Б.Энхжаргал надад гуниг харуусал гэхээсээ илүү эрч хүч, гэрэл гэгээ өгөв. Тэр бол тэрсэлж дэгдсэн тэмүүлэл, тэртээгээс нааш цайвалзсан гэгээ. Тэр бол дусал нулимс, дууны бүлээн мөр ...

Бүгдээрээ түүнд ирээдүй рүүгээ гүйхэд нь тусалъя. Дэмжээрэй, манайхаан...

-Миний нэг танил таны тухай надад ярьж байсан юм. Нэг ийм охин байдаг юм. Чи уулзаж ярилцлага аваач гэж. Нийгмийн ажил их хийдэг, жаахан охин атлаа асар их сэтгэлийн тэнхээтэй охин байдаг юм гээд таны тухай ярьж байсан л даа. 
-Тийм үү. Би ч гэсэн тантай уулзахыг хүсч байсан. Уулзсандаа их баяртай байна. 

-Одоо хоёулаа танилцана аа. 
-Би 1989 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд Банзрагч гэдэг хүний дөрөв дэх охин болж мэндэлсэн. Аав, ээж маань намайг “эрүүл энх” бас “жаргалтай” амьдрахыг бэлгэшээж Энхжаргал гэдэг нэрийг хайрласан. Харамсалтай нь би төрөлхийн түнхний мултралттай байсан. Энэ л миний гуниг харуусал. 

-Мэс заслын аргаар эмчилж болно биз дээ. Би бас ийм өвчтэй атлаа хагалгаанд орж эдгэсэн хүнтэй уулзаж байсан юм байна.  
-Анх долоон настайдаа түнх хадуулах мэс засалд орж, найман настайдаа хадаасаа авхуулсны дараа сургуульд орсон л доо. Мэс заслын дараа хөл өвдөх нь багассан ч тухайн үед эмч нар зөрүүлж хадсаны улмаас хөл маань урт богино болж, Монголын нийгмийн халамжийн хуулиар “Би” гэдэг хүн хөгжлийн бэрхшээлтэй хүний тоонд орсон. Үүнээс болж хүүхэд насны эдлэх ёстой эрх маань бага багаар хязгаарлагдаж байгааг анзаарч эхэлсэн. Аавдаа үүрүүлэн, үүрүүлэн ангидаа очдог байлаа. Гэсэн ч би сайн сурах ёстой гэсэн эрмэлзэл маань хэзээ ч унтарч байгаагүй. Хүүхдүүдэд шоолуулаад уйлж зогсохдоо ч сурах мэдэх гэсэн чин хүсэл эрмэлзлээ хөсөр хаяж байгаагүй. Харин ч 9 см-ийн зөрүүтэй хөлөө анзаарах сөхөөгүй өдөрт хоёр удаа сургууль руугаа гүйхээгээрээ очиж давтлага дугуйланд хамрагдаж, анги хамт олныхоо манлайлал нь болж чадсан. Би энэ үеийн амьдралаараа бахархдаг.

-Дунд сургуулиа дүүргээд ахиж суралцсан гэж сонссон. 
-Нэг л мэдэхэд сургуулиа төгсөж, мэргэжлээ сонгох хариуцлагатай сонголтын өмнө нүүр тулсан. Яагаад ч юм хуульч, сэтгүүлч, багш гэсэн мэргэжлүүд анхаарал татаж шийдэж ядаад байж байтал ах маань Нийгмийн ажилтан болох уу? гэдэг байгаа. Ингээд л асуудал бэрхшээлтэй хэн нэгэнд  дулаахан мэдрэмж, итгэл найдварыг өгдөг мэргэжилтэн болох гараагаа эхлүүлсэн юм.  Гэвч манай гэр бүлийн хувьд намайг оюутан болгоно гэдэг зориг шаардсан шийдвэр байсан. Аав маань өөд болсон, ээж ажилгүй, тэтгэвэрт хараахан ороогүй, ах оюутан, тодорхой орлогогүй айлд хоёр оюутан төгсгөнө гэдэг амаргүй даваа байлаа. Тэгээд би хичээлийнхээ хажуугаар жижиглэнгээр худалдаа эрхлэх, зуны амралтаараа зах дээр квас зарах, хоолны газруудад угаагч бэлтгэгч хийх гээд  боломж, цаг хугацааг тултал нь ашиглахаар улайрч байсан. Суралцаж буй мэргэжлээ үнэ цэнтэйгээр эзэмшиж, хамгийн сайн мэргэжилтэн болохын төлөө шөнөдөө олдох багахан цаг хугацааг нойронд алдахгүй гэж хичээдэг байсан. Нийгмийн ажил өөрөө практик шинж чанартай учраас олон зүйлийг гардан хийж чаддаг чадвартай байх ёстой. Тиймдээ ч би бүгдийг багаас нь эхэлж хийж сурахыг хүссэн. Ер нь эерэг айдас хүнийг их зөв зүйл рүү түлхдэг юм шиг. Энэ бүхэн намайг нэгдүгээр курсын оюутан байхаас Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоонд сайн дурын ажилтнаар ажиллаж эхлэхэд хүргэсэн. Гэхдээ тэнд миний эхлээд төсөөлж байснаас ч илүү гүн утга учрын төлөө ажиллах ёстой гэдгийг олж харсан. 

-Тухайлбал? 
-Дэлгүүрт ороод өөрөө мөнгөө өгч худалдан авалт хийхийг мөрөөддөг хүн байдгийг мэдээд маш их гайхаж бас харамсаж ийм энгийн зүйлийг мөрөөддөг иргэнтэй нийгэм “Хүмүүнлэг нийгэм” юм гэж үү хэмээн өөрөөсөө болон нийгмээсээ асуухад хүрсэн. Хүний эрх, эрх чөлөө гэж байдаг ч үүнийг эдэлж чадахгүй хүмүүс байгааг  мэдэрч  энэ  эрхийг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн. Зөвхөн тэргэнцэртэй хүмүүс ч биш охид, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх маш их зөрчигддөгийг харж "Яагаад?" гэдэг асуултынхаа хариуг хайж бүр цаашлахыг хичээсэн. Тиймдээ ч гуравдугаар курсын оюутны зуны амралтаар квас зарах ашигтай ажлынхаа оронд “ГҮНЖ” төвд туслах нийгмийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Тэнд би дахиад л асуулттай нүүр тулсан. Өвөөгийнхөө бэлгийн дарамтад байдаг таван настай охиныг цэцэрлэгээс нь хамгаалах байр луу хөтлөөд явж байхад шударга ёс хаана байгааг бас л асуусан. Сонголт хийх эрх чөлөөгүй, хүн гэж тооцогдохгүй, хүчирхийлэл дарамтад охид, эмэгтэйчүүд амьдарч байгаа нь хүмүүнлэг нийгэм гэх юм уу гэсэн асуулт төрсөн. Энэ мэтчилэн нийгмийн асуудлуудтай ажиллах тусам “Яагаад” гэдэг асуулттай улам их учирч хариултыг нь олохын тулд сайн дурын ажил, сургалт, судалгаа, нийгмийн ажлын үйлчилгээ, үнэлгээ гэсээр нэг л мэдэхэд оюутан насаа үдсэн байдаг. Оюутан байх хугацаандаа үнэт зүйл дээр тулгуурласан онолын мэдлэг, туршлага дээр тулгуурласан практик чадвар, нийгмийн хүрээллийг олж авч өөртөө л чамлахааргүй арвин ургацтай цагийг өнгөрөөжээ. 

-Төгсөөд бас л ажилласан уу?
-Сургуулиа төгсөөд “ГҮНЖ” төвдөө нийгмийн ажилтнаар үлдэж бусдын төлөө өөрийгөө өгөх үнэт зүйлийн төлөө олон асуултад хариулт хайн зүтгэж эхэлсэн.  Асуулт өөрөө танин мэдэхүйн үндэс болдог болоод тэр үү “Яагаад? Ийм байх ёстой гэж” гэсэн асуулт намайг олон зүйлд хөтөлсөн. Тэгш оролцоот хүртээмжтэй нийгмийг зорилгоо болгосон Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоонд Сайн дурын ажилтан, Ариун гэгээн охидын нүдэнд гуниг бүү хураасай гэж уриагаа болгосон Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төвийн Нийгмийн ажилтан, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороонд гишүүн, Зориг сангийн залуу манлайлал хөтөлбөрийн оролцогч, Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг нэгдсэн Хөөрхөн зүрхнүүдийн аяны гишүүн, Жендэрийн шударга ёсны төлөө зорьдог МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний хөтөлбөрийн ажилтан, Ардчиллыг ухаантайгаар хайрладаг ДемоКрэйзи залуусын төвд зохицуулагчаар тус, тус ажиллаж эдгээр байгууллагуудаар овоглогдоход хөтөлсөн. Энэ байгууллагууд бүгд өөр өөр нийгмийн асуудлын эсрэг тал бүрээс нь  хүчтэй тэмцэл өрнүүлж сэтгэл итгэл, нөр их хүч хөдөлмөрөө зориулан ажилладаг ч эцсийн зорилго нь нэг л цэг дээр төвлөрч хүн бүрийн аз жаргалтай, сэтгэл хангалуун, хараат бус, сонголт, боломжоор дүүрэн амьдралын төлөө зорьдог. Би ч бас энэ бүхний нэг эд  эс нь байж, хариултынхаа эрэлд хамт явдагтаа бахархдаг. 
 

-Үнэхээр санал нэг байна. Танаар бахархаж байна шүү.     
-Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал гэсэн үгнүүд цаанаа ямар гүн гүнзгий утга, үзэл санаа агуулдгийг би өөрөө ч бүрэн төсөөлөхгүй байгаа байх. Учир нь бид заримдаа хэрэглэж байгаа энгийн үгнийхээ утга учрыг өөрсдөө ч гүнзгий мэдрээгүй байдаг гэдгийг аавыгаа өөд болоход мэдэрсэн юм. “Сайн байна уу? Сайн сайн” гэдэг үг ямар их утга учир агуулж, хэчнээн аз жаргал ардаа нууж байдгийг мэдэрсэн. Хүн “Сайн байна уу?” гэж мэнд мэдэхэд ам дүүрэн “Сайн сайн” гэж хариулах тэр өөрөө аз жаргал. Үүний адилаар “эрүүл мэнд” гэсэн энэ хоёрхон үгийн ард зорилго, хүсэл мөрөөдөл, нөөц боломж, чадвар чадамж явж байдгийг би саяхнаас л мэдэрч байна. 

-Одоо таны биеийн байдал ямархуу байна вэ. Ийм их ажлыг амжуулах амаргүй шүү дээ.  
-Харин энэ жилээс нэг км ч хүрэхгүй  зайтай явахад хөл, нуруугаар өвдөж, удаан суухад нуруу татчих гээд ажлын ачаалал даахаа больсон. Гүрийж ажилласны маргааш орноосоо босч чадахгүй хэмжээнд биеийн байдал маань эрс муудсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандахад дунд чөмөг нарийсалттай, түнхний тогоо үүсээгүй, түнхний толгой хайлсан, нуруу “S” хэлбэрийн муруйлттай, суулт өгч байгаа, түнхний титан суулгах мэс засал хийлгэх шаардлагатай ч чиний биеийн байдал энэ мэс заслыг даахгүй гэж хэлсэн. 

-Энэ яг юу гэсэн хариулт вэ. Тэгээд ямар ч боломж байхгүй гэсэн үг үү?
-Тэгэхээр нь би энэ өвдөлт, зовиурыг яах ёстой вэ гэж асуусан. Зөвхөн физик эмчилгээ л хийлгэ гэсэн. Энэ мэдээ надад жирийн ажлын ачаалал дааж чадахгүй, гэртээ физик эмчилгээ хийлгээд л амьдар гэж байгаа юм шиг сонсогдож, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу яах учраа олохгүй хэсэг хугацааг өнгөрөөсөн. Ингээд л хийж бүтээх, зорьсон бүх зүйл талаар өнгөрч байгаа юм шиг санагдсан. Зүгээр сууж яасан ч болохгүй гэсэн хатуу ойлголт надад байдаг. Нэг эмчийн хэлсэн “Туйлын боломж, үнэн биш” гэсэн үгэнд  итгэн найз нөхдөдөө энэ талаар хэлэхэд гадаадад эмчилгээ хийлгэх боломжийг хамтраад судалсан. Тэгэхэд Тайланд болон Солонгос улсад энэ төрлийн мэс заслыг хийх боломжтой гэсэн ба Солонгос улсад үнэ төлбөр хийгээд чанарын хувьд илүү гэсэн мэдээ авсан юм. 

-Боломж байж л таарна. Амьдралд үй түмэн боломж тойрч байдаг гэдэг үнэн байгаа биз?
-Сайны хажуугаар саар гэдэг шиг шууд мэс засалд оръё гэхэд санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан л даа. Туулсан амьдралаа эргээд бодоход мөнгөн дээр тулгуурласан шийдвэр гаргаж байгаагүй юм байна. Мэдлэг, туршлага хуримтлуулах гэж хичээж явсан хугацаанд мэргэжил, үнэт зүйлтэйгээ холбоотой гарч ирсэн “яагаад” гэдэг асуултын ардаас л явж байснаас мөнгөн дээр тулгуурлаж амьдраагүй гэдгээ ойлгосон.

Хэрвээ би эрүүл л байх юм бол хүн бүр “хүн” гэж тооцогдсон боломж, чадавхийг бүрдүүлсэн нийгэмд амьдарч, хүний эрхэм чанараа мэдрэн, эрхээ бодитоор эдлэхэд өөрийн багахан ч гэсэн хувь нэмрийг оруулж, бусдад дулаахан мэдрэмж, итгэл найдварыг өгч чадах юм байна гэж бодсон. Энэ хувь нэмэр минь залуучуудын хөгжилд илүү чиглэсэн байгаасай гэж хүсдэг. Би залуу хүн учраас бусад залуучууддаа нөлөөлж, харилцан суралцаж, хамтдаа хөгжихийг илүүд үздэг. Бүх зүйл цул биш учраас залуучууд дотроо хөгжлийн бэрхшээлтэй, хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүд, нийгмийн эрх мэдлийн цөөнх бүлгийн залуусыг дэмжиж, чадваржуулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Би мөрөөдөж бас зорьж байна: “Хүний эрхийн сан”-г Монголд байгуулж хүчтэй хөдөлгөөн өрнүүлэхүйц иргэний нийгмийн байгуул­лагуудтай нэг дуу хоолой, нэг чиглэл рүү хамтран ажиллана гэж хүсдэг. Сайн санаагаар жигүүрлэсэн зорилго, мөрөөдлөөрөө өндрөөс өндөрт дүүлж, тантай бас хамт нисэхийг хүсч байна. Таны дэмжлэг намайг хоёр хөл дээрээ бат зогсон мөрөөдлүүдээ ажил болгоход туслах хүчтэй жигүүр минь байх болно.

-Та заавал эдгэнэ. Би таны тухай мэдээллүүдийг тарааж, олон түмэнд хүргэх талаар бүх хүчээ дайчилна. Таны итгэл, энэ их эрч хүч намайг өөрийн эрхгүй догдлуулж байна. 
-Баярлалаа. Би хэзээ ч итгэлээ алдахгүйн төлөө зүтгэнэ. "ГҮНЖ" төвөөс санаачлан эхлүүлж, найзуудтайгаа нэгэн үзүүрт сэтгэлээр өрнүүлсэн “Нэг чиглэл” нэртэй хандивын ажлаараа олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулж нийтдээ 10 гаруй сая төгрөг олоод байна. Энэхүү хандивын ажлынхаа явцад би маш олон зүйлийг шинээр сурч, ойлгож байна. Нэг анзаарсан зүйл юу вэ гэхээр хүн бүхэнд нэг нэгэндээ тусалчих юмсан гэсэн сэтгэл байдаг ч яг яаж гэдгээ ихэнх нь сайн мэддэггүй. 

-Энэ яг үнэн. Твиттерийнхэн гэхэд нэг нь санаачлахад бүгд сад тавиад л дэмждэг. Бид бие биедээ яаж туслах ухаанаа олдоггүй бололтой. Таны эмчилгээнд нийт хэдэн төгрөг шаардлагатай вэ?
-Миний эмчилгээний зардалд одоо 35.000.000 төгрөг хэрэгтэй байгаа. Өдөр өдрөөс муудаж байгаа биеэ хурдан эмчлүүлэхийн тулд би таны ярилцлагаар дамжуулж ард түмэндээ хандмаар байна. Энэ сайн үйлсийн аяныг яаравчлахын тулд гэхэд та бүгдийн  туслалцаа маш хэрэгтэй байна. 

Миний эмчилгээний зардалд шаард­ла­га­тай байгаа 35.000.000 төгрөгийг цуглуулахад
3500 хүн x 10.000 төгрөг ═ 35.000.000,
7000 хүн x 5000 төгрөг ═ 35.000.000,
35000 хүн x 1000 төгрөг═ 35.000.000 байгаа биз.

-Тийм байна. Эсвэл үйл ажиллагаагаараа манлайлагч 10 компани нийг­мийн хариуцлагынхаа хүрээнд тус бүр 3.500.000 төгрөг хандивлахад л таны амьдралыг эрүүл энх, аз жаргалтай болгож жигүүрээ дэлгэхэд тусалж чадахаар байна. Олны хүч, оломгүй далай гэдэг шүү дээ.
-Харин тийм ээ. Зөндөө л арга чарга бодох юм. Би ирээдүй рүүгээ хурдан гүйхийг хүсч байна. Надад тусалсан ард түмнийхээ ачийг би бүх амьдралаараа хариулах болно. Надад итгээч гэж л хэлмээр байна.  
 

Хандивын данс: 

ХААН банк 5027676028, Төрийн банк 192000200554, бас 155-889 дугаарт 1 юмуу One гэсэн мессеж илгээвэл надад 270 төгрөг орж ирэх юм.  Б.Энхжаргал

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав