Удирдлагын академи хэмээх шинэ үеийн болвсон хүчийг бэлтгэдэг анхны дээд сургууль хэдий нь 100 жилийн түүхт ойн жилтэйгээ учран золгожээ.  Энэхүү түүхт ойг тохиолдуулан түүхт сургуулийн нэгэн үеийн  захирал, Монгол Улсын Гавьяат багш, профессор, доктор  Я.Долгоржавтай ярилцлаа.  Я.Долгоржав  захирал нь 1991 оны 10 сараас БНМАУ-ын Бага Хурлын дэргэдэх Төр,нийгэм судлалын Акдемид Ректор,1994 оноос ТЗУХИ-д Төрийн удирдлагын тэнхимийн  эрхлэгч, 2000 оноос Төрийн удирдлагын сургуулийн захирал, 2001 оны 7-р сарын 5-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс Төрийн бодлогын зөвлөхөөр томилогдон 2008 оны 11-р сар хүртэл ажиллахдаа сүүлийн нэг жилд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр хавсран ажиллажээ. Я.Долгоржав 2008-2011 онд Монгол Улсаас БНКУ-д суух онц бөгөөд бүрэн элчин сайд, 2011-2012 онд Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал,2012 оноос Удирдлагын академид багш, 2016-2022 онуудад Төрийн захиргааны тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна.

-Сургуулийн тань үүх түүхээс ярилцлагаа эхэлье. Танай сургууль  Богд хааны “ Хайстай” ордонд байгуулагдаж байсан гэдэг.  Мөн тухайн үеийн нам төрийн зүтгэлтнүүд сургуулийн нээлтэнд ирсэн байдаг юм билээ. Энэ тухай яривал?

-Энэ сургууль үүсээд 100 жил болж байна. 1924 онд  “ Нам улсын  түр сургууль” нэртэйгээр  Богд хааны  “Хайстай” ордонд анх нээлтээ хийж байсан.  ” Хайстай “ ордон бол  Богд хааны зуны ордон. Энэ ордондоо  Богд хаан тодорхой хэмжээнд номоо үздэг найман ханатай, дөрвөн баганатай гэртэй байж. Тус  гэрт манай сургуулийн анхны хичээл хийгдсэн байдаг. Анхны хичээл хийгдэж байхад тухайн үеийн нам засгийн удирдагчид бүгд хүрэлцэж ирсэн.Тухайлбал, намын төв хорооны дарга  Ц.Дамбадорж, орлогч дарга нь Н.Жадамбаа тэргүүтэй олон нам төрийн зүтгэлтнүүд ирж байжээ. Тухайн үеийн хүмүүс чинь  өндөр боловсролтой байсан.  Намын төв хорооны Ц.Дамбадорж бол  “Толбо  нуур”-ын тулалдааны тухай бичсэн хүн шүү дээ.  Орос, хятад, манж хэлтэй. Харин  орлогч дарга Н.Жадамбаа гэдэг бол “Гулливерийн аялал” нэртэй номыг орчуулж байсан хүн. 

-Сургуулийн анхны захирал нь  Н.Хаянрхярваа гэж мөн л их эрдэм мэдлэгтэй хүн байсан гэдэг. Энэ талаар яривал?

-Тэгэлгүй яахав.  Монголын анхны дээд сургуулийн захирал ч эрдэм боловсролтой хүн тавилгүй яахав. Н.Хаянхярваа  захирал  бол лам маягийн хүн байсан гэдэг.Аялал жуулчлалаар гэх үү, баруун яваад Турк орж тэндээ боловсрол эзэмшчихсэн. Анхны “эсперанто”  хэлийг  Б. Ринчен докторт зааж байсан тийм хүн байдаг. Сонирхуулж хэлэхэд   сургуулийн нээлтийн өдөр болсон сонирхолтой зүйлийг ярья.  Энэхүү сургуулийн  хичээлийн нээлтэнд луу ороосон дөрвөн баганатай гэрт  сурагчид нь хичээлээ хийгээд байж байтал  захирал Н. Хаянхярваа гуай  үг хэлжээ. Захирал Н.Хаянхярваа гуай   хэлсэн үгэндээ “Бид чинь урьд цагт энэ лууны аманд байсан хүмүүс, одоо эрх чөлөөгөө олоод үүнээс салж, бие даасан улс болж, түшмэдийн тогтолцоо руу алхаж, төрийн албан хаагчдаа бэлтгэж байна” гэсэн утгатай үг хэлж л дээ. Лууны аманд байсан улс гэдгээ  “могой” гээд  андуураад хэлчихэж. Тухайн үед сургуулийн нээлтэнд Хатанбаатар Магсаржав гуай  ирсэн байж таарч.  Хатанбаатар  Магсаржав гуай могойноос их айдаг хүн байж. Могой гэсэн үгийг сонсоод их цочиж хашгирчээ. Үүнийг хожим  төгсөгчид нь дурсахдаа” Хатанбаатар Магсаржав байлдаанд орохдоо л тэгж хашгирдаг” байсан байх даа гэж дурссан байдаг. Энэхүү дурсамж нь анхны төгсөгчдын “дурсамжын дэвтэр” дээр бичигдэн үлджээ. Ингэж хичээл эхэлж байжээ. Монгол улс ирээдүйн их том зорилготой байсан.  1911 онд манжаас салчихсан. Монгол улсын зорилгыг Богд хаан томоор төсөөлж байсан юм билээ. 

-Тухайн үеийн улсын том зорилгын нэг нь энэ сургууль байгуулагдсан явдал гэж үзэж болох нь тийм үү?

-Тэгэлгүй яахав. Үүнд Богд хаан ч чухал нөлөө үзүүлж байсан. Тухайлбал “Умар зүгийн бүх газар нутгаа уугуул эзэд нь хураан авч, өөрөө өөртөө захирсан тусдаа улс болно “ гэж  хятад, манжуудад бичиж байсан хүн шүү дээ.  Умар зүгийн газар нутгаа  уугуул иргэд нь хураан авна гэдэг нь Хятадын  Цагаан хэрэмнээс авхуулаад бүх монгол үндэстнээ хамруулж, нэгдсэн монгол улсаа байгуулна гэсэн бодол хүсэл нь  байхгүй юу даа. Түүнээс хойш 1919 онд Хятадын цэрэг орж ирээд дандаа автономит устгачихсан. Гэсэн ч 1921 оны томчуул чинь бас их том зорилготой байж. Эрмэлзэх 10 зүйл, түмэнд тунхаглах баримт бичгүүд гэж гарган  монголын зорилгыг их томоор тодорхойлж байсан. Яваандаа бүх монгол үндэстэн нийлээд нэгдсэн улс байгуулна, тийм учраас тэр амбиц, тэр үеийн бодлого, үзэл санаа анхны сурагчдад бүрдсэн. Зөвхөн манай одоогийн энэ Монгол улсын хэмжээний газар нутаг гэсэн үг.

-Анхны их сургуульд монгол үндэстнүүд их сурч байсан гэдэг. Хамгийн сонирхол татсан нь Дэ ван ноёны хүү сурч байсан байдаг?

-Манай сургуульд  тархан суурьшсан  монгол үндэстнүүд  ирж суралцдаг байсан. Үүний нэгэн жшээ нь Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний удирдагч Дэмчигдонровын том рүү Дугарсүрэн нь манай сургуульд суралцаж байсан байдаг. Үүнээс гадна  Тагна Урианхайгаас оюутанууд сурч төгсөж байсан байдаг.  Эдгээр төгсөгчид  нутагтаа  очоод Тувагийн ардын их хурлын дарга, цэргийн яамны сайдаар томилогдож байсан байдаг юм. Тэгэхээр тухайн үеийн сэхээтнүүд их алсыг харж байсан байгаа биз. Тэрний цаана ямар улс байгуулах вэ гэдэг их том амбицтай бэлтгэж байсан жишээ нь л дээ.  Товчхон хэлэхэд ямар ч улс нь  ямар ч тохиолдолд төрдөө ажилуулах, түшиж, тулах түшмэл гэдэг юм байхгүйгээр юу ч хийж чадахгүй. Үе үеийн хаад ноёдууд  чинь дандаа л эрдэмтэй мэргэн түшмэдүүдтэй байсан. Тэр уламжлалаараа л бэлтгэж ирсэн байдаг.

-Хаад ноёдын үед төр түшилцэх түшмэдээ хэрхэн сонгодог байсан юм бэ?

-Ганцхан жишээгээр тайлбарлая.  Чингис хааны анхны түшмэл  бол Хорчи. Тухайн үедээ сэргэлэн, зөн совинтой, анчид нүүдэлчдийг бодох юм бол тархи толгойгоо илүүтэй ажиллуулдаг, тийм тодорхой өгөгдөлтэй хүн байж л дээ. Чингисийн үед хэн байж вэ гэхээр бөө нар л байсан. Нууц товчоонд гардаг шүү дээ. Улсын эзэн болоогүй, зөвхөн тэр асуудал яригдаж эхэлж байхад  Хорчи бөө ”Чамайг дэмжиж байгаад чиний түшиг тулгуур болж байгаад улсын эзэн болгочихвол яах вэ” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл түшмэл нь болж ажиллавал яах вэ гэж хэлэх гээд байгаагаа илэрхийлж байна л даа. Чингис хаан үүний хариуд “ Хэрэв тэгвэл сайн л байна, хэрэв би хаан болбол өөрийг тань түмтийн ноён болгоно” гэж хэлдэг. Цэрэг феодалын тогтолцооны юм эмхэрч байсан тул Тэмүжин өөрөө улсаа байгуулаад амлаж болох зүйлийг л хэлж байгаа юм. Түмтийн ноён болгоё гэдэг тухайн үеийнхээр том албан тушаал өгч байгаа юм. Бөө Хорчи ч мөн сэргэлэн хүн байж. Улсын ажил гүйцэтгэж өгснийхөө хариуд түмтийн ноён болоод хэрхэн жаргах вэ  гэж өөр зүйл хэлэх  гээд байгаагаа илэрхийлдэг. Улсын 30 гоо бүсгүйг өг, өглөө болгон миний үгийг сонсож бай гэсэн нөхцөлтэйгээр хийгээд л одооны хэлээр бол PR-аа  хийж эхэлнэ биз дээ. PR хийхдээ урьд шөнө зайран  тэнгэр надад ирж хэллээ.  Зайран ирж, надад нүдэнд минь үзүүлэв. Ухаагч үнээ ирж Жамухыг мөргөж, өрөөсөн эврээ хугалж, солжир эвэртэй болж “Эврийг минь” хэмээн Жамухын зүг мөөрөн мөөрөн, шороо сацан сацан байнам.  Мухар ухаа үхэр их гэр тэргийг дээр өргөж, Тэмүжиний хойноос мөөрөн, мөөрөн явахдаа тэнгэр газар эетэлдэж,Тэмүжинийг улсын эзэн болтугай” гэж  байна гэж хэлдэг.  Тэмүүжин төд удалгүй хаан болж амласан ёсоороо улс орноо байгуулж, Хорчийг хорь түмэдийн том нутгийг эзэмшүүлдэг. Одоогийн хэлээр бол амбан захирагчаар тавьдаг. Тодорхой газар эзэмшүүлээд Чингис хаанаас томилгоо авсан засаг дарга гэсэн үг. Тэндээсээ гучин гоо бүсгүйгээ ч авч. Ийм нөхцөлтэйгээр яриа хэлэлцээр нь хэрэгжиж байсан байгаа биз. Бүх монголын түүх ийм л замаар явж ирсэн. Өөрөөр хэлбэл түшмэдүүдийг бэлтгэх замаар явж ирсэн. Итгэсэн сайн түшмэдүүдээ төрийн албанд тавьж, тэрэндээ түшиж ажиллаж байсан ийм л түүх. 

-1921 оны хувьсгалаар хуучин Чингис хааны төрт улсын эрх зүйн тогтолцоо бүрэн өөрчлөгджээ гэж үздэг. Төрийн тогтолцооны хувьд ямар өөрчлөлт гарсан юм бэ?

-1921 онд  манай улсад гарч ирсэн зүйл чинь үнэн хэрэг дээрээ Тэмүжингийн үеийн эрх зүйн тогтолцоо бол өөрчлөгдсөн. Тэгэхдээ 100 хувь  өөрчлөгдсөн гэж хэлж болохгүй. Тэр үеийн Тэмүжингийн монголын биш дэлхийн тогтолцоо юу байв гэхээр манайхаар бол тэнгэрийн бошгоор буюу эзэн хааны удам судартай хүн хаанаар  тавигддаг. Хятадын Хуанди ч гэсэн нарны гэрэл цацруулсан, бурхны хүү,   гэдэг шүү дээ. Хааны удам угсааны тухай “Монголын нууц  товчоо”-нд гардаг биз дээ. Хамгийн сүүлд учрыг нь мэднээ. Эд нар бол жирийн хүмүүс биш нарны гэрэл сарны гэрлээр миний хэвлийд гэрэл шингэж  бий болсон удам угсаатай хүмүүс  гэсэн уламжлалт яриа бий. Үүнийг чинь манайхаар тэнгэрийн бошгоор гэж тайлбарладаг. 1921 оны хувьсгалаар тэнгэрийн эрх, бурхны эрх гэхээсээ илүүтэй, ард түмний эрх, ард түмнээ сонгож байгуулдаг засаг  тогтоох гээд байгаа зүйл шүү дээ. 1924 онд үндсэн хуулиа батлагдаад ирэхээр бүх сонгуулийн тогтолцоогоо ван гүнгүүдийнхээ эрхүүдийг хязгаарлаад сонгож байгуулсан буюу ард түмний эрхийн тогтолцоон дээр тулгуурласан анхны түшмэдийн тогтолцоог  гаргаж ирсэн түүхтэй. Удам угсаа хардаг биш, улсад хэрэг болох эрдэм чадалтай, ном эрдэмтэй хүмүүсийг бэлтгэж гаргадаг. Эдгээр эрдэм мэдлэгтэй хүмүүсийг манай сургууль бэлтгэн гаргаад хагас зуун жил болжээ.Тэгэхдээ ямар улс байгуулах вэ гэдэг бодлого бол улс төрөөс шалтгаалдаг зүйл. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны тогтолцоо улс төрөөсөө л  хамаарна. Манай улс төрийн орчин улсаа яаж байгуулах вэ гэдэг дээрээ 1921 оны ардын хувьсгал ялсан  ч хэмжээт засагтай хаант улс байгуулнаа гэж үзэж. Тэгэхээр тэр чинь санаанаасаа зохиогоод авчихаж байгаа зүйл биш шүү дээ. 

-1921 оны хувьсгалчид” хэмжээт засагтай  хаант улс байгуулна” гэсэн бодолтой байж. Гэвч тухайн үеийн улс төрийн зүтгэлтнүүд чухам яагаад энэ үзлээсээ ухрах болсон юм бол?

-Үүнд  1924 оноос авхуулаад Оросын нөлөө, коминтерний үзэл бодол давамгайлсан учир манайх хаантай байж чадаагүй. Ард түмнээсээ сонгогдоод байгуулдаг ийм засаг төрийн тогтолцоог байгуулж байна. Харин тэр үеийн түшмэдүүдийн хийж эхэлсэн шинэлэг зүйл  нь гэвэл  1924 оноос авхуулаад манай сургууль байгуулагдсан.Тэгээд удаа ч үгүй байж  байтал нөгөө нэг монголын онцлогтой, ардчилсан үндсэн хуультай тогтолцоо байх гэсэн чинь  хэтэрхий яаравчилж зүүний бодлого гарч ирээд л коммунизм, комитерны бодлого явуулаад л хамтрал комун байгуулна гээд унасан. Энэ нь  зөвлөлт засагтай адилхан нийгэм журмын тогтолцоонд орно гэсэн үг. Тэгээд л энэ бүхэн чинь удирдлагын тогтолцоо,  энэ  сургуулийн замд чинь нөлөөлөөд ирж байхгүй юу. Улс төр өөрөө өөрчлөгдөөд ирсэн. Ямар сайндаа 1932 онд  баруунтнууд засгийн эрхэнд гараад зүүнтнүүд нь ялагдаад ирсэн. Энэ үед намын сургуулийн хоёр оюутан хөдөө томилолт аваад явж л дээ. Тэр хоёр оюутан барууны сургуульд нь намын сургууль гэж байдаг юм болов уу, үгүй юм болов уу гэж санаа нь зовчихсон явж байсан гэдэг хөгжилтэй дурсамж байдаг юм. Ийм замаар социалист тогтолцооны үед яваад бодлого тодорхойлдог субъект нь нам болж байна. Тэгээд сургууль намын төв сургууль  гэдэг нэрээр 1992 он хүртэл явсан. Үнэн хэрэгтээ манай тогтолцоо чинь улс төр давамгайлах үүрэгтэй болсон. Институц нь нам байсан учраас. Намын төв хорооны дэргэдэх сургууль нэртэй. 1990 онд өөрчлөлт оруулаад 1992 онд үндсэн хуулиас өмнө   намын удирдан чиглүүлэх   үүрэг  гэдгийг  үндсэн хуулиасаа авчихсан юм. Төр нийгмийн академи,  төрийн дээд сургууль гэдэг нэртэй хэдэн сар яваад 1991 онд улсын бага хурлаас хуучин намын дээд сургуулийн уламжлалыг байхгүй болгосон.

-1991 онд улс төрийн эргэлт гарч байх үед та энэ сургуулийн захирлаар ажиллаж байжээ. Энэ талаар яривал?

-1990-ээд оны үе гэдэг бол маш сонирхолтой үе. Хуучин социалист нийгмийн тогтолцооноос салж, нийгмийн үнэт зүйлээ өөрчилсөн. Би үүнийг хувьдаа “эрхэмж” гэж хэлдэг юм.  “Эрхэмж” гэдэг зүйл чинь үнэн  зөв мэдлэг дээр тулгуурласан тэр үзэл бодол тухайн хүний итгэл үнэмшил болчихож байгаа зүйлийг л “ үнэт зүйл” гэж хэлж байгаа юм. Тухайн үед би хэдий залуу багш байсан ч сургуулийнхаа декан болчихсон байжээ. Үнэт зүйл гэдэг бол “үнэ” гэсэн язгуур үгнээс үүсэж байгаа үг. Ямар нэгэн юм үнэтэй, өртөг ихтэй, тэр л үнэт зүйл болоод байна гэж үзэх юм бол өнөөдрийн ярьдаг “үнэт зүйл”-ийг илэрхийлж чадахгүй. Энэ бол материаллаг зүйл учраас. Гэтэл “үнэт зүйл” юунаас гарч ирэх вэ гэхээр үнэн бодит мэдээллээс тулгуурлана.  Үнэний төрсөн дүү нь зөв юм. Зөв юм чинь хүний итгэл үнэмшил болж байвал сайн болно. Социалист үзэл бодол чинь үнэн зөв гэдэг нь эргэлзээнд ороод,  зөв биш буруу тийшээ хандаад байна гэдэг нь тодорхой болсон. Ямар нийгмээр явах вэ гэхээр дэлхий нийтээрээ явж байгаа нийгмийн тогтолцоо бол зах зээлийн тогтолцоо, намын тогтолцоо, олон ургальч үзлийн тогтолцоо, хүний үндсэн эрх үүргүүдийг хүлээн зөвшөөрснөөрөө чухал юм байна гэсэн үзэл ороод ирэхээр “үнэт зүйл” маань өөрчлөгдөж эхэлсэн. Энэ үе бол намын нэрээр биш улс төрийн нэрээрээ гишүүдийн тогтолцоо  байгуулагдаж эхэлсэн үе. 1992 оноос хойш 32 жил болсон байна . Ийм түүхтэй сургууль байгаа юм. Түшмэд гэдэг зүйл байхгүй бол улс орон гэж юм байхгүй. Өөрөөр хэлбэл төрийн албаны тогтолцоонд ажилладаг хүмүүсийг л энд бэлтгэж байгаа зүйл шүү дээ. Нэг талаасаа улс төрөөсөө нэг хамаарна. Нөгөө талаасаа  төрийн захиргаа гэдэг бол өдөр тутмынхаа ажилд улс төрөөсөө хамаарахаа болиод түшмэдүүд нь  мэргэжлийн болоод хувирчихдаг. Мэргэжлийн ажил гэж хэлдгийн учир юу вэ гэхээр хүний бие муудахад хүнийг мэргэшсэн хүн л эмчилнэ биз дээ. Багшийн мэргэжлээр эзэмшсэн хүн л хичээл заана. Тэрэнтэй адилхан түшмэл гэдэг мэргэжлийн ажил болчихож байгаа юм. Мэргэжил гэхээр чухам юу юм бэ гэхээр нэгэн төрлийн дахин давтагддаг ажлыг хэнээс ч үл хамаараад мэргэжлийнхээ дагуу хийдэг ажил.Түшмэдүүд бол хамгийн доод эрэмбийн дэсийн түшмэл, туслах түшмэлээс авхуулаад л нарийн бичгийн дарга хүртэл тэр өндөр эрэмбийн өөр өөрийн эрхэлдэг ажил. 

-Төрийн түшмэл  хүний  нэн чухал  үүрэг нь юу байдаг вэ?

-Түшмэл гэдэг чинь одоо бий болж байгаа зүйл биш шүү дээ. Хаант улсын үед бичгийн түшмэдүүд гэж сонгодог бичдэг түшмэдүүд , шүүдэг түшмэдүүд гээд байсан. Тусдаа нэгдсэн төрийнхөө тогтолцоонд нэг хэсэг нь заргаа шүүнэ, нэг хэсэг нь бичгээ бичнэ. Нэг хэсэг нь түшээгийнхээ тогтолцоог явуулна. Нэг хэсэг нь татвар хураамжаа  бүрдүүлж төсөв санхүүгээ бүрдүүлнэ. Ийм тогтолцоо үеийн үед л байсан. Үүнгүйгээр төрийн алба болон түшмэдийн алба гэдэг төсөөлөгдөхгүй. Улс төрийн нам ялангуут нь ялсан намынхан гэдэг юм уу, цүнх баригчдаа авчраад түшмэлээ хийлгэх гэх юм бол нөгөөдүүл нь бичиж чадахгүй , татвараа хурааж дийлэхгүй. Замын хөдөлгөөнөө зохицуулж чадахгүй шиг л юм болно гэсэн үг. Энэ чинь дэлхийн түүхэнд маш их давтагдсан зүйл. Түшмэдүүд ийм  байнгын ажиллагаатай , насаараа томилогддог, сонгогддоггүй, өөрсдийнхөө олж авсан мэдлэг ур чадвар дээр тулгуурладаг. Түшмэдийн тогтолцоонд орохын тулд хүн төрөлхтөн мөн ч их замыг туулжээ. 

-Таны бодлоор  өнөөдрийн төрийн түшмэлүүд ажлаа сайн хийж чадаж байна уу. Түшмэлийн үүрэг сонгуулийн тогтолцооноос болоод өөрчлөгдөөд байна уу?

-Үүний өмнөх тогтолцоо нь сонгууль боллоо,  ялсан намынхан хүрч ирээд нураадаг, тогтолцоог эвдэлж хаядаг ийм тогтолцоо байсан.  Ерөөсөө ялсан нам эвдэх эрхтэй. Америкчууд бол тэгж явж ирсэн улс шүү дээ. Ингээд ирэхээр мэргэжлийн үндсэн ажил гэж байхгүй. Нөгөөх л ялалтаас ялалтын хооронд гэдэг хоромхон хугацаанд аль болох ашиг олох зорилгын үүднээс л авилгалд автагдаад өнгөрдөг.  Энэ нь төвийг сахисан, даргадаа үнэнч, томилсон хүндээ үнэнч, намдаа үнэнч түшмэдүүдийг бий болгосон байхгүй юу. Болохгүй байна, одоогийн түшмэдүүд . Миний саяхан гаргасан “ Төрийн захиргаа” номонд төрийн албанд ороолон орохоос сэргийлэх тухай гэсэн нэг хэсэг байгаа. Өөрөөр хэлбэл төрийн албанд ямар нэгэн байдлаар орчихсон, шударга үнэнч, мэргэшсэн хүмүүс байж байна уу. Үүний хажуугаар ороолон чөтгөр орогноод байх боломж байна уу гэсэн үг.  Германы том эрдэмтэн хэлсэн байдаг.  Тэр юу гэж хэлсэн бэ гэхээр түшмэдүүд төрийн түшмэдэд тавигддаг чухал зарчмын дагуу томилогдчих юм бол төрийн албанд хэзээ ч чөтгөр орогнох зай гарахгүй гэж. Түшмэл хүн сонгогддоггүй, мэргэжлээрээ томилогддог ёс суртахууны шаардлагуудыг бий болгох ёстой. Үнэндээ одоо ороолон оргонох зай их байна. Яагаад гэвэл төрийн албандаа танил тал хардаг, дүрэм журмаар орох ёстой тодорхой шаардлагуудыг хангадаггүй, цүнх барьдаг нөхдүүдээ шургуулдаг явдал одоо болтол байгаад байна шүү дээ. Тэд бол жинхэнэ төрийн албан хаагч биш, эзэндээ үйлчилдэг буг орж ирж байна гэсэн үг л дээ. Мэдлэг чадвар нь хүрэхгүй, ёс суртахуун нь тэнцэхгүй хүмүүс их байна. Намын ивээлээр орж ирж, тал тохой татан явж байгаа ийм юмнууд чинь сонгодог төрийн албанд бол ёс бус нөхдүүд шүү дээ.Төрийн түшмэл болох хүнээ буруу сонгож байснаасаа болж Юань гүрэн балран доройтсон гашуун түүх бидэнд бий . Энэ бол Тогоонтөмөр хааны үед болсон зүйл шүү дээ.

-Тогоонтөмөр хааны гэмшилд  “Ухаж өгүүлсэн Чинсангийн үгийг эс тоосон хор минь, Урваж одох Жүгэ ноёныг итгэн сэтгэсэн мунхаг минь” гэж  шүлэглэсэн байдаг. Харь нутгийн түшмэлийн үгэнд орж хамаг бүхнээсээ хагацлаа гэсэн санааг илтгэж байгаа хэрэг байх ?

-Тиймээ 1351 оноос хятадад дэгдсэн улаан алчууртны бослого зэрэг олон зүйлтэй холбож тайлбарлаж болох боловч манай сурвалж бичгүүдэд төрийн ариун албанд харь үндэстний гаралтай, итгэл үл даах хүмүүнийг түшмэл болгон ажиллуулж байсантай холбоотой хэмээн бичсэн байдаг. Энэ талаар Саган Сэцэний Эрдэнийн товч, Жамбын Асрагч нэртийн түүх, Галданы Эрдэнийн Эрхи зэрэгт дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тиймээс гашуун түүхээсээ ч сургамж авч төрийн алба, түшмэдийн тогтолцоонд “ Ороолон” орогнох боломжийг хаах, орж ирэх нүх сүвийг бөглөх, албан тушаалтан, түшмэдэд тавих шалгуурыг нарийсгах, эрхзүйн орчны сайжруулалт, хараа хяналт тавих ажил тасралтгүй хийгдэж байх учиртай.  Түшмэдийн албанд захирах, захирагдах ёс гэж байна. Эрэмбэ гэсэн үг. Түшмэл хүн юу хийх ёстой вэ гэдгийг хуульчлаад  өгчихсөн байдаг. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав