Зуны олимпын XXXIII наадмын түүхэнд нэрээ тодоос тод бичүүлсэн алдартай хүний нэг нь яах аргагүй францын тэрбумтан Бернар Арно байв. Түүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой үнэт эдлэлийн Чаумет ордны бүтээсэн алт мөнгө хүрэл медаль, домогт Луи Виттоны хайрцаг, гоёмсог чамин хээ бүхий тавиур, францын тамирчдыг дэгжин гоё харагдуулсан алдарт Берлутын бүтээгдэхүүн Парисын олимпын нүүр царай болж бизнесийн салбартаа шинэ хуудас нээсэн юм. LVMH групп Парисын олимпыг 150 сая еврогоор ивээн тэтгэсэн гэсэн мэдээлэл бий.

“Би өөрийгөө биш зөвхөн брэндээ сурталчлахыг хүсдэг “ гэж Бернар Арно хэлж байсан удаатай. Тэгвэл тэрээр Олимп, Паралимпын наадмын үеэр LVMH группийн брэндүүдээ нэр төртэй сурталчилж чадсаныг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд онцлон тэмдэглэхийн сацуу Бернар Арно жинхэнэ утгаараа ялалт байгууллаа гэж мэдээлж байлаа хэмээн америкийн “Robb report “ сэтгүүлд бичжээ. Тус сэтгүүлд цааш нь ийн бичсэн байна. 

Юуны өмнө, Бернар Арногийн удирддаг элитүүдэд зориулсан дэлхийн тэргүүлэгч тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг LVMH групп нь Луи Виттон (чемодан, хувцас, дагалдах чамин эд зүйлс), Моет (оргилуун дарс), Хенесси (коньяк) мөн Кристиан Диор (хувцас загварын брэнд, сүрчиг гм), зэрэг олон компаниас бүрддэг гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Тиймээс Бернар Арног тансаг хэрэглээний “эзэн хаан” гэдэг нь санамсаргүй хэрэг биш юм. Түүний “хаан болох” зам өнгөрсөн зууны сүүлийн хагасаас эхэлжээ. 

ДЭЛХИЙН АЛЬ Ч ОРНЫ ХҮН МЭДДЭГ ТИЙМ БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙХ САНАА ТӨРСӨН...

“Хэрэв би тэр өдөр таксинд суугаагүй бол өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэхгүй ч байсан байж магадгүй.Тэгэхэд миний суусан таксины жолооч их яриа хүн байсан. Би түүний яриаг сонсох зуураа францын алдартай улстөрч Жорж Помпидуг мэдэх үү гэж асуухад тэрээр “Тийм нэр сонссоноо санахгүй байна. Харин Кристиан Диорыг бол сайн мэднэ” гэсэн. Энэ ярианы дараа дэлхийн аль ч орны хүн мэддэг тийм бүтээгдэхүүн хийх санаа төрсөн” гэж Арно дурсамжиндаа өгүүлсэн байдаг. Энэ санаагаа хэрэгжүүлэхэд нь түүнд “хуучин мөнгө” тусалсан нь мэдээж. “Хуучин мөнгө буюу Old money” гэсэн нэршил нь ихэвчлэн хурааж хуримтлуулсан эд баялагаа хэдэн үеийн турш хадгалан хамгаалж чадсан чинээлэг гэр бүлийн их өвийг залгамжилсан баян хүмүүст хамаардаг. Тэд нар баян чинээлэг төдийгүй уламжлалдаа үнэнч, боловсрол сайтай, бат бэх холбоо сүлбээтэй хүмүүс байдаг тул эхээс төрсөн цагаас нь л тэдний өмнө бүх “хаалга” нээгддэг. Бернар Арно тийм хүмүүсийн нэг юм. 

Арно 1949 онд францын умард хэсэгт орших Рубе хотод барилгын салбарын толгой баяны нэг Жан Леан Арногийн гэр бүлд төржээ. Түүний аав Феррет-Савинел гэсэн томоохон компанийн эзэн байв. Харин ээж Мари Жозеф Савинель нь сайн төгөлдөр хуурч байсны зэрэгцээ хүүгээ сонгодог хөгжимд дуртай болгоод зогсоогүй түүнд төгөлдөр хуураар тоглох эрдмийг заан сургажээ. Энэ нь бага Арнод төгөлдөр хуурч болох хүсэл төрүүлсэн хэдий ч эцэг нь түүнд гэр бүлийнхээ уламжлалыг дагаж, бизнесийн салбарт хүч сорихыг зөвлөсөн байна. Бернар Арно аавынхаа бодлоос зөрсөнгүй, улмаар Францын хамгийн нэр хүндтэй сургуулийн нэг Политехникийн сургуульд суралцан төгсөж, инженерийн мэргэжилтэй болсон байна. Тэрээр сургуулиа төгсөөд аавынхаа барилгын компанид орж ажиллан төд удалгүй тэндхийн бүхий л үйл ажиллагааг гартаа авчээ. Үүнээс хойш таван жилийн дараа Арно аавдаа барилгын компанийннхаа зарим хэсгийг зарж, олсон орлогоосоо арай илүү ашигтай газар хөрөнгө оруулалт хийх санал тавьсан байна. Эцэг нь ч түүний саналыг дэмжиж, компанийнхаа хэсгээс зарснаар 40 сая франц франкийн ашиг олжээ. Энэ үеэс эхлэн Бернар үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад анхаарлаа хандуулах болов. Гэвч 1981 онд социалист хөдөлгөөний удирдагчийн нэг байсан Франсуа Миттеран Францад засгийн эрхэнд гарч ирсний дараа тус оронд бий болсон улс төрийн нөхцөл байдлаас болгоомжлон Бернарынхан АНУ руу нүүн Флоридад суурьшжээ. Тэнд тэд хотын орон сууцны цогцолбор барих компани байгуулсан юм. Тухайн үед АНУ-д бүтээн байгуулалт ид өрнөж байснаас гадна ипотекийн зээл өссөн нь Арногийн бизнест сайнаар нөлөөлж тэрээр дөрвөн жилийн дотор бараг 20 сая долларын цэвэр ашигтай ажилласан байна. Гэхдээ Бернар Франц руугаа буцаж нүүхээр шийдэв. Тэрээр бизнесээ хөгжүүлэхийн зэрэгцээ санхүүгийн хувьд оршин тогтноход түвэгтэй болж, бараг дампуурлын ирмэгт тулсан компаниудыг хэрхэн түрэмгийлэн худалдан авах эсвэл өөрийн компанидаа яаж нэгтгэх Америк аргыг судлан энэ талаар хангалттай мэдлэг хуримтлуулжээ. Арно “Би Америкт байхдаа жинхэнэ бизнес хий хоосон мөрөөдөгчийг тэвчиж чаддаггүй юм байна гэдгийг ойлгосон” гэж ярьсан байдаг.

БУСДЫН ТАРЬСАН МОДНЫ СҮҮДЭРТ СУУХ НЬ ТИЙМ Ч МУУ ЗҮЙЛ БИШ

Францын энэ бизнесмен “Дэлхийн олон тэрбумтан дундаас алдартай хөрөнгө оруулагч Уоррен Баффетыг шүтдэг. Ялангуяа, түүний хэлсэн “урьд нь хэн нэгэн мод тарьсан учраас чи өнөөдөр сүүдэрт нь сууж байна” гэсэн үгэнд дуртай гэж хэлж байсан нь санамсаргүй хэрэг биш .Тэгээд ч тэрээр Уоррен Баффетын үгнээс үүдэн, “Бусдын тарьсан модны сүүдэрт суух нь тийм ч муу зүйл биш л дээ ” гэж тоглоом шоглоомоор хэлж байсан удаатай. 

Бернар Арно нутагтаа эргэж ирээд домогт загвар зохион бүтээгч Кристиан Диор, нэхмэл эдлэл үйлдвэрлэгч “хөвөнгийн хаан” гэж алдаршсан Марсель Буссак нарын хамтран байгуулсан компанийг зарах гэж байгааг мэдэв. Ингээд тэрээр хэд хэдэн оронд салбараа ажиллуулдаг хөрөнгө оруулагч “Лазард Фререз” банкнаас 80 сая долларын зээл авч, өөрөөсөө 15 сая долларын хөрөнгө гарган энэ компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авчээ. 

Буссак нь маш их ирээдүйтэй гэгддэг загварын Кристиан Диор ордон, Парисын төвд байдаг ашиг орлого сайтай Бон Марше их дэлгүүрийг эзэмшдэг байв. Харин Арно эндхийн бүх зардлыг багасган зарим хувьцааг зараад Кристиан Диорыг өөртөө үлдээжээ. Бон Марше их дэлгүүр ч түүний мэдэлд оров. Мөн тэрээр ажлын байрыг хадгалж үлдэнэ гэсэн гэрээ хийсэн хэдий ч хэлсэндээ хүрэлгүй 9000 хүнийг ажлаас нь халсны улмаас эрээ цээргүй араатан гэсэн хоч зүүв. Ингээд Арно 1985 онд Кристиан Диорын ерөнхий захирал болжээ. Үүнээс хойш хэдхэн жилийн дараа тансаг брэндийн “Louis Vuitton” , “Moët Hennessy”гэсэн хоёр компанийг нэгтгэх замаар бий болсон LVMH группийн удирдах зөвлөлийн дарга, домогт Луи Виттоны жич охины нөхөр Анри Ракамье Бернарыг урьж уулзаад түүнээс хөрөнгө оруулалт хийхийг хүссэн байна. Энэ боломжийг Арно алдсангүй, харин ч хөрөнгө оруулалт хийнгээ 1989 онд тэндхийн нийт хувьцааны 43,5 хувийг худалдан авч чадсан төдийгүй өөрөө группийн удирдах зөвлөлийн дарга болов. Ийнхүү хөрөнгө оруулалт хийх замаар өөртөө LVMH группийг нэгтгэж чадсаны дараа түүнд “Ноолууран пальтотой чоно” ,”Бүхнийг сүйтгэгч терминатор” гэсэн хочнууд нэмэгдэв. Түүний бизнес үүгээр хязгаарлагдсангүй. 1990-ээд оноос тансаг зэрэглэлийн нүдний шил, бугуйн цаг , үнэт чулуун эдлэл үйлдвэрлэдэг компаниудыг групптээ нэгтгэх ажлыг тасралтгүй хийж иржээ. 2021 он гэхэд л 15,8 тэрбум доллараар америкийн алдарт үнэт эдлэлийн “Tiffany & Co” компанийг худалдан авав. Энэ нь урьд хожид үзэгдээгүй өндөр үнэ байсан гэдэг. Тэрээр нэг удаа “Би ялах дуртай. Ялалт бүр надад манай брэнд шиг тансаг сайхныг мэдрүүлдэг “ гэж хэлсэн байдаг. Нэг үгээр хэлэхэд, Арно хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авах замаар ялалт байгуулж, үүнийхээ үр дүнд санасандаа хүрч, өөрийн мэдэлдээ тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн гаргадаг компаниудыг авч ирэв. Ингэснээр 2023 онд LVMH групп нь дэлхийд алдартай 75 брэндийг эзэмшдэг жинхэнэ тансаг зэрэглэлийн “эзэнт гүрэн” болж чадсан юм. “Худалдан авах, нэгтгэх нь Арногийн бизнесийн стратеги юм” гэж эдийн засгийн шинжээчид дүгнэдэг. Бас зарим нь түүнийг бүтээн байгуулагч биш зүгээр л бүгдийг зажлахгүй залгигч “араатан” гэх нь бий.

ХҮМҮҮС МАНАЙ 100 ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ОРГИЛУУН ДАРСЫГ УУХ Л БОЛНО

Бернар Арно таван хүүхэдтэй. Францын одоогийн ерөнхийлөгч Эмманюэль Макроны эхнэр Брижит ахлах сургуульд ажиллаж байхдаа түүний хоёр хүүд франц хэлний хичээл зааж байсан гэдэг. Ташрамд хэлэхэд, Арно ерөнхийлөгч Франсуа Олландын үед Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байх цагаас нь Макроныг мэддэг, түүнтэй найрсаг харилцаатай байв. Ерөнхийлөгч Макрон, Бернар Арнод Хүндэт Легионы одон гардуулахдаа “Та Францын оюун санааны мөнх байдал, алсын хараа, гүйцэтгэлийн чадварыг харуулсан гавьяатай” гэж түүний үйл хэргийг үнэлсэн байдаг. Арно хүүхдүүддээ “ 20 жилийн дараа хүмүүс iPhone ашигладаг хэвээрээ байх болно гэж итгэхэд хэцүү. Магадгүй бид үүнээс ч илүү шинэ ухаалаг утас эсвэл илүү шинэлэг зүйлтэй болно. Харин өнөөдөр би 20 жилийн дараа ч хүмүүс манай 100 гаруй жилийн түүхтэй “Дом Периньон” оргилуун дарсыг уух л болно гэдэгт бүрэн итгэлтэй байна ”гэж хэлэх дуртай. Түүний хүүхдүүд Дельфина , Антуан, Фредерик, Александр, Жан нар бүгд эцгийнхээ байгуулсан “эзэнт гүрэн”-ий ирээдүйн төлөө зүтгэдэг. Дельфина Арно нь “Луи Виттон”-ы захирал, өв залгамжлагч төдийгүй 2023 оны хоёрдугаар сард “Диор”-ын гүйцэтгэх захиралаар томилогдсон. Бага хүү Жан нь цагны салбарыг удирддаг, харин дунд хүү Александр нь “Tiffany & Co”компанийх нь гүйцэтгэх дэд ерөнхийлөгч , хүү Антуан нь группийнхээ хүрээлэн буй орчин, имиж хариуцсан тэргүүнээр ажилладаг. Антуан “ Францын бизнес эрхлэгчийнхээ хувьд бид бүхий л зүйлийг зөв хийх үүрэг хариуцлагатай гэдгээ мэдэрч ирсэн “ хэмээн хэлсэн байдаг. Хүүхдүүд нь аавынхаа нэг адил аливаад хатуу чанд хандах зарчмыг баримталдаг. Хэдийгээр хүүхдүүд нь насанд хүрч, группээ авч явах бүрэн боломжтой гэдгээ харуулж байгаа ч Арно группийнхээ ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэсэн хэвээр л байна. 

Бернар Арно хэзээ ч виски ууж согтож байгаагүй, танхайрах зэрэг зүй зохисгүй элдэв авир гаргадаггүй, олон нийтийн өмнө үг хэлэхийг тэвчдэггүй, ямар ч овсгоотой шаргуу гэрэл зурагчид, сэтгүүлч сурвалжлагчдын нүдэнд өртөхгүй байж чаддаг өвөрмөц нэгэн. Тэрээр уран зураг сонирхдогоороо нэрд гарсан, мөн буяны үйлсэд хандив өргөдөг. 

“Манай бүтээгдэхүүнийг зөвхөн дээд зиндааны баячууд авдаг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Бидний үйлчлүүлэгчдийн ихэнх нь шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд өөрийгөө баярлуулж, үнэхээр таалагдсан зүйлээ худалдаж авахыг хүсдэг хүмүүс байдаг. Манай “гал тогоо” бол алтан гулдмай олборлодог орчлон ертөнц юм. Мастеруудын бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмж, ур ухаан шингэсэн чамин хийц загвар үйлчлүүлэгчдийн сэтгэлийг татдаг. Хэрэв бид “алтан гулдмай олборлож чадахгүй бол тэд манай дэлгүүрт ирэхгүй. Он цаг улиран өнгөрөвч LVMH хэмээх нэгэн ертөнцийн “алтан гулдмай”-г хүмүүс хэрэглэсээр л байх болно хэмээн Арно хэлдэг.

 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
П.Соёлдэлгэр

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав