XX зууны нөлөө бүхий зохиолчдын нэг Чарльз Буковски. Америкийн цуутай “бохир реалист” зохиолч хэмээгддэг түүний шүлгүүд цөөн хэдэн уран бүтээлчийн хөрвүүлснээр цахим хуудсанд түгэх болсноор хэдэн жилийг үдэв. Харин түүний шүлгийн есөн түүвэр, нэг антологиос сонгож, шигшсэн “Шүлгүүд” нэртэй яруу найргийнх нь түүвэр анх удаа монгол хэлт уншигчдийн хүртээл болсон билээ. Тус номыг “boobooks” паблишингаас эрхлэн хэвлүүлсэн бөгөөд орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадулам дуун хөрвүүлжээ.
Өмнө “boobooks” паблишингаас Буковскийн “Хүүхнүүд” /орчуулагч Б.Хатантөмөр/, “Болор судар” хэвлэлийн газраас “Шуудан хороо” /орчуулагч Гамбино/ зэрэг роман нь хэвлэгдэж уншигчдийн хүртээл болсон юм.
“Notes of Dirty Old Man” ном нь хэвлэгдсэний дараахан Америкийн Холбооны Мөрдөх Товчооноос түүний нэр дээр хавтаст хэрэг нээж байсан бөгөөд арван жилийн хугацаанд бичсэн шүлгүүд нь Лос-Анжелесийн ихэвчлэн андерграунд бүхий жижиг хэвлэлүүдэд нийтлэгдэж, хүмүүсийн амнаас ам дамжин алдаршиж эхэлжээ.
Чарльз Буковский амьдралынхаа туршид зургаан роман, олон зуун шүлэг, богино өгүүллэгүүд туурвисан бөгөөд өдгөө 60 гаруй ном нь хэвлэгдээд байна. 1986 онд Time сэтгүүлээс Буковскиг “Тэр бол бурангуй америк ард түмний төдийгүй дэлхий нийтийн шударга үнэний өмнө гавьяатай нэгэн” гэж цоллов.
Уг номыг эрхлэн гаргаж буй хэвлэлийн газрын өмнөтгөлд “Буковскийн гол өв хүүрнэл зохиол ч яруу найраг нь дутуугүй алдартай. Түүний шүлгүүд орчлон хорвоогийн уй, хүмүүсийн гуниг зовлон, ахуйн аар саар асуудал, секс, согтуурал, хотын амьдрал дахь үл үзэгдэм хэм хэмнэл, сэтгэлзүй гээд тоолж баршгүй олон зүйлд өөрийнхөө хэлээр хариулт өгч, элдэв хачиргүй нүцгэнээр нь бичиж үлдээсэн юм” хэмээн дурджээ.
УНШИХ ЭРХ ЧӨЛӨӨ
Магадгүй дэг журмын нөлөөнд хэт автсан нэгэнтэй Чарльз Буковскийн талаарх яриа өдвөл эхлээд түүнд сонирхолтой эсвээс “Ингээд хоёулаа яриагаа шууд төгсгөчих үү” гэх нь дамжиггүй. Харин бидний энэ яриа дэлхий дээрх бүхий л “бардууд”-ын төлөөлөл болсон түүний хувьд ямар ч хамаагүйгээс гадна үр нөлөөгүй, дэмий зүйл байх нь тун ойлгомжтой. Учир нь түүний бүтээлүүд үүнийг тод гэрчилнэ. Мэдээж үйл явдал нь зохиомол байж болох ч бохир ба цэвэр үнэн гэх ганц гаргалгаанд тулаад зогсоно.
“Тун удалгүй Чарльз Буковски миний өмнө гэгээн дүрээрээ зогсож байна гээч. Уй гунигаа дийлж ядах мэт хоржоонт харцтай, торгон халаад хэдэрсэн залхуудуу хоолойтой энэ эрхэм үнэхээр тэр ажээ.”
Энэ бол Чикагогийн “Утга зохиолын цаг” сэтгүүлийн Лос-Анжелес дахь сэтгүүлч Арнолд Кейгийн үг. Тэрээр 1963 онд анх удаа, бусад олон сэтгүүлчдээс урьтаж Чарльз Буковскийтой ярилцлага хийсэн юм. Учир нь Буковски сэтгүүлчдээс зугтаж, ярилцлага авах нь бүү хэл, олоход бэрх нэгэн байлаа. Тиймээс л “Буковски гэж хүн байдаггүй. Хэн нэгэн зохиолоо хуурамч нэрээр бичиж байгаа” гэсэн цуурхал хүртэл гараад байв. Тэр л үед Арнолд Кей шаргуу хайсны эцэст Буковскиг олсноор барахгүй ярилцлага хийхээр болж Холливуд дахь гэрт нь цаг товложээ. Түүнийг очиход өмссөн хувцасных нь халаасанд 12 хуудас бүхий “Flower, Fist and Bestial Wail” зэрэг дайвар ном, бас бус бичвэрүүд байсан гэдэг. Харин гэрийнх нь цонхоор хотын эмнэлэг, цагдаагийн газар тодхон харагдаж байлаа.
Кей түүнээс цөөн хугацаанд тохиосон учирлынхаа хоромд “Хүн бүр Буковски л хэвлэгдээсэй гэж хүсэх цаг ирнэ гэж та боддог уу” хэмээн асуухад “Буковски? Тэр ер нь хэн юм? Буковскиг уншлаа гээд амьдралд нь юу өөрчлөгдөх вэ? Тэр гудманд архидаж хонодог, цаашлаад ч тэгсээр байна. Хэн юу хүсэх нь хамаа алга” гэж хариулсан удаатай. Мэдээж уншигчдад Буковкси хамаагүй ч тэр өөрөө бусдын юу хүсэхийг үл анзааран туурвиж байсан нь түүний бүтээлүүдийг унших эрх чөлөөнд хөтөлж буй юм.
Харин энэ хүрээд түүний тухай яриагаа эцэслэчихэж болохгүй ажээ. Учир нь бид яг одоо хамгийн чухал яриа руугаа орж байна шүү дээ.
БИД ЕРДӨӨ Л ХҮН
Буковски бол өөрийнхөө ба өөр шигээ гадуурхагдсан, гунигт нэрвэгдэж, уйд хөтлөгдсөн эсвээс ядуу дорой, үлэмж баян аль нь ч ялгаагүй хүн бүрийн тухай бичдэг. Гэвч ихэвчлэн өөрийнхөө тухай бичиж, тэр нь бусдын талаарх дотроо хадгалж явдаг үнэнийг илчилсэн шиг уншигчдад мэдрэгддэг болов уу. Ингэхдээ түүнд яруу найргийг чимэглэж, уянга оруулж, шинэ хэл, шүлэглэл зүй бүтээх шаардлага байсангүй. Тэр анхнаасаа л өөрийн санааг буулгах бадаглал зүй, хийц хэмнэлийг тодорхойлчихсон, түүндээ үнэнч байсан нь “Шүлгүүд” түүврээс тодорхой анзаарагдана.
…бид хэдий амиа бодсон бэртэгчин хэдий ч,
бие биеэ,
бас өөрсдийгөө алж хороодог гэлээ ч
бид бүгдээрээ эр зоригтой, сайхан сэтгэлтэй шүү,
бид алж хөнөөх гэж, үхэж үрэгдэх гэж,
харанхуй өрөөнд уйлах гэж,
хайрлах гэж,
хүлээгээд л, хүлээгээд л,
хүлээгээд л байх гэж төрсөн хүмүүс шүү,
бид ердөө л хүн шүү дээ, хүн,
өөр юу ч биш”…
Тийм ээ, бид бол ердөө л хүн. Хамгийн гол нь эл шүлэгт хүмүүс нэгнээ үзэн яддаг, зөвхөн өөрийгөө л боддог аминч үзлийг уудлан гаргахаас өгсүүлээд шулуун, хатуу үнэнээ дараагийн мөрүүдэд зөөллөж “хүлээгээд л, хүлээгээд л байх гэж төрсөн хүмүүс шүү” хэмээжээ. Үнэхээр амьдрал заримдаа тэр чигтээ хүлээлт мэт, хүн хэзээ нэгэн цагт төрөл арилжихаа мэдэх мөртөө юуг ч юм хүлээсэн итгэл төдийхнөөр л амь зогоож байдаг шиг санагдана. Тэгээд ч түүний шүлгүүдийн тухай хэтэрхий гоё ганган үгс, элдэв тайлбар зүүлт хэрэггүй. Ийм учраас зөвхөн өөрт төрж буй сэтгэгдлийг л бийрлэхэд хангалттай болов уу.
санаа зоволтгүй дээ, хэн ч
сайхан хүүхнийг
жинхэнээсээ өөрийн болгодоггүй юм.
хэн ч сонин содон авьяас,
нуугдмал хүч чадалтай байдаггүй юм.
хэн ч гоц гойд, гайхамшигтай,
эсвэл ид шидтэй биш…
Утга нь яг л эхэнд өгүүлсэн шүлэгтэй ижил санагдана. Бид ердөө л хүн. Хоорондоо адилхан. Эсэргүүцэж болно л доо. Гэхдээ энэ нь түүнд хамаагүйгээс гадна бодоод үзвэл ихэнх нь сонин, содон авьяас, ид шидтэй байдаггүй билээ. Аан, мэдээж байж болно. Гол нь заавал тийм болох гэж, хэн нэгэн байх гэж мэрийснээр тийм гойд болчихгүй. Хүн бүр л ахуйн аар саархан дарамт, сайхан амьдрах мөрөөдөлд хөтлөгдөж, ихэнх нь “хуучин хүү”-гийн үлгэрээр насны эцэстэйгээ золгоно. Харин уг шүлэг ийн төгсдөг.
…жинхэнэ хүчтэй эр хүн,
жинхэнэ үзэсгэлэнтэй эм хүн гэж
хаа ч байхгүй.
энэ бүхнийг нүд анихдаа
мэдэж байвал хүн
байж болох ганц ялалтаа
байгуулж байгаа нь тэр.
Уг шүлэгтээ “нууц” гэх нэр оноожээ. Хүн бүхэн гоц гойд, гоо үзэсгэлэн дотор нь бий гэх ерөөс хашигдмал хүрээнд биесээ тодорхойлдог нийгмийн бохир дээдсийн хүрээллээс залхсан яруу найрагч нууцыг нь ийнхүү ил болгож, худлыг бараан гивлүүрийг дээрх шүлгээр сэвхийтэл сөхөж харуулсан юм. Жинхэнэ хүчтэй эр, жинхэнэ үзэсгэлэнтэй эм ч гэж байхгүй. Бид бүгд зүгээр л хүн. Тиймээс үүнийг хамгийн сайн ойлгож, ухаарч чадвал сүр хүчит ялалтыг өөртөө бүтээсэнд тооц хэмээн тэр өгүүлжээ. Нэг ёсондоо бидний баригдмал сэтгэхүй, хязгаарлагдмал амьдралыг Буковски зад шүүмжилжсэн юм.
ТАНЫ НАЙЗ БУКОВСКИ
Мэдээж бид Буковскийн шинэ номыг уншиж, түүний талаар бичиж байгаа шүү дээ. Тиймээс л зайлшгүй эдгээр үгстэй нүүр тулахаас аргагүй. Халгаж, бултмаар дүр дүрслэл, харгис, бүдүүлэг, болхи заваан бүхэн түүний бүтээлд бий. Гэвч нууцлаг мэдрэмж, уран бүтээлчийн эр зориг, хэт зоргоороо боловч нөхөрсөг чанар шүлгүүдэд нь шингэжээ. Тэгээд л тэр шүлэг бичих тухай ийн зөвлөв.
…зүрхний чинь угаас пуужин шиг харвахгүй бол,
зүгээр байх нь чамайг
галзууруулахгүй бол,
амиа егүүтгэх юм уу,
аллага үйлдмээр санагдтал
тэгж ихээр зовоохгүй бол,
дотор чинь ассан нар
чамайг шатаахгүй бол
юу ч битгий бич.
Буковски өөрийн хэлсэн шигээ хорих байрнаас суллана гэвэл хорин шүлэг нэг дор бичиж магад. Гэхдээ тэр бичээгүй. Учир нь дээр өгүүлсэн шүлгийн мөрүүд шиг үнэн санагдаагүй учраас тэр. Үгс бичигдэх нь элдэв улиглал шиг бодож тунгаах, эсвээс судлах, суралцах үйл бол бүр биш юм шигээ. Зүгээр л цаг нь ирж, тайвшрал зөвхөн бичих үйлээр солигдож болох мөчид л үзгээ шүүрсэн нь хамгийн зөв болов уу. Гэхдээ юм болгон чамайг дотроос чинь шатааж, зүгээр суулгахгүй, тайтгарч чадахгүй байх мөчүүдэд л бичгийн ширээ рүү алхмаар болно. Цаг нь хугацаандаа бус цаг нь болохоор л…
…даанч тэсэхгүй юм даа.
хамгийн үзэсгэлэнтэй нь л
амьдралыг
тэвчиж чадахгүй юм.
тэд эрвээхий,
тагтаа,
болжмор болохоороо л
давж гарахгүй юм.
Түүнийг утга зохиолын “бохир реалист” хэмээн тодорхойлдог. Гэтэл ийм л нууцлаг илэрхийлэмжтэй, гэнэн цагаан, өрөвдөм хийгээд нөхөрсөг шүлгүүд түүнд бий. Эрвээхий, тагтаа шиг өөр, бусдад гадуурхагдавч хамгийн үнэн, зөвийг дотроо сийлж, хэнд ч гэм хоргүй, анзаарагдамгүй боловч тэрслүү зарим нь бусдын дотроос нисэн оддогт гуньж, цөхөрдөг сэтгэл Буковскийн дотор ч мөн оршиж байлаа.
УРМЫГ НЬ ХУГАЛ
Марк Мэнсон “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номынхоо нэгдүгээр бүлгийг Буковскийн жишээгээр эхлүүлдэг. Үүндээ түүнийг 10 жилийн турш олон хэвлэлийн газраас татгалзсан хариу авч байсан боловч 50 насандаа 2 сая гаруй ном борлуулж, мөрөөдлөө биелүүлж чадсан нууц нь ердөө л өөрийгөө ялагдагч гэдгээ хүлээн зөвшөөрсөн явдал гэж тодорхойлов. Мэдээж Буковски залуу байхад түүнд зорилго байсан нь мэдээж. Гэхдээ энэ нь ямар ч хэрэггүй, басхүү 10 жилийн турш тэрээр зүгээр ууж, наргиж, дураараа байж, бүтээл огт туурвиагүй юм. Эцэст тэр ялагдагч гэдгээ хүлээн зөвшөөрч, уншигчдынхаа урмыг юман чинээ тоодоггүй нэгэн болж хувирав. Уншигч ер юу бодох нь хамаагүй, түүнд бичих л гол байв. Мөнхүү тэр бүтээл туурвих эсвээс турж үхэх гэдэг сонголтоос хоёр дахийг нь сугалсан бөгөөд энэ нь Black Srarrow Press -ээс тавьсан ажлын саналыг зөвшөөрсөн хэрэг юм. Магадгүй тэрээр бүтээлчийн хувьд турж үхэхийг сонгосноо тодруулан хэлсэн байж ч мэднэ.
…надад тэжээж тэтгэх гэр бүл,
Харвард руу илгээх үр хүүхэд алга.
ан авлах газар
худалдаж авах ч шаардлага алга.
угаасаа би нэг их зүйл хүсдэггүй юм даа,
удаахан, ядахнаа ахиад жаахан л
амьдрахыг хичээж байна.
Тэр ялагдагч гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь ердөө л энгийн. Хэт олон зүйлд анхаарал хандуулж, бүгдийг өөрийн хүссэнээр байлгах гэж хичээх хэрэггүйг ойлгосноос гадна зүгээр л орхигдсон нэгэн гэдэгтэйгээ эвлэрч, аливаа ачааллыг даах чадалтай болсон хэрэг. Ингэснээр эцэст нь өөрийнхөөрөө, бусдаас хэт хамааралгүйгээр дур зоргоороо байж сурсан нь уран бүтээлд нь нөлөөлжээ. Энэ бол түүний амьдрал, бүтээлээс нь сугалж болох ганц л жишээ төдийхөн. Үүнийг сэтгэлзүйн шинжлэх ухаанд “Буруу харсан дүрэм” гэж нэрлэнэ. Харин хэн ч, өтөлж хөгшрөөд сархад уун, орон дээр үхлээ хүлээж хэвтэх Буковски ч ахиад жаахан ч гэсэн амьдрах итгэлтэй хэвээр байв.
…анхны хайрт нь үхлээ гээд хүн солиорохгүй,
яарч байхад гутлын үдээс нь тасарчихвал
харин солиорох шахна.
амьдралаас айна гэдэг угтаа
асар жижигхэн юмсын дайрлага юм.
хорт хавдар биш,
хөгийн өчүүхэн юмс л хүнийг
хурдан гэгч нь хөнөөдөг юм.
Бидэнд тохиодог үнэн нь тэр. Уран зохиол, хайрын романсуудад л гардгаас бус хайртай хүн нь үхэхэд солиорч, амиа хорлосон жишээ бодит амьдрал дээр лав надтай таарсангүй. Гэтэл хаа нэг чухал ажил руугаа яарч явахад гоёмсог гутлынх нь үдээс тасарчихвал лавтай солиорчихсон мэт уурлан цамнаж, дотроо оргилсон их бухимдал тээх хүмүүс үй олноороо бий гэдгийг мэднэ. Өчүүхэн жижигхэн зүйлст анхаарал хандуулж, өөрсдийгөө амьдаар нь оршуулчихаж мэдэх ядмаг сэтгэлзүйн талаар тэр бичиж, бидэнд үлдээсэн байнам.
…бид бүгд
энэ уйтай үхмэл ахуйд,
бүтэн жарны өрөнд унасан ч мөд удалгүй
хүүгээ ч төлж дийлэхээ болих засаг төрд,
банк нь шатаж, мөнгө үнэгүйдэх улсад,
хүн амины хэрэг нь шийдэгдэлгүй үлдэх
задгай завхарсан гудманд
төрчихжээ.
Ерөөс Буковскийн шүлгээс эш татна гэдэг магад боломжгүй л дээ. Түүний шүлгийг бүтнээр нь уншиж байж л жинхэнэ утга санаа, магадгүй юу ч үгүй хоосон санагдах үгсийн бөөгнөрөлөөс нь дотор чинь ямар нэг мэдрэмж, таагүй, таатай олон юмс хадгалагдаж үлдсэнийг ухаарна.
Бид нээрэн одоо ч ийм Монголд, хүмүүс ийм л завхарсан, гял цал хотуудад аж төрж байна. Учир нь энэ бол иргэншил. Хүн байгаа цагт мөнгөний хүүгээ дийлэхээ больсон засаг төр, шийдэгдээгүй гэмт хэрэг, тоостой бүрэнхий гудамжууд дэлхийн олон хотуудын аль нэгт нь байсаар л байна. Эцэстээ гүн гүнзгий санаа алдаж, урам тань хугарахаас илүүтэй “Нээрэн л тийм шүү, энэ бол хараал идсэн үнэн юм” гэсэн үгсийг Чарльз Буковскийн улаан хавтастай “Шүлгүүд” номыг уншсаны хойно та амнаасаа унагах болно.
…сайн шүлэг ер нь
яаж ч чадна.
гэхдээ хамгийн чухал нь
сайн шүлэг хаана зогсохоо
өөрөө мэднэ.
Тэр “ид шидийн тодорхойлолт” шүлгээ ийн төгсгөжээ. Тиймээс энэ хүрээд бичвэрээ өндөрлөх нь дээр болов уу. Ямартаа ч Г.Лхагвадулам түүний шүлгүүдийн айзам хэмнэл, цохилго зэргийг алдагдуулахгүйн үүднээс мөр шадлалын шийдлийг тэр хэвээр нь хадгалж буулгажээ.
Америкийн тэрслүү найрагч Робинсон Жефферсийг 1962 онд таалал төгсөхөд “Би ганц тэрслүү нь болохоос” хэмээж байв. Амьдрал, бүтээл шиг нь хүрэн улаан өнгөтэй, амандаа янжуур зууж, сүүмгэр нүдээр ширтэх хөгшин эрийн хөрөг бүхий зурагтай шүлгийн түүвэр нь түүнийг өнгөрснөөс хойш даруй 28 жилийн дараа монгол хэлт уншигчдад ийнхүү хүрч байна. Үүний хариуд тэр бидэнд ийн хэлэв. “Хэн юу хүсэх нь хамаа алга”.