Ирэх сарын 1 – ний өдөр тоглогдох, “Орфей” театрын ээлжит уран бүтээл болох “Амьдрахуй” драмын жүжгийн “Сумангийн дарга”-ын дүрийг бүтээж байгаа жүжигчин Б.Оюунбаатартай ярилцлаа. Урлагаас өөр дурлах зүйлгүй түүний ярилцлагыг хүлээн авна уу.
-Хоёулаа аравдугаар сарын 1-нд тайзнаа тоглогдох “Амьдрахуй” драмын жүжигт таны бүтээж буй сумангийн даргын дүрээс яриагаа эхлэх үү?
-Тэгэе ээ. Энэ жүжиг дээр Фу Гүй нэг л удаа тосгоноосоо гарч явдаг. Дайнд дөрвөн жил хүчээр дайчлагдсан хугацаандаа амьдралыг янз бүрээр ухаарч, мэдэрч, үнэ цэнийг нь ойлгодог. Харин түүний эхнэр Жиа Жэн тариан талбайд ажиллан хоёр хүүхэдтэйгээ эр нөхрөө хүлээсээр буй нь үзэгчдэд том итгэл өгөх сцена гэж бодож байгаа. Жиа Жэн хөрөнгө мөнгөтэй аавыгаа дагаад төрсөн гэр рүүгээ явчихаж болно. Гэтэл тэр эмэгтэй нөхрөө хүлээн хүнд хэцүү бүхнийг даван туулж байгаа ганц шалтгаан нь “хайр” шүү дээ. Дүр бүр өөрийн тэвчээрийн цэгийг харуулсан ийм л дайны үед сумангийн дарга гарч ирнэ. Цэргийн албан тушаалтнууд, найз нөхөд гээд олон дүрийг нэгтгэж тус дүрийг бий болгосон. Жүжгийн төсгөлд Цун Шен гээд цэрэгт танилцсан найз нь гарч ирдэг хэсэг бий. Тэр хоёр хүний уулзсаны баталгаа, дайны нөхцөл байдлыг илэрхийлсэн сумангийн даргын дүр дээр өөрийнхөө хэмжээнд ажиллаж байна.
-Дүр бүр өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Таны ажиллаж байгаа сумангийн даргын дүрийн онцлог нь юу вэ?
-Мэдээж цэргийн хүн гэдэг шууд утгаараа бусад дүрээс ялгаатай. Мөн дайны нөхцөл байдалд байгаа гэдгээрээ ч онцлог. Найруулагч маань хэлэхдээ “Энэ цэргийн даргын текст Фу Гүйгийн амьдралд маш том нөлөө үзүүлсэн шүү” гэсэн. Сумангийн даргын зарим текстүүдийн урд нь нэг монолог явдаг юм. Магадгүй энэ нь үзэгчидэд арай өөр зүйлийг мэдрүүлэх юм болов уу гэж ярьсан.
- Дүр дээр ажиллахад бэрхшээлтэй зүйл гарч ирж байна уу?
-Мэдээж дотоод мэдрэмжээс гадна бие ажиллана. Бие махбодын хувьд бусад дүрээс илүү хурц, хүчтэй хэлэмжтэй байх буюу форм сайтай байх ёстой. Дайн тулаанд орж байгаа шүү дээ. Тиймээс жишээ нь, турах гэх мэт наад захын шаардлагын асуудлаас л эхэлж байна даа.
-“Амьдрахуй” жүжиг бэлтгэлийн хувьд ямархуу хэмжээнд явж байна вэ?
-Зохиолын ажиллагаа бол явагдаад нэлээн удаж байгаа юм билээ. Өнгөрсөн гурван сараас эхэлсэн бололтой байсан. Мэдээж тэрхүү туужийг судална, жүжгийн зохиол болгон задалж бичнэ гэдэг цаг хугацаа шаардана. Зохиолын лабораторын ажиллагаа их удаан явсан. Түүний дараа бид нар найман сард цуглаад, ширээний уншлага, дүрийн задаргаа хийгээд одоогоор дөрөвдүгээр өрөлт дээр явж байна. Өрөлтөөс тайз руу шилжинэ дээ.
-Ер нь Оюунбаатар, сумангийн даргатай бодит амьдрал дээрээ хэр адилхан хүн бэ?
-Аливаа хүний дотор хар, цагаан хоёр хамт оршиж байдаг. Зөвхөн нэг нь оршвол хүн байх хэцүү шүү дээ. Тиймээс адилхан чанар ч бий, тэс өөр зан араншин ч байгаа. Аль ч дүрд орсон адилхан. Дүр, жүжигчин хоёр хоорондоо адилхан байх нь давуу талтай ч гэсэн үүнээс илүү ажиллагаа, судалгаа, мэдрэмж, ойлгох чадвар чухал. Магадгүй надад эдгээр чадваруудаас хоёр, гурав нь байхгүй байж болно. Би үүнийг үгүйсгэхгүй ээ.
-Өөрт оногдсон дүр дээрээ хэр судалгаа хийж байна вэ?
-Минийх нэг үзэгдлийн эхний хэсэг дээр гардаг. Бусад дүрүүдээ бодвол текст, үүрэг багатай. Гэхдээ дүр хэзээ ч жижиг байдаггүй. Найруулагчийн зааварчилгааг л хүлээж байна даа. Жүжигчин болгоны ажиллагаа өөр, өөр байдаг учраас зарим найруулагчид жүжигчнийг тоглуулж, өөрийнх нь олсон зүйл дээр өөрийнхөө тавилтыг тавьж, өрдөг. Зарим жүжигчид бол багийнхандаа өөрийн саналаа тавьж зөвшөөрүүлдэг. Маш олон төрлийн ажиллагаанууд бий. Найруулагч нь хэлж өгөөд, текстээ цээжлээд гарчихдаг гэж зарим хүмүүс боддог шиг байна билээ. Тайз бол тухайн жүжигчний тархи, зүрхийг зэрэг ажиллуулдаг газар. Тэр хэмжээгээрээ багагүй хөдөлмөр шаарддаг. Ерөнхийдөө олон жил тайзнаас хол байсан болоод ч тэр үү, надад бусад жүжигчдээсээ сурах зүйл их байна. Хуучин бүхнээ эргэн санах, дахин өөрийгөө сорих амттай сорилт гарч ирсэн. Ийм үед бусад жүжигчдээ их ажигладаг. Яаж дүрдээ орж, түүн дээрээ ажиллаж байна гээд л... Сумангийн даргын дүр дээр хамгийн энгийн ажиллагааг нэн тэргүүнд баримталж байна даа. Маш их сурах зүйл байгаа ч гэсэн жаргалтай байна аа. Энэ л надад чухал.
-Та өмнө нь “1984” жүжигт тоглосон багагүй туршлагатай. Энэ тухай яриач?
-Юун түрүүнд хэлэхэд надад тийм зузаан туршлага байхгүй. Зүгээр л туршлага хуримтлуулаад явж байна. Өмнө нь “Хувьсал” прадокшинд дөрвөн жил жүжигчнээр ажиллаж байсан. Оюутан байхаасаа эхлээд тайзны арын ажил, туслах, гол дүрд мөн л өөрийн хэмжээнд ажилласан. Үүнээс хойш арван жил тайзан дээр гаралгүй явж байгаад “1984” жүжгийн багт орч, Ноён Парсонсын дүр дээр ажиллах завшаан тохиолдсон. Энэ дүр бол постдрам гэдэг утгаараа тайз, гэрэл, найруулгын хувьд ч гэсэн олон шинэлэг зүйлтэй байсан. Ийм том романаас авсан бүтээлд өөрийгөө сориод, чадварлаг жүжигчидтэй хамтран ажилласан даа үнэхээр баяртай байдаг. Миний амьдралын бас нэгэн жаргалтай үеүдийн нэг.
-Ноён Парсонсын дүрийн онцлог нь юу вэ?
-Тухайн жүжигт гарч байгаа нийгмийн хамгийн тод томруун дүр гэж хэлж болно. Ихэнх дүрүүд аман дээрээ “нам” гэж ярьж байгаа боловч давхар бодол тээдэг шүү дээ. Харин ноён Парсонс давхар бодол тээлгүй тухайн нийгмийн эд эс нь болсноороо онцлогтой. Нийгэм хүнийг хэрхэн хувиргадаг вэ гэдэг нь Парсонсын гэр бүлээр тодорхойлогддог. Түүний эхнэр, хоёр охин бол яг намын эд эс, эрэг шураг нь болсон хамгийн доод түвшний ажилтан. Тэр бол найруулагчийн тавилт, жүжигчдийн хоорондын харилцаан дээр илрэн гарч ирдэг. Ийм л дүр дээ.
-Тухайн дүрийг үзэгчдэд гүн үлдээхийн тулд оногдсон дүрдээ хэр орох шаардлагатай вэ?
-Би өөрөө мундаг жүжигчин хүн биш л дээ. Бүх зүйлийг шинээр эхэлж, суралцаад явж байгаа. Энэ асуултад хариулахад бол яг бүрэн орно гэдэг хэцүү. Шууд тухайн дүрдээ зуун хувь хувирах жүжигчин ч ховор байх. Зүрх, энэ зүрх маш их ажиллах ёстой. Үүнээс гадна тархи асар их ачаалалтай байна. Тархи бол тайзан дээр хянах үүргийг гүйцэтгэнэ. Мэдээж дүрийг гаргахад найруулагчийн ажиллагаа, чиглүүлэгийг мартаж болохгүй. Энэ бол маш чухал. Ширээний уншлага хийгээд босоод ажиллаж байх энэ хугацаанд дүрдээ ямар ч түвшинд, хэдэн ч удаа орж болно. Болж байгаа, хүлээн зөвшөөрөгдсөн жижигхэн тэр хэсгүүдээ сугалж аваад ерөнхийдөө нэг жагсаалт гаргачихна. Ажиллагааны хувьд байшин босгоно гэсэн үг. Тэр байшингаа тайзан дээр гараад механикаар үйлдэнэ, зарим хэсэг дээр өөрөө амьдрах ёстой гэх мэт. Их ярвигтай. Заримдаа архитектурын бүтээл босгож байгаа ч юм шиг санагддаг. Дүрдээ бүрэн орох нь жаахан халгаатай ч байж магадгүй.
-“Амьдрахуй” гэдэг жүжиг яагаад монголд тоглогдох ёстой юм бэ?
-Хүн хэт механикжаад нийгмийн харилцаанд ороод ирэхээрээ амьдралын хурд хэлбэр нь өөрөө айдастай болчихдог. Жаахан амралт авбал алдах, өлсөх, дутах, хоцрох мэдрэмжүүдэд хүлэгдчих юм шиг санагддаг. Уурлах, гомдох, сэтгэл санаа шалтгаангүй тавгүйтэх гээд яриад байвал маш олон шалтгаан байна. Нийгмийн шилжилтийн үе нь өөрөө хүнийг хүн биш болгодог байх. Би одоо дээшээ, доошоо үхэн хатан гүйгээд байдаг. Заримдаа хүн залхдаг. Ийм залхмаар нөхцөл байдалдаа арай удаа юу, энэ нөхцөл байдал биш шүү гэдгийг сануулах, сэрээх ёстой сэрүүлэг нь энэ жүжиг байж болох юм аа гэж үзэгчдэд санал болгож байгаа юм.
-Анх зохиолоо уншихад ямар сэтгэдэл төрж байсан бэ?
- Хоёр орой дараалж уншсан. Уншиж дуусчихаад жаахан бодолд автсан даа. Нээрэн би чинь асар үнэ цэнтэй амьдраад байгаа юм байна шүү дээ. Эхнэр, хүүхдүүдээ унтаж байхад нь хараад амьд байхын далд утгыг бодож хэдэн хором боллоо. “Амьдрахуй”-г уншаад л учиргүй ухаараад маргааш өглөө нь өөр хүн болно гэдэг бол худлаа. Гэхдээ амьдралаа, өөрийгөө, алдаа оноогоо эргэцүүлж бодно гэдэг чинь амралт шүү дээ. Бид хэтэрхий завгүй байдаг учраас ийм хормыг өөртөө ч гаргаж чаддаггүй. Тэгэхээр яаж өөрийн оршихуйгаа мэдрэх юм. Амьд, амьдрах ёстой гэдгээ мэдэрнэ гэдэг өөрөө амар амгалан. Тиймээс бид жүжгээ та бүхэнд санал болгож байна. Үзээд юу ч ойлгож, мэдэрч болно. Энэ бол нээлттэй.
Хүн үр хүүхэдтэй болоод ирэхээрээ өөрийгөө их голж эхэлдэг. Эцэг хүн талаасаа энэ зохиолыг уншаад “Би муу, муухай амьдраагүй юм байна” гэж бодсон. Гэр бүлийнхээ болон өөрийнхөө төлөө илүү их хичээх хэрэгтэй гэх урам зоригийг ч авсан. Одоо хүртэл бодогдож, санагдаж, мэдрэгдэж байна. Үгээр хэлэхэд үнэхээр хэцүү юм.
-Амьдрахуй”-г залуу үеийнхэн уншаад энүүхэн энэ хоёрын хооронд амьдрах хэрэг байна уу гэж их бодсон гэдэг.
-Энүүхэн амьдралын нугачаа хооронд амьдарсан шиг аж төрөхгүй бол яасан ч богинохон цаг хугацаа юм бэ гэдгийг мэдэрнэ. Мянган хүн үзээд, мянган өөр хариулт ч хэлж болно шүү дээ. Тухайн уншигч амьдралын аль үе дээрээ явж байгаагаас их юм шалтгаална. Асар их зовлонд унасан хүн урам зориг авч байхад хамгийн жаргалтай яваа хүн шүүмжилж болно. Бүх юм харьцангуй байдаг.
-Таныхаар тайзны урлаг гэж юу вэ?
-Ажил мэргэжил, үг үйлдэл бүхэн амьдралд хэдэн мянган хувилбартай байдаг. Түүний нэг хувилбар нь тайзан дээр гарч байгаа жүжигчний амьдрал л даа. Миний хувьд “дурлачихсан”. Юу ч мэдэхгүй байх үеэс эхлээд тайзан дээр гарч үзэгчидтэй уулзах тэр мөч. Тэгээд “дурлачихсан” нөхцөлд бол үзэгчид намайг харж байхад алдаа хийчих вий дээ гэж бодохоосоо илүү би өөрөө өөртөө таалагдаж, тухайн дүр дээрээ ажилдаг. Мэдээж хүн бүр өөр л дөө. Арван жил тайзнаасаа завсарлаж, үзэгчид дунд суухад бас хэцүү л байдаг юм билээ. Хүн дурлачихсан зүйлээсээ гарч чадахгүй болоод ирэхэд юм, юм л буцална. Түрүүн хэлсэнчлэн би тийм мундаг, лаг жүжигчин биш. Гэхдээ тэрүүхэн тэр хугацаанд бол өөрөө өөртөө шатаж л байсан. Хэрвээ би энэ дүр дээр ажиллаж байсан бол “ингэнэ дээ” ч гэдэг юм уу. “Тамгагүй төр”-ийг оюутан байхдаа бараг дэрлэж унтдаг байсан. Үзэж байхад аман дотор давхар текст нь хэлэгдээд байдаг байлаа. Тэр болгонд бөмбөлзөөд доороос хатгаад ч байгаа юм шиг болоод ирдэг байсан. Энэ хугацаанд бас харамссан. Олны хэсэгт гүйгээд, хоёр текст хэлээд ч болтугай тайзан дээрээ гарсан бол. Гэтэл энэ их хугацааг үзэгч болоод өнгөрөөчихсөн байдаг. Дахин харамсахгүйн тулд өөрийгөө сорихоор шийдээд явж байна.
-Та яагаад урлагийн салбараас завсарлага авсан юм бэ?
- Тухайн үед театрын урлаг ид мандаж байгаад нэг хэсэг үзэгчид ховордсон юм. Эсрэгээрээ кино урлаг гарч ирсэн. Ингээд оюутан ахуй насанд учирч, хайрлаж, дурласан бүсгүй маань солонгос улс руу явсан. Удалгүй би араас нь очиж хамт сурсан. Амьдралын шаардлагаар сураад, ажиллаад, үр хүүхэдтэй болоод эргэж ирсэн юм. Эх орондоо эргэн ирж тохинохынхоо хажуугаар нь найруулагчийн багахан ажил хийсэн. 2024 оноос жүжигчнийхээ карьерт анхаарч эхэлсэн дээ.
-Сумангийн даргын дүр дээр ажиллахад бэрхшээлтэй зүйл байна уу?
-Мэдээж дотоод мэдрэмжээс гадна бие ажиллана. Бие махбодын хувьд бусад дүрээс илүү хурц, хүчтэй, хэлэмжтэй буюу форм сайтай байх ёстой. Дайн тулаанд орж байгаа шүү дээ. Турах гэх мэт наад захын асуудлаас өөртөө тавих шаардлага эхэлж байна даа.
-Танд гол дүрийн шунал гэж бий юу?
-Үгүй ээ. \инээв\ Одоохондоо алга. Хөндлөнгөөс харахад амархан л даа. Яг дотор нь ороод ажиллагаа хийгээд задлаад үзэхээр худлаа байдаг байхгүй юу. Дотоод сэтгээлдээ чадах юм шиг мэдрэвч бодит байдал дээр дүрдээ орж чадахгүй тохиол байдаг. Одоохондоо уран бүтээлч талын форм маань бэлэн болоогүй. Өөрөө өөрийгөө голж байна.