Наадам хаяанд иржээ. Хүлэг морин уралдаж, хүчит эрс нь зодоглож, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорьдог түмний их цэнгэл наадмаа монголчууд бид хоног тоолон хүлээдэг билээ. Баяр наадмын бэлтгэлдээ гарсан "Аварга" дээд сургуулийн бөхчүүдийн гал дээр зочлов. Бөхийн галд "Аварга" дээд сургуулийг төгссөн шавь нар болон одоо суралцаж буй сургуулийн оюутан залуус, “Аварга” лицей сургуулийн шавь нар багтжээ. Энэхүү галыг тус сугуулийн багш, аймгийн заан Ч.Нямдорж ахалж байна. Түүнтэй уулзаж бэлтгэл, сургуулилтын талаар ярилцлаа.
-Бяр их үү. Танай галд хэчнээн залуучууд наадмын бэлтгэлд гарсан байна вэ?
-Бяр их байна аа. Би "Аварга" дээд сургуулийн багш учир үе үеийн шавь нараа аваад бэлтгэлд гарсан байна. Манай галд “Аварга “ биеийн тамирын дээд сургуулийг суралцаж төгссөн залуучууд, мөн "Аварга" дээд сургуулийн лицей сургуульд суралцаж буй бяцхан шавь нар маань ч байна. Бид хэд нийлээд гал болоод гарчихсан байна. Манай галаас энэ оны улсын болон аймгийн баяр наадамд зодоглох залуучууд ч байна. Мөн сумын наадамд барилдах гэж байгаа болон улсын өсвөрийн барилдаанд барилдах хүүхдүүд ч байна. Нийт 34 хүний бүрэлдэхүүнтэй наадмын бэлтгэлдээ гарч байна. Энэ галд гарч байгаа хамгийн бяцхан шавь маань наймдугаар ангийн Т.Нямбаяр гээд хүүхэд бий. Тус хүүхэд маань хүүхдийн “Хуйрнан шуугигч” хэмээх барилдаанд гурван настайгаасаа эхлэн барилдаж 24 удаа түрүүлж, 16 удаа үзүүрлэж, 31 удаа шөвгөрч байсан. Мөн саяхан зохион байгуулагдсан Орчин үеийн Биеийн тамир спорт үүссэний 100 жилийн хүрээнд олон сайхан тэмцээн уралдаанууд боллоо. Түүнд зориулсан өсвөрийн бөхийн барилдаан зургадугаар сарын 1-нд зохион байгуулагдахад Т.Нямбар маань түрүүллээ.
-Та “Аварга” дээд сургуулийн багшаар хэдэн жил багшилж, хэчнээн шавь төрүүлсэн бэ?
-Би “Аварга” дээд сургуулийг 2006 онд төгссөн. Сургуулиа төгсөөд олон улсын “Найрамдал” зусланд зааварлагчаар ажиллаж байгаад тэр намар нь сургуульдаа багшлах санал аваад багшилж эхэлсэн. Сургуультайгаа амьдралынхаа замыг холбоод 22 жил болжээ. “Аварга” дээд сургуульдаа үндэсний бөх, биеийн тамир, хүчний багш, сургуулийн нийгмийн ажилтан зэрэг ажлуудыг хийж байна. Манай сургуулиас олон сайхан хүчтэн төрөн гарсан. Миний анхны шавь нар гэвэл 1990-1993 оны хүүхдүүд байдаг. Тухайлбал миний анхны шавь нараас улсын арслан Э.Оюунболд, улсын начин Б.Бадамсүрэн, сүүл үеийн шавь нараас бол улсын заан С.Сүхбат, аймгийн хурц арслан Б.Номиндалай, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр гээд улс аймгийн цолтой 100 гаруй залуучууд төрөн гарсан байна. Сум аймгийн цолтой гэвэл 200-300 гаруй шавь төрөн гарчээ.
-Та шавь нараа багаас нь бэлддэг юм байна. Сайн бөх болох хүүхэд яаж мэдэгддэг юм бэ?
-Сайн барилдах хүүхэд хэдий үеэсээ мэдэгддэг юм бэ гэвэл нэгдүгээрт тухайн хүүхдийн удамшил гэж юм байна. Ер нь бол монгол бөхийн өндөр цолонд хүрч барилдаж байгаа залуучууд аймгийн цолонд хүрч барилдаж байгаа залуучууд ихэвчлэн хөдөө орон нутгаас тодордог. Улаанбаатарт өсөж төрсөн юм уу, аймгийн төвд өссөн хүүхдүүдээс цол авах нь цөөхөн. Бөх болох хүүхэд яг л монгол ахуйгаас тодордог. Хөдөө өссөн, малчин айлын хүүхдүүд л илүү сайн барилддаг. Учир нь хөдөө өссөн хүүхэд багаасаа монгол ахуйтайгаа ойр өсөж адуу малтай ноцолдох зэргээр гар хөлийн үе нь чангарч байдаг. Багаасаа барилдах хүсэлдээ хөтлөгдөөд биеийн тамирын сургуульд ирлээ гэхэд тэр хүүхдийн бэлтгэл сургуулилт даа хандах хандлага, багшийн үг захиасыг хэр биелүүлж байна вэ? гэдэг их чухал. Учир нь спорт тухайн хүнд багаас нь бие бялдарын хөгжлийг олгодог. Харин хүүхдүүд бөхийн амжилт гаргах бэлтгэлийг сэтгэлээсээ хийж байна уу, үгүй юу гэдгийг анзаарах хэрэгтэй. Багш бэлтгэлийн дараа 10 суниа гэхэд 11 суниадаг, багш 10 гэсэн юм чинь арай чүү ес суниах зэргээр хандсан хүүхэд төдийлөн амжилт гаргадаггүй. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэвэл аливаа юмандаа яаж хандаж байгаагаас шалтгаалаад тухайн хүний амьдрал болон спортынх нь карьер шууд нөлөөтэй. Ажил хийсэн ч тэр, бэлтгэл хийсэн ч тэр хүнтэй харьцсан ч тэр хандлага бол нэг номерт тавигдана. Дараа нь тэсвэр тэвчээр байна. Мөн дараа нь ар гэрийнх нь тухайн хүүхдийг дэмжих боломж, аав ээж ах дүү, хамаатан садан, нутаг орон нь хэр дэмжиж байна вэ гэдэг асуудал. Багш хүний хувьд хэлэхэд багаасаа барилдах хүсэлтэй хүүхдийг ар гэр нь сайн дэмжээсэй гэж боддог.
-Шавь нартайгаа тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргах сайхан биз?
-Өө тэгэлгүй яахав. Тухайлбал манай “Аварга” сургууль өсвөрийн бөхийн үндэсний аварга шалгаруулах барилдаанд тогтмол сайн оролцдог. Насны ангилал нь 16-18 насанд болдог. Энэ барилдаанд би багаараа зургаан удаа түрүүлсэн. Түрүүлж чадаагүй жилээ мөнгө, хүрэл медалиа бол авна. Энэ нь үндэсний бөхийн холбооноос олон жил тасралтгүй зохион байгуулдаг тэмцээн юм. Шавь нартайгаа хамтдаа тэмцээнд амжилттай оролцох нь багш хүний хувьд үнэхээр сайхан зүйлийн нэг.
-Та энэ олон шавь нараасаа онцгойлон хайртай шавь байдаг уу. Жишээ татаж ярихаар амжилттай, бэлтгэл сургуулилтаа чамбай хийдэг шавь нараасаа танилцуулаач...
-Багш хүн чинь бүх л шавь нартаа бүгдэнд нь хайртай байлгүй яахав. Өөрийн төрсөн хүүхдээсээ ч илүү санаа зовниж, анхаарал хандуулна шүү дээ. Миний хүү надтай дөрвөн жил надтай хамт бэлтгэлд гарч байна. Тэгэхэд би хүүдээ бага анхаарал хандуулж шавь нартаа илүү анхаарал хандуулдаг. Ямар сайндаа манай хүү ээж рүүгээ утсаар ярихдаа “Аав зөвхөн өрөөний ариун цэвэр шалгах гэж л орж ирдэг гэж байх аа" (инээв) гэсэн байхав дээ.
Харин шавь нараасаа жишээ болгоод ярих юм бол Өвөрхангай аймгийн Сант сумын заан харьяат Дамдиннямын Бат-Эрдэнийг ярья. Анх над дээр 2014 онд шавилхан биетэй хүүхэд ирж байсан. Бид хоёрын бөхийн гараа бол багагүй амжилтыг туулсан. Чөлөөт бөхөөр хичээллэдэг байлаа. Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд медаль авч байсан. Монгол Улсад зохион байгуулагдсан Азийн аварга тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байлаа. Үндэсний бөхөөр Баянхонгор аймагт болсон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд манай хүн хүрэл медаль авсан. Мөн Баян-Өлгий аймагт зохиогдсон үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон гэх зэргээр том тэмцээнүүдэд хүч үзэж өсвөрийн залуучууддаа бол цээжинд нь явдаг байсан. Одоо бол сумын наадмын дөрвөн түрүү, сар болгон өргөөнд зохиогддог барилдаанд хоёр үзүүр, арав гаруй шөвгөрсөн амжилт өндөртэй сумын заан байна даа. Манай шавь хувь хүний зохион байгуулалтай, бэлтгэлийг яс хийдэг.
-Өнөөдөр танай галын сорилго барилдаан болжээ. Хэн түрүүлж, хэн үзүүрлэв?
-Тийм ээ. Ховд аймгийн Зэрэг сумын аймгийн заан Ж.Жавхлан түрүүллээ. Үзүүр бөхөөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын заан Б.Цогт үзүүрлэлээ. Их шөвөгт спортын мастер, аймгийн харцага Б.Одсүрэн, Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн заан Б.Баяржаргал гээд залуучууд шөвгөрлөө.
-Наадмын бэлтгэл бөхчүүдийн хувьд бусад үеийн бэлтгэлээс юугаараа өөр юм бэ?
-Наадмын бэлтгэл гурван хэсгээс бүрдэнэ. Эхний бэлтгэл бол бие бялдарын бэлтгэл байна. Мөн текник сургуулилтын бэлтгэл гэж бий. Том биетэй хүн ирвэл дандаа хонгодоо заагаад байж болохгүй, том биетэй хүнтэй яаж барилдах уу, жижиг биетэй хүнтэй яаж барилдах уу, улсын наадмын 3, 4-ийн даваанд ямар хүмүүстэй таарах магадлалтай байна, тэр хүмүүстэй яаж барилдах вэ? гээд тактикийн бэлтгэл явагдана. Мөн сэтгэлзүй талаас нь багш хүний хувьд ажиллана. Тэмцээний үеийн сэтгэлзүй гээд биеийн тамирын хичээл дээр тусдаа бүлэг сэдэв болж ордог л доо. Тамирчин хүний дагаж явах маш том чадвар. Тамирчин хүн тэмцээний өмнө ямар сэтгэлзүйтэй байх, тэмцээний дараа ямар сэтгэлзүйтэй байх юм, тэмцээн хоорондын сэтгэлзүй нь ямар байх вэ? Энэ бүгд дээр наадмын бэлтгэл дээр төвлөрч ажиллана.
-Мөн та аймгийн цолтой хүн. Хэдэн онд аймгийн заан цолыг хүртэж байв?
-Бөхийн спорттой амьдралаа холбоод хорь гаруй жил болжээ. Анх арван зургаан наснаасаа зодог шуудаг өмсөж эхэлсэн. Түүнээс хойш багш дасгалжуулагчынхаа заавар зөвлөгөөгөөр барилдсан. 2006 онд Завхан аймагт баруун таван аймгийн дунд улсын арслан Лхагвын нэрэмжит тойргийн барилдаанд 39 бөх барилдахад 37 давж аймгийн заан цол хүртэж байсан. Мөн поверлингээр хичээллэж шавь нараа ч бас энэ төрлөөр бэлтгэдэг.
-Та шавь нартаа юу гэж захьдаг вэ?
-Хөдөлмөрч, тэсвэр тэвчээртэй байж бэлтгэлээ таслалгүй хийж байгаарай гэдэг. Мөн дэвжээн дээр өрсөлдөж байгаа өрсөлдөгч бөхөө хайрлаж байгаарай л гэж захидаг даа.