Монгол Улс нь зэс, нүүрс, алт, уран, газрын ховор элемент зэрэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын арвин нөөцтэй. Эдгээр баялаг нь улс орны эдийн засгийн гол тулгуур болж, жил бүр их хэмжээний орлого бий болгодог. Гэсэн хэдий ч энэ орлогыг хэрхэн удирдах, хуваарилах вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр л байна. Стратегийн ордуудын орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, нийт иргэддээ тэгш хүртээх нь ядуурлыг бууруулж, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд томоохон алхам болно. Харин энэ баялгийг цөөн эрх мэдэлтэн эзэмшээд байвал Конго улсын нэгэн адил иргэд ядуурч, эрх баригчид баяжин, гадаадад тансаг үл хөдлөхүүдэд хөрөнгө оруулалт болоод л дуусах нь.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (DRC) нь дэлхийн хамгийн том зэс, кобальтын нөөцтэй орнуудын нэг юм. Эдгээр эрдэс баялаг нь орчин үеийн технологийн салшгүй хэсэг болдог. Тэр дундаа кобальт нь батерейны гол түүхий эд болгон ашигладаг. Цахилгаан автомашин, ухаантай утас, компьютер зэрэгт зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн кобальтыг ган болон бусад металлтай хольж, онгоцны хөдөлгүүр, эмнэлгийн багаж хэрэгсэл зэрэгт ашигладаг бат бөх хайлш үйлдвэрлэдэг. Түүнчлэн кобальтын нэгдлүүдийг тод хөх, ногоон өнгө гаргахад ашиглаж, керамик, шил, уран зургийн үйлдвэрлэлд ч хэрэглэдэг. Хүний биед ч хэрэгтэй. Тухайлбал, кобальт нь В12 витамины (кобаламин) бүрэлдэхүүнд ордог бөгөөд хүний биед бага хэмжээгээр шаардлагатай. Энэ мэтчилэн эрэлт ихтэй эрдэс юм. Өдгөө дэлхийн нийт кобальтын 60-65%-ийг Конгоос олборлож байна.
Гэсэн хэдий ч энэ баялаг улс дэлхийн хамгийн ядуу таван орны нэг хэвээр байна. Хачирхалтай нь, Конго Улсын уул уурхайгаас олдог олон тэрбум ам.долларын орлого тус улсын хөгжилд биш, харин оффшор данс руу урсаж, цөөн хэдэн эрх мэдэлтэй хүмүүсийн халаасыг дүүргэдэг тухай олон улсын судалгаа, мэдээллийн ил болголтууд харуулсаар байна. Энэхүү нийтлэлд бид Ерөнхийлөгч Жозеф Кабилагийн (2001–2019) гэр бүл болон түүний тойрон хүрээлэгчид уул уурхайн гэрээнүүдээр дамжуулан хэрхэн баяжсан түүхийг авч үзнэ.
Арвин нөөц, ядуу ард түмэн
Олон улсын судалгаагаар тус улсын ашиглагдаагүй ашигт малтмалын нөөцийн үнэлгээ 24 их наяд ам.долларыг давна гэж тооцогддог. Гэвч энэ баялаг ард түмний амьдралыг дээшлүүлэхийн оронд улс төрийн элитүүдийнх нь баяжих хэрэгсэл болсоор иржээ. Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины эрэлт нэмэгдсэнээр кобальтын хэрэгцээ өсөж, гадаадын уул уурхайн компаниуд Конгод үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн ч, энэ үйл явцад хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг, байгаль орчны сүйрэл, тэгш бус гэрээ зэрэг асуудлууд яригдсаар байна.
Конго улсын ашигт малтмалаас олдог орлогын тодорхой хэмжээг нарийн тооцоолох нь хүндрэлтэй, учир нь авлига, албан бус олборлолт, оффшор данс руу урсдаг хөрөнгө зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан албан ёсны статистик бүрэн ил тод бус байдаг. Олон улсын эх сурвалжуудын мэдээллээс үзвэл, Конго улсын уул уурхайн салбар нь жилдээ хэдэн арван тэрбум ам.долларын орлого олдог гэсэн тооцоо бий. Жишээлбэл, 2016 оны мэдээллээр уул уурхайн салбар (11.6 тэрбум ам.долларын экспорттой) тус улсын экспортын 95%, төсвийн орлогын 28%, ДНБ-ий 20%-ийг бүрдүүлж байжээ. Гэвч энэ орлогын ихэнх хэсэг гадаадын компаниуд, эрх мэдэлтэй цөөн хэдэн хүмүүсийн гарт төвлөрч, улсын төсөвт ердөө багахан хэсэг (жилд 3-5 тэрбум ам.доллар орчим) үлддэг гэсэн судалгаа байдаг.
Ялангуяа кобальтын зах зээлд Конго дэлхийн нийлүүлэлтийн 60-65%-ийг хангадаг бөгөөд 2022 онд 130 мянган тонн кобальт үйлдвэрлэсэн нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 68%-ийг эзэлжээ. Кобальтын дэлхийн зах зээлийн үнэ 2024 онд тонн тутамдаа 30,000-40,000 ам.доллар орчим байсан гэж тооцвол зөвхөн кобальтоос жилд 4-5 тэрбум ам.долларын орлого олоход хүрдэг гэсэн үг. Зэс болон бусад ашигт малтмалыг нэмбэл энэ тоо хэд дахин өснө. Гэсэн ч энэ орлогын дийлэнх хэсэг тус улсын хөгжилд бус, хувийн хэвшил болон оффшор данс руу чиглэдэг гэдэг нь олон судалгаагаар нотлогдсон. Товчхондоо, Конго улс ашигт малтмалаасаа жилд 20-30 тэрбум ам.долларын орлого олдог гэсэн тооцоо байдаг ч түүний ихэнх нь албан бус сувгаар гадагш урсдаг тул улсын төсөвт бодитой ордог хэмжээ харьцангуй бага (3-5 тэрбум ам.доллар) байна. Энэ нь тус улсын ядуурлын түвшин өндөр хэвээр байгаагийн нэг шалтгаан юм.
Өдгөө тус улсын хүн амын тоо 108 сая орчим байна. Хүн амын 46% нь 15-аас доош насны хүүхдүүд бөгөөд энэ нь дэлхийн хамгийн өндөр хүүхдийн хувьтай улсуудын нэг болгодог.
Баялгаас маш их ашиг олдог ч Конго Улс дэлхийн хамгийн ядуу таван орны нэгт тооцогддог. Хүн амын Хөгжлийн индекс (HDI) 0.479 (2023 он) буюу 189 орноос 175-д жагсдаг. Энэ нь амьжиргааны түвшин маш доогуур байгаагийн илрэл. Хоол тэжээлийн дутагдалд хүн амынх нь 69% орчим хамрагддаг учраас 5 хүртэлх насны хүүхдүүдийн 43% нь өсөлтийн хоцрогдолтой байна.
Сарын дундаж орлого
Конгод албан ёсны дундаж орлогыг тооцоход хэцүү, учир нь хүн амын 90% нь албан бус салбарт ажилладаг. Дэлхийн Банкнаас 2023 онд нэг хүнд ногдох жилийн орлого 630 ам.доллар буюу сард 52.5 ам.доллартай тэнцэнэ гэж байсан нь туйлын ядуу гэсэн үг юм. Гэхдээ энэ тоо албан ёсны салбарт ажиллагчдад илүү хамаатай. Албан бус салбарт ажиллагчдын ихэнх нь өдөрт 2.15 ам.доллараас бага (сард 64 ам.доллар хүрэхгүй) орлоготой. Хөдөө орон нутгийн гэр бүлд шаардлагатай "амьжиргааны орлого" (living income) 2023 онд сард 161 евро (ойролцоогоор 170 ам.доллар) байсан ч бодит орлого үүнээс хамаагүй бага байна.
Боловсролын хүртээмж
Конгод боловсролын хүртээмж хязгаарлагдмал. Хүн амын 46% нь 15-аас доош насны хүүхэд байгаа ч сургуулийн систем хүн амын өсөлтийг гүйцэхгүй байна. ЮНИСЕФ-ийн мэдээллээр бага боловсролын сургалтад хамрагдах хувь (net enrollment) 70% орчим байдаг ч олон хүүхэд сургуулиа төгсдөггүй. Насанд хүрэгчдийн бичиг үсгийн түвшин 76% орчим (2020 он), гэхдээ эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт бага. Дээд боловсролд хамрагдагс ердөө 6-7% байна. Тогтворгүй байдал, санхүүжилт дутмаг, багш нарын хомсдол зэрэг нь боловсролын чанарыг муутгасаар байна.
Эрүүл мэндийн хүртээмж
Эрүүл мэндийн салбарын хүртээмж маш муу. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (WHO) мэдээллээр эмнэлгийн тоног төхөөрөмж, эм хангамж хангалтгүй, эмч нарын тоо хүрэлцээгүй байна. Хүн амын 74% нь эрүүл мэндийн төвөөс 5 км-ээс хол амьдардаг. Хүүхдийн эндэгдэл өндөр. 1000 төрөлт тутамд 67 хүүхэд 5 нас хүрэхээсээ өмнө нас бардаг гэсэн судалгаа бий. Төрөх үеийн эхийн эндэгдэл ч өндөр (1:24 эмэгтэй нас барах эрсдэлтэй). Маляри нь хүн амын 11%-д нөлөөлдөг бөгөөд дэлхийд хоёрт ордог. (Маляри гэдэг нь шумуулын хазалтаар дамжин хүнд халдварладаг паразит өвчин юм. 5 хүртэлх насны хүүхдүүд хамгийн эмзэг байдаг бөгөөд Африкт хүүхдийн нас баралтын гол шалтгаануудын нэг юм.) Түүнчлэн ХДХВ/ДОХ (1.2%), сүрьеэ, холер зэрэг өвчлөл ч их. Цэвэр усны хүртээмж 2011 онд хүн амын 25%-д л байсан бөгөөд энэ байдал тийм ч их сайжраагүй хэвээр байна.
Жозеф Кабилагийн эрин үе
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын (DRC) түүхэнд Жозеф Кабилагийн засаглал (2001–2019) онцгой байр суурь эзэлдэг. Тэрээр аавынхаа (Лоран-Дезире Кабила) аллагын дараа ерөнхийлөгчийн албыг авсан бөгөөд 18 жил төр барихдаа улс орныхоо асар их баялгийг удирдсан. Гэвч энэ хугацаанд түүний гэр бүл болон ойр тойрны хүмүүс уул уурхайн гэрээ, банкны гүйлгээ, төрийн сангаас их хэмжээний мөнгө оффшор данс руу шилжүүлсэн гэдэг нь олон улсын мөрдөн шалгалт, мэдээллийн ил болголтоор тодорхой болжээ. Энэхүү нийтлэлд Кабилагийн гэр бүл болон түүний тойрон хүрээлэгчдийн оффшор дансны сүлжээний талаар авч үзье.
Кабилагийн гэр бүлийн бизнесийн хаант улс
Жозеф Кабилагийн гэр бүл Конгод болон бусад улсад 80 гаруй компани эзэмшдэг гэж Нью-Йоркийн Их Сургуулийн Конго судлалын групп (Congo Research Group)-ийн 2017 оны тайланд дурдсан байдаг. Эдгээр компаниуд зэс, кобальт, алмаз, алтны уурхайгаас эхлээд хөдөө аж ахуй, харилцаа холбооны салбарт хүртэл үйл ажиллагаа явуулдаг байв. Тайланд дурдсанаар, 2003 оноос хойш Кабилагийн гэр бүлийн компаниуд хэдэн зуун сая ам.долларын орлого олж, олон арван сая ам.долларын хөрөнгө хуримтлуулсан гэжээ. Жишээлбэл, тэд Конгогийн хамгийн том хөдөө аж ахуйн 70,000 га талбай, томоохон уул уурхайн гэрээнүүд, тэр ч байтугай улсын хамгийн том гар утасны сүлжээний хувьцааг эзэмшиж байв.
Гэтэл баялгийн өгөөж Конгогийн ард түмэнд хүртээл бололгүй, оффшор данс руу урссан нь тодорхой болсон. Яг л манай улсын стратегийн гэх ордуудыг улс төрийн эрх мэдэлтэй хэсэгтэй “наймаалцан” цөөн тооны гэр бүл эзэмшдэг болсонтой ижил гэсэн үг. "Congo Hold-Up" хэмээх Африкийн хамгийн том мэдээллийн дуулиан (2021 онд) энэхүү схемийг илчилсэн юм. Уг мэдээлэлд BGFI банкны 3.5 сая гаруй баримт бичиг багтсан бөгөөд Кабилагийн гэр бүл, тэдний ойр тойрны хүмүүсийн эзэмшдэг компаниуд руу төрийн сангаас их хэмжээний мөнгө шилжсэн тухай дэлгэгджээ.
Оффшор дансны схем
"Congo Hold-Up" мэдээллээс харахад Кабилагийн гэр бүл болон тэдний тойрон хүрээлэгчид BGFI банкны Конго дахь салбарыг ашиглан дор хаяж 138 сая ам.долларыг хувийн данс руугаа шилжүүлжээ. Энэ банкны Конго дахь салбарыг Жозеф Кабилагийн төрсөн дүү Фрэнсис Селемани удирдаж байсан бөгөөд түүний эгч Глориа Мтею 40%-ийн хувьцаа эзэмшдэг байв. Төв банкнаас 94.5 сая ам.доллар, төрийн өмчит Gécamines уул уурхайн компаниас 20 сая ам.доллар, сонгуулийн комиссоос 1.3 сая ам.доллар зэрэг нийтийн хөрөнгө эдгээр данс руу шилжсэн байдаг.
Жишээлбэл, Селеманигийн эхнэр Анет Луталег эзэмшдэг “Sud Oil” компани 2013–2017 онд 86 сая ам.доллар хүлээн авсан бөгөөд эдгээр мөнгөний ихэнхийг бэлнээр авч, бусад компаниуд руу шилжүүлжээ. Энэ хугацаанд “Sud Oil” ямар ч бодит үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдэг нь тодорхой болсон байдаг. Мөн “Kwanza Capital” гэх компани, Кабилагийн ойрын хамтрагч Паскаль Киндуэло (BGFI банкны тэргүүн асан) нарын эзэмшилд байсан бөгөөд 100 сая гаруй ам.долларыг эргэлдүүлжээ. Эдгээр мөнгөний ихэнх нь АНУ, Өмнөд Африк дахь тансаг үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зарцуулагдсан байдаг.
Хятадын компаниудын оролцоо
Кабилагийн гэр бүлийн оффшор дансны сүлжээнд Хятадын уул уурхайн компаниуд чухал үүрэг гүйцэтгэжээ. "Bloomberg"-ийн 2021 оны “мөрдөн шалгалтаар” Хятадын компаниуд Конгогийн зэс, кобальтын ордод хөрөнгө оруулж, Кабилагийн гэр бүлд сая сая ам.долларыг шилжүүлсэн байна. Жишээлбэл, “Sicomines” хэмээх Хятад-Конгогийн хамтарсан төсөл (6.2 тэрбум ам.долларын гэрээ) дээр Кабилагийн дүү Зое Кабилагийн компаниуд ихээхэн ашиг хүртжээ. Эдгээр төлбөрүүд BGFI банкны дансаар дамжин оффшор компаниуд руу шилжсэн байна.
Гадаад дахь хөрөнгө
Кабилагийн гэр бүл оффшор дансанд хуримтлуулсан хөрөнгөө гадаадын тансаг хөрөнгө худалдан авахад ашиглажээ. "The Sentry"-ийн 2021 оны тайланд Фрэнсис Селемани 2015–2018 онд Вашингтон ДС болон Йоханнесбургийн тансаг дүүргүүдэд 17 үл хөдлөх хөрөнгө (6.6 сая ам.долларын үнэтэй) худалдан авсан тухай дурдсан байдаг. Эдгээр худалдан авалт “Sud Oil”-оос шилжүүлсэн 12 сая ам.доллартай давхцдаг. Мөн "Panama Papers"-т Жозеф Кабилагийн төрсөн эгч Жейнет Кабилагийн нэр дурдагддаг бөгөөд тэрээр оффшор компаниудын тусламжтайгаар Конгогийн телевизийн томоохон сүлжээ “Digital Congo TV”-ийн хувьцааг эзэмшдэг байжээ. Тэрээр хэвлэл мэдээллийг “тархи угаахад” ашигладаг байв.
Ил тод байдлын дутагдал ба үр дагавар
Кабилагийн гэр бүлийн оффшор дансны сүлжээний гол асуудал нь ил тод бус байдал юм. Конгод компаниудын татвар, хөрөнгийн мэдээлэл нийтэд ил болдоггүй. Нэг үгээр хэлбэл шилэн биш. Жозеф Кабила хувийн хөрөнгөө хуулийн дагуу мэдүүлдэг ч энэ мэдээлэл хэзээ ч олон нийтэд хүрээгүй. Энэ нь түүний гэр бүлийн баялгийг бүрэн тодорхойлоход саад болж байна. Олон улсын валютын сан 2012 онд Кабилагийн гэр бүлийн оролцсон уул уурхайн гэрээний талаар ил тод бус байдлыг шүүмжилж, Конгод өгөх 500 сая ам.долларын зээлээ цуцалсан удаатай.
Кабила 2019 онд албан тушаалаа өгсөн ч түүний гэр бүлийн оффшор данс руу урссан асар их ам.доллар Конгогийн ард түмэнд эргэн ирэх боломж хомс хэвээр байна. Хүн амын 73%-аас илүү хувь нь өдөрт 2.15 ам.доллараас бага орлоготой амьдардаг энэ улсад ийм хэмжээний хөрөнгө гадагш урссан нь тус улсын хөгжилд томоохон цохилт болжээ. Жозеф Кабилагийн гэр бүл болон түүний тойрон хүрээлэгчид Конгогийн баялгийг ашиглан оффшор дансны сүлжээ бий болгож, хэдэн зуун сая, магадгүй тэрбум гаруй ам.долларыг хувийн болгосон гэдэг нь олон улсын мөрдөн шалгалтаар батлагдсаар байна. Энэ нь Конгогийн ард түмний зовлон дээр боссон баялгийн хараалын нэгэн тод жишээ юм. Олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа Конгогийн одоогийн засаг захиргаа эдгээр хөрөнгийг эргүүлэн авчирч, хариуцлага тооцохыг шаардсаар байгаа ч энэ тэмцэл амжилтанд хүрэх эсэх нь тодорхой бус хэвээр байна.