МОНГОЛ ОРОН БУСДЫН НҮДЭЭР
2025 оны аравдугаар сарын 24-нд би догдлол, хүслээр дүүрэн Монгол Улсад ирж, Монгол Улсын Их Сургуульд суралцах аяллаа эхлүүлсэн. Өргөн уудам нутаг, нам гүм тайван орчинд би Монголын соёлын баялаг уламжлалыг биечлэн мэдэрч, ном хэвлэлд харж байсан ойлголтоос хавьгүй өргөн, амьд соёлтой улс, үндэстэн гэдгийг ухаарсан. Тиймээс би суралцахын зэрэгцээ олон зүйлийг танин мэдэхийг хүсч байгаа. Ирсэний дараахан би Гандантэгчинлэн хийдийг зорьсон. Ариун бөгөөд намуухан уур амьсгалтай хийдээр алхахдаа цаг хугацааны амьсгал мэдрэгдэж байлаа. Хийдэд тавигдсан уран зургууд онцгой сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд Монголын нэртэй уран бүтээлчдийн олон зураг дэлгэгдсэн байв. Тэдгээрийн дунд хуучин нийслэл Хархорумыг дүрсэлсэн бүтээлүүд байсан нь Монголын түүхэн ой санамж, хотын хөгжил өөрчлөлтийг уран зургийн хэлээр гүн гүнзгий илэрхийлсэн мэт санагдсан.
Дараагийн хэд хоногт би Монголын Урчуудын Эвлэлийн Арт Галерейг зорьж, тэнд зохиогдсон шавар урлалын үзэсгэлэнг үзсэн. Энд миний хуучны танил уран бүтээлчийн үзэсгэлэн тавигдсан нь үнэхээр дотно бөгөөд завшаантай тохиолдол байлаа. Хуучны танил гэхлээр хачирхалтай байж магадгүй. ЮНЕСКО-гийн Олон Улсын Керамик Академийн гишүүн, уран бүтээлч Сүхбүрэн ахтай би анх удаа 2025 оны 8 сарын 15-ны зуны өдөр Чанчун хотын олон улсын вааран урлалын үзэсгэлэнд оролцож байхад нь танилцаж гарын үсгийг нь авч, хамтдаа зураг авахуулсан юм. Харин хоёрдахь удаагаа Монгол Улсад уран бүтээлчийн үзэсгэлэнг үзэхээр барахгүй дахин уулзсандаа маш их баяртай байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн нэр нь “Нэг цул” гэсэн нэртэй. Тус үзэсгэлэнгийн нэр нь төдийгүй үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд хэлбэр хийцийн хувьд олон янз, зарим нь гоё ганган биш бөгөөд даруухан, зарим нь нарийн чимэглэлтэй, өнгө төрх нь өвөрмөц, утга агуулга нь гүн байлаа. Түүний уран бүтээл болон сэтгэлгээ нь их сонирхолтой. Тийм ч амархан ойлгогдохооргүй ч байж мэдэх өвөрмөц. Гэвч түүнийг хүмүүнлэгийн элч гэж нэрлэж болох юм. Түүний ярианаас “Уран бүтээлч хүн бүхнийг хүүхдийн төлөө санаа тавихыг уриалж, мөн энэ үзэсгэлэнгийн тодорхой хэсэг хувийг НҮБ-ын Хүүхдийн төлөө байгуулагад хандивлана.” гэж хэлж байсан. Түүгээр ч барахгүй Монгол улсын дотоодын хоёр ч сургуульд бодит тусламж олгосон тухай яг тэр үед сонсоод түүгээр маш их бахархах сэтгэл төрсөн. Эндээс үзвэл тэр хүүхдүүд рүү чиглэсэн арга хэмжээг уран бүтээлээрээ дамжуулан анхаарал тавьж байгаа нь ховор чанар юм. Эдгээрээс Монголын ард түмний сэтгэлгээний гоо зүй, гар урчуудын ур чадвар, байгаль ахуйгаа тусгасан өв соёл тод харагдаж байсан.
Энэ зураг бол бидний Чанчун хотод зохион байгуулагдсан үзэсгэлэн дээрх анхны уулзалтыг илтгэх зураг. Би энэ зурагтаа маш их дуртай. Энэ эрхэмтэй танилцсан даруйдаа би багшдаа баяртайгаар мэдэгдэж байсан. Би энд түүний уран бүтээлийн талаар, бүр үзмэрүүдийн зургийг оруулаад маш их бичмээр байгаа ч энэ удаа ингээд зогсоё. Учир нь би Монгол улсад ирсээр бусад үе тэнгийн найзууддаа олон зүйлийг ярьмаар, түүнчлэн олон зүйлийг мэдмээр байгаагаа цаашид бичье. Дараа дахин завшаан тохиолдвол барималч ахтай уулзаад уран бүтээлийнх нь талаар ярилцаад би илүү ихийг бичмээр байна.


Удаах өвөрмөц сэдэв бол Монголчуудын хоолны соёл. Энэ тухайд гэвэл амьдрал дээр би нутгийн хоолны соёл болон өвөрмөц байдлыг илүү их мэдэрч байна. Амтлаг, шүүслэг хорхог, халуун сүүтэй цай зэрэг монгол хоол надад шинэ боловч дотно сайхан амтыг мэдрүүлсэн. Монголчууд хооллох арвин ёс дэгтэй улс. Жишээлбэл, хоол цайны дээжийг эхэлж заавал аавдаа, эсвэл гэрийн эзэндээ барьдаг байна. Харин манай хятад хүмүүс эхлээд зочиндоо барьдаг. Цаашид би Монголын нутаг нутгийн ёс заншил, амьдралын хэв маягийг илүү гүнзгий судлах сонирхолтой. Монгол орны уудам нутаг, өөр өөр бүс нутгийн соёлын ялгаа, хүмүүсийн зан төлөв, ахуй амьдралыг мэдэрч ойлгох нь миний хувьд үнэтэй туршлага болно. Суралцахаас гадна би өдөр тутмын амьдралаа влог болгон бичиж, Монгол улсад өнгөрүүлж буй мөчүүдээ найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатарт байх хугацаанд миний нийгэмших байдал маань мэдлэг, туршлага, шинэ танил тал гээд олон зүйлийг олж авч, улам тэлсээр байна. Цаашдын саруудад Монгол орны соёл, зан заншлыг үргэлжлүүлэн судалж, олон найз нөхөдтэй болж, энэ оюутан солилцооны хугацааг амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй дурсамжуудын нэг болгохыг хүсэж байна. Тиймээс Монгол Улсад суралцах хугацаандаа би олон зүйлд илүү гүнзгийхэн суралцах зорилготой байна. Ирэх улиралд би хуучин монгол бичгийг системтэйгээр сурахаар төлөвлөж байгаа. Учир нь хэл гэдэг зөвхөн хүмүүсийг хооронд нь холбодог хэрэгсэл бус, харин хүнийг өөрийнх нь өнгөрсөн түүх, өв соёлтой нь холбох гүүр гэж би боддог. Хуучин монгол бичгийг сурснаар Монголын соёлын удам дамжсан өвийг илүү нарийн ойлгож, түүхэн эх сурвалжтай жинхэнэ утгаар нь учрах боломжтой гэж ойлгодог. Энэ жил Монгол улсад шинэ оныг найзуудтайгаа угтсандаа маш их баяртай байгаа. Энд шинэ жилийн баярыг маш өргөн тэмдэглэдгийг мэдэрсэн.
Сурч мэдэхийн тухайд, Монгол Улсын Их Сургуульд суралцах хугацаандаа би зөвхөн монгол хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй, Монгол Улсын түүх, өнөөгийн байдал, нийгэм соёлыг системтэйгээр сурч байна. Дэлхийн олон орноос ирсэн оюутнуудтай хамт суралцах нь миний суралцах явцыг улам сонирхолтой болгож, харилцаа, ойлголцлыг өргөжүүлсэн. Багш нар маань тэвчээртэй, суралцагчдын санаа бодлыг хүндэтгэн хичээл заадаг нь надад их урам зориг өгдөг. Суралцах тусам монгол хэл болон хуучин монгол бичиг нь зөвхөн харилцах хэрэгсэл бус, харин Монголын ард түмний түүх, соёлын амин чухал өв болохыг улам тод мэдэрч байна. Хэл сурах үйл явц маань Монголын соёлд улам ойртож, илүү гүн ойлголттой болоход минь тустай байна.


Хичээлээс гадуур би Монголын үзэсгэлэнт байгальтай илүү ойр танилцахыг хүсэж байгаа. Тийм ч учраас энэ өвлийн амралтаар хэд хэдэн аялал төлөвлөсөн байгаа. Хэрвээ боломж гарвал би Хөвсгөл нуурыг зорихыг мөрөөддөг. Далд хөхөрсөн тунгалаг ус, ногоон тайгын тайван байдал, нуурын эрэг дагуух үзэсгэлэнт байгалийг нүдээр харж, жинхэнэ байгалийн амар амгаланг мэдрэхийг хүсэж байна. Монгол орны байгаль зөвхөн үзэмж төдийгүй, намайг амрах, бодлоо цэгцлэх, өөртэйгөө ярилцах боломж олгоно гэдэгт би итгэдэг.
Лян Жүө Шюань
МУИС, Улаанбаатар хот-2026 он.







