Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн начин, хөлийн цэц, “Амжилт кибер” сургуулийн биеийн тамирын багш Б.Улаалзганатай ярилцлаа. Тэрээр улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан мөн аймаг цэргийн барилдаанд тогтмол амжилттай барилддаг бөх юм. Мөн 2023-2024 оны сар шинийн баярт зориулсан “Аймгийн начингуудын барилдаанд” шөвгийн наймд болон шөвгийн дөрөвт шалгарсан шилдэг начин билээ. Үүнээс гадна сумын наадмын долоон түрүү, зургаан үзүүр хүртсэн ховорхон амжилтын эзэн юм.

-Саяхан болсон таны төрөлх нутаг болох Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 100 жилийн ойд зориулсан барилдааны талаар ярилцлагаа эхлэх үү?

-Тийм ээ, энэ зун  манай төрөлх сумыэ түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Энэ ойд зориулсан  барилдаан саяхан боллоо. Нутгийн минь уул, ус түшиж сайхан барилдлаа. Нэгийн даваанд аймгийн арслан Э.Бат-Эрдэнэтэй таараад давсан. Өмнө нь арслантай таараад хэд  хэд уначихсан байсан юм. Хоёрын даваанд улсын начин Т.Дүгэрдоржтой таарч барилдаад давсан. Начинтай өмнө нь мөн л хоёр таарч барилдаад унасан. Би Т.Дүгэрдорж начны хөлийг аваад л унаад байсан л даа. Энэ удаа би давсан. Мөн Ч.Батчулуун начинтай гурав, дөрөв таараад унасан байсан.Тухайн барилдаан дээр аз дайрсан байх.

-Та бол “аймгийн шилдэг начингуудын нэг”. Бөхийн гараагаа анх яаж эхэлж байв?

-Өө, яахав. Хөдөөний хүүхэд бид чинь бүгд л барилдаж өснө шүү дээ. Би  ч мөн үүний адил ах нараа дагаад хонинд их явна. Ах нартайгаа хонины бэлчээрт их барилддаг байлаа. Харин яг тууштай эхэлсэн гэх юм бол долоо, наймдугаар ангиасаа барилдсан. Хүн давдаггүй тийм л хүүхэд байсан. Харин анхны тэмцээн гэх юм бол 2000 онд манай Сэлэнгэ аймагт зохиогдсон “Данигай” гэж  хүний нэрэмжит барилдаанд хүрэл медалийн төлөө барилдаад ялагдаж байсан юм. Энэ тэмцээн л бөхөөр хичээллэх хүслийг минь хөглөж өгсөн дөө. Миний амжилт хожуу гарсан. Би аравдугаар анги төгсөхдөө 49-50 кг жинтэй хүүхэд төгсөж байлаа. 2001 онд “Шонхор” дээд сургуульд элсч ороод л бөхийн гараа маань эхэлсэн дээ.

-Та аав ээжийнхээ аль нэг талаас бөхийн удамтай юу?

-Манай ээжийн аав, миний өвөө С.Бадам-Очир гэж  барилддаг хүн байсан. Өвөө маань сум орон нутагтаа сангийн аж ахуйн  орлогч дарга хийж    байсан  гэдэг. Сумандаа түрүүлж ч  байсан гэх юм билээ. Тийм учраас  олон жил барилдаагүй юм шиг байгаа юм. Ээжийн маань хоёр дүү ч мөн  барилдаж байсан. 

Манай аав дээр үед хадлан бригадад тракторын жолоочоор ажилладаг байлаа. Харин ээж маань сангийн аж ахуй гэж байх үед нягтлан хийж байсан. Зах зээлийн үед малчин болсон юм. 

-Саваагүй ч гэх юм уу нэг асуулт асуухад барилдах бөхчүүдийг танилцуулахад таны нэр их содон сонсогддог. Таны нэрийг хэн өгсөн юм бэ?

-Миний нэрийг хайрласан эрхэм манай Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, миний үеэл Н.Даваадорж гэж аймгийн алдарт уяач хүн байсан юм. Миний дээд талд төрсөн хүүхдээ аав, ээж хоёр маань алдчихаад намайг төрөхөд нэр өгөхөөс халшраад хэсэг байсан байгаа юм. Бараг сар гаруй ч болсон юм уу даа. Тэгээд үеэл ах Н.Даваадорж ноос тушаах гээд  манайхаар ирж таарсан юм байна. Тухайн үед ах маань ноосоо тушаасан, санаа нь амарсан ч юм уу жаахан халамцуу ч байж. Манайхыг нялх хүүхэдтэй болчихсон орохгүй бол гомдох байх гээд хүрээд ирэхгүй юу. Тэр үед эмээ маань ч байж таарч. Ах эмээгээс хүүхдэдээ нэр өгөө юу гэсэн, эмээ өгөөгүй “Нэр өгөх хүн олдоогүй л байна, айгаад нэр өгч чаддагүй” гэж. Тэгтэл ах маань “Энэ нөхөрт нэр өгч яадаг юм. Улаан юм байна, Улаалзгана гэж нэрлэ” гэсэн юм гэнэ лээ. Тэгээд л миний нэрийг өгчихсөн түүхтэй. Би чинь айлын том, гурван охин дүүтэй, ганц хүү юм байгаа юм. Энэ нэрийг аваагүй бол би энэ хорвоод байх ч байсан юм уу, үгүй ч юм уу. Бөхийн дээр, доор цолны тухай ч хамаа юу байхав. Эрүүл энх тунх байвал гэж болоо гэж боддог доо.

-Сумын заан цолтой байхдаа та сумын наадамд долоо түрүүлж, зургаа үзүүрлэсэн ховор амжилтын эзэн гэж бөх сонирхогчид ярилцдаг?

-Өө, тийм ховор амжилт ч биш дээ. Одооны сумын заанууд тэр байтугай амжилт үзүүлж байна. Сумын заан  цол бол хамгийн гоё цол л доо. Ургамлаар зүйрлэвэл хавар болоод л яргуй гарахаар ямар гоё байдаг билээ. Түүнтэй ижил сумын заан цол чинь бөх гэдэг гоё зүйлийн чинь ундарга нь байхгүй юу. Бөхчүүд энэ цолноос  дээшээ амжилт үзүүлж, нэг ёсондоо цэцэглэж байгаа юм. Тийм учраас сумын заануудын барилдаан үзүүштэй сайхан болдог. Анх барилдаж эхэлж байхад   хөдөөний хүүхэд  надад  сумын заан ах нар чинь л сайхан харагддаг байлаа шүү дээ. Хот ороод ирсний дараа харахад сумын заан цолтой хүн аймгийн арслан хүний  хажууд арай доогуур юм шиг, аймгийн арслан заанууд нь улсын цолтонгуудын хажууд арай нэг доогуур юм шиг санагддаг юм.  Би чинь анх сумын заан цолыг төрөлх сумандаа хүртэж байлаа. Харин тэр зургаан түрүү, долоон  шөвөг хүртсэн маань бол өөр өөр сумдад. Тухайлбал,  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын наадамд, Орхон сум, Хөтөл, Шарын гол, Дундговийн Хулд, Луус сумд, Өмнөговийн Цогццэций сумын наадмуудад түрүүлж үзүүрлэж байлаа. Би чинь сумын заан цолтой 15 жил явсан хүн юм.

-Таныг барилдахад тусалж дэмжсэн хүмүүс олон байдаг уу?

-Үүнийг бүр чухалчилж хэлье.  Надад 24 жил ажил амьдралын замд сайхан нөхөрлөсөн, ах дүүгийн холбоотой нэг хүн байдаг юм. Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд амьдарч тэндээ арван жилийн сургуулиа төгссөн, одоо хотод амьдардаг О.Цэрэнцоодол гэж мундаг ах минь бий. Намайг бөх болно гээд “Шонхор дээд сургууль”-д орчихсон байхад өөрөө ХААИС-ын  гуравдугаар курсын оюутан байж, сургуулийн гадаа цай хоол барьчихсан зогсож байдаг байсан. Мундаг хөдөлмөрч хүн, миний ах чинь. Анх сумын заан болчих гээд л явж байхад дагуулаад Төв аймгийн Баянчандмань, Сэлэнгийн Баруунбүрэн сумдуудад очно. Ахынхаа нөмөр нөөлөг дор их л барилдсан. Одоо ч ах минь “Яаж байна, бэлтгэл нь хэр байна” гээд үргэлж анхаарал хандуулж асууж байдаг. Тэрийгээ ингээрэй тэгээрэй гээд л байнгын холбоотой явдаг. 

Барилдааны хувьд дөр суулгасан хүн маань бол   аймгийн начин Н. Эрдэнэбилэг гэж хүн байдаг. Манай сумынхан түүнийг  “хомоолон бор” гэж авгайлдаг юм. 

Миний биеийн тамирын багш Заяабазар гэж надад анх бөхийн гарааг заасан сайхан багш хүн бий. Энэ сайхан хүмүүсийг дурьдахгүй байж болохгүй. 

-Бөхийн өргөөнд зохиогддог барилдаануудын хамгийн шилдэг барилдаан болох сумын заануудын барилдаанд та хэрхэн барилдаж байв?

-Сумын заануудын барилдаанд 2013 онд түрүүлж байсан. 10 гаруй шөвгөрч байсан байх. “Аварга” дээд сургууль дээр болж байсан 256 сумын зааны барилдаанд бас түрүүж байлаа. Сумын заануудын барилдаанд би их хожуу барилдсан. 

Өмнөговь аймгийн Цогтцэций, Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллаж амьдардаг байлаа. Заримдаа барилдаагүй хоёр, гурван жил болсон ч санагддаг юм. Миний хамгийн дурсамжтай барилдаан гэвэл түрүүлсэн маань юм даа. Олон сайхан сайчууд дунд барилдсан. Тухайн үед би ээлжийн ажилтай байсан. Сумын заануудын барилдаан болох өглөө нь би ажлаас буугаад гэртээ дөнгөж ирчихсэн байсан байхгүй юу. Тэгэхэд манайх айл болж тусдаа гараагүй, хадмындаа амьдардаг байсан. Том хүү маань төрчихсөн. Ой ч хүрээгүй байлаа. Хадам аав шөл хийгээд л. Хадам аав тэр өдөр надаас “Өнөөдөр сумын заануудын барилдаанд гарах уу” гэлээ. Би ч дотроо яадаг юм билээ л гэж тунгааж байхгүй юу. Ажилдаа 2-3  хоног нойргүй явчихсаныг ч хэлэх үү. Тэгтэл эхнэр “Барилд, барилд дараа нь харамсаж байхаар” гэв. Тэгээд л хоол идэж аваад цүнхээ үүрээд гүйж очоод барилдчихсан. Тухайн үедээ сайн залуучууд барилдсан. Одоогийн жүдогийн улсын начин Л.Отгонбаатарыг нэгийн даваанд хаялаа. Хоёрын даваанд Баян-Өлгий  аймгийн залуу бөх С.Шалхаар гээд одоо цэргийн том цолтон болчихсон, түүнийг ч мөн давлаа. Ингээд дараагийн даваанд одоогийн улсын харцага Н.Золбоог ч мөн давлаа. Улсын заан Д.Анарыг, Баянхонгор аймгийн Б.Бат-Амгалан арсланг ч давав. Үзүүр түрүүнд Булган аймгийн арслан Б.Гантөмөртэй  үлдэж даваад түрүүлж байлаа. Тухайн үед 400-500 бөх барилдсан, нэлээд шанс сорьсон барилдаан санагддаг юм. Энэ барилдаанд түрүүлчихээд их баярлаж байлаа. 

-Та аймгийн начин цолыг хэдэн онд хүртсэн бэ?

-Миний амжилт их хожуу гарсан гэж түрүүн хэлсэн дээ. “Шонхор” биеийн тамирын дээд сургуулиа төгсчихөөд байж байхдаа хөлөндөө их хүнд бэртэл авчихсан юм. Тэгээд 2006 он хүртэл барилдаагүй. Ингээд Соёл урлагийн их сургуульд суралцлаа. Дараа нь хөлний бэртэл гайгүй болоод ирэхээр нь 2009 оноос хамгаалалтын албанд ажилд орлоо. Тэндээ 2020 он хүртэл ажилласан даа. Ажлаасаа гараад жил хоёр жил бэлтгэл хийсэн. Дөч хүрч байж л тун дажгүй амжилт үзүүлсэн дээ. 

-Өө та СУИС-д сурч байсан юм уу. Яагаад, ямар зорилгоор суралцсан тань сонин байна?

-Би арван жилийн хүүхэд байхдаа урлагийн үзүүлбэрт ангиа төлөөлж нэлээд урлагийн номерт оролцдог сурагч байсан юм. Дуулдаг, шүлэг уншдаг. Тэгээд арван жилээ төгсөөд Соёл урлагийн их сургуульд элсэх гэж оролдсон ч тэнцээгүй юм. Тэгээд биеийн тамирын дээд сургуульд орж суралцсан юм. Сургуулиа төгсөхдөө өвдөг шагайндаа их хүнд бэртэл авсан юм. Барилдаж чадахгүй бэртэлтэй байх хугацаандаа СУИС-т хөөмийн ангийг сурч дүүргэсэн. Энэ анги 2005 онд нээгдсэн, би харин 2006 онд элсээд Б.Одсүрэн багшийн удирдлаган дор 2009 онд төгссөн. 

-Та заалны барилдаанд тогтмол амжилттай барилдаж байгаа бөх. Залуу дүү нарт хичээл зааж байна гэж үзэгчид ярилцдаг?

-Миний сайных гэж юу байх билээ. Бөхийн төлөө хоёргүй сэтгэлээр явж байгаа болохоор аз дайрдаг байх. Яахав залуу бөхчүүд надтай таарахаараа арай насаар ах начинтай таарлаа, гялс давчихъя гэсэн сэтгэлийн хөөрлөөр барилдаад унаж байгаа байх. Түүнээс би сайндаа биш байх. Одоо бол 40 нас хүртэл барилдах хүн цөөн шүү дээ. Манай Р.Пүрэвдагва арслан байна, улсын заан Б.Батмөнх эд нар л барилдана. Манай С.Мөнхбат аварга байна. Үүнээс цааш бол амьдарна. Үүнээс цааш 40 жил амьдарна шүү дээ. 

-Сар шинийн баярт зориулан зохион байгуулдаг “Аймгийн начингуудын барилдаан”-д та сайн барилдаж дунд их шөөвөгт үлддэг бөх. Энэ барилдаан хэдэн жил зохион байгуулагдаж байна вэ?

-Энэ барилдаан зохион байгуулагдаад олон жил болж байна. Хамгийн анхны барилдаанд нь улсын харцага Б.Зоригтбаатар аймгийн начин байхдаа  түрүүлж, одоогийн улсын харцага Ц.Мөнхбаяр харцага үзүүрлэж байсан. Харин би өнгөрсөн жил барилдаад шөвгийн наймд үлдсэн юм. Энэ жил мөн л  шөвгийн дөрөвт үлдлээ.

-Та онцлог тал олонтой бөх.  Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд барилдангаа, хажуугаар нь хөлийн цэц хийдэг. Даваа авчихаад дээлээ өмсөн, шоогоо өвөртлөөд хөлийн цэцээ хийж харагддаг? 

-Би хөлийн цэцээр дөрвөн жил ажиллаж байна. Хөлийн цэц хийхэд өөрөө дотор нь байгаа болохоор хэцүү зүйл байхгүй. 

-Бас та өмсөх мэхийг их гоё хийдэг. Энэ уран мэх таны унаган мэх үү?

-Би өмсөх мэхийг хүүхэд байхаасаа л хийсэн. Өмсөх гэдэг чинь тийм айхтар бяртай хүний мэх биш байхгүй юу. Жоохон бяр муутай, эвсэлтэй   хүний мэх л дээ. Би өөрөө бяр муутай болохоор тэрэндээ таарсан юм хийж барилдаж байгаа юм. (инээв)

-Өөрийнхөө хийдэг мэхийг их дарууханаар хэлж байх шиг байна. Ер нь бөх хүн ухаан бяр хоёрын алинаар нь барилддаг юм бэ?

-Хоёулангаар нь л барилдана даа. Аль аль нь байх ёстой. Дан ганц ухаан гэвэл  бас өрөөсгөл. Бөх хүнд байгалиас заяасан биеийн бүтэц гэж нэг өгөгдөл байгаа. Дээр нь ухаан байна, хүч чадал байна. Дан ганц сайхан биетэй, бяртай байгаад барилдахгүй, мөн дан ганц ухаан байгаад барилдахгүй. Аль аль нь хосолж байж барилдана. Юмны чинь бүрдэл гэж нэг юм байна. Тийм байж л энэ аварга, арслан улсын том цолтой бөхчүүд амжилтаа бүтээнэ шүү дээ. Ямар нэгэн хэмжээгээр ухаан нь, хүч нь, сэтгэн бодох чадвар нь давуу байж амжилтанд хүрч байгаа юм. Үндэсний бөх бол одоо мэргэжил болчихсон. Өглөө долоон цагт босоод л гүйж байна. Өдөр,орой бэлтгэл хийж байна. Аварга хүн, сумын заан хоёр ижил түвшний бэлтгэл хийсэн ч зөрүү бас л гарна. Яахав, заалны  барилдаанд аварга арслангуудыг хаяж байгаа залуучууд сайн. Тэгсэн хэрнээ яагаад  тэр залуу наадамд түрүүлдэггүй юм гэдэг дээр бодох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл аварга гэдэг хүн чинь уулаар яривал уулын оргилыг харж бэлтгэл хийдэг. Энэ хагас бүтэн сайнд сайн барилдана уу, муу барилдана уу ерөөсөө хамаагүй. Бэлтгэлийнхээ төлөвлөгөөний дагуу л хүчээ хийнэ, хурдаа хийнэ. Явцын барилдаануудад орж гараад явж л байна. Яг наадам дээр очиход бүх юм нь уулын оргил дээр зогсож байгаа юм. Бэлтгэлийн үндсэн тохиолдол тэнд л гарна. 

-Та шавь нар бэлтгээд хэр удаж байна. Шавь нартаа юуг ихэвчлэн захьдаг вэ?

-Би шавь бэлдээд тав, зургаан жил болж байна. Сайхан сайхан залуучууд ирээд л овоо хөөрхөн бөхийн дөртэй болоод ирэхээр нь нутаг орных нь том дэвжээг бараадуулдаг. Шавь нар дотроос аймгийн арслан төрсөн, заан төрсөн, начин төрсөн. Сумын заан олон төрлөө. Цол нэмэх тусам залуу бөхчүүд сэтгэлзүй дээрээ нэг юм ойлгохгүй байна л даа.  Би залуучуудад зөвлөдөг. Цаасан дээр бичиж сур гэж. Өнөөдөр чи бид хоёр бэлтгэл хийлээ гэхэд турник дээр 20 суниалаа, маргааш 20, нөгөөдөр 20, сард хоёулаа бэлтгэл хийхэд 400 суниалт гээд тооцоод бич. Арван сарын дараа тэр чиннь хэд болох вэ. Тэгэхээр төдийгөөс өдий хүртэл хийсэн бэлтгэлээ харахаар хүний сэтгэлийн ханамж чинь гоё болно биз дээ. Би ийм их юм хийчихсэн юм чинь, би ийм их өргөчихсөн юм чинь гээд урам авна. Тэр чинь хүний сэтгэлийн хөшүүрэг болж өгдөг юм. Хоёрдугаарт, өвөлжингөө бэлтгэл хийгээд заал танхимд барилдаад одоо хэн нь ямар вэ, ямар бөхтэй яаж барилдах вэ бүгдийг нь мэддэг болчихсон юм чинь тэрэн дээр дүгнэлт анализ хийх хэрэгтэй. Багштайгаа ярьж хий. Энэ бүхний гол үр дүн чинь наадмын талбай дээр гарна. Багш нь, аав ээж нь дагаад дэвжээн дээр гарахгүй. Тухайн үеийн сэтгэл хөөрлөө дарж сурах хэрэгтэй. Гутрал байвал тэрийгээ засах хэрэгтэй. Шавь нараа би дэвжээн дээр  барилдахад зааж хэлсэн юмнаас маань хэр зөрөх нь вэ гээд хараад л байж байдаг. Бэлтгэл дээр ярьж байгаад тэр барьцнаас тийм барилдаан хий гэхэд тэрнээс зөрөөд шал өөр юм хийх тохиолдол гарна. Зарим нь ч үгэнд ороод хийнэ. Бөх гэдэг чинь одоо мэргэжлийн түвшинд хүрчихсэн. Монгол үндэсний бөхийн ертөнцөд чинь сонирхоод бэлтгэл хийж байгаа  мянган залуу байгаа. Аймгийн цол авчих юмсан гэсэн 100 хүн байгаа. Улсын цол авчих юмсан гэсэн 50-60 залуу бий. Тэгэхээр тэднээс дутахгүй тэр түвшинд л өөрийгөө бэлдэх ёстой. Түүнээс биш нийтийн биеийн тамираар хичээллэдэг, фитнесс хийдэг хүмүүс хэдэн мянгаараа байна. Долоо хоногт гурван удаа бэлтгэл хийнэ гэдэг зүгээр л чийрэгжүүлэх л хичээл. Дор хаяж тав зургаа хийж байж бие бялдар нь тодорхой  түвшинд очиж байгаа. Нэгдүгээрт, хөдөлмөрч бай. Өөрийнхөө дутуу талыг олж харсан, илүү талыг харчихсан хүн бол ажмилтад хүрч байгаа. Жишээ болгож би Д.Амарсайхан начины барилдааныг ярья л даа.

-Олон хүмүүсийн анхаарлын төвд байгаа Д.Амарсайхан начны барилдааныг та юу гэж дүгнэх сонирхолтой байна?

-Д.Амарсайхан начин бол барилдааны техникийнхээ дутууг олж харж чадсан бөх гэж би хэлнэ. Амраад юу дутуу байна, нуруу дутуу байна. Тэрийгээ мэдчихсэн, нуруу дутуу юмыг юугаар нөхөх вэ. Мэдээж нуруу дутуу болохоор нурууны бяраа хөгжүүлээд байвал тэд нартай золголцоод мөргөлдөхөөр дийлэхгүй. 20 минут барилдахад тэр айхтар бярыг яаж жаахан дундлах вэ. Нэгдүгээрт ухаан, хоёрдугаарт гар. Өөрийн биеийн онцлогтоо тааруулж бэлтгэл хийх хэрэгтэй. Жишээ нь, хөл авдаг хүмүүс байнгын хүчний юм хийгээд байвал хурдгүй болчихдог. Бас сайхан нуруутай, золгож барилддаг хүмүүс байнгын хурдны бэлтгэл хийгээд байвал золгооноос бяргүй болчихно. Өөрт байгаа давуу тал дээрээ тулгуурлаж л юм хийх ёстой.

-Залуу бөхчүүд хуучны аваргуудын үед ижилхэн залуу байсан бол тэр аваргатай барилдаж үзэх юмсан гэж ярьдаг. Танд тэгж бодогддог аварга бий юу?

-Би чинь одоо бөхөд их дуртай болохоор бөхийн аманд их очдог байсан. Х.Баянмөнх аварга чинь манай сургуулийн захирал. Би Х.Баянмөнх аваргатай наадам дээр биш зааланд мэх заалгаад барилдаж үзэж байсан. Бас Д.Цэрэнтогтох аваргатай барилдаж үзсэн хүн шүү дээ. Хоршооллын зааланд бэлтгэл хийдэг байлаа. Тухайн үед Д.Рагчаа гарьд аймгийн цолтой байсан. О.Балжинням  аваргатай барилдаж үзэж байлаа. Б.Бат-Эрдэнэ аваргатай барилдаж үзсэн. Тэгээд  Г.Өсөхбаяр аварга, Д.Сумъябазар аварга, А.Сүхбат аварга, түүнээс хойшхи хамгийн отгон аварга О.Хангай аваргатай барилдаж үзсэн. Тэрнээс хойших бүгдтэй нь л барилдаж үзсэн. 

-Бүх гайхалтай бөхчүүдтэй барилдаж үзжээ. Бас л сайхан хувь зохиол юм аа. Харин та өөрөө юу гэж хэлэх вэ?

-Үе үеийн том цолтой бөхчүүдтэй барилдаж байгаагаа би их л азтайд тооцож явдаг.

-Улсын наадмаар сайн үзвэл аварга болно доо гэж бодож харж байгаа бөх байна уу?

-За, ер нь бол дээшээ үзэх боломжтой залуучууд маш олон байна. Тэр, энэ гээд хэлэхэд хэцүү байна. Хүний хар цагаан хэл ам гэж байдаг. Тэр сайхан  залуучуудад зам мөрд нь саад болчих вий. Бүгд л бэлтгэлээ хийгээд явж байхад бүгд амжилтад хүрнэ. Тэр бол таашгүй. Хэн ч түрүүлж болно. Тэр, энэ гэж би хэлэх жаахан дургүй. Сайхан залуучууд зөндөө байна. Аймгийн арслангууд байна. Улсын начингуудаас байна, улсын харцагуудаас байна. Улсын заан, улсын гарьдууд ч байна. Улсын арслан ч байна. Улсын аварга ч байна. Бүгд бэртэл гэмтлээс хол байгаасай. Хэн ч түрүүлсэн сайхан шүү дээ. Би бол бөхийг нутаг ус, жалга дов гэж ялгаж ярих дургүй.

-Та олон шавь нар бэлтгэж байна. Аль аль аймгийн залуучууд ихэвчлэн таны удирдаган дор бэлтгэлээ хийж байна вэ?

-Над дээр бэлтгэл хийж байгаа залуучууд зарим нь хоёр, гурван жил, зарим нь ч сумын заан болох гэсэн юм гээд нэг, хоёр жил бэлтгэл хийгээд  сумын заан болоод л ажлаа хийж байна. Би нэгийг нь ч цааш түлхээгүй. Чи бөхийн авьяастай хүүхэд байна, чи авьяасгүй гээд цаашаа гэдэггүй. Ах нь бол зуун төгрөгний ч төлбөр авдаггүй хүн шүү дээ. (инээв) Бөх хүний эрхэмлэж явах чанар бол нэгдүгээрт, хүнтэй сайхан мэндэлж сурах хэрэгтэй, талархаж сурах хэрэгтэй. Ямар ч цолонд хүрсэн анх бөхийн гараагаа эхлэхдээ бүх юмаа заалгаж байсан багшийгаа битгий мартаасай гэж боддог.

-Наадам дөхөөд ирэхээр сэтгэл цаанаасаа сайхан болно биз. Та догдолдог уу?

-Наадам дөхөх тусам сэтгэл нэг л сайхан. Би бол 2003-2005 оны үед Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээн дээр наадмын  бэлтгэл дээр гарч байсан. Ажил амьралын боломж олдохгүй л байхгүй юу. Сэлэнгийн наадам, энд тэндхийн наадамд чинь ажил дээрээ гараатай хоночихоод  өглөө нь буугаад л давхичихдаг байлаа. Тэгж очоод барилдчихдаг байсан. Сүүлийн нэг хоёр жил Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат миний нэг найз маань манай сумын хэдэн хүүхдүүдийг бэлтгэлд гараач гээд. Тэдэн дээр Завханы, Говь-Алтайн аймгийн Цээл, Халиун, Шарга, Төгрөг гээд өөр сумдуудаас залуучууд байнаа. Манай Сэлэнгээс ч байна, Булганаас ч байна. Газар газраас л байна. Манай бэлтгэл дээр чинь газар газрын аймгийн арслангууд, улсын цолтой нэг хоёр бөхчүүдээс заавар зөвлөгөө аваад явж л байна. 

-Одоо наадам дөхөж байна. “Наадмын өм” гэж үзэгчид ярилцдаг. Энэ яг юуг хэлдэг юм бэ? 

-Наадам дөхчихсөн болохоор 300 хоног бэлтгэл хийчихсэн хүмүүс чинь үр шимийг нь үзэх гэнэ. Тоо бодоход хүн бүх томъёог нь цээжилчихсэн, хоёр дээр нэмэх нь хоёр тэнцүү дөрөв гээд тавьчихна. Тэгтэл бөхчүүдийн хувьд хэнтэй яаж барилдах вэ гэдэг их чухал. Наад зах нь газрын хонхорхой дээр гишгэх, усан дээр халтирахаас өгсүүлээд ийм жижиг юмнууд байдаг учраас бөх чинь хэцүү. Ухасхийгээд арагшаа гишгэхдээ тохойлдоод босоод ирнэ.Тэгээд цолоо ахиулж чадахгүй бол 365 хоног ахиад хүлээнэ гэхээр тэрэндээ залуучууд сэтгэлийн их ачаалал өгдөг.  Би унасан тохиолдлоо эргээд бодоход мэхээ хийж байгаад л жижигхэн юман дээр алдаа гаргачихсан байдаг. Бөхчүүд үүнийг  наадмын “өм” гэж ярьдаг. Түүнээс тэрэн дээр унасан хүнээ би дараа нь хаяж л байдаг. Урд  нь хаяж байсан хүндээ наадмаар унасан байх жишээтэй. Жижиг аз, өмний л асуудал. Морь бөх хоёрт “өм” гэж айхтар юм байнаа байна. 

-Мөн дур зоргоороо хүчний бэлтгэл залуучууд их хийж байна гэсэн шүүмжлэл сонсогдох юм?

-Хүчний бэлтгэл зөв л дөө. Аливаа юм тунг нь тааруулахгүй бол буруу. Хоол идээгээ ч ялгаагүй. Хоол сайхан гээд л өглөө оройгүй идээд байвал ходоодгүй болно шүү дээ. Тэгэхээр аливаа юмны хэм хэмжээг тааруулж сурах хэрэгтэй. Барилдааны бэлтгэлээ тааруулаад, бүх юмаа яг адилхан тэрэндээ зохицуулаад хийгээд байвал зөв зүй тогтол дээр байна гэсэн үг. Том цол авч байгаа хүмүүс чинь зөв, системтэй, тооцоотой байж л цол авч байгаа шүү дээ. Доогуур чинь улсын цолтой бөхчүүдээс илүү бяртай залуучууд зөндөө байна. Сургуулиудад багшилж байна. Оройгоор залуучууддаа бэлтгэл хийлгээд л байж байна. Одоо энэ залуучууын дунд бэртэл гэмтэл гэдэг юм их болчихож. Уян хатан чанараа, хурд, авхаалж самбаа гэдэг юмнуудаа суулгаж байж  бөх болох ёстой байхгүй юу. Барилдааны мэх давтаж, уян хатан чанараа хөгжүүлж олж авсан хүч ядрах нь  арай бага байдаг. Тэгэхээр үндэсний бөхөөр явж байгаа залуус их спортоор бас хичээллэх хэрэгтэй. Амжилт гаргахдаа гол нь биш, тэр спортоор л хичээллэх хэрэгтэй. Илүү амжилт гаргана.

-Та наадмын бэлтгэлд хаашаа гарч байна. Наадмын бэлтгэл дээр ном уншиж сэтгэлийн хүчээ тогтоодог гэж зарим бөхчүүд ярьдаг. Та наадмын бэлтгэл дээрээ ном уншдаг уу?

-Наадмын бэлтгэл дээр ном уншихаар номондоо анхаарал хандуулаад, төвлөрөл гэж нэг юм аваад санаа сэтгэл тайвширдаг. Ном уншиж байна гэдэг чинь элдэв янзын бодлоос өөрийгөө чөлөөлж, төвлөрч байгаа хэрэг юм. Хүний бодол   төвлөрөөд ирэхээр сэтгэлийн хүч төвлөрдөг болно. Одоо хүмүүсийн яриад байгаа бясалгал гээд байгаатай чинь яг адилхан.

-Сонсох дуртай, аялах дуртай дуу хуураасаа сонирхуулаач. Бөхийн цол дуудна биз дээ?

-Бөхийн цол дууднаа.  Харин миний сонсох дуртай дуу гэвэл, уртын дуу, ардын дуу их сонсоно. Мөн 1960-1970-аад оны үед зохиогдсон дуунуудыг сонсоно. Ихэвчлэн аялах дуртай гэвэл “Ээжиийн тухай” дуу л их аялана даа.

-Цаг зав гаргаж, илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав