Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар СХД дүүргийн 28 дугаар хороонд тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг баригдаж өнгөрсөн оны 12 дугаар сард улсын комисс хүлээж авчээ.
Нийт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус цэцэрлэг 6 бүлэгтэй бөгөөд өдгөө 51 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Нийт 66 багш ажилтантай.
Нэг ангид 1 багш, 2 туслах багш ажиллана. Үүнээс гадна эмч, сувилагч, хөдлөгөөн засалч, хэл засалч зэрэг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хичээллэх мэргэжлийн багш, мэргэжилтнүүд ажиллах аж.
341 дүгээр цэцэрлэг нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг болж буй.
Цэцэрлэг 10 гаруй автомашины авто зогсоолтой. Гэхдээ тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг учраас эцэг эхчүүд өглөө, орой бүр хүүхдээ автомашинаар хүргэж өгч авах учраас 10 автоамашины зогсоол хангалтгүй гэж үзжээ. Ийнхүү дүүрэг уг асуудалд онцгой анхаарал хандуулж авто зогсоолын газар чөлөөлөлтийг эхлүүлсэн байна.