Монгол Улсын өсөх идэр харцага, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хан Хэнтий аварга дэвжээ, Хилчин спорт хорооны бөх Г. Бадрахтай ярилцлаа . Тэрээр 2022 оны 1024 бөх зодоглосон улсын баяр наадамд зургаа давж улсын харцага цолны болзлыг хангасан билээ. Үүгээр зогсохгүй түүний дараа жил нь буюу 2023 оны улсын баяр наадамд тав шөвгөрч “өсөх идэр харцага” хэмээх чимэг нэмсэн билээ. Тэрбээр өнөө цагийн өнгөнд барилдаж байгаа идэр харцагуудын нэг бөгөөд өргөөнд зохиогдсон энэ жилийн барилдаануудад хоёр түрүү, дөрвөн үзүүр хүртээд байгаа хүчтэн юм.

-Таныг аймгийн заан цолтой байхад ярилцаж байжээ. Түүнээс хойш таван жил өнгөрсөн байна. Та тухайн үед “ Би амжилтад яардаггүй” гэж хэлж байлаа. Харин өнөөдөр та төрийн наадамд зургаа давж мөн түүний дараа цолоо баталж,” улсын өсөх идэр харцага “ болсон байна. Одоо та дараагийн амжилтууд руу яарч байгаа юу? 

-Тиймээ, таван жилийн өмнө ярилцаж байж. Тухайн үед Г.Самдан аваргын нэрэмжит барилдаанд би аймгийн заан цолтой барилдаж тэр үеийн шинэхэн улсын начин, одоогийн улсын арслан Б.Орхонбаяртай барилдаад давж түрүүлж байсан. Би тэр үед хэлж байсан даа. Бурхан хөдөлмөрлөсөн хүнийг хардаг гэж. Тийм учраас бэлтгэлээ хийгээд явж л байна. Болдог юм болдгоороо болох л байх. Аз гэдэг зүйл зүгээр сууж байгаа хүнд биш илүү их хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг. Хүн хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй байлгүй яахав. Гэхдээ яарснаар бүх юм болохгүй шүү дээ. Яарвал даарна ч гэдэг. Бэлтгэл сургуулилтаа чамбайруулаад явж байхад хүрэх юмандаа хүрнэ л гэж боддог. Тийм учраас би амжилтад яарахгүй хэвээрээ байгаа.

-Тийм гэж үү. Аймгийн арслан цолноос улсын цол хүртэхэд ер нь ямар мэдрэмж төрдөг юм байна?

-Мэдээж сайхан байлгүй яахав. Би аймгийн арслан цол хүртээд гурав дахь жил дээрээ улсын цол авсан. Улсын наадамд өмнө нь олон жил барилдаагүй. Би 1024 бөхийн барилдаанд улсын цол авна гээд өөртөө зорилго тавьчихсан байсан. Наадмын өмнө цол авчих юм шиг совин төрөөд гоё байсан л даа.Тийм учраас их нервтээгүй. Нутаг усандаа залбираад л гарч байгаа юм . Даваанаас давааны хооронд амрах чөлөөндөө нүдээ аниад л нутаг усаа бодно шүү дээ. Манай аав хэлдэг л дээ. Шийдвэрлэх барилдаан дээр их тайван бай , нутаг усаа бод гэдэг. 

-Төрийн наадмын торгон дэвжээг хатуу гэлцдэг. Хүч бяр нь ханасан олон эрс тэр дэвжээнд зодоглож эр бяраа сорьдог. Тэр тусмаа тавын даваа онцгой. Тав давчихаад сэтгэл ханасан уу? 

-Дээлтэй бүхэн барилддагүй монгол наадам гэдэг шүү дээ. Би тав давчихаад сэтгэл ханаагүй. Их тайван байсан л даа. Харин зургаа давчихаад л даваа ханачихсан. Хүмүүс их ярьдаг. Ханачихсан сэтгэл байж болохгүй гээд. Өөртөө заан гэдэг цол авчихвал би яах билээ гэж бодсон. Тийм бодол байж болохгүй юм билээ. Үүнийг ойлгосон. Би хүүхэд байхдаа улсын том цолтой, барилдахаа больчихсон ах нарыг хараад ийм том цолтой яаж болдог юм бол гэж боддог байлаа. Харин улсын наадамд тухайн том цолтой хүмүүсийн даваан дээр очихоор бэргээд ч гэдэг юм уу, би арай болоогүй дээ ч гэдэг юм уу, нэг тийм бодол төрөөд байсан. Үүнээс болоод амархан унасан болов уу. Яг барилдаж байгаа явцад унан унатлаа ямар ч байсан энэ цол надад ахадна, томдоно гэсэн элдвийн бодол тээхгүй л байх ёстой билээ. 

-Та улсын харцага цол хүртэхдээ буриад дээл өмссөн нь их содон харагдаж байлаа. Нутгийнхан нь их баярласан уу?

-Өө, тэгэлгүй яахав. Нутгийн маань 100 жилийн ой дараа жил нь болох байсан. Нутгийнхаа ойд харцага цолтой очно гэхээр сайхан байлгүй яахав. Нутгийн олон маань ч их баярласан байх. Харин буриад дээлний тухайд нутгийн маань эгч оёсон. Намайг аймгийн арслан болоход найзууд маань надад зориулж оёулж өгсөн юм. Тэр дээлээ улсын харцага цол хүртэхдээ өмссөн. Манай аав буриад хүн байдаг. Буриад суманд төрж өссөн буриад хүн шүү дээ, би чинь. 

-Үүний дараа жил буюу өнгөрсөн 2023 оны улсын наадмаар тав давж “өсөх идэр” чимэг нэмлээ. Зургаагийн даваанд арслан Ц.Содномдоржтой таны барилдсан барилдаан үзэгч олныг шуугиулсан. Энэ барилдаан яг юу болсон бэ? 

-Тиймээ. Өнгөрсөн жилийн наадмаар шөвгөрч чимэг нэмсэн. Зургаа давж цолоо батлах зорилготой байсан. Ямар ч байсан тав давж чимэг нэмсэн. Төрийн наадамд чимэг нэмэх сайхан байлгүй яахав. Угсарч шөвгөрөөд чимэг нэмнэ гэдэг гоё л доо. Өөрийнхөө амжилтыг баталж байна гэж бодсон. Ер нь цаашдаа шөвгөрөөд барилдаад ирвэл сайхан л санагдсан. Заан болохыг хүсэж байна. Заан болвол цаашдаа гарьд болно гээд л барилдах байх л даа.Эхний зорилго бол ямар ч байсан долоо давчихвал гэсэн бодол байна. Харин Ц.Содномдорж арслантай зургаагийн даваанд барилдсан барилдаан бол яахав дээ. Хаясан бөхийн л сэтгэл хөдлөл байх. Би уначхаад буруу юм хийчихлээ гэж их харамссан. Ер нь бол харамсах юмгүй барилдчихъя л гэж бодсон. Гэхдээ би буруу барилдсан. Баруун хөл дээр нь мордохгүй гэж гарсан. Яалт ч үгүй сурцаараа мордчихсон. Тэгээд л унасан шүү дээ. Ийм л барилдаан болсон.

-Та дээр хэллээ шүү дээ. Би буриад хүн гэж, мөн та шийдвэрлэх барилдаан дээр аавынхаа захиснаар нутаг усаа боддог гэлээ.Та төрж өссөн нутаг, хүүхэд насныхаа тухай яривал?

-Миний өсөж төрсөн сум буриад сум л даа. Манай нутагт бол хэн хөдөлмөрлөж байна тэр л амьдарна. Бүх л юм байгалиараа. Хүүхэд байхдаа намар жимсэнд их явдаг байлаа. Бидон үүрээд л хол алхана. Уул уул дамжаад л. Буриадуудын амьдралын хэв маяг гэх юм бол их аж ахуйч . Одоо бол миний хүүхэд байхаас их өөр болж байна. Ан гөрөөгөө агнаад л , жимсээ түүгээд л самартаа яваад л,загас жараахайгаа шарж идээд л амьдарна. Цөцгийгөө цохиод, талхаа барина. Буриад дуунуудаасаа хааяа нэг аялана аа. Манай буриад дуунууд сайхан. Манай нутагт надаас өмнө өсөх идэр начин Ширнэнгийн Шаравжамц гэж хүн байсан. Манай суманд багшилж байсан хүн гэдэг. Би сумаасаа төрсөн хоёр дахь улсын цолтон, сайхан л санагддаг. 

-Буриад дуунуудаасаа ямар дуунуудыг аялдаг вэ? 

-“Дангина”, “Нютаг” зэрэг дуунуудыг дуулах дуртай. 

-Та саяхан нэг барилдаанд үзүүрлэхдээ улсын арслан Б. Орхонбаяртай таарч барилдан шөвгөрлөө. Та хоёрын барилдааны хувьд ямар онцлогууд байдаг вэ?

-Би Б.Орхонбаяр арслантай гурав таарч барилдлаа. Анх 2019 онд Г.Самдан аваргын нэрэмжит барилдаанд Б.Орхонбаяр арслан улсын начин цолтой, би аймгийн заан цолтой барилдаж би давж түрүүлж байлаа. Орхоо надаас илүү сэрвүүнээс сайн барилддаг. Би болохоор золгоон дээрээс барилдах гээд байдаг. Энэ хоёр чинь өөр болчхож байгаа биз дээ. Хэрвээ огт золгохгүй байх юм бол Б.Орхонбаярын 100 хувь давуу тал болчихно тийм үү. Огт сэнжигнээс барилдахгүй бол миний давуу тал болчихно.Тэгээд аль алиндаа зохицоод л барилдах нь зөв гэж боддог шүү дээ. Барилдаан таардаггүй бөх байдаг. Барилдааны хэв маяг хөдөлгөөн нь таарахгүй хүмүүс зөндөө таарч байдаг.

-Барилдахад барилдаан таардаггүй хүмүүс байдаг гэж ярьж байна. Мэхний залгаа гэж шинэ мэх сурч байна уу. Та бол баруун ширвэдэг, хавирдаг үндсэн мэхтэй шүү дээ? 

-Шинэ мэх сурах гээд үзээд л байна. Шинэ юмыг чинь шууд сурчихна гэж байдаггүй юм байна. Үндсэн Бадрах өөрөө яаж барилддаг вэ түүнээсээ салаалаад л барилддаг. Яг цоо шинэ мэхийг өөриймшүүлнэ гэдэг тийм амар биш л дээ. Заримдаа давтсан мэх орж л байдаг юм. Үндсэн барилдаан дээр өөрийнхөө мэхийг хийгээд л барилддаг. 

-Ер нь улсын, аймгийн, сумын ч бай, бөхчүүд яаж бэлтгэлээ хангах ёстой юм бэ? 

-Ер нь бол наадамд өөрийгөө бэлдэх ёстой. Чи хэр бэлдсэн, хэдийн даваа хүртэл очихоор өөрийгөө бэлдэж чадсан бэ гэдэг чухал. Сайн бэлтгэл л амжилтад хүргэнэ. Түүнээс юм чинь болоогүй байх юм бол авах гээд байгаа цолондоо, хүрэх гээд байгаа газраа хүрч чадахгүй. Эхлээд биеэ бэлдэх л ёстой. Хүн ганц нэг алдаа гаргаад унах тохиолдол байдаг. Ер нь том наадам дээр л хүн хүрэх газраа хүрнэ. Аз ёндоо дутна гээд янз бүрийн юм байдаг л даа. Гэхдээ л өөрөө ямар хэмжээнд бэлдсэн, тэр хэмжээгээр нь бурхан цаанаас нь хичээл зүтгэлд нь тааруулж өгөхөө өгдөг. Мэдээж тав давж байгаа хүн түрүүлж байгаа хүн хоёрын хооронд бэлтгэлийн зөрөө ч байгаа. Бяр чадлын ч зөрөө байгаа. Юм юмны л зөрөө байгаа. Тийм болохоор хөдөлмөрөөс л их шалтгаална гэж боддог. Бөх хүн барилдахад бяр, ухаан аль аль нь хэрэгтэй. Тухайн үеийн барилдааны торгон мэдрэмж бүх юм байж л барилдана. Бяртай болгон бөх болдог бол бяртай хүн болгон л аварга болох байлгүй. Харин ухаанаар барилдана гэдэг нь өрсөлдөгчөө хэр сайн судлахаас шалтгаална. Ухаан гэдэг ерөөсөө тооцоолол. Наадмын өмнө оноолтын ерөнхий багцаа байдаг. Гэхдээ бас хэт их тэрийг бодохоор нервтээд байх муу талтай.

-Бөхчүүд хэт сэтгэл хөдлөлд автсанаас болж алдах тохиолдол байдаг уу?

-Байлгүй яахав. Хүмүүс тэрийгээ бодоод байвал өөрийгөө амрааж чадахгүй, тэрнээсээ гарч чадахгүй байх сөрөг талтай. Бүгд л чанга өрсөлдөгч байна. Цагаа тулахаар чанга шүү дээ . Одоо бол бүх бөхчүүд сайхан бэлтгэл хийдэг болсон. Хазгай гишгэвэл түлхчихээр бүгд л барилдааны мэдрэмж сайтай болчихсон. Бүгдээрээ бэлтгэлээ сайн базааж байна. Хэн нь ч хэнийгээ давахаар болчихсон. Тэгэхээр хэт сэтгэл хөдлөлд автаж болохгүй. Нервээ давж чадахгүй байж байгаад олон сайхан бөхчүүд алддаг. Наадам дөхөхөөр нервтээд, өөрийгөө 100 хувь дайчилж чадахгүй болдог. Өөрийгөө ядраадаг, нойргүй хонуулдаг, өөртөө маш төвөгтэй байдалд ордог юм шиг байна билээ. 

-Таны хувьд чанга өрсөлдөгчид хэн хэн байна вэ? 

-Ерөнхийдөө зааланд сайн барилдаж байгаа залуучууд бүгдээрээ чанга өрсөлдөгчид. Үндэсний бөх мэргэжлийн түвшинд оччихсон. Бүх юмаа зориулаад, өдөр шөнөгүй бэлтгэл хийцгээж байна. Ингэж бэлтгэл хийж байгаа залуучууд чинь бүгд чанга өрсөлдөгчид байлгүй яахав дээ. 

-Бөх хүний амжилт бол яалт ч үгүй ар гэртэй холбоотой байдаг. Таны амжилтын цаана хэн таныг түшиж тулж байдаг вэ? 

-Бөх болоход хамгийн их нөлөөлсөн хүмүүс гэвэл аав ээж хоёр минь. Одоо бол миний хань л байна даа.. Намайг бэлтгэл хийх бүх боломжоор хангаж байгаа хүн бол манай гэр бүлийн хүн. Хүүхэд, ар гэрийн ажил гээд бүх л юмыг хариуцаж байна. Ямар ч үед бэлтгэлээ хийх бүх боломжоор хангаж байдаг. Бөх хүний эхнэр чинь үнэхээр ачаалалтай, заримдаа ч бас хүсээд байх зүйл биш юм шиг. Бид хэд чинь бүх юмаа бөхдөө зориулж байна. Нөхрийнхөө мөрөөдлийг ойлгоно гэдэг их чухал юм шиг байгаа юм. Би чинь өдөр болгон бэлтгэлээ хийнэ, бэлтгэлээ хийж ирчхээд амарна. Амарч чадахгүйбол хийсэн бэлтгэл үр дүнгүй болно. Ханьдаа, аав ээждээ л баярлаж явдаг даа.


-Та бөхийн холбооны гаргаж байгаа шийдвэрүүдтэй хэр санал нийлдэг вэ? 

-Бөхийн холбооны шийдвэрүүдийг бол алийг нь зөв, алийг нь ч буруу гэдгийг мэдэхгүй байна. Нэг тийшээ шийдвэрүүд нь гарах л байлгүй дээ. Тухайлбал, идэвхээр хасдаг бол таалагдахгүй байна. Ямар нэгэн байдлаар хоёр бөх давалцаасай л гэж боддог юм. Шинэлэг болгох гээд л үзээд байна л даа. Ямарваа нэгэн байдлаар давалцах л хэрэгтэй. Үндэсний бөх чинь жудо юм уу, чөлөөт бөх биш байхгүй юу. Торгож хасдаг. Тэгэхээр чинь л утгагүй болчхоод байгаа юм. Ер нь бол дээр үеэсээ хонож өнжөөд барилдаж байсан түүхүүд ч байдаг. Их спорттой харьцуулах юм биш. Уламжлалт үндэсний бөх гэдгээр нь хөгжүүлээсэй, үндэсний өв соёл гэдгээр нь хөгжүүлээсэй гэж боддог. Тухайлбал, тэгш барьц бол байж болно. Барьцыг янз янзаар барьж болно. Жижиг биетэй бөхчүүд дургүйцлээ гээд том биетэй бид нар яах юм. Энэ чинь харьцангуй ойлголт байхгүй юу. Би том биетэй болж төрсөнөөрөө хохирох юм уу. Жижиг биетэй хүмүүс золгоход хэцүү байна гээд байгаа бол золгож сурах хэрэгтэй байхгүй юу. Үндэсний бөх чинь том жижиг биетэй хүмүүст зориулсан барилдаан биш. Ямар ч давуу байдалгүй, харьцангуй хүмүүс барилддаг шүү дээ. Мэдээж нэгийн даваанд хүүхэдтэй барилддаг, хоёрын даваанд сумын заантай барилддаг, харьцангуй мөртлөө дээр үеээсээ уламжлагдаад л ирсэн. Тэрний том байна уу, жижиг байна уу хамаа байхгүй. Чи том биетэй учраас ингэж барь, жижиг биетэй учраас ингэж барь гэсэн юм байхгүй. Жижигдээ ч юм уу, томдоо ч юм уу гомдоллоод байх шаардлагагүй. Золгооноос барилдахгүй гэж байгаа бол сэрвүүний хорин минутыг л тултал ашиглах ёстой байхгүй юу. Эрт дээр үеэсээ том жижиг биетэй янз янзын жинтэй хүмүүс хамаагүй барилдаад ирсэн юм чинь аль нэг талд нь шийдвэр гаргахад давуу тал, сул тал байж л байгаа. Аль алинд нь ижил шийдэх хэцүү байхгүй юу. Барьц сонгоо ч гэсэн адилхан. Үүнийг сайхан цэгцлээсэй гэж боддог.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав