Энэ удаагийн улсын уран хатгамалчдын уралдаан нь “Хайр хүндэтгэлийн урлал” сэдвийн хүрээнд болсон юм. Тийнхүү 21 аймаг есөн дүүргээс 150 гаруй хатгамалчдын 1000 гаруй бүтээлээс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас зорин ирсэн Н.Найдан, Н.Чулуунбат нарын бүтээл шилдгээр шалгарч тэргүүн байрыг хүртэв.
Тус бүтээл нь арван долоон метр эсгийн дээр зээгт ширмэлээр хийсэн таван ханатай гэрийн хөшиг юм. Уг эсгийн дээр Марзан Шаравын “Монголын нэг өдөр” зургийг ширэн оёжээ. Бүтээл дээрх зургийг ажиглаваас айргаа уух нь ууж, морин хуураа тоглох нь тоглож, эсгий хийж, хийсэн эсгийгээ услаад татаж байх аж. Мөн нэг талд нь тэмээ, нөгөө талд морины зураг зэрэг харагдана. Энэхүү бүтээлийг хийхийн тулд гурван жилийн хугацааг зарцуулсан байна. Эсгий дээрх ширмэл оёдлоо тэмээний ноосон утсаар оёж хийжээ. Харин утсыг нь тэмээний зогдорыг ноосыг ээрч хийсэн гэнэ. Тэднийг уг бүтээлээ хийхэд үр ач нь гар бие оролцсон ба зургаан настай ач нь хүртэл тусалсан гэдгийг онцолж байлаа.
Харин дэд байрт уран хатгамалчин Ж.Эрдэнэсувдын бүтээл шалгарсан юм. Тэрбээр уралдаанд оролцож байр эзэлсэндээ сэтгэл өндөр буйгаа илэрхийлээд “Ёстой л ухааны ур, нүдний ураа шингээсэн олон сайхан бүтээлүүд энэ уралдаанд оролцжээ.
Миний бүтээлийн онцлог гэвэл зүү ороох оёдлоор ахуйн бүх л зүйлсийг урлаж болдог юм шүү гэдгийг харуулахыг зорьсонд оршино. Сүүлийн үед бүсгүйчүүд маань ширээгээ их гоёх болсон. Тийм болохоор би үүнд зориулж колекц гаргасан юм. Ширээний бүтээлэг, амны алчуур, ширээний түшлэг зэрэг дээр зүү ороож оёсон. Халуун ам бүлээрээ хоол идэхдээ өв соёлоороо гангарч, үнэ цэнийг нь мэдрээсэй гэж хүссэн. Мөн түшлэг дээр нь “Нандин өв соёл” хэмээн уйгаржин бичгээр оёж бичээд монгол товч шилбэ хадаж өгсөн. Үүнээс гадна амны алчуур дээр зоосон, ширмэл оёдлоор оёсон.