Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Боловсролын стандартчиллын техникийн хороо (ТХ41)-ны хурал 9 дүгээр сарын 26-ны өдөр болж, боловсролын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан нийт 147 стандартыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Үүнд:
• Дээд боловсролын мэргэжлийн чиглэлийн 128 стандарт
• Бага, дунд боловсролын 19 стандарт тус тус багтаж байна.
Эдгээр стандартууд нь өмнө нь сургалтын хөтөлбөрөөс тусдаа, бие даасан шаардлага, агуулгатайгаар мөрдөгдөж байсан ба шинэ хууль гарсантай холбоотойгоор энэхүү стандартууд нь эрх зүйн зохицуулалтгүй болсон байна.
Уг хуульд Боловсролын ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Боловсролын стандартаар сургалтын орчин, эрүүл ахуй, аюулгүй байдал, багшийн ажил мэргэжлийн чадамж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнд тавих үндсэн шаардлагыг тодорхойлно” гэж заасан.
Иймд шинэчилсэн хууль, бодлогын хүрээнд эдгээр шаардлагуудыг сургалтын хөтөлбөрт нь нэгтгэн тусгах зохицуулалттай болж өмнөх стандартыг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.








