Уншигч та бүхнийг “Нийслэл хүүхэн” киноны Ажаа буюу МУГЖ А.Цэгмэдтэй уулзуулж байна. Залуу сайхан нас шиг ээ одоо ч цоглог, эрч хүчтэй гялалзаж яваа түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Нэг бүтээлд оролцох гэж байна. “Хэлгүй жим” киноны хоёрдугаар ангид  тоглох санал авсан.

-Залуучууд таныг “Нийслэл хүүхэн” киноны Ажаагийн дүрээр их таньдаг болсон байна.

-Яах вэ хөөрхий, нийслэл хүүхэн кинонд Ажаагийн дүр дээр ажилласан. Хошин урлагийнхны тоглолтын хурд их ондоо юм билээ. Тэд нар олон жил ард түмэнд инээд бэлэглэсэн болохоор юмыг хурдан тогтоодог, өөрсдийнхөө дүр, өнгө аяст овсгоотой хурдан шилжээд сурчихсан. Би тэд нарт чирэгдсэн шүү. Тэд нараасаа их юм сурсан. Ажаа гэдэг дүр тэд нарын хүчинд ч юм уу, зохиол нь сайн болсон болохоороо ч тэр юм уу... Би эмгэн ээжийгээ их бодсон доо. Энэ миний эмгэн ээжтэй яасан ч төстэй дүр вэ гээд л... Тэр дүр жоохон гайгүй болсон юм байлгүй дээ. Одоо гудамжинд тааралдахаараа “Ажаа, Ажаа” гээд байдаг юм.

-Та их даруухан хүн үү?

-Даруухан аа хат даа. Би саяхан саваагүйтээд... Нэг бөхийн засуулыг сошиалд “Яасан даруу биш юм” гээд бичсэн чинь доор нь “Тан шиг уу” гээд ороод ирдэг байгаа. Тэрийг уншаад цочсон шүү. Хүмүүс намайг ингэж хардаг байх нь ээ гэж бодсон. Дахиад нэг зүйлийг эргэцүүлэн бодох нөхцөл байдал үүссэн дээ. Хөгширсөн ч гэсэн суралцах юм  их байна даа.

-Та юу гэж хариулсан бэ?

-Би алиалаад. “Магадгүй ээ.. Гэхдээ чам шиг...” гээд биччихсэн. \Инээв\

-Та яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Таны мөрөөдөл байсан уу?

-Би хэзээ ч жүжигчин болно гэж мөрөөдөж байгаагүй. Ялангуяа хөдөөгийн хүүхэд болохоор. 1958 онд Улаанбаатарт ирээд Нийслэлийн гуравдугаар сургуульд нэг жил сураад налайх руу шилжсэн. Их олон сургууль дамжсан даа. 14-р сургуульд аравдугаар ангиа төгсөх хүртэл  надад мэргэжил сонголтын тухай ямар ч ойлголт байгаагүй. Ерөнхийдөө эмч болбол хөгшин ээж, өөрийнхөө ээж хоёрыг сайхан эмнэнэ дээ гэсэн бодолтой явсан. Гэвч анагаахын хуваарь олдоогүй. Биеийн Тамирын дээд сургуулийн хуваарь оногдсон. Энэ хуваарь дээрээ очилгүй Анагаах Ухааны их сургуульд очиж Биеийн Тамирын  дээдийн томилолтоор шалгалт өгөөд хөөгдөөд гарсан даа. Буцаад Биеийн Тамирын дээд дээрээ очтол миний оронд хүүхэд авчихсан байлаа. Ингээд юу, юу ч үгүй үлдэв ээ. Тэгтэл манай ангийн хүүхэд “Драмын театрт эмэгтэй хүүхэд элсүүлж байгаа. Чи очоод шалгаруултад ороод үз” гэж надад хэлсэн юм. Очиж шалгуулаад, тэнцлээ. Дагалдан жүжигчнээр гурван сар цалингүй ажилсан. Нэг өдөр дагалдан жүжигчин гэх орон тоон дээр цалинтай гэсэн даргын тушаал гарсан. Ингэж л жүжигчин болох гараа эхэлсэн дээ. 

-Таны киноны анхны дүр...                                                                      

- “Өндөр ээж" киноны нөгөө  жолооч залуу руу ширэв татдаг, машинаас нь гарч зугтаадаг эмч Сүрэнгийн дүр. 

“Мартагдсан дууль” дээр тоглосон Дэжидийн дүр минийх биш байсан юм. Би дүрээ сольсон. Их сонин түүхтэй тоглосон дүр л дээ. Хамгийн анх “Би тэр Унгартай л суудаг байж” гэж босож ирдэг улаан цамцтай эмэгтэйн дүрийг найруулагч надад оноосон байлаа. Би найруулагчид “Тогловол, тэр даруухан эмэгтэйн дүрд тоглоё” гэж хэллээ. Тэгсэн найруулагч “Чи дүр голдог хэн бэ, чамайг чадна гэж бодоод өгсөн дүр, өөр хүн олъё, яв” гэдэг байгаа. Би ч мөчөөгөө өгөхгүй явна гэж зүтгэв ээ. Тэр үед Дарханд зураг авалт болж байсан юм. “Вагоны билет аваад өг” гэж хэлсэн чинь аваад өгчихлөө.Би ч юм аа баглаад, яг явах нь ээ....

-Та явсан уу.  Гэхдээ та хүссэн дүрдээ тоглосон шүү дээ.

-Найруулагч энэ яг явах нь гэж бодсон юм уу, “Чи яасан шартай юм бэ” гэж байна. Би ч “Шар хүн шартай. Шарсан мах амттай гэдэг юм аа. Би угаасаа шар хүн” гэлээ. “За, за Вагоны билетийг чинь буцаачихлаа. Хүссэн дүрээ ав” гэсэн юм даа. Ингэж тоглосон дүр. Тэр даруу Дэжидийн дүрийн текст миний санаанаас ер гардаггүй.  “Мэдэхгүй ээ, амьдрал сайн болж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Өдрөөс өдөрт юмны үнэ өсөөд” гэдэг. Одоо ч гэсэн юмны үнэ өссөөр л байна шүү дээ. Гэтэл энэ кино 1986 онд бүтээгдсэн. Жүжигчин хүн өөрийн үндсэн зан чанарыг, өөрт байхгүй зан чанартай холих юм бол судлах, ажиллах зүйл их гарж ирдэг.

-Танд дүрээс татгалзах тохиолдол өөр гач байсан уу? 

-Өөр бол байгаагүй. Одоо бол шавь нарынхаа уран бүтээлд их оролцдог. Аль болох тэднийгээ дэмжиж ажиллахыг бодож байна даа. Асар их зардлаар кино бүтдэг. Хүн бүр мэднэ. Харин хийсэн кино бүхэн зардлаа нөхөж, ашиг олно гэдэг боломжгүй. Манай ахмад уран бүтээлчид сайн мэднэ. Монголд кино хийдэг том, том сайхан компаниуд байна. Тэд нар надаас “Та хэдээр тоглох вэ” гэж асуудаг. Би хэн болоод мөнгөний тоо заах билээ. Өөрсдөө мэд гэж хэлдэг. 

-Та эмэгтэй хүнийхээ хувьд хэр шуналтай вэ?

-Шунал гэдэг зүйл надад байхгүй. Муу хөгшин ээжээсээ ийм хүмүүжил авсан хүн дээ. Ямар сайндаа л эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана гэдгийн үлгэрээр орох вэ дээ. Би ерөөсөө тэр алт гэдэг зүйлийн үнэ цэнийг нь мэддэггүй юм. Москвад байхад хадам ээж алтан бөгж надад өгсөн юм. Тэр бөгжийг нь оймсон түрийтэй гутлаар сольж байсан хүн дээ. \Инээв\

-Танд авахыг хүсэж байсан ч өөрийн болгож чадаагүй дүр байгаа юу?

-АЖ, Л.Жамсранжав гэж агуу жүжигчинтэй партнер болж тоглох дүрд шалгуулаад тэнцээгүй. Тэр үед өөрийгөө их царай муутайгаар мэдэрч билээ. Би чинь хөдөөгийн хурга ишиг хариулсан зангаасаа бүрэн салж чадаагүй нөхөр явлаа. Гуравдугаар ангиа төгсөөд хотод анх ирж байсан юм. Ардын жүжигчин Н.Сувдтай хүүхдийн ордонд, бүжгийн дугуйланд хамт нэг сар явахад хотын хүүхдүүд ийм гоё царайтай байдаг юм байна шүү дээ гэж бодож байж билээ. Н.Сувдтайгаа танилцаж ч чадалгүй налайхын сургууль руу шилжсэн. 

Бас нэг киноноос мултарсан. Н.Сувдын тоглосон “Хань” гэдэг кино надаас пороб авсан. Сандал хадаад, гэр толгойлсон эмэгтэй ийм байдаг гэж хэлдэг дүрээс мултарсан. Одоо тэр киног үзэхээр их юм бодогддог доо.

-Таны тоглосон дүрүүдээс хүссэн хүлээлтэд таны хүрсэн дүр байдаг уу?

-Байхгүй. Би ямар ч дүрийг сэтгэлдээ хүртэл гаргасан гэж хэлж чадахгүй. Үүнийг үзэгчид дүгнэнэ. 

-Хамтарч ажиллахад хамгийн мэргэжлийн байсан жүжигчин хэн бэ?

-Бүгд. Ялангуяа драмын театрын алтан үеийн ахмадууд. 

-Тайзан дээр тоглосон дүрүүдээсээ аль дүрээ илүү нандигнадаг вэ?

-Бүгдийг нь. Бүгдэд нь хайртай. Надад оногдсон үгтэй ч бай, үггүй ч бай хамаагүй. Тухайн оногдсон дүр А.Цэгмид гэдэг хүний мөн чанар, сэтгэхүйн 50 хувийг авах гэж тосож байдаг. Тэр жүжгийн, тэр киноны дүрээ хүүхэд энхрийлж байгаа юм шиг хайрлана. Гол нь дүрийн судалгаа хийнэ. Ер нь жүжигчин хүний ажил, хүн харахад амархан юм шиг боловч чамгүй хүнд ажил. Нэгэнт энэ мэргэжлийг эзэмшсэн болохоор буцаад ухрах сэтгэл ч төрөхгүй. Энэ мэргэжилд төгсгөл гэж үгүй. Хийх ёстой юм аа хийж  байгаад л дуусна. 

-Танд амьдрал дээр ухаарал хайрлаж байсан дүрийнхээ талаар ярихгүй юу?

-Ухаарал хайрласан гэх нь ч юу юм. Хүүхэд залуучуудын театрт Ц.Нацагдоржийн “Сүүлчийн үдэлт” жүжгийн Энхбат гээд хүүгийн дүрд ажиллаж байхад тохиолдсон юм. Тэр жүжиг дээр миний дүүгийн дүрд тоглосон жүжигчин эмэгтэйн хэсэгт “Ямар ч хамаагүй эрэгтэй хүнийг аав аа гэж дуудаж үзэх юм сан. Аав аа, аав аа. Аав аа гэдэг чинь их гоё үг юм байна шүү дээ” гэдэг. Энэ хэсгийг харж, сонсоод одоогийнхоор бол “шок” авсан. Нээрээ л “аав аа” гэдэг чинь гоё үг шүү дээ.

 -Жүжигчин хүн дүрээ гаргахын тулд дотоод, гадаад зөрчил хэр тохиолддог вэ?

-Зөрчилдөнө гэдэг чинь дүртэйгээ эвлэлдэн нэгдэнэ гэсэн үг юм уу даа. Найруулагч надаас тодорхой хэмжээний зүйл хүсэж байгаа. Би түүнийг нь хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдгээ найруулагчтайгаа ярилцана. Эндээс зөрчилдөөн биш ойлголцол гарч ирнэ. Зөвшилцөж, ойлголцож байж сайн дүр гарна. Жүжигчин хүн бүр сэтгэл дотроо дотоод зөрчилтэй явдаг. 

-Театрын тайз, дэлгэцийн уран бүтээл хоёр юугаараа өөр вэ?

-Тэмээ ямаа, тэнгэр газар хоёр шиг өөр. Кинон дээр алдсан алдааг засах арга байхгүй. Театр гэдэг тэр том агуу тайз алдаагаа засах боломжийг жүжигчин хүнд олгодог. Өнөөдөр алдсан алдаагаа маргаашийн жүжиг дээр засаж болно. Маргааш өөр нэг алдаа гаргахад дараагийн тоглолт дээр засна. Тэр тайзан дээр, дүрдээ уусан тоглох бүрт улам боловсронгуй болдог. Би театрын тайзан дээр гаралгүй удсан. Театр бол агуу газар гэдгийг  УГЗ Б.Жаргалын найруулга, Жавзандуламын зохиол “Нүгэл сүсэлсэн хайр” хэмээх монодрам дээр дахин мэдэрсэн. Саяхан Хүүхэд залуучуудын театр албан ёсоор нээгдэж “Хайрыг хайрла” жүжгийн Дэжидийн дүрд намайг урьсан. Энэ жүжиг 40 жилийн өмнө тоглогдож байхад би Бурмаагийн дүрд дээр ажиллаж байсан. Тайз ямар агуу болохыг дахин, дахин мэдэрлээ. Бүх юм аа мартсан, зэвэрсэн гэдгээ ч мэдэрч, айсан. Намар дахин энэ жүжиг тоглогдоно. Алдсан алдаагаа засна даа. Тайз агуу мөртлөө харгис. 

-Жүжиг дуусах мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?

-Энэ их түгээмэл асуулт. Мэдрэмж гэдэг хормын зуурт мэдрэгдээд өнгөрдөг. Тэрийг хадгалаад явна гэж байхгүй шүү дээ. Би үнэн хариулах гэж оролдвол худалч хүн болно. 

-Танд гол дүрд тоглох шунал байсан уу?

-Байгаагүй. Би өнөөдрийг хүртэл Ромео Жульеттагын Жульеттад тоглоогүй. Анна Карениагийн Аннад ч тоглоогүй. Би харамсдаггүй. Цаашлах юм бол Анна шиг бүсгүй байж л хорвоог туул. Жульетта шиг хайр сэтгэлдээ үнэнч бүсгүйгээрээ хорвоог туул л даа. Энэ л надад сургамж. Би заавал тоглох албатай биш. Намайг сонгоогүй. Би сонгогдоогүй. 

-Залуучууддаа хэр их зөвлөгөө өгдөг вэ?

-Зөвлөх ч гэж дээ, харла. Нэг сайхан үг байдаг юм. Нэг хүн мянган зөвлөгөө өгсөн бол ганц нь чамд үлдвэл их юм гэдэг. Мянган зөвлөгөө мянган төгрөгийг орлодоггүй ээ гэж хууччуул ярьдаг. Өөрийнхөөрөө, байгаагаараа үлгэр дуурайлал үзүүл. Энэ л хамгийн сайн зөвлөгөө. Надаас асуувал, мэдээж би хариулна. 

Би эргэн тойронтойгоо үл нийцдэг. Сая чамд ярьсан л байх.  Хамгийн наад зах нь охид  эмэгтэйчүүдийн өдөр бүр нүүрээ будаад, орой бүр угаадаг дээр. Миний насан дээр очиход будах нүүр үлдэх үү. Хайрласандаа тэр шүү дээ. Энэ сайхан орги залуу насаараа байгаасай. Хүн эхээс төрсөн төрхөөрөө байхдаа хэчнээн хөөрхөн харагддаг гэж санана.

-Таныг хүмүүс хэр шүүмжилдэг вэ?  

-Жүжигчин хүний хувьд шүүмжийг хүлээж авна. Гэхдээ хүн өөрт байгаа муу дадлуудаа шүүн тунгааж баллуурддаг байгаасай. Сошиал гэдэг энэ ертөнцөд орсон цагаасаа би 70 гарсан энэ насан дээрээ асар их доромжлуулж байгаа. Ямар нэгэн сайтад ярилцлага өгсний төлөө. Ээжийнхээ хийж өгсөн хурган дотортой дээлтэй цагаан сарын ярилцлагад орсны төлөө янз бүрийн юманд өртсөн. “33 нялх хурга алаад дээл хийж өмссөн бузар авгай” гэж намайг доромжилж байсан. Энэ бол хэрээс хэтэрсэн. Би тэр үед “Яах гэж ярилцлага дээр сайхан юм ярьсан юм бэ. Сайхан юм ярьсныхаа төлөө яагаад ингэж доромжлуулж байх ёстой юм” гэж бодсон. Сошиал дээр аятайхан ганц зураг тавихад “Өөрийгөө сайхан харагдуулах гэж хичээсэн урлагийн солиотой эмгэн” гэдэг. Би энэ доромжлолд гомдоогүй. Яагаад гэвэл миний “хохь”. Би яах гэж тэр ярилцлагыг өгсөн юм. Би яах гэж тэр зургийг сошиал дээр тавьсан юм. Миний хохь.

-Та хүүхэд насныхаа тухай яриач?

-Мэдэхгүй юм даа. Хүүхэд насаа толинд харах биш. Дүрсгүй шар охин байсан юм гэнэ билээ. Хурга ишиг харахаараа барилдмаар санагдаад болж өгөхгүй. Нутгийн эрэгтэй хүүхдүүдтэй барилдана. Хүүхэд насандаа нэг айхтар сахилгагүйтсэн тохиолдол байдаг юм. Тухайн үед эм тан их ховор. Хөдөө өвөлжөөнд эмч болж тоглодог. “Доктор” гэдэг үг ид дэлгэрч байсан үе. Өвөлжөөнд тоглож байхдаа “За би одоо доктор болно. Чиний хаана өвчин байна. Би өвчнийг чинь авна” гэж найздаа хэллээ. Манай найз энд гээд гэдсээ заахад, тэр хэсгийг нь жоохон зүсчихсэн. Нөгөө хүүхэд чинь уйлаад гэртээ ороод “Цэгмээ, миний өвчнийг авч доктор болж тоглоод, ингэчихлээ” гээд гэдсээ заагаад хэлж л дээ. Тэгээд бөөн хэрэг мандаж, би ээждээ нэг ороолгуулж байсан юм. \Инээв\ 

Товчхондоо, миний хүүхэд нас адууны хомоол, үхрийн хоргол, байгалийн сайхан хадаар тоглож өнгөрсөн.

 -Ийм зантай хүний амьдрал адал явдал дүүрэн байдаг даа. 

-Адал явдал ч гэж юу байх вэ. \Инээв\ Би дөрвөн настай байхдаа архи ууж үзсэн. Согтож үзсэн. \Инээв\  Дараа нь хөгшин ээж минь “Ээ золиг, хэн нь ус гээд миний муу хүүд уулгасан юм бол доо” гэж билээ. Архи уусан мэдрэмж нь их сонин. Би их хорхой зүүдлээд... Дүүрэн хорхой миний биеэр гүйгээд байна гэж.... Их эвгүй. Тэр явдал хөгтэй мөртлөө, архи гэдэг зүйлээс хол байлгаж өгсөн юм шиг одоо санагддаг даа.

-Та хэр мөрөөдөмтгий вэ? 

-Мөрөөдөмтгий. Хүнийг мөрөөдөл, зорилго хоёр авч явдаг. Миний ээж Завхан аймгийн Улиастайн театрт “Учиртай гурван толгой” жүжгийн хооронд зогсож дуулдаг байсан. Яах вэ, олон жил бол болоогүй. Өөр ажил хийгээд Улаанбаатар луу явсан. Миний хөгшин ээж бол “Цомбон туурайтай хүрэн”, “Олом нь үгүй далай”, “Сийлэн бөөр” дуунуудыг  маш сайхан  дуулдаг хүн байсан. Тэр сайхан хоолойг хүүхэд байхаасаа сонсож өссөн. Энэ гурван дууг өөрөө чадан ядан аялан, клип хийе гэсэн бодол байна.

2007 онд “Сэтгэлийн чимэг” гэж шүлгийн түүврийг маань Б.Лхагвасүрэн гуай өлгийдөж гаргасан. Энэ номын дараа 70 нас хүрээд “Миний амьдралын хуудсууд” гэж номоо, сэтгүүлч охины тусламжтайгаар гаргасан. Одоо бодоход  нэрээ буруу өгсөн юм. Гурав дахь номоо 80 гараад гаргана гэсэн санаа байна. Биелүүлэх хүсэл байна. 

Өөрийгөө их чамлаж амьдарч байна даа. залуу насандаа их алдаа гаргаж амьдарч байж. Хүн гэмээ мэддэггүй. Тэмээ гэдгэрээ мэддэггүй гэдэг зүйр үг шиг.... Хүн бүхэнд байдаг зан чанар юм даа. Хүн өөрийнхөө гэмийг хэзээ ч мэддэггүй. Үүнийг л бодож өтөлж байна. 

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Уншиж дуусаагүй номоо уншина. Хүмүүс юу сонирхож байна тэрийг харна, анхаарна. Би юманд жаахан шүүмжлэлтэй ханддаг хүн. Тийм ч учраас талбай дээр жагсаал болоход гурав хоногийн дараа тэсэхгүй яваад очсон түүх байдаг юм. 

-Та ямар төрөл жанрын номд дуртай вэ?

-Саяхан би сэтгэл судлаач, лектор Б.Чилагийн “Арчаагүй зантайгаа алалц” гэдэг номыг уншиж дууслаа. Хүүхэд байхдаа “Инээмтгий хүн”, “Ноорхой жаал” “Тунгалаг тамир”, “Парисын дарь эхийн сүм” гэх мэтчилэн номуудыг уншиж байсан. Бидний үед ном гэдэг зүйл одоогийнхоор утасны хэрэглээ шиг л байлаа. Ном ч их ховор. Ном шилж уншина гэж байхгүй. Баруун зүүн гартаа тааралдсанаа уншина.

“Ялагсад” гэж дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн тухай ном миний ширээний ном болсон. Тэр эмэгтэйчүүд ямар хүнд амьдралаас дэлхийд шилдэг нь болж гарч ирснийг тунгаан боддог. Хааяа сөхөж харж, би өөрийнхөө өчүүхнийг байнга өөртөө хэлж байхын тулд ширээн дээрээ тавьсан.

-Эмэгтэй хүн ямар байгаасай гэж боддог вэ?

-Эмэгтэй хүн тийм, ийм байна гэсэн математикийн хатуу томьёо байхгүй. Эмэгтэй хүн, эмэгтэй хүн л байх ёстой.

-Таны бодлоор хайр гэж юу вэ?

-Хайр хүний амьдралд ганцхан тохиолдоно. Тэрийгээ тогтоож чадалгүй, алдсан бол... Хүн жинхэнэ хайраа сэтгэлийнхээ гүнд хадгалддаг. Энэ нь хүний хамгийн нандин нууц байдаг. Зарим хүн тэр нууцаа дэлгэдэг. Зарим хүмүүс тэр нууцдаа эргэлздэг. Ийм төөрөгдөлд эрэгтэй, эмэгтэй бүх хүн ордог. Зүрхэндээ хадгалсан сайхан бүхнээ хүн хэзээ ч муу талаас нь харж болохгүй. Хэрвээ жаахан л муу талаас нь харах юм бол тэр зүйлийн мөн чанар нь алдагдаад дуусна. Битгий өөл. Муухай бодлыг дахин битгий бод. Нэг харсан бол  дахиж битгий хар. 

-Г.Чулуунбат нэвтрүүлэгч таны хоёр хүүгийн эцэг, анхны эр хүн. Та эцсээ хүртэл тэр хүнийг хайрласан

-Тийм ээ, хайрласан. Хайрлахгүй байхын аргагүй хүн байсан. \Санаа алдав\

-Та дахин өөр хүнд хайртай болсон уу?

-Би нөхөртэй байж үзсэн. Болоо шүү дээ. Хүн олон хүнтэй үерхэж, найзалж болно. Хүнд хайртай хүн ганцхан байдаг. Хүн жинхэнэ хайрыг амьдралдаа ганцхан удаа мэдэрдэг юм. 

-Ер нь хүмүүсийн амьдралын хагацалд хохирогч гэж байдаг уу?  

-Байхгүй. Салж байгаа эхнэр нөхөр хоёр хоёулаа буруутай. Орхиод явж байгаа эр хүн, эр хүнийг тогтоож чадаагүй эм хүн бүгд буруутай. Хүн гэдэг их хөгийн амьтан. Хүн удах тусмаа уйдаж, мал удах тусмаа дасдаг. Ийм л хорвоо. Залуу охидууд хаягдчихлаа гээд уйлдаг. Хаягд... Амьдралтай тэмц. Өөрийгөө өөрчил. Бусдад сайн сайхныг түгээж, бусдаас сайн сайхныг хүртэж амьдар.

-Та хүний амьдралд тохиолддог бүх шалгуурыг даван туулсан эмэгтэй. Энэ хугацаанд юу танд давахын аргагүй хүнд бэрх санагдаж байв. 

-Энэ асуултыг миний шавь нар их асуудаг байсан. Ерөөсөө хоёр л зүйл байдаг юм. Гүтгүүлэх, амьдын хагацал хоёрыг даван туулахад бэрх.

-Таныг гомдоосон хүмүүсийг та уучилсан уу?   

-Уучилсан. Уучлахгүй бол уужим хорвоо давчидна биз дээ.

-Та юунд сэтгэл хангалуун явдаг вэ?

-Энэ их амьдралын он жилүүдэд би хэн нэгэн эмэгтэйн гуниг, зовлон дээр аз жаргал зохиогоогүй. Үүндээ би сэтгэл дотроо булингаргүй явдаг.

Ярилцсан | А.Даваадулам

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Даваадулам

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав