“Ярилцъя” буланд маань энэ удаа Монголын ард түмний хайртай дуучин, МУ-ын гавъяат жүжигчин, хатагтай Т.Ариунаа уригдлаа. 


-Бид ярилцаагүй нэлээд хэдэн жил өнгөрчээ. Өнөөөр бидний уулзаж байгаа энэ үе бол таны амьдрал хүнд цохилтод орсон, эмзэг үе таарч байна. Тэгэхээр чухам юу болоод байна вэ, Ариунаа гэдэг асуултаар яриагаа эхэлье?

-Яг энэ үед намайг чи жаргалтай байна уу гэж асуувал мэдээж утгагүй зүйл болно. Бас та зовж байна уу гэж асуувал намайг тавласан, хэт хүн чанаргүй явдал болох байх л даа. Тийм болохоор надаас яаж асуух, юунаас эхлэх жаахан хэцүү байгааг би ойлгож байна. Би жаргаж байна хэлэхгүй. Би өнөөдөр зовж байна гэж хэлэхгүй. Гэхдээ надад хүнд байна гэдгийг нуухгүй. Хүнд элэг бүтэн амьдрал ямар чухал зүйл байдаг юм бэ гэдгийг би өнөөдөр өөрийнхөө туулж яваа амьдралаас харж байна. Ерөөсөө л хүнд элэг бүтэн амьдрал чухал юм байна гэдгийг ойлголоо. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр хүнд цаанаас заяагддаг ээж аавын хайр энэрэл гэж бий. Хүн бүхэн энийг мэднэ. Гэхдээ ээж, аавын өгсөн төрөхөд минь л заяасан тэр хайраас хойш ханийн хайр гэдэг зүйл хүний амьдралд  ямар үнэ цэнтэй, юугаар ч орлошгүй юм байдгийг бидний хэн маань ч ил гаргаж тэр бүр ярьдаггүй. Тэр бүр мэдэрдэггүй юм байна. 

-Таны нөхөр Г.Буяндорж хувийн хэвшлийн хүн. Төрийн албан тушаалтан биш. Өөрөөр хэлбэл улсын төсөвт хохирол учруулсан хүн биш гэж би харж байна. Яагаад барьж хорихдоо хүртэл тулчихав аа. Та тэр хүний хамгийн ойрын хүн. Түшиг тулгуур нь, нэг үгээр өрөөсөн багана нь шүү дээ. Тийм болохоор яг юу болоод байгааг ярьж өгөөч. Энэ талаар хэвлэлээр буруутай, зөрүүтэй олон мэдээлэл гарч байна шүү дээ?

-Бидний амьдрал олон нийтийн өмнө дэлгээтэй ном шиг байсангүй. Тэр бүр гарч ирээд амьдралаа үзүүлээд, яриад, нээлттэй байгаагүй учраас олон нийтийг өөрсдийнхөө талаарх мэдээллийн өлсгөлөнд оруулсан юм болов уу даа. Бид хаалттай байгаад байхаар олон түмний дунд дам ойлголтууд үүсч, ташаа, худлаа мэдээллүүд газар авч, төсөөллөөрөө л бичиж байдаг, тэрийг нь ард түмэн шууд хүлээгээд авчихдаг ийм байдал үүссэн байна.  Хэзээ ч бид олон нийтэд ил байгаагүй. Миний уран бүтээлийг эс тооцвол хувийн амьдралын маань талаарх бүх мэдээлэл хаалттай, бид ч тэрэнд ач холбогдол өгдөггүй явж ирсэн л дээ. Тэр дундаа миний хань бүр илүү далд, бүр илүү хаалттай байсан. Би Буяатайгаа 1996 онд танилцсан. Миний төрсөн өдрийн тоглолт байсан юм аа. Олон жил өнгөрч дээ. Тэр үед Буяа маань “СЭБ” ХХК-ыг байгуулаад удаагүй байсан. Тэр жилийг залуучуудын жил гээд зарлачихсан, залуучуудын бүх байгууллагууд янз бүрийн үйл ажиллагаа явуулж эхэлж байсан тийм цаг үе байсан. Би “Эрос 1” төрсөн өдрийн шоу тоглолтоо тавьж, тэр тоглолтыг маань манай Буяа Сэлэнгэ аймагт урьж иж бүрнээр нь тоглуулж байлаа. Ингэж л бидний түүх эхэлж байлаа. 

-Болгарьт долоон жил сураад ирчихсэн, цоо шинэхэн дуучин өрсөлдөөнд хөл тавьж  байсан үе биз дээ?

-Тийм. Тухайн үед Ардчилсан нам засаг барьж байсан. Тэгээд “Залуучуудын жил” болгож зарлаад л, шуугиан дуулиан бүх юм эхэлж байлаа. Ингээд хамгийн анхны хөдөө орон нутагт тавих тоглолтоо Сэлэнгэ аймгаас эхэлсэн. Тэр үед Сэлэнгэ аймагт миний тоглолтыг ивээн тэтгэх чадалтай, боломж бололцоотой компани нь Буяндоржийн компани байсан юм байна л даа. Тухайн үед “СЭБ” компани нь “Ноёд” нэртэй архийг худалдаанд гаргаж эхэлсэн ийм үе нь байсан. Одоогоос 17 жилийн өмнөх явдал юм даа. 

-Тухайн үед та Болгараас эстрадын дуучны академик боловсрол эзэмшээд ирчихсэн. Цоо шинэ, маш содон байсан. Бүх анхаарал тань дээр ирж байсан тийм үе.

-Үнэхээр тийм байсан. Бөөн мөрөөдөл, бөөн проект, бөөн эрч хүч ирж байлаа. Яг тэр үед “Энгүмэл” гэдэг нэг баар байсан юм аа. Одоогийнхоор бол pub юм даа. Хан-Уул дүүрэгт байсан. Тэр баарны эзэн нь газар тариалангийн салбарт нэлээд хүчээ авчихсан тийм хүн байсан. Би нэрийг нь сайн санахгүй байнаа. Тэгээд тэр хүн биднийг хүлээн авч уулзаад Г.Буяндорж гэдэг хүн таны тоглолтыг ивээн тэтгэх болсон, та Сэлэнгэ аймагт “Эрос 1” тоглолтоо тоглож болох уу гэж анх надад санал тавьж байсан юм. 

-Тэр болтол ивээн тэтгэгч залуугаа хараагүй байсан гэсэн үг үү?

-Хараагүй байсан. Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь надтай уулзаад манай нутгийн ийм нэр хүндтэй залуу чиний тоглолтыг ивээн тэтгэнээ,бүх бэлтгэлийг бид хангана гээд ингээд бид гэрээ хийж байсан. Ингээд би “Соёл-Эрдэнэ” хамтлагтай хамт хоёр өдөр Сэлэнгэд тоглож байсан. 

-Учиртай л байж дээ. Хөдөө орон нутагт тоглохдоо Сэлэнгээс анх эхэлж таардаг нь?

-Тийм шүү. Тухайн үед “Утасны дугаар”, “Үггүй мордсон чи минь” гээд миний тэр үеийн хит болж байсан дуунууд гарчихсан. Ид л залуучуудын аманд орчихсон байсан үе байлаа. 

-Галзууруулж байсан дуунууд шүү. “Талын цэцэг”-ийг санаж байна. Үнэхээр ханаруулж байсан?

-Тухайн үеийн хамгийн гоё дуунууд байсан. “Талын цэцэг” гэж таны хэлж байгаа тэр дууг манай “Никитон”-ы Бачка зохиосон. Одоогийн энэ цаг үед ч дуулагдаж л байгаа. Ард түмэн намайг үнэхээр аймаар хүлээж авсан. Тэр болгон дуучин хүн тэгж хаалга тогшилгүй, зүгээр л цөм цохиод гарч ирнэ гэж байдаггүй. Хүссэн болгоны хүрч чаддаг, хийж чаддаг амжилт үнэхээр биш байсан. 

-Сэлэнгэд очоод тоглосон анхны тэр тоглолт мэдээж пиг дүүрч байсан байх. Танд бол тоглолт тань амжилттай болох л чухал. Гэхдээ нөгөө ивээн тэтгэж урьсан нууцлаг залууг тэр анхны өдөр та олж харсан уу. Та хоёр хэзээ анх нүүр нүүрээ харсан юм бэ?

-Үгүй ээ, намайг Буяндорж өөрийн биеэр ирж, Улаанбаатарт уулзаад авч явсан юм. Анх харахад ноолууран хөх пальтотой хөх өнгийн “Опел” машинтай залуу намайг ирж авч байсан. Зургаа, долоон машинтай залуучууд намайг яг л одын маань тэр төвшинд асар хүндэтгэлтэй ирж авч байсан. Бүгдээрээ Буяагийн “СЭБ” компанийн залуус байсан. Одоо эргээд дурссан чинь сайхан байна шүү.  

-Тэгэхээр Буяндоржийг анх Улаанбаатарт харсан гэсэн үг үү?

-Тийм. Тоглолтыг маань ч үнэхээр гоё зохион байгуулсан. Анх харахад нүдэнд дулаанхан, нэг тийм чимээгүй, даруухан залуу байсан. 

-Угаасаа даруухан шүү дээ. Даруу биш хүн байсан бол өнөөдөр ингээд дарамтлуулаад байж байхгүй л байсан. 

-Тийм ээ, даруухан. Хэзээ ч тэр хүнийг аагалж, онгирч, сагсуурч, эзэрхийлж, хэн нэгнийг гутаан доромжилж, гүтгэж, дээрэмдэж дээрэлхэж яваагүй. Олон хүүхэдтэй, эгэл жирийн монгол айлд төрж хүмүүжсэн, гэр бүлдээ хайртай, ээж аавыгаа ачилж, дүү нараа хүмүүжүүлж, хань, үр хүүхдээ хайрлаж нөмөрлөж авч явж ирсэн жирийн сайхан монгол эр хүн. Манай хүн надад хэлдэг юм. Ариука чи минь л од шүү дээ. Чи минь л тэр чигээрээ бай. Энэ ард түмний хайртай охин нь, хайртай дуучин нь, хүндэлдэг од нь бай. Хайр нь чимээгүй л ар тал чинь болж, амьдралаа авч явж, чамайгаа түшиж тулж явъя даа гэж. (аяндаа л түүний нулимс сул асгарч байлаа) Тэр үг, тэр амлалтынхаа ард миний хань 17 жил цэх зогссон. 

-Тийм ээ, та өнөөдөр эмзэг байгаа. Хоёулаа сэдвээ өөрчлөе. Та 16 настайгаасаа дуулсан. Тэртээ үед л тухайн цагийн монголын нүүр царай болж байсан “Соёл-Эрдэнэ” хамтлагт дуулж байсан. Дараа нь Болгарьт сураад долоон жилийн дараа эх орондоо ирэхэд тань поп хатагтай Сарантуяа аль хэдийнэ од болчихсон байсан. Нэг ёсондоо Мөнх-Эрдэнэ арсланг Орост сурч дуусаад ирэхэд Бат-Эрдэнэ хэдийнэ аварга болчихсон байдаг шиг л. Гэхдээ та хүрч ирээд л од болсон. Анх ирээд харахад тэр үеийн эстрад урлагийн төвшин ямар байсан бэ. Өөр нүдээр харна шүү дээ?

-Хөгшин Европод боловсрол эзэмшээд ирлээ. Урт удаан энд байхгүй байсан шүү дээ. Ирээд монголынхоо хөрсөн дээр яаж буухаа би мэдэхгүй байсан. Гэхдээ би асар их эрч хүчтэйгээр монголын рок поп урлагт шинэ хөрс суулгаж, шинэ үр тарих юмсан гэж яарж байсан. Гэвч яаж эхлэхээ, юунаас эхлэхээ мэдэхгүй байсан. Нэг ёсондоо бүх юм миний хувьд шок байлаа. Би юм хийнэ, шинэ салхи болно. Шинэ үр суулгана. Шинэ шатанд гаргана л гэж зорьж тэмүүлж байснаас хэн нэгэнтэй “байлдах” тухай бодож байгаагүй. 

-Тэр үед хэвлэл мэдээллийн цоо шинэ харгис давалгаа эхэлчихсэн. Үргэлж танадаж, мөрдөж, үйлдэл болгоныг тань бичиж байсан. Энэ бүхэн хэцүү байсан уу?

-Тухайн үед шар хэвлэл, папараци гээд бүх юм дөнгөж үүсч эхэлж байлаа. Түүнийх нь ч гол бай нь би байсан. Өөрөөр хэлбэл, бүхий л тусгал нь над дээр ирж байсан. 
 

-Мэдээж хэцүү байсан байх. Гэхдээ таныг хэвлэлийг  шүүхэд өгөх гэх мэтээр тэмцэж байсныг санахгүй байна. Та тэвчээртэй шүү. 

-Хэзээ ч би сонин хэвлэлтэй шүүхдэж байгаагүй. Сүүлдээ дархлааждаг л даа. Би дархлаажсан. Бүгдийг зүрх сэтгэлдээ гүн хүлээж авахаа байсан. Нэг алдаа нь би улам далд, улам чимээгүй болсон. Хувийн амьдралынхаа хувьд шүү дээ. Үнэнээ ярьсан ч, эс ярьсан ч яг адилхан цохилтууд намайг салахгүй дагаж байсан учраас би хэвлэл мэдээллийн мөрдөлт мөшгилт, гүтгэлэг, дайралтыг сул хаясан. Ингэх нь тухайн үед хамгийн зөв шийдэл байсан байж ч болох юм. 

-Шинэ зах зээлд орж ирээд хамгийн анхны дуулсан дуу тань “Талын цэцэг” байсан санагдаж байна?

-Тийм. Анх “Саятан” гэдэг дууны уралдаанд орж байсан. анх сая төгрөгийн шагнал авч байлаа шүү дээ. 

-Тэр үед бол их мөнгө биз дээ?

-Их байлгүй яахав. Мөнгөө аваад шууд л аав ээждээ авчирч өгч байсан. Надад их ч урам өгсөн. 

-Гэхдээ та дунд сургуульд байхдаа л олны танил болчихсон байсан шүү дээ?

-Анх 15 настайдаа “Нарнй дуулал” хамтлагт орсон. Галмандах багштайгаа учирч, урлагийн амьдралын гараагаа эхэлж байлаа. Тэгээд л нөгөө алдарт “16 нас” дуугаа дуулаад л. Дунд сургуульд байхдаа л дуучны гараагаа эхлүүлсэн. Тэр мөчөөс хойш 30 жил өнгөрч дээ. 1985 онд сургуулиа төгсөөд би шууд “Соёл-Эрдэнэ”  хамтлагт анх дагалдан дуучнаар орж байлаа. 

-Аравдугаар ангиа төгсөөд сургууьд ороогүй дагалдан дуучин болж байсан байна. Та тийм сурлага муутай байсан юм уу. Энэ гэхдээ наргиа шүү.

-Авьяас бол төрмөл гэж би боддог. Намайг 15 настай байхад Галмандах багш маань дууны урлагт хөтөлж оруулж байлаа. Одоо эргээд харахад Галмандах багш маань ард түмэнтэй урлагийн хүн яаж харилцахаас өгсүүлээд дуулах боловсролын бүхий л анхны сууриудыг маань надад тэр үеэс олгосон байдаг. 

-Жаахаан балчир охинд.

-Тийм. Балчир охин байхаас минь тэр бүх юмыг надаар туулуулсан байгаа байхгүй юу. Урлагийн хүний хийх ёстой бүх субботникийг багш маань надаар хийлгэчихсэн байсан. Одоо эргээд бодож байхад миний багш үнэхээр ухаантай, агуу мэдрэмжтэй хүн байжээ. Галаа багш маань намайг уйгагүй хөдөлмөрч болгосон. Хөдөлмөрлөж сургасан. Ачаалал дааж, тэсч, туулж сургасан.  

-Хамгийн анхны дуулсан дуу чинь яг юу юм бэ?

-“Машина Временна” гээд Оросын тухайн үеийн алдартай рок хамтлагийн “Цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрдөг юм” гэдэг дууг орос хэлээр дуулж байсан.

-Таныг хүмүүс Болгариас ирээд л шууд эротик дуу дуулсан гэж андуураад байдаг. Уг нь “Талын цэцэг”, “Үггүй мордсон чи минь”-ийг дуулсны бүр дараа “Утасны дугаар”-ыг дуулсан биз дээ. Энэ үеэс л өнөөх алдартай гоё хөл, мини юбка гээд л шуугиан дуулиан эхэлсэн. 

-Хоёр дахь шинэ эхлэл. Мэргэжлийн дуучны хувьд жинхэнэ эхлэл байсан гэх юм даа. Эхлэл өөрөө ямар ойлголт билээ дээ. Эхлэлийг дагадаг бүх юм логикоороо л намайг барьж авсан. Зугтах аргагүй. Тийм бололцоо ч надад олгохгүйгээр нөмөрч авсан. 

-Филип Киркоров гэхэд л Болгарийн консерватурын коллежийг нь л дүүргэсэн. Харин та консерватурыг  бүтэн дүүргээд одоогоор бол бакалавр хангаад ирсэн. Энэ бол бас том хөдөлмөр биз дээ. Төгсч ирээд л шууд шинэ зах зээлд, шинэ өрсөлдөөнд явж орсон. Тэр үед Сарааг  та яг юу гэж хардаг байсан бэ. Хэвлэлүүд Сараа, Ариунаа гэдэг хоёр дүрийг насан туршид нь эсрэгцүүлэн тавьж ирлээ. Таныхаар Сараа тэр үед үнэхээр хүчирхэг дуучин болсон байсан уу. Түүнийг гүйцэж түрүүлэхэд хэцүү санагдаж байв уу. Та яг хоёргүй сэтгэлээр хариулаарай. Би тантай олон удаа ярилцлага хийсэн ч ийм асуулт тавьж байгаагүй?

-Тухайн үед би яг үнэндээ ийм хэмжээний дүгнэлт хийх чадваргүй байсан. Маш олон шинэ орчин намайг хүлээж авсан шүү дээ. Гэхдээ би тэр олон жил европын тэр алдартай консерватурт вакум орчинд суралцсан. Үнэхээр том ч сургууль. Би сургуулиараа бахархдаг. Тиймдээ ч би бардам харцтай ирсэн. Бардам нүдээр харсан. Тийм хэмжээний итгэл үнэмшил, тийм түвшний омогшил, тийм зиндааны боловсролыг аваад ирсэн учраас арга ч үгүй байсан байх. Би онгирч байгаа юм биш шүү. Гэхдээ миний түүхийн хамгийн чухал хэсэг сургууль минь, урлагийн боловсролыг олж авсан тэр он жилүүд минь шүү дээ. Би монголын рок поп урлагийг шинэ шатанд гаргана гэсэн зорилго, мөрөөдлөө л харж байснаас бус өөр юм харж байгаагүй. Сараа од болсон байсан уу гэвэл байсан. энийг би ч, хэн ч үгүйсгэхгүй. Энэ бол том хөдөлмөр шүү дээ.  

-Танай мэргэжлийн багш тань хэн гэж хүн байсан юм бэ?

-Парапанов гэж хүн байсан. Тухайн үед 60 гаруй настай байсан. Үнэхээр мундаг багш байсан. Одоо багш маань бурханы оронд одсон доо. 

-Залуудаа поп дуучин байсан хүн үү?

-Миний багш оперын дуучин хүн байсан. Басс баритон хоолойтой. Үнэхээр гайхамшигтай багш байсан. Тухайн үед надад монгол хүний ч юм уу нэг тийм заль байсан юм шиг байгаа юм. Надтай хамт Вьетнам, Солонгос, Грек гээд олон орны оюутнууд сурдаг байсан л даа. Би Парапанов багшийг тэр бүх оюутнуудтай ажиллаад дууссаны дараа хамгийн сүүлд нь хоолойныхоо дасгалд ордог байсан. Парапанов багш тэгээд л “Ариунаа бид хоёр чинь найзууд биз дээ. Чи надад итгэдэг биз дээ” гээд л асуудагсан. Би итгэдэг л гэнэ. Тэгвэл чи яагаад дандаа хамгийн сүүлд орж ирдэг юм бэ гэнэ. Нэг ёсондоо надад дутуу заачих вий гэж бодоод, багшдаа итгэхгүй заавал хамгийн сүүлд нь ордог байсан байхгүй юу. Нөгөө талаас хамгийн сүүлчийн цагийг сунгаж болдог. Тийм үү. 

-Хамгийн сүүлийн цагийг сунгаж болдог гэж гоё үг байна. Нээрээ тийм юм байна. Энэ бол залуу хүн сурч боловсрохын төлөө явж байгаа шунал байх. Харин амьдрал дээрх таны шунал юу вэ. Мэдээж та мэргэжлийнхээ карьерт шунасан байх. Тиймдээ ч одоогийн энэ өндөрлөгт хүрсэн байх. Түүнээс өөр шунал юу вэ?

-Би ганцхан үнэнд л шунасан. Өөрөөр хэлбэл, багш надад үнэн зааж байна уу үгүй юу, надад дутуу зааж байна уу үгүй юу гэдэг тэр үнэнд л шунасан байхгүй юу. Багш маань надад хэлж байсан. Ариунаа чи монголын том од дуучин болохоороо надад нэг ил захидал л явуулаарай гэж. Гэвч би багшдаа тэр ил захидлыг явуулаагүй. 

-Яагаад?

-Өөрийнхөө амжилтад хангалттай дүн тавьж чадахгүй байсан учраас, өөрийнхөө амжилтыг үнэлхээс айж байсан учраас би багшдаа надад тэгж их захьсан ил захидлыг илгээж зүрхлээгүй. 
 
-Одоо харамсдаг уу?

-Харамсдаг. Багш маань тэнгэрийн оронд очсон байна. Би амьд сэрүүнд нь багш аа би чадсан шүү. Би таны хүсч байснаар од боллоо гэсэн хэдхэн үгтэй ил захидлыг илгээчихгүй яав даа гэж харамсдаг.  

-Нэг хэсэг өөрийн чинь явсан, суусан газар болгон хэвлэл мэдээллийнхэн дагадаг байлаа шүү дээ. Хамгийн анх од болоод, дээшээ тасрах тэр мэдрэмж ямар байсан бэ. Нэг бодлын амар тайван байдлыг тань эвдэж байгаа ч нөгөө бодлын кайф байх л даа?

-Миний бодож байснаар байгаагүй. Би хайртай хүнтэйгээ учирч, түүнтэйгээ гэрлэхэд ч хэвийн байдлаар хүлээж аваагүй. Үргэлж гүтгэж, ардаас нь өө сэв хайж байсан. 

-Хайртай хүнтэйгээ гэрлэх гоё байх л даа. Та үнэхээр хайртай болоод, түүнд  галзууртлаа дурлаад л гэрлэсэн үү?

-Би хайртай хүнтэйгээ суусан. Энэ бол учрал байсан. Энэ бол хувь тавилан байсан. Хайрласан, дурласан. Ямар ч эргэлзээ байгаагүй. 

-Миний асуултууд таны хүсээгүй асуултууд байж магадгүй. Гэхдээ бид хоёр нээлттэй ингэж илэн далангүй ярилцаагүй удсан байна. Тийм болохоор ойлгоорой. Нөгөө талаас сэтгэл санааны тань эмзэг үеийг ашиглая гэж би ерөөсөө бодоогүй шүү. Зүгээр л монголынхоо нэгэн гоё од-той илэн далангүй ярилцъя гэж бодож байна. 

-Ганаа чи үргэлж л хүсээгүй асуулт тавьдаг, үргэлж л өдөөж хатгаж байдаг. Энэ ажил чинь болохоор би ойлгож байна. Гэхдээ миний сэтгэл зүрх өнөөдөр маш их өвдөж байна. Миний энэ өвдөлт, гуниг, ганцаардлыг хэн ч яг над шиг мэдрэхгүй шүү дээ.  

-Таныг нөхрийнхөө бизнест оролцдоггүй. Өөрийнхөө урлагийн карьерыг илүүд тавьдаг. Г.Буяндорж ч гэсэн таны урлагийн амьдралын төлөө бүгдийг зориулдагийг би мэднэ. Харин өнөөдөр гэнэт дуучин Ариунаагийн нөхөр гэж монголд байхгүй “луйварчин” болчихлоо. Гэсэн хэрнээ байгуулаад өдий хүртэл явж ирсэн  компани нь хүртэл өөр хүний нэр дээр шилжчихсэн тууж явах ч шиг.  “Ноёд” чинь тэр Билэгт гэдэг хүнийх болчихсон юм биш үү. Би тантай 17 жилийн өмнө уулзаж байхад л таны нөхрийн компани “Ноёд” гэж байсан. Бид энэ тухай ч ярилцаж байсан. Гэтэл өнөөдөр яагаад дундаас нь шинэ эзэн гараад ирэв ээ. Ер нь Буяа танд бизнесийнхээ нарийн ширийнийг ярьдаг байсан уу?

-Яагаад өнөөдөр энэ нийгэмд үнэн гэдэг ойлголт ийм үнэ цэнгүй, ийм хямдхан нурааж болдог зүйл болчихсон юм бэ. Энэ бол үнэхээр монголын эмгэнэл болчихоод байна шүү дээ. Амьдрал бол үнэн дээр л орших ёстой. Монголчууд үнэнийг хоймортоо залсан ард түмэн байсан. Гэтэл юуг залдаг болчихов лл. Худал хуурмагийг, луйварыг, хууран мэхлэлтийг, дээрмийг залдаг болж байгаа юм уу. Тэгвэл энэ амьдрал юу болж хувирах юм бэ. Хүчирхийлэл хүчирхийлийг л дагуулдаг. Хүний бүхэл бүтэн үеийг, амьдралын түүхийг нь, бүтээж босгосныг нь хулгайлж болохгүй шүү дээ.  Би Буяаг “СЭБ” компанийг байгуулаад ажиллаж байхад нь танилцаж байсан. Дараа нь, “Да Мон тред” гэдэг үйлдвэр Дарханд байгуулж байсан. дараа нь “Ноёд”-ыг байгуулсан. Бүх түүх нь бидний амьдралын түүх. Хамтын түүх. Энэ түүхийг хэн нэгэн гарч ирээд л хулгайлчихаж болох уу. Захиалгаар эзнийг нь шоронд хийж байгаад л юмыг нь эзэрхийлэн авч байна шүү дээ. Өнөөдөр манай нөхөр хохирогч. Гэтэл хохирогчийг хорьж цагдаад, хохироогч нь хүслээ хангаад л явж байна. Ахин хэлье, миний хань хохирогч. Бусдад эд хөрөнгөө алдсан хүн гэмт хэрэгтэн болчихдог ёс хаана байдаг юм бэ. Билэгт бол хуурамч хохирогч. Өнөөдөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүс, худалдагдсан албан тушаалтнууд бусдын хувь заяаг хүслээрээ шийддэг, нэр төрд нь халддаг, хэлмэгдүүлдэг болжээ. 

-Нэг хэвлэлээс уншсан ярилцлагаас бол Билэгт гэдэг хүн Буяндорж, Ариунаа хоёрын амьдралыг бараг авч явж байсан, бизнесийн хямралын үед нь өгөөмөр гараа сунгасан аврагч юм байна гэж ойлгосон. Та тэр хүнийг таньдаг байсан уу?

-Бүх зүйлийг эхлэлээс нь л хайх хэрэгтэй. Эхлэл нь яг юу байсан юм. Буяндорж гэдэг хүн хаанаас компаниа үүсгэн байгуулсан юм. “СЭБ” компани хаанаас үүссэн юм. Дараа нь, Ариунаа гэдэг хүнтэй яаж танилцсан юм. Энэ чинь өөрөө түүх шүү дээ. Энэ түүхийг Билэгт гэдэг хүн яаж ч чадахгүй. Тэр хүн мэдэхгүй шүү дээ. Бидний түүхийг Билэгт гэдэг хүн төлөөлж ярьж байгаа бол үнэхээр харамсалтай байна. Би тийм хүн танихгүй. 

-Та өнөөдөр наашаа ямар машинаар ирсэн бэ?

-Найзынхаа машинаар ирлээ. 

-Таны машин хаачсан юм бэ. Машиныг чинь хүртэл хураасан гэж бичээд байх юм?

-Миний машиныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хураасан. 

-Тэр чинь таны өмч биз дээ. Яагаад хураасан гэж. Энэ хууль бус явдал юм биш үү?

-Хуваарьт өмч гэдэг ойлголт байдаг юм байна. Бид ерөөсөө хуулиа мэддэггүй юм байна. Манай компанид тодорхой төлөх ёстой өр байсан. тэрэнд хураасан. Бас энэ үед давхцуулсан нь нэг төрлийн дарангуйлал доромжлол л юм даа. Гэхдээ яах вэ. 

-Би бол үүнийг хууль бус гэж харж байна. Хэрвээ миний нөхөр ямар нэгэн байдлаар асуудал үүсгэвэл миний машиныг ирээд ачаад явах юм бол би үнэхээр ойлгож рүлээж авч чадахгүй юм байна. Та үүнийг ямар утгаар нь ойлгоод байгаа юм бэ?

-Би эхнэр хүн учраас нөхрөө л хамгаална. Энэ хорвоод миний голоо гогодон байж эцсээ хүртэл хамгаалах хайрлах хүн бол миний хань, миний гэр бүл. Тийм учраас би нөхрийн маань асуудал надад хамаагүй, би машинаа хураалгахгүй гэж хэзээ ч хэлэхгүй. Авдаг юм байвал авна л биз. Миний ханийг, миний гэр бүлийг л авч болохгүй. 

-Танай гэрийг битүүмжилсэн гэж үнэн үү. Та гэртээ хонож байгаа юу?

-Би гэртээ амьдарч байгаа. Битүүмжлээгүй. Ташаа олон мэдээлэл цацагдаж байна. Бүгд захиалгатай гэдгийг би харж байна. 

-Таны гадаад явах эрхийг хассан гэж ярих юм. Энэ үнэн үү. Таны эрх бол тусдаа эрх биз дээ. Яагаад тэгэх ёстой гэж?

-Худлаа. Хасаагүй. Миний эрх тусдаа эрх ч бидний амь, амьдрал нэг. 

-Бас таныг архичин болсон гэж бичсэн байсан?

-Монголын рок попын ертөнцөд би хамгийн жудагтай, хамгийн ёс журамтай явж ирсэн дуучин. Энэ үгийг бардам хэлнэ. Арай ингэж миний нэр төрд халдаж болохгүй шүү дээ. Би энэ ард түмэнд хайрлагдсан дуучин шигээ энэ ард түмнийг хайрласан дуучин. Хайраа хэзээ ч ард түмнээс харамлаж яваагүй. Гэтэл миний амьдрал ийм цохилтод орсон үед миний туулж яваа зовлонгоор жаргал хийх сэтгэл хэнд хаана байдаг юм бол доо. 

-Таныг шүүмжилмээр байна. Та яг л депутат шиг амьдардаг. Яагаад вэ. Уусан ч яадаг юм. Юунд нь ингэж их эмзэглэнэ вэ?

-Би 30 жил юуны төлөө дуулсан юм бэ. (уйлав) Миний алдар нэр хий хоосон зүйл байсан юм байна гэдгийг би ойлголоо. Хэн нь ч миний төлөө дуугардаггүй юм байна. Хэн ч миний зовлонг хуваалцдаггүй юм байна. Яг ийм цаг үед хүний мөс чанар танигддаг юм байна. Нөгөө ёстой жудагтай монгол хүн хааччихсан юм бэ. Яагаад бид бие биендээ ийм хайргүй болцгоочихсон юм бэ. Яагаад бид бусдыг бүдэрхэд таашаал авдаг болчихов оо. Над руу зовлон үзсэнээрээ манай Харангын Лхагваа, Баавар хоёр хамгийн их ярьж зөвлөж, тусалж байгаа. Балхаа ах, Өөжгий, Нью старын Мандах энэ хэд л ярьсан. Гэтэл над дээр босч ирсэн, амьдралаа тэтгүүлж, хамт уран бүтээл хийж явсан зарим нэг хүн ганц утасдаа ч үгүй. Би нэг зүйлийг хэлмээр байна. Та намайг жаргалтай байна уу гэж асуух гээд байна уу.

-Үгүй, үгүй. Тийм биш шүү. Яагаад та тэгж бодоо вэ?

-Би 30 жил дуулсан дуучин хүн. Би нэр алдартай хүн. Надад энэ ард түмэн бас хайртай. Тэгэхээр миний туулж байгаа зовлонг хуваалцдаггүй юм гэхэд битгий нэрмээрэй. Битгий нэмээрэй. Би нэгхэн сарын дотор хоёр хүүгийнхээ харц доошоо унахыг харлаа. Миний үс бууралтлаа. Би нойтон дэртэй хонож байна. Энэ бол хүний амьдрал шүү. Алддаггүй, онодоггүй хүн гэж байхгүй. Бид цөөхүүлээ. Битгий нэг нэгийгээ харгисла. Битгий хэлмэгдүүл. Би энийг л хүсч байна. Шударга нь шударга бусыгаа дийлдэг. Шударга туяатай ийм нийгэмд амьдрахыг хүсч байна. 

-Таныг сэтгэл санааны тэнцвэрээ маш сайн барьж байна гэж харж байна. Та тэсч гарах байх. Та чаднаа.

-Би өнөөдрийн байдлаар маш зовлонтой эмэгтэй болчихлоо. Элэг бүтэн амьдарна гэдэг л энэ хорвоогийн хамгийн том аз жаргал юм байна. Би ханийгаа маш их санаж байна. Тэр хүн миний амьдралд хэн байсныг илүү их ойлгож байна. Миний төлөө л амьдарсан, үргэлж миний нөхөр байсныхаа төлөө муу хэлүүлж, бичүүлж, доромжлуулж ирсэн түүнийгээ би өрөвдөн хайрлаж байна. Надтай учирч, амьдарч ханилаагүй бол ийм юм туулахгүй байсан. Би түүнийгээ үнэхээр их зовоож байгаадаа харамсч байна. Аав ээжийгээ нэг дор алдчихаад ханийнхаа охин нь болсон би. Хань минь миний аав, ээж болсон. Бидний амьдрал ийм л амьдрал шүү дээ. (уйлав)

-Таны нөхөр хоригдоод сар гаруй болж байна. Та уулзсан уу?

-Уулзаагүй. Намайг битгий ир гэсэн. Чамайгаа их зовоож байна даа. Ийм газар хүртэл би ирүүлмээргүй байна гэж хэлсэн.  

-Утсаар ч яриагүй гэж үү?

-Яриагүй. Гэхдээ үнэн ялна. Яагаад гэвэл үнэн байгаа болохоор. Би зөвхөн өмгөөлөгчөөрөө дамжуулж л харилцаж байгаа.

-Зөвшөөрөл өгвөл уулзуулах л байх даа?

-Тийм гэсэн. Гэхдээ нэг л удаа уулзуулдаг гэнэ лээ.

-Яагаад битгий ир гэсэн юм бол?

-Намайг хайрласандаа л тэгсэн байх.

-Яг ингэж хэлнэ гэж бодож байлаа.

-Миний алдар нэрний дор миний хань зовж байна. Хэрвээ жирийн хүн байсан бол Буяндорж ингэж явахгүй байсан байх. Би ханьдаа хэлсэн. Би чамтай юу гэж суув даа. Чи жирийн хүнтэй амьдарсан байсан бол ингэж зовохгүй байх байсан гэж. Буяндорж миний даль жигүүр юм байна. Өнөөдөр би далавчгүй шувуу шиг байна. Би ханийнхаа хайр халамжин дунд хэтэрхий танхил, гэнэн явж иржээ. Бид хашир байх ёстой байж. Бид муу санаатай байх ёстой байж.  

-Том хүүгийн тань ярилцлагыг уншлаа. Та бол хатуу үгээр хэлэхэд хойд ээж шүү дээ. Гэхдээ таныг тэр хүүгийн жинхэнэ ээж болжээ гэдгийг харсан?

-Би Алдараадаа хэлдэг юм. Чи азтай хүү шүү. Чамд хоёр ээж байна. Нэг нь чамайг төрүүлсэн ээж, нөгөө нь чамайг өсгөсөн ээж чинь. Тэгэхээр миний хүү азтай хүү шүү гэж.  


Хоёрын хоёр сайхан хүүгийн ээж, бидний хайртай дуучин Ариунаатай амьдралынх нь хүнд хэцүү үед  сэтгэл зүрхээ уудлан ийнхүү хөөрөлдлөө. Бидний ярианд инээд байсангүй. Инээх үе гэхдээ удахгүй ирнээ. Ариунаагаа үргэлж инээж яваасай гэж чин зүрхнээсээ хүснэм, би. 
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав