Манай сонины VIPerson булангийн зочны урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ном гэдэг бол дандаа гэрэл дагуулж байдаг онцгой зүйл. Таны хувьд анхны номоо хүлээж авсан, гайхалтай амт, гайхалтай мэдрэмжүүдийг эдэлсэн өдрүүд болж байх шиг байна. Дахин баяр хүргэе.



-Технологийн шинэчлэл, үзэл санааны үсрэлт гэх мэт зүйлүүдийг чадах төвшиндээ монголчууд бид хийгээд ирлээ. Харин энгийн амьдралын төвшин, тэр дундаа ахуйн соёлдоо маш олон юманд эргэлт хийж чадаагүй юм байнаа гэсэн санааг таны номын өмнөтгөлөөс харсан. Энэ дотроос “Шинэ Монгол тренд” гэдэг томьёолол хараа булаалаа. Яагаад номоо ингэж нэрлэх болов, яагаад ер нь тэр доор байгаа зовлонтой сэдэв рүү оръё гэж бодов оо? 

-Юуны өмнө би “Open door” сонинд, тэр тусмаа таны ярилцлагад зочноор уригдаж байгаадаа баяртай байна. Миний хувьд нэр төрийн хэрэг гэж хүлээн авч байгаа. Энэ номыг бичих болсон шалтгаанаасаа эхэлж ярья гэж бодож байна. Би залуу хүн, гадаад дотоодод олон жил сурлаа, ажиллалаа. Өөрийнхөө хэмжээнд туршлага хуримтлуулсан байх. Мэдээж энэ бүхэнд зарцуулсан цаг хугацаа гэж байгаа. Өндөр хөгжилтэй улс орнуудад амьдарч, ажиллаж, сурч байхад хүн өөрийн эрхгүй харьцуулалт л хийж байдаг. Өөрийн эрхгүй шүү. Хамгийн энгийн төвшнөөсөө эхлээд хамгийн дээд төвшинд хүртэл харьцуулалт л хийгээд байдаг юм билээ. Тэр явцад мэдээж манай монголчуудын ахуйгаас нийтлэг ажиглагдаад байдаг зарим дадал зуршил, хэв маяг сэтгэл их эмзэглүүлдэг байсан. Тэр нь юу вэ гэхээр энэ их хөгжил дэвшлийн, энэ их тэсрэлтийн XXI зуунд бид бусдын адил алхаад ороод ирчихсэн мөр зэрэгцээд явж байна. Бидний хэрэглэж байгаа хэрэглээ, үзэж харж байгаа зүйл даяарчлагдчихжээ. Хүн болгон хэрэв өөрөө хүсвэл бүх төрлийн мэдээллийг амьдралдаа хэрэглэх, бүх төрлийн хэрэгцээгээ хангах тэр боломжуудаар нэг ёсондоо хангагдчихаж. Гэтэл нөгөө талаас ийм том далайд, мэдээллийн энэ их урсгал дотор бид хэр зөв сэлж чадаж байгаа юм бэ гэдэг асуулт тавигдаад байна. Би хувьдаа өөртөө энэ асуултыг байнга тавьж байсан. Гоё ганган хувцастай, ганган машин унасан залуучууд дүүрэн атлаа тэрнийхээ ард хийж байгаа үйлдэл нь хуучин үеийнхээрээ шахам л байгаа байхгүй юу. Үүнийгээ л больчих юмсан гэсэн, ичсэн, зовнисон сэтгэл минь явсаар байгаад өөрсдөдөө зориулж ном бичих санаа болж зориг шулуудсан юм. Түүнээс биш миний зорилгууд дотор ном бичнэ гэдэг зорилго байгаагүй. Үнэндээ их ч хүнд хөдөлмөр байдаг юм байна. Гэхдээ яахав, чадан ядан өөрийнхөө хэлье гэснээ л эмхэлж бичлээ. Та тэр доор байгаа зовлонтой сэдэвтэй ноцолдож яах гэсэн юм гэж байна. Одоо ноцолдохгүй бол болохоо байчихлаа. Маш хэцүү байна шүү дээ. Зориглож барьж авцгаая, өөрчилье. Тэрний төлөө зүтгэе. Энэ хэний эх орон юм бэ. Бидний эх орон.

Бидний үр хүүхэд амьдарч, ирээдүйн дэлхийтэй өрсөлдөх тийм эх орон. Тэгэхээр бид л ийм муу муухайтайгаа ноцолдохгүй бол өөр хэн гэж. Би энэ л үүднээс номоо бичсэн.

ЭРТНЭЭС ТЭЭЖ ИРСЭН, ДОТРОО ШАТАЖ ЯВАА 
МӨРӨӨДЛӨӨ ЗОРИЛГОО БОЛГОСОН

-Тантай ижил төрлийн бухимдал тээж байгаа хүмүүс ярьдаг л даа. Бид нар хоёр ч хувьсгал хийж улс орноо улс төрийн тусгаар тогтнол, зах зээлийн шинэ зам сонгож, энэ хүрч ирсэн ч ер нь ахуйн соёлын хувьд “бөөс”-нөөсөө л салсан юм байна шүү дээ гэж. Их хатуугаар хэлж байгаа нь шүү дээ. Яг соёлын төвшинд нөгөө хоцрогдол байсаар байгааг л хэлсэн хэрэг. Хэлбэр бол өөрчлөгдсөн. Энэ тийм ч муу зүйл биш. Гэхдээ дотор нь хоосон, бүдүүлэг байдал амь бөхтэй байна. Тэгэхээр Монголд дахиад соёлын том давалгаа хэрэгтэй болчихсон юм биш үү. Соёлын хувьсгал ч гэж нэрлэсэн яадаг юм. Таны ном бол үүнийг л хэлсэн байна лээ. 

-Яг үнэн. Би бол нийтээрээ, нийгмээрээ шинэ монголчууд болъё гэсэн энэ үзэл санааны төслийг л эхлүүлж байгаа юм. Бид нар ухаалаг утас барьчихаад нэг эмэгтэй гарч ирээд “Бүгдээрээ түрийвчээ даллаад мөнгөтэй болоорой” гэхээр бүгдээрээ итгээд гүйлдэж очоод түрийвчээ даллаж уухайлаад, бүр стадион дүүртэл цуглаад байгааг үнэндээ ойлгохгүй байна. Хүн хөдөлмөрлөж мөнгө олдог энгийн логик хаачсан бэ. Нэг ламын занданшуулсан шарил олдохоор дугаарлаж ирээд мөргөдөг. Би тэр шашны зан үйлийнх нь талаар яриагүй шүү, уучлаарай. Гэхдээ юманд итгэж сүсэглэхдээ учир начиртай байх цаг үе мөн биз дээ. Ямар төвшний мэдээлэл дунд, ямар зэрэглэлийн хөгжлийн эринд ирчихээд зогсож байгаа билээ дээ. Гэтэл бидний үйлдэл, энгийн соёл хаана явнаа. Сэтгэлгээний төвшин, юманд хандах хандлага маань аль зуундаа явна вэ. Ичмээр, шимширмээр үйл явдлууд ямар ихсэж байна вэ. Ямар ч байсан зүгээр хараад суух аргагүй болж хувирч байна шүү дээ. Тийм учраас эхний харанга, дуудлага болог гэж би энэ номоо бичсэн.

-Манайхныг стадиондоо дүүрэн суучихаад хэтэвчээ даллаж байгааг, ямар нэгэн сүнс дуудаж байгааг энэ нээлттэй дэлхий харж байгаа шүү дээ гээд бодохоор маш хэцүү болдог л доо. 

-Үгүй, харин хамгийн хэцүү нь энэ үзэгдлүүд монголд жирийн зүйл болчихоод байгаа нь л хөндүүрлүүлээд байгаа байхгүй юу. Энийг л бид нар өөрчлөх ёстой.

-Таны нийтлэлдээ, үгэндээ хэрэглэж байгаа “Шинэ монгол” гэдэг үг нөгөө тэрс “Шинэ оросууд” гэдэг шиг сонсогдоод байх юм. Та энэ нэр томъёогоо дахиад нэг тайлбарлаад өгөөч. Таны хүсч байгаа тэр “Шинэ монгол” чинь яг хэн юм. 

-Тайлбарлахын тулд нэг товчхон түүх ярья. Солонгос, Сингапурыг бид нар маш богино хугацаанд өндөр хөгжсөн гэж шагширдаг. Яагаад эд нар ингэж эрчимтэй хөгжчихөв өө гэж атаархдаг. Энэ бүх амжилтуудын гол зүйл ерөөсөө хөдөлмөр зохион байгуулалт л байсан. Хамгийн чухал зүйл нь ард түмнээ нэгэн зүгт хандуулж чадсанд нь л байгаа байхгүй юу. Бид ийм зорилгод хүрэх юмаа гэдгээ зөв ойлгуулсан учраас, тэр зорилго нь хөгжлийн төлөө байсан учраас бүх иргэд нь итгэл үнэмшлээ тэр зорилгодоо өгсөн байна. Ээмэг бөгжөө хүртэл тайлж өгч, бүх хүчээрээ нэг зүг рүү хараад дайрсан. Эцэж цуцалтгүй ажилласан. Хөдөлмөрлөсөн. Тэгээд шинэ орон, шинэ иргэд, шинэ үндэстэн болж чадсан. Миний бодлоор монголчууд хөгшин залуугаараа, нам намаараа дуудалцаж хоорондоо самралцахаа зогсож, үзэл санаагаа шинэ болгож, хаана хүрэх гэж байгаагаа, юу хийхээ, яаж хөдөлмөрлөхөө мэддэг тийм цэгцэд орох хэрэгтэй байна. Тийм л зохион байгуулалтад даруй орох хэрэгтэй байна. Бусдын орж болсон зохион байгуулалтад бид яагаад орж чаддаггүй юм бэ. Бусдын харж чадсан нэг зүгт бид яагаад харж болдоггүй юм бэ.

-Манайхан хүмүүсээр хотоо бариулчихдаг, тэгээд хөөгөөд явуулчихдаг нэг тийм зэрлэгүүд шиг араншингаасаа салж чадаагүй байна шүү дээ. Өнөө цагт ч хөрөнгө оруулагчидтай яг л энэ авираараа бараг харьцах гээд байгаа биз дээ?

-Энэ бол шинэ монголчуудын үзэл санаа биш. Хөрөнгө оруулагчидтай харьцах харьцаа нь дандаа хардсан, сэрдсэн, үл итгэсэн. Одоо бид дэлхийд “хэлсэндээ байдаггүй монгол” хочтой болчихлоо шүү дээ. Тархи зүрх хоёроо угаая л даа.

-Та улс төрд бас хэдэн жил ажиллалаа. Монголд бүх юмаараа өв тэгш сэхээтэн хүн хэр олон байна вэ, таныхаар. Стил, имиж, дотоод ертөнц, мэдлэг чадавхи гээд бүх үзүүлэлтүүдээр өв тэгш тийм хүмүүстэй хэр олон таарч уулзав?

-Цөөхөн таарсан. Тийм хүмүүс байгаа. Гагцхүү тэднийгээ олж харахгүй байна. Тэд нь ч бас нэгдэж, улс орныхоо төлөө халуун сэтгэлээ гаргахгүй байх нь бий. Мэдэхгүй, би тэгж л мэдэрсэн.

-Таны номыг уншиж байхдаа Италид оюутан байсан үеийн тань нэг түүх сонирхол татсан. Тавьсан илтгэлийн тань дараа Флоренциас ирсэн Томмази хэгжүүн атлаа үнэн асуултаар омогшлыг тань хөдөлгөж дотор явсан омогшлийг тань нураасан тухай та бичжээ. Тэр Томмази та хоёр ахин уулзсан уу. Ямар нэгэн нөхөрлөл та хоёрын дунд үүссэн үү. 

-Үгүй. Томмазитай одоо холбоо байхгүй.

-Жижиг орны оюутан хэвээр түүний хувьд үлдсэн юм шиг санагдаад, одоо ч дотроо шатаад яваа юм биш үү. Ер нь энэ ном ч гэсэн таны шаталт юм шиг ээ?

-Миний дотор одоо ч шатаж байна. Тэрнээс хойш 15 жил өнгөрсөн ч надад хэлэх үг алга. Би юу гэх юм бэ.


-Манай уншигчдад сонин байгаа байх. Яг юу гэчихсэн юм бол оо гэж сонирхож байгаа. Би бол таны номыг уншсан учраас мэдэж байна л даа. Гэхдээ тэр түүхийг нэг дурсвал? 

-Миний хувьд дуртай дурсамж биш. Гэхдээ таны асуултыг хүндэтгээд ярья. 2000 онд болсон явдал л даа. Маркетингийн хичээл дээр оюутнууд улс улсынхаа талаар илтгэл тавих даалгавар өгдөг юм байна. Ангидаа ганц ази оюутан нь би. Надад ямар сайхан амархан санагдсан гэж санана. Их түүх, эзэн Чингис хаан, мянганы хүн, байлдан дагуулалт, дэлхийн хамгийн том газар нутгийг эзэлсэн эзэнт улс, уудам тал, нүүдлийн соёл гээд л ёстой шууд гараад ярихад ч бэлэн байлаа. Бөөн баавар амьтан. За, тэгээд бэлтгээд л ярилаа. Танхим чив чимээгүй, намайг сонсоод л. Би дотроо ч омогшил дүүрэн. Түүх соёлоо түлхүүхэн яриад араас нь одоогийн монгол ДНБ нь хэд байдаг юм, эдийн засаг нь ямархуу юм, азидаа ардчиллыг жинхэнэ утгаар нь бий болгосон бараг анхны орон гээд л сайхан ярилаа даа. За, тэгсэн эдийн засаг нь юу юм бэ гэсэн тухайн үед /2000 онд/ маш хүнд байсан үе. Тухайн үеийн мэдээллээ эмхэтгээд л экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь түүхий ноос ноолуур, зэсийн баяжмал, нэг хүнд ногдох ДНБ нь 390 ам.доллар гээд л өнөөдрийн үзүүлэлтүүдээ үнэнээр нь ярьлаа. Яриад дууслаа, би ч бөөн омогшил, танхим чив чимээгүй. Тэгсэн манай ангийн Томмази гэдэг оюутан “Наад тоо чинь зөв юмуу, би буруу сонсов уу. Танай нэг хүнд ногдох ДНБ-ний чинь хэмжээ 390 доллар гэж байна. Италид наадах чинь 35 мянган доллар байдаг. 390 ам доллар гэдэг чинь хамгийн ядуу гэсэн категорт орж байна шүү дээ. Яг өнөөдрийн та нарын байгаа байдал чинь ийм юм уу. Ийм ядуу юм уу. Тэр агуу эзэнт гүрнээс одоо юу үлдсэн юм бэ. Бараг сүйрсэн байхад та нар түүхээ яриад яах юм бэ” гэж асуусан. Миний нүүр улайгаад л явчихсан. Би гарч ирээд нөгөө л 1000 жилийн өмнөх эзэн Чингисээ яриад л цээжээ дэлдэж байсан байхгүй юу. Би тэр дороо тэнд сууж байсан бүх хүний өмнө “аймшгийн ядуу” ази залуу болж хувирсан.

Хэрэндээ л социализмаас салаад аравхан жил болж байгаа, эдийн засгийн шилжилтийн үедээ явж байна гэж тайлбарласан ч түүний ганцхан үг нь л бүх ойлголтыг өгчихөж байгаа юм. Бүр ичихээс ч илүү хүнд байдалд орж, шок болсон.

-15 жилийн өмнө таныг шоконд оруулж байсан тэр бардамнал чинь одоо ч бидэнд нийтээр маань байсаар байгаа. Бид ер нь улсаараа тэр шокийг амсах хэрэгтэй байх аа?

–Тийм ш дээ. Манай монголчуудад нэг тийм хоосон бардам юм гүн гүнзгий байна. Нэг л их түүхээ ярьсан, түүгээрээ бахархсан улс. Тэр шокийг мэдрээсэй гэсэндээ би номондоо “Түүх бидэнд сургамжаа хайрладаг болохоос тэжээх үүрэггүй” гэж бичсэн юм. Ингэж би анх эх орныхоо үнэн нүүр царайг харж, романтизмаас амьдрал дээр буусан даа. Нээрээ л улсаа харахаар ядуу л байгаа байхгүй юу. Тэнд бараг ухаан алдах гээд зогсож байхдаа л би “За, би сурах ёстой юм байна, эх орноо хөгжүүлэх хэрэгтэй юм байна, нөгөө Н.Энхбаяр гуайн хэлсэн шиг “Улсаа хөгжүүлж өшөөгөө авна даа” гэдэг шиг л юм болж байгаа байхгүй юу. (инээв)

-Тэр үг танд таалагдсан юм уу?

-Зөв амбицан дээр өөр хүн хэлсэн бол энэ үг гоё үг. (инээв) Би анх сонсоод шууд тэгж бодож байсан.

-Тэгээд илтгэлээс гараад та яасан бэ. Их л хэцүү байсан байх даа? 

-Ямар олиг байх юм бэ. Хамгийн муухай нь тэр шокийн дараа миний дотны найзуудын нэг Наполигоос ирсэн Энзо гэдэг залуу Булгаа тайвшир тайвшир, чамд ганц юм хэлье. Ний нуугүй хэлэхэд манай Ромын Эзэнт гүрэн ч гэсэн цагтаа аймаар байсан ш дээ. Энэ Италиуд чинь ч гэсэн танайхтай адилхан түүхтэй улс. Бид нарт ч Ромын эзэн хаан гээд л, нээлт хийсэн бүх түүхүүдээ, эртний бүтээн байгуулалтууд, том том хаад гээд яривал бүгд л байгаа. Гэхдээ чи харж байгаа биз дээ, нэг нь ч энэ тухайгаа ярихгүй байгаа биз дээ. Хэзээ ч итали залуучууд Ромын импайр гэж нэг нь ч цээжээ дэлдэхгүй. Харин чи ярьчихлаа. Хөгжих үндэстэн ирээдүйгээ, мөхөх үндэстэн түүхээ ярьдаг гэх юм билээ, тэрийг ойлгож ав гэж хэлээд миний далан дээр алгадсан. Хэдийгээр тухайн үед тэр үг намайг тайвшруулах нь битгий хэл улам дордуулсан ч нээрээ л бодоход тийм. Үнэхээр би залуучууддаа хандаад хэлмээр байна. Монголчуудаа больё, одоо бүгдээрээ Чингис хааны менежмент, хатан суу ухаан энэ тэрээ болъё. Чингис хаантай зэрэгцэж суугаад л, яг тэр үед нь амьдраад үзчихсэн юм шиг энэ их балайрлаа болих хэрэгтэй байна.

-Италид хамт сурч байсан залуус тань өвлөх бизнестэй, язгууртан гаралтай эсвэл том компанийн менежерийн төвшнөөс ирсэн залуус байсан тухай та бичсэн байна. Гэтэл би хэн билээ. Буурай орноос ирсэн, тэтгэлгээр суралцаж байгаа, гэр бүлтэй, ядуу ази залуу гэсэн таны үгийг тань уншаад “шар” хөдлөх шиг, нулимс бүрхээд ирсэн. Бид нарт ийм “шар” байгаа нь уг нь зөв юм. Гэвч дэлхий дахин биднийг яг хил даваад таарахад монгол гэж зүгээр нэг харахын төдийд таньдаг билүү?

-Чи монгол хүн үү гэж хэзээ ч надаас асууж байгаагүй. Ази залуу явж байна л гэж хардаг. Европод бид нар ази гэсэн нэг л нэртэй.

-Яагаад үүнийг асуусан гэхээр манайд бие биенээ эрлийз хурлийз болгож дардаг, хөрш орны иргэдээ янз бүрээр хэлдэг ичмээр зан хавтгайрсан. Энэ сэдвийн талаарх бодлыг тань сонирхох гэсэн юм?

-Энэ бол манай улстөрчдийн өрсөлдөгчийнхөө эсрэг хэрэглэдэг нэг балиар зэвсгийн нэг нь. Бие биенээ яс цусаар шинждэг. Дэлхийд байж болохгүй расизмыг Монголд дэлгэрүүлж байгаа нь, үүнийг нь улстөрчид нь хөөрөгддөг нь хамгийн бүдүүлэг явдал. Дэлхий нийт хүнийг хүн гэдэг утгаар нь л харьцдаг, хардаг. Дээр нь бид нар хөршүүдээ муу сайн гэж хэзээ ч ангилж, ялгаварлаж хандаж болохгүй. Ямар ч төвшиндөө ийм хандлага бидэнд байж болохгүй. Энэ бол орчин цагт байж боломгүй явдал. Үүнийг тас зогсоомоор байгаа юм.

-Таны номонд хөтлөгдөж ахин дахин асуумаар л байна. Гэвч хүмүүст өөрсдөө унших бололцоог нь үлдээе. 

-Өөрийн бодож явдаг, өөрийнхөө хэлэх юм сан гэж хүсч явдаг зүйлүүдээ чадан ядан эвлүүлсэн. Уншаад үзээсэй гэж хүсч байна.

-Таныг хорин хэдтэй пацаан гэж дөнгөж саяхан хүртэл нэлээд хэдэн хүн надад хэллээ. Учир нь бид олон нийтийн сүлжээнд ил “болзоо”-гоо товлосон болохоор тэгсэн байх. Залуу насыг басах хандлага бидэнд бүгдэд маань л тохиолдож байсан. Энэ бас л нэг сэдэв. Гэхдээ одоо хүртэл хорин хэдтэйгээрээ дуудуулж байгаа танд баяр хүргэе. Тааламжтай хэрэг биш гэж үү? 

-Би бол заримдаа тэгж залуугаараа гоочлуулж байсан. Гэхдээ энэ сэдэв надад ёстой асуудал байгаагүй. Даалгасан ажил, хашиж байгаа албан тушаал дээрээ өөрийнхөө бодож зорьж байгаа зүйлээ хийж чадаж л байгаа бол чи 60 настай байна уу, 20 настай байна уу, 40 тэй байна уу. Үүнд ямар ч ялгаа байхгүй. Ямар хэжээний ачаалал даах чадалтай, ямар төвшний потенциалтай, ямар зиндааны ёс зүй, хариуцлага, чадавхитай вэ гэдгээр бид боловсон хүчнээ эрхбиш харж сурмаар байна.

–Нээрээ хорин хэдтэй гэж хүмүүс таныг хэлдэг үү? 

-(инээв)Үгүй ээ. Гэхдээ дөчтэй гэж хэлдэггүй л юм.

-Би таныг “жинхэнээсээ” хорин хэдтэй байхдаа залуу насыг басдаггүй хүнтэй таарсан юм байна гэж харсан. 

-Аан, та энэ тухай ярих гээд тийм асуулт тавьсан юм уу. (инээв)

-Тийм ээ, хорин хэдтэйдээ та Сангийн сайдын зөвлөх хийж байсан шүү дээ. Залуу зөвлөхийн бараг анхны жишгүүдийн нэг байх шүү. Тухайн үед бидний хэдэн сэтгүүлчид юун залуу вэ гээд их л гайхаж байснаа санаж байна? 

-Тухайн үед 2002 онд сургуулиа төгсөөд ирэхэд цөөнхгүй парламенттай, МАХН 72 суудалтай, хэвлэл мэдээлэл хаалттай, их л сонин үе байсан. Надад яг хойд Солонгост байгаа юм шиг санагдах үе тохиолддог байсан шүү. Шал өөр газраас ирсэн надад арай л биш санагдаад, давчдаад их сонин байж билээ. Тэр үед нэг арга хэмжээн дээр Н.Алтанхуяг даргатай танилцсан юм. Тэгээд л би 1994 онд Социал демократ намд элсэж байснаа, ер нь л өөрт юу бодогдож байгаагаа ний нуугүй ярьсан. Тэгсэн Н.Алтанхуяг дарга намайг за, чи залуу хүн байна, намд Ардчилсан залуучуудын холбоо гэж залуучуудын байгууллага байгуулагдсан. Үйл ажиллагаанд нь идэвхитэй оролц гээд АЗХ-ны анхны ерөнхийлөгч Г.Батхүүтэй танилцууллаа. Ингээд би АЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн болж Лу.Гантөмөр, Б.Одхүү гэхчлэн олон залуучуудтай зэрэгцээд намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэллээ. Би чинь Монголдоо ирээд эхлээд “MCS” компанид, дараа нь “Анод” банкинд ажилласан шүү дээ. Ингээд 2005 онд Н.Алтанхуяг дарга Сангийн сайдаар ажиллаж байхдаа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан гээд гадна дотныхонтой хэл амаа ололцож ойлголцож ажиллах шаардлага байна. Дээр нь хөрөнгийн зах зээл, банкны салбарын талаар байнга мэдээллээр хангаж ажиллах хэрэгтэй байна гээд, надад шинэ үүрэг хүлээлгэж, намайг зөвлөхөөрөө томилсон. Түүхэндээ анх удаа улсын төсөв орлого нь зарлагаасаа давсан цаг үед өөрийнхөө чадах чинээгээрээ зүтгэж ажиллаж байснаа дурсах сайхан л байдаг.

-Яагаад би таны түүхийг татаж ирж асуугаад байна гэхээр номоо гаргасанд тань баяр хүргээд твиттерт бичтэл DM-ээр наадах чинь одоо хорин хэдхэн настай, Н.Алтанхуяг л сая олж ирж дэд сайд болгосон залуу гэж намайг гайхшрууллаа. 20 гаруй жил АН-д явчихаад өөрийгөө таниулаагүй хүн юм байна гэж таныг дотроо шүүмжилсэн. Нөгөө талаас манай сэтгүүл зүй ой санамжгүй болчихож гэж өөрсдийгөө чамласан. Ер нь улс төрд орж ирсэн хүн өөрийгөө хүчээр таниулах ёстой юм уу, эсвэл өөрийн цагийг чимээгүй хүлээх ёстой юм уу?

-Би бол эхлээд өөрийнхөө үзэл бодлоо олж, өөрийгөө таньчихаад зорилгоо тодорхойлж тэр лүүгээ л явах ёстой гэж боддог. Явах зам нь ямар байх нь хүн хүний ёстой тавилан л байх.

Танигдах танигдахгүйн тухайд бол юуг ямар зорилготой зорьж байгаагаас л шалтгаалах байх даа.

УЛС ТӨР БОЛ БАГИЙН ТОГЛОЛТ,  ГОЛ НЬ ҮНЭ ЦЭНЭЭ АЛДАЖ БОЛОХГҮЙ

-Таны ном, түүний эргэн тойронд үүсч байгаа шуугиануудыг, байр сууриа нээлттэй ярих болсныг тань янз бүрээр тайлбарлах байх. Эрдэнэбулган өөрийгөө сурталчилж эхэллээ гээд бүх зүйлийг тань улс төр чиглэсэн пиар гэж харах байх даа?

-Тэгэх байх. Бид аливааг харах өнцөг, хандах хандлагаа шинэчлэхгүйгээр юунд ч хүрэхгүй. Эрхбиш үүнийг ойлгож байгаа залуус сошиал ертөнцөд, ер нь л хаа сайгүй нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Зорилго, мөрөөдөл, тэмүүлэл маань илүү том. Тийм болохоор жижиг сажиг хуучинсаг, буруу чиг хандлага, буруу үнэлэмж, дэмий хоосон хийрхэлд би ач холбогдол өгөхгүй.

-Явах зам гэснээс улс төрд орж ирж байгаа залуучуудыг крандуулсан, даргын цүнх барьсан гэх мэтээр ангилан ялгадаг болсон байна. Зарим нэг долгинонуур цүнх баригч залуучуудаас болж нийтээрээ улс төрд байгаа залуусын нэр хүнд нь унаад байна уу даа? 

-Үгүй байхаа. Бүгдээрээ нэр хүндээ барсан гэж би бодохгүй байна. Хоёр талтай харж байна. Үнэхээр дотор нь хөндий, зорилго нь ойрын хэсэг бүлэг залуучууд байгааг үгүйсгэхгүй. Цүнх барихыг юу гэж ойлгохоос шалтгаална. Би бол улс төрийг багийн тоглолт гэж хардаг. Тухайн багийн гишүүнд тэр цаг мөчид нь цүнх барих үүрэг оногдсон бол барих л үүрэгтэй. Гүйдэг, холбодог, зохицуулдаг үүрэг оногдсон бол тэр хугацаандаа тэр ажлаа хийх л ёстой. Яагаад гээвэл тэр багт ажил үүргийн хуваарь гэж байгаа. Бүгд өөр өөрийн үүрэгтэй. Тэр нь үнэт зүйл дээрээ, зорилго дээрээ суурилж төлөвлөгдсөн байдаг бол шүү дээ. Тэгээд л тухайн баг хүнээ бойжуулаад, өсгөөд явдаг. Би энэ үүднээс нь хардаг.

-Сонсож байгаагүй зүйл байна. Үнэхээр сонин хариулт байна.
 

-Гол нь үнэт зүйлээ, үнэ цэнээ алдаж болохгүй. Яагаад заавал залуучуудад хэн нэгэн лидерийн тамгыг дарж, эсвэл крандуулсан, цүнх барьсан гэх муухай нэр хоч зүүх ёстой юм бэ. Би бол залуучуудыг улс төрд идэвхитэй оролцоосой гэж боддог. Буурал европт 40 настай ерөнхий сайдууд яаж улс орноо авч явж байна. Грекийн Ерөнхий сайд Ципрас, Италийн ерөнхий сайд Рензи. Энэ чинь зүгээр ч нэг тохиолдол биш давалгаа юм шүү.

-Хүссэн зочинтойгоо илэн далангүй ярилцаж, хүсдэг зүйлсээ сонсож, санал нэгдэж байгаадаа үнэхээр баяртай байна. Улс төрд орж ирэх насны босгыг өндөрсгөе гэх яриа яваад эхэлчихсэн. Энэ сэдэв зөвшөөрөхөд ч хэцүү, тэгсэн хэрнээ олон талтай бодол дагуулаад байдаг. Гэтэл та монголчууд залуу үедээ итгэж сур гэдгийг тов тодорхой хэллээ. 

-Үгүй харин, тийм. Алийн болгон залуу насыг чамлаж, залуу үеэ адлаж байх юм бэ. Тэгээд хэзээ бид эх орондоо зүтгэх юм. Хэзэээ хийж бүтээх юм. Хэзээ, хэн Монголын мөрөөдлийг биелүүлэх юм.

-Таны түүхийг уншихад дандаа л өөрөө зовсон, унасан, боссон байх юм. Аав ээж хоёр нь инженерүүд, хоёрхон хүүхэдтэй айл. Дээр нь аав тань аймгийн дарга. Танд өв хөрөнгө өвлүүлээгүй юм уу?

-Өвлөж авах нь байтугай Өв гэдэг ойлголт ч байгаагүй. Аав улаан коммунист, өв хөрөнгө, мөнгө төгрөг хурааж хуримтлуулна гэсэн тийм ойлголт байхгүй. Сүхбаатар аймгийнхан бол андахгүй дээ, манай аавыг. Оюун дарга гээд. 1990 онд хот руу нүүхдээ тавилга байхгүй нүүж байлаа шүү дээ. Ер нь хөрөнгө хураах, өмчтэй болох тухай ойлголт манай гэр бүлд байгаагүй.

-Яагаад ингэж асуусан гэхээр манайхан хүний булчингаа чангалж, хөлсөө урсган явж босгосон амьдралыг, амжилтыг их өнгөцхөн дүгнэх юм. Таныг аймгийн даргын хүүхэд, хур хөрөнгөтэй учраас гадаад дотоодын сургуульд явсан, наймаа арилжаа хийсэн л гэж ярьдаг байх. Би хүнийг огт мэдэхгүй атлаа өөрийнхөө хардлага сэрдлэгээр дүгнэж, тэр нь үнэн түүх мэтээр ярьдаг хүмүүсийг цохиод авчихмаар л санагддаг. Харин та яадаг вэ?

-Тантай адилхан. Манайхан бүгдээрээ л тэгдэг шүү дээ. Одоо таныг ч гэсэн нэг хэсэг нь газарт ортол муулаад, нөгөө хэсэг нь тэнгэрт тултал л магтах юм байна шүү дээ. Гэтэл үргэлж таныг дагаж явдаг энэ бүхэн таны авьяас билгийг, үнэт чанаруудыг тань өөрчилж чадахгүй л байгаа биз дээ. Тэгснээрээ тэд өөрсдийгөө л зовоож байгаа юм. Би ямар тэр хүмүүсийн ярьснаар тийм болчих биш, тэгж амьдрах ч биш. Ядаж л надад ярих унаж боссон үнэн түүх, туулсан амьдралын туршлага байна. Угаасаа уулын оргил нь харагдахаас тэр лүү хүрсэн зам харагддаггүй.

-Хүний түүхэнд бас ч жаахан нуух юм байдаг биз дээ. Та Америкт зөөгч байснаа хүртэл номондоо бичээд, бүр хормогчтой зургаа тавьчихсан байх юм. Гадаадад сурч байсан нэгнээ манайхан муулдаг. Ээ, энэ сураагүй байх аа. Аяга угаагаад л явж байсан шүү дээ, аягүй бол төгсөөгүй байх гээд л. Сурахын тулд ажиллаж байгааг огт ярьдаггүй л дээ. Албаар үүнийг сөрж тэр тухайгаа бичсэн юм уу?

-Би Асашёорюүгийн хэлдэг үгийг л хэлмээр байна. Амьдрал гэдэг чинь алаан байхгүй юу гэж. Надад нууж хаагаад байх ямар ч шаардлага, сонирхол ч байхгүй. Хүн ер нь үргэлжид сайн сайхан, тэгээд дандаа өөдөө дээшээ яваад байна гэж байхгүй. Унаж босож, уруудаж өгсөж л явдаг. Өөрөө өөрөөсөө ичнэ гэдэг юу гэсэн үг вэ. Надад ичээд байх юм байхгүй. Түүх бол гоёж чимсэн зохиол биш бодит факт байх ёстой. Тэгж байж түүнээс дараагийн залуус маань сургамж авна. Би зөөгч хийж байснаасаа хэзээ ч ичихгүй. Манайхан юунаас ичихээ мэдэж сурах хэрэгтэй. Ичмээр хоцрогдлоосоо, ичмээр ёс суртахуунгүй байдлаасаа харин ичиж сурах хэрэгтэй. Гудамжинд шүлсээ хаягдагаасаа эхлээд ичиж сур л даа.

-Амбийцгүй хүн ургамлаас дор, ургамал хүртэл наранд тэмүүлдэг. Боломж их багадаа биш, боломжийг хэдий хэмжээгээр хүсч байгаад л учир нь байдаг гэж та бичжээ. Гэтэл ардын зүйр үгэнд шунал ихэдвэл шулам болно гэж сургадаг. Битгий их шуна, битгий их мөрөөд гээд байнаа даа. Та болохоор хязгааргүй мөрөөд гэсэн байна. Таныг Булгаа дэндүү их амбийцтай гэж шүүмжилдэг үү? 

-Тэгж шүүмжилбэл би баярлана. Амбийц гэдэг үгийг зөв орчуулж ойлгодог болохоор. Ambition, ambiious гэдэг чинь хүсэл тэмүүлэл, хүрэх зорилго, зорилгынхоо төлөө тууштай байх гэсэн л утгатай үг шүү дээ. Тийм биз дээ.

-Хүмүүс та өөрийгөө “Би”-г их тунхагладаг, “Би”-гээ тоочихсон хүн гэж шүүмжилдэг. Энэ надад туйлын инээдтэй, хоцрогдмол санагддаг юм. Таны “Хэтэрчихсэн амбийц гэж хаана ч байхгүй” нийтлэлийг уншаад их өөр таашаал авлаа. Нөгөө ард түмний соёлд тээгдэж ирсэн “Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн” гэх мэт афоризмуудыг нураагаад хаячих шиг санагдсан. Одоо бас ямар шүүмжлэл таныг бүчих бол доо?

-Нийгмийн шал өөр цаг үе, үзэл бодлын дунд бид амьдарч байна. Хаа сайгүй өрсөлдөөн . Би энэ дотор тантай өрсөлдөөд, гараад өөр нэгэнтэй өрсөлддөг тийм цаг үед амьдарч байгаа. Монгол гэсэн нэг жалган дотроо л хоорондоо атаа жөтөөгөөр өрсөлддөг тийм цаг үе биш, уучлаарай. Өрсөлдөөн дэлхий дахинд минут секунд дойлын хурдаар хэмжигдэж байхад бидэнд тэнэг тэнэг юм яриад л, эр эмгүй хов базаад суух зав байна уу. Юун эрдэмтэй хүн дөлгөөн, эрдэмтэй байх тусмаа түүнийгээ харуулж бусдад таниулж үнэ цэнд хүргэх ёстой юм биш үү. Уужуу тайвуу, даруу төлөв монгол зан чинь одоо бахархал биш сул тал болох гээд байна. Энэ хоцрогдсон афоризмууд түүхийн тэр цаг үедээ л хүмүүжлийн ач холбогдолтой байсан байх.

-За, та бид хоёрыг ч ахмадууд, ахмад зантай зарим залуучууд ч шүүмжлэх байх даа. Азаар миний зочин шүүмжлүүлэхээс айдаггүй хүн таарлаа. Тиймдээ ч энэ олон шинэ мессежүүдийг сөрөн байж өгч чадлаа гэж олзуурхаж байна?

-Би шүүмжлэлээс айхгүй ээ. Бүх шүүмжлэлийг хүлээж авна.

-Түрүүнд бас нэг шинэ юм ярьсан. Улс төр бол багийн тоглолт. Үүн дотор яваа гишүүд хүлээсэн үүргүүдээ л биелүүлэх ёстой гэж. Та өөрөө Н.Алтанхуягийн Засгийн газарт дэд сайдаар ажилласан. Тэгвэл Н.Алтанхуягийн гэдэг баг яг баг байж чадсан уу. Хэрвээ чадсан бол яагаад унасан юм бэ. Үүнийг хэн ч ярихгүй юм. Н.Алтанхуяг дарга өөрөө ч сэтгэлээ нээж яриагүй байна.

-Та чадаагүй гэдгийг нь хэлүүлэх гэж чиглүүлж асуугаад байна. /инээв/ Багийн ахлагч өөрөө баг болгож эвлүүлэх гэж хичээсэн ч багийн тоглолт үнэндээ сайн байгаагүй. Сайн баг болж чадаагүйн хэд хэдэн шалтгаан байсан. Нэгдүгээрт, эдийн засгийн гадаад нөхцөл байдал жаахан асуудалтай болж эхэлсэн. Ялангуяа манай гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унаад ирэхээр төсвийн орлого багасч эхэлсэн. Хоёрдугаарт нь, танхим дотор нь өөрөөс нь том толгойтой нөхдүүд байсан. Эд нар нь хүссэнээр нь тоглолт хийлгээгүй. Дээр нь олон фракци бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчилдөөн байсан байх. Яаж хамт явж байсан юм,одоо тэгээд нэг нь Ерөнхий сайд болчихоод өмнөх танхимын үед хийсэн бүх юмаа үгүйсгэж өөрчилж байна. Ийм бодлогын залгамж халаагүй Төр гэж байж болохгүй.

-Н.Алтанхуягийг “бор зүрхээрээ л явсан” гэж ирээд л зарим нь ярих юм. Энэ юу гэсэн үг юм. Үүнийг та юу гэж боддог вэ?

-Хэллэгийн хувьд яахав дээ, монголчууд чинь нэг тийм хуучинсаг, шууд ойлгогддоггүй үг өгүүлбэрээр их дүгнэдэг шүү дээ. Тэрний л нэг байх. Зүгээр, хүлээж авч буй утгаараа би хариулъя. Тэр үнэн шүү дээ. Угаасаа ажилд махруу хүн. Бүх ажлыг, бүр жижиг том гэлтгүй өөрөө хийх гэж л зүтгэсэн. Би бол тэгж л хардаг.

-Таныг Н.Алтанхуягийн хүн гэдэг л дээ. Улс төрд байгаа залуучуудыг бүгдийг нь л тэрний хүн, энэний хүн гэж овоглох юм. Та бол энэ үзэгдэлд дургүй чинь их хүрдэг болов уу?

-За, мэдэхгүй дээ. Хэн нь тэгж тамга дардсаа хаа нэгтэй минь дарчихаад байгаа юм. Би мэдэхгүй байна. Ямар учиртай юм бэ. Би хувьдаа ажил төрлийг явуулах ёстойгоо л ухамсарладаг. Итгээд даалгавал төрийн ажил гэдэг эрхэм зорилгыг бодоод л чадахаараа хийдэг. Тэгэх ч ёстой.

-Нээрээ таныг Уул уурхайн дэд сайд байх үед улс төрийн хүрээнд тарж байсан нэг яриа санаанд орчихлоо. Энэ Эрдэнэбулган гэдэг дэд сайд их “эвгүй” залуу юм гэсэн яриа тархаж байсан. Бидний амьдралд олон жил айдас, дарамттай явж ирсэн ОХУ-аас шатахуун авдаг үйл явц бий. Таныг хэлэлцээрийн ширээний ард дээрэнгүй оросуудыг буулгаж авсан тухай тэнд байсан хүн ярьж байхыг сонссон юм. Энд оросоор ярихгүй шүү, би англиар ярьдаг шинэ монгол гээд л бужигнуулсан гэж дуулсан. Яг юу болсон юм бэ? 

-(инээв) Яг ч тэгж хэлээгүй юм аа. Ерөнхийдөө надаас амбийц гарсан. 2012 оны 10 дугаар сард дэд сайдын ажлаа аваад удаагүй байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг надад шатахууны асуудлыг цэгцлэх даалгавар өгч, ажлын хэсгийн даргаар томилсон юм. Тухайн үеийн нөхцөл байдал маш хүнд, ОХУ-ын Роснефть компани шатахууны хилийн үнийг ямар ч учир шалтгаангүйгээр сар бүр 100 ам.доллараар гурван сарын турш нэмж, нэг тонн шатахууны үнэ 1300 ам.долларт хүрчихсэн байлаа. Шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамд 2500 төгрөг, түүнээс дээш өсөх аюул байсан. За, ингээд манай баг /Газрын тосны газрын дарга Л.Өлзийбүрэн, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэн, Монгол улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн, Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр/ Роснефьтийнхэнтэй уулзалт хийхээр очсон. Ерөнхий амбийцаараа гэх юм уу, нөгөө л сурснаараа тэд биднийг үл тоомсорлосон байдлаар угтаж авлаа. Шууд л оросоор яриад л, ширээн дээрээ зузаан зузаан хавтастай материалуудаа авчираад тавьчихсан. Гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй, та нартай тооцоо бодно гээд л, нэлээн дээрэнгүй хэдэн нөхөр байна аа. Манай ажлын хэсэг ч мэдрээд л, Орос крантаа хаахад гурван сар шатахууны хомсдолд орохгүй байх своп хэлцлүүдийг ардаа бас хоёр ч улстай хийчихсэн, үзвэл үзчих гээд л. (инээв) Тэр уур амьсгал миний эгдүүцлийг хүргэснийг нуугаад яахав. Би хэллээ. “Би та нартай хэлэлцээр хийнэ. Хэлэлцээрийг англи хэлээр хийнэ. Эсвэл монголоор орос орчуулгатай хийнэ ” гэж хэлээд л уулзалтыг завсарлуулсан. Гайхаад л бужигнаад л явчихсан. Төд удалгүй хэлэлцээр англи хэлээр үргэлжлэхээр болж Роснефьтийн худалдаа хариуцсан дэд ерөнхийлөгч Бельгийн иргэн Диде Касимиро /Didier Casimiro/ багаа удирдаж хэлэлцээр хийж эхэллээ. Бидэнд нэг л “амбийц” байсан. Үнэ бууруулах тухай ярихгүй, хуучин гэрээгээ өөрчлөх, манайд нийлүүлж байгаа шатахууны үнийг зах зээлийн үнэд суурилах /Коммодити биржийн үнэ/ буюу үнийн баримжаатай болох тийм л зорилго байсан. Ингээд Касимирод миний тавьсан санал “Хуучин гэрээгээр цаашдаа явахгүй ээ. Бидэнд бензиний үнэ болон нөөцөө удирдах ямар ч боломж алгаа. Зөвхөн авах хэмжээгээ жилд нэг сая тонн гэж тохирдог, тэгээд сар болгон Роснефтъ үнээ нэмж хилийн үнэ тэд байна гэдэг тулгалт баймааргүй байнаа, дэлхийн ямар биржийн үнийг барьж бидэнд шатахуунаа нийлүүлээд байгааг бид мэдмээр байна, аль биржийн үнэд суурилахаа танайх сонгоод бидэнд суурилах үнэ өгмөөр байна” гээд л ширүүхэн явчихсан. Оросууд гайхаад л хандах хандлага нь илт өөрчлөгдөөд, хэлэлцээрт оролцож байгаа хүмүүсээ нэг нэгээр нь солиод өөр хүмүүс оруулж ирсэн. Дөрвөн цаг орчим хэлэлцэж байж хэл амаа ололцож, шатахууны худалдаан дээр тэдний аманд орсон үнээр бус, дэлхийн үнээр, дэлхийн бизнесийн зарчмаар худалдаа хийхээр манайх Газар дундын тэнгисийн Италийн порт дээрх түүхий газрын тосны үнийг суурь үнэ болгоноо гэж тохирч чадсанаараа бид үнэд суурилсан менежмент хийж чадсан. Хэдийгээр эгдүү хүргэж эхэлсэн ч зорьсондоо хүрч чадсан хэлэлцээр байсан шүү.

-Энэ бол монголчуудын хөршүүдийнхээ өмнө очихоороо харц доогуур байдаг хэвшмэл зан чанараар биш, тусгаар улсын төрийн хүний зангаргаар, дэлхийн шинэ хэв маяг бүхий түшээ багийг ахалж очиж бай­гаатай хол­боо­той сайн дурсам­жийн нэг.

-Олон л үеийн баг очиж тэдэнтэй ажиллаж байсан байх. Гэхдээ энэ тохиолдол нэг содон жишээ болж үлдсэн гэдэгт эргэлзэх юм алга.

-Давосын нэг форумын үеэр болсон сонирхолтой явдлыг би танд ярьж өгөх үү?

-Тэг л дээ.

-Янукович манай Ерөнхийлөгчийг өөрөө уулзъя гэж урьдаг юм. Уулзалт Януковичийн өргөөнд болохоор товлогдож, хэвлэ­лийнхэн бид жаахан өмнө нь хүрээд ирсэн хүлээж байлаа. Уулзалт эхлэх цаг боллоо. Янукович байдаггүй. Таван минут өнгөрлөө байдаггүй.

-Ямар сонин юм бэ. Тэгээд юу болсон.

ЭРСДЭЛ ГЭДЭГ ЧИНЬ БОЛОМЖ БАЙХГҮЙ ЮУ

-10 минут өнгөрвөл хаяж явах ёс байдаг. Зургаа дахь минут болонгуут Ерөнхийлөгч гараад зогслоо. Янукович гүйхээрээ л ирсэн. Уучлалт гуйгаад л, уулзалтаа оросоор яриад л эхэллээ. Тэгсэн Ерөнхийлөгчийн маань зан нь гарч ирж байна. Дурамжхан шинжтэй, оросоор ярьж өгдөггүй англиар хариулаад эхэлдэг байгаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өөрөө Оросод төгссөн хүн шүү дээ. Янукович үнэхээр байдалд орсон, англи хэлтэй орчуулагч хайж бөөн юм болж олж ирж яриагаа үргэлжлүүлж билээ. Тэгж уулзалтаас хоцорсон шанг нь өгч, амбийцаа үзүүлж байгаа Монгол төрийн тэргүүнийг би харж байсан. Яагаад ч юм энэ дурсамж санагдлаа.

-Хүчирхэг дурсамж байна. Гоё ч дурсамж юм. Сэтгүүлчид та нар олон юмны гэрч болох юм даа.

-Тэнд байсан тэдний сэтгүүлчид танай Ерөнхийлөгч ямар аймаар юм бэ, лаг юм аа гээд л. Үнэхээр олон юмны гэрч болно шүү. Гэвч тэр бүгдийг бичих цаг нь өөр өөр ирдэг.

-Яагаад. Бас тийм ч юм уу.

-Одооны трэнд болоод байгаагаар бол “долоолоо” гээд л унана шүү дээ. Би тантай дараа ахин сайхан ярилцахыг хүсч байна. Буцалсан, их эрч хүчтэй хүнийг дагаад сэтгэл хөдөлж байна шүү.

-Би ч мөн адил. Бид одоо энэ улс орныхоо төлөө зүтгэмээр байна. Хөмөрсөн тогоон доторхын үлгэр одоо ч хэвээрээ байгаа нь намайг их бухимдуулдаг. Бусадтай, ялангуяа дэлхий нийттэй харилцахдаа ч соёлтой баймаар байна. Бидний саяны ярьсан дурсамжууд бол хөрөнгө оруулагчидтай үзэлцээд бай гэсэн үг биш шүү дээ. Тухайн тохиолдлуудад улс эх орныхоо төлөө, улс эх орныхоо нэр нүүрийн төлөө элдвийг үзэх, хийх тохиолдол аль тэр гэх вэ. Нийтлэг соёл, нийтлэг зарчим гэж юман дор очиж жагсах цаг иржээ. Зэрлэгүүд шиг байхаа больцгоо. Үүнийг л тасралтгүй уриалмаар байна. Та харин сонин түүх ярьж, сонин дурсамж яриулчихлаа.

-Таны ахалсан хэлэлцээрийн үед багийн тань зарим нь яанаа энэ хүүхэд чинь бужигнуулах нь гээд сандарсан гэсэн. Бидэнд гадныхныг хараад зүрх алддаг, бууж өгдөг бас зан бий.

-Энэ бол түүхэн гэрээ. Залуу хүний хувьд би өөрөөрөө бахархаж байна. Олон хүний хөдөлмөр, тэр дундаа манай Д.Ганхуяг сайд бүх даалгаврыг өгч багаа удирдаж байсан гэдгийг би хэлмээр байна. Ганц үнэ нь өсөөгүй түүхий эд бол бензин шүү. Өнөөдөр хар л даа төсвийн цоорхойг юу нөхөж байна. Шатахуунаас орж ирж байгаа онцгой албан татвар, тонн тутмаас 500 мянган төгрөг авч байна. Хэзээ ийм байсан юм бэ. Өмнө нь үнэндээ шатахуунаа аль зах зээлийн үнээр өгөөд, тэрийгээ ямар аргачлалаар нэмээд бидэнд өгдөгийг бид мэддэггүй, тэр нь тодорхойгүй, энэ тухай ярьдаг ч үгүй байж.Төрийн сайд нь Роснефьтийн захирлынх нь үүдэнд үнээ буулгаад өгөөч гээд л гуйгаад суудаг, оросууд нь манай дотоод худалдааг авна гэдэг, үеийн үед тийм л байсан шүү дээ. Тэр миний гэдэнг хөдөлгөөд байсан. Бидэнд ч гэсэн эрх ашиг байдгийг ойлгуулах, ойлголцох ёстой. Үүний төлөө тасралтгүй бид ажиллаж байх л ёстой.

-Танай намын дараагийн баг өнөөдөр Засаг барьж байна. Харьцуулалт буюу дүгнэлт хийхийг дахиад танаас хүсч байна. Яагаад гэвэл та өмнөх засгийн газарт ажиллаж байсан. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаснаараа Монгол улс юу хожив. Огцор гэж бичиж байсан хүний нэг нь бас би байх л даа.

-(инээв) Тийм байх шүү.

-Гэхдээ асуух л ёстой. Яг юу танай Засгийн газрыг унагачихсан юм бэ. Сэтгүүл зүй биш биз дээ. Өөрсдөө биз дээ?

-Цэвэр улстөрчдийн хоорондын “зодоон”. Танхимын гишүүд нь огцруулах санал өгч байснаас нь л ямар хэмжээний “зодоон” байсан нь тодорхой шүү дээ.

-Хорь гаруй жил энэ намд явжээ. Танай нам дотроо учраа олсонгүй дээ?

-Олсонгүй ээ.

-Одоо цаашдаа О.Эрдэнэбулган гэдэг энэ хувь улстөрч хэрхэн биеэ авч явъя гэж бодож байна. Таны план юу юм бэ. Би та нарыг намтай чинь хагалах гээгүй, гэхдээ энэ болохгүй намыг залуус хаяасай гэж зарим нь ярьцгаах болжээ. 25 жилийн турш дотроо учраа олоогүй намд энэ гоё бадрангуй залуу насыг, энэ олон жилийг зориулах утгагүй юм биш үү гэвэл та юу хэлэхсэн бол?

-Наадах чинь ёстой сонин асуулт байна. Энэ намын үзэл баримтлал үнэт зүйлийн төлөө сэргэлт бууралт бүхэнд нь хоёргүй сэтгэлээр явж ирсэн гишүүнийх нь хувьд сүүлийн үед явагдаж байгаа үйл ажиллагаанууд, болж байгаа бүхнийг хараад өөртөө эргэлзэж л байна. Чин үнэнээ ярихад шүү дээ. Би твиттер хуудсаараа хүртэл жиргээд намын зарим хүнд шүүмжлүүлсэн. Би АН-ын гишүүн гэж хэлэхээсээ ичиж байна гэж би хэлсэн.

-Харсан. Энэ таны тэсрэлт байсан байх?

-Тийм. Намайг манай намын Б.Одхүү гишүүн шүүмжилж байна лээ. Төрсөн гэрээ нулимж болохгүй, чи гээд л. Дэд сайдаас буучихаад шаралхлаа ч гэх шиг. Уучлаарай, надад албан тушаал сонин биш. Тэр байтугай би МАН-тай нэгдэнэ гэхэд нь түрүүлээд өргөдлөө өгчихсөн байсан юм шүү. Дараа нь би хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж ч хэлж байсан. МАН-ыг сөрөг хүчнээ хийсэн шиг хий гэж . Энэ чинь зарчим алдагдаж байгаа байхгүй юу. Парламентад сөрөг хүчин нь сөрөг хүчнээ хийдэг улстөрийн зарчим бүгд алдагдсан. Тэр сөрөг хүчнийг ч гэсэн зарчмаас нь ухруулаад л хөгжилд нь, бодлогод нь саад учруулж байгаа байхгүй юу. Дээр нь манай намын хамгийн том дутагдал бол хүнтэй ярихаасаа өмнө гэртээ ойлголцох ёстойгоо мэддэггүй. Манай намынхан эхлээд ойлголтоо нэгтгэхгүйгээр таван амаар таван өөр зүйл нийгэм рүү зэрэг зэрэг ярьдаг. Энэ хамгийн том дутагдал. Хөрөнгө оруулалт дээр ч адил. Гаднаас орж ирж байгаагаа оруулахгүй хаалгаа дарж зогсчихоод, дотроо хэрэлдээд байгаа юм шиг тэгж л харагдаж байна. Би бол үзэл бодолдоо үнэнч, гэхдээ түүнийхээ төлөө мухардалд орж үнэхээр дотроо л шаналж байна. Хаашаа алхах, яахаа мэдэхгүй байна. Бид хүсэл мөрөөдлийнхөө төлөө юм хиймээр байдаг. Гэтэл улс төр нь ийм. Одоо залуус яах ёстой юм.

-Дотроо ч учраа олоогүй байгаа энэ намуудыг яах вэ. Би бол таныг хатгаад улс төрийн өөр сонголтууд ч байна. Танд өөр сонголтууд ч байгаа гэж л асуугаад байгаа юм?

-Би бол АН-ын үзэл баримтлал, үнэт зүйлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа залуу хүн. Хэрвээ өөрчлөлт шинэчлэлт, намынхаа нэр хүндийг өсгөх үйл явцад биднийг оролцуулахгүй ээ, тийм шаардлагагүй ээ гэж нам үзэх юм бол одоогийн энэ улс төрийн нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд үзэл санаа зорилго нэгтэй залуучуудтайгаа нэгдээд өөр сонголт хийгээд явахаас өөр сонголт надад үлдэхгүй. Бид ч бас таны онцолж асуусан хорин хэдтэнүүд биш шүү дээ. Хийж бүтээх цаг үе маань ирсэн байхад та нар хойшоо суу гэвэл бид аясаар нь байхгүй. Энэ бол адилхан бидний эх орон, бидний үр хүүхдийн амьдрах эх орон.

-Намуудын нэр хүнд муу байгаагаас ирэх сонгуульд бие даагчдад нэлээд боломж олдох нь гэсэн судалгааны дүнгүүд байна. Энэ бол тийм ч таатай үзэгдэл биш л дээ.

-Энд бие даагчид ямар ч буруугүй. Эрх барьж байгаа нам л буруутай. Нэг улстөрч өөрийнхөө ярих сэдвээрээ л ярина. Тэр бол дэлхийн аль ч улс оронд бие даагчдын хийдэг л үйл ажиллагаа. Түүнд нь ороод л, Оюутолгойн хоёрдугаар шат С.Ганбаатараас болж болохгүй байгаа юм гээд шаагих. Үүн шиг инээдтэй юм дэлхий дээр байхгүй шүү дээ.

-Хоёр намын залуу үедээ хандах хандлага их ялгаатай байдаг. МАН бол залуучуудаа бойжуулж авдаг, АН бол биднийг хэн ч татаагүй, та нар өөрсдөө гарч ир гээд л залуучууддаа хатуурхдаг. Уг нь өрсөлдөөнөөр гарч ир гэдэг энэ зарчим нь надад таалагддаг. Танай намын залуучууд болохоор үүнд нь шатаж, өөрсдийгөө залуу гээд бодчихсон өвгөчүүл зайл л гээд байдаг?

-Би бол хүнийг хэзээ ч насаар нь ялгаварлахгүй. 70 настай тасарчихсан залуу сэтгэлгээтэй хүн байна ш дээ. Сэтгэлгээ гэдэг юм чинь наснаас хамаарахгүй зүйл. Нам залуучуудаа дэмжих, бэлдэх тийм үйл ажиллагаа зайлшгүй байх ёстой. Гэхдээ тулааны талбараа байлдаж олж авах ёстой гэж би бас боддог. Би тусгай хүлэмжинд бойжихын эсрэг үзэл бодолтой хүн.

-Зовлонгүй олж авсан амжилт, босгосон бизнес гэж байхгүй. Улстөрчдийн үнэгүй бяслагнаас өөр зүйл. Бизнест амжилттай яваа залуу хүн улс төрд орж хайран цагаа дэмий үрэх хэрэг байгаа юм уу. Таныг их амжилттай бизнестэй гэж ярих юм билээ?

-Ганцаараа сайхан амьдраад явъя гэвэл ч тийм байх л даа. Гэхдээ би залуу хүний хувьд эх орныхоо төлөө юм хийж бүтээж чадах юм байна гэдгээ олоод харчихсан, эртнээс тээж ирсэн дотроо шатаж яваа мөрөөдлөө зорилгоо болгочихсон хүн. Тийм учраас ойрын зайн улс төр хийх гэж яваа хүн биш гэсэн үг. Аль 90-ээд оны эхнээс бидний хүрэх гээд байгаа тэр хөгжилтэй танилцчихсан үр шимийг нь хүртчихсэн учраас би хөгжлийг л зорилго гэж харна.

-Та электроникийн инженер. Аав ээж хоёр тань бас инженерүүд. Мэргэжлийн сонголтоо өөрөө хийсэн үү. Та номонд өөрийнхөө биелээгүй хүслийг хүүхэддээ битгий тулгаарай, хүүхдэд тань ч бас өөрийн мөрөөдөл бий гэж бичсэн байсан. Энэ бол бас л Монгол аавын үг биш юм шиг ээ?

-Би өөрийнхөө алдаан дээрээ суралцаад түүнийгээ хүүхэд дээрээ дахиж давтахыг хүсэхгүй байгаагаа л хэлсэн юм. Намайг мэргэжлээ сонгох үед Автоматжуулсан системийн удирдлага гэж шинэ сонирхолтой мэргэжил байлаа. Би тоондоо гайгүй сайн хүүхэд байсан. Шинэ шинжлэх ухаан судална, IT-ийн инженер болно гэсэн бөөн дэврүүн мөрөөдөл. Pentium нэг хоёр л гарч ирсэн байсан үеийг би ярьж байна л даа.

-Тэр үеийн ШУТИС-д ч газар газраас л хамгийн тархитай хүүхдүүд цуглаж байсан даа?

-Тэгэлгүй яахав. Одоо энэ Боловсролын сайд Лу. Гантөмөр чинь гэхэд мундаг хүүхэд байсан. Лекцийн гол танхимд дээд тооны багштай ганцаараа л маргадаг, үл ялиг аялгатай хэлтэй нөхөр л самбарын урд гарчихсан үзэж байдаг байсан. Дотуур байранд амьдардаг, Увсын залуу байсныг би тод санаж байна. Би бол ШУТИС-т тийм сайн байгаагүй ээ. Гол нь надад шинэ тутам шинжлэх ухааныг судлахад хэлний бэрхшээл тулгарч байсан нь магадгүй сургуулиа төгсөөд Америк явахад хөтөлсөн байх.

-Хүний хүүхдүүд аавтайгаа адилхан байх юм даа. Таны түүх дандаа тийм нэг дотроосоо шатаж явсан түүхүүд байсан. Гэтэл хүү тань яаж яваад далайн биологи сонирхдог байнаа. Бас тань шиг элдвийг бодож шаналдаг нөхөр байх нь гэж харсан. Далайд гарцгүй монгол гэдэг ойлголтод л багаасаа шатаж, ийм сонин мэргэжил сонгочихсон юм болов уу. Хүүгийн тань сонгосон мэргэжлийг уншаад гайхсан шүү.

– Ёстой мэдэхгүй. Одоогоор сонгочихоод байгаа мэргэжил нь далайн биологи судлах гэсэн. Гэхдээ дунд сургуулиа арай төгсөөгүй байгаа болохоор өөрчлөгдөж ч мэдэх юм. Хамгийн гол нь би хүчээр сонголт хийлгэхгүй. Хүн хоббигоороо мөнгө олно гэдэг бол аз жаргал гэдгийг би сайн ойлгосон.

-Монгол залуучууд бушуухан сургуулиа төгсөөд ахуй амьдралаа, аав ээжийгээ авч явахыг л боддог. Та бол дахиад америк явж суралцсан байна. Дараа нь бүр Италид очиж суралцжээ. Танайх хоёрхон хүүхэдтэй айл болохоор амьдралын буулга, ачаа гэх зүйл арай гайгүй байв уу?

-Манай ээжийн аав Санж гэдэг лам хүн байсан юм. Арван хүүхэдтэй, тэднийгээ бүгдийг нь дээд сургууль төгсгөсөн, эрдэм номыг шүтсэн хүн байлаа. “Том толгойт бусдыг зарж, том хөлт бусдад зарагддаг” гэж намайг сургадаг байсан.

-Ёстой сонсч байгаагүй үг байна.

-Өвөө маань тэгж хэлдэг байсан. Өвөөгийн сургааль аав ээжид маань ч нөлөөлсөн байх. Бас цаг үеийн өөрчлөлт ч мэдрэгдэж эхэлсэн үе таарсан. Миний аз таарахад садангийн ах маань АНУ-д ажиллаж амьдарч байв. Ингээд л аавынхаа нөүтбүүкийг зарж, тийзний мөнгөө олоод явсан даа. Америкад очлоо. Шууд соёлын шок. Нөгөө хөгжил гэдэг зүйлийг чинь жинхэнэ утгаар нь мэдэрч, хүн хөдөлж байж мөнгө олдог гэдгийг ойлгож эхэллээ. Хичээлийнхээ хажуугаар зөөгч хийж мөнгө олохоор боллоо. Одоо энэ Гадаад харилцааны сайд асан С.Эрдэнэчулуун гуайн хүү Э.Сүх-Эрдэнэ гэдэг найз маань намайг өндөр зэрэглэлийн ресторанд ажилд оруулж, би тухайн үед сард 2500 долларын цалинтай зөөгчөөр ажиллаж байлаа. Жилийн 18 мянган долларын төлбөртэй сургуулийнхаа төлбөрийг төлж чаддаггүй ээ. Дээр нь эсвэл сургуульдаа суралцах эсвэл ажиллах хоёроос сонголт хийх хэрэгтэй болов. Тэр ресторанаар үйлчлүүлж байгаа оффисын гоё гоё залуучуудыг харахаар шар хөдлөөд болдоггүй. Ингэж байсаар хоёр жил болоод сургуулиа хаяад ирсэн. Эрх чөлөөний орноос би хоосон ирээгүй ээ. Амьдрах ухаан, хэл хоёртой буцаж ирсэн. Ирээд МҮХАҮТ-д ажилд орсон. Зорилго нь тодорхой. Тэндээс би тэтгэлэгтэй сургалтын хөтөлбөр хайх гэж. Англи, Америк, Австрали гээд хүсэлт илгээгээгүй газар байхгүй. Жил гаруй бичлээ. Ингэж зорилго тавьсныхаа хүчинд Италид суралцах тэтгэлэг олж авсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимд мэргэжилтнээр ажиллахдаа бизнес бол миний сонирхол юм байна гэдгээ илүү сайн ойлгосон. Би одоо л нэг хүссэнээрээ суралцах боломж олдож байгааг хэлэх үү, яг л шархадсан чоно шиг улайрч суралцсан . Италид хоёр жил сурч мастер хамгаалаад, нэг жил ажиллаад 2002 онд монголдоо ирсэн дээ.

-Таны бизнесийн мөрөөдөл бол гайхалтай л даа. Хийж байсан бизнесүүд тань хүртэл. Орост газар авсан л гэнэ, Якутаас солонгос руу алмаз зөөсөн гээд л сонин, эрсдэлтэй бизнесүүдийг зориглож хийсэн байдаг. Ер нь л эрсдлээс айдаггүй юм уу. Одоо ч эрсдэлд бэлэн байдаг уу?

-Бэлэн байдаг. Эрсдэл гэдэг чинь хоёр талтай. Нойл эрсдэл байвал чи ямар ч ашиг олохгүй ээ л гэсэн үг. Эсвэл ашиг олно, эсвэл алдагдал хүлээнэ гэсэн үг. Эрсдэл гэдэг чинь дандаа алдагдал хүлээнэ гэсэн үг биш. Гол нь эрсдлээ зөв үнэлэх ёстой. Нөгөө талдаа эрсдэл гэдэг чинь боломж байхгүй юу. Би тэр талаас нь харж аливаад ханддаг

-Та мөрийтэй тоглодог уу?

-Үгүй . Нэг удаа тоглосон тэгээд л ойлгочихсон.

-Би таныг азанд итгэдэггүй, заавал өөрөө хийж үзэж итгэдэг юм байна гэж номоос тань ойлгосон. Тэгээд л ийм байдлаар асуусан юм?

-Тийм ээ, би “аз”-нд итгэдэггүй.

-Танд бас нэг шинэ имиж байнаа. Олон хүүхэдтэй . Өнөр өтгөн гэр бүлийг байгуулжээ. Ийм залуучууд олон болж байгаад баярладаг юм?

-Би чинь дүүтэйгээ хоёулханаа хүн. Аав ээж ажлын улаан хэнхэгтэй, гэртээ үзэгдэх нь ховор хүмүүс байсан. Хүссэн хүсээгүй айлын том хүүхэд над дээр хамаг гэрийн ажил бууна. Тэр үед эгчтэй ч юм уу, эмэгтэй дүүтэй ч болоосой . Олуулаа бол гоё доо гэж боддог байж билээ.

-Одоо таны дүү юу хийдэг вэ, хамтарч бизнес хийдэг үү?

-Тусдаа . Миний дүү хэвлэлийн бизнес хийдэг.

-Таны одоо эрхэлж байгаа бизнес?

-За, яахав янз бүрийн л юм хийж байна. Гол төлөв хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байна. Зөвлөх үйлчилгээ, барилга, ложистик гээд тав зургаан чиглэлд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа. Би ажил хөдөлмөр хийхгүй, зүгээр цагийг өнгөрөөх хүн биш. Тэгж төлөвшөөгүй л дээ.



Бидний энэ удаагийн ярилцлага үүгээр өндөрлөж байна. Яриад л баймаар сонирхолтой эрхмүүдийн нэг яах аргагүй тэр байлаа. Ноён Эрдэнэбулган зарим хүнд хэт шулуухан нөхөр санагдах байх. Гэхдээ дүрэлзсэн халуун зан чанар ч түүнийг бүтнээр нь тодорхойлохгүй. Тэр ийм л олон талтай, хүчтэй залуу. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийхэд манай зочин айлчлалын бүрэлдэхүүнд орж ажиллажээ. Тэр үеэр Италид Элчин сайдын яам нээх ёслолын ажиллагаа болж О.Эрдэнэбулганы оюутан ахуйн андууд хүрэлцэн ирж. Дараа нь тэд “Чамайг бид оюутан байхдаа “Grande Bulgan” гэж хэлдэг байсан даа. Ядуу оюутан атлаа бусдын адил замаасаа няцалгүй сургуулиа төгсч чадсан чамайг хараад бид амжилтад хүрэхэд ойрхон байгаа гэж боддог байсан. Гэхдээ өнөөдөр төрийн хүн болоод ирж байгаа чинь бидэнд гэнэтийн бэлэг болж чадсангүй” гэж хэлцгээжээ. Манай “Шаталтат хөдөлгүүр” энэ үгийг нь харин яаж хүлээж авсан бол оо…

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав