“Ярилцъя” Та бүхэнтэй Гадаад харилцааны сайд Л.Болдыг уулзуулахаар урьсан юм. Тэр миний харж байгаагаар бол хэвлэлийнхний хамгийн их сонирхож байгаа эрхэм. Учир нь шинэ Монголын сүүлийн хорь гаруй жилийн түүхэнд боссон бизнесийн хамгийн том пирамидын нэг “Бодь” группийн хөрөнгө оруулагч байсан энэ ноёнтон санаанд оромгүй шийдвэр гарган, группээсээ гарч явсан. Улаанбаатарынхны ярианы нэгэн чухал сэдэв болон задарсан энэ үйл явдлын дараа тэр анх удаа ам нээж байгаа нь энэ.
 



-Тантай уулзсандаа таатай байна. Бидний амьдралын нэгэн он улиран одож, шинэ он хаалганы цаана ирээд зогсч байна. Ийм үед хүмүүс боддог доо. Энэ жил ер нь ямар жил болоод өнгөрчихөв өө гэж. Тэгвэл таны хувьд энэ жил? 
-Мэдээж Улсын Их Хурлын гишүүн, Гадаад Харилцааны сайдын хувьд миний үндсэн зорилго энэ төрийн чухал албыг өндөр төвшинд хийх. Энэ жилийн хувьд Гадаад Харилцааны яамны хувьд үнэхээр түүхэндээ байгаагүй  рекорд тогтоосон жил болж байна. Зөвхөн өндөр дээд хэмжээний айлчлал гэхэд 35-ыг зохион байгууллаа. Дандаа гадаад харилцааны сайдаас дээш төвшинд гээд бодоход энэ өөрөө түүхэнд байгаагүй үзүүлэлт. Ер нь бол олон улсын давцан дээр Монгол Улсын нэрийг гаргах, Монгол Улсынхаа байр суурийг бэхжүүлэх тал дээр тодорхой  ахиц амжилт гаргаж чадсан ийм жил болж өнгөрлөө. Ер нь бол бид энэ жилийнхээ ажилд сэтгэл хангалуун байгаа. Олон улсын том байгууллагыг даргалж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон хурлуудыг амжилттай зохион байгууллаа. Улс орныхоо хөгжлийн ирээдүйд хандсан чухал санаачлага бүхий Монголын хөгжлийн стратегийн хувилбаруудыг гаргах дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар энэ томоохон төслийг амжилтанд хүргэлээ. Цаашдаа Монгол Улсдаа гэрэл гэгээтэй хөгжлийг авчрах гарцуудыг нээх, түүнд оруулах гадаад харилцааны салбарын хувь нэмрийг улам өндөр төвшинд байлгахын төлөө бид хичээн ажиллана.

-Мэдээж танай салбарын нуруун дээр өнгөрч буй онд өндөр ачаалал ирсэн. Гэхдээ уучлаарай, сайд аа би бол таны хувь түүхэнд ямархан жил болоод өнгөрчихөв өө гэж онцолж асуусан. Та намайг ямар сэдэв рүү орох гээд л өндөлзөөд байгааг  гадарлаж байгаа байх. Манай бизнесийн хүрээнд болсон энэ жилийн онцлох үйл явдлуудын нэгээр гарцаагүй тодрох үйл явдал шүү дээ. Тэр нь таны байгуулсан “Бодь” группын задрал. Би тэр том айлын хөрөнгө оруулагчдын нэгтэй нүүр тулан уулзаж байна.  Сэтгүүлчийн хувьд энэ үйл явдлыг хамгийн дуулиантай явдал гэж нэрлэж байна. Тийм болохоор таныг хувь хүнийхээ хувьд зүгээр нэг намуун тайван жилийг өнгөрөөгөөгүй гэж бодох юм. 

-Таны зөв. Хувь хүнийхээ хувьд миний амьдралд томоохон өөрчлөлт гарсан жил болсон нь үнэн. Нэгэнт энэ бол бодит үнэн учраас. Тэртээ 1993 онд бид анх гудамжинд явахдаа компаниа байгуулж байсан. Арилжаа наймаагаар л эхлүүлж байсан. Ганцхан бид ч биш бүгд л тэгж эхлэцгээсэн байх. 

-Хувьсгалын дараа?

-Тийм ээ, хувьсгалын дараа. Бүх зүйл, явж байсан зам мөр, түүнийг дагсан ажил амьдрал цөм өөрчлөгдсөн. Цаг үеийн хувьд ямар цаг үе байсныг та өөрөө сайн мэднэ. Нам ялагдсан. Дагаад зөндөө өөрчлөлтүүд гарч таарна. Тэгээд л бизнесээ эхлүүлж байсан. Өнөөдөр олон жилийн хөдөлмөр, олон зуун сайхан залуучуудын хөлс хүч шингэсэн ийм том групп болжээ. Энэ амжилтыг хэн ч үгүйсгэхгүй биз.  

-Одоо хэдэн жилийн ой нь болж байгаа билээ.  “Бодь” группын?

-Энэ жил 20 жилийн ой нь. 

-Хүний амьдралын 20 жил гэдэг бол алтан хугацаа биз дээ. Ялангуяа залуу нас шингэсэн 20 жил?

-Ер нь бол хүний бүтээлч ажил амьдралын талаас ч асар том хугацаа шүү дээ. Тэгээд бодоход ямар их хүч хөдөлмөр орж энэ групп боссон нь ойлгомжтой. Би “Бодь”, “Голомт”-оороо бахархдаг. Энэ бол олон зуун залуучуудын хүч хөдөлмөр шингэсэн амжилт. Монголынхоо төлөө л гэсэн үзэл санаан дор сайхан хамт олон бүрэлдэж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулцгаая гээд л залуу насны эрч хүчээр зүтгэцгээсэн. Цаашдаа ч оруулна гэдэгт итгэлтэй байна. 

-“Бодь”-ийн задралд би хувьдаа баярлаж чадахгүй байгаа. Ингэхэд ер нь задрал гэж нэрлэж байгаа маань зөв үү, буруу юу? 

-Нэг их задарсан ч юм байхгүй л дээ. Миний хувьд улстөрч хүн. Өнөөдөр өнгөрүүлсэн түүхээ эргэн харахад олон зүйл бодогдож байна. Монгол улсын маань хууль тогтоомж ч их өөр болж байна. Сонирхлын зөрчлийн хууль, авилгын эсрэг хууль гээд олон хуулиуд амьдралд шинээр орж ирлээ. Бидний амьдралыг хүрээлж байгаа хууль эрх зүйн орчин 10 жилийн, цаашлаад  20 жилийн өмнөхөөс огт өөр болсон. Өмнө нь бол улстөрч хүн том компанид хувь эзэмшээд, тэгээд шууд ба шууд бусаар үйл ажиллагаанд нь оролцоод явж байхад нийгэм тэвчдэг байж. Тийм учраас надад ухамсартай сонголт хийх шаардлага гарсан. Тийм ч учраас хувьцаагаа албан ёсоор авилгалтай тэмцэх газарт бүртгүүлээд, “Бодь” групп, “Голомт” банк гэсэн бизнесийн томоохон бүлэглэлд нэг мөсөн ямар ч хамааралгүй болсон. Нэг мөсөн бүрэн бие даасан гэж хэлж болно. 

-Анх ер нь “Бодь” гэдэг нэрийг хэн өгч байсан юм бэ. Их сонин, уран бүтээлийн ч юм шиг, бурханлиг ч юм шиг ийм нэр дөнгөж бүх юм задарсан тэр үед сонгож өгсөн нь сонин. Одоо л нэр томъёоны хомсдолд орчихоод байгаа болохоос тэр үед бүх сонголтууд л байж байсан баймаар. 

-“Бодь” гэдэг нэр сайхан нэр л дээ. 1989 онд манай аав ээж хоёр тэтгэвэрт гарчихсан байсан. Тэгээд хоршоо байгуулаад, түүнийгээ “Бодь” хоршоо гэж нэрлэж  байсан түүхтэй. Дараа нь тэр нэрийг бид компани байгуулахдаа өвлөж авсан л даа. “Бодь” гэж нэрнийх нь утга нь болохоор манай аавын төрсөн газар нь Бодийн хар ус, Бодь толгой гэж газар байдаг юм. Баянхонгор аймгийн Богд сумын нутагт сайхан үзэсгэлэнтэй газар бий. Аавын маань төрсөн тэр л сайхан нутгийн нэр байгаа юм. 

-Таныг ч яахав нэрт эрдэмтэн Лувсанвандангийн хүү Болд, Лу.Болд гэж л монголчууд дууддаг. Харин тэр “Бодь” хэмээх том группын нэрээр бусад хамтрагчид тань овоглогддог. Жишээ нь, УИХ-ын гишүүн М.Зоригтыг гэхэд “Бодь”-ийн Зоригт л гэх жишээтэй. Гэвч та нарын зам салжээ. Монголын нийгэмд боссон бизнесийн том цамхагийн түүхэнд болж буй энэ салалтын ард гунигтай сүүдэр ч байж л байгаа.  

-Ер нь бол энэ 20 жилд монголчууд бид бүгдээрээ  үнэхээр их юм үзлээ. Та зүгээр нүдээ аниад өнгөрсөн 20 жилийг бодоод үз. Монголын нийгэм өөрөө ямар том хувьсгалт өөрчлөлтөд өртөв. Хүн болгоны хувь заяа ямар ямар юманд өртөв. Зүв зүгээр хэдэн залуучуудын үүсгэж байсан, тухайн үедээ 10 мянган доллар ч хүрэхгүй өртгөөр шаваа тавьж байсан компани яаж хөгжив. Өнөөдөр хэдэн зуун сая доллараар хэмжигдэх баялаг болон боссон байна шүү дээ. Гуниг бол сэтгэл зүйн асуудал. Далд л тэмтрэгдэх.  Харин та бидний нүдээрээ харж байгаа амжилт өөрөө манай нийгмийн, монголын залуусын өөдөө тэмүүлсэн агуу их тэмүүллийн илэрхийлэл юм. Монголчууд бидний зовхи нь өөдөө гэдгийг харуулсан сайхан үйл явдлын нэг талын гэрч мөн шүү дээ. Тэгэхээр энэ талыг нь л харах ёстой юм. 

-“Бодь” групп нийтдээ хэдэн компанитай болж томорсон бэ?

-Охин компани гэвэл 70 орчим компани байгаа байх. 

-Одоо тэндээс зөвхөн та л гарсан уу. Таны гэр бүлийн гишүүдээс тань  үлдсэн үү?

-Үлдээгүй. Угаасаа тэнд би ганцаараа ажиллаж байсан. Ганцаараа хувь эзэмшиж байсан. Би өөрөө л өөрийнхөө хувийг худалдсан. Тийм л үйл явдал болсон.

-Би гайхдаг юм. Хүмүүс тэр үед юун ирээдүйдээ итгэх битгий хэл бие биендээ итгэхэд ч хэцүү л цаг байсан. Намуухан өнгө аястай, амьдрал нь нэг л дүрмээр тогтуун томоотой явдаг байсан тэр нийгэм задран унасан. Тийм осолтой үед та гэр бүлдээ олуулаа байж яагаад компаниа байгуулахдаа тэднийг оруулаагүй юм бэ. Огт өөр хоёр залууг сонгосон байдаг. Ийм сонголтыг та яагаад хийж байсан бэ?

-Ер нь бол манай компани өөрөө үзэл бодол дээр тулгуурласан тийм компани байсан л даа. Анхнаасаа л бид монголчуудаа хөгжүүлэе. Монгол залуучуудаа дэмжъе. Тэднийгээ орон байртай, амьдралд хөлтэй, нийгмээ хөгжүүлэх эрмэлзэлтэй болгохын төлөө нэгдсэн. Эхлээд тэдэндээ зөв сайхан мэдээлэл хүргэдэг болъё. Мэдээллийн орчин үеийн техник хэрэгсэл, компьютер IT энэ бүгдэд ойртуулъя. Интернет компьютер ер нь бүх л чиглэлээр юм хийе. Жишээ нь, “Голомт” банк байна. Үнэхээр голомт гэж энэ үгийн утга юу билээ. Айлын гал голомт гэдэг ойлголт монголчуудын хувьд хичнээн чухал ойлголт билээ. Олон залуучуудаа өөрийн орон байртай болгоё, эх орныхоо иргэн гэдгээрээ бахархах бахархалтай, өмч хөрөнгөтэй болгоё. Дандаа ийм сайхан сэтгэл өвөртөлж л бид нэгдсэн. Ийм үзэл санаан дээр суурилсан үйл хэрэг нэг гэр бүлийн бизнес байх ёсгүй. Энэ бол зөвхөн үүсгэн байгуулагчид биш энд ажиллаж байгаа хүн болгоны бизнес байх ёстой. Сүүлдээ бүх ажилчиддаа хувьцаа байршуулаад эхэлсэн шүү дээ. Дээр нь харилцаж байгаа, дэмжиж байгаа, оролцож байгаа ер нь нийт ард түмэнд өмчлөгддөг ийм компанийг бий болгохоор зорьсон. Энэ чиглэлээр анхаасаа байгуулсан. Тэгж ч хөгжиж ирсэн. Тийм үзэл санаан дээр суурилж байсан учраас үнэхээр бид түмний дэмжлэгээр томорч, өөдөө хөгжсөн. Ахин хэлэхэд бидний зорилго бол угаасаа Монголд бизнесийн шинэ орчин, шинэ соёл, шинэ хариуцлага бий болгох байсан. 

-Social ертөнцөөр нэлээн шуугиан явсан. Монголчууд яг юуг илүү сонирхдог, юунд илүүтэй зовдог болчихсон юм бэ гэж гайхширмаар байсан. Хамгийн олон давтагдсан асуулт хэн нь юу юугаа авав гэдэг асуулт. Сэтгүүл зүйд бол энэ чухал асуулт. Харин нийт нийгмийн санаа тавих зүйл биш.

-Тийм л байх. 

-Билл Гейтс ч  гэхэд яг л та нарынх шиг нөхөрлөлөөр эхэлж байсан. Монгол залуучуудын нөхөрлөл өөр, Америк эрчүүдийн нөхөрлөл ондоо гэсэн хууль байхгүй шүү дээ. Өнөөдөр тэр залуусын бүтээсэн баялаг дэлхийн баялаг болчихсон. Бараг бизнес гэдэг утгаа алдаад хүн төрөлхтөний баялаг болон хувирсан. Тэдний нөхөрлөл, тэдний түүх ийм гайхалтай пирамидыг  босгоод явж байна. Харин монголчууд бид нарын түүх, бидний зан араншин жижиг. Бидний энэ тогтож ядаж байгаа шинэ соёлоос ч болдог юм уу. Яагаад манай нөхөрлөл ийм хэврэг, манайхан л болохоор дээд тал нь 20 жил яваад салчихдаг юм бэ. Ердөө л бидний хэмжээ энэ үү? 

-Би таны хэлж байгааг маш сайн ойлгож байна. Амьдралд олон юм өөрчлөгддөг. Тэр дундаа зам. Аливаа нөхөрлөлийн хэлбэр ч өөрчлөгддөг. Энэ бол бараг жам. Beatles хамтлаг гэхэд л хичнээн удаа салж, тарж байлаа. Дэлхийг ч эзлэх боломж байсан. Гэхдээ аргагүйн эрхэнд л зам замаа хөөсөн. Миний хувьд муудаад, тунирхаад, явж ирсэн замаасаа гарч, байгуулж босгосноо татан буулгасан тийм асуудал байхгүй л дээ. Миний хувьд өөрийнхөө улс төрийн каръер, улс төрийн түүхэн сонголт, өөрийн мэргэжлийн ажлыг сонгож явах л сонголт гарч ирсэн. Тодруулбал бидний өөрсдийн л сонголтын асуудал. Ер нь бол сайн муугаа дуудалцаад л, тэгсэн хэрнээ салдаггүй олон компаниуд байдаг л даа. Тэр болгонд өөр өөрсдийн онцлог үнэхээр байдаг байх. Монголчууд бид бол яахав дээ 20-р зуунд үнэхээр сонин түүхийг ардаа өнгөрөөлөө. Тусгаар тогтносон хорьдугаар зуун гэдэг бол үнэхээр гайхамшиг. Бид гайхамшгийг харж байна л даа. Бод л доо, бид бүгдээрээ л дөнгөж хоёрдахь үеийн хотын хүмүүс шүү дээ. Бидний аав ээжүүд бүгдээрээ л мал дээр төрж өссөн хүмүүс. Гэсэн ч тэр үеийн монгол хүний цэвэр сайхан сэтгэлгээ, тэр үнэнч сэтгэл, ирээдүйгээ харсан бүтээлч холч ухаан, зөв ариун хүмүүжил, ноён нуруу энэ бүх гайхалтай чанар бидний шинэ монголчуудын ч, монгол бизнесменүүдийн ч онцлог байх ёстой гэж би боддог. Амьдралд үнэхээр их юм үзлээ. Их туршлага хуримтлууллаа. Энэ бүх хугацаанд бараг ном бичих хэмжээний л юм болох шиг боллоо. (инээв)

-Ном бичвэл энэ нь маш сайхан төсөл байх болно. Харин таныг энэ төслөө хэзээ ч юм барьж аваад, хамтрагч хайвал би таатайяа хүлээж авах болно шүү. 

-Баярлалаа. 

-Нэгэнт “Бодь” группын сэдэв бидний ярианд байгаа учраас хүүхдийн паркийн талаар асуумаар байна. Та бид хоёр олон сарын өмнө ярилцлага хийхдээ энэ тухай ярьж байсан. Хачирхалтай нь та тэр үед “Бодь” группын хөрөнгө оруулагчдийн нэг байсан атлаа “паркийг хүүхдүүдэд буцаагаад өгчих хэрэгтэй” гэж хэлсэн. Тухайн үедээ таны хэлсэн мэдэгдэл шуугиан тарьсан. Дахиад одоо паркийн сэдвээр таныг хавчуулсан шүүмжлэлүүд үйлдвэрлэгдэж байна. Гэхдээ таны нөгөө бодол өөрчлөгдсөн үү. Бид олон нийтийн түрэмгий дайралтаас болоод бүх юмыг болиод л яваад байх уу. Буцааж өгөөд л, за болъё гээд л. Ийм бололцоо нэгэнт өнгөрсөн шүү дээ. 

-Зах зээлийн хуулийн орчинд нэгэнт явагдсан хувьчлалыг буцаачихдаг тийм юм байж болохгүй. Тэр бол мэдээж хэрэг болохгүй. Бид сонгож авсан нийгмийнхээ зах зээлийн хуулиар л амьдрана. Парк бол тусдаа асуудал. Паркийн хувьд бол анхнаасаа бид төсөл хийгээд тухайн үеийн хотын удирдлагад танилцуулаад зөвшөөрүүлээд явсан. Үнэхээр нэгэнт паркыг тал талаас нь аваад барилга байшин болгоод, газрыг нь хуваагаад дуусах нь ээ. Голоос нь ч аваад, дөрвөн өнцгөөс нь ч аваад. Энэ парк бол үнэхээр Улаанбаатар хотын маань түүх юм. Улаанбаатар хот маань ямар их өөрчлөгдөж байна. Гэхдээ бас нэг авч үлдэх ёстой юмнууд байх ёстой шүү дээ. Ялангуяа манай залуучуудын, манай ахмадуудын хүүхэд залуу үеийнх нь ганц дурсамж шүү дээ. Тэгэхлээр энийг бид нар авч үлдэх ёстой гээд л оргилуун, эрх оронч сэтгэлээр л хийсэн.  Үүний цаадах бидний тохиролцоо бол  хүүхдийн парк чигээр нь авч үлдэх тийм л төсөл байсан. Тэрийгээ зөвшөөрүүлээд өнөөдөр ямар ч гэсэн алдсан газрыг нь эс тооцвол бүхэл бүтэн төсөл хэрэгжээд, паркаа аваад үлдсэн байхгүй юу. Энэ дээр би нэг их айхтар ашиг хийнэ гэж бодохгүй байна. Энэ бол угаасаа хүүхдүүдийнхээ төлөө, хүүхдүүддээ үйлчилдэг тийм л байгууллага болж цаашдаа хөгжих ёстой гэдэг талаас нь миний хувьд харж байгаа. Энэ байр суурь бол хэвээрээ байгаа. Тэгээд сүүлийн үед хот, компани хоёр хоорондоо яриа хэлэлцээнд ороод, хамтарсан хурал зөвлөгөөнөө хийгээд асуудлаа шийдэх зүг рүүгээ явж байгаа гэж би ойлгосон. 

 
-Тийм үү. Гэхдээ парк тантай ямар ч хамаагүй болжээ?

-Тийм ээ. Гар бие оролцож эхлүүлсэн гэрэл гэгээтэй төсөл болон үлдсэн. 

-Сүүлийн үед нэг зүйл анзаарагдах болж. Тэр бол таныг юм юмтай холбож дайрах хандлага. “Бодь Групп” хэвлэл мэдээллийн салбарт олон төсөл хийсэн. Гэсэн ч тэр бүхэн одоо тантай хамаагүй болсон. Хамаагүй болсны илрэл ингэж гарч ирж байх шиг харагдах юм. Монголчуудын муухай араншингийн илрэл гэлтэй. 

-Би ч бодоод л байгаа юм. Гэхдээ би анх энэ салбарт хөрөнгө оруулалт хийхдээ өөрийгөө хамгаалуулах том зэвсэг хийчихлээ гэж бодож байгаагүй. Өнөөдрийг хүртэл хэвлэлтэй байхад ч бичиж байлаа, хэвлэлгүй байхад ч бичиж байлаа. 1996-2000 оныг та  санаж байгаа биз дээ. Тэр үед намайг гүтгэж доромжилж байсан зүйл хэдэн хавтас байдаг юм. Дараа нь 2000 онд компанид ажиллаж байхад тэр масс медиагийн бүхэл бүтэн том сүлжээг бий болгох ажлыг санаачилж, монголын нийгэмд хэвлэлийн байр суурийг нэмэгдүүлэх. Ер нь хэвлэл Ардчилсан улсад ямар байдаг вэ тэр эталоныг бий болгохыг оролдож байсан л даа. Энэ цаашаагаа явна. Сайжраад явна. Хууль тогтоомж сайжраад зөв тийш нь аваад явчих байх. Надад өөрийгөө хамгаалаад яваад байх ямар ч шаардлага байхгүй. Хийсэн нүгэл байхгүй гэдгээ би баттай хэлж чадна. Ер нь намайг гүтгэх, янз бүрийн зохиомол юманд хавчуулах юм зөндөө явж байна. Өөрийгөө хамгаалах бололцоо надад хангалттай олдох байх. Энэ бол тэртээ тэргүй чөлөөт нийгэм. 1990 онд бид үүний төлөө л явсан. Сүүлийн үед нэг тийм компаничлагдсан юм гараад байгаа. Энэ өөр эзэнтэй байх аа. Жижигхэн сонирхол нь хөндөгдсөн нөхдүүд үүрэндээ бужигнаад л, тэгээд л нэг нэргүй баахан юм бичээд энэ тэнд интернэтээр цацаад л.  Намайг ашигт малтмалд анх очиход л хэдэн лиценз эзэмшигчид, лицензийн наймаачид ямар том юмыг миний эсрэг өрнүүлж байв. Би зарчим дээрээ байж байгаад л ялаад л гарсан. Батлан хамгаалах яаманд очиход нэлээд засч залруулах юм байсан. Үнэхээр цэргийн байгууллага өөр л дөө. Эх орондоо үнэнч  сайхан хамт олон. Гэхдээ л засч залруулах юм их л байсан. Тэгээд би ажилласан. Болохгүй байгаа хүнийг ч, үйл ажиллагааг нь ч өөрчилсөн. Зарчмыг нь ч өөрчилсөн. Тэгэхэд бас л их бужигнасан даа. Тэр үеийн сонин хэвлэлээр юу явж байв. Хүмүүс мартсан байх. Одоо ч гэсэн бүтэн жил гаруйн турш Гадаад харилцааны яаманд нэлээд юм өөрчлөх гэж, нэлээд юм хөдөлгөх гэж оролдож байгаа. Энэ бас үнэн. Тэгээд үүнд дургүйцэж байгаа, эрх ашгаараа хандаж байгаа зөндөө л хүмүүс байгаа. Тэд ч дайрч л байна. Дээр нь миний дэвшүүлж байгаа санал, санаачилж байгаа хууль гээд олон л чиглэлээр эсэргүүцэгчдийг бий болгоно шүү дээ. Улс төрийн сөрөг хүчнүүд ч байж л байгаа. Тэр бол яахав ээ. Үүний төлөө л явсан юм чинь. 

-Танай яаман дотор зодоон цохион болоо юу?

-Одоогоор бол тийм тохиолдол гарсан гээд баттай ноттой хэлэх юм алга. Харин тийм мэдээлэл бол байгаа. Хуулийн байгууллагууд шалгаж байгаа. Үнэн мөнийг тогтоох ёстой. Эцсийн дүгнэлт гараагүй байна. Би таамгаар, сургаар сонин хэвлэлийн мэдээллээр ямар нэг алхам, мэдэгдэл хийхгүй. Үүн дээр бол би зарчмын дагуу маш хатуу байр суурьтай байна. 

-Сүүлийн үед Гадаад Харилцааны яамыг сайд Болдын дагуулж ирсэн хүмүүс самарч байна  гэсэн юмнууд бичигдэх болж. Энэ талаар та юу хэлмээр байна? 

-Тэгж байна. Үнэхээр бид энд тэнд баахан цус ойртсон байгууллагуудтай л ноцолдож байна шүү дээ. Хамаатны, танил талын  сүлжээнүүд манай нийгмийг хэрчихсэн байна. Энэ бол олон жил засаг солигдоогүй явсны, шинэ бодлого, шинэ хандлагын салхи сэвэлзээгүй явсны л илрэл. Одоо л анх удаа солигдоод эхний жил дээрээ явж байна шүү дээ. Их юм илэрч байх шиг байна. Хоморгонд нь намайг авлах гэсэн юм ч явж л байна.  Төрлийн яам энэ тэр гээд л. Угаасаа би төрлийн яаманд ирсэн. Би гаднаас төрийн ажлын дадлага туршлага, мэдлэг чадвартай хүмүүсийг урьж авчирч ажиллуулж байгаа. Надтай хамт төрд ажиллаж байсан нь тэр хүний хувьд гэмт хэрэг биш биз  дээ. Үнэхээр зарим нэг хүмүүсийг төрийн ажил хийх чадвартайг нь, туршлагатай нь, зарим талбар дээр илүүг нь  мэддэг учраас итгэл хүлээлгэж байгаа юм. Тэгээд би ч ажилд авч байгаа юм биш. Би санал болгож нэрийг нь дэвшүүлсэн ч ажилд орж чадаагүй зөндөө хүн бий. Би энд тэнд төрийн ажил хийж байсан хүмүүсээс арав, хорин хүн санал болгосон байлаа гэж бодоход хуруу дарам цөөхөн нь л орж байгаа байх. Үнэхээр чадвартай, ажлаа хийж чадаж байгаа нь эргээд надад урам түшиг болж байгаа нь ч байна. Бид ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ л гүйцэтгэж байгаа. Энд үнэхээр болохгүй юм их байна. Энэ яам чинь олон арван жилээр тогтчихсон, үр удам дагачихсан, сүүлдээ бүр ач гуч руугаа орж байгаа юм байна шүү дээ.  

-Ач гуч руугаа орчихсон л гэдэг юм байна лээ. Дээр нь энд ажиллаж байсан. Өөр алба руу шилжээд явсан нөхдүүд нь ч эргээд энэ яамаа барьж байх сонирхолтой байдаг юм биш үү. Бусад яамд дээр ч ийм зүйл яригдаж л байх юм. 

-Ер нь төрийн аль ч яам, агентлаг, байгууллага, алба, төрийн мэдлийн компанийг ийм байдал руу оруулж болохгүй. Ингэх юм бол эргээд нийт нийгэм хохирно, улс хохирно. Өөрсдөө хохирно. Тэгээд л амьдрал нь зорилго байхгүй, агуулга байхгүй, өрсөлдөөн байхгүй. Бүх юмыг найрдаг тэр нэг бохирдсон юм руугаа орно. Ийм нэг буруу тогтолцоо бүх газарт гүнзгий байна. Ерөнхийлөгчийн хэлээд байгаа тэр ухаалаг төр гэдэг чинь яг энэ цэгүүдийг л олж ажилла гээд байгаа юм шүү дээ. Энэ бүх бугласан, төрийн ажлыг хаалттай тогоон дотор ялзруулсан тогтолцоонд бүгдэнд нь салхи оруулахгүй бол болохгүй. Цонхыг нь нээгээд, шинэ цусаар сэлбээд, хөдөлгөөнд оруулаад явах хэрэгтэй.

-Ер нь төрийн албыг муухай болгож байгаа юм нь шинэ сайд ирээд өөрөө төрийн өмнө хариуцлагаа хүлээгээд, шинэтгэлүүдийг хийгээд цэххэн явах бололцоо аль ч газар бага байна. Дандаа л хэн нэгнийх нь тавьсан хүмүүс байдаг. Тэгээд нөгөөдүүл  нь эргээд нэг нэг юм яриад суучихдаг. Том том толгойнууд байж байдаг. Тань шиг шийдэмгий хүн ч энийг янзалж чадахгүй байна уу?

-Янзална. Би ийм юмнаас айхгүй. Би цэргийн салбарт ч, ашигт малтмалын салбарын тэр хэцүү нөхцөл байдалд ч өөрчилж чадсан гэж бодож байгаа. Аливаа шинэтгэлийн үр дүн урт хугацааны дараа л мэдрэгддэг. Өнөөдөр энэ ажлыг надаар итгэл хүлээлгээд хийлгэсэн шиг хийлгэх юм бол би энийг өөрчилнө. Энд ямар ч ухрах зүйл байхгүй, айх зүйл байхгүй. Үнэхээр надад төрлийн нэг хүн байвал гаргаад ир. Би маргааш нь хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ дээр ямар байгууллага дүгнэлт гаргадаг юм. Тэрэн дээр нь дүгнэлтээ гаргаж болно. 

-Хэвлэлээр Мөнхжаргал, Бат-Эрдэнэ, Жавзан, Золбаяр гээд хүмүүсийн нэр байна л даа. Ямар нэгэн холын ч гэсэн хамаатан садангийн холбоо байна уу?

-Ямар ч холбоо байхгүй. Бүгд л төрд ажиллаж байсан. Бат-Эрдэнэ гэхэд л Батлан хамгаалахын яаманд миний өмнөх арваад сайдын шадар туслах хийж байсан. Яамандаа зохих бүх шатаар нь явчихсан төрийн албан хаагч. Энд ирээд би энхийг сахиулах тасаг байгуулсан. Тэгээд тэр тасгийн даргаар шалгаруулахад мань хэд шалгараад л ороод ирсэн. Би тэрийг чинь энэ одоо надтай ажиллаж байсан учраас болохгүй гэж болохгүй шүү дээ. Тэр тусмаа болохгүй байхгүй юу. Зарим тохиолдолд би өөрөө таньж мэдэрсэн, мэддэг, итгэж байгаа, энэ ажлыг хийж чадах ийм л шалгуурыг гол болгоно шүү дээ, бас. 

-Гэрийнхээ жолоочийг аваад ирсэн юм уу?

-Хамаатан садан юм уу, дотны найз нөхдийн шалгуураар авсан нэг ч хүн байхгүй. Хамгийн намайг буруутгаж болох юм нэг жолоочийн асуудал байгаа. Тэр жолооч бол энэ төрд 30-аад жил жолооч хийж байгаа хүн шүү дээ. Тэрийг юу гэдэг юм урьд нь энэ хүний жолооч нь байсан учраас төрөөс яв гэж хэлж болох юм уу. Тэрэн дээр би хариуцлага хүлээхэд бэлэн. 

-Энэ нэг бодлын хэтэрхий, арай ч дээ гэмээр явдал юм биш үү. Ганц жолоочийг шилжүүлсэн тушаалаар ингэж дарамтлуулж байдаг.  

-Ер нь бол сенсацлаад юм болгоныг буруу талаас нь бичээд байх амархан л даа. Яг тухайн уншиж байх моментод хүнд жаахан эргэлзээ төрдөг ч байх. Гэхдээ долоо хоногийн дараа үнэн нь гараад ирнэ. Тэгээд л гүтгэлэг, цуурхлын нас  дуусчихдаг байхгүй юу. Тэр талаасаа гэм хор багатай. Энэний цаана үнэхээр ямар нэгэн байдлаар гаднаас нэг ч хүнийг энэ яаманд оруулахгүй гэсэн ийм хэсэг бүлэг байх шиг байгаа юм. Тэгээд ерөөсөө нэг өөрсдөө мэдэж байдаг, хаана ч ажиллаж байсан гаднаасаа удирдаж байдаг. Чиглүүлж байдаг. Мэдээлэл авч байдаг. Тэр нь амьдралынх нь зорилго юм уу хаашаа юм. Тийм хүмүүс байна. 

-Гаднаас ирээд тогтсон салбарыг баллах юм ч бас бий.

-Тэрэнд төрийн нүд өөрөө хурц л байх ёстой. Ганцхан хөгжилгүй, бүгшмэл, ургийн хэлхээс шиг юмаар барьчихсан энэ байдлыг ужигруулж болохгүй. 

-Нөгөө талаас  одоо бол чадвартай, мундаг залуучууд олон болсон. Дандаа л  өвөө нь дипломат байсан гээд нэг хүн орж ирээд байж болохгүй биз дээ. Бусад залууст боломж өгөх ёстой байх, энэ төр?

-Ерөөсөө энэ төрийн алба өвлөгдөж болохгүй байхгүй юу.  Монголын төрийн алтан хайрцаг гэж нэг юм бий шүү. Монголын шилдэг залуучууд монгол төрдөө ажиллах ёстой. Тийм учраас энэ салбарт ажиллаж байгаа залуучуудын нийгмийн асуудлыг бид шийдэх ёстой. Тэд юунд ч автахгүй ажиллах бололцоотой байх ёстой. 

-Сайд дарга нарын хүүхдүүд л жишээлбэл Москвагийн Олон улсын харилцааны сургуульд явдаг байсан үе бий. Ю.Цэдэнбал дарга тогтоол гаргаж байж сайн сурдаг, эгэл жирийн хүмүүсийн хүүхдүүдийг явуулж эхэлсэн юм байна лээ. 

-Тийм шүү дээ. Тэрний чинь ачаар овоо нэг шинэ салхи орж ирсэн байхгүй юу. Тэгээд хараад байхад бас үнэхээр тэр борог амьдрал дундаас гарч ирсэн хүмүүс арай хол явж байна. Арай хариуцлагатай, арай амжилттай, илүү үнэнч явж байгаа тал харагддаг. Энэ үнэхээр амьдралаар нотлогдож байгаа. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Нөгөө талаас ер нь Монгол улс 200-аадхан дипломатчтай. Угаасаа 1970 онд 200 байсан. Өнөөдөр 200. Тэгэхлээр энэ дипломатуудаа үнэхээр зөв шалгаруулаад, үнэхээр гадаад дотоодод монголоо нүүр улайхгүй төлөөлөх тэр хэмжээний нийгмийн хангамж цалин хөлсийг  нь шийдвэрлээд, орон сууц төлөөлөгчийн газрын байр савыг нь шийдвэрлээд өгөх хэрэгтэй. Бусдаар бол манайхан дэлхий дахинд улсынхаа нэр сүрийг гаргаад явах бололцоотой. Эд нар чинь ирээд гурван жил байгаад буцаад явдаг. Нүүдлийн шувуу шиг амьдралтай. Бас онцлог алба л даа. Монголд ирээд айлын хормой бараадах ч юм уу, эсвэл байр түрээслэнэ. Нэг байр авчихаж болохгүй. Эргээд тэрийгээ гурван жилийн дараа зарна. Үнэхээр маш хүнд байхгүй юу. Энэ чинь 200 хан хүний асуудал байхгүй юу. Цөөхөн хүний л асуудал. Тийм учраас энэ нийгмийн асуудлыг ямар ч гэсэн шийднэ гэж бодож байгаа. Шийдэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ. Гол шийдвэрийг нь Их хурал гаргана л даа. Гэхдээ тэнд ойлгох байх гэж найдаж байгаа. 

-Хичнээн чадалтай ч албан тушаал ч ахидаггүй, амьдрал ахуй нь ч дэвждэггүй, тэгсэн ч урдахаа хийгээд л дув дуугүй гүрийж явдаг хүмүүс байдаг. Та ямар ч татаасгүй, тийм эгэл жирийн хүмүүсийг үнэхээр дэмжиж чаддаг уу?

-Маш их хичээдэг. Миний баримталдаг зарчмын нэг.

-Ихэнх дарга нар мэдээллээр бусдыг дүгнэчих гээд, ажлаа мэдээллээр явуулчих гээд байдаг нь анзаарагддаг. Та харин мэдрэмжээ хэр сайн хөгжүүлсэн бэ. Хүнийг буруу таньж, түүнээсээ болж алдаа гаргаж байсан тохиолдол хэр олон бэ?

-Би мэдрэмжээ тодорхой хэмжээнд чагнадаг. Чагналгүй яахав. Ер нь бол өөрийгөө сайн хүн л гэж боддог ш дээ. (инээв) Мэдээллээр ажлаа явуулдаггүй гэдгээ энэ яаманд ирээд л хэлсэн. Орж ирж хүн матсан, хов жив ярьсан ийм асуудлуудыг хүлээж авдаггүй зантай хүн шүү. Харин ч тэр хүнийг эсрэгээр нь олиггүй нөхөр байна гэж дүгнэчих талтай гэдгээ ил цагаан хэлсэн. Нэгэнт ажиллах арга барилаа зарлачихсан учраас над дээр элдэв мэдээлэл чирч орж ирдэггүй.  

-Гадаад яам, гаднаас л хүн оруулахгүй шүү гээд үүдээ түгжээд суух, өөрсдөө дотроо эзэрхийлж байх сонирхолтой байдаг шиг нэг шинэ дарга аваачаад тавих гэхээр бүгдээрээ бослого гаргаад авахгүй гээд хэвтдэг. Төрийг эрхшээлдээ оруулдаг өөр нэг сонин үзэгдэл гараад ирлээ. Дээр нь гадаадад төгссөн хүмүүсийг үзэн ядах үзэл хавтгай явчихсан. Саяхан болсон МАН-ын их бага хурлуудаас энэ үзэгдэл яаж газар авсныг олж сонслоо л доо. Ерөөсөө долоо хоног л гадаадад төгссөн хүмүүсээ харааж загнасан. Танай нэг сайд ч гэсэн ирээд л Орост төгссөн хүнийг ажиллуулахгүй гэж анхны мэдэгдлээ  хийж байх жишээтэй. Энэ бол байж боломгүй тэнэглэл биз дээ?

-Тэгээд энэ бол өөрөө нийгмийн том үзэгдэл л дээ. Үүний цаана гарч байгаа факт баримтыг нь тооцохоосоо илүү үүнийг шингээх нийгмийн ямар хөрс суурь байна вэ гэдэгт л учир нь байгаа юм. Гучаад онд Германд Гитлер яагаад гарч ирсэн бэ. Тэнд үнэхээр дэлхийд байгаагүй том хямрал болсон. Ажилгүйдэл, ядуурал германд газар авсан. Тэгэхэд Гитлер гэдэг хүн гарч ирээд буруутныг олж өгсөн байхгүй юу. Өө, ерөөсөө энэ Еврейчүүд буруутай. Яагаад гэхээр еврейчүүд нь тансагладаггүй, ажлаа хийдэг, ажилдаа үнэнч, эх орон, гэр бүлдээ үнэнч ажиллаж амьдраад байсан. Харсан чинь ялгараад л явчихсан байсан байхгүй юу. Бизнес нь мундаг болоод л, бүх юман дээр хариуцлагатай учраас нүдэн дээр нь ялгараад  харагдаад ирж байна ш дээ. Тэгэхлээр энэ хүмүүсээ үзэн ядаад еврей анги л эд нарын цаана байгаа гээд хувьсгал гарч байгаа байхгүй юу. Ингээд Гитлер төрийн эрхийг бариад нацист, фашист онол гаргаад явсан. Энэ онол чинь янз бүрийн хэлбэртэй. Манай бүх зовлонгийн эзэн бол ердөө энэ. Үнэхээр эрвийх дэрвийхээрээ хөдөлдөг, хүмүүжилтэй, идэвхтэй, холбоо сүлбээтэй, гадагшаа дотогшоо харьцдаг, тийм хүмүүс нь илүү харагдана аа даа. Тэгэхлээр эргээд нэг тийм фашизмын илрэл гаргаж ирж байгаа байхгүй юу. Энэ бол маш хортой. Монголын нийгэмд хэзээ ч байж болохгүй зүйл. 

-Гадаадад төгссөн, олон хэлтэй, олон дипломтой, эрдэм боловсролоор имиж төрхөө бүрдүүлсэн улсуудаа шахаж, загнаж байна гэж сонсоод айх шиг болсон. МАН-ын хурлуудын нэг өнгө аяс энэ байсан гэсэн. 

-Нөгөө туйл руугаа эргэх нь л дээ. Яагаад гэвэл нүдэн дээр нь тэд нар чинь хэлтэй устай, боловсролтой учраас илүү ажил хийж байна. Илүү орлоготой байна. Харваас илүү амьдралтай байна. Бараг зүй тогтол шиг харагдаад уур нь хүрдэг хэсэг байна. Харин тэрнийг нь үзэгдэл болгоод, үзэн ядуулж турхирч байгаад хүссэн бодлогоо явуулах хямдхан улс төр хийж л дээ. Гэхдээ энэ маш хортой шүү. 

-Улстөрчид нь хүртэл айгаад сүүлдээ эх хэл, монгол, үндэсний бүтээгдэхүүн гэх сэдвүүдээр л лекц уншиж суудаг болж байна.  Энэ бол нэг талаас аймаар том дарамт руу хийж байгаа хэлбэр биз дээ?

-Нэг их газар авахгүй байх гэж найдаж байна. Яагаад гэвэл монгол еврей байхгүй юм чинь. Бид нарт нэг хагарал хэрэгтэй байна шүү дээ. Хэнийг үзэн ядах вэ, хэнд буруугаа тохох вэ. Тэгэхлээр ерөөсөө нэг гадны дипломтонгууд гэдэг юм гаргачихсан. Тэгээд тэдэндээ гадныхны гар хөл бологчид гэж нэр ус өгчихөөд явуулж байгаа ш дээ, бүр. Далдуур нь гадныхныг үзэн ядуулах бодлого. Монгол ч тэр, ер нь азийн олон орон. Хятад, Солонгос, Япон бүгд тийм үзлээр дамжсан. 100 жил үүдээ түгжсэн түүхтэй орон ч бий. Тэр хугацаанд дэлхий үнэхээр маш өндөр хөгжсөн байсан. Тэр зуун жилийн төгсгөлд нөгөө хаалттай орнууд дэлхийн адгийн хоцрогдсон улс болж дандаа дуусч байсан. Тийм ч учраас хорьдугаар зуунд тусгаар тогтнохдоо хамгийн түрүүнд хэдэн залуучуудаа Герман руу аваад Боловсролын сайд нь давхиж байлаа.  Энэ бүх зүйл асар их үнээр бий болсон шүү дээ. Бид мартаж болохгүй.  Аливаа юманд саар юм бий. Саар юмыг нь том болгоод бүх юм саар юм шиг ойлгуулах юм бол дотор нь амархан бужигнуулж болно. Энэ дээр бид цаашдаа их анхаарах хэрэгтэй. Гэхдээ ямар ч хэтрүүлэг хэрэггүй. ЗХУ байх үед ерөөсөө Зөвлөлтийнх л бол болоо, Монголын бүх юм хүчингүй гэдэг ийм бүр эсрэг туйл байлаа ш дээ. Энэ  туйлын нөгөө талд нь Монголынх л бол болоо. Гадны бүх юм этгээд хачин зүйл гэдэг ийм онол нэг хэсэг явсан л даа. Одоо энийгээ эрхбиш болих цаг болсон биш үү. 

-Тийм ээ, больмоор байна. Нэг асуулт мартаж. Батлан хамгаалах яаман дээр таныг нэг байшин савтай холбоод байх шиг байна. Асууж сураглаад үзэхээр тэдэнд л барьж өгсөн орон сууц юм шиг байх юм?

-Ер нь Батлан хамгаалахын салбарын түүхэнд тийм том нийгмийн асуудал шийдсэн төсөл хэрэгжиж байгаагүй. Би бол үнэхээр тэнд шинэчлэл хийнэ гэж л очсон. Очоод хийсэн. Тэр бүгдийг ярих цаг алга. Жишээ нь, энхийг сахиулах чинь 250 явдаг байсан бол 1000 аар явдаг болгоод ирсэн шүү дээ. Энэ чинь маш их ачаалал байхгүй юу. Нөгөө талаар нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх ёстой байгаа. Амралтын сүлжээ байгуулах ёстой. Сайхан амарч байх ёстой. Тэр бүхний төлөө эхлүүлсэн төслийг буруутгах гэж оролддог юм. Би чинь бараг огцрохоороо айлгаж явж байж батлуулж байсан шүү дээ.  Би энэ салбарт ямар нэгэн нийгмийн асуудал шийдсэн юм хийхгүй бол сайд хийгээд байх утга байхгүй гэж хэлж байсан. Маш хатуу асуудал Засгийн газрын хурал дээр тавьж байгаад шийдүүлж байсан. Тухайн үед 10 тэрбум үнэхээр том хөрөнгө оруулалт л даа. Батлан хамгаалах салбарын нийт хөрөнгө оруулалт хоёр тэрбум л байсан. Тийм том төслийг хийгээд 300 айлын орон сууцыг бариад, төслийг нь мөнгийг нь бүтээж өгөөд явсан. Энд намайг буруутгаж болно. Сайн шалгаад үнэн мөнийг нь тогтоогоод өгчихвөл сайн. Харин Батлан хамгаалах яамныхан энэ төслөө хурдхан шиг дуусгаад, хүн амьдрах тэр орчин нөхцлийг нь бүрдүүлээд явах хэрэгтэй. Өөрсдөөс нь шалтгаалах ажлууд байгаа юм байна лээ. Тэрийгээ хийх хэрэгтэй. Бэлэн болчихсон сайхан байшин байна. Энийг ашиглалтанд оруулаад. Тэр 300 айлыг байрлуулаад. Ингээд юмаа хийх хэрэгтэй. Энэ бол үнэхээр маш том шийдвэр. Яахав, хүмүүсийг чинь албан тушаалаа өгөөд буухаар нь тийм юм идэж уужээ, хулгай хийжээ, мөнгийг нь үрэн таран хийжээ. Барьсан зам нь ч байхгүй, байшин ч байхгүй гээд л байдаг юм билээ. Миний хувьд байшин барьсан, бүх юм нь бэлэн, бүх юм нь хуулийнхаа дагуу явчихсан. Аудит нь шалгаад дүгнэлт нь гарчихсан гэж л буруутгагдаж байна уу даа. Байшин барьлаа. Төсөл хэрэгжүүллээ гээд муулуулж байх нь бараг надад ирж байгаа магтаал юм биш үү. 

-Сая та Тайландад ажиллаад ирэв үү?

-Тэглээ. Хамгийн сүүлд Натогийн сайд нарын хуралд ороод, Киевт европын аюулгүй байдал хамтын ажиллагааны сайд нарын хуралд орлоо. Тэгээд залгаад Тайландад олон улсын авилгалын эсрэг байгууллага бий. НҮБ-ийн системд байдаг. Энэ байгууллагын ерөнхий чуулганд орлоо. 

-Хурцхан байгаа газруудаар явжээ. 

-Хоёр хувьсгалтай газар. Киев, Тайландад очиход маш сонин байлаа. 

-Тайландад ямархуу байна?

-Ер нь Тайландад ийм хувьсгалт хөдөлгөөн дандаа цэргийн эргэлтээр дуусдаг. Энэ удаа үнэхээр Тайландын ардчилал бас шинэ шатанд гарчээ. Засгийн газар нь огцроод парламентаа тараагаад, шинэ сонгууль зарлаад. Өөрөөр хэлбэл улс төрийн Ардчиллын соёлтой гарцыг олж чадаж байгаа байхгүй юу. Энийг хараад бахархсан. Киркизэд яагаад заавал жагсагчид төрийн ордноо эзэлж, хамаг юмыг нь сүйтгэж, Ерөнхийлөгч нь зугатааж байх ёстой юм. Зүгээр ганцхан л үг хэлэх ёстой байхгүй юу. Огцроё гэдэг үг. Тэгээд л асуудал байхгүй. Украйн хичнээн удаан зовж байна. Ардчиллын чинь зарчим нь энэ шүү дээ. Өнөөдөр хамгийн гол юмыг хаа газрын улстөрчид ойлгох хэрэгтэй болсон. Та сонгогдоно гэдэг бол та яг энэ дөрөв, таван жилдээ дуртай юмаа хийж, дургих тийм эрх авч байна гэсэн үг ерөөсөө биш. Болохгүй бол маргааш нь ч таныг огцруулна. Ард түмэн босоод л ирнэ. Египетэд дөнгөж сонгууль болоод үнэхээр болохгүй л байгаа байхгүй юу. Тэр хувьсгалаар гарч ирсэн хүн үнэхээр энэ улсыг удирдаж чадахгүй л байна. Тийм учраас жилийн дараа огцруулж л байгаа биз дээ. Энэ бол Ардчиллын хамгийн том үр дүн. Энэ бол орчин цагийн гайхамшиг. 

-Та гадаад ертөнцөд болж байгаа хамгийн том том хэлэлцүүлэг, олон улсын хурлуудад оролцож байгаа. Бидэнд дэлхийгээс хамгийн сүүлд ирсэн ямар сайн дүн байна вэ. Дотооддоо бол бүх зүйлдээ л муу дүн тавьцгааж байгаа.  

-Ер нь бидний байгуулж байгаа нийгэмд дандаа сөрөг дуу нь сонсогддог. Тэр нь ч зөв. Яагаад гэвэл сөрөг нь сонсогдож байвал сөргөө засаад явна. Бидний ажлын 100 хувиас 70 хувь нь сайн байгаа . Тэрийг хэн ч дурьдахгүй. 30 хувь нь буруу байна. Тэрийг л зөвхөн ярьж байна. Зөв. Тэр гучин хувь чинь 20 хувь, дараа нь 10 хувь гээд алга болох ёстой шүү дээ. Энэ чинь өөрөө нийгмийн хөгжил.  Гадна талаас хүмүүс харахаараа 70 хувийг нь хардаг байхгүй юу. Тэгээд тэр 70 хувийг нь магтдаг. Манайд олон чухал ололт байна. Жишээ нь, бидний хамгийн том ололт юу вэ гэхээр бид сонгууль хийж сурсанд байгаа юм. Бид анх 90 онд хувьсгал хийхдээ нэг ч цонх хагалаагүй хийсэн. Маш эв зүйгээ олж хийж, үнэхээр дэлхийг гайхшруулсан.  Монголчууд бол хэрсүүжсэн, ардчилал нь эрийн цээнд хүрсэн орон. Үнэхээр бүс нутагтаа төдийгүй, дэлхийд үлгэр жишээ улс гэж тэд ярьдаг. Энэ бол өөрөө бидний хамгийн том ололт. Энийгээ бид нар нүдний цөцгий шиг хайрлаж хамгаалж байх ёстой. Бид авилгын үзүүлэлтээр ахиад амжилт оллоо. Бүгд л манай амжилтыг харж байна шүү дээ. 

-Та бол цэвэр нэр хүндтэй цөөн лидерүүдийн нэг. Гэхдээ фракцгүй. “Зүүн хойд ази” гэх бүлэглэл улс төрийн хуваарилалтад оролцохоо больсон. Таныг дагадаг сүрэг ч байхгүй. Улс төрийн цаашдын амьдралынхаа зургийг хэрхэн хардаг бол. Танай намд байгаа фракциуд  бизнесийн ашиг сонирхол дээр зодолддог л бүлэглэлүүд болчихсон юм биш үү.  Нөгөө үзэл санааны фракцууд алга болоод...

-Анхнаасаа үзэл санааны фракцсаад байх юм ч нэг их байхгүй шүү дээ. Яагаад гэвэл үзэл санаа бол тэр нийгмийн хувьсгалыг хийх л зорилго байсан юм чинь. Тэр зорилго нь биелчихсэн.  Р.Амаржаргал жишээ нь ямар фракцтай юм. Хувь лидерийнх нь түүх манай намд анхнаасаа л зарчимтай, зорилготой, өөрийн гэсэн үзэл бодолтой улстөрч байж ирсэн түүх байгаа биз дээ. Тэр бол тэргүүлэх зэрэглэлийн улстөрч. Тийм болоод ч  өөрийгөө өнөөдөр ямар ч фракцийн хүчнээс илүүгээр илэрхийлж чадлаа. Нийт нийгэм, нийт хүмүүс ойлголоо шүү дээ. Хүн болгон дүгнэлт хийлээ. Энэний цаана, Р.Амаржаргал гишүүний ярьж байгаагийн цаана зөв тийшээ дахиад нэг шат ахих л асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ лидерийн үзүүлж байгаа жишиг, хийж байгаа акц нь нэг хүний том гавъяа байгаа биз. Бүхэл бүтэн нийгмээр нь өөр лүүгээ харуулж,  ямар ч гэсэн эрүүлжүүлэх чиглэлээр хийж байгаа бодлогууд дээрээ ахин юм хийх ёстойг анхааруулж чадна гэдэг чинь улстөрч хүний хувьд том ололт л доо. Тэгэхээр фракцийн гэх ач холбогдол харьцангуй байгаа биз.  

-Цаг зав гаргасан танд баярлалаа. Ирэх 2014 он Монголын гадаад харилцаа энэ жилийнхээс илүү амжилттай ажиллах он болоосой. Таны хувийн түүхэнд ч гэсэн олон гайхалтай зүйлүүд учраасай гэж хүсч байна. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Ирэх жил ер нь бол сонгуульгүй анхны жил. 1990 оноос хойш тасралтгүй л ямар нэгэн сонгуультай байгаад байсан байхгүй юу. Тийм учраас энэ бол Монголын хөгжилд алтан үсгээр бичигдэх ийм он байх ёстой гэж найдаж байгаа. Тэгэх ч ёстой. Тэгэхийн төлөө бид бүгдээрээ хичээх ёстой.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав