Төрийн тодорхой туслалцаа дэмжлэггүйгээр, өөрийн хүч чармайлтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт харьяалагдах Монгол Улсын иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг олгож эхэлсэн.
Энэ хүрээнд Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдын үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламжийг өнөөдөр гардууллаа.
Өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элч өргөмжлөлийг өмнө нь АНУ-ын Дейтоны Их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Шарамжамцын Энхийн-Од, Хүннү рок “The Hu” хамтлаг, Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ганбаатарын Ариунбаатар нарт хүртээж байсан юм.