Монголын Батуга Гүээн. Чех улсын Усти над Лабем хотод өнгөрсөн сарын 25-нд өндөрлөсөн 56 дахь удаагийн өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын “Virtuosi per musica di pianoforte”уралдааны гран при шагнал хүртсэн Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн төгөлдөр хуурын 4-ийн А ангийн сурагч Баттулгын Гүенгийн нэрийг чехүүд ийнхүү дуудсан юм. Тэрбээр тус уралдааны дөрвөн номинацид түрүүлснээр уралдааны гран при шагнал хүртсэн. Энэ амжилтын талаар тус сургуулийн төгөлдөр хуурын тэнхимийн эрхлэгч Т.Нямсүрэн “Монголын мэргэжлийн төгөлдөр хуурын сургалтын түүхэнд анх удаа чансаа өндөр олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд өөрийн насны ангилалд I байр, тус уралдааны гран при шагналыг монголын бяцхан төгөлдөр хуурч авсан түүхэн үйл явдал боллоо” хэмээн дүгнэсэн нь бий.
Б.Гүен уг уралдаанаас хойш зургаа хоногийн дараа тус улсын Брно хотод болсон В.А.Моцартын нэрэмжит 30 дахь өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд Монгол Улсаа анх удаа төлөөлөн оролцож, II байр эзэлсэн. Ийнхүү хүү сонгодог хөгжим өндөр түвшинд хөгжсөн Чех улсад хоёр уралдаанд дараалан оролцож, өндөр амжилт үзүүлээд энэ сарын 2-нд эх орондоо ирсэн юм.
Түүний мэргэжлийн багш нь Г.Оюур-Эрдэнэ. Хөгжим бүжгийн коллежийн уугаал, ОХУ-ын Гнесиний нэрэмжит Хөгжмийн академийн төгсөгч. Төрөлх Монгол Улсын Консерваторидоо мэргэжлийн төгөлдөр хуурын багшаар ажиллаж эхэлсэн жилээ анхлан сонгож авсан шавь нь Б.Гүен бөгөөд залуухан багш, хэвлүүхэн сурагч хоёр гар, ганзага нийлэн амжилтын замаар өгсөж эхлээд байна.
Сурагч Б.Гүенгийн үеийнхэн онцлогтой. Цар тахлын хөл хориотой байсан 2020 оны өвөл тэд үсэглэлийн болон долоон ноотны баяраа цахимаар хийсэн түүхтэй. Хөгжмийн сургуулийнхан гэр гэртээ хөгжмөө тоглож, юу сурснаа бичлэгээр харуулж байв. Тухайн үед сонгодог хөгжим сонирхогчдын нэгэн адил бяцхан сурагчдын долоон ноотны баярыг анзаарч, зарим хүүхдийн тоглохыг сонссон юм. Тэр үед Б.Гүен яг л тайзан дээр байгаа юм шиг хослолоо цэмцийтэл өмсөж байгаад чамбай гэгч нь тоглож байлаа. Цаана нь хувцасны шүүгээний булан харагдаж байсан нь гэртээ гэдгийг илтгэхээс бусдаар яг л сургуулийн орчинд буй мэт сэтгэгдэл төртөлж жирэлзүүлж байсан даа. Тэр жаалхүү өнөөдөр гадаадад, олон жилийн түүхтэй, нэр хүндтэй уралдааны гран при шагналыг авчихаад улсынхаа нэрийг мандуулж, өөрийн нэрийг эцгийнхээ нэртэй дуудуулав.
Б.Гүен түрүү жил, гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert – 2022”-т тоглохоор уригдаад байхад нь уулзахдаа монголоороо нэлээд хичээж ярьдгийг нь анзаарсан тул тодруулсан юм. Ч.Баттулгын ажлын шаардлагаар хүү, охин ихрүүд нь таван сартай байхад Индонезд нүүж очин, тэндээ дөрвөн жил гаруй амьдраад эх орондоо ирцгээсэн юм билээ. Хүүхдүүдээ сургуульд оруулах болохдоо хөгжмийн сургуульд шалгуулаад үзье гэж шийдсэн бөгөөд бяцханууд ядах юмгүй тэнцжээ. Өдгөө охин Б.Үжин нь Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн хийл хөгжмийн ангид суралцдаг. Тэрбээр ихрийнхээ баруун гарын туслах нь. Г.Оюун-Эрдэнэ багш Б.Гүенг алсаас холын аянд бэлтгэхээр хоёр удаа бие даасан тоглолтыг нь зохион байгуулахдаа охиныг дайчлан тэднээр хоршин тоглуулж ирсэн юм билээ. Юм юмны дөр суулгах гэж тэр байх. Эднийх одооноос охиноо Ч.Түмэнжаргал багшийнх нь удирдлагаар олон улсын уралдаанд оролцуулдаг болохоор зэхэж эхэлсэн байна лээ. Ийм нэгэн, сонгодог хөгжимд хөтлөгдсөн ажил хэрэгч залуу гэр бүл хүүхдүүдээ хөгжимчин болгохоор санаа сэтгэл, цаг зав, хөрөнгө ч зарцуулан байна. Ээж Г.Саранзаяа нь “Бидний сайных гэж юу байх вэ. Сургууль, багш нарын ач. Багш нар юу гэнэ, би “За” л гэдэг юм. Гадаадын уралдаанд хүүхдээ явуулах гэдэг их ажил юм байна. Зардал ч нэлээд шаардагддаг аж. Ер нь хүүхдүүдийн замын зардалд гэж тусад нь хуримтлалтай болохгүй бол горьгүй нь” гээд инээж байлаа.
Эдүгээ есөн настай Б.Гүенгийн өмнө нь үзүүлсэн амжилтуудын талаар цухас дурдъя. Тэрбээр 2021-2022 онд л гэхэд цахимаар оролцсон уралдаан бүртээ IV-I байр эзэлсэн. Венийн “Mozart”-ын, АНУ-ын “International Youth Music Competition”-д I байрт шалгарсан. Манай улсын Консерваториос зохион байгуулсан “World Music Competition”-ы I байрын шагналтай. 2022 онд уран бүтээлийн анхны бие даасан “Pianissimo”, 2023 онд “Invention” тоглолтоо багш Г.Оюун-Эрдэнийн удирдлага дор хийсэн. Мөн Консерваториос зохион байгуулсан “И.С.Бах XXI зууны хөгжмийн өргөл” уралдаанд III байр эзэлсэн. “Four Notes International Piano competition”-д I, харин “Tokyo International Youth Music Competition” хэмээх томоохон уралдаанд IV байрын шагнал хүртсэн юм.
Тэрбээр зургаан настайдаа Р.:Шуманы “Смелый наездник”, Е.Гнесиний “Этюд”, М.Клементийн “Сонатина”, П.Чайковскийн “Полька”, Й.Гайдны “Анданте” тоглож байсан бол өдгөө хөгжим дэх импрессионизмыг үндэслэгчдийн нэг К.Дебюссийн бүтээлийг ч өөрийн болгоод байна.
Мэргэжлийн багш Г.Оюун-Эрдэнэ шавь нь эхэнд нь “Virtuosi per musica di pianoforte” уралдааны гран при хүртсэнийх нь дараахан “Уралдааныг долоон өөр орны төгөлдөр хуурчид шүүлээ. 56 дахь удаагаа зохион байгуулсан энэ уралдаан чансаа өндөртэй, суралцах зүйл ихтэй, зохион байгуулалт сайтай, маш сайхан уралдаан юм байна. Монгол хүүхдүүдээ дэлхийн тайзан дээр харах, авьяас чадвар, хөгжмийн мэдрэмжийг нь сонсуулах юм сан гэсэн олон жилийн өмнөөс тээсэн хүсэл, зорилго минь бага багаар биелэлээ олж байна. Том уралдааны ачаалал даах даацтай, тайзны айдасгүй, бүрэн гүйцэтгэлтэй, бэлтгэлтэй болгох гэж хоёр жил дараалан солон концертыг нь зохион байгуулсан. Хөдөлмөрлөсний үр дүнд гарч байна. Их баярлаж байна. Анх удаа гадаадад уралдаанд биечлэн оролцуулахад ийм том амжилт гаргана гэж зүүдэлсэнгүй. Догдолж, сандарлаа. Бүхий л мэдрэмж зэрэгцэн, нүдэндээ нулимстайгаар агшин бүрийг сонсож суулаа. Энэ сайхан мэргэжлийг эзэмшүүлж, зааж сурган, чиглүүлж, амьдрал, насан туршид минь хөгжимчний хувьд, хүний хувьд ч хүмүүжүүлж, сайн боловсрол олгосон хүндэт багш нартаа чин сэтгэлийн гүнээс талархаж байна. Мөн хүүхдээ байнга анхаарч байдаг ээж аав, эмээ өвөө нарт нь баяр хүргэе. Үргэлж дэмжиж, арыг минь дааж тусалдаг хайртай ээждээ, дүүдээ, тэнгэрт байгаа хайртай аавдаа чин сэтгэлээсээ баярлан талархаж байна” гэж бичсэн байсан. Тэрбээр олон сайхан дууны шүлгээрээ олны танил хурандаа Л.Гаваасүрэн агсан, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэцэрлэг нарын охин билээ.
Эмээ, өвөө нар, ээж, аав, ачит багшийн хайр, хөгжим хэмээх хатуу шаардлага дунд өөртөө итгэлтэй, сахилга, хариуцлагатай хүү өсөж өндийж байгаа тухай мэдээлэл бэлтгэхэд сэтгэл хөдөлж байна.
Нэрт хөгжим судлаач Ж.Бадраагийн хэлж байсанчлан төгөлдөржсөн хуур буюу олон улсад хаан хэмээн өргөмжилдөг хөгжмийн зэмсгийг хааш нь ч гаргалгүй эзэгнэнхэн хөгжимдөгч болоорой, Гүен. Өөрийн хүслээр замнаж эхэлсэн сонгодог хөгжмийн замаараа саадгүй зорчихын ерөөл өргөе.
Нийтлэлч | Р.Оюунжаргал