуульд суралцагсадын дийлэнх нь өмнөх тогтолцооны үед бэлтгэгдсэн, зах зээлийн талаар системтэй мэдлэг эзэмшээгүй хүмүүс байсан. Иймд 1990-2000 оны үеийн тус сургуулийн сургалтын хөтөлбөрүүд нь зах зээлийн нийгмийн талаар аль болох өргөн хэмжээний мэдлэг, мэдээлэл өгөхөд чиглэгдэж байв. Харин 2000 он гэхэд Удирдлагын академид элсэгчдийн дийлэнх нь ардчилал, зах зээлийн нийгмийн талаар бакалаврын шатны боловсролын хүрээнд багагүй зүйл үзээд судалчихсан хүмүүс ирсэн. Иймд сургалтынхаа агуулгын цар хүрээг хумиж удирдахуйн ухаанаар мэргэшүүлэх чиглэлийг тууштай барих шаардлага гарч ирсэн. Сургалтынхаа хөтөлбөрөө ч энэ шаардлагын дагуу өөрчилсөн.

-Сургуулийн үйл ажиллагаанд нэлээд өөрчлөлт орсон уу?

-2001 онд Төсвийн байгууллагын удирдлага санхүүжүүлэлтийн тухай хууль батлагдаж, төсвийн байгууллагууд дээд шатныхаа байгууллагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэрээ байгуулах ёстой болов. Удирдлагын академи үйлдвэрлэн гаргах бүтээгдэхүүнээ сургалт, судалгаа, захиргааны ажил гэсэн үндсэн гурван төрлийн бүтээгдэхүүн байна гэж тодорхойлоод үүнийгээ хэмжээсжүүлэн цагаар тооцож Засгийн газрын ХЭГ-тай гэрээ байгуулж ажилласан. Багшийн хийх ажлыг кредит цагаар тооцож гэрээ байгуулсан. Энэ нь сургуулийн амьдралд гарах нэгэн чухал өөрчлөлтийн гараа болсон юм. Юу гэвэл өмнө нь цөөхөн багш зарим нэг төслийн судалгааны багт оролцож байсныг эс тооцвол багш нарт судалгаа хийх сонирхол бага байсан. Харин ерөнхий мэдлэг олгох хичээлүүдийг эрс цөөлж сургалтаа мэргэшүүлэх тал руу нь чиглүүлэхийн хамт багш нар цагийнхаа нормын төдөн хувийг сургалтын ажлаар гүйцэтгэнэ гээд гэрээнд нь тусгаад өгчихөөр цөмөөрөө л судалгааны ажилд оролцоод эхэлсэн. Багш нар судалгааны ажлаараа цагаа тооцуулахын зэрэгцээ хэвлүүлсэн бүтээлийнхээ орлогыг өөрсдөө авч байхаар журамласан нь тэдний судалгаа хийх сонирхолд ихээхэн түлхэц өгсөн юм. Нөгөөтэйгүүр Засгийн газраас жил бүр судалгааны захиалга өгдөг болсон нь тус сургуульд судалгааны ажил өрнөх таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн. Ингэж судалгааны ажил тус сургуулийн сургалттай эн зэрэгцэж үндсэн чиг үүргийн хэмжээнд тавигдах болсон нь сургалтаа амьдралтай холбоход чухал нөлөөтэй байлаа. Удирдлагын академи өнөөдөр бусдын бүтээсэн мэдлэг дамжуулаад зогсохгүй, мэдлэг бүтээх уурхай болон хувирч байгаа нь тус сургуулийн амьдралд гарч байгаа чанарын өөрчлөлт юм. 

-Удирдлагын академи Таны Намын дээд сургуульд багшилж байсан үеэс хэр өөрчлөгдсөн байв?

-Энэ тухайд “төрөл арилжсан” гэсэн хэллэг нөхцөл байдлын илүү оновчтой илэрхийлэл болох байх. Нэгд, багшлах боловсон хүчин үндсээрээ өөрчлөгдсөн байв. НДС-ийн урьдын зуу гаруй багш, ажилтнаас зургаахан нь үлдсэн байсан. Багш нарын маань нийгмийн байр суурь, үзэл бодол, үнэлэмж баримжаалал нь үндсээрээ өөрчлөгдчихсөн байлаа. Өмнөх тогтолцооны үед “Монголын ард түмний оюун санааны үндэс нь марксизм-ленинизм мөн” гэдгийг намын мөрийн хөтөлбөрт тусгайлан заасан байсан учраас нам, улсын боловсон хүчин бэлтгэх үүрэгтэй НДС марксизмаар амьсгалж байсан юм. Гэтэл 2000-аад онд Удирдлагын академийн багш нар марксизмын үзэл санаанаас бүрэн ангижирсан байв. Юу ч гэсэн дурсахаа больсон байлаа. Багш нар маань бүгд л өрнө дахины сурах бичиг бариад л хичээлээ зааж байсан. Миний хувьд багш нар маань ямар үзэл бодолтой байх нь тийм ч их чухал биш, асуудлын гол нь энэ багш өнөө цагийн удирдах ажилтны зайлшгүй эзэмшвэл зохих тэр мэдлэг, ур чадварыг шавь нартаа суулгаж чадах хүн мөн үү гэдэгт байгаа гэсэн бодолтой байж багш нарынхаа ажил үйлстэй танилцахдаа энэ л байр сууринаас үнэлэлт дүгнэлт өгч явлаа. 

Хоёрт гэвэл элсэгчид ихээхэн өөрчлөгдсөн байв. Намын дээд сургуулийн элсэгчдийг мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлага, удирдах зохион байгуулах авъяас чадвар, ажил хэрэгч хандлага, хувь хүний хүмүүжил төлөвшил гэх мэт маш олон талаас нь харж, ёстой л “долоо хэмжиж нэг огтол” зарчмаар шалгаруулж авч байсан. Гэтэл Удирдлагын академийн элсэлтийн үйл явц ихээхэн либеральчлагдаж элсэлт үндсэндээ хувь хүний сонирхолд тулгуурлаж байлаа. Эссээ бичүүлээд, ярилцлага аваад, бакалаврын үнэмлэх үзээд үндсэн сургалтдаа элсүүлчихдэг байв. Энүүхнээр уг хүн бүрэн танигдахгүй. Иймд Удирдлагын академид элсэгчдийн дунд төр, бизнесийн салбарт ажил алба хаших явцдаа надад ийм төрлийн мэдлэг чадвар дутагдаж байна, үүнийгээ сургалтаар олж авна гээд хэрэгцээгээ тодорхойлчихсон, сурахын тухайд мотивац үүсчихсэн хүмүүс байхад, сургууль төгсөөд тодорхой ажил эрхэлж дадлага туршлага суугаагүй, сурах хэрэгцээ шаардлагаа нарийн сайн ухамсарлаагүй, дипломыг нь олоод авчихвал хожмоо хэрэг болж юуны магад гэсэн хандлагатай хүмүүс ч цөөнгүй байсан. Энэ хоёр категорийн хүмүүс сурах хөдөлмөрлөхдөө ч ондоо ондоо хандлагатай байв. Үүнд нэг хэсэг нь мэрийлттэй суралцаж тэр хэрээрээ мэдлэг хуримтлуулж, ур чадвар эзэмшиж байсан бол нөгөө хэсэг нь олны дүйвээнд урсгалаараа явж байтал болно биз гэсэн хандлагатай байсан.

Гуравт, НДС-ийн үеийн дэг журам, эмх цэгц алдагдсан байв. Энэ нь өмнөх үеийн тогтолцоо бүх чиглэлээр нуран унаж нийгэм бүхэлдээ эмх цэгцээ алдаж урсгал байдалд автагдаж байсны үр дагавар буй за.

Дөрөв, Сургуулийн маань сургалтын орчин, анги танхимын тохижилт, ширээ сандал, техник хэрэгсэл хуучирч муудаад цаг үеийн шаардлагыг хангаж чадахааргүй болсон байлаа. Үүнд өмнөх үеийн удирдлагуудын буруу байхгүй. Төрөөс сургуулийн засвар үйлчилгээний зориулалтаар ямар ч төсөв баталж өгдөггүй байв. Сургуулийн гол корпусын хоёрдугаар давхрыг 1984 онд аж ахуйн аргаар тавьсан юм билээ. Түүнээс хойш ямар ч засвар үйлчилгээ хийгдээгүй байв. Тааз нь цуурч нуралт үүссэнээс багш, ажилтнууд ширээ сандлаа өрөөн дотроо нааш цааш зөөх, сургуулийн гол хаалганы гаднах тулгуур баганад цууралт үүссэнээс зарим багш гадагш гарахдаа гол хаалганаас гүйж холддог, орохдоо гүйж ордог нь сургуулийн хувьд бодит дүр зураг байв. Энэ байдлыг даван туулах гэж академийн үе үеийн захирлууд ихээхэн хүчин чармайлт тавьж ирсэн юм.

-Таныг захирлаар ажиллаж байх үед сонсогчдыг ямар хугацаагаар, ямар чиглэлээр сургаж байсан бол?

Намайг захирлаар ажиллаж байх үед Удирдлагын академи дор дурьдсан чиглэлүүдээр сургалт явуулдаг байв. Үүнд, Удирдахуйн ухааны чиглэлээр магистрантур, докторантурын сургалт, Төр бизнес, нийгмийн удирдлагын чиглэлээр магистрантурын сургалт, Төр, бизнес, нийгмийн удирдлагын чиглэлээр менежерийн сургалт, Төрийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг олгох сургалт, Төр, бизнес, нийгмийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сертификатын сургалт, Мэргэжил дээшлүүлэх сургалт, Зорилтот-сэдэвчилсэн сургалт, Зайн сургалт,  Орон нутаг, ажлын байран дахь сургалт зэрэг байсан. 

Сургалт ийнхүү олон төрөл хэлбэртэй байсан болохоор сургалт тус бүрийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байв. Удирдлагын академи нь тухайн үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустай гүйцэтгэх засаглалын бүтцийн байгууллага байсан. Иймд сургалтын хөтөлбөрийн агуулга тухайн үед төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний үзэл баримтлал, бодлого чиглэл, захиалгыг дагаж улс төрд ойртох хэрэгтэй болдог. Гэтэл улс төрийн бодлогын цаана үзэл суртал байж байдаг. Шинжлэх ухаан, үзэл суртал хоёр хэзээнээс нийлэмж муутай. Нам болгон өөрийнхөө үзэл баримтлал, бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй гэж нотлохыг оролддог ч тэр болгон тийм байж чаддаггүй. Учир нь төрийн эрх барьж байгаа хүчин тухайн үеийн тулгамдаад байгаа асуудлуудыг шинжлэх ухааны үүднээс шийдэх үү, эсвэл олон түмнээс санал авахаа бодож тэдний санаа бодолд нийцүүлж шийдвэрлэх үү гэсэн асуудалтай байнга тулгарч байдаг. Эндээс төрийн дэргэдэх сургалтын байгууллагад төрийн тогтолцооноос үүдэлтэй асуудлууд гарч ирэх үндэс тавигддаг. Товчоор хэлбэл, Засгийн бодлого хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчдыг давтан сургадаг, мэргэшлийг нь дээшлүүлдэг сургалт, менежментийн чиглэлээр боловсролын зэрэг олгодог академик сургалт хоёрыг нэг тогоонд багтаахад хүндрэлтэй байдаг. Сургалтуудаа ондоо ондоо хөтөлбөрөөр зэрэгцүүлээд явууллаа ч заадаг багш нар нь нэг болохоор холилдож хутгалдаад зааг ялгаа нь тодорч гарч ирэхгүй бололтой юм билээ. Ийм “зовлонг” бусад орнуудад тус тусдаа бие даасан сургууль байгуулах замаар шийдвэрлэсэн байдаг.

-Удирдлагын академийн нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлагыг Та хэрхэн үнэлдэг вэ?

 -Либерал онолоор зах зээлийн эдийн засагт эрэлт нийлүүлэлтийн харьцаа нийгмийн тохируулгын гол механизм байдаг, иймд энд төрийн оролцоо минимум доод хэмжээнд байх ёстой хэмээн номлодог. Энэ номлолыг манайд сүүлийн үед сүрхий сурталчилдаг болсон нь нийгмийн тодорхой бүлгийн ашиг сонирхолтой холбоотой болов уу. Төр оролцохоор будилаан үүсдэг нь төр хэмээх нийгмийн институцид ямагт зуршмал байдаг угаасаа өгөгдчихсөн зүйл биш, төрд буруу гарын хүмүүс шургалуулсны гор гарч байгаа нь тэр биз ээ. Зах зээлийн нийгэмд төрийн зохицуулалт байхгүй бол болдоггүй юм байна гэдгийг өнгөрсөн зууны 30-аад оны барууны эдийн засгийн сургамж тодорхой харуулсан. 

Өнөөдөр Монголд гурил,мах, түлшний үнийг зах зээлийн эрэлт нийлүүлэлт тогтоогоод байна уу, эсвэл энэ төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үгсэл хуйвалдаанаар тогтоогоод байна уу гэдэгт хэрэглэгчид тодорхой дүгнэлттэй байгаа биз.

Эрдэмтэд хөгжиж байгаа болон хөгжлөөр буурай орнуудыг судлаад тэдгээр орнуудад төрийн менежментийн чадавх сул байгаа нь нийтлэг тэдний хоцрогдлын нэг гол шалтгаан болж байна, иймд төрийнх нь чадавхийг бэхжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Ингэхлээр төрийн шат шатны байгууллагуудын удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь улс орны хөгжил дэвшлийн төлөөх тэмцлийн зангилаа асуудал мөн юм. Төрийн албыг бэхжүүлэх шаардлагад нийцүүлэн удирдахуйн өндөр ур чадвар эзэмшсэн боловсон хүчний нөөц бэлтгэх, төрийн албан хаагчдыг давтан бэлтгэж мэргэшлийг нь дээшлүүлэх нь Удирдлагын академийн үндсэн чиг үүрэг байдаг. Эндээс Удирдлагын академи хэмээх энэ сургалт, судалгааны байгууллагын нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага тод харагдах байх. Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа Удирдлагын академи бүрэн дүүрэн хангаж байгаа гэж хэлэхэд хэцүү. Үүнд олон шалтгаан бий. Нэгд, Удирдлагын академийн үйлчилгээ иргэдийн хувьд нээлттэй, үндсэн сургалтын элсэлт нь хувь хүмүүсийн сонирхолд тулгуурладаг гэж дээр хэлсэн. Хоёрт, Удирдлагын академи мэргэжил олгох сургалтаараа боловсон хүчний нөөц бэлтгэж зах зээлд гаргадаг. Төрийн боловсон хүчний сонголт мерит зарчмаараа явдаггүй, дундуур нь “хар муур” гүйчихдэг болохоор бэлтгэгдсэн боловсон хүчин тэр болгон байх ёстой газраа байж чаддаггүй. Гуравт, төрийн албан хаагчдын цалин урамшуулал бага болохоор чадварлаг боловсон хүчин амьдралаа бодоод бизнесийн салбар руу шилжих нь элбэг байдаг. Дөрөвт, Төрийн алба тогтворгүй байдаг болохоор төрийн албан хаагчдад тогтвор суурьшилтай ажиллах баталгаа байдаггүй. Тавд, өнөөдөр иргэдийн дунд төрийн албаны нэр хүнд унаж хэл ам их гардаг болсноос чадвартай хүмүүс төрийн албанаас дайжих нь их болжээ. Энэ мэт шалтгааны улмаас Удирдлагын академиар бэлтгэгдсэн боловсон хүчний нөөц ийш тийш нь сарниж, улмаар тус сургууль нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болно.

 -Адилхан боловсролын байгууллага боловч Удирдлагын академийн бусад их, дээд сургуулиас ялгарах онцлог юу вэ?

-Их, дээд сургуулиуд нь суурь мэдлэг олгох замаар улс ардын аж ахуйн төрөл бүрийн салбарт мэргэжилтэн бэлтгэн гаргадаг. Суурь мэдлэг олгодог учраас сургалтын агууллага нь тогтвортой, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг мэдлэгийн үндсийг заадаг болохоор дэлхийн бусад орнуудын их дээд сургуулиудтай адилсаж байдаг. Жишээ нь, химич бэлтгэхэд улс орон болгонд өөр өөр мэдлэг заана гэж байхгүй.

Тэгвэл Удирдлагын академи нь дипломын дараах сургалт явуулдаг, удирдахуйн ухаанаар мэргэжил эзэмшүүлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчдыг давтан сургаж мэргэшлийг нь дээшлүүлдэг сургалтын байгууллага. Иймд олгож байгаа мэдлэг нь голдуу хавсрага ухааны түвшинд өгөгддөг. Сургалтдаа суурь мэдлэг ашигладаг ч түүнийгээ улс үндэснийхээ хөгжлийн түвшин, соёлын онцлог, хүн ардынхаа сэтгэл зүйн хөрс суурин дээр буулгаж байж өгөх шаардлагатай болдог. Ингэж буулгахгүйгээр удирдахуйн ухаанаар дэлхийд ийм тийм онол сургаал байдаг гээд заалаа ч уг онол сургаал гарч ирсэн нийгмийн хөрс суурь нь Монголд байхгүй болохоор тэрхүү онол нь мэдлэг биш, мэдээллийн шинж чанартай болоод явчих жишээтэй юм.

-Тухайн үед Удирдлагын академийн гадаад харилцаа ямар байсан бэ. Хэрхэн өргөжүүлж байв?

-Намайг захирлаар ажиллаж байх үед Удирдлагын академи нь АНУ-ын Хавайн их сургууль, Баффало дахь Нью-Йоркийн их сургууль, БНСУ-ын төрийн захиргааны институт, Японы Токио сан, ХБНГУ-ын Подсдам, Шпайрын их сургууль, Тайландын Макидолын их сургуулийн Хүн ам, нийгмийн судлалын институт, Энэтхэгийн Ранчийн их сургуулийн Синхаагийн Бизнес, менежментийн институт, Хүн ам судлалын олон улсын институт, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх төрийн албаны академи, ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Улс ардын аж ахуйн академи, Москвагийн Менежментийн олон улсын судалгааны институт / МНИИПУ/, Шведийн төрийн захиргааны институт, Австралийн Куртины технологийн их сургуулийн Англи хэлний олон улсын төв зэрэг сургалт, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, харилцан ойлголцлын баримт бичгийн үндсэн дээр хамтран ажиллаж байв. Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, хүн амын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Германы олон улсын хөгжлийн сан, Ханс Зайделийн сан, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Солонгосын хөгжлийн институт зэрэг олон улсын санхүүгийн болон хамтын ажиллагааны байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байлаа.

Ярилцсан Д.Оюунцэцэг

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав