Онгорхой заал болгоныг эзэгнэж байгаа хошин шогийнхны үзвэрээс зугтаж очдог, очиход арай ондоо юм санал болгодог хоёрхон театр манай хотод бий. Тэр бол мэдээж тааж ядах юмгүй Дуурийн театр, Драмын театр хоёр.
Баасан гаригийн үдэш драмын театр өвөл цагийн нээлтээ хийлээ. 17 цагт улаан хивсний ёслолын арга хэмжээтэй гэх зар түгсэний дагуу театрыг зорив. Үнэхээр ч улаан хивс дэвсээтэй, тайзархуу юм засаатай байнаа.
Хуучин цагийн танил измийн хөгжим хангинаж, саарал дээлтэй залуус задгай цагаан бүжиглэж эхэлснээр энэ үдшийн арга хэмжээ эхэлсэн. Эхэндээ хүмүүс энэ юу вэ. Виктор Хюгогоор нээлтээ хийж буй театр үзэгчдэд энэ орой сонгодог үдшийг л өгөх гээгүй юм уу, юун задгай цагаан, монгол дээл болоод явчихав аа гэж гайхсан. Тийнхүү эргэлзэж байтал булангаас театрын ахмад үеийнхэн хийгээд өнөөдрийн залуус нь бүгд эгнээгээрээ жагсан орж ирэв. Үлээвэр хөгжим, жагсаал яагаад ч юм ямар нэгэн жижиг дуу бүжгийн чуулгын нээлт юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Гадаа жихүүн байснаас болов уу Хасар Жагаа гэх нэрээр алдаршсан гавъяат жүжигчин Б.Жаргалсайхан, драмын театрын сайхан залуусын нэг гэгддэг М.Түвшинхүү нараас бусад нь гадуур хувцастай, даарсан, давхар давхар хувцсанд боолттой жинхэнэдээ бол гадагшаа баахан хүндэтгэлгүй харагдана. Эхлэлийн энэ хэсэг ийнхүү юуны нь улаан хивсний ёслол байх вэ дээ гэсэн гонсойлт авчирсныг нуух юун.
Манайхан дэлхийн сайн юмнаас хулгай хийхдээ сайн л хуулбарыг оруулж ирж баймаар байна. Угаасаа сайн хуулахыг сайн л хэрэг гээд байгаа шүү дээ. Улаанбаатарт болсон улаан хивсний хэд хэдэн ёслол сайн юмны шалихгүй хуулбар болсноос хэтэрсэнгүй. Бараг л элэг доог болоод өнгөрцгөөсөн гэж болно.
Энэ удаа драммынхан тэр улаан хивсэн дээрээ Яго, Отелло, Гамлет, Жулетта, Нора, Мельфордыг алхуулчихсан бол өнөөдрийнх шиг элэг авмаар байр байдалтай харагдахгүй байх байсан болов уу.
Одууд брэндээр нүд хужирлаж, хэвлэлийнхэн хийгээд олон нийтийн анхаарлыг араасаа хуйлруулан дагуулж, түүнийхээ хэрээр тухайн одтой тэр үдэш хамтарч ажилласан үйлдвэрлэгчдийн ашиг орлого гэрлийн хурдаар өсч байдаг улаан хивсний „ориг” ёслол шиг үйл ажиллагаа нэгэнт болохгүйгээс хойш хоёрын хооронд иймэрхүү хулхи маягийн оромдсон ёслолуудыг орхиж баймаар байна. Тэрний оронд үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад монголдоо тохирсон, монголдоо жаахан ч гэсэн ашигтай хэлбэрээр иймэрхүү арга хэмжээг зохиож бас болно. „Гоёо”, „Говь”, „Буян”, „Урлах эрдэм”-ийн бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөөн энэ үдэш театрын гадаа явагдсан бол бидэнд алгаа ташихаас өөр арга байхгүй шүү дээ.
Задгай цагааны дараа манай хэд даарснаасаа болов уу, сэтгэл нь үнэхээр хөдлөв үү хөгшин залуугүй баахан мангаадав. Шинэхэн Эсмеральда залуу жүжигчин Г.Отгонцэцэг энэ оройн хамгийн хүсэмжит бүсгүй харагдсан бол эрчүүдээс ерөнхий найруулагч Найдандорж, гавъяат жүжигчин Г.Мягмарнаран, Б.Жаргалсайхан, жүжигчин М.Түвшинхүү нар хараа булааж буйг гадаа цугласан цөөөн хүний хүрээнд шивэр авир яригдах нь чих дэлсэж байв.
Ахмадуудын хувьд тэд 79 дэх нээлтэндээ оролцож байгаадаа чин сэтгэлээсээ баярласан үзэгдэнэ. Тэд нэгэн цагт энэ театрыг нуруун дээрээ үүрч явсан нь үнэн. Мөн тэдний залуу халуун нас, гоо үзэсгэлэн, авъяас билэг нь энэ тайзнаа шингээстэй үлдсэн нь үнэн билээ. Ардын жүжигчин Г.Гантөмөр гуай, Г.Очирбат гуай, Лха. Долгор гуай, Лхамхүү гуай бүгд хүрэлцэн иржээ. Хамаг бие жиндүүлсэн намрын хүйтэн салхийг тэдний сэтгэлд байдаг гал энэ үдэш ёстой үл тоож байгаа бололтой. Хээв нэг танци, танго бүжгийн хэмнэлийг торгон дээлтэй хоршуулан дур зоргоороо авч өгч байхыг нь харах бас гоё юм аа.
Ийнхүү гадаах арга хэмжээ дуусч романтизмын үеийн уран зохиолын оргилуудын нэг Виктор Хюгогийн Парисын дарь эхийн сүм хөшгөө нээлээ. үзэгчдийн суудалд тухласан эрхмүүдийн дотор Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Болормаа, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг гэргий Байгаль, Э.Бат-Үүл эхнэр Дэлгэртуяагийн хамт тухлацгаажээ.
Парисын дарь эхийн сүмтэй монголын уншигчид 44 жилийн өмнө эх хэлээрээ уулзсан бол үзэгчид бүжгийн жүжгийн хэлбэрээр 42 жилийн өмнө дуурийн театрт анх учирсан. Харин энэ өдөр залуу найруулагч М.Наранбаатарын найруулгаар драмын театрын хоймроос музикл хэлбэрээр бидний өмнө хөшгөө нээв.
Музикл хэмээх энэхүү хэлбэр бол хөгжим, бүжиг, дуу гэсэн гурвалсан холбоосоор бүтээлийнхээ мөн чанарыг илэрхийлдэг өвөрмөц хэлбэр юм. Энэхүү өвөрмөц хэлбэрийн хүнд бэрхээс эмээлгүй сонгож авсан нь найруулагчийн зоригийг илтгэх нэгэн үзүүлэлт. Залуу найруулагч харин юунд найдсан нь хамгийн гол анхаарал татсан зүйлийн нэг. Эдний театрынхан гайгүй дуулчихдаг гэдгийг манай хотынхон мэднэ. Поп стилийн дуугаар цомог бичүүлсэн эрчүүдийн дөрвөл ч бий, хэд хэдэн клип гаргасан эмэгтэй жүжигчин ч бий. Араас нь нэхэж ардын дуугаар хоршивол хоршчихно шүү гээд хальт үзүүлээд авсан бүсгүйчүүд ч байгаа. Тэгэхээр тэд дуулчихаж дөнгөнө. Гэхдээ энэ чинь алдарт Парисын дарь эхийн сүм шүү дээ гэсэн эргэлзээ төрөөд байх.
Музиклийн шанг анх „Х Түц” хэмээх хамтлагийн жүжигчид татсан гэж хэлж болно. Драмын театрынхан үүнээс болоод зүгээр суугаад байх хэцүү байсан байх л даа.
Найруулагч М.Наранбаатар Парисын дарь эхийн сүмийн ард дажгүй гарчихлаа. Өөрөөр хэлбэл найруулагч энэхүү сонгодгийн өмнө нэг их жижигдсэнгүй. Энэ бол сайн үр дүн. Жүжигчид ч дажгүй. Хэвийн гэж хэлж болохуйц ажиллацгаав. Харин ихэвчлэн рок поп хөгжмийн ертөнцөд ажилласан туршлагатай „New Star” –ын С.Гантөр шударгаар хэлэхэд жулджээ. Дуулалт хэсгийн бүх дуу нэгэн хэвийн аялгуутай, нэгэн хэвийн хэмнэлтэй, дэндүү адилхан, хоорондоо өчүүхэн ч ялгаагүй шахам сонсогдож үзэгчдийг залхаав. Үг нь мөн адил. (Уучлаарай эрхэм Ш.Гүрбазар) Тэр үнэхээр хоцрогджээ. Нийтийн дууны үгийн нэрт мастер, яруу найрагч Ш.Гүрбазар хээнцэр үгийн цуглуулга хийдгээрээ дэндүү цагаандаа гарч байна. Энэ удаа тэрбээр цаад классик эх зохиолын мөн чанарыг тээсэн сонгодог хэлбэрийн үгний үнэрийг ч цухуйлгаагүйгээр барахгүй хаа хамаагүй салж давхин дур зоргоороо авирлажээ. Өөрийнхөө зохиосон жүжгэн дээр ингэсэн бол бидэнд үндсэндээ падлий байхгүй. Монголын зохиолчдын жүжгийн бүтээл дээр угаасаа энэ мэт ойлголтууд утгаа алддаг. Тэнд юун энэ зэргийн шүүмжлэл өрнөх. Юу дуртайгаа хийцгээсэн байдаг болохоор урлагийн бүтээлд тавигдах үндсэн шалгуурууд хүртэл тээ дор уланд хэвтэж байдаг юм. (Гэхдээ энд бүх зохиолчдыг хамруулаагүйг дурьдмаар байна)
Сүүний үнэртэй хонгор бяцхан үрээ
Хорвоо ертөнцийн хаанаас олох вэ би
Эрэл эрлийн үзүүрт бүдгэрээд холдоод ирлээ
Элгийг минь дэвтээж ээждээ ирээч...
....Хажууд дэрвэх үр минь нисээд явлаа
Халуухан сэтгэл минь үгүйлээд байх юм
Залбирах уйлахын цөхрөлд заяагаа гэсгээлээ ээж нь
Зүүдэн дунд минь ирэх нь холдлоо.....Юу хэлэх гээд юу хэлээд байгаа юм бүү мэд. Энд ямар гоо зүй, ямар уран сайхан, ямар тансаг хэл байна вэ. (Дэндүү хулхидалт биш гэж үү)
Гуравхан настай охиноо алдчихаад насан турш хайн бэдэрч яваа шаналант эх Гудулын доторхыг ийм юмаар гаргачихсан гэж үзэж байгаа бол харамсалтай байна. Хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрөгдчихсөн, хоёр зууныг өртөөлөн ирсэн сонгодог бүтээлтэй ингэж дур зоргоороо харьцах эрхийг бидэнд хаанаас хэн олгочихов оо.
Энэ ч дүүрчээ. Парисын дарь эхийн сүмээс сэдэвлэсэн энэхүү жүжгийн зохиолд манай ард түмний дунд амьдарч ирсэн танил зүйр цэцэн үгсээс гадна, хараал мараал маань хүртэл хэсэг бусгаараа тууж явсан нь үзэгчдийг жинхэнэ гайхшруулсан. Хюго манайхнаас дээр үед хусчихсан юм уу, манайхан алдарт Хюгог сайн дураараа гуйвуулж байгаа юм уу бүү мэд. Ёстой холион бантан гэж энэ байлаа. Энэ бол жүжигчдийн хэрэг биш. Тэд тавьж өгсөн материал дээр нь л тоглож байгаа шүү дээ.
Тэдний тоглолтод суудлаасаа огло харайн алга ташмаар гайхамшиг байгаагүй ч үүргээ хамгийн хэвийн түвшинд гүйцэтгэсэн дундаж чадвар, „баг”-аар ажиллах муугүй туршлага бол байна.
Гэхдээ л зарим алдар цуутай жүжигчид үзэгчдийн санаанд хүрсэнгүй. Жишээ нь ардын жүжигчин П.Цэрэндагва, СТА Д.Дэмидбаатар, СТА Г.Урнаа нарын тоглолтод сэтгэлийн шавай ханасангүй.
Фролло хамбын дүр бол энэ зохиолын хамгийн гоё амт шимтүүдийн нэг. Сүмийн номлогч Фролло хамба бол хайр сэтгэлийн ад мөрийн илбэ жидэнд автаж, урьдийн амар амгалан амьдралаа тэр чигээр нь тавиад тууж байгаа дэлхийн утга зохиолд тэмдэглэгддэг цуутай дүрүүдийн нэг.
Яг энэ агуулгыг Мартая гэж бодлоо чадахгүй минь юу билээ
Машид согтонгоо санаа минь гуйвах чинь
Сахилаа хаяад би одоо
Сайхны өмнө цаас шиг хийсэх нь энэ үү
Ээ энхрий дагина минь...гэсэн монологийг гуйвлан дайвлан, толгойгоо шаан гаргаж ирсэн нэг л үзэгдэл дээрээ алдарт П.Цэрэндагва үзүүлж чадсан. Энэ үзэгдэл дээрээ л тэр жинхэнэ Фролло байв. Бусад үед бол тэр монгол жүжгэн дунд босгож заншсан нөгөө л нэг хаан яваад байсан. Түүний алхаа гишгээ, мөрний хөдөлгөөн, харц, ерөнхий төрх ахин хэлэхэд хэтэрхий харж дадсан дэндүү танил „ монгол хаан” л харагдаад хэцүү байлаа. Дээл өмсгөөд тавьчихвал ламтан биш шууд хаан харагдахаар дульмаг тоглолтыг энэ удаа ардын жүжигчин маань тавьчихлаа.
Харин Эсмератьдад бол шинэхэн гавъяат У.Уранчимэг давгүй хувилжээ. Г.Уранчимэгийн нас бол Эсмеральдагийн нас биш. Гэхдээ энэ ялгааг жүжигчний маань ур чадвар бидэнд огт үнэртүүлээгүй. Мөн энэ үдшийн хамгийн сайн тоглолтыг Квазимодогийн дүр гаргасан. Залуу жүжигчин Г.Эрхэмбаяр тун дажгүй монгол Квазимодог босгожээ. Түүнд баяр хүргэх ёстой. Б.Жаргалсайхан, Б.Нармандах, Г.Амгаланбаатар нарын жүжигчид үүргээ хангалттай гүйцэтгэснийг үнэлэхгүй орхиж боломгүй.
Монголын нийслэлд анх удаа музикл хэлбэрээр драмын театрын тайзнаа амилсан энэхүү Парисын дарь эхийн сүмийг сонгодог эхтэй нь яах аргагүй хүлж өгсөн эрэмдгүүдийн хэсгийн бүх тоглолт сайн байсныг хэлэх ёстой. Энэхүү жүжгийн гол нуруу болсон эрэмдэгчүүдийн дүр дээр ажилласан олны хэсгийн бүх жүжигчдэд алга ташмаар. Ялангуяа хатагтай Ж.Оюундарьд агуу эцгийн үр сад болон үргэлжилж яваагаа үргэлж харуулж байдагт талархмаар.
Тайз, засал чимэглэл, гэрэлтүүлэг, хувцас, нүүр хувиргалт дээр үнэхээр мөнгө зарсан, хүч хаясан нь харагдаж байна. Энэхүү сонгодгийг манай хотын үзэгчдэд өөрийнхөөрөө авчирч чадсан залуу найруулагч Н.Наранбаатарт баяр хүргэж, амжилтыг нь үнэлэх ёстой гэж бодогдоно. Залуу хүний зоригийг үл үнэлж, нурууг нь нуга дардаг авир манайд хаа сайгүй бий. (Намайг харин тэдний нэг гэж андуурав аа)
Энэ жүжгийг босгох гэж театр ёстой хуруу хумсаа хуйхалж байж 87 сая төгрөг гаргасан гэнэ. Манайд урлагийг дэмждэг хөрөнгөтнүүд ховор. Эд маань гуйж түүж жаал зугаахан юм гаргуулдаг ч гол эх үүсгэвэрийг өөрсдөө л чадан ядан аргалж ирсэн. Эдийн засгийн ийм арчаагүй орчинд амьдарч ирсэн театрынхнаа мэдсээр байж „Уучлаарай, та бүхэн муу байна. Үнэхээр тааруу байлаа” гэж хэлэх үнэндээ бол хүний үнэргүй хэрэг л дээ. Гэхдээ л урлагт ядуу даржин байдлаа тулгаж болдоггүй. Ялангуяа классикт.
Сонгодогийг монголчлох тухай ойлголт бүр байж боломгүй. Өөрсдийн гэх өвөрмөц шийдлүүдээр харин нааш нь нааж авчирч болно. Энэ тал дээр найруулагч Н.Наранбаатар анхаарал татмаар шийдлүүдийг бодож олсон нь анзаарагдсан. Түүнд ер нь театр мөнгө зарж байгаад дэлхийн бусад тавилтуудыг явуулж үзүүлсэн болов уу. Мөн орчуулгыг хийсэн зохиолч хэр туршлагатай юм бол. Хөгжим дээр нь яагаад ийм хөнгөн хандав. Архаг жүжигчдээс зарим үед зайгаа авах эрх энэ залуу найруулагчид олгогддог болов уу, яадаг бол, европийн соёлын талаар мэргэшсэн сайн зөвлөхүүдтэй хэр харьцсан юм бол...гэх мэт асуултууд эл анхны тавилтын дараа ар араасаа орж ирж байна. Асуулт бол сайн юмны дараа ч, тааруухан зүйлийн ард ч сүүдэр шиг дагаастай явдаг зүйл болохоор тэр биз ээ.
Гэхдээ энэ үдэш сайхан байлаа. Солонгосын савангийн дуурьт хучуулчихаад салж чадахгүй мунгинаж байгаа бидэнд сонгодогийн үнэртэй салхи сэвэлзүүлж чадсаных нь төлөө талархах ёстой. Баярлалаа та бүхэнд.
Баярлалаа, ноён Д.Цэрэнсамбуу... Таныг драмын театрыг даргалж байгаа энэ үед манай хотын театр монгол тавилттай „Парисын дарь эхийн сүм”-тэй боллоо шүү дээ.