Хатгамалын урлаг нь эрт цагаас Монголчуудын уламжлалт соёлын онцлогийг тээсэн дүрслэх болон холимог техникийн урлаг агаад үндэстний өвөрмөц соёлын биет бус өвийн нэг юм. Өнгөрөгч өдрүүдэд “Уран хатгамалчдын үндэсний дөрөвдүгээр уралдаан”-ыг “Монголын Үндэсний Уран Хатгамалчдын холбоо”, Монголын Үндэсний музей хамтран “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд зохион байгуулсан билээ.  

-МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ҮЙЛЭНД УРАН, ҮГЭНД ЦЭЦЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ-

 

Уг уралдаанд олон өвөрмөц бүтээл оролцсоны дотроос өөрийн эрхгүй сонирхол татсан нь улсын эх дагина “Дондогдулам” хатны хөрөг байлаа. Уг хөргийг Дорнод аймгаас зорин ирж оролцсон Т.Цолмонсүрэн урлажээ. Тэрбээр өөрийн уран бүтээлийн талаар ийнхүү ярив.

 “Би бусад монгол эмэгтэй хүүхдийн нэгэн адилаар арван наснаасаа зүү барьж, ээжээсээ зүү ороох болон хонин холбоо зэрэг оёдлыг сурч байсан. Харин уран хатгамал, зүү ороох оёдол дурлуулж, улам ихээр шимтүүлсэн хүн  бол СГЗ, уран хатгамалч З.Цэнгэлсайхан багш минь юм. Мөн би нутагтаа “Дорнын шаглаа” нэртэй урлантай.

 

Уран хатгамалчдын улсын уралданд би хоёр дахь удаагаа оролцож байна. Эхний удаад зүү ороох оёдлоор урласан “Дарьганга” дээлээрээ оролцож байлаа. Тус дээлээ би өмсөж ирсэн. Нударган дээрээ “дарьганга” гэдэг үгийг монгол бичгээр зүү ороож оёсон.

Харин энэ удаа улсын эх дагина “Дондогдулам” хатны хөргөөр оролцож байна. Уг хөргийг, эсгийгээ хавтгай болгосны дараа дээр нь шивүүр аргаар зурсан бүтээсэн. Эх дагины  эх зураг нь Балданшарав гэж хүний авсан зураг байдаг. Харин би зохиолч Д.Төрбатын  “Эх дагинын далд түүх” гэсэн номын хавтасны зургийг эх болгож хөргөө бүтээсэн.  Хатны зургийг оёх болсон шалтгаан нь улсын эх дагина “Дондогдулам” хатан маань ихэд оюунлаг, үйлэнд уран хүн байсанд оршино. Мөн Богдын музейд эх дагина урчуудыг цуглуулж, хийж бүтээсэн урлал зэрэг нь байдаг. Тиймээс монгол эмэгтэйчүүдээ оюунлаг, үйлэнд уран, үгэнд нь цэцэн байгаасай гэж хүсэхийн ялдар эл бүтээлийг урласан даа”.

-МИНИЙ БҮТЭЭЛ ҮНДЭСНИЙ БИЧГИЙГ АХУЙ АМЬДРАЛТАЙ ХОСЛУУЛСНААРАА ОНЦЛОГТОЙ-

 

Уг уралдаанд оролцсон бүтээлүүдийн дундаас онцлох дараагийн хатгамал бол монгол бичгийг зүү ороох, хонин холбоо оёдлоор хослуулан оёсон дөрвөн ханатай гэр байлаа.  Энэхүү бүтээлийн эзэн нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын монгол бичгийн багш Ж.Гэрэлмаа. Уг бүтээлээрээ тэр “Уран хатгамалчдын улсын дөрөвдүгээр уралдаан”-аас “Өвлөн уламжлагч хатгамалч” гэх шагналыг хүртжээ. Тэрбээр бүтээлийнхээ тухайд дараах тайлбарыг өгсөн юм.

“Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр сургуульд монгол бичгийн хичээл заадаг. Энэ уралдаанд анх удаагаа оролцож байна. Миний хийсэн бүтээлийн онцлог гэвэл, аяны дөрвөн ханатай гэрийн доторхыг монгол бичгийн хээгээр урлаж, чимэглэсэнд оршино. Ерөөс үндэсний бичгийн бүхий л төрлийг ахуй амьдралтай хослуулж, чимж буйгаараа онцлогтой. Гэрийн ханан хэсэгт их найрагч Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” шүлгийн хэсэг болох “Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэхэн төрлөө” гэдэг мөрийг угалзан эвхмэл бичгээр бүтээж, дээвэрт нь арван хоёр жилийн нэрийг дармалдан бичиж оёсноос гадна дор нь арван хоёр жилийнхээ шүлгийг хонин холбоо, зүү ороох оёдлоор хослуулж оёсон”.

Бүтээлийн онцлог гэвэл уламжлалт гар урлалын оёдлуудыг олон төрлөөр нь шингээж оёсноороо онцлогтой. Тухайлбалд зүү ороох, хонин холбоо, эсгий урлал, сийлбэр, төмрөн дээр хүртэл гал, дөл, цог гэсэн үгийг  бичин нааж байрлуулсан.  Энэ бүтээлээрээ “Өвлөн уламжлагч хатгамалч” гэсэн эрхэм хүндэт шагнал хүртсэндээ баяртай байна. Энэхүү улсын уралдаанаас сэтгэл бялхмал, ганзага дүүрэн буцаж байна даа.

-ШҮЛЭГ БИЧДЭГ УРАН ХАТГАМАЛЧ-

Мөнхүү тус уралдаанд олбогийг олон янзаар ширсэн уран хатгамалчийн бүтээл өөрийн эрхгүй анхаарал татаж байв. Уг бүтээлийг эзнийг Ц.Өлзийбат гэдэг. Тэрбээр 2011 оноос  ширмэл ширж эхэлжээ. Харин 2019 оноос эхлэн цахим хуудас нээн олбогны захиалга авч ажиллах болсон байна.

Тэрбээр анх олбогоо эсгийн дээр ширдэг байсан бол энэ жилээс гадуур нь буйдангийн материалаар бүрж оёх болжээ. Мөн долоон өнгийн утсаар оёдог нь хүний биеийн ауратай холбоотой аж. Үүнээс гадна олбого дээрээ хас тэмдэг оёсон нь тасралтгүй эргэлдэх хүчийг бэлгэддэг гэлээ. Харин зургаан олбогны зургаан өнцөгт ирж буцахын үйлийг харуулжээ. Үүний огтолцол нь зургаан талт гурвалжин, түүний гадна талд долоон өнгийн утсаар оёсон байгаа нь аура эрчим  хүч шингэсэн гэх утгыг илэрхийлнэ. Мөн хүүхдийн олбогыг энэ намраас бүтээж эхэлсэн гэнэ. Хүүхдийн олбогыг ол дунд нь од шигтгэж, түүнээс нь гадагша долоон өнгө цацарч буйгаар дүрслэн оёжээ. Мөн машины суудал ч бүтээж байгаа гэв.  Харин энэ удаагийн уран хатгамалчдын улсын уралдаанд зүү ороож оёсон даалингаараа оролцож байв. Үүгээр зогсохгүй шүлгийн ном хүртэл гаргаад амжсан гэнэ. Цаашдаа эртнээс нааш өвлөгдөж ирсэн үйл улам их дэлгэрэн хөгжөөсэй гэж бодож явдгаа хэлж байлаа.

 

Энэ удаагийн улсын дөрөвдүгээр уралдаанд есөн дүүрэг, 21 аймгаас нийт 150 хатгамалчид1000 гаруй бүтээлтэй оролцжээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав