Амьдрал бол тэр чигээрээ адал явдал, баяр гуниг, басхүү ээдрээ зангилаа юм шиг.
Залуу халуун цагийн бардам эхлэл…зүрх сэтгэл зөвхөн мөрөөдлөөр л дүүрэн байсан шиг. Тэгээд юу юугүй дан цамцтайгаа завин дээр үсрэн гарч сууцгаасан шиг…Эхлэл дандаа ийм л гэнэн, басхүү гэгээн байдаг шиг.
Завиа далбилзуулан сэлүүрдэж явахдаа өрөөсөн сэлүүрээ алдаж живэх шахсан. Ахиад олж авсан. Арай хашир, арга эвээ олж сурсан. Гэхдээ л амаргүй юм байлаа. Баахан ядарч, баахан итгэл алдарчихаад эрэг дээр гэдэргээ харан хэвтэж байсан минь хэтэрхий олон. Наранд дальдчин, шилний хагархайгаар өрөөсөн нүдээ аничихаад тэртээ хүршгүй хол мөрөөдлийн зүг дурандаж хэвтсэн минь эргэн санахад жаргалтай хормууд болж хувирсан нь сонин. Гэхдээ л нөгөө мөрөөдлөөр дүүрэн зүрх сэтгэл оргилуун хэвээрээ байдаг нь хачин. Эргээд л сэлүүрдэж гарлаа. Гар амархан цуцдаг, итгэл ахархан бөхчих гээд байдаг нь больсон ч юм шиг. Цаашлах ёстой. Дараагийн эрэг рүү хамаг хүчээрээ сэлүүрдэе.
Тийм ээ, энэ бол амьдрал.
Сэтгүүлч хүний өглөө жирийн хүмүүсийнхээс тэс ондоо эхэлдэг. Шинэ мэдээ хонх шиг жингэнэж л угтдаг. Тэгээд л тэрнийхээ араас ажиллаж өгнө дөө. Миний хувьд хаа нэгтэйгээс холын хол зам туулан намайг зорьсоор ирдэг үл ялиг өлөн хир суусан дугтуйтай захидал ширээн дээр минь хүлээж байх өглөө бусдаас илүү өвөрмөц эхэлдэг. Дугтуйтай захидлаа дагаад хаа нэг тийшээ давхин одмоор. Хүмүүсийн хувь тавилангийн ээдрээ нугачаан дунд хавчуулагдан сэтгэлээ юу ч үгүй болтол тарамдуулж хаячихаад сэнсэрч явах.
Энэ өглөө яг тэрхүү агшинг тээж иржээ. Захиа ирэв. Хаа холын Хөвсгөлөөс ирсэн энэ захиа сэтгэл зүрхийг минь хөвсөлзүүлж хаяв.
Захидал юу өгүүлэв
Эрхэм хүндэт сэтгүүлч бүсгүй таны амар амгаланг эрж, Хөвсгөл нутгаас ахмад сэхээтэн би вээр үг хэлхэж ядан мэндчилж байна. Би танаас нэгэн чухал зүйлийг зориг гарган гуйх гэсэн юм. Энд дурьдагдах нэгэн хүний талаар сониндоо зурагтай нь бичиж нийтлүүлж өгөөчээ гэж хүсч байна.
Миний хайж байгаа хүнийг Дэмчигийн Гарамжав гэдэг эмэгтэй юм. Энэ эмэгтэй бол миний нагац эгч болох хүн юм. Миний ээж одоо 92 настай. Энэ хоёр хүн бол төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм. Дүүгээ хайж байгаа цорын ганц хүн тэгэхээр миний 92 настай ээж гэсэн үг. Бүх төрөл төрөгсөд нь элж хорогдон алга болсоор үлдсэн ганц хөгшин нь нас өндөр болчихоод хий дэмий асууж сурахаас хэтрэхгүй суугаа нь энэ.
Дэмчигийн Гарамжав гэх энэ эмэгтэйн буянаар эрдэм номд суралцаж гадаад дотоодод сургууль соёл төгсөж, амьдралтайгаа золгосон хол ойрын, хамаатан садан 40-60 орчим насны олон хүн байх учиртай. Даанч бүгд түүнийг тоож үзэхгүй болж, мартаж одоцгоосон нь өнөө цагийн хүмүүсийн нийтлэг дүр төрх биз дээ. Тэнхлүүн явахад нь тэмээгээр туслах гэснээс тэнхээгээ барсан үед нь тэвнээр ч болов тусласан нь дээр гэдэг. Одоо бол тэмээ байтугай тэвнэ өгөх хүн ч олдохгүй болсон цаг юм даа. Гэхдээ энэ хүн тэмээ тэвнэ горьдохооргүй бардам нэгэн бөгөөд мөлхөж амьдарснаас зогсож үхсэн нь дээр гэдэг лоозонтой нэгэн. Д.Гарамжав эгч маань 1921 онд төрсөн, одоо 88 настай хүн. Өвөг эцэг Дэмчигээрээ овоглосон юм. Дэмчиг гэж ширвээ хар сахалтай, өндөр нуруутай сайхан хүн байсныг би мэдэх юм. Эх нь Дэмчигийн Гүнсэн гэж хүн байсан. Бид ажаа гэж гэж авгайлдаг байсан. Ажаа маань 1900 онд төрөөд 1979 онд өөд болсон юм. Залуудаа бошгыг халах залуучуудын эвлэлд нэгдэн, улмаар МАХН-тай амьдралаа холбосон, 1927 онд МАХН-ын зургадугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан түүхтэй. Хөвсгөл аймагт улаан гэрийн эрхлэгч, суртал ухуулгын бригадын гишүүн зэрэг нэг үгээр хэлбэл намд, хувьсгалд үнэнхүү биширсэн, монгол бичиг, шинэ үсэг хослон сурсан хүн байсан гэдэг юм. Төрсөн дүү Дэмчигийн Баасанжав нь Эрхүүд Рафакт суралцаж байгаад 1932 онд амралтаараа нутагтаа ирж яваад 18 настайдаа эсэргүү бослогын харуулд буудуулж амь насаа алдсан. Ингээд Д.Гүнсэн нь төрсөн ганц охиноо дагуулан Улаанбаатарт иржээ. Хотод ирээд охин Д.Гарамжаваа үлгэр жишээ дунд сургуульд оржуулж суралцуулсан байдаг... Нагац эгч 88 настай Гарамжавыгаа хайж ийнхүү надад захидал илгээсэн уншигч маань Хөвсгөл аймгийн Мөрөн суманд суугаа өндөр настан Ж.Үржгэр гуай юм.
Захидал ийн хөврөв…Ингэхэд Дэмчигийн Гарамжав гэж хэн бэ?
Миний хайх ёстой баатар Дэмчигийн Гарамжав. Энэ хүн эдүгээ Улаанбаатар хотод л байх учиртай юм байна. Ингэхэд Д.Гарамжав гэж хэрхэн аж төрж явсан, хэн юм бол.
Түүний сурч байсан Үлгэр жишээ дунд сургууль нь 20 дугаар зууны Монголын төр нийгмийн нэртэй зүтгэлтнүүд, эрдэмтэд, жүжигчид суралцаж байсан, тухайн үедээ нэртэй сургууль байсан бололтой. Д.Гарамжав нь бага наснаас сэргэлэн цовоо, дуу бүжигт авъяастай, шүлэг бичдэг охин байж. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой охин ийн гялалзаж явсаар 18 настай учран золгожээ. Алдарт 18 нас манай баатрыг амьдралд яаруулсан гэлтэй. Тэр үеийн Дотоод явдлын яамны ажилтан Дүгэржав гэдэг хүний эхнэр болж, нөхрөө даган ЗХУ-руу одсон байх юм. Нөхөр нь Москва дахь Монголын Элчин сайдын яаманд ажиллахаар явсан нь тэр. 18 настай бүсгүй хүний хань болсон төдийгүй хол газарт хүлгийн жолоо залсан тэр үе 1939 он ажээ. Д.Гарамжав хүүхдээрээ шахуу амьтан байхдаа Москвад хүний гэргий болон очсон түүх эндээс эхэлсэн. Очоод элчин сайд Ж.Самбуу болон түүний гэргий Нямаа гуайд кирилл (орос)үсэг зааж байсан гэсэн сонин баримт байх юм. Тэр үед зөвхөн монгол бичиг хэрэглэгдэж байсан болохоор тэр бүр хүн кирилл үсгийг мэддэггүй байсан болов уу. Хожим Ж.Самбуу гуай Гарамжав бүсгүйг найрсагаар урьж залан, “Манай багш” хэмээн хүндэтгэдэг байсан гэдэг. 1943 онд Гарамжав МАХН-д элсчээ. Улмаар Дотоод яамны төв сургуулийн дэргэдэх курст суралцаж, ДЯЯ-ны Төв аппаратад нэрт хатагтай С.Удвал ахайтантай хамт ажиллаж байсан юм байна. Чухам энэ үеэс энэ хоёр хүний үерхэл нөхөрлөл эхэлсэн бололтой юм. Амьдрал эхэлсэн шигээ дандаа нартай хуртай байх биш. Бүсгүй анхны нөхрөөсөө салж, дараа нь Дотоод яамны бас нэгэн офицертэй сууж байсан гэнэ. Энэ харилцаа нь ч тийм бат бөх байгаагүй байж мэднэ. Учир нь түүнийг дөрвөн ч хүнтэй гэр бүлийн амьдрал зохиож явсан гэх мэдээлэл бас байдаг юм байна. Гэр бүлийн амьдрал санаснаар өв тэгш байгаагүй ч бусад талаараа тэр тийм амар бууж өгөөгүй бололтой.
Д.Гарамжав нь 1948 онд Намын Шинэ Хүчний дээд сургууль төгсөөд Намын Төв хорооны нарийн бичгийн дарга С.Янжмаагийн туслахаар ажиллаж байжээ. Дараа нь 1950 онд Булган аймгийн Намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдож, 1953 он хүртэл ажиллажээ. Нэр хүндтэй, олонтой явсан нэгэн аж. 1953-56 онуудад Хүнсний Үйлдвэрийн яамны орлогч сайдаар ажиллаж, тэр үедээ Буйр нуурын загасны үйлдвэрийг сэргээн босгож, Зүүн хараагийн Спиртийн үйлдвэрийг тухайн үеийн шинэ техник тоног төхөөрөмжөөр тоноглосон зэрэг олон чухал ажлуудыг гүйцэтгэж явсан түүхтэй юм байна. Олон нийтийн ажилд ч оройлж явсан бүсгүй аж. 1956 онд Бээжинд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн их хуралд төлөөлөгчөөр оролцож Мао Зедун, Чжоу Энь Лай нартай уулзаж зураг татуулж явсныг нь тухайн үед ах дүүс нь үзэж харж, бахархаж шагшиж байжээ. Тэр хуралд МЭХ-ны орлогч дарга Н.Лхам гуайтай хамт явж байсан гэнэ. Гарамжав нь монголын захиолчидтой ч нэлээн гүнзгий харилцаатай явжээ. Өөрөө өгүүлэг, тууж бичдэг ч байж. Тэрбээр “Давхар баяр”, “Ганц модны дэргэд”,”Жимсгэний төгөл”, “Шар тохойн цэцэг”, “ “Ганган хул” зэрэг өгүүллэг, найруулал, бэсрэг тууж бичиж, долоо найман ном хэвлүүлж байжээ. 1959 онд ЗХУ-ын Москва хотод Коммунист намын дээд сургууль төгсч ирэхэд нь чухал албан тушаал санал болгосон ч өөрөө очихоос татгалзаж, Эдийн засгийн сургуульд багшилж эхэлсэн юм байна. Энэ сургуулийг МУИС-тай нийлэхэд тэнд очиж ШУКО, бас бус хичээл зааж 30 шахам жил боловсролын салбарт зүтгээд өндөр насны тэтгэвэрт гарчээ. Албан ёсны түүх нь товчхондоо энэ. Уулзвал мөн ч гоё яриа болно доо гэх хорхой өөрийн эрхгүй төрж байна.
Цагтаа цалгиж явсан хонгор сайхан эгч минь хаана явна
Дөчөөс тавиад оны үед Улаанбаатарын ганган шаавай хүүхнүүдийн тоонд Гарамжав гэх энэ арвин баялаг түүх намтартай, цалгисан сайхан бүсгүй яах аргагүй багтаж явжээ. Түүнийг биеэ маш гоё авч явдаг, ялангуяа европ, монгол хувцасны донжийг тохируулж хэрэглэдэг, үг хэл цэцэн цэлмэг, ухаан саруул, ааль ялдам нэгэн явсан талаар мэдэх хүн цөөнгүй юм аа. Миний уншигч Үржгэр гуай захидалдаа нагац эгчийгээ худал хуумгай явдалд аянга мэт ширүүн үгийг улайтал буулгадаг, уруу дорой нэгнийг нулимс унаган байж өрөвдөн хайлдаг өвөрмөц зан авиртай нэгэн явсан төдийгүй эрчүүдийг бээлий шигээ сольж явсан нэг том “дутагдал” нь насны нь эцэст эмгэнэлт тавилан руу авч ирсэн хэмээн сэтгэл догдлон өгүүлсэн байна. Д.Гарамжав нь төрүүлсэн үр хүүхэдгүй учраас 1950 онд Булганы Дашинчилэн хавиас нэг хүү үрчилж авсан гэнэ. Гэвч тэр нь сайн эхийн буян заяаг даалгүй архи дарсанд живж, улмаар 1998 онд өөд болжээ. Бас нэг охин өргөж авсан гэх сураг байдаг ч тэр нь хэн болох, одоо хаа явдаг нь бас тодорхойгүй юм байна. Гарамжав гуай 1960 онд 12 дугаар микрт гурван өрөө сайхан байртай байжээ. Тэр нь 1990-ээд оны дундуур хоёр өрөө болсон байж гэнэ. Сүүлд хоёр нь ганц өрөө болж, улмаар бүр сураг алдарчээ. Өнгөрсөн хавар Мөрөнд суугаа Үржгэр гуайд нагац эгчийнх нь сураг ахин сонсогджээ. Эгч тань гурав дөрөвдүгээр хороолол хавьд өргөмөл охиныхоо хадмуудтай хамт нэг байрны буланд чихцэлдэн сууна гэх мэдээ ирж, тэдний санааг чилээж эхэлжээ.
Ж.Үржгэр гуай нагац эгчийгээ бодоод зүрх нь шимширч, аргаа бараад манай сонинд захидал бичсэн байна. Уг гарал нь Д.Гарамжав гуай Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харъяат хүн юм байна. Ардчиллын алтан хараацай С.Зориг хүртэл түүнтэй уулзаж зөвөлгөө авдаг байсан, ШУКО-оор мэргэшсэн цөөхөн хэдэн багшийн нэг байсан гэж надад ирсэн захидалд өгүүлжээ. Төр нийгэмд зүтгэж явсан энэ хүнийг Зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойгоор дурсагдах болов уу гэж дүү нь нүдээ хөхөртөл хараад гонсойсноо нуусангүй. Хүн гэдэг амьтан яагаад насныхаа эцэст чихрийн цаас шиг ингэж хаягдах ёстой юм бэ гэсэн уншигчийнхаа үгээр энэхүү бичлэгээ өндөрлөе. Д.Гарамжав гуай миний нийтлэлийг уншаад холбоо бариасай. Нутагтаа сэтгэлээ чилтэл хүлээж суугаа эгчтэй нь уулзуулчих хувь тохиох юм биш байгаа гэж би ч их догдолж байна. Энэ хүнийг мэдэх хүмүүс холбоо баривал бид их баярлах болно.