Намрын эхэн сар. Намар гэж хэн ч анзаарахгүй юм даа. Гадаа яг л зуны өдрүүд шиг болохоор тэр шүү дээ. Наймдугаар сарын 8-ны энэ өдөр хэн нэгний тухай дурсамжийн шаргал навчис Улаанбаатар хотын хаа нэгтээ аядуухан, аниргүй хөглөрнө. Тэр навчсын багахан хэсгээс барьж үзэхийн тулд “Чингис соосэ” цогцолбор номын санг зорилоо.
Энд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаа агсны “Элегия хязгааргүй” номын нээлт, хүндэтгэлийн ёслол боллоо. Түүний шавь нар нь багшийнхаа гэгээн дурсгалд зориулан шүлгийн түүврийг нь хэвлэн гаргажээ.
Өмнө нь хоёр гурван номын нээлтэд очиж байсан болохоор ийм үйл ажиллагааг бага сага гадарлана. Нүдэн баримжаагаар бол их ч биш бас бага ч биш хүн цуглажээ. Ихэнхдээ шавь нар, хүндэлж хайрлаж явдаг сонсогч, уншигчид нь ирэв. Гэзгэнд нь цагаан сор суусан ахмадууд “Миний багш”, “Багш бид хоёр” гэлцэхдээ эргээд хүүхэд насандаа очсон аятай томоогүйхэн харагдана. Хэдэн жил уулзаагүй хүмүүс хүртэл өнөөдөр уулзаж байна. Ингээд бодохоор цаг хугацаа гэгч бүгдийг хаман оддог нь үнэн юм даа.
Бичгийн хүн учраас номын санд нээлтийг нь хийсэн байх гэж бодож суулаа. Гэвч өөр шалтгаантай байжээ. Л.Нямаа агсан мэнд сэрүүн байх ахуйдаа энэ танхимын бүх номыг уншиж, гол зүйлсийг нь тодруулагчаар тодруулан тэмдэглэл хөтөлж үлдээсэн гэнэ. Үнэхээрийн ном эрдэмд нэвтэрхий хүн байжээ. Үлдээсэн зүйл нь хүртэл зах хязгааргүй тэнгэрийн дайтай юм.
“Элегия хязгааргүй”... Элегия... Өрнө дахинд “элегия” хэмээн нэрлэдэг гүн ухааны бодол, эргэцүүлэл, бясалгал, ухаарал, сэтгэл хөдлөлийн өнгө аяс бүхий өвөрмөц шүлгийн төрлөөр дагнан бичсэнээрээ уг ном онцлогтой.
Уух зүйл төрөл төрлөөрөө байгаа ч айраг, цай хоёр нүдэнд онцгойрон тусна. Зарим ийм үйл ажиллагаа зөвхөн ус, тэгээд хэн нь мэдэгдэхгүй хүн хоёр гурван цагаар бас юу нь мэдэгдэхгүй зүйлийн тухай ярьдаг даа. Гэтэл энд харин үгүй. Нээрээ ч хэний номын нээлт билээ дээ гэж дотроо уужуухан бодол болов. Олон сайхан амттан, хоол ундны дотроом Буриад ястны онцлог идээнүүдийн нэг “мойлтой тос” бас онцгойрч үзэгдэнэ.
Ийнхүү идээ цагаа, ирсэн гарсан хүн амьтныг ажиглаж суух зуур ёслол ид дундаа оржээ. Олон хүмүүс индэр дээр гарч дурсамжаа хуваалцана. Зарим шавь нартаа захиас захиж, заримд нь зөвлөж, тэднийг чиглүүлж өгөөд буцжээ, энэ эрхэм. Хамгийн сонирхолтой нь удирдах албан тушаалд байдаг шавь нартаа “Аливаа сургуулийн нойл хамгийн сайхан, цэвэрхэн газар байх ёстой шүү” гэж захисан байна.
Яруу найрагчийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн үйл ажиллагаа учраас шүлэггүйгээр яахин төсөөлж болох билээ. Түүний шавь С.Наранчимэг багшдаа зориулан бичсэн шүлгээ уншив. Тэр нь “Гунигийн байшин” нэртэй.
Мишигийн Цэдэндоржийн хөргөөр гэрээ гоёдог
Жигүүрээ хумьсан ганцаардмал үдшээр тэднийх
Жимбүүрийн ая сааралттал үзэгдээд...
Хурмастын заадасны дааман хаалгаар
Харвасан одны суунаг жимээр
Хуудас цаасан дээр бичмээргүй үгсийг танайх руу
Хөлөртөл нь атгаж би шүлгэн замаар гүйдэг
Билгийн улирлын шинийн нэгэнд ганцхан удаа
Би танайх руу хадган замаар алхдаг
Миний багшийн амьдардаг гунигийн байшин
Манайхаас шүлэг бичихийн зайд оршдог
Л.Нямаа багш энэ шүлгийг өөрийн дэвтэр дээрээ “Надад зориулсан шүлгүүдээс хамгийн сайн нь энэ шүлэг” гэж тэмдэглээд гарын үсгээ зуран үлдээсэн тухай шавь Г.Сонинбаяр нь хуваалцлаа.
Мөн Монголын уран зохиолд долоон Нямаа байдгаас хамгийн отгон нь буюу Дан.Нямаа ирж үг хэлсэн нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөөд авлаа. “Дурсамж үгүй бол хүний амьдрал үгүй. Дурсамж дурсагдаж байгаа цагт хүн амьд. Тиймээс Монголын уран зохиолын долоон Нямаа ямагт амьд шүү” гэв.
Өмнө минь байгаа Гэлэн хөшөөний зурагтай, хүрэн улаан хавтастай номыг сөхөн харвал “Итгэл Хамбын гэрээслэл” номын нээж бичсэн шүлэг хэмээх шүлэгтээ:
Мөдхөн та нартаа эргэж ирнэ
Сая сая хүний сэтгэл оюун ариусах
Сайн цагийг би харж байнам” хэмээжээ.
Үнэхээр л ямар нэгэн сайн цагийн салхи энэ номын гуниг нэвтэрсэн шүлгүүдээс үзэгдэх шиг итгэл төрүүлнэ. Он цагийн дундуур зорчихдоо ямагт оюуны их замаар туучсан Л.Нямаагийн шаналан, сэтгэлгээний өвөрмөц дууллыг оршоосон тус номыг цүнхлээд гарахуйд нэг л их уртаар санаа алдаж. Тэр нь сайн сайхныг үзэх итгэл дотор нь бүрэлдсэн хүний уужимхан санаа алдалт байлаа.
А.Даваадулам