Сэтгүүлч, зохиолч Р.Оюунжаргал “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номоо анх удаа малай хэлээр хэвлүүлж, Малайзын уншигчдын хүртээл болгожээ.
Тэрбээр Малайзын Куала Лумпур хотод болсон “Куала Лумпурын олон улсын номын баяр”-ын үеэр номынхоо нээлтийг хийсэн байна. Номын гол баатар нь моринд хайртай Оюу охин бөгөөд зохиолч, сэтгүүлч Р.Оюунжаргал уг номыг англи хэл рүү хөрвүүлсэн орчуулагч Ц.Дөлгөөн, “Либро Сувд” агентлагийн үүсгэн байгуулагч Б.Сувд нар Куала Лумпур хотод болсон Номын нээлтэд оролцсон байна.
Куала Лумпурын Олон улсын номын баяр нь 1981 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн, улсдаа төдийгүй Зүүн Өмнөд Азийн бүсдээ хамгийн том номын баярт тооцогддог бөгөөд 2024 онд гэхэд 10 өдрийн турш болж 1.8 сая хүн оролцсон аж.
Монгол Улсын хувьд 35 дахь удаагийн Номын баяраас эхлэн зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ - аас гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулсан “Нөхөрлөлийн хөтөлбөр” хэрэгжүүлэн гадны хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлж, монгол зохиолчийн ном дэлхийн уншигчидтай уулзах үүдийг нээх анхны алхмаа хийж байв. Монголын номын баяруудад Тайланд, Унгар, Солонгос, Казахстан, Турк зэрэг улсын хэвлэлийн газар, утга зохиолын агентлагууд урилгаар оролцож, Монголын хэвлэн нийтлэгчидтэй уулзалт хийж, монгол зохиолчид өөрсдийн бүтээлийг гадаадын хэвлэлийн газруудад санал болгох, номын эрх худалдан авах боломжийг бүрдүүлж өгсөн нь чамлахааргүй үр дүнд хүрсэн юм.
Удалгүй “Номын соёлт ертөнц” ТББ дэргэдээ “Либро Сувд” агентлаг байгуулан гадны улс орнуудын томоохон номын яармагуудад оролцож, шинэ цагийн монгол зохиолчдыг төлөөлөн гадны хэвлэлийн газар, агентлагуудтай хамтран ажиллаж монгол зохиол бүтээлийг дэлхийд таниулах ажлыг хийж байгаа. Энэхүү ажлын үр дүнгийн нэгэн илэрхийлэл нь зохиогч Р.Оюунжаргалын “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” ном юм.
Нээлтээ хийсэн өдөртөө “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” ном Малайзын “Biblio” номын дэлгүүрийн хамгийн өндөр борлуулалттай ном буюу “Daily Best Seller” жагсаалтын гуравдугаарт бичигджээ.