НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  68 дугаар чуулганыг “Үндэсний шуудан” сонины тоймч Б.Ганчимэг сурвалжилж байна. 


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  68 дугаар чуулганд Монгол Улсаас  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа билээ. Уг чуулганд 70 гаруй орны төрийн тэргүүн хүрэлцэн ирээд байна. Энэ удаа Монгол Улсын хувьд өөрийн санаачилсан гурван тогтоолын үндэсний хэрэгжилтийг тайлагнаж хэлэлцүүлэх юм. Үүнд, “Бичигтэн болох НҮБ-ын арван жил”-ийн үндэсний илтгэл, “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” үндэсний илтгэл, Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай зэрэг илтгэлүүд багтжээ. Мөн  Монгол Улс 2015 оноос хойшх хөгжлийн зорилтууд хийгээд тогтвортой хөгжлийн зорилтууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих тухай асуудлуудын талаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байгаа.

НҮБ-ын чуулган бүхэлдээ сонин содон үйл явдлуудаар дүүрэн үргэлжилж байна. Тухайлбал, өчигдрийн хамгийн гол үйл явдал МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамтран “Ардчилал хөгжиж байгаа  улсууд дахь иргэний нийгмийн байгууллагууд” сэдэвт хэлэлцүүлгийг удирдсан явдал байв. Уг хэлэлцүүлгийн өмнө  Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгээс  тодруулга авсан юм. 

-Хөгжиж байгаа ардчилсан орнуудын иргэний нийгмийн оролцоо сэдэвт хэлэлцүүлгийг манай Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамтран даргалж байгаа үйл явдал энэ удаагийн чуулганы нэгэн өвөрмөц үйл явдал болж байна. Энэ талаарх таны байр суурийг сонирхмоор байна.

-Монгол Улсын хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ хугацаанд Монгол Улс ардчилсан нийгэм дэх иргэний нийгмийн байр суурийг онцгой өндөрт өргөж ажилласан гэдгийг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Өнөөдөр бидэнд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж ирсэн энэхүү өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлуудаа дэлхий дахинаа танилцуулах сайхан боломж олдож байна. 

-Бусад улс орнуудад үзүүлэх манай улсын туршлага гэх ойлголт бий болсон төдийгүй, өнөөдөр бид түүнээсээ дэлхий нийттэй хуваалцаж байгаа нь сайхан байна. 

-Олон улс орон иргэний нийгмийнхээ дуу хоолойг сонсдоггүй. Иргэний нийгмийн байгууллагуудыг бүртгэхээс эхлээд л элдэв саад бэрхшээл тавьсаар байгааг дэлхий нийт шүүмжилсээр байна. Зүгээр л нэг жишээ хэлэхэд энэ. Тэгвэл Монгол Улсын хувьд иргэний нийгмийн байгууллагуудыг чөлөөтэй бүртгэдэг. Дуу хоолойг нь чөлөөтэй сонсдог. Энэ талаарх улс орныхоо давуу хөгжсөн орчнуудыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Өнөөдөр манай орныг хүний эрх, иргэний нийгмийг дээдлэх талаар арвин туршлагатай орон гэж дэлхий нийт үзэж байгаа. Энэ ч үүднээсээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг өнөөдрийн уг уулзалтад урьж, тэр бүү хэл энэ хурлыг даргалуулж байгаа юм. Энд НҮБ-ын гишүүн ихэнх орнууд ирсэн байна. Ач холбогдлын хувьд уг арга хэмжээг үнэ цэнэ оруулах нэг чухал хүчин зүйл нь яах аргагүй энэ юм.  

-АНУ-ын хэвлэлүүд энэ уулзалтад Барак Обама оролцоно гэдгийг ихэд онцолж байна. 

-Дэлхийн зарим улс орнууд иргэний нийгмийн асуудлуудаараа хаалттай хэвээрээ л байгаа. Тиймээс АНУ хүний эрхийн төлөө түүчээлэн тэмцэгч орон гэдэг утгаараа иргэний нийгмийн хөгжлөөрөө дамжуулж тэр улсуудад нөлөөлөх бодлого явуулж байгаа байх. Манай орны хувьд нээлттэй нийгмийг бэхжүүлэх, энэ талаар хэрэгжүүлж буй бодлогуудаа нутагшуулах явдал илүү  чухал. Үүний тулд иргэний нийгмийнхээ дуу хоолойг сонсож төлөвшихөөс эхлээд олон ажлуудыг хийж, тодорхой бодлого явуулж байгаа. Энэ туршлагаа ч бусад орнуудтай хуваалцаж байна. 

-Энэ удаагийн НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх өндөр хэмжээний уулзалтаар эхэлсэн.  Энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн байгаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн онцлог юу байв?   

-НҮБ-ын 68 дугаар чуулганы хамгийн анхны хэлэлцүүлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх хэлэлцүүлэг байлаа. Энэ хэлэлцүүлэг дээр Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсэн. НҮБ-ын 68 дугаар чуулганд дэлхийн 70 гаруй орны төрийн тэргүүн оролцож байгаа. Өнөөдөр дэлхий дахинд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ боловсрол олгох нөхцлийг хангах асуудал өндөр  хэмжээнд тавигдаж байна. Энэ сэдвээр хийсэн хэлэлцүүлэгт Стив Вондер гэж  харааны бэрхшээлтэй ч гэлээ дэлхий дахинаа алдаршсан дуучин оролцож, гайхалтай илтгэл тавьсныг та бүхэн мэдсэн байх. 

-Манай Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу? 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх хууль эрх зүйн зохицуулалтыг Монголд хийсэн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд интернэт хэрэглээд эхэлж байна. Шинэ нийгэм өөрөө шинэ зүйлс, шинэ хөгжил, шинэ гайхамшгуудаар дүүрэн. Энэ асар хурдацтай үйл явцаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ч хоцрох ёсгүй. Энэ талаар онцгой анхаарч, тэдэнд хэвийн иргэдтэй тэнцүү боломж олгох чиглэл рүү илүү  анхаарч ажиллаж байгаа зэрэг олон сонирхолтой санаа оноо дүүрэн үг хэлсэн. 

Биднийг ийнхүү Л.Пүрэвсүрэн зөвлөхтэй уулзсаны дараа МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хурал даргалахаар танхимд орж ирсэн юм. Харуул хамгаалалт хамгийн өндөр төвшинд зохион байгуулагддаг НҮБ-ын чуулганд Ерөнхийлөгчид ойртож очих ч боломж гардаггүй. Тэр тусмаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хамт хурал даргалах учраас сэтгүүлчид ёстой чихэлдэж байв. Манай Ерөнхийлөгчийг байраа эзлээд удаагүй байтал Барак Обама орж ирлээ. Тэрбээр хэлэлцүүлгийн хойморт сууж байсан Ц.Элбэгдоржтой халуун дотно мэндчилж, дараа нь хурлыг нээв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Барак Обама нар зэрэгцэн сууж, хурлыг хамт даргалсан нь олон улсын ажиглагчдын анхаарлыг ихэд татаж буй нь илт. Мөн тэдэнтэй хамт Мянмарын эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө тэмцэгч бүсгүйгээс гадна ардчиллын үлгэр жишээ болсон зарим орнуудын төр засгийн төлөөллүүд суусан байлаа. Барак Обама хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурлыг хоёр жил даргалж, ардчиллын үлгэр жишээ орон гэдгээ харуулсан” хэмээн тэмдэглэн хэлж байсан юм. .Монгол улс хийгээд  тэнд бэхэжсэн ардчилал бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинаа үлгэр жишээ гэдгийг АНУ-гийн төрийн тэргүүн Обама олонтаа дурьдсан нь Монголын асар том сурталчилгаа болов. Дээр нь Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн индрээс эх орноо омог төгөлдөр сурталчилж чадсан нь дэлхийн супер их гүрний удирдагчидтай гар ч барьж ч амжилгүй буцдаг орнуудын хувьд цагаахан атаархлыг нь төрүүлсэн, бидэндээ бол  бахархал бардамнал төрүүлсэн явдал байлаа. Дараа нь МУ-ын Ерөнхийлөгч үг хэлсэн юм. Тэрбээр, Монгол улс сүүлийн хоёр жилийн хугацаанд АОХН-ийг тэргүүлсэн билээ. Бид тус хөдөлгөөнийг тэргүүлэх хугацаандаа бүс нутагтаа Азийн Ардчиллын сүлжээг байгуулсан бөгөөд иргэний нийгмийг хамхаалах явдлыг тэргүүлэх таван зорилтынхоо нэгд багтааж ажиллалаа хэмээн хэлсэн үгийнхээ эхэнд онцлов. Тэрбээр цааш нь Иргэний нийгмийг үнэлж хүндэтгэж ирсэн Монгол улсаараа бид бахархдаг юм. Ерөөс энх тайван, ардчилал, байгаль орчныг хамгаалах үйлс, ил тод байдлыг хөхиүлэн дэмжих үйл явц чухал үүрэг гүйцэтгэдэг иргэний нийгэм бол аль ч ард түмний хувьд амин сүнс нь байдаг. Манай эх оронд ардчилсан шинэ тогтолцоог авчрахад асар их тус дэм үзүүлсэн Монголын Ардчилсан Холбоо хэмээх иргэний нийгмийн байгууллага бий. Энэхүү анхны иргэний нийгмийн байгууллагыг үндэслэн байгуулагчдын нэг нь би өөрөө юм. Өдгөө манай оронд иргэний нийгмийн 6000 гаруй байгууллага бүртгэгджээ. Тэдгээр нь эдийн засгийн ил тод байдлаас байгаль орчин, хүний эрхийг хамгаалах хүртэл олон зорилго чиглэл дээр өөрсдийн дэмжлэгийг үзүүлж байна. Энэ бол гайхалтай үйл хэрэг юм. Иргэний нийгмийн байгууллага бол зөвшөөрөл шаарддаггүй, хориг саадад түүртдэггүй. Энэхүү онцгой шинжээр нь би хувьдаа асар их бахархдаг.  Өнөөгийн Монгол улсын нэгэн чухал амин сүнс нь хүчирхэг иргэний нийгмийн байгууллагууд нь юм. Харамсалтай нь дэлхийн газар бүхэнд байдал ийм биш байна. 

Энэ оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо АОХН-ын сайд нарын долдугаар бага хурал чуулсан.  Уг бага хурлаас баталсан “Улаанбаатарын тунхаглал”-аар дамжуулж бид зарим улс оронд иргэний нийгмийн байгуулллагуудыг хориглон хязгаарлаж буйд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн.  Ардчиллыг хөгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагууд нэн чухал үүрэгтэй. Цөөнхийн эрх чөлөөг боомилдог, санаа бодлоо илэрхийлэх боломжийг нь хаадаг, иргэдээ ялгаварлан гадуурхдаг Төр бол иргэний нийгэм рүүгээ халдан довтолж буй хэрэг юм. Иргэний нийгмийн байгууллагууд нь  ийм төрлийн өмгөөлөл хамгаалал эрж хайсанд нь ач тусаа өгч байдаг. Энэ утгаараа  Иргэний нийгэм гэдэг бол чухамдаа ардчилал гэсэн үг юм. Идэвхтэй иргэдийнх нь оролцоо улс үндэстнийхээ хөгжил цэцэглэлд авъяас чадвар, эрч хүч нэмж байдаг. Миний бие АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан, хатагтай Хиллари Клинтоны хамт өнгөрөгч оны долдугаар сард Улаанбаатар хотноо ардчилал хөгжсөн болон шинэ тутам хөгжиж байгаа улс орнуудын удирдагчдыг өөр хооронд нь холбох, арга туршлагаа солилцох цахим индэр-land сүлжээг байгуулсан. Бид энэхүү амжилтаа бататгаж, нээлттэй төрийн хөгжлийг урагшуулах болно. Монгол улс АОХН- эв нэгдэл хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмждэг. Иргэний нийгмүүд бол бид бүгдийн түнш юм. Баян чинээлэг, ядуу хоосон, олонх цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй, ганцаардсан хэн бүхэнд бид анхаарлаа хандуулах ёстой. Иргэний нийгэм тэдний эрх ашгийг хамгаалж, нийгэмдээ болон төрийн бодлогодоо бүрэн хамрагдах боломжийг олгодог. Хувь хүний авъяас чадвар бол нийтийн хамгийн том баялаг мөн. Төрийн бус байгууллагууд болон иргэний нийгэм бол тэрхүү авъяас чадварыг дэмжиж, дуу хоолойгүй нэгэнд нь дуу хоолой болж,хүч чадалгүй заримд нь хүч чадал олгож, итгэл найдваргүй болсон хүмүүст итгэлийг хайрладаг юм. Дэлхий нийтээрээ бид уналт ухралт, боломж бололцоо хосолсон амаргүй цаг үед амьдарч байна. Өнгөрсөн жил нааштай олон өөрчлөлтөөр дүүрэн байлаа. Түүний дотор Майли улсад сонгууль амжилттай явагдаж, Бирмд  ардчилсан ил тод байдал бүрдэж, дэлхийн олонх улс оронд төр засгийн эрх нэгээс нөгөөд ардчилсан замаар шилжиж байна. Гэвч дэлхийн бараг 2,4 тэрбум хүн эрх баригчдынхаа өмнө дуу хоолойгоо хүргэх боломж багатай улс оронд амьдарч байгаа судалгаа тооцоо гарч байгаа нь бидэнд багагүй сорилт байгаагийн илрэл юм аа хэмээн онцлон тэмдэглэсэн юм. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав