Эрүүл явбал бусад бүх юм болно шүү… Эргээд бодоход байдаг л нэг энэ үгийг би бүтэн жил сонсчээ. Өнгөрч буй нэг жилийн хугацаанд миний хамгийн олон сонссон үгээр дээрх өгүүлбэр юутай ч өрсөлдөхгүйгээр тодроно.
Хамгийн чухал санаа тээсэн үгийг хамгийн түгээмэл, болоо ч үгүй байдаг л нэг үг хэмээн чихнийхээ хажуугаар сүнгэнүүлж явсныг минь ойлгуулж өгсөн хүндхэн үеүдийг туулж өнгөрөөд эргэцүүлж тунгааснаа уншигчидтай хуваалцахаар шийдлээ. Хүн өөр дээрээ тулж ирсэн хойно л юмыг биеэрээ мэдэрч ойлгодог шүү дээ.
Одоогоос жилийн өмнө би Булган аймагт томилолтоор ажиллаж яваад осолд орж хүнд гэмтэл авсан юм. Ёстой нөгөө гай газар дороос гэдэг шиг гэгээн цагаан өдрөөр цагаан зам дээр онхолдчихсон. Сүүлд очиж үзэхнээ уначихаар айхтар ховил энэ тэргүй л газар байдаг юм. За энэ ч яахав.
Нэг сэргэсэн би намрын хүйтэн салхинд хөлдөж үхэх шахаж байснаас гадна, баруун гар маань хөдлөх ямар ч боломжгүй болсныг мэдэрсэн юм. Хөдөө хээр гар утасны сүлжээ уначихсан, тусламж дуудах ямар ч бололцоогүй нөхцөлд хэзээ бурхан гараа сунгаж машин ирүүлэхийг хүлээж олон цаг хэвтсэнсэн. Хөдөө хээр явдаг, янз бүрийн нөхцөл байдалд орох магадлалтай улсууд болж өгвөл сансрын утастай болчихмоор юм билээ. Бас түргэн тусламжийн хайрцаг машинтай хүн бүрт заавал байх ёстойг хүмүүс тусгаж аваасай. Амьдрал санамсаргүйгээр дүүрэн шүү дээ. Өвчин намдаагч, боолт, гал…өшөө юу юу байдаг юм бүгд тэр хайрцаганд явах ёстой. Хэрвээ би тийм хайрцагтай байсан бол өвдөлтөө түр аргалж, дулаацах арга саам хайх байсан байх.
Аз болж аймаг ороод буцаж яваа УАЗ 469 давхиж ирж намайг Сайхан сум руу аваачиж аварсан юм.
Сайхан гэж цуутай сум. Гэхдээ монгол даяар түгсэн нэр алдар шигээ хөгжчихсөн газар бас биш л дээ. Сумын эмнэлэг гэх намхан цагаан байшинд тэр улсууд намайг оруулж өгөөд явцгаасан. Харанхуй шөнө байсан болохоор сувилагч, асрагч гэсэн ганц хоёрхон хүн л байх. Тэгж байтал эмч ирлээ. Шинээр ирсэн эмч юм байх. Ослын газраас ирсэн миний хувцсыг ч тайлсангүй. Нарийн үзлэг ч хийсэнгүй. Би өвдөхийн эрхэнд тариа хийж өгөхийг гуйснаар надад тариа хийх боллоо. Гэтэл тариа ямар нэгэн шүүгээнд цоожтой болж таарав. Хэн нэгнийг шүүгээний эзэн рүү гүйлгэж, тэр нь түлхүүр авчирч байж арай гэж тариа хийлээ. Тэгж байтал би хөл дээрээ зогсож бараг чадахгүй болоод ирдэг юм байна. Эмчээ би орон дээр хэвтэж болох уу гэж асуув. За тэг дээ. Эмчийн хариу энэ.
Өвчтөн ороод ирэхэд монголын эмч нар(бараг ихэнхи нь) уурлаж угтдаг. Би үүнийг олон эмнэлгээр зориуд явж ажигласан. Өвчиндөө шаналж байгаа үйлчлүүлэгчээ өндөр дуугаар загнаж, угзчиж, эхнээс нь санаа сэтгэлээр навс унагаж угтдаг араншин үнэхээр хавтгай шүү. Өөрсдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Сумын эмч намайг загнаагүй ч арай ч дээ гэмээр хүйтэн харьцаж буйг түүний “За тэг дээ” гэсэн үг илтгэж байгаа байх.
Тэгж тэгж ашгүй нөгөө хөдөлж ядсан, дуугарч ядсан их эмч харьж унтахаар явж, бага эмч Дулмаа ирэв. Олон жил Сайхан сумын эмнэлэгт ажилласан туршлагатай нэгэн ажээ. Монголын хөдөөд их эмчээсээ илүү нэр хүндтэй, илүү туршлагатай бага эмч нар олон шүү. Сумын анагаах ухаан ерөөсөө тэдний нуруун дээр л явж ирсэн. Нөгөө жор үзсэнээс зовлон үзсэн нь дээр гэдгийг амьдрал дээр нотолж яваа улсууд бол үнэндээ тэд юм. Ингэж би сумын эмнэлэгт нэгэн шөнийг өнгөрөөсөн юм. Миний яс хугарчихсан тухайд сумын их эмч надад юу ч хэлээгүйг би одоо болтол гайхдаг.
Сумын төвд эмнэлэг чухал албан газруудын нэг. Тэнд ерөнхий эмч хамгийн том “дарга” нь. Сумандаа бол дээгүүр жагсдаг эрх мэдэлтэн. Манай Дашинчилэнгийн ерөнхий эмч бол бүр тасархай том. Энэ зун манай суманд хөгийн юм болсон. Э.Мөнх-Очирын сонгуулийн үеэр тэнд ажиллаж байсан менежер эмэгтэй манай захиргааны нэг хүүхний толгой нь өвдөөд байхаар солонгосын сайн эм гээд нэг эм уулгаж л дээ. Үнэхээр сайн эм юм гэсэн мэдээ эмчийн сонорт хүрч. Сонгуулийн дараа нөгөө эмэгтэй эмнэлэгт үзүүлэхээр очтол манай эмч “Чи тэр хувьсгалт намын хүүхнээсээ эмээ авч уу” гэж зад загнасан гэж байгаа. Хөөтэй байгаа биз. Бараг намаар ялгаварлаж л өвчтнүүддээ хандах нь ээ дээ. Бас манай тэнд Хайдав гэж нэг дарга байдаг юм. Сонгуулийн дараахан даралт нь ихсээд очиж. Гэтэл урдаас нь “Та ер нь нам нам гэж их явдаг” гээд л бууж гарсан гэж байгаа. Энэ юу ч биш. Хөдөөнийхөн дуудлага өгвөл ёс юм шиг зад загнуулдаг зуршил тогтсон гэсэн. Иймхэн юманд эмч дуудлаа гээд л хяргаж өгдөг тухай тоо томшгүй олон жишээ яригддаг. Сүүлдээ манай малчид өвдөх, өвдөөд сум руугаа түргэн дуудах хоёроос үхтлээ айдаг болсон гэнэ лээ. Сумын эмнэлгийн энэ мэт гаарчихсан эмч нарт эрүүл мэндийн яам анхаарлаа хандуулж, ёс зүйн кодтой болгож, өвчтөн хүний өмнө пээдэлздэг биш бөхөлздөг болгож өгөх хэрэгтэй байна.
Аймаг хүрсэн минь
Сумын эмнэлэгт тийнхүү шөнийг өнгөрөөтөл өглөө эрт намайг авах машин аймгаас ирлээ. Ядаж хугарсан ясыг минь бинтээр боогоод өгөөгүй их эмчид гомдох сэхээ тэр үед надад үнэндээ байгаагүй. Ингээд би гэдэг хүн эмнэлэгт хоносон өвчтөн атлаа хугарсан ясандаа тохирсон анхан шатны боолт ч үгүй аймаг руу донсолгон явж байлаа. 100 км явж байж аймгийн эмнэлэгт хүрлээ. Хаалгаар нь ороод л мөнөөх хүнд суртал. Рентгэн зураг авдаг хүүхэн нь хаашаа ч юм тэнээд явчихжээ. Цаг шахам хүлээж байж барааг нь харав. Бушуул, би явлаа шүү, лайтай юм…гэсэн үгсийг мөнөөх аашны тулам завсар чөлөөгүй урсгаж өгөх нь тэр. Тэнд байгаа бүх хүмүүс тэрнээс царайгаа сааралттал айж байв.
Ингээд дараагийн шат руу шилжиж би нэг өрөөнд хэвтлээ. Гавъяат эмч гэж нэг хямсайсан нөхөр орж ирж үзэв. Бас л боолт хийсэнгүй. Тэр бүх хугацаанд миний хугарсан яснууд төрхөө олохгүй шажигналдаж байсан л гэсэн үг. Хэвтсэн өрөө маань мөсний хонгил. Хөлдөх нь ээ. Арай гэж нэг сувилагчийн бараа хартал та 100-н хэдэн мянган төгрөг төл гэх нь тэр. Би гайхлаа. Нэг ч хоноогүй байхад юун мөнгө вэ. Намайг сахиж байсан найз маань эмнэлгийн дарга руу ярьж байж мөнгө нэхэлт зогсов.
Манай Булганы аймаг хамгийн сайн хүний нэрээр уг нь эмнэлгээ хаягласан юм билээ. Лхамсүрэнгийн Энэбишийн нэрэмжит аймгийн хүн эмнэлгийн газар гэсэн хаяг тэр байшингийн дээр өлгөөтэй байдаг юм шүү дээ.
Аймгийн эмнэлэг надад шууд л морфин тариад байсан. Уг нь анхнаас нь тэгээгүй бол сүүлд би хүнд хүнд өвдөлтүүдийн үед тэгтлээ зовохгүй байх боломж байсан юм билээ.
Өглөө болж би эмнэлгээс айлд гараад хот руу явах боллоо. Хөдлөх гэж байтал миний бие муудаж ахиад түргэн дуудах хэрэг гарав. Залуухан эрэгтэй эмч ирж байна. Тэр эмч анх намайг зүй ёсны дагуу зориулалтын боолт авчирч боож өгөв. Тусгай технолог байдаг юм билээ. (өмнө нь учирсан хэд хэдэн эмч яагаад ийм анхан шатны тусламжийг ядаж үзүүлчихээгүй юм бол. Эсвэл мэдэхгүй байсан юм болов уу) Тэр эмч удтал ноцолдон байж янгинатал боож өгөөд, хайрцагтай даралтны аппарат надад өгөхөд нь би их гайхсан. Гайхсан харцыг мэдэрсэн эмч “Май энийг ав аа. Замдаа даралтаа байнга үзэж яваарай. Та бол манай Энэбиш даргын номыг бичсэн сэтгүүлч шүү дээ. Энэ аппаратыг тэр хүнийг өгч байна л гээд бодчих” гэчихээд гараад явчихаж билээ. Сонин л санагдсан.
Их хотын гэмтлийн эмнэлэгт ирсэн минь
Ингээд 500 орчим км явж байж хотын бараа харж, гэмтлийн гадаа ирэв. Тэр үе талийгаач Наранцацралт агсны осолд орсон үе болохоор амьд үлдсэн зарим нь сэхээний тасагт ирсэн байв. Надтай нийлээд тэнд тав зургаан өвчтөн байсан. Хажуугийн орон дээр Гансүх гэдэг залуу хэвтэж байсныг санаж байна. Тэр маань ямар ч ухаан байхгүй. Дуслаа салгаад хаячихна, босч гүйх гэнэ. Тэрийгээ өөрөө юу ч мэдэхгүй. эмч сувилагч нар тэр тоолон ирж ноцолдоно. Хөөе, Гансүхээ, яаж байгаа юм бэ чи гээд л алгадна. Ноцолдож байж ахиад л дуслыг нь хийнэ. Тэгж байтал өнөөх маань орндоо шээчихнэ. Асрагч ирээд л алгадна. Нас биед хүрчихсэн, дээр нь ухаанаа алдчихсан эр хүний бөгсөн дээр бүсгүйчүүд тас тас хийтэл алгадаад байх эвгүй л юм билээ. Үйлчилгээ бол тэнд үнэхээр сайн. Тэнд ирж байж би гэдэг хүн анх удаа унтаж, өвдөлтөөс хэсэг ч гэсэн ангижирч чадсан. Ойр тойрныхон маань амьд мэнд гарсанд маань баярлаж, энд тэндээс баахан цэцэг ирүүлж байж асрагчийн уурыг хүргэснийг эс тооцвол би сэхээнд дөрөв хонохдоо тэднийг ямар их ачаалалтай ажилладгийг мэдэрч, үхэл амьдралын дэнсэн дээр ирэхээрээ хүн гэдэг амьтан хичнээн өрөвдөлтэй байдгийг харж, бүх бие сэтгэлээрээ мэдэрч авсан юм.
Нэг өглөө асрагчийн дуу чангараад явчихлаа. Элбэгдорж гэж нэг юмыг хэвтэхэд энүүгээр нэг цэцэг болчихсон. Энэ хүүхэн дээр хоёр дахиа давтагдлаа. Энэ ямар төрөх тасаг юм уу гэж ирээд шалаа арчиж байсан эгчээс дараа уучлал гуйнаа. Тэр миний буруу байсан.
Ингээд би тасаг руу шилжлээ. Бусад эмнэлгүүдийг бодвол асар хямдхан өртөгтэй ганц хүний өрөөнд хэвтэх болов. Гэмтлийн эмч нар Булганы тэр эмчийн боолтыг хамгийн зөв, жинхэнэ техникийн дагуу боосон байна гэж үнэлж байв. Энэ боолттойгоо л хэвтээд бай гэсэн заавар гол эмчилгээ байсан даа.
Үнэндээ гэмтлийн эмнэлэг бол дайны талбар шиг хүнд газар юм билээ. Ёстой жинхэнэ аймшиг. Өвчнүүд шалан дээгүүр л гудастай ярайж байна шүү дээ. Манайд ахиад нэг том ийм эмнэлэг барих цаг болчихсон юм билээ.
Нөхцөл хүнд болохоор өвчтнүүд эмчийн жинхэнэ харцаар байдаг. Дургүйгээ хүрвэл гаргаад хаячихаж чадах болохоор тэгэхээс өөр арга байхгүй. Тэр чинээгээрээ авлига дээд цэгтэй тултал цэцэглэн хөгжсөн газар гэж би тэр байшингийнхныг хэлнэ.
Гэмтлийн эмнэлэгт үзэж харсан бодит баримтууд хийгээд Өвөр монголын Хараат 2(уг нь харъяат 2 юм билээ) гэх эмнэлэгт монголчууд хэдэн зуугаараа өөрийн чадваргүй, өөдгүй анагаах ухааны балгаар зовж тарчилж, хятадуудын харцан дор бүлтгэнэн амьдрал гуйж хэвтээг өгүүлэх болно.
Манай эмч нар шүүмжлэлд айхтар эмзэг. Түрүүчээсээ өөрсдийнх нь ёс суртахууны талаар хөндсөн сэтгүүлчдийг заналхийлж, мэдэгдэл энэ тэр гаргаж сүйд болж байгаа. Би үүнээс айхгүй. Учир нь монголын гэм зэмгүй мянга мянган иргэд ийм даварсан үйлдлүүдийн өмнө хүлцэнгүй өнгөрч байгаа. Тэдний өмнөөс бид шүүмжлэх, тэмцэх ёстой. Үүнийг би үүргээ гэж үзэж байна.
Гэмтлийн эмнэлгийн нэгэн эмэгтэй эмч өвчтний ар гэрээс 700 мянган төгрөгийн авлига дарамталж байгаад авч байсан зэрэг олон баримт бүхий үргэлжлэлээр дараагийн дугаарт уулзъя.
Гэмтлийн эмнэлэг ба Монголын эмгэнэл
Одоо гудамжныхан гэмтлийн эмнэлгийг бараадаж байгаа даа. Тэдний нэгэн дээвэр дор ордог сезон нь ирсэн гэсэн үг. Зундаа гадуур галгиулж яваад, өвөлдөө эднийд ирж толгой хорогддог олон арван тэнүүлчид байдаг. Хөөгөөд ч явахгүй. Зарим нь албаар машинд хөнгөхөн шүргүүлж аваад хэвтчихнэ. Бараг жаргалын ордондоо ирж буй нь тэр. Ор хоног тоотой хэмжээтэй юм болохоор хөөж тууж байгаад заримыг нь гаргана. Тэгж гарахдаа бас хөнжил гудсыг нь тэврээд явчихдаг гэж байгаа. Өрөвдөхөөр ингэж өр өшиглөдөг “хамаатнуудаа” гэмтлийнхэн яаж ч чаддаггүй. Энэ бол гэмтлийн эмнэлгийн амьдралд өнгө нэмэн оршиж буй нэг төрх нь.
Дандаа л согтуу хөлчүүгээр осолд орсон, зодуулж нүдүүлсэн, хутгалуулсан, сүхдүүлсэн хүмүүс орь дуу тавьсаар ирдэг болохоор эднийхэн ерөнхийдөө доль цохиж, юунаас ч айж ичихээ байсан төдийгүй, байууллагынх нь үндсэн авир ширүүн дориун төлөвшсөн газар шиг санагддаг. Энэ бас нэг төрх нь.
Өөр нэг тод шинж нь гэмтлийн эмнэлэг бол мөнгөний үнэр хан хийж байдаг нь юм. Хагалгаанд орсон эмч нарын тоогоор 100 мянган төгрөг яригдана шүү дээ. Одоо тэр ханш өссөн ч байж магадгүй.
Манай нэг том сонины тамгын газрын дарга толгой сэгсрээд ярьж байсан. Нэг хамаатан нь нуруу нугасны хагалгаанд оржээ. Даналзсан атаман эмч эмэгтэй хамаатнуудыг нь бөмбөлзтөл загнаж байгаад 700 мянган төгрөг авчихсан байж гэнэ. Арай ч дээ, 300 ч биш, 500 ч биш, бүр 700 шүү. Мань хүн бухимдаад тэр эмч рүү залгаж хэлтэл ёстой үл тоосон гэж байгаа. Сонин байгаа биз. Айдаггүй юм гэхэд ичдэггүй байж болох уу.
Хүний өвчин дээр эмч хүн л хүнлэг энэрэнгүй байхгүй юм бол өөр хэн байх юм бэ. Би тэдний ёс зүйг ийм зүйл дээр үнэхээр гайхдаг. Монголчууд зөөлөн, хайлган. Эмч минь л гээд гүйдэг. Тэр сүү шиг сайхан сэтгэлээрээ амьдралынхаа тав арван төгрөгөөс илүүчилж байгаад өгсөн 100 мянгыг нь л залбирч авчихаад явж байж болдоггүй юм байх даа.
Бас нэгэн эмэгтэй манай сонинд хандаж байсан. Түүний эгчийг ноднин нэг орос жолооч дайрч маш хүнд гэмтээжээ . Одоо болтол эгч нь хэвийн амьдралдаа орж чадаагүй. Нугас нь дарагдаж, аюулын ирмэгт ирсэн эгчийгээ зүрхээ зүсүүлэн байж шалан дээр хонуулж байснаа ярьж байсан.
Таньдаг хүнээрээ хөөцөлдүүлж байж орон дээр арай гэж гаргасан ч тасгийн эрхлэгч эмэгтэйд нулимсаа асгартал доромжлуулжээ. “Би одоо эгчийгээ яах ёстой вэ” гэсэн аргаа барсан асуултын хариуд нөгөө эмч “Аваад зайл. Чи юу юм. Угаасаа чи миний охинд ч таалагдахгүй байна” гэсэн эрүүл хүн гэхэд эргэлзмээр юм хашгичиж,сүүлдээ бүр нулимсыг нь асгартал харааж загнажээ. Уулзах гээд ороход нь охинтойгоо юм яриад сууж байсан юм байна. Тэгээд хүлээж байгаад ортол тэгж авирлаж. Тэр эмчийн ёс зүйг эмнэлэг даяараа мэддэг ч нэртэй дипломатч ахынх нь нөлөөнөөс айгаад хэн ч юу ч хэлж чаддаггүй гэх мэдээлэл бас байдаг юм билээ. Энэ бол аймшиг. Бас эмгэнэл.
Энэ эмнэлэгт би олон хоног хэвтсэн. Нэг удаагийн тохиолдлыг жишээ татъя. Осолд орж, удаан хэвтсэн хүн ямар олиг байхав. Бүгд л хачин царайлсан улсууд ганц нэг гишгээд хонгилоор алхаж харагддаг. Би ч тэдний нэг байсан. Физик эмчилгээнээс гараад хүлээж хүлээж лифтэнд арай гэж ороод товч дартал “Өө, муу усан гахай. Хэн чамайг дар гэсэн юм. Би явж байна. Дараа нь болооч новшоо” гэж нэг эмэгтэй аймшигтайгаар бархирах нь тэр. Амьдралдаа тийм эмч, тийм эмнэлэг үзээгүйн эрхэнд цочирдоод “Чи тэнэг юм уу, галзуу юм уу. Би өвчтөн хүн явж байна шүү дээ” гээд хэлчихтэл мөнөөх бүр гаарав. “Чи эмчийг нь тэнэг гэж хэлчихээд энд сайнаа үзнэ гэж бодож байна уу” гээд чангараад явчихав. Түүний үг намайг үнэхээр айлгасан. Арай гэж хөл дээрээ босоод явж байгаа хүнд тийм үг яаж буух нь тодорхой шүү дээ. Лифтэнд учирсан тэр “хатагтай” маань мөнөөх зартай эмч мөн байсан юм. Монгол хүн монгол эмнэлэгтээ ингэж ч доромжлуулж явах гэж дээ гэж бодохоос хоёр нүдний нулимс өөрийн эрхгүй асгарч байсан. Үнэхээр аймаар газар шүү. Тэр эмч өвчтнүүдээ зодож ч мэдэх хүн байна лээ. Ёс зүйн энэ мэт хүн үнэмшихэд ч бэрх сонсогдох жишээ өвчтнүүдийн дунд бол хэдэн арваараа яригддаг. Гэмтлийн эмнэлгийг аймшгийн болгож байгаа үндсэн толбо энэ юм.
Монголчууд өвөлдөө ялангуяа өдөрт 150-200-гаараа энэ эмнэлэгт очдог. Өөр сонголт байхгүй юм чинь ирэхээс ч яахав. Бас тэдний ихэнхи нь эдгээд гардаг гэдгийг хэлэхгүй өнгөрвөл хэтэрхий шударга бус явдал болно. Гэвч нөгөө талд нь эмч нарын гаргасан алдаанаас болж насан турш тахир дутуу болон үлдсэн хохирогчид ч олноороо байдгийг хэлэх ёстой.
Яагаад бид өөрийнхөө эмч нарт итгэдэггүй вэ
Манай эмч нар хэнээс ч дутахгүй чадалтай гэж үздэг олон хүн бий. Бас тэдэнд итгэхийн арга байхгүй гэж үздэг хүмүүс ч цөөн биш. Хагалгаа хийгээд дуусахдаа хүний хэвлий дотор хөвөн марл, тэр бүү хэл багажаа хүртэл орхиод оёчихсон жишээ олон. Нэрт эрдэмтэн Барсболд гуай мухар олгойгоо авахуулаад гарчээ. Гэтэл шарх нь нэг л эдгэж өгдөггүй гэнэ. Юу болоод байгааг тодруултал дотор нь баахан марл үлдээгээд оёчихсон байж. Юу ч гэхэв дээ. Бас манай нэг нэртэй диктор цөсөө авахуулжээ. Дараа жил нь бие нь тавгүйрхээд байхаар эхо-д харуултал таны цөс жигтэйхэн өтгөрчихөж гээд л тууж байх юм гэнэ. Үгүй, хүү минь би ноднин гуравдугаар эмнэлэгт цөсөө авахуулчихсан юм шүү дээ гэтэл мөнөөх эмч улайснаа тэр хавьцаа л сүүдэртээд харагдаад байсан юм гэж амандаа сулхан бувтнаж байсан гэсэн. Ийм үлгэр дэндүү олон. Энэ бүхний дараа иргэдийг эмч нарт эргэлзлээ гэж зэмлэх гэж үү.
Жилд монголын өвдөж зовсон 40 орчим мянган хүн гадагшаа явж эмчлүүлж байгаа гэсэн судалгаа гарчээ. Мөнгөн дүнгээр бол 60 дөхсөн тэрбум төгрөг гадагшаа урсчихаж байна гэнэ. Энэ мөнгөний 70 хувь өмнөд хөрш рүү урсч байгаа нь нууц биш. Ядарсан, зовсон, итгэл алдарсан иргэд маань ингэж шинэ зууны хамгийн супер эдийн засагтай агуу их Хятад улсын орлогод хувь нэмрээ оруулж байна даа. Харин манай томчууд өндөр хөгжилтэй, өндөр өртөгтэй газрууд руу өдөртөө нисч очоод л шинжилгээгээ өгч байна. Сайд дарга нар эх орныхоо цагаан халадтангуудад бүр итгэдэггүй.
Өвөр монголыг зорьсон өвчтнүүдийн цуваа татрахгүй нь
Өвөр монголын өөртөө засах орон сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа. Ялангуяа мал аж ахуй, газар тариалан, анагаах ухаан , боловсролын салбартаа завсар зайгүй ахиц гаргаж байгаа. Тэд хэдхэн жилийн өмнө ямар бөөдийсөн юмнууд байв даа. Одоо бол тэдний харц дээгүүр болжээ. Бид хэнээс ч, юугаар ч дутуу биш гэсэн омгорхол аль хэдийнэ тэдний цээжинд цохилж эхэлсэн байна.
Өвөр монголын анагаах ухааны салбар эдүгээ ид эрчээ авч байна. Эмнэлгүүд нь “Бид танай монголчууд биш. Бид бүхнийг чадна. Гагцхүү та зоосоо л төл” хэмээн урдаас даналзаж байна гээч. Тэд зоосоо л авбал хийхээ хийдэг. Нэг талаас шударга гэмээр энэ харилцааг зөвшөөрч, басхүү зовлонгоос ангижирч эрүүл энх болохын тулд хүмүүс урагшаа галт тэргэнд хонон өнжин түжигнүүлсээр цувж байна. Би ч гэсэн тэр цувааны тасалбараас авлаа. Хэвтээд л байвал эдгэнэ гэж зарим эмч нар хэлж байхад, хөдөл хөдөл гэж бас зарим нь хэлнэ. Хэвтээд л байлаа. Эдгэх нь байтугай бүр бишдэв.
Хөдөлж үзлээ. Бас л биш. Адаг сүүлд нь бусдын жишгээр арай хямд өртөгтэйгөөр нь Өвөрмонголыг зорьсон нь энэ.
Хөх хотын анагаах ухааны их сургуулийн харъяат нэг, хоёрдугаар эмнэлэг гэж хоёр том эмнэлэг байх. Харъяат гэснийг манай гоё хэллэгтнүүд өөрсдөө Хараат гэж дуудаад хэвшчихсэн. Хараат -1 нь дотрынх, Хараат-2 нь ясных. Энэ хоёр эмнэлэгийг бидний монголчууд л дүүргэж байна даа.
Хараат-2 эмнэлэг Хөх хотдоо цэвэрхэнд тооцогддог эмнэлэг гэнээ. Гэхдээ л аймаар газар. Эргэлт нь сул чөлөөтэй болохоор нэг өвчтөн дээр тав зургаан хүн ирж тойрчихоод л хашгичаад байдаг. Яасан ч олуулаа байдаг юм. Хажууд нь хагалгаанаас дөнгөж гарч ирсэн хүн хэвтэж байхад л толгой дээр орилолдоод, янз бүрийн эвгүй үнэр танар гаргаад, шавхайтай гуталтайгаа өрөөгөөр дүүрэн холхилдоод тэсэхийн аргагүй. Сахиур нь өвтчнийхөө коршокийг шүүрч аваад хээв нэг гэгээн цагаан өдрөөр морь харчихаж байна гээд л бодчих. Энэ юу ч биш. Өвчнүүдийг тусгаарласан хиртэй хөшиг унжаастай байх. Нэг өдөр тэр хөшигнүүдээ авч угаах болов оо. Бөгтийсөн өвгөн хятад шат тавиад хөшигнүүдийг эхнээс нь аваад л байв. Яг над дээр иртэл шат нурж өвгөн шаттай юутай хээтэйгээ миний дээрээс нурж уналаа. Сувилагчид гүйлдэн ирж уйлаад үг хэлж чадахгүй хэвтээ намайг түрээд доош нь гүйв. Ахиад л зургийг минь авав. “Одоо зүгээр зүгээр” л гэж байна. Хэл ус ч нэвтрэлцэхгүй болохоор яая гэхэв. Хариуцлага алдсан сувилагч намайг уйлаад байхаар эмчдээ хэлж. Өвөр монголоороо муухан ярьдаг эмч маань орж ирэв. “Ганаа чи юунд уйлжаахийн” Дохио зангаа оролцуулан уйлан хайлан байж өвгөн дээрээс ойчсон тухай ойлгуулах гэж оролдов. Нөгөөх ойлгодоггүй. Тэгсэн эмчид хэлэхдээ хөшиг авах гэсэн өвгөнөөс айгаад уйлаад байна гээд туучихсан байж. Хөөтэй шүү, “Ганаа энэ сайн хүн. Чи айх учиргүй ээ” гэсээр эмч маань гарч одсон юм. Ийм үед өөртөө гомдохоос өөр хэнд ч гомдох билээ дээ. Тэнд солонгост бэртээд ирсэн хүүгээ сахиад гурван сар болж байгаа хижээл насны эмэгтэйтэй би уулзсан. Гурван сар яаж тэр заваан газар “амьтан” болж байгаагаа яриад хоёр нүдний нь нулимс сул асгарч байсан. Манай эмч нарын буруугаас өсгий нь өмөрч унаад төмөр өсгий суулгуулчихсан, хамаг мах нь өмрөөд уначихсан хорин хэдтэй залуу тарчилж байхтай таарсан. Ийм зовлонг дааж яваа олон арван хүнтэй уулзаж ярилцсан. Үнэхээр хүнд шүү.
Нуруу, нугасны тасгаар зөвхөн монголчууд дүүрэн. Хоорондоо туслаж, шинэ ирсэн нутаг нэгтнүүддээ туршлагаа заан гүйлдэх монголчууд...Энд тийм юм бий, тэгвэл ингэдэг, ингэвэл тэгдэг. Тэр нь хямд…гэсэн яриа л бидний дунд явагдана.
Бид ингэж л эмчилгээ сайн ч орчин нь аймшгийн заваан хүний газар байгаа бүхнээ сэгсрэн вагон вагоноор очин зовж байна. Хэзээ хэрхэн энэ цуваа татрахыг бурхан л мэдэх байх.
Гэхдээ тэндэхийн бүх юм тийм муу биш.Тасгуудынх нь зохион байгуулалт, эмчилгээ, үйлчилгээний талд авах юм асар их байна. Өвчтний толгой дээр гар хүрэх газарт дуудлагын хонх байрлуулсан байх. Товчин дээр гар хүрээд эргэхэд л сувилагч “Та зүгээр үү, юу хэрэгтэй вэ” гээд зогсч байх жишээтэй. Манайд бол юун хонх дарж дуудах, сувилагчаа эрээд олохгүй шүү дээ. Дуслын хөл гээд хүн цохиод алчихмаар том төмөр өрөөнүүдээр чирээд л яваад байна. Тэр зэргийг чинь таазнаасаа өлгүүр унжуулаад л шийдчихдэг юм байна. Сэтгэх л хэрэгтэй. Өчүүхэн өчүүхэн сэтгээд хийчихсэн юмнууд тэдний мэргэжлийн чадавхитай хоршоод л зарим үед сэжиг төрмөөр бохир харагддаг ч нэдэр дээрээ чадалтай анагаах ухааны төвийг бүрдүүлж.
Ослын улмаас гэмтсэн би гэдэг хүн ингэж нэг жил эмнэлгээр явж, амьтан ах дүү, найз нөхөд, ойр тойрныхныхоо тусламжаар Хараат-2 т очиж хоёр удаа хагалгаанд оров. Эхний хагалгаа дөрвөн цаг 30 минут үргэлжилсэн.
Энд авахуулсан зурган дээр юу нь яачихаад байгаа нь тодорхой биш. Барайсан хар зурагнууд л гарч ирээд байсан. Тэнд очоод авахуултал энд тэнд тэнэж яваа ясны хэлтэрхийнүүд хүртэл дурайтал гарч ирэв. Яагаад манайд авахуулсан зураг тийм муу байгаа юм бэ гэж гайхан лавлатал “хай, танай дарга нар ирээд хугацаа нь дууссан хальс, хор баахныг аваад явсаан. Тэр дуустал лав ахиад хоёр жил байгаа шүү. Яаж зураг олигтой гарнаа” гэх нь тэр. Үнэн л дээ. Манайхан ажилд ингэж л хандаж байна. Нэг түшмэд хүрч ирээд л хугацаа нь дууссан барааг шинэ барааны үнээр авч явж эмэнэлэгтээ өгөөд дундаас нь мөнгө цохьчихсон хэрэг л дээ.
Ингээд эх орондоо баахан хэвтээд нэмэр болсонгүй өвөр монголчуудаар хагалуулж мөрөндөө найман хадаас, тэдгээрийг холбосон 18 см урт төмөр, бас голоор нь ороосон нэг төмөр утас тээсэн хүн эргэж ирэв. Оёно барина гэж бол баллаж өгсөн л дөө. Манайхан бол тэр талдаа сонгодог юм гэсэн. Гэвч одоо яая гэхэв.
Жил дуусч төмрүүдээ авахуулах дараагийн хагалгаанд орохоор өмнөд рүү ахиад л галт тэргэндээ суун түжигнэж хүрэв.
Хил дээр Сергей Громовын гомдлоор баригдсан минь
Монгол хүн хүний газар дарлуулж, дээрэлхүүлэх нэг хэрэг. Монголчууддаа, монголдоо дорд үзэгдэх л гашуун.Би ийм зүйлийн гомдол олон сонссон.
Бараг хоёр жилийн өмнө “Өдрийн сонин”-д би вээр “Сергей Громов гэж хэн бэ” гэсэн нийтлэл бичсэн юм. Утга нь Сергей Громов гэдэг нэг орос хүн манайд ирээд хэрхэн яаж хүссэнээрээ тонгочиж байгаа тухай л юм. АПУ-гийн талыг авчихлаа, даатгал руу орчихлоо, Чингис хаан банк гэж байгууллаа, дээр нь Хадгаламжийн банкыг авчихлаа. Аль ч улсад гадны хүнийг оруулах юм, оруулахгүй юм гэж бас баймаар. Манайд бол хил хязгаар алга. Сүүлдээ нөгөө орос маань манай нийслэлд, манай нэг нэртэй бизнесменийг машинтай буудаж хөөсөн тухай шуугиан хэвлэлээр гарч эхэллээ. Энэ юу болж байна вэ, таминь” гэсэн утгатай л нийтлэл. Энэ нийтлэлээс болоод би жил цагдаад дуудагдсан. Ямар нэгэн зарлан дуудах нэг ч удаа хүлээж аваагүй атал Чингэлтэйн нэг мөрдөн байцаагчид л утсаар заналхийлүүлж байдаг хүн болж хувирсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад маань ч мөрдөн байцаагч утасдсан хэвээрээ л байсан. Сүүлдээ тэр мөрдөн байцаагч манай тамгын газрын даргатай утсаар хэрэлдэж, “Чи наанаа байж бай, би одоохон чамайг очиж ална” гэдэгтээ тулж байсан. Монголд сэтгүүлч хүн ийм л дарамтан дор ажиллаж байна. Громов ноёнтны гомдол явсаар надад өстэй цагдаагийн нэг даргын хорслоор намайг гадагшаа хил давж болохгүй гэсэн бичиг болон хувирч хилийн хороодод очжээ.
Ингээд монголын сэтгүүлч монголынхоо хил дээр нэг муу гадны цагаач оросоос болж баригдан галт тэрэгнээс өрөвдөлтэйгөөр бууж байгаа юм. Уг нь хагалгаанд орох гэж яваа өвчтөн шүү дээ. Замын-үд дээр өдий төдий хугацаагаар галт тэрэг зогсдог. Гэтэл яг хөдлөх болтол хилчин бүсгүй орж ирэн “Чемодамаа бариад буу” гэж командлах нь тэр. Нэг л их аймаар юм үйлдчихсэн гэмт хэрэгтнийг барьж байна л гэж тэр бүсгүй бодсон байх.
Муу хэлэх гэж гаалийнхан “буудуулсаар” байгаад нуур нугас шиг зан ааштай улсууд болон өөрчлөгджээ. Нэг ёсны дэвшил юм даа. Харин хилийнхэн бол том юм аа. Орж ирээд л бүх хүнийг дээрэлхдэг. Монголын хил монгол хүнийхээ өмнө инээмсэглэж болохгүй гэж үү. Яахаараа тэд ингэж бүх зорчигчдыг хулгайч, дээрэмчин мэт захирч зандчиж явдгийг нь хүмүүс огт ойлгодоггүй юм билээ. Ингээд вагон дүүрэн улсуудыг ангайлган би гэдэг “оргодол” баригдаад буулаа. Сониныхоо эрхлэгч рүү холбогдов. Тэд маань тал тал тийшээ ярьсан байх.Ингэж ингэж арай гэж галт тэргээ гүйцэж суулаа. Үнэхээр гутамшигтай байсан. Би адал явдалд хутгалдаж явдаг сэтгүүлч хүн ч ийм хүнд үедээ иргэнийхээ хувьд тэсвэрлэхийн аргагүй дарамтуудтай учирч сэтгэлээр навс унасан. Адал явдалд дуртай дуртай гэхэд даан ч хэрээс хэтэрсэн адал явдлууд ар араасаа надтай учирч байсан юм. Эхнийхээ хагалгаанд орж ирээд Улаанбаатарт хоёрхон хоноод эмнэлэг рүү явж байх замдаа нэг дэд сайдын машинд түг хийтэл мөргүүлчихсэн. Тэр хүн намайг сүржигнэлээ л гэж ойлгох байх. Гэхдээ би осолд орж хүнд бэртсэн, дээр нь хагалгаанаас дөнгөж гараад явж байсан өвчтөн гэдгийг ойлгоогүй. Одоо тэр мяндагтан “Би Ганчимэг сэтгүүлчийг гэж яаж мэддэг юм. Нэг харсан л царай байсан. Дараа ньхүмүүс утасдаад төвөгтэй байсан шүү” гэх ухааны юм яриад тууж явдаг гэнэ лээ. Өөр хэн нэгэн хүнийг мөргөсөн бол хамаагүй л юм шиг байгаа юм. Тэрний тарьсан балаг надад юу гээчийн нэмэлт шаналгаа авчирсныг тэр зүүдлэх ч үгүй яваа. Сонины юугаа ч мэдэхгүй ангайхаануудад л ослынхоо талаар элдэв дуулиан гарчих вий гэж утасдаад явсан байдаг юм. Гэхдээ намайг санаатай мөргөсөн биш. Би тайвширч, мартсан ч хөдөлгөөнд болгоомжтой оролцож байхгүй бол хүний амь насыг сүйтгэж тэрнээсээ эсэн юм гаргавал хэцүү шүү дээ. Ийм үг хэлсэнд уучлаарай. Тэр үед өөртэй нь уулзаад түс тас хэлчих боломж гараагүй учраас, бас тэрхүү мэдээлэл энд тэнд хэвлэгдэж дэл сул яриа чих дэлсэж байсан учраас бичлээ.
Цагдаагийнхан хувийн өс хонзонгоо ажилдаа битгий хутгаж байгаасай
Хөх хотын галт тэргэнд тал нь өвчин зовлон туссан улсууд, тал нь хятадууд л явдаг юм билээ. Тэдэнд хилийнхний томрох гэж хачин. Сар болоод буцахдаа ч би оргодол хэвээрээ л байна лээ. Бас л учирлаж байж нэвтэрсэн. Одоо гадагшаа явах эрхгүй. Хэдэн жилийн өмнө би “Өдрийн сонин”-д цагдаагийн нэг том даргыг хүн амины хэрэгт “сэжиглэж” нэгэн битүү үгтэй нийтлэл бичсэн юм. Одоо ч би тэр гэр бүлд эргэлздэг. Төрсөн дүүгээ байрандаа орхиод польшид хэдэн жил болоод иртэл, дүү нь ор сураггүй алга болсон байсан төдийгүй, байр нь тэр цагдаагийн даргын дүүгийн нэр дээр оччихсон жигтэй хэргийн улмаас надад нэгэн уншигч маань хандсан юм. Том дарга болохоор нь би нэр усыг нь зарласангүй. Гэхдээ өөрөө уншаад мэдрэхээр нийтлэл бичлээ. Сонирхолтой нь миний нийтлэл хэвлэгдэнгүүт мань хүн арга хэмжээ аваад нөгөө эмэгтэйд Дарханд байр аваад өгчихсөн. Мөн сонин явдал шүү. Нөгөө дүү нь одоо болтол гарч ирээгүй. Харин надад хандсан уншигч маань энэ сэдвээр ахиж ярих сонирхолгүй болчихсон. Үр дүнд нь тэр дарга надад хувийн хононтой л үлдсэн байх юм. Тэр хурандаа мөрдөн байцаах газрыг даргалж байхдаа миний нэрийг Громовын гомдлоор хил давуулж болохгүй гэсэн хар дансанд оруулаад тамгатай бичиг үйлдээд боомтууд руу явуулчихсан. Ийм юм байж болох уу. Намайг түүний мөрдөн байцаагч нэг ч удаа уулзаж асуугаагүй шүү дээ. Би эмнэлэг дээр ирээд мэдүүлэг авахыг зөвшөөрч л байсан. Цагдаа ингэж болохгүй ээ. Ийм муухай улсуудыг чимээгүй дэвшүүлээд л яваад байж болохгүй. Би генерал Д.Сандаг-Очирыг хүн сайтай, тулхтай хүн гэж боддог. Гэхдээ сүүлийн үед эргэлзэх санаа хэдэнтэй төрлөө. Том улс төртэй л зохицож чадвал бусад нь хамаагүй гэсэн нэг логикыг тэр хүн саарал байшинд хэдэн жил болохдоо олоод авчихсан юм шиг. Амьдрал тийм биш шүү дээ. Нийгмээ налж байж удирдах хүн явна. Улстөрчдийг биш. За энэ ч яахав. Генерал гялалзтал ажиллах л гоё. Тэгэхээр амжилт хүсэх ёстой байх.
Хөөрхий, бидний монголчууд
Ингэж хөглөж, будилж байж би Хөх хотод буулаа. Хөөрхий, хоёр дахь хагалгаа гэж ёстой аймшгийн ажиллагаа болсон доо. Наркоз хэмээх мэдээ алдуулдаг үйлчилгээ явагдсангүй. Мөнөөх эмч байн байн л “Мэнчүүрж байна уу” гээд л хашгирна.Тэр нь одоо мэдээ алдаж байна уу гэсэн л үг юм шиг байгаа юм. Үгүй ээ л гээд байлаа. Өчүүхэн төдий ч бадайрч, мэдээ алдаж өгдөггүй. Хүлээж тэсэхээ байсан уу, хэдэн талаас дарцгааж байгаад л зүсэж гарав. Болиоч ээ, энэ бол гэмт хэрэг. Би зүрх муутай, ухаан алдах нь, аймаар өвдөж байна. Зогсоож өгөөч” гэж хоолойгоо сөөтөл орилоод тусыг эс олов. Хадааснууд нь салж өгөхгүй сүүлдээ алхаар нүдэж, бараг мал гаргаж байгаа юм шиг үймээн болов. Бүтэн хоёр цаг гаруй үргэлжилсэн энэ хагалгаа намайг өндийх тэнхэлгүй болгосон. Даан ч дээ, би талын салхинд хулан шиг зоргоороо өссөн айлын өргөмөл ганц охин шүү дээ. Ингэж хэдэн хужаа нарын гарт тамлуулж байх гэж дээ гээд бодохоор л гол тасарчих шахсан.
Эх орондоо байсан бол ингэж зовоо ч билүү, үгүй ч билүү. Өөрийнхөө эмч нарт итгэсэн бол ийм аймаар юм үзээ ч билүү, үгүй ч билүү. Бас би тэдэнд сая саяын өртөг төлж байгаа шүү дээ. Уйлмаар байгаа биз.
Энэ бол ганцхан надад учирсан эмгэнэл биш. Олон мянган монгол хүний амсаж туулж яваа л зовлон. Энэ зовлон хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй. Хэзээ манай анагаах ухаан өөрийн ард түмнээс итгэлийг нь олж авах бол.
Бодохоос аймаар амьдрал ийнхүү үргэлжилж байна даа. Эрүүл мэндийн яамны сайд л солигдоод байдаг. Салбар нь шинэчлэгддэггүй. Одоо яах вэ.
Улаан-Баатар- Хөх хот 2008 он
(Тэмдэглэлийнхээ төгсгөлд би надад тусласан, намайг дэмжсэн, надад сайн сайхныг хүсч газар газраас мессеж нисгэж байсан, эргэж ирж байсан бүх уншигчиддаа, бас найз нөхөд, хамтран зүтгэгчид, ойр дотныхон хйигээд эмч, эмнэлгийн ажилтнуудад бүгдэд нь талархаж байгаагаа илэрхийлж байна. Та бүхний дэмжлэгээр би хөл дээрээ боссон шүү. Баярлалаа. )