Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олон улсын стандартад нийцсэн, 850 хүний багтаамжтай шинэ театр албан ёсоор нээгдлээ.
Анх 1951 онд Хүүхдийн төв театр нэртэйгээр байгуулагдаж, 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон өргөжүүлэн ажиллаж байсан ч 1997 онд хувьчлагдсанаар үйл ажиллагаагаа зогсоож улмаар улсын хэмжээнд хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болоод байсан юм. 2021 оны 6-р сард Засгийн газрын хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд Хүүхэд, залуучуудын театрыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ийнхүү нээгдлээ.
Театрын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын нэр бүхий гишүүд, Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, урлаг, соёлын үе үеийн уран бүтээлчид, хүүхэд, залуус оролцлоо.
Энэхүү театр нь Сонгинохайрхан дүүргийн 341 мянган иргэний төдийгүй нийт Монгол Улсын хүүхэд, залуучуудын оюуны хөгжил, гоо зүйн боловсрол, дэлхийн театр урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагийг өвлөн уламжлуулах, уран сайхны олон талт чиг хандлагыг танин мэдэх боломжийг нээж, бүх нийтийн соёлын боловсролыг дэмжих, хамтдаа сурч, хөгжих соёлын орон зай болох юм.
Хүүхэд, залуучуудын театрын шинэ барилга нь нийт 12900 мкв талбай, дуу бичлэгийн студи, видео студи, кофе шоп, ресторан болон дугуйлан сургалтын үйл ажиллагаа явуулж хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих төдийгүй соён гэгээрлийн олон талт үйл ажиллагаа явуулах төв болох юм.