Хагас сайны өглөө эрт нисдэг тэр­гээр түймрийн голомт руу сур­валж­­лагад явах “даалгавар” аван нисэх буудлын зүг жирийлгэв. Дав­хиул­саар очтол түймрийн голомтод ажиллах Бай­галь орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогт­баатар, дэд сайд Ч.Жар­гал­сайхан, Ойн газрынхан, хэвлэ­лийн­хэн бүгд явахад бэлэн зогсцгоож бай­лаа. Гамшгийн бүс рүү нисэхэд ерөн­хийдөө бүгд бэлэн болсон нь энэ. Харин би хоцорч ирснээ мэдэхгүй төд удалгүй сууж аваад мянган бээрийн өндрөөр дүүлэн нисэх гэж байгаа “Царцаа ногоон”-оо гаднаас нь баахан чамлангуй ширтэж байв. Тэртээх 26 жилийн өмнө иймэр­хүү “Царцаа но­гоон” онгоцоор айм­гийн төвөөс сум руу­гаа нисч байсан минь дурсагдаж, хү­рэх газраа хүртэл мөн ч хэцүүднэ дээ гэсэн бодол толгойд эргэлдээд байлаа.

Булганы төвөөс Дашинчилэн хүрэх хоёрхон зорчигчтой “Царцаа ногоон” шороо босгон түжигнэж, баахан савлаж байснаа өндрөө аван хөөрмөгц юу юугүй дотроос нэг юм оргин нүд эрээлжилж, уйлж хайлан сүйд болж байсан минь санагдана. Тэр өдөр1986 оны цагаан сарын битүүний өдөр байж билээ. Ядаж байхад онгоцонд суухынхаа өмнө манай нутгийн аварга тууварчин Дансран гуай татаж байсан гаанстай тамхиа сандрахдаа цогтой нь түрийл­чихсэн. Түрийн дотор нь юу болж байгаа бол гэсэн зовнил сэтгэл зовоож, мөн ч бэрхтэй замыг туулж билээ. Хүүхэд насны явдал суудал цагийн аясанд улам л өнгө будагтайгаа тодрон тодорсоор байх ажээ.       

Ийнхүү хэсэгхэн зуур өнгөрсөн зууны гэрэлт өдрүүд рүү дурсамжийн цэнхэр салхиар хөлөглөн очиж аваад онгоцондоо суулаа. Миний сууж байсан “Царцаа ногоон” шиг бөнжиг­нөж салгалж бөөн юм ч болсонгүй хүчээ авах гэж хэсэг хугацааны турш дүнгэнэж байснаа хөөрөв. Бид Булган аймгийн хамгийн хойд сум болох Тэшигийн зүг нисч байлаа. Атираат мянган уулсын дээгүүр, мөөг шиг ганц нэг цагаан гэр, уулсыг ороон хөвөр­сөн урт урт замуудын дээгүүр, нов ногоон хөвчийн дээгүүр нисч явав. Бидний сууж яваа онгоц 2008 оны шинэхэн эд гэнэ ээ. 

Монголын ой хөвч, сүрлэг сайхан уулс, амирлангуйгаар цэлийн орших их тал, газрын судас шиг жирэлзэн урсах буурал замууд, цэнхэртэн мяралзах гол мөрөн үнэхээр бахдаж ханахгүй гайхамшиг аж. Өндрөөс эх орныхоо, эх нутгийнхаа гоо сайхныг мэлрэн харж, бас зүгээр явахгүй хажуудаа сууж явсан ойн Тунгалагаас “Танай Дундговьд ийм уулс, ийм хөвч бий юү” гэж тавласан шиг жаргалтай амьтан явав. Гэвч энэ хором төд удалгүй хийсэн одох нь тэр.

Гоо сайхан хөвчийн голоос саарал утаа олгойдож байлаа. Цаашлах тусам энд тэндгүй утаа сагаж, улаан гал дүрэлзэн шатаж эхлэв. Онгоцны дороос халуу төө­нөж, хиншүү, утааны гашуун үнэр дүүрч айдаст автав. Хайран сайхан ой хөвч яйрин болжээ. Халаглах, харамсах аль алин утгаа алдан хэлэх үг олдохгүй байдалд бас ордог юм байна. 

Уулсын хормойд ассан түйм­рүүд­тэй улаан гараараа хүмүүс нүдэлдэвч, уулын тагт, оргил, хөвчийн оройд асч буй энэ галыг хүний хүч яахин дийлэх билээ. Нэг ч гал унтраагч очих бололцоогүй ойн өндөрлөг гүн газар ямар шидэл нь очиж түймэр асаадгийг ойлгох арга алга. Сайд Цогтбаатар саравч­тай малгайнхаа дор духаа атируу­лан шархирч, Тунгалаг хатагтай нулимс гүйлгэнэсэн нүдээр харуу­сан ширтэж бидний хэдэн нөхөр дуугаа хураан таг болцгоов.  

Түймэр бол хүний болгоомжгүй, хариуцлагагүйн гайгаар үүддэг гамшиг юм. Нэгэнт баригдаж хүчрэг­дэхгүйгээр дүрэлзэн ассан түйм­рийн өмнө хүн мал, ан амьтангүй хүчин мөхөсддөг. Эрсэддэг. Хэдхэн хоногийн өмнө л дөрвийн дөрвөн аврагчийн маань халуун амийг авч одсон. Гэвч өнөөдөр Монгол нут­гийн олон хэсэг түймэрт идэгдэн шатсан хэвээр. 

2012 оны тавдугаар сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд 135 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Тэдгээр түймрийг унтраа­хаар ОБЕГ-аас 186 хүн, орон нутгаас 437 хүн, нийт 614 хүн, 38 техник хэрэгсэл ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд, Монгол-Оросын  хил дагуухь бүс нутгаар ой, хээрийн түймэр олон удаа гарч, зарим тохиолдолд  хил дамнасан том түймэр болон өргөжин тэлж хоёр улсын хил орчмын байгалийн экологи-эдийн засагт үлэмж хэм­жээний хохирол үзүүлж байгааг мэргэжилтнүүд удаа дараа анхаа­руулсаар байгаа ч байгаль орчны чиглэлд бодлого мөнгө хоёроо үргэлж харамлаж байдаг төрийн чихэнд нэг л сайн хүрч өгөхгүй байгаа юм.

Монгол Улсын Сэлэнгэ, Булган, Хөвсгөл  аймаг, ОХУ-ын Буриадын БНУ-тай  1248 км, Хөвсгөл, Завхан, Увс  аймаг  Тувагийн БНУ-тай 587 км, Дорнод, Хэнтий аймаг ОХУ-н Өвөр Байгалийн хязгаартай 355 км, нийт урт 2190 км  ой, хээр бүхий бүс нутгаар тус тус хиллэж байдаг. Олон жилийн түймрийн мэдээлэлд үндэслэн дээрх бүс нутгуудийн 100 мянган га ойн талбайд тохиолдох түймрийн давтамжийг шатамхайн зэрэглэлээр үнэлж үзвэл, Хөвсгөл-Завханы нутгаар 0.5-3.2 болж багаас их зэрэгт, Булган, Сэлэнгийн ойн бүс нутгаар 5.1-7.6-д хүрч өндрөөс онцгой өндөр зэрэгт, Хэнтийн бүс нутгаар 0.6-10.1 хүрч дундаас онцгой өндөр зэрэгт,  Дорнодын Онон голын ай сав бүс нутгийн ойн түймрийн давтамж 2.1-3.6 болж шатамхай байдлын их зэрэглэлийн ангилалд тус тус шиж­сэн нь тогтоогджээ. Эндээс үзвэл, Монгол орны ОХУ-тай хиллэж буй хилийн дагуухь бүс нутгуудийн ойн шатамхайн зэрэглэл эрс өндөрсч байгаа нь Оросын талаас орж ирж байгаа ой, хээрийн түймрийн хэлбэр, эрчим, хурд, шинж төрхөөс шууд хамаарч байгааг мэргэжилт­нүүд хэлж байна.  

Өнөөдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Цагааннуур су­манд нэг, Булган аймгийн Сэлэнгэ суманд нэг, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд хоёр, Алтанбулаг суманд нэг, Дорнод аймгаар нэг гээд нийт зургаан ойн түймэр ОХУ-аас орж ирээд байгаа аж. Энэ бүх гай барцдаас болж манай улсад жилд дунджаар, улсын нийт ойн сангийн 13,4 хувь хүртэлх ойн талбай түймэрт нэрвэгдэж байна гэсэн тооцоо гарчээ. 

Томорсон, эрч хүчээ авсан түймрийн улаан галын өөдөөс бид яаж ч чадахгүйгээр хүчин мөхөсдөж нутгийн гүн рүүгээ алдаж улс орны хэмжээг хамарсан байгалийн гамшигтай учрах болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Тухайлбал, 2008 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт гарсан ойн түймэрт Онцгой байдлын газ­рын 15 сайхан залуу алтан амиа  алдсаныг мартаагүй байх. Саяхан Дорнод аймгийн Баяндун сумын нутагт хээрийн түймэрт дөрвөн  залуу амиа алдлаа. Хэдий болтол бид ингэж эрсэдсээр байх вэ. 

Ингээд гамшгийн голомтод ажиллаж буй Байгаль орчны сайд Д.Цогтбаатарын ярианд анхаарлыг тань хандуулъя.   

-Нөхцөл байдал ямар байгааг та бид нүдээрээ харлаа. Үнэхээр нүд дальдирмаар байна. Манай иргэд бас өөрсдөө их хариуц­лагатай, гал гаргах хэрэг гарсан бол тэрийгээ заавал унтрааж, манаж, нурмаа сайн хөргөж байж явдаг ийм соёлд сурмаар байна. Үнэхээр хүний хүчээр ой хээрийн түймрийг, ялангуяа тайгын гүнд гарчихсан байгаа түймрийг унтраахад хэцүү. Энийг манай иргэд ойлгох хэрэгтэй байна. Түймэр гарсан л бол очоод хэдэн хүн унтраах ёстой гэж бодож ингэж сэтгэлгүй хандах юм бол аюултай байна. Зөвхөн Булганы нутагт гэхэд дөрвөн сараас хойш гарсан түймрүүдийн хамарсан талбайг аваад үзэхэд бараг 15 мянган га газар шатсан байна гээд бод л доо. Зөвхөн модлогийнх нь экологи эдийн засгийн үнэлгээг аваад үзэх юм бол өөр бусад хохирлыг тооцохгүйгээр аваад үзэхэд л бараг 27 тэрбум төгрөгийн хохирол хүлээгээд байна. Ер нь энэ түймэртэй холбогдоод цаг үеийн шинж чанартай арга хэмжээ даруй авах хэрэгтэй байна. Нэмээд бодлогын шинж чанартай арга хэмжээн авахгүй бол болохгүй юм байна. Цаг үеийн шинж чанартай арга хэмжээ гэх юм бол түймэртэй тэмцэж байгаа улсуудын ээлжийн хувцас, хоол хүнснээс авахуулаад олон асуудал байна.  Энэ тал дээр Онцгой байдлын газартай хамт­раад манай яамнаас төсвийн дэмжлэг үзүүлнэ. Тэрний хажуу­гаар бороо оруулах, тунадас оруу­лах тал дээр бид бас үргэлжлүүлэн ажиллана. Өнөөдөр 11 цагаас эхэлж бороо орж эхлэх гэж байна. Хөвсгөлийн Цагаан-Үүр суманд бол нөхцөл байдал нэлээн хүнд байсан. Сумын төв рүүгээ түймэр гурав, дөрвөн километр тулаад ирчихсэн. Өнөөдөр харин нэлээн сайн цас ороод түймрийг дарж байна. Тэгэхээр бид хур тунадас оруулах тал дээрээ нэлээн ажил­лана. Хүн хүч шаардлагатай бол бас нэмж ажиллуулъя. Үүний зэрэгцээ бодлогын шинж чанартай хэд хэдэн юм хийх хэрэгтэй байна. Нэгдүгээрт, үнэхээр энэ байгаль орчныг хамгаалъя гэж байгаа бол бид ногоон эдийн засаг гэж ярьж байгаа. Тэгэхээр төсөв, орон тоог нэмэгдүүлэхгүй бол болохгүй байна. Жишээлбэл, ноднин гэхэд Булганд тусгай хамгаалалттай газрын захиргаанд зориулаад бид 16 орон тоотой 109 сая төгрөгийн төсөв оруулахад гэнэт мундаг хэмнэдэг улс болоод энэ төсвийг хасчихсан байгаа юм. Тийм учраас Булганы захиргаа зөвхөн даргатай л байж байгаа. Ийм нөхцөлд бид түймэртэй тэмцэхэд хэцүү. 109 сая төгрөгийг хэмнэж байгаа нь энэ гээд өнөөдөр бид 27 тэрбум төгрөгийн хохирол амсчихсан сууж байна. Тэгэхээр төсвийг нэмэгдүүлж батлуулах хэрэгтэй. Энэ асуудлыг зохих шатанд нь тавьж, энэ жил төсөвт тодотгол хийх нэмэгдүүлэх дээр нь бид нар анхаарна. Өөр нэг чухал зүйл байна. Бид нар шинэ багц хууль батлуулсан. Энэ багц хуулийн гадна үлдчихсэн байгаа нэлээн хэдэн хууль бий. Тэрний нэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль. Энэ бол багцад ороогүй. Энийгээ бас даруй авч шинэчилж өөрчлөхгүй бол, ялан­гуяа багц хуульд орсон тэр сэт­гэлгээний өөрчлөлт, үзэл баримт­лалын өөрчлөлтийг тусгай хамгаа­лалттай газар нутгийн тухай хуулиндаа тусгаж өгөхгүй бол тусгай хамгаалалттай гэдэг нэрийдлээр дархан цаазат газрын онгон бүс, хамгаалалтын бүс эзэнгүйтээд байна. Нэг сонин ажиглалт байна. Нөхөрлөлүүдэд ашиглуулахаар эзэнтэй болгож өгсөн газруудад түймэр гарахгүй байна. Тэгэхээр хамгаалж байгаа нэрийдлээр эзэнгүй болчихсон газруудад түймэр гарах эрсдэл өндөр байна. Тийм тохиолдолд бол нөхөрлөлүүдийн хамгаалж байгаа газрууд ч гэсэн нэгэнт л ойн түмэр дэгдчих юм бол тэр газрууд ч гэсэн түймэрт автах эрсдэл өндөр байна. Тэгэхээр энэ тусгай хамгаалалттай газрынхаа хуулийг бас эргэж нэг харах хэрэгтэй байна гэсэн дүгнэлт гарч байна. Өөр нэг чухал зүйл юу гэхээр унанги модыг цэвэрлэхгүй бол болохгүй байна. Монголын ойн бүсэд бол ойролцоо тооцоогоор 30-аад сая шоо метр мод хэвтчих­сэн унанги байдалтай байна. 30-аад сая шоо метр мод гэдэг бол зах зээлийн үнэлгээгээр нь аваад үзвэл 30 тэрбум долларын хөрөнгө хэвтэж байна. 30 тэрбум доллар гэдэг бол таван Оюутолгойг барьчих хэмжээний баялаг. Ийм баялаг Монголд эзэнгүй хэвтэж байна. Энийг авч цэвэрлэх, нэлээн том төсөл боловсруулж ажиллах ёстой юм байна гэж бодож байна. Энийг бид арчилж цэвэрлэхгүй бол түймрийн эрсдэл бол байнга байсаар л байх болно.

Сайдын ярианд хөндөгдсөн бүх санаа чухал. Ойг нөхөрлөлүүдэд хариуцуулж өгсөн нь амжилт олсон төсөл байжээ. Ийм хамгаалалтад орсон ой гал түймэрт өртөхгүй байна. Хамгийн харамсалтай нь тусгай хамгаалалт, дархан бүс гэх мэт дэмий юм хийж манай төр ойг хүний хамгаалалтаас, хүний сэтгэ­лээс холдуулаад байна. Төр хам­гийн муу менежер байдгийн нэг том жишээ бол энэ юм. 

Одоо Ойн газрын дарга М.Тун­галагийн ярианд анхаарлыг тань хандуулъя. 

-Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум гэхэд саяын хаврын түймрээр 70 орчим хувийн нөөцөө алдсан харамсалтай тооцоо гарч байна. Цаашдаа ойн ашиглалтын байд­лыг онцгой анхаарч, ихээхэн хэм­жээний техник технологийн шинэч­лэл хийхгүй бол болохоо байлаа. Дээрээс нь түймрийн хамгаалалт дээр техник технологийн шинэчлэл нэн даруй хийх шаардлагатай байна. Улсын хэмжээгээр газар нутагтайгаа харьцуулахад бид ойн сан их багатай гэж ярьдаг. Үүнтэй холбоотойгоор шийдвэр гаргагч нарын ойлголт ч гэсэн өөр явж ирсэн юм шиг. Гэтэл ойн нөөцөөрөө дэлхийд 39-д ордог. Нэг хүнд оногдох ойн нөөцийн хувьд манайх дэлхийд Канадын дараа хоёрт ордог. Ийм том нөөцтэй орон шүү дээ. Энэ тооноос ямар үнэтэй баялаг эзэмшсэн ард түмэн бэ гэдэг нь харагдаж байгаа юм. Тэгэхээр Төрийн зүгээс онцгой анхаарал тавих байх гэж найдаж байна. Тийм ч учраас сайд, дэд сайд  ойн газрын удирдлагууд  хэвлэл мэдээл­лийнх­ний хамт гамшиг болж буй энэ бүсэд ажиллаж энэ зүг рүү анхаарлаа хандуулаачээ гэж уриалж байгаа юм...  

Улаан гал дүрэлзэн шатаж, утаа уугисан хөвчийг орхин нисч явна. Харин өчигдөр өглөө хотоос гарахад бодогдож байсан өнгө өнгийн гэрэлт дурсамжууд бүгд алга. Өдөөн хатгаж, бие биенээ “явуулах” ч бүр алга. Гагцхүү тэнгэр бурханд залбиран гуйж, байгаль дэлхийг хураа хайрлан уйлан хайлан шатаж, улаан галд эрсдэн унаж буй ойг минь авраач гэж гуйн шившиж явав. Эх нутгаа шатаж байхыг харах дэндүү хүнд байлаа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав