Улс төрийн зүтгэлтэн, Гавьяат эдийн засагч, доктор, профессор, Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн.
Тэрбээр Удирдлагын Академийн захирлаар ажиллаж байсан ба Удирдлагын хөгжлийн институт байсныг Удирдлагын академи болгосон захирал юм.
-Удирдлагын академийн 100 жилийн ой болж байгаа. Таны амьдралын хэдэн жил энэ сургуультай холбоотой вэ. 100 жил гэдэг том цаг хугацаа аргагүй мөн болов уу гэж бодно.
-Удирдлагын академийн 100 жил болж байна гэхэд бас л их хугацаа өнгөрч дээ гэж бодох юм. Саяхан наайг ажиллаж байхад 75 жилийн ойгоо хийж байсансан. Ер нь монгол төр гурван тулгууртай. Нэгдүгээрт нь, монгол төр бол нэгдмэл нэг толгойтой, Чингис хаан үр хүүхдүүддээ хоёр толгойтой могойн үлгэр ярьж, төр нэг толгойтой байж нийгмээ нэг чигээр авч яв гэжээ. Хоёрдугаарт, монголын төр бол иргэдийн сэтгэлийг олж засагладаг төр. Төрийн тухай онолд бол янз бүрийн ойлголтууд байдаг. Төр бол ангийн дарга, хуулийн зэвсэг ч гэдэг юм уу, хувийн өмчөөс төр үүссэн ч гэдэг юм уу. Гэвч тийм биш. Монгол төр бол анхнаасаа үүсэхдээ ард иргэдийн аюулгүй байдал, энх амгалан аж төрөх, орчныг хамгаалах зорилтоор үүссэн болохоор иргэдийнхээ сэтгэлийг олж засагладаг. Гуравдугаарт, монгол төр бол өөрөө оюуны хүчин зүйл. Хүний ухаанд тулгуурладаг төр. Хэрэв төр нь будилаад эхлэх юм бол нийгэм нь будилаад л эхэлнэ. Төр бол хүний толгойтой адилхан. Чингис хаан 1197 онд Хамаг Монгол улсын үед анх төрийн хөвгүүдийн сургууль байгуулж байсан байдаг юм. Бидний баттай баримттай мэддэгээр бол 1204 онд Тата Тунгаа-г онцолж олсны дараагаар бичиг үсэг, эрдэм ном заалгаж, түүнээс хойш монгол төр өөрийнхөө гол боловсон хүчнийг боловсролтой болгож, сургаж, хүмүүжүүлж ирсэн. Түүнээс аваад үзвэл монгол төрийн сургуулийн 820 жилийн ой болж байгаа. 2024 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээсний дараа төрийн сургуулийг байгуулснаар тооцвол 100 жил болж байгаа. Тийм болохоор би академийн тухай яриа бол монголын түүхийн 800 жилийг хамарсан асуудал гэж боддог юм. 1824-1990 он хүртэл Монгол улс бол маш том замыг туулсан. Соёл иргэншлийн өөрчлөлт, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын өөрчлөлт гээд. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд, нийгэмдээ ойлгуулахад төрийн сургууль гол үүрэг гүйцэтгэж ирлээ л дээ. Зарим үедээ намын дээд сургууль нэртэй ч явлаа. Энэ хооронд нэг их ялгаа байхгүй гэж боддог юм. Яагаад вэ гэхээр, тэр улс төрийн эрхийг барьж байсан нам нь өөрийн боловсон хүчнийг бэлтгэх, тэр боловсон хүчнээрээ төрд үйлчилж ирсэн болохоор тэр бол төрийн боловсон хүчин бэлтгэх л тогтолцоо. Одоо бид нар ингээд чөлөөт нийгэм гээд л ярьдаг. Гэхдээ л төр засаг маань сонгуульд олонхын санал авсан намын харьяанд л байгаа шүү дээ. Тэгэхээр төрийн сургууль, удирдлагын академи маань засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяанд байдаг утгаараа, төрийн эрх барьж байгаа намын харьяанд л байна гэсэн үг шүү дээ. Энд бол онцын ялгаа байхгүй. Шинэ нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш 30 гаруй жил өнгөрлөө. Энэ хооронд удирдлагын хөгжлийн институт гэж байлаа, намын дээд сургууль гэж байлаа, хоёулаа нийлээд удирдлагын сургууль боллоо, дараа нь удирдлагын академи боллоо.
-Яг тэр ерээд оны хоёр нийгмийн шилжилтийн үйл явцын үед ардчилсан засаг төр гарч ирснээс хойш энэ сургуулийг татан буулгах яриа гарч, та тэрийг эсэргүүцээд авч үлдэхэд нь том үүрэг гүйцэтгэсэн юм биш үү?
-За яахав, тийм яриа байсан. Гэхдээ тэр бол тийм хүчтэй, үндэслэлтэй яриа байгаагүй л дээ. Улс төрийн хүрээнийхний дунд л тийм яриа байсан хэрэг л дээ. Гэхдээ ер нь монголын нийгэм шилжилтийн үе эхлэхийн өмнө ерээд он, наяад оны сүүлээс эхлэн намын дээд сургууль , удирдлагын хөгжлийн институт хоёулаа энэ монголын нийгмийн өөрчлөлтийн онол, ном, түүнийг нь сурталчилдаг төвүүд байлаа шүү дээ. Тийм болохоор энэ хоёр сургууль бол монголынхоо нийгмийн өөрчлөлт, онол, чигийн үндсийг гаргаж байсан сургуулиуд байгаа юм. Одоо нийгмийн байгуулал солигдсоноос хойш гучаад жил боллоо. Улс орон маань ч их өөрчлөгдлөө. Социалист нийгмийн үед тэр нийгмийнхээ онол, номоор хичээл заадаг, боловсрол олгодог байсан бол чөлөөт нийгмийн үед бол бид ардчилал, зах зээлийн нөхцөлийн тухай ярьдаг боллоо. Гэхдээ нийгэм маань шилжилтийн үе нь дуусаад нөгөө улстөрчдийн ярьдаг хөрөнгийн анхны хуримтлалын үе одоо шувтарлаа шүү дээ. Тэгэхээр нийгэм маань тогтворжоод ирлээ. Энэ үед удирдлагын академийн өөрийн үүрэг, зорилго, чиг нь дагаж өөрчлөгдөнө л дөө. Одоогийн монгол орныг 2000 оны эхэн үетэй харьцуулбал гурван гол онцлог бий. Нэгдүгээрт, монгол орон өөрөө нийгэм, улс төрийн тогтолцооны хувьд тогтвортой байх хандлага. Хоёрт нь дэлхий ертөнц өөрчлөгдөөд монгол орныг хөгжлийн замаар авч явах, монгол орныг дэлхийн хамтын нийгэмлэгийн дунд хөл нийлүүлж алхах алхааг нь авч явах. Гуравдугаарт нь, шинжлэх ухаан, техникийн асар том үсрэлт хийлээ, үүнийг дагаж төрийн боловсон хүчинг бэлдэх. Энэ гурван шаардлагыг аваад үзэхэд академийн өмнөө тавих зорилго огт өөр боллоо л доо.
-Сүүлийн гучаад жил төрийн албан хаагч нарыг бэлдэхэд нэлээн чиглэж ажиллажээ.
-Тийм. Ер нь бизнесийн менежерүүдийг бэлтгэсэн, сүүлд сургуулиуд олон болоод, өрсөлдөөн их боллоо. Тэр дунд төр лүүгээ чиглээд хувийн өмчийн сургуулиуд, хувийн бизнесүүдийн аж ахуйн менежментийг хийх асуудлыг шийдэх нь зөв л дөө. Гэхдээ монголын менежерүүдийн холбооны төв нь бол удирдлагын академи дээр л байгаа байх л даа. Ер нь удирдлагын академи гэж байхын утга учир бол, хүнийг боловсруулж бэлтгэнэ гэдэг бол олон үе шаттай юм явц шүү дээ. Чингис хаан биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж сургасан гээд л хүн бүхэн ярьдаг шүү дээ. Биеэ засна гэдэг чинь юу юм, гэрээ, төрөө засна гэдэг бол боловсролын огт өөр шат. Хүнийг эмч болгож болно, инженер болгож болно, технологич болгож ч болно. Энэ бол мэргэжил олгож байгаа бага суртахуун. Монгол төрийн өөрийн төрт ёсны соёлоор бол бага суртахуй. Төрд ажиллах, авч явах улсуудаа бэлтгэхийг бол монгол төрт ёсны соёлд их суртахуй гэж хэлдэг юм. Их суртахуйн онцлог юу вэ гэхээр, ямар ч мэргэжлийн хүн байж болно. Тэр хүнийг төрд бэлтгэх, хорвоо ертөнцийг үзэх үзлийг нь тогтворжуулж, юмны учир шалтгааныг олж харах, сэтгэлийн төвийг нь бүрдүүлэх, анхны зорилт нь энэ. Тэгээд төрийн ажлын өөрийн арга, технологид сургах. Их суртахуйн сургаал гэдэг бол төрд ажиллаж байгаа хүн хүний хувь заяаг шийддэг. Хүний амьдралд оролцдог. Тэр утгаараа бол тэр хүн хүнийг ойлгож чаддаг, нийгмээ ойлгож, залж чаддаг, хөглөж чаддаг байх ёстой юм л даа. Тиймээс удирдлагын академи бол шинэ зорилгоо хэрэгжүүлэх ёстой болж л дээ. Одоо ингээд байгаа байдлыг нь харахаар жаахан даруухан байх шиг л байдаг юм. Бэлтгэсэн боловсон хүчнүүд нь бол төр нийгэмд зүтгэж яваа улсууд. Одоо манайхан их хурлын сонгуульд орохдоо ч удирдлагын академийг төгссөн гээд бичих нь нэр төрийн хэрэг болсон юм шиг байдаг юм. Би бас овоо доо гэж боддог. Гэхдээ энд зогсож болохгүй. Удирдлагын академи бол маш гүнзгий тооцоо судалгаа хийх, эрдэм шинжилгээний ажил явуулах, тэгээд үүн дээрээ сургалт зохион байгуулах чиглэл лүү орох хэрэгтэй юм л даа.
Одоо бол миний бодлоор нийгмийн эрх ашгийн үүднээс удирдлагын академийн үйл ажиллагаанд юу дутаад байна вэ гэхээр, зөвхөн тэнхимийн сургалт биш, тэр дунд бодит байдлыг нь ойлгуулах, ярилцлага, мэтгэлцээн, төрдөө урд нь ажиллаж байсан хүмүүсийг өөрсдийг нь оролцуулаад алдаа, оноог нь дүгнээд, маргаан явуулбал нийгэм чинь бас тодорхой чигтэй болно шүү дээ. Одоо ингээд монголд чинь зарим нөхдүүд нь гадаадын сургууль төгсөж ирээд л сонин сонин юм яриад, өөрсдийгөө агуу ухаантан болгоод, эндээ байсан хүмүүсээ бүгд болж бүтэхээ байсан улсууд юм шиг ухуулга явуулдаг л даа. Гэтэл тэр хүн маань өөрөө ямар чиглэлээр үзэл бодолд хөтлөгдөж явсныг бас нийгэм чинь таньдаг байх хэрэгтэй байна. Миний бодоход удирдлагын академи бол сургалтын арга хэлбэрээ төгөлдөржүүлэх ёстой. Одоогийн нөхцөлд дэлхий ертөнц их өөр болжээ. Гадны сургуульд төрийн хүнийг бэлтгэхэд сэтгэл зүйд нөлөөлөх янз бүрийн аргыг хэрэглэж болно. Тархинд нь чип суулгаад явуулах нь юу юм. Гэхдээ ер нь ховсдоод явуулахыг бол гадны аль ч сургууль хийж чадна. Сүүлд нь ховсдуулсан төрийн зүтгэлтэн гэдэг бол түлхүүр үгээ нэг сонсохдоо л дагаад явчихдаг шүү дээ. Түүнийг хүртэл бодолцох л хэрэгтэй. Ер нь төрийн зүтгэлтнийг гадаадад бэлтгэнэ гэдэг бол маш буурь суурьтай хандах зүйл шүү дээ. Манай төрийн өндөр албаныхан ч гадаадад очоод төрийн албаныхныг бэлтгэнэ гээд яриад л ирэх юм. Тэр хүн монголоо ойлгож, монголынхоо нийгмийг жолоодохын тулд энэ дэлхий нийтийг хамарсан мэдээллийн сүлжээ, ном хэвлэл, эрдмийн бүтээлийг ашиглаад өөрөө боловсрох хэрэгтэй. Тэрийг боловсруулах боломж нь монголд байгаа. Ийм чиглэлээр удирдлагын академи маань яваасай гэж боддог юм.
-Та ер нь сургуулийнхаа тухай бичиж байсан уу?
-Ерэн онд би нэлээд том ярилцлага өгч байсан. Ер нь явсан замналыг нь тэмдэглэн үлдээх гэж.
-Тэрийг олбол хаагуур байгаа бол?
-Гараад ирэх биз.
-Та өөрийн намтар номыг хийв үү. Дурсамж ном бичсэн үү ер нь?
-Хүн дурсамж бичнэ гэдэг чинь их сонин зүйл. Надад сонин санагддаг. Настай болоод ирэхээр өөрийгөө магтах гээд л, хийсэн бүх юмаа зөвтгөх гээд л эхэлнэ шүү дээ. Ер нь миний үзэл баримтлал, монголынхоо талаар юу бодож явдаг талаар би ‘Үүрийн жавар’ гэдэг номондоо бичсэн дээ. Одоо бараг гучаад жил болж байна. 1996 онд бичиж гаргасан юм. Тэр ном ч одоо байхгүй болж. Ер нь хувь хүн өөрийгөө нэг их ухуулна гэдэг бол тэр хүний сэтгэхүйн өөрчлөлт ч гэдэг юм уу, үзэл бодлын өөрчлөлт ч гэдэг юм уу, янз бүрээр нөлөөлнө л дөө. Тийм болохоор хийсэн үйл ажиллагаа, тухайн үедээ ярьсан юм чинь хангалттай бол араас нь тайлбар тавих хэрэггүй гэж би боддог юм. Тийм болохоор бичээгүй.