Эвсэл задарч, төрийн дээд түвшинд  эцэс төгсгөлгүй хэрүүл хэлцэл үүсээд чамгүй удлаа. Эрх баригч МАХН-тай өрсөлдөхөөр нэгдсэн гурван намын эвсэл олон түмнээс том  хэмжээний дэмжлэг авч парламент дахь хүчний харьцааг тэнцүүлсэн билээ. Мэдээж энэ бол маш том амжилт. Хэдийгээр “Эх орон –Ардчилал” эвслийг зөвхөн сонгуульд ялах гэсэн явцуу, ойрын эрх ашгийн төлөө механикаар нэгдэж байна хэмээн тухайн үеийн эрх баригчид шүүмжилж байсан ч ард олон түүнийг нь үл хэрэгсэн өөрсдийн хаан сонголтыг хийж орхисон. Тэднийг илтэд ийн гөжүүдэлж, баахан хэгжүүн сонголт хийн, өөрийн гэсэн өвөрмөц характераа үзүүлсэнд эрх баригчид үнэндээ маш хүнд цохилтонд орсон юм. Ард түмэн хэзээ, хэнээр төрөө бариулж, тугаа атгуулахаа өөрсдөө мэддэг гэдгээ манай эрэлхүү дээрэлхүү улстөрчдөд ингэж  айхтар мэдрүүлсэн.

Сүүлийн дөрвөн жилийн турш нэг нэг рүүгээ сум харвацгааж  түмэн олноо залхаасан хоёр том улс төрийн хүчин ийнхүү ард түмний зарлигаар эв найрын ширээнд сууж, эвлэрлийн халуун дулаан уур амьсгалын эхийг тавьцгаасан юм. Үүний үр дүнд удтал хэлэлцэн шүүж, нягт нямбай зөвшилцөн байж  “Их эвслийн засгийн газар”- ыг байгуулсан билээ. Энэ бол удаах том амжилт юм.

Ийнхүү хамаг итгэл сэтгэлээ шингээн байж хийсэн ард түмний шинэ сонголтын үр дүнд бий болсон “Зөвшилцлийн Засгийн газар” улс төрийн өвөрмөц содон уур амьсгалын дунд үйл ажиллагаагаа явуулж байна. Ард олны зүгээс энэ засгийн газрыг бараг шувууны сүүдэр дайрчих вий хэмээн хайрлан хамгаалж, дэмжин тэтгэж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Гэвч сайн юманд садаа мунддаггүй гэж  даанч үнэн үг ажээ.  Тогтвортой төр засгийн төлөө гэсэн тэдний хүсэл сэтгэл рүү “Эрэл”-ийн Эрдэнэбат тэргүүтэн ус цацаж орхих нь тэр. Сүүлийн өдрүүдэд манай редакци руу утас цохин захидал бичин санал бодлоо хэлэх уншигчдын тоо эрс өсч байна. Тэд эвслийг задалсан гол буруутан Эрдэнэбатыг нэр заан буруушааж, энэ алдаагаа үтэр түргэн засахыг шаардах болжээ. 

Анхнаасаа том намын бөөрөнд хачиг шиг наалдаж яваад сонгуульд орох, ороод овоо хэдэн суудал олоод авчихыг тооцож байсан Эрдэнэбатын хүсэл биелсэн үү гэвэл биелсэн. Бүр хэтийдтэлээ биелсэн зорилго нь харин яах ийхийн зуургүй хэрээсээ хэтэрсэн хүсэл шунал болон хувирлаа. Ганцаараа байсан бол долуулаа боллоо. Жирийн гишүүн байсан бол сайд боллоо. Тэр бүү хэл Заамарын хөндийд тоос манаргаж явсан нэг ажилчнаа хүртэл зүтгэсээр байгаад засгийн газрын гишүүн болголоо. Энд тэнд энэ мэтээр зүтгүүлсэн хүн цөөнгүй. Бас л хөөрхөн тоо гарна. Сүүлдээ хүмүүс гайхаж эхэлсэн. Үгүй энэ Эрдэнэбат чинь яасан дуусашгүй сувдаг хүн бэ. Монголын төр түүнийг үүнээс илүү яаж эрхлүүлэх болж байнаа гэлцсэн. Гэсэн ч энэ бизнесмен эрийн төрд шургалуулж амжсан шуналын галт тэрэг зогсоогүй. Давраад Газрын тос, ашигт малтмалын хэрэг эрхлэх газрыг нэгтгэсэн шинэ агентлагийг өөртөө өгөхийг шаардсан. Шаардлагыг нь хүлээж аваагүйд уурсаад эвслийг задалж орхисон. Болсон явдал ердөө л энэ.  Одоо улс төрийн хүрээнд нүүрлээд  буй энэ гай түйтгэрийг тарьсан гол буруутан Б.Эрдэнэбат гэж хэн бэ.  

Хойно сургууль дүүргэж ирсэн жирийн л нэг залуу тухайн үеийн төрд өндөр алба хашч байсан  ланжгаруудын нэг Пэлжээ сайдтай азаар тааралдан танилцаж, улмаар таалагдсанаар бүх зүйл эхэлсэн гэдэг. Түүнд байгаль эхээс заяасан ганцхан гойд дүр бий. Тэр нь нүдэнд дулаахан, гэм зэмгүй, элдэв хурц авир сэлтгүй дүр төрх. Энэ төрх нь түүнийг монголын дээдэс рүү үнэмлэхийг нь ч үзэлгүй нэвтрүүлж орхисон гэдэг. Холын бодол өвөрлөн гэтэж ирсэн энэ овжин залуу алтан дээр сандайлж суусан Пэлжээ сайдыг уяраан өөртөө эгнэгт татаж чадсан нь амьдралдаа байгуулсан хамгийн том амжилт нь байв. Алтны хамгийн чухал орд газруудыг зааж, амь амьдралтай нь залгуулж өгсөн Пэлжээ сайдын тус үүгээр зогсоогүй. Социализмын үеийн хаалттай хатуу нийгэмд, дарга нарын гэх томчуудын ертөнц рүү нэвтрүүлж   гарыг нь атгуулан танилцуулж, гайхамшигтай луужин болж өгсөн гэж учир мэдэх хүмүүс жиг жуг хэлцдэг. Тэр үед Пэлжээ сайд улаан хацартай шавилхан шар залуу дагуулж ирээд “хөөрхөн хүү байгаа биз, хол явна шүү” гээд мушилзаж байсан хэмээн төрд зүтгэж явсан нэгэн том хүн дурсч байсан гэдэг. Хөөрхөн хүү нь одоо хуурай эцгээ хэр авч явдгийг олон түмэн төдийлөн мэддэггүй. Тэдний тухай одоо зөвхөн сургаар, бас таамгаар л ярилцах болжээ. Тэрхүү сураг ажгийн дундаас  “ Энэ хүү чинь муу Пэлжээгээ хаячихсан гээ биз дээ”, “ Яагаад ч юм Пэлжээ одоо Эрдэнэбатын тухай ам нээх дургүй”, “Өө, энэ Эрдэнэбат чинь хэрэгтэй хүмүүсийг зөвхөн лейфт шиг ашигладаг хүн. Хүрэх газраа хүрээд  үсрээд л буучихдаг, эргэж хардаг ч үгүй хүн гэдэг шүү”, “Зөөлөн царайлж байгаад мөн ч их нүгэл үйлдсэн хүн дээ” гэх мэтийн хачирхалтай үгс чих жингэнүүлэн унаж ирэх болжээ. Пэлжээ сайдын хөөрхөн хүү тэр мөчөөс хойш ёстой санаснаа олж, сарвайснаа авч явав. Үеийнх нь залуус нийгмийн системийг халж, хуучин төрийг түлхэн унагаж, гудамжинд жагсаж, бас өлсөж явахад тэр галт тэргэнд суучихсан панз үсэргэж явав. Гудамжинд юу болж байгааг  сонирхох ч хүсэл байгаагүй гэж тэр нэгэнтэй сэтгүүлчийн асуултанд хариулж байсан гэдэг. Ардчилсан хувьсгалын туг монголын тэнгэрт намирч байхад тэр хашаа хороотойгоо ноцолдоод ийнхүү өндийх сэтгэлгүй явсан аж. Хувьсгалын үр дүнг адаг шаарууд хүртдэг гэж яасан үнэн үг вэ.  Тэртээгээс өдийг хүртэл тэмцэж ирсэн жинхэнэ улстөрчдийн зарим нь тэнгэрт хальж, зарим нь тэмцсээр яваа. Тэдэнд хүртээгүй бялуу Эрдэнэбатад хүртчихсэн, тэгээд нөгөөх нь чамлачихсан явж байдаг бол ёстой эмгэнэл. Өөрчлөлт шинэчлэлийн шуурган жилүүдэд  өөрийнхөө байшин хороог бариад завгүй явсан Эрдэнэбат одоо тэр үеийн тэмцэгчидтэй эн зэрэгцчихсэн, төр барилцана гээд тууж яваа нь өөрөө утга муутай зүйл. Тэр битгий хэл бусдын хөлс хүчээр боссон төр засгийг түйвээгээд, бужигнуулаад явж байна гэдэг байж болшгүй зүйл. Түүгээр зогсохгүй шүүх засаглалыг гартаа оруулж, татвар, цагдаагийн алинд ч ,юунд ч захирагддаггүй дур зоргын вант улсыг байгуулж амжсан энэ авхаалжтай бизнесменийг сайтар шалгах цаг болсон мэт санагдана.

Улс төрийн намыг хувийн компани шигээ санадаг, улс төрийг бизнесийн өчүүхэн эрх ашгийн үүднээсээ тооцож хардаг, түүндээ хүрэхийн төлөө үхэн хатан зүтгэж, хөлдөө тааралдсан чулуу болгоныг гишгэчин дарж яваа энэ багтай хүний багийг хуу татан авч шидэх цаг болжээ. Б.Эрдэнэбат нь өөрийнхөө үгэнд ороогүй гишүүдээ адлан буруутгаж, улмаар эрхшээлдээ оруулахын тулд эрх тушаал, мөнгө, байр сав дуртай болгоныг нь амладаг башир аргатай.  Түүнийг дагаж явсан залуу сэхээтнүүдийн зарим нь залхаж арга буюу өөрсдийн зам мөрийг хөөж эхэлсэн нь илтэд мэдрэгдэх болжээ. 

Хамгийн сүүлийн үед ирсэн мэдээллээр  тэр нам дотроо фракц байгуулсан нөхдөө үзэн ядаж, тэдний өдрөөс өдөрт дэмждэг авч байгаад тачаадан хорсч нэн яаралтайгаар намынхаа нэрийг өөрчилж “Эх орон” болгосон тухай нь нам дотор нь жиг жуг ярьцгааж байгаа гэнэ. Намаас нь том фракц байгуулагдчихаар мэдээж нойртой хонож чадахгүй байсан нь ойлгомжтой зүйл. Б.Эрдэнэбат эвслийг задалчихаад МАХН-ын дарга Н.Энхбаяр дээр улс төрийн орогнол гуйн жирийхээрээ гүйж хүрсэн аж. “Би эвслийг задалчихлаа. Одоо зургаан гишүүнээ аваад хүрээд ирье. Та нар манай намтай хамтарсан бүлэг байгуулаач. Энэ бол маш тохиромжтой хувилбар. Ардчилсан намын энэ нөхдүүдтэй хамтарч ажиллахын аргагүй улс юм. Та нар мэднэ шүү дээ. Одоо Элбэгдоржийн засгийн газрыг унагачих. Хоёулаа тохиролцож чадна гэж би бодож байна” гэсэн түүний саналын хариуд хашир бурхи Н.Энхбаяр инээмсэглэхээс өөр хариу өгөөгүй гэх юм.

Хүн муутай хүн улс төрд орж ирэх шиг аюул байдаггүй бололтой хэмээн одоо улс төрийн хүрээнийхэн шогширч сууна. Амьдарсан бүх цаг үеийнхээ турш өчүүхэн луйварчин явсан энэ эр шинэ зууны улс төрийн энэ шигшигдмэл толгойнуудын дунд ч хэвээрээ л үзэгдэх нь хөөрхий . Магадгүй түүнд Пэлжээ сайдын өгсөн “Хөөрхөн хүү” гэх нэр нь илүү зохидог ч байсан юм шиг

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав